Wednesday, April 30, 2008

Буриад судлалын академи байгуулагдаж vйл ажиллагаа явуулж эхэллээ


Академийн зорилго нь “Буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол улсын иргэн судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын энэ чиглэлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх, сурч боловсрох, эрдэм судлалын ажил эрхлэхэд туслах ба мөн буриадын түүх, хэл соёл, угсаатан, зан заншил, аман болон утга зохиолыг шинжлэх ухааны арга зүйн үүднээс сурвалжлан цуглуулж, судлан тодорхойлох, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино" гэж тодорхойлсон бөгөөд ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг, эрдэм судлалын ажил эрхлэх төрийн бус байгууллага юм.
Та бүхнийг ч гэсэн бидний үйл ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Манай академийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах хэнтэй ч бид хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг Буриад Судлалын Академийн нэрийн өмнөөс илэрхийлж байна.


Буриад Судлалын Академийн
ерөнхийлөгч М.Одмандах /Ph.D/


Академийн бүтэц зохион байгуулалт

Удирдах зөвлөлийн дарга: М.Одмандах /доктор /Ph.D/
Удирдах зөвлөлийн гишүүд: Г.Гантогтох /доктор /Sc.D/, профессор/
Г.Цэрэнханд /доктор /Sc.D/, профессор/
Г.Батцэрэн /доктор /Ph.D/, дэд профессор/
Р.Чүлтэмсүрэн /доктор /Ph.D/, дэд профессор/
Б.Ширнэн /доктор /Ph.D//
Д.Ариунаа /докторант/
Б.Ууганбаяр /магистр/
Ерөнхийлөгч: М.Одмандах /доктор /Ph.D/
Гүйцэтгэх захирал: Б.Чинзориг /магистр/
Нарийн бичгийн дарга: П.Нармандах /магистр/

Эрхэм зорилго

Буриад судлалын академийн эрхэм зорилго нь “Буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын энэ чиглэлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх, сурч боловсрох, эрдэм судлалын ажил эрхлэхэд туслах, буриадын түүх, хэл соёл, угсаатан, зан заншил, аман болон утга зохиолыг шинжлэх ухааны арга зүйн үүднээс сурвалжлан цуглуулж, судлан тодорхойлох, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд” оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

1. Буриад ястны түүх, угсаатны зүй, хэлбичиг, утга соёл, бөө, шашин соёлын талаарх судалгааг явуулж, гарсан үр дүнг нийтийн хүртээл болгох,
2. Буриад ястнуудад түүх соёлын талаарх мэдээллийг цуврал сэтгүүл, сонин, бусад мэдээллийн хэрэгслүүдээр хүргэх, мөн сургалт, соёлын өдөрлөг зохион байгуулах,
3. Гадаад орнуудад амьдарч байгаа буриад монголчуудтай утга соёлын харилцааг тогтоон хөгжүүлэх,
4. Буриадын түүх, соёл, урлаг, шашин, бөө, хэлбичгийн чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах,
5. Гадаад болон монголд амьдарч байгаа буриад ястнуудын аж амьдрал, ахуй соёл, түүх угсаатан, аман билгийн талаар эрдэм шинжилгээний экспедиц зохион байгуулах,
6. Буриадын оюуны соёл болох Вагиндра үсгийн өв санг судлаж, вагиндра бичгийг эрдэм шинжилгээний ажилтнуудад зааж сургах, сурталчилах,
7. Буриадын түүх, угсаатны зүй, аман болон утга соёлын бүтээл, ховор ном, дурсгалуудыг хэвлэж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах,
8. Буриад ардын язгуур урлагийг судлах, сурталчилах, энэ үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүстэй хамтран ажиллах
9. Буриадын үндэсний спортыг судлах, сурталчилан дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах
зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулж явуулна.


Буриад судлалын академийн тасаг

Түүх, угсаатан судлалын тасаг – Г.Цэрэнханд
Хэл, зохиол судлалын тасаг – Г.Гантогтох
Соёл, урлаг судлалын тасаг – Г.Батцэрэн
Гадаад харилцаа хамтын ажиллагааны тасаг – Б.Дашням
Эх бичиг, сан хөмрөгийн тасаг – Б.Чинзориг

Хийж буй ажлын тухай

Бид 2008 оны 3-р сарын 5-нд хуулийн дагуу бүртгүүлж, ТББ-ын гэрчилгээ, тамга тэмдэгээ авч, хийх ажлын үндсэн чиглэлийг тодорхойлж, ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Тус академиас санаачлан 2008 оны 3-р сарын 28-нд “Буриад судлалын өнөөгийн байдал, хөгжүүлэх чиг хандлага“ сэдэвт дугуй ширээний ярилцлагыг буриадаас төрсөн эрдэмтэн судлаачид, хүмүүсийг оролцуулан хийсэн бөгөөд академийн зүгээс хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, санал солилцон, үндсэн чиглэлээ нарийвчлан тодорхойлж авлаа. Академийн дотоод зохион байгуулалтыг оновчтой болгох үүднээс тасаг, салбартай байхаар тогтож, тасгийн эрхлэгч нарыг сонгон ажлыг нь эхлүүлж байна.
2008 оны 4-р сарын 9-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон “Дархад Буриад судлалын зарим асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ЗДТГ-тай хамтран академийн гишүүдийн төлөөлөл амжилттай зохион байгууллаа. Мөн 5-р сарын 14-нд Дорнод аймгийн төв Дорнод Монголын дээд сургуулиас санаачлан ОХУ-ын Буриад Улсын Их Сургуультай хамтран зохион байгуулах “Буриад судлалын зарим асуудал" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд манай академиас оролцохоор бэлтгэж байна.
Манай Академиас 5-р сарын 23-нд Улаанбаатар хотноо “Буриад судлалын тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Тус академиас буриад судлалыг хөгжүүлэх талаар нэлээд ажлыг төлөвлөж, зарим зүйлийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд буриад ястны түүх, угсаатан, хэл соёлыг шинжлэх ухааны үүднээс судлан тодорхойлох, залуу хойч үедээ ёс заншил, түүх соёлоо өвлүүлэн, заан сургах талаар тодорхой төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээо төлөвлөөд байна.
Манай академийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах, хандив, тусламж үзүүлэх хэнтэй ч хамтран ажиллахад бид бэлэн бөгөөд буриад судлалыг сонирхогч, судлагч гадаад дотоодын эрдэмтэн мэргэд, судлаачдыг яс үндэс харгалзахгүйгээр хамтран ажиллахад бид бэлэн байна.

“Буриад судлалын тулгамдсан асуудал" сэдэвт
эрдэм шинжилгээний бага хурал

Хурлыг зохион байгуулагчид:
М.Одмандах
Б.Чинзориг
Б.Ууганбаяр
Б.Ширнэн
Г.Батцэрэн

Нийтлэг үндэслэл: Монгол улсын хэмжээнд буриад судлалыг хөгжүүлэх шаардлага өнөөдрийн цаг үед улам хүчтэй ярих асуудлын нэг болсон учраас сэтгэл санаа нийлсэн хэсэг эрдэмтдийн санаачилгаар “Буриад судлалын академи"-ийг үүсгэн байгуулав.
Буриад Судлалын Академийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох эрдэм шинжилгээний ажилтнуудыг бэлтгэх, залуу судлаачдыг дэмжих үүднээс “Буриад судлалын тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг 2008 оны 5-р сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар зарлаж байна.
Сэдэв, чиглэл:
-Хэл шинжлэл
-Аман зохиол
-Утга зохиол
-Угсаатны зүй
-Урлаг судлал
-Соёл судлал
-Сэтгүүлзүй
-Түүх
-Археологи
-Шашин, бөө судлал
-Үндэсний спорт
- Бусад чиглэл
Оролцох хүмүүс: Буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон сонирхсон хүмүүс хэн ч оролцож, илтгэлээ ирүүлэх боломжтой.
Тавигдах шаардлага: Хуралд ирүүлэх илтгэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, буриад судлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий асуудлыг хөндөж, цаашдын чиг хандлага, хөгжлийн байдал төлвийг тодорхойлон, судалгааны зохих арга зүйн үүднээс өндөр төвшинд боловсруулсан байх.
Илтгэлийн техникийн шаардлага нь:
А4 цаасан дээр ArialMon фонтоор Size 12, мөр хоорондын зай Single, хуудасны бүх талаас нь 2,5 см байх.
Илтгэлийн хураангуйг 2 нүүрт багтаахаас гадна үндсэн илтгэл нь 8 хуудаснаас хэтрэхгүй байна. Илтгэл нь эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан, хэл найруулгын хувьд зохих төвшинд бичигдсэн байх ёстой.
Илтгэлийг Flash дискээр болон цаасаар, мөн мэйл хаягаар явуулж болно. Хурлын илтгэлүүдийг эмхэтгэл болон хэвлүүлэх, интернэтэд тавьж олон түмэнд сурталчилах учраас цахим хэлбэрээр заавал өгөх учиртай.

Ps: Илтгэлээ өгөх хүмүүсийн тоо хязгааргүй тул хүссэн болгон илтгэл өгөх боломжтой. Харин ирсэн илтгэлүүдээс сонгон шалгаруулалт хийж хуралд хэлэлцүүлэх бөгөөд ирсэн бүх илтгэлийг эмхэтгэлд хэвлэх болно.

Илтгэл өгөх хугацаа: 2008 оны 5-р сарын 12-ны Даваа гаригийн 18 цагаас өмнө.
Харилцах хүн: Буриад Судлалын Академийн Ерөнхийлөгч, МУБИС-ийн МоСС-ийн багш, доктор /Ph.D/ М.Одмандах, Буриад судлалын академийн гүйцэтгэх захирал, магистр Б.Чинзориг
Харилцах хаяг: МУБИС-ийн хичээлийн “А” байрны 307 тоот өрөө.
Харилцах утас: 326165 /а/, 99866572, 99127013
Э-шуудан: hohchono@yahoo.com

Friday, April 25, 2008

Гамнаарай

Хойд мөсөн далайн мөс хайлахад сэтгэл түгших хэрэггүй


Манай дэлхийн хойд туйлын мөс хурдан хайлж байгаад эрдэмтэд түгшиж байна. Арктикийн мөс хайлсан сүүлийн үеийн дээд хэмжээг 2005 оны есдүгээр сард сансараас ажиглаж, бүртгэжээ. Энэ оны 8 дугаар сард мөс хамгийн их хэмжээгээр хайлсан бөгөөд Аркитикийн мөс ирэх 9 сар хүртэл үргэжлэн хайлах төлөвтэй байна.
Дэлхийн дулааралтын нэг тод жишээ бол Хойд мөсөн далайн мөсөн талбай багасч байгаа явдал юм. Арктикийн мөсөн хучлага багасах үйл явцын хурдыг 1970-аад оноос ажиглаж байна. Энэ хэмжээ сүүлийн 10 жил 8 орчим хувь байна. Одоо бидний ажиглаж байгаа цаг уурын энэ байдлыг 20 жилийн тэртээ физик-математикийн хүнд загвараар таамагласан билээ. Харин тэнгисийн мөс энэ загварын таамагласнаас ч илүү хурдан хайлж байна.
Хэрэв Хойд мөсөн далайн мөс хайлах хурд өөрчлөгдөхгүй энэ хэвээр байвал хэдэн арван жилийн дараа хойд мөсөн далай зуны улиралд бүрмөсөн хайлах юм. Энэ сайн уу муу юу? Нэг талаас хойд тэнгисийн замаар хөлөг онгоц зорчиход саадгүй болно. Арктикийн усан доорх эх газарын үргэлжлэлд геологийн судалгаа хийхэд хялбар, хямд өртөгтэй болох юм. Олон орон арктикийн усан доорх эх газрын үргэлжлэлийн баялгийг эзэмших бодолтой байгаа билээ. Энэ бүхэн давуу тал юм. Нөгөө талаас энэ нь экологид аюултай юм. Арктикийн мөсөнд жилийн турш нутагладаг цагаан баавгайн тоо толгой эрс цөөрсөн байна. Хамгийн гол нь Хойд мөсөн далай бүрмөсөн хайлахад агаар мандалд цацагдах уур эрс нэмэгдэнэ. Ингэснээр дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсгийн уур амьсгал өөрчлөгдөж, хур тунадас нэмэгдэх юм. Сүүлийн жилүүдэд олонтаа ярьж байгаа дэлхийн далайн түвшин нэмэгдэж болзошгүй тухайд байдал бас сайнгүй байна. Мөс шингэн уснаас ч илүү хэмжээтэй. Тэнгисийн мөс хайлснаар далайн усны түвшинг бага зэрэг нэмнэ. Үүнд сэтгэл түгших хэрэггүй гэж эрдэмтэд ярьж байна.

Ава эжийн hургаал

Дэлхийн үнэтэй хотууд


Швейцарийн “акулуудын” нэг болох UBS банк дэлхийн хотуудыг оршин суугчдын авдаг цалин, бараа үйлчилгээний үнэ, худаалдан авах чадвараар нь жагсаан дэлхийн хамгийн үнэтэй хотуудыг шалгаруулдаг уламжлалтай. Тус банкнаас гаргасан “Prices and Earnings" судалгааны үр дүнг танилцуулья.
Дэлхийн хотуудаас Копенгагенд хамгийн өндөр цалинг олгодог юм байна. Гэтэл Копенгагентай харьцуулахад нью-йоркчууд 40,9 хувиар бага цалин авдаг гээд төсөөл дөө.
Тэгвэл өндөр цалинтай хотуудын жагсаалтын хоёрт Норвегийн нийслэл Осло бичигдсэн байна. Ер нь Скандинавын орнуудад амьдрахад илүү таатай байдаг бололтой. Гуравдахь хот нь мөн л Скандинавынх. Швейцарийн Цюрихт ажиллаж амьдрагсад нью-йоркийнхныг бодвол 30% илүү цалин авдаг юм байна.
Нью-Йорктой харьцуулаад байдгийн учир нь гэвэл дэлхийн оршин суугчдын ихэнх нь ертөнцийн энэ цэг дээр амьдрагсдыг хамгийн баян чинээлэг аз жаргалтай хүмүүс хэмээн сэтгэж энэ цэгт амьдрагсдад багахан атаархаж явдагтай холбоотой болов уу. Ташрамд хэлэхэд Нью-Йорк хот өндөр цалнтай хотуудын жагсаалтанд 13-т бичигдсэн байна.
Харин Нью-Йоркийн өмнө Женева, Дублин, Франкфурт, Брюссель, Хельсинки, Люксембург, Лондон, Мюнхен, Берлин гэсэн хотууд бичигджээ. Эдийн засгийн энэхүү дүр зураг нь сүүлийн үед дэлхийн зах зээл дээр евротой харьцах долларын ханш чамгүй унасантай холбоотой гэдгийг судалгаа гаргагчид дурдахаа мартсангүй.
Тэгвэл бага цалинтай хотуудын тоонд Рига, Шанхай, Бээжин, Софи, Бухарест, Бангкок, Дели бичигдсэн байна. Харин хамгийн бага цалин өгдөг газар Индонезийн Жакарта. Энд ажилллаж амьдарч байгаа иргэд нөгөөх нью-йоркчуудыг бодвол 6,5% -иар бага цалин авдаг аж. Улаанбаатарын цалин энд огтхон ч дурдагдаагүй болохыг та анзаарсан байх. Хэрвээ дурдагдсан бол бүх дэлхийн өмнө шараа болох байсан гэдэг нь эргэлзээгүй, хэдэн монголчууд.
Тэгвэл өндөр үнэ өртөгтэй хотуудын жагсаалтад мөн л скандинавын хэдэн оройн өнгөлсөн байна. Осло, Копенгагенд өндөр цалин авахын хэрээрээ өндөр өртөгтэй амьдралтай байдаг бол гурав дөрөвдүгээр байрт Лондон, Дублин хотууд оржээ.
Мөн хамгийн үнэтэй хотуудын тоонд Стокгольм, Хельсинки, Женева, Парис, Вена орсон байна. Харин хамгийн бага өртөгөөр амьдардаг хүмүүс Малайзийн Куала-Лумпурт оршин суудаг аж. Эндэх юмны үнэ Нью-Йоркийнхоос 40,5%-иар бага байдаг гэнэ.
Харин худалдан авах чадвараараа мөн л Копенгаген, Цюрих, Берлиний оршин суугчид тэргүүлжээ.


1. Ангол улсын Луанда хот

The image “http://www.clevelandleader.com/files/luanda-angola.jpg” cannot be displayed, because it contains errors.


2. Норвеги улсын Осло хот

http://www.oslotravelguide365.com/files/oslo_778673247.jpg


3. Орос, Москва хот

http://z.about.com/d/architecture/1/7/Y/i/Red_Square.jpg


4. Норвеги, Ставангер хот

http://www.oceaneering.com/uploadedImages/Locations/Norway_Stavanger%20copy.jpg


5, Денмарк, Копенхаген хот

http://z.about.com/d/cruises/1/0/m/s/1/copenhagen005.jpg


6. Конго, Киншаса хот

http://www.kinshasa-congo.com/theme/images/kinshasa/pic17.jpg


7, Солонгос, Сөүл хот

http://www.cooltownstudios.com/images/korea-seoul-nightlife.jpg

8. Габон, Либревил хот

9. Швейцар, Женева хот

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/73/Geneva_-_Switzerland_-_2005_-_01.JPG/800px-Geneva_-_Switzerland_-_2005_-_01.JPG


10.Англи, Лондон хот

Thursday, April 24, 2008

Алиахамшээ Алтаргана

Түрүүшийн дуран

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 7

Полемика буюу мэтгэлцээн хийх

Судлаач хүний заавал сурах ёстой зүйл бол яахын аргагүй мэтгэлцээн байдаг. Магадгүй энэ нь насан туршид чинь Таныг дагалдах учиртай, монгол хүний хувьд хамгийн их зовлонтой асуудал байх…

  • · Ямар ч мундаг хүн хэрэв Бурхан л биш бол дандаа “зөв” ярина, бичнэ гэж байхгүй. Мэдээж дандаа “буруу” байна гэж бас л байхгүй.
  • · Бидний байнга иш татах дуртай дэлхий дахинаа алдраа дуурсгасан том эрдэмтэд хүртэл ийм хувь заяатай.
  • · Иймээс их дээр үеэс авахуулаад мэтгэлцээн хийх шинжлэх ухааны ёс зүй, дүрэм журам тогтсон байдаг юм.
  • · Энд би полемика гэдгийг мэтгэлцээн гэж орчуулж байна. Үүнтэй төстэй нэг ойлголт нь шүүмжлэн хэлэлцэх гэж орчуулж болмоор “дискуссия”, “discussion” байх. Дискусс бол нэгдсэн нэг санаа, үйлдэлд хүрэх зорилгоор юмыг олон талаас нь шүүн тунгаахыг хэлнэ. Мэдээж маргана л даа.
  • · Харин бид бол огт өөр өнцгөөс, огт өөр арга зүйгээр авч үзсэн зөрчилтэй, хоорондоо холилдсон үзэл санааг нотлох, батлах гэсэн “полемика” гэдгийг мэтгэлцээн гэж нэрлэж байна.
  • · Яг тодорхойлолт нь гэвэл: “Асуудлыг хэлэлцэх үед өөрийнхөө үзэл бодлыг батлахад маргалдагч талууд гол хүчээ зарцуулдагаараа ялгагдах маргааны нэг төрөл” гэсэн агуулгатай.
  • · Мэтгэлцээн нь жирийн нэг “буу халах” –аас авахуулаад эрдэм шинжилгээний бүхий л шатыг хамарч байнга явагдаж байдаг.
  • · Мэтгэлцээнийг аман болон бичгэн, албан ёсны болоод албан бус гэж ангилж болно.
  • · Энд заавал сахих дүрэм, ёс зүй байдаг.
  • · Эхлээд сэдвээ буюу юугаар маргахаа сонгоно. Жишээлбэл, Та гэр бүлийн асуудлаар маргалаа гэхэд гэр бүл бэхжиж байгаа, эсвэл гэр бүл задарч байгаа зөрчилтэй олон баримт хэн хэнд нь байгаа.
  • · Энэ эерэг сөрөг баримтуудаа шууд л гаргаад тавьчихвал сэдэвгүй хоосон хэрүүл л болж хувирна.
  • · Тэгвэл “гэр бүл” гэдэгт Та болон Тантай мэтгэлцэгч чухам юуг ойлгож байгаа нь их чухал.
  • · Та гэр бүлийн сэтгэл зүйн талыг, нөгөө хүн чинь эдийн засгийн ч юмуу, эсвэл бэлгийн харилцааны талыг яриад маргаад байвал дуусашгүй юм болно.
  • · Ер нь бол аль ч хүний хэлсэн, бичсэн зүйлсийг а. Ямар ч маргаангүй зөвшөөрөх, б. Нэмэлт баримт нотолгоо шаардах эргэлзээтэй, в. Баримтаар нотлогдоогүй буруу гэж ерөнхийд гурав нь хуваан үзэж болно.
  • · Хоёр буюу оролцогч талууд ээлжлэн ярих, бичих ёстой. Ганцаараа хадуураад явчихвал ямар олиг байхав. Залуудаа би ч гэсэн ийм “өвчтэй” байснаа нуух шаардлага байхгүй гэж бодож байна.
  • · Сэдвийг сольж үсчих, хүчээр нотлох, бүдүүлэг байх, хуурамч буюу нотлогдоогүй үндэслэл гаргах зэрэг үйлдэл хэрхэвч хийж болохгүй.
  • · Та маргалдагчтайгаа нийлж байгаад үнэнийг олох нь мэтгэлцээний зорилго байдгийг байнга санаж явах ёстой.
  • · Арга заль, өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглаж олсон ялалт нь удаан насгүй бөгөөд ёс суртахууны таашаал олгодоггүй юм.
  • · Би ч гэсэн олон хүний өмнө “дайснаа” хүчээр ялж, түүнээсээ кайф авдаг байсан “тэнэг” байсан юмдаг. Сүүлд нь бодоод байхад энэ бол хамгийн адгийн арга юм бил ээ.
  • · Манайд байдаг хамгийн аймшгийн, тэгсэн мөртлөө байнга гардаг нэг том өвчин бол мэтгэлцээнийг хувь хүн болон түүний мөн чанартай холбон үзэх явдал байдаг.
  • · Үүний тод илрэл нь манайд түгээмэл байдаг “юм мэддэггүй”, “тэнэг”, “гажигтай”, “амьдралтай холбоогүй”, “туршлагагүй” гэх мэтийн зүсэн зүйлийн томъёоллууд болно.
  • · Одоо санааг нь биш, хүнийг нь муулах явдал их түгээмэл болжээ. Энэ бол яагаад ч ашигтай сайн зүйл огт биш.
  • · Таны уншсан ном буюу мэдээллийг нөгөө хүн заавал уншсан, мэдсэн байх албагүй. Тэрнээс болоод нөгөө хүн чинь “тэнэг“ гэсэн ангилалд орчихож болохгүй биз дээ.
  • · Ийм явдал байнга гардаг болохоор би дахин дахин сануулаад байгаа юм л даа. Та бид мэтгэлцээний явцад таалагдсан зүйлээ биш, хэрэгтэй зүйлээ олж авах ёстой.
  • · Мэтгэлцээнийг аливаа ёс зүйн хүрээнээс хальтал улайрч болохгүй.
  • · Дээхэн үед манай хоёр сайн философич залуу “Матери, ухамсрын аль нь анхдагч” болох талаар маргалдаж, сүүлдээ тэр нь зодоон болж, цагдаад очсон инээдэмтэй бөгөөд гашуун түүх бий.
  • · Уншсан номоороо маргалдах нь хүний өмнөөс хэрэлдэж байгаатай адил.
  • · Та уншиж мэдсэн зүйлээ ашиглан манайд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж байгаагаа мартав заа.
  • · Үүний тулд Та судалгаатай байх нь чухал. Тодорхой судалгаагүй, наад захын мэдлэггүй бол мэтгэлцээд юугаа хийнэ.
  • · Дээр дурдсан эхлээд “ямар ч маргаангүй” зөвшөөрөх юмыг зөвшөөрч сур. Хүний зөв хэлсэн юмыг зөв гээд хэлчихэд Танаас л лав гарз гарахгүйдэг.
  • · Мөн “нэмэлт нотолгоо шаардах эргэлзээтэй” юмыг нь ийм ийм юм нэмчихвэл наадах чинь нотлогдож болох л юм гэдгийг нөгөө хүндээ соёлтойгоор ойлгуулж болно.
  • · Үүний тулд Та мэтгэлцээний сэдвээр нэлээд чамбай мэдлэгтэй байх ёстой. Юу ч үгүй байж маргалдах гээд байх нь угаасаа учир утгагүй хэрэг мөн.
  • · “Баримтаар нотлогдоогүй буруу” гэж үзсэн зүйлээ өөрийнхөө нотолгоогоор Та батлах ёстой.
  • · Таны нотолгоо маргалдаж буй хувь хүн болон түүний мөн чанартай огт хамаагүй, энд зөвхөн түүний гаргаж буй үндэслэл, түүний зарим нэг талыг л ярьж байгаа гэдгийг мартах ёсгүй.
  • · Хүний бүх юмыг зөвшөөрөх, эсвэл оргүй үгүйсгэх нь огтоос боломжгүй зүйл.
  • · Харин уншсан ном зохиол буюу том эрдэмтний нэр барих нь хамгийн амархан боловч адгийн арга юм.
  • · Та том ном буюу эрдэмтний нэрийг урдаа бариад нэг удаа ялж болох л юм. Гэсэн ч энэ нь асуудлыг шийдвэрлэх арга огтхон ч биш.
  • · Эрдмийн зэрэг цол, нас, төгссөн сургууль, ажилласан жил зэрэг нь мэтгэлцээнд урдаа барьдаг зүйл огтхон ч биш. Яагаад залуу хүн “зөв”, “илүү” юм хэлж болохгүй гэж.
  • · Харамсалтай нь манайд дээрх шинжээрээ түрүү барьдаг адгийн зуршил тогтсоныг арилгах л ёстой.
  • · Харин Та мэтгэлцээний явцад энэ эрдэмтэн, онол, урсгал ингэж үздэг, нөгөө нь ингэж үзсэн гэж харьцуулаад хамгийн гол нь манай практиктай холбох оролдлого хийх учиртай.
  • · Мэтгэлцээний явцад хүний санааг санаатай болон санамсаргүй ашиглах тохиолдол байнга гардаг.
  • · Өөрөө бүх юмыг хийчихсэн, бараг шинэ нээлт гаргачихсан юм шиг аашлах нь хамгийн бүдүүлэг арга мөн. Хүний санааг өөрийн юм шиг ярьж, бичих нь хулгай, дээрэм хийхээс долоон дор адгийн араншин, үйлдэл юм.
  • · Ялангуяа юм бичихдээ санааг нь ишлэсэн хүнээ дурдаж байх нь судалгааны ажлын зөрчиж болшгүй хууль байдаг.
  • · Мэтгэлцээний явцад Таны туйлын зөв гэж үзэж байсан юм чинь ихээхэн эргэлзээтэй буюу “буруу” болон хувирах нь их түгээмэл.
  • · Энэ тохиолдолд тодорхой хугацааны би тэрийг дутуу ойлгож явсан байна лээ. Тэр үед чиний зөв байсан шүү гээд хэлчихэд Танд ичгэвтэр зүйл ердөө ч болохгүй.
  • · Энэ хооронд Та ч, нөгөө хүн чинь ч нэмж олон юм харж, эрэгцүүлэх боломжтой болно.
  • · Чухам энд л мэтгэлцээний давуу тал байдаг юм даа. Энд ахиад л сэтгэл зүйн болон ёс суртахууны асуудал үүсдэг.
  • · Та мэдээж ялагдахыг хүсэхгүй байгаа, гэтэл харсаар байтал баримт нотолгоо, бас сэтгэл зүйн байдал нөгөө талд чинь давуутай болоод ирэхлээр хүн их л хэцүү байдалд ордог юм даа.
  • · Энэ үед хоёр арга байдаг. Нэгдэх нь мэтгэлцээнийг хойшлуулах. Та энэ сэдвээр нэмж “юм” харъя гээд эвтэйхэн хэлчихэж болно шүү дээ.
  • · Хоёр дах нь өөрийгөө болон мэтгэлцээний явц, арга, үр дүнг шоолох аргаар дүйвүүлэх. Өөрийгөө шоолж чаддаг хүн л амжилт олдог гэсэн мэргэн үг бий.
  • · Курсийн болон дипломын ажлаас авахуулаад магистр, докторын зэрэг хамгаалах зэрэг нь бас л мэтгэлцээний албан ёсны төрөл юм.
  • · Сүүлийн үед манайхан эрдмийн зэрэг хамгаалах үед дандаа магтдаг адгийн зуршилтай болж байна. За үүн шиг хүнийг “алдаг” юм хорвоо ертөнц дээр байхгүй дээ.
  • · Хэрэв Та хүний нөхөр, анд байя гэж бодож байвал түүнийг сайн шүүмжлэх ёстой. Ялангуяа урьдчилсан хамгаалалтын үед бол ёстой нэг “шүүсийг нь шахах” хэрэгтэй.
  • · Миний хайртай нэг залуу магистрын зэрэг хамгаалав аа. Би урьдчилсан хамгаалалтын үеэр хэд хэдэн зарчмын санаа хэлсэн боловч тэр надад найдаад ямар ч засвар хийгээгүй иржээ.
  • · Заавал миний хэлснээр засвар хийх албатай биш л дээ, харин яагаад хийсэн, эсвэл хийгээгүй гэдгээ тэр өөрөө нотлох ёстой байсан юм. Энэ бол мэтгэлцээний утга учир юм.
  • · Тэхээр нь би жинхэнэ хамгаалалт дээр нь “Би чамд хайрлаж, хүндэтгэдэг, харин энд чи бид хоёр шинжлэх ухааны ариун сүмийн өмнө байна. Хэрэв чи мэтгэлцэх нотолгоо гаргаж чадахгүй юм бол би чиний авран хамгаалагч биш” гэж хэлсэн юмдаг.
  • · Тэр маань хөлс нь гараад, бусад багш нар эвгүй байдалд ороод жигтэйхэн. Хожим нь тэр: “Тэр үед Танд айхтар гомдож билээ. Гэсэн ч Таны тэр хатуу үг надад маш их сургамж өгсөн шүү. Би энийг дандаа санаж, шавь нартаа үглэж явдаг юм” гээд инээж билээ.
  • · Дашрамд хэлэхэд энэ залуу маань их сайн ажиллаж байгаа. Гэтэл ямар ч шүүмжлэл, мэтгэлцээн сонсоогүй, дандаа магтуулсан хүмүүс зүгээр л “дипломын гол” болчихсон байх нь тун элбэг.
  • · Мэдээж Танаас болон надаас огт өөр үзэл бодолтой хүн байж л таарна. Эндээс нөгөө олон ургальч үзэл гэдэг юм нь гараад ирж байгаа юм л даа.
  • · Мэдээж хэн ч дурын сэдвээр мэтгэлцдэггүй гэдгийг санаж явбал зүгээрсэн. Мэдээж өөрийнхөө сонирхдог, мэддэг, судалдаг чиглэлээр мэтгэлцэх нь Танд л ашигтай.
  • · Иймээс мэтгэлцээнд ялахын тулд Та мэдлэг, мэдээллээ нэмэх, бас системчлэх талаар Та цаг ямагт ажиллаж сурах учиртай.
  • · Мэтгэлцээний хэд хэдэн түвшин ч юм уу, төрөл ч юм уу байдаг юм шиг.
  • · Курс, дипломын ажлаас эхлээд эрдмийн цол зэрэг хамгаалах хүртэлх эрдэм шинжилгээний мэтгэлцээн.
  • · Мэргэжил нэгтнүүд болон ижил үзэл санаатнуудын ажил төрлийн мэтгэлцээн.
  • · Зөрчилтэй, маргаантай асуудлаар хурал, зөвлөгөөн нийтийн мэдээллийн хэрэгслээр хийх мэтгэлцээн.
  • · Шийдвэр гаргах мэтгэлцээн
  • · Зүгээр л “буу халах”.
  • · Эдгээр түвшинг холиход бас л үйл ойлголцол үүсдэг гэдгийг ямагт анхаарч ихээхэн мэдрэмжтэй байвал зүгээрсэн.
  • · Иймээс мэтгэлцээн Таныг насан туршид чинь дагалдах “жаргал хийгээд зовлон” учраас Та байнгын бэлтгэлтэй байх ёстой.
  • · Хэдийгээр би Та бүхэнд зөвлөгөө өгөөд нэг их сүрхий хүн байгаа боловч мэтгэлцээний урлагт одоо болтол олигтой суралцаж чадаагүй гэдгээ хэлэх нь зүйд нийцнэ.
  • · Мэтгэлцээний явцад “дайсан” болчихолгүй, харин нөхөртэй болох нь чухал.
  • · Та бичсэн юмаа эхэлж үзүүлдэг, “хайр найргүй” шүүмжилж “эрээн цоохор” болгоод өгдөг дотно хүмүүстэй болж авбал тун зүгээрсэн.
  • · Би ийм л “хайр найргүй” найз, мэргэжил нэгтнүүдийнхээ хүчинд өдий зэрэгтэй яваа юм шүү.
  • · Би ч гэсэн хариуд нь тэдний юмыг ёстой нэг “орвонгоор нь эргүүлээд” өгчихдөг юм. Мэдээж тэд авахыг нь аваад, авахгүйгээ хаяхаа мэдэж л таарна шүү дээ.
  • · Ингэж баймаажин Та өөрийгөө ч, нөхрөө ч байнга хурцалж байдаг бөгөөд энэ нь Таны амжилтад хүрэх, гол нь Та өөрийгөө олох гол нөхцөл мөн

За ингээд залуу минь, мэтгэлцээд бай даа…

Судлаач Д.Ганхуяг.
2008 оны 4 дүгээр сарын 23.

Wednesday, April 23, 2008

"Компьютерээ унтраах өдөр 2008"


Хүний өдөр тутмын амьдралд компьютер шиг хэрэгтэй зүйл байхгүй болсон гэдэгтэй та санал нэгдэх байх. Shutdown Day бол дэлхий даяараа нэг өдрийг компьютергүйгээр буюу таны эрүүл мэндийг бодсоны үндсэн дээр спортоор хичээллэх, эсвэл өөр зүйлээр зугаагаа гаргах зориулалттай өдөр болгон жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийнх 5 сарын 3 ны өдөр болох гэж байна.

Өнгөрсөн жил энэхүү өдөр нь 3 сарын 24 нд болж байсан бөгөөд нийт 65,000 хүн оролцож өөрсдийн компьютерийг бүтэн 24 цагийн турш унтраасан байна. Зохион байгуулагчид энэ жил 5 сарын 3 ний өдөр уг арга хэмжээг зохион байгуулах аж.

Та ганц өдөр компьютергүйгээр амьдарч чадах уу? Тэгвэл тэдний сайтанд нь ороод бүртгүүлээрэй.

Ханцуй холбогчинд 2GB Flash


Хэрэв та элдэв содон хэрэглэлд дуртай бол таньд нэгэн төхөөрөмжийг санал болгож байна. Usb flash –ийг сүүлийн үед янз бүрээр хийгдэх болсоныг анзаарсан байх. Хүзүүний зүүлт, гарын бугуйвч гэх мэт. 4GB үзэг, 1GB цаг, ба usb бомб маягаар ч гэсэн хийж болдог. Ямартай ч энд танилцуулсан флашыг элдэв тайлбаргүйгээр та хараад ойлгож байгаа байх. Гэхдээ одоогоор уг төхөөрөмжний үнэ нь тодорхойгүй байна.

Monday, April 21, 2008

Ирээдүйгээс Ирсэн Гэмээр Бугуйн Цаг



Бугуйн цаг ийм байвал арай л дэндүү харагдаж байгаа биз? Дэндүүгийн утга нь миний хувьд амьхандаа гоё гэсэн үг л дээ. Хараад байхад сансарийн хөлөг шиг эсвэл зөгнөлт киноон дээр гардаг нөгөө л лазераар буудаад байдаг төхөөрөмж шиг. Дэлхий дээр өөр хаана ч байхгүй энэхүү цагийг DeWitt Concept No. 1 (DeWitt гэж зохион бүтээсэн хүн нь бололтой) гэж нэрлэх агаад авахийг хүссэн хүмүүс $633,000 төлөх хэрэгтэй аж. Энэ үнэ нь танд солиотой ч юмуу галзуу ч юмуу сонсогдож болноо, гэхдээ хэн нэгэн нь уг цагийг хараа ч үгүй байж дуудлага худалдаан дээрээс авсан гэдэг. Алдарт ГGeorge Lucas-ийн Оддын Дайн киноон дээр гардаг тэмээ шиг роботтой адилхан байгаа биз?


Интернетээс хамааралтай байдал тань ноцтой өвчин


Хэдийгээр үүнийг сэтгэцийн өвчний жагсаалтад оруулаагүй ч, үүнийг хайхрахгүй өнгөрөх аргагүй юм. Өвчлөгсдийн олонх нь дэлхийн сүлжээг эрчимтэй ашигладаг томоохон хотод оршин суудаг залуус байгаа юм. Дэлхийн нийтийн сүлжээгээр аялах нь тэдний хувьд мэргэжлийн ажил эсвэл шаардлагатай мэдээллээ олж авах зэрэгтэй холбоогүй харин амьдралынх нь хэлбэр болсон байдаг.

Дараах шинж тэмдгээр интернетээс хамааралтай байдал нь сонирхол бус өвчин болсныг мэдэж болно гэж сэтгэцийн эмч нар үзэж байна. Тухайн хүн ажил, гэр бүл, гэрийн ажлаа умартан интернет ашиглахыг илүүд үздэг. “Өдөрт олон цагаар интернет ашигласан ч миний сонирхол буурдаггүй” гэж өөрийгөө интернетеес хамааралтай болсон хэмээн үзэж байгаа нэгэн эр хэлж байсан аж. «Тодорхой зорилгоор нэг вэб хуудсанд ороод, линк байвал цаашаа орж, чөлөөтэй сэлж эхэлдэг. Ийш тийшээ явах ажилгүй бол би өдөрт 16 орчим цаг интернет ашигладаг. Энэ бол миний тогтсон хэмжээ. Ямар нэг шалтгаанаар интернет ажиллахгүй болохоор хамгийн муухай. Дарамтанд орж эхэлдэг. Өрөөгөөрөө холхиж, байж суух газраа олж яддаг» гэж тэрээр хэлсэн байна.

Мөн зарим нэгэн нь ямар ч зорилгогүй интернетээр хэсч, зугаацах үүднээс янз бүрийн хэлэлцүүлэгт саналаа бичдэг байна. Тэдгээр хүмүүс интернетгүй өөрийгөө төсөөлөх аргагүй болдог гэнэ. Ийнхүү өвчилөгсдийн нэг «Би өөрийгөө тодорхой хэмжээгээр интернетээс хамааралтай гэж үздэг. Дэндүү олон цагаар интернет ашиглаж байна хэмээн байнга хэлж байдаг эцэг эх маань ч ялгаагүй ийм бодолтой. Компьтертээ хязгааргүй орохоор интернетэд холбогдсон учраас олон цагаар сүлжээгээр тэнэдэг. Янз бүрийн вэб хуудсыг сонирхож гэртээ суухыг хүс байсан ч, заримдаа хүнтэй харилцах нь дээр л дээ. Манай эцэг эх компьютерийг минь цонхоор шиднэ гэж хүртэл заналхийлдэг» гэлээ. Сэтгэл зүйчид түгшиж эхэлж байна. Компьютерийн ард хэт олон цагаар суух нь сайн юманд хүргэхгүй. Тухайн хүн нэн даруй эмчлүүлэх хэрэгтэй. Интернетээс хамааралтай байдал нь ноцтой өвчин юм гэж сэтгэл зүйчид анхааруулж байна. Мэргэжилтнүүд : «Охид, хөвгүүд компьютерийн ард суугаад, хичээлээ давтаад муу зүйл огт хийхгүй байгаа юм шиг харагддаг. Эцэг эхчүүд хожим хойно нь түгшиж эхэлдэг. Юуны түрүүнд тухайн хүн яагаад ийм байдлаар чөлөөт цагаа өнгөрөөж байгааг тогтоох хэрэгтэй. Сүлжээ бол хортой биш. Хүн хоосон орон зайгаа бөглөхийн тулд түүнийг ашигладаг. Сэтгэл зүйчийн үүрэг бол тэр хоосон орон зайг олж тогоогоод өөр зүйлээр нөхөх ёстой». Ямар ч тохиолдолд эмчилгээ хийхийн тулд оношийг тогтоож, тухайн хүн эмчлүүлэх хүсэлтэй байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд нааштай үр дүн гарна.

Монгол улсын түүхийг Хотогойдын түүхгүйгээр төсөөлөх аргагүй


Түүхийн ухааны доктор Хар Адуутан С.Чулуун

Хотогойдууд олон удаа хэд хэдэн томоохон нүүдэл хийсэн, Халх-Ойрадын хооронд болсон дайнд нэлээд өртөж, тэдгээрийн мөргөлдөөний талбарт нутагладаг, төвөөс ихээхэн зайдуу оршдог, 20-р зууны эхэн үед олон сүм хийдээ устгуулсан, архивын баримт бичгүүдээ хувьсгалын эсэргүү үзэлтнүүдэд шатаалгасан зэрэг шалтгаануудаас болж ховор, хомс байгаа юм.

[Зууны Мэдээ] Өнөө үеийн монгол угсаатныг бүрдүүлж буй олон угсаатны бүлгүүдийн нэг томоохон нь Монголын баруун хойд хэсэг, одоогийн Завхан, Хөвсгөл аймгийн нутагт орших хотогойдуудын угсаа гарал, түүх, соёлын асуудлыг тусгайлан судалж үр хойчид нь өвлүүлэн ухааруулах, хүндэтгэн дээдлүүлэх нь чухал асуудал болоод байна. Хотогойдын угсаа, түүхийн асуудлыг судлахад хамгийн чухал мэдээ, баримт өгүүлж буй сурвалж нь Монголын түүхийн тулгар сурвалжуудаас танин мэдэх бололцоотой. Тэдгээрээс тоймлон өгүүлбээс: 'Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж”, “Хаадын үндэсний хураангуй Алтан товч”, Саган сэцэний 'Эрдэнийн товч”, Жамбын “Асрагч нэртийн түүх” зэрэг Монголын түүхийн тулгар бичгүүдэд Хотогойдыг захирч байсан ноёдын угсаа залгамжлал, тухайн угсаатан бүрэлдэх түүхэн цаг үеийн тухай өгүүлсэн байдаг бол Монголын томоохон түүхчин Галдан туслагчийн 'Эрдэнийн эрхи”-д 18-р зууны дунд үед Хотогойдыг бүрдүүлж явсан зургаан отгуудыг шадар жанжин Чингүнжавыг баригдсаны дараа хэнд ямар отгоос таслаж өгснийг мэдэж болохуйц мэдээ байдаг нь тун чухал юм.

Хотогойдуудын түүхэнд шууд болон дам байдлаар хамаарах сурвалж нь 1779 онд хэвлэсэн 'Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шаштир”-ын 53, 60, 61, 63, 64, 67, 79 дүгээр дэвтэрт Хотогойдын түүхэнд болсон зарим үйл явдал, Хотогойдын таван хошууг захирч байсан тайж ноёдын улс төрийн үйл ажиллагааны тухай, тэдний нутагшилт, тархацын талаарх мэдээ байдаг.

Манжийн төрөөс 1817 онд зохиосон “Гадаад Монголын төрийн засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”, “Хааны бичсэн биеэр дайлж өрнө, умрын газрыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг буюу Энх-Амгалан хааны бодлогын бичиг”, “Дайчин улсын магад хууль”, “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шаштир”, 'Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” зэрэгт Хотогойд төдийгүй тухайн цаг үеийн Монголын нийгмийн харилцааны асуудал, ерөнхий дүр төрхийг харж болох байна. Тодруулж хэлбэл, Манжийн эрхшээлийн болон Богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хуулиуд нь тухайн судалгааны ажилд холбогдох баримт, эх мэдээг өгч чадсан төдийгүй эдгээрт Хотогойдын угсаа, түүх, хошуу ноёдын намтар, үйл ажиллагаа, үе залгамж, зарим түүхэн хэрэг явдлуудыг багтаасан нь тэдний засаг захиргаа, нийгмийн байгууллыг лавшруулан судлахад ач холбогдолтой юм. Монгол Улсын түүхийн төв архивт хадгалагдаж буй 18-20-р зууны эхэн үед хамаарах Манж, Монгол баримт бичигт Хотогойдын хошуудаас Улиастай чуулгантай харилцсан нугалбар, өдрийн тэмдэгт, дээш өргөн явуулсан бичиг, зарим бүрэн бус хүн, мал, жасын хөрөнгийн тоо, бүртгэл, татвар хураасан данс, уг хошууныхан хятад худалдаачидтай худалдаа хийж өр тавьсан тухай, хошуу захирагч ноёдыг Жан чин мэнд явуулах тухай өргөсөн бичиг, нутгийн хилийн цэс, ноёдын угийн бичиг зэрэг нь чухал тулгар хэрэглэгдэхүүн болж өгсөн юм.
Уг эх бичгүүдээс бид шүүн түүвэрлэж, Хотогойд түмэнд залагдах Хотогойд судрыг хэвлүүлэхээр бэлтгээд байна. 19-р зууны сүүл үед зохиогдсон 'Засагт хан аймгийн олон засаг хошууны түүх” [ene nigen debter amui] хэмээх жижиг гар бичмэл нь Хотогойдын хошуудын түүх, ноёдын уг эх, зарим түүхэн хэрэг явдал, газар нутгийн цэс, өртөө харуул, хүн ам, малын тоо зэргийн талаар тун чухал мэдээг өгүүлсэн сурвалж гэж үзэж байна. Уг сурвалжид анх таван Хотогойд, гурван Олхонуд хэмээх нэр гардаг билээ. Манжийн эрхшээлийн үеийн албан түүх, хууль эрхээс гадна Богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хууль эрх зүйн баримтууд бас ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. 1914-1919 онд зохиосон “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир”, “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” зэрэгт Хотогойдын төдийгүй тухайн цаг үеийн Монголын нийгэм, эдийн засаг, угсаа соёлын харилцааны асуудал, ерөнхий дүр төрхийг харж болох байна.
Тодруулж хэлбэл, Манжийн эрхшээлийн болон богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хуулиуд нь тухайн судалгааны ажилд холбогдох баримт, эх мэдээг өгч чадсан төдийгүй эдгээрт Хотогойдын угсаа түүх, хошуу ноёдын намтар, үйл ажиллагаа, үе залгамж, зарим түүхэн хэрэг явдлууд, нийгэм, аж ахуйн үйл ажиллагаа, харилцаа, хэв журмын тухай мэдээг багтаасан байдаг нь уг судалгааг хийхэд ихээхэн ач холбогдолтой юм. Мөн хотогойдын тухай болон Засагт хан аймгийн нийгэм эдийн засгийн байдал, ард олны аж амьдралын хэв маяг, хил tu gangхязгаарын түүхийг өгүүлсэн “Засагт хан аймгийн чухал хэргийн данс” хэмээх сурвалж шинээр олдсoныг хэвлэн нийтэлсэн болно. Хотогойдын түүхийг судлахад хэрэглэгдэх үндсэн эх сурвалж, архивын баримт бичиг, жуулчдын тэмдэглэл хэдийгээр нэлээд байгаа мэт боловч Монголын бусад угсаатны бүлгүүдийн түүхийн баримт, материалтай харьцуулбал Хотогойдын түүхийг бүрэн төгс судлах баримт, хэрэглэгдэхүүн ихээхэн хомс юм. Энэ нь хотогойдууд олон удаа хэд хэдэн томоохон нүүдэл хийсэн, Халх-Ойрадын хооронд болсон дайнд нэлээд өртөж, тэдгээрийн мөргөлдөөний талбарт нутагладаг, төвөөс ихээхэн зайдуу оршдог, 20-р зууны эхэн үед олон сүм хийдээ устгуулсан, архивын баримт бичгүүдээ хувьсгалын эсэргүү үзэлтнүүдэд шатаалгасан зэрэг шалтгаануудаас болж ховор, хомс байгаа юм.


Хотогойдууд түүхийн тавцанд гарч ирсэн нь

16-17-р зууны зааг үед Халхын баруун гар Засагт хан аймгийн баруун хойд, хойд, Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх өргөн уудам нутагт Гэрсэнз Жалайр хунтайжийн угсааны Шолой убаш хунтайжын захиргаанд Хотогойд [Hotugoid] хэмээх нэгэн бүлэг угсаатан захирагдах болжээ. Хотогойд угсаатан түүхийн тавцнаа гарч ирсэн нь энэ үе юм. Эрдэмтдийн үзэж буйгаар Хойд аймгийн хэсэг нь Халхын Засагт ханы мэдэлд багтах болсон нь 16-р зууны эцэс үед хамаарагдана. Өөрөөр хэлбэл, Ашихай дархан хун тайжийн ач хөвгүүн Лайхурын үед Халх-Ойрадын хооронд болсон хэд хэдэн дайны явцад Ойрадын хойд аймгийн заримаас таслан захирсан бололтой. Лайхурын үеэс өмнө Халхын дунд Хотогойдын нэр ер үзэгдсэнгүй нь тэднийг 16-р зууны сүүл үеэр л Халхын баруун гарт харьяалагдан захирагдах болсон гэсэн саналыг зарим эрдэмтэн дэвшүүлдэг. Харин эрдэмтэн Д.Гонгор Гэрсэнзийн хатан Их Тайху хөвгүүддээ Халхыг хувааж өгөх тэр үед Хотогойдууд нь Саму-буйма-д өмч болон очсон Урианханы дотор багтаж явсан байж магадгүй гэж үзжээ. Ямартай ч Ойрадын нэг аймаг болсон Хойд аймгийн зарим хэсэг нь 17-р зууны эцэс үеэр Халх-Ойрадын үймээний үеэр Засагт ханы мэдэлд орж улмаар Ашихай дархан хун тайжийн дэд хөвгүүн Түмэндарь хотогур дайчингийн удмынханд захирагдах болжээ. Түүний хөвгүүн Шолой убаши буюу “Алтан хан”-ны үед Хотогойд нэрээр ихэд алдаршсан юм. Энэ нь хотогойдууд угсаатны хувьд идэвхтэй бүрэлдэн хөгжих болсон үе юм. Сурвалжид энэ үеэс Ашихай дарханы мэдэлд очсон Yнэгэд, Жалайрын хойчис нь “таван Хотогойд”, “гурван Олхонуд” хэмээгдэх болжээ. Эрдэмтэн С.Пүрэвжав таван Хотогойдыг Шолой убашийн таван хөвгүүнтэй холбон тайлбарласан байна.

Гэтэл Монголын түүхийн сурвалжид Хотогойдыг Шолой убашийн таван хөвгүүнд хуваан захируулсан мэдээ занги өнөө хэр үзэгдсэнгүй. Гагцхүү түүний эзэмшлийг II Алтан хан буюу Омбо-Эрдэнэ нь дангаар захирах болсон нь мэдэгдэж байна. Ийнхүү хотогойдууд нь 17-18-р зууны зааг үед нилээд хүчирхэгжин хөгжиж байв. Yүнийхээ үр дүнд хойдууд, халхчуудын хооронд уусан ижилсэх явдал нилээд хүчтэй явагдаж Хотогойд хэмээх нэгэн угсаатны бүлэг буй болсон бололтой. Хотогойдууд нь угсаа гарал, овгийн бүрэлдэхүүнээс гадна хэл зүйн болон аман аялгууны хувьд цэвэр халх биш бөгөөд ойрад-халхын завсрын шинжтэй болохыг эрдэмтэн Б.Я. Владимирцов судлан “...Бүх талаас нь үзвэл хотогойд аман аялгуу нь Халх-Ойрадын аялгуу хутгалдсaны дүнд буй болсон холимог аялгуу юм. Чингэж хутгалдах явц нэлээд эрт буй болсон бололтой” гэжээ. Yүнийг Монголын эрдэмтэн Ж.Цолоо судлан ”...авиа зүйн болон хэлний зүйн талаасаа цэвэр халх биш өвөрмөц шинжтэй бөгөөд тухайлбал захчин, урианхай аялгуутай төстэй хэмээн дүгнэжээ”


Мөн хотогойдуудын дундуур 19-20-р зууны заагаар аялсан эрдэмтэн Г.Н.Потанины тэмдэглэлд Хотогойдуудыг халх бус болохыг ажигласан ба “...тэдний байр байдлыг ажиглавал баруун халх монголчуудтай адил харагдах бөгөөд хэрэв зээ монгол хэл мэддэг байсан бол хэлний хувьд адил төстэйг ч нэгэн адил олж үзэх байсан буй за” гэжээ. Бидний судалгааны үр дүнд хотогойдууд нь аман аялгуу болон хэлний зүйн хувьд төдийгүй түүхэн нутагшилт, зан үйл, амьдралын хэв маягын хувьд дан ганц халх биш ойрад, Халхын төдийгүй олон төрөл ястны оролцоотой үүсэн бүрэлдсэн нь батлагдаж буй боловч Оросын эрдэмтдийн үздэг шиг түрэг гаралтай хүмүүс биш гэдэг нь тодорхой болно. Түүгээр барахгүй 20-р зууны эхэн үе хүртэл тэдэнтэй хөрш орших Халх-Хотогойд хоёр бие биенээ халх, хотогойд ялган гэж тусгаарлан нэрлэдэг байжээ. Тэд “Бид өөлдөөс гаралтай бөгөөд одоо халх хэлээр ярьдаг болчихоод байгаа юм”, “…Заримдаа манайхныг ойрадаас гаралтай гэх бөгөөд Ойрад хотогойд гэдэг байсан”, “…бид Их мянганы [Хойдыг хэлж байна. С.Ч] үр угсаа хожим Халх нутагт ирж суусан юм” гэх зэргээр өөрсдийнхөө гарлыг Ойрад, Хойдуудтай холбон үзэх нь хотогойдуудыг ойрадуудтай холбож үзэх бас нэг сэжим юм. Харин Манжийн төрийн зохиосон Илтгэл шастирт “...Хотогойдын газар нь Халхын адгийн захад орхигджээ, Баруун этгээд нь Өөлдөд ойр, умарт этгээдэд Орост ойр буюу. Тэдний зан байдал цахар дүртэй…Хотогойд хэдий засагт ханы харъяат мөн боловч үнэхээр өөр нэгэн аймаг билээ” гэжээ. Уг мэдээ нь Хотогойдыг халхаас ямар нэгэн байдлаар өөр, зан төрх, угсаа гаралтайг илэрхийлж байна.

Ийнхүү 16-р зууны эцсээр Халхын засагт ханы харьяанд шилжсэн Хойдууд түүхэн хөгжлийн явцад халхчуудтай холилдон хотогойд хэмээх нэгэн угсаатны бүлэг үүсгэжээ. Ийнхүү хотогойд нар 17-18-р зууны үед хүчирхэгжин тэд Засагт ханы харьяаных гэхээсээ илүү бие даасан мэт оршиж байв. Тухайн үеийн Ойрад-Халхын алинд ч хамаарахгүйгээр Хотогойдын улс, Хотогойдын газар, Хотогойдын хан гэх зэргээр нэрлэх болсон нь тэд ихэд хүчирхэгжсэний шинж юм. Энэ үеэс л Хотогойдын ард түмэн өөрсдийгөө “би Халх”, “би Ойрад хүн” гэхээсээ илүү би Хотогойд хүн хэмээх болжээ. Өөрөөр хэлбэл угсаатан өөрийгөө ухамсарлан үзэх сэтгэлгээ бүрэлдэн тогтож чадсан байна.


Хотогойд нэрийн учир хамаадал, судалгаа

Хотогойд хэмээх нэрийн үүсэл гарал, утга учрыг эрдэмтэд 19-р зууны сүүл үеэс л янз бүрээр тайлбарласаар ирсэн. Тэдгээр эрдэмтдийн судалгааны үр дүнг харьцуулан үзэх нь хотогойд нарын угсаа гарлыг тодорхойлоход бас нэг шижим болох юм. Хотогойд нар 16-р зууны үеийн эцсээс түүхэнд нилээд томоохон байр суурь эзэлж байсан тухай өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Хотогойд нэрийн учир хамаадал, үүсэл гаралын талаар эрдэмтдийн дунд үндсэн хоёр чиглэл байна. Yүнд:
а. Хотогойд нь Хото-Гайту буюу монголжсон түрэг гаралтай угсаатан гэж үзсэн ба Г.Н.Потанин уг саналыг анх тавьсан. Тэрээр “…Гайту нь Өмнөд Сибирь хавьд байдаг ба мөн Енисейн мөрний эх Урен голын орчимд өөрсдийгөө Хайдутууд гэж нэрлэдэг омог бий” гэжээ. Мөн Конбаловт Хайдыпар, Кандык, Кастрендэд Кайденг нэртэй овгууд буйг тэмдэглээд Хотогойдыг тэдэнтэй холбон тайлбарлахыг оролдсон байна. Энэ саналыг эрдэмтэн Грумм-Гржимаило дэмжиж Хото-гайты нарыг түрэг ястны бүлэгт хамааруулан авч үзжээ. Тэдний ингэж үзэхдээ зөвхөн нэрийн учир холбогдлыг хөөж, харин түүнийг бүрэлдүүлж буй овгийн бүтэц зэрэг зүйлийг анхаарсан нь бага юм.

б/. Хотогойд хэмээх угсаатны нэр Дөрвөн Ойрад, түүний бүрэлдэхүүнд байсан Хойд аймгаас үүсэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл, Хойд+гойд гэдэг нэр үүссэн гэж үздэг. Энэ үзлийг монголын эрдэмтэд хүлээн зөвшөөрч дагасан байна.
16-р зууны сүүлээр Ойрадаас Хойд аймгийн нэг хэсэг олзлогдон нүүн ирж Засагт ханы хойд талаарх халхуудтай хольцолдон суужээ. Халхууд тэднийг Хойд+гойдууд буюу онцгойдууд зэргээр ялган нэрлэснээс уг нэр үүссэн гэдэг. Халхуудтай холилдон суух болсон хойдуудыг дөрвөн Ойрадын үндсэн хойдуудаас ялгахын тулд Хойд+гойд, онцгой+хойд гэж нэрлэсэн гэж үзжээ. Нөгөө нэг хэсэг нь Хойдуудыг халхчууд хэл соёл, зан заншил, соёлын хувьд онцлогтой тул өөрсдөөсөө тусгайлан онцгойлж гойдлон тийнхүү нэрлэсэн гэж үзсэн байх юм. Ямартай ч хотогойдуудын нэрийн талаархи хоёр дахь санал нь Хойд аймагтай холбоотой нь ажиглагдаж байна.

Харин уг язгуур гарал нэг, хэл, соёл адилавтар, Ойрад, Халх хоёр хэзээнээс хаяа нийлэн нүүдэллэн суудаг тул тэд /Халх/ 16-р зууны сүүлээр Засагт харьяанд орсон Хойдуудыг ийнхүү эрс гойдлон, онцгойлж үзэх үү гэдэг асуудал тавигдана. Өөрөөр хэлбэл, Хойд нарыг үнэхээр өвөрмөц хэл яриа, эдлэх зүйлээс нь хамаарч гойд, онцгой гэсэн үү, эсвэл Хойд аймгаас таслагдан салж халхчуудтай нэгдэн суух болсныг нь ойрадууд үндсэн Хойдуудаас ялгахын тулд онцгойдоо гарсан хойд гэсэн утгаар нэрлэсэн гэх ч үндэслэл тун бага юм. Гурав дахь жижиг санал нь Хойд+гайт буюу Хотгайтууд гэсэн нэрээс үүссэн гэж Хотогойдын ахмад настнууд ярилцдаг аж. Гэхдээ уг нэр 18-р зууны дунд үеэр болсон шадар ван Чингүнжавын үйл ажиллагаатай холбоотой аж. Учир нь Хотогойдууд Манжийн эсрэг тэмцэл хийж, Зүүнгарын хаан Галдан бошигттой байлдаж хөрш орших халхчуудад баахан гай тарьсан тул Хойт+гайт нэрийг гуйвуулан хочлож байсан бололтой.


Түүх сонирхогч Б.Цэрэл гуайн санал юм. Тэрээр “…Хотогойд нэр нь Хойд+гойд, Хойд+гайт ч биш харин Халхын баруун хойд, Засагт ханы хойд талаар нутагласан Хойдуудыг Халхчууд Хойд+хойдууд гэж нэрлэсэн” гэж үзжээ.

Ийнхүү эрдэмтэн судлаачид Хотогойд нэрийн [этноним], гарлын талаар янз бүрийн санал таамаг дэвшүүлжээ.

Бидний бодоход хотогойд нарын доторхи овгийн бүрэлдэхүүн, түүхийн үйл явцыг судлан үзэхэд тэд түрэг гаралтай аймаг бус харин монгол угсааны түүндээ дөрвөн Ойрадын нэг хэсэг Хойд аймгаас салбарлан гарч тэдгээр нь халхчуудтай айлсан суух болсон гэсэн саналыг барьж байгаа ч “хойд+гойдууд” буюу онгой хойд гэсэн саналтай онолын хувьд санал нийцэхгүй байна.

Харин баруун Монголын аман аялгуунд хонийг “хой” буюу “кой” хэмээн нэрлэх бөгөөд хойдууд нь халхын Засагт ханы араар нутаглахад тэд эрхлэх аж ахуйн хувьд хониор нэн баян байсан мэдээ сурвалжисд мэр сэр тааралдана. Өдгөө ч тэдэнтэй хил залгаа орших халхууд хонин хотогойдууд хэмээн хочлон нэрлэдэг.
Бид үзэхдээ “хой” буюу хонь гэсэн үгэнд уугуул аймгийн нэр”'хойд”-ыг нийлүүлэн хотохойд хэмээх нэр үүссэн болов уу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хой+т+хойд=хотохойд хэмээн үүссэн бололтой. Хонь бүхий хойд аймгийнхан гэсэн санаагаар үүссэн гэж үзэх нь ерөөс нүүдэлчдийн тэр дундаа монголчуудын овог аймгийн, угсаатны нэгжүүдийн нэр үүсэх бүтэцтэй адил байна. Учир нь халхууд угтаа хэл соёл, гарал, үүсэл нэгтэй хойдуудыг зах залган нутаглах болсноор харь хүмүүс мэт гойдлон нэрлэх бололцоогүй мэт санагдана. Харин эрхлэх аж ахуйн онцлогоороо хамаатуулан өөрсдийгөө нэрлэсэн болов уу. Тухайлбал, алаг адуутан, үхэр онход, хар ямаатынхан, хар адуутан гэх мэт.,

Харин энэ удаад хэлэх нэг санал бол хотогойд нэрийн бичлэгийн асуудалд өөрийн саналаа дэвшүүлж байна. Өнөөг хүртэл манай судлаачдын түүх бичлэгт уг нэрийг Хотогойд зэрэг тогтсон Хотохойд, Хойдхойд, Хотогойд бичлэг үгүй байна. Ийнхүү тогтсон бичлэг үгүй байгаа нь уг нэрийн талаар тогтсон санал, судалгаа үгүй байгааг илэрхийлнэ. Энэ нь хотогойдуудын угсаа гарал нэрийн үүслийг бүрэн төгс шийдвэрлэснээр л шийдэгдэх тул бид хуучин монгол бичигт бичиглэснээр нь Хотогойд хэмээн бичжээ. Тиймээс бид дээрх олон зохиомол утга бүхий нэрээр нь нэрлэх бус харин түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн ирсэн бичлэгээр нь сэргээн тэмдэглэж заншвал зүйтэй болов уу.

Хотогойдыг захирагч Алтан хаад ба орос орон

Монгол-Оросын харилцааны эхлэлийг Хотогойдыг захирч байсан түүхэнд Алтан хаад хэмээн нэрлэгдсэн Шолой, Омбо-Эрдэнэ, Лувсан нарыг эхлүүлсэн хэмээн албан ёсоор үздэг. Монголын умард хэсэгт нутаглах Хотогойдууд нь 17-р зууны монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсний нэг хэсэг нь умард хөрш Орос оронтой улс төр, эдийн засаг, соёлын харилцааны эх үндэсийг тависан явдлыг судлаачид өндөр үнэлдэг юм. Өгүүлэн буй үед Алтан ханы захиргааны улс 17-р зууны эхээр нилээд хүчирхэгжин нутгийн зах нь зүүн этгээддээ Сэлэнгэ мөрөн, Тамирын эх, Баруун хойш Алтай, Красноярскт, хойш Тагни-уул хүрэх болжээ. Нэгэнт зах нийлэн орших болсон Тува Урианхай, Енисейн хиргис, теленгүүд зэрэг овог аймгуудыг уулгалан довтолж зарим үед алба бариулж, тэдний заримаас олзлон Хотогойдын нутагт авч ирэн нутаглуулах явдал ч байлаа.

Энэ үед умраас Оросын цагаан хаант улс Дорно зүгт хаяа тэлэн Сибирь, Алс Дорнодод орж ирэх болсон ба оросын хаанаас Монголчуудтай харилцахыг хүсэж ялангуяа тухайн үед хүчирхэгжээд байсан Шолой убаши хун тайжтай харилцаа тогтоох, болбол Орост алба бариулах, өөрийн түшмэг хараат орон болгохыг зорьж элч төлөөлөгч удаа дараа илгээх болов. Шолой убаши ч Ойрадуудтай байлдахад түшиг болгох, мөн худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэгт Орос улсыг ашиглахыг зорьж найртай ёсноор элчийг угтан авчээ. Шолой убаши өнгөн дээрээ Орос улсын эзэн хааныг хүндэтгэн үзэж буй мэт түүний ивгээлд орж цалин пүнлүү хэргэм зэргийг нь хүртэхэд бэлэн буйгаа илэрхийлж байвч үнэн хэрэг дээрээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж байжээ.

Оросын түүхийн архивт хадгалагдаж буй баримтаас үзэхэд Алтан хаад нь Оросын дорно зүгийн гол харилцагч нь Хотогойдын Алтан хаад юм. Худалдааны харилцааг ихээхэн дэлгэрүүлж байсны нэг тод жишээ нь хятадаас ногоон цайг Сибириэр дамжуулан анх орос орныг цайтай танилцуулсныг гэрчилэх баримт Оросын архивт хадгалагдаж байна. Ийм харилцаа Шолой убаш, түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. Харин Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нэлээд алдарсан юм. Учир нь тухайн үед гадаад нөхцөл байдлын хувьд өмнөдөд Манж гүрэн хаяа тулсан, умардад Оросын улам улам идэвхтэй бодлого явуулах болсон, Монголын дотоодод улс төрийн тогтвортой бус байдал үүсч хямралын байдалтай тун хүнд үе байв. Лувсанренчин Хотогойдыг захирах болсноор Засагт ханы болон Ойрадын эрх баригчидтай эв эвдрэлцэн тэдэнтэй үргэлжийн үймээн самуун дэгдээх болсон юм. 3-р Алтан хан Лувсанренчин 1660-аад оны үеэс Ойрад, Халхын ноёдтой эвдрэлцэн байх газар үгүй болсон тул цөөн албатаа дагуулан Хөхнуур, Амдогийн газар очин улмаар 1691 онд манжийн хаанд дагаар оров. Түүнийг урагш явсны дараа Хотогойдуудыг “дарга үгүй болов” хэмээн Лувсанренчин хунтайжийн үеэл Дорж Дай хунтайжийн хөвгүүн Гэндэнгээр 1686 оноос эхлэн Хотогойдыг захируулсан юм. Гэндэн эхэн үедээ “..нэгэн төрлийн Шибдуй хатан баатар лугаа хамт нийлэн Манж нарт Халхын адил бууж өгөлгүй уугуул нутгаасаас нэлээд зүүншлэн, Сэлэнгэ мөрний биед шахан бууж цагийг хүлээж байсан боловч Манжийн шахалт, шаардлагаар арга буюу 1694 онд дагаар орсон юм. ...Чингис эзний Алтан ургийг язгуураас яллах ёсон үгүй... Чингүнжавын хэлсэн үгнээс Шадар ван Чингүнжавын үед Хотогойд нь “..тоос, халиучин, шэжнүүд, их хотогойд, бага хотогойд, мянгад” гэсэн зургаан отогт хуваагдан явсан. Тэдгээр отгууд нь хүн амын бүтцийн хувьд “доод тал нь 50 өрх, дээд тал нь 200 гаруй өрх” байв. Чингүнжав нь Хотгойдуудыг удирдан Манжийн эрхшээлээс гарахаар хөдөлж, улмаар тэдэнд барьдаг албыг болиулах, хятад худалдаачдын пүүс, дэлгүүрүүдийг шатаан бусниулах зэргээр тэмцлээ эхэлсэн нь улмаар Монгол үндэс, язгуур эрх ашгийг хамгаалсан зэвсэгт тэмцэл болон хувирах эхлэл болсон юм. Гэвч уг бослого тэмцэл нь халхын зарим ноёдын эвээ ололцоогүйгээс хамааран зорьсон үйлсээ бүтээгээгүй юм.

Чингүнжав бол Хотогойд түмний төдийгүй монголчуудын бахархал болсон түүхэн домогт жанжин эр юм. Чингүнжав Монгол төрийн тусгаар тогтнол, газар шороо, алтан ургийн үндэс угсаагаа авран хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн баатар эрийн жишээ билээ. Түүний хэлсэн үг, захидлаас бид дээрх үгийг сонгон авсан билээ.

Хотогойдыг тархаан бутаргах оролдлого

Шадар жанжин Чингүнжавыг баригдсаны дараа Манжийн төрөөс Хотогойдын зургаан отгийг задлан бутаргаж, жишин хэд хэдэн хошуунд хуваан захируулсан юм. Энэ нь Хотогойдыг дахин ямар нэгэн үймээн самуун дэгдээхээс сэргийлсэн явдал билээ. Өнөө үед Хотогойдууд нь Монгол улсын Архангай аймгийн Их тамир сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дорнод аймгийн Матад сум, Халх гол сум, Завхан аймгийн Баян-Тэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Тэлмэн, Идэр, Нөмрөг, Тосонцэнгэл, Булнай сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум, Увс аймгийн Малчин, Наранбулаг, Тэс, ховд аймгийн Булган, Мөнхайрхан, Мянгад, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнхан, Түнэл, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Төмөрбулаг, Арбулаг сумуудад, Хэнтий аймгийн Хэрлэн суманд тус тус бүртгэгдсэн байна. Мөн Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр суманд өөрсдийгөө ар таван Хотогойдоос ирсэн гэдэг хэсэг айл байжээ. Тэдний өөрсдийнх нь аман домгоор бол “Ар таван Хотогойдоос 100 гаруй жилийн өмнө тасран ирсэн” гэдэг байжээ. Өвөрхангай, Архангай, Говь-Алтайн нутаг буй хотогойдууд нь Чингүнжавын бослогын үеэр тарсан хотогойдуудын үр сад бололтой.


Харин Дорнод аймагт буй хотогойдууд хэдийд тэнд очиж суусан нь тодорхой бус юм. Лавтай Хотогойдоос тасран очсоныг гэрчлэх зүйл нь Дорнод аймагт Хотогойдын дотор байдаг овгуудаас нэлээд нь байна. Тухайлбал, Оймууд, Хөхнүүд, Бэсүд, Хотогойлог, Дархад гэх мэт. Ховд аймагт буй хотогойдууд нь 1760 оны үест Хотогойдоос салан нүүсэн Мянгадуудын хамт очсон юм. Тэд одоо ч өөрсдийгөө Хотогойдын, ялангуяа Чингүнжав албат гэж ярилцдаг. Оросын Холбооны улсын Буриадын нутагт Байгалын өмнө биеэр хотогойд овгийнхон байсан тухай эрдэмтэн Б.Бамбаев дурджээ. Тэдгээр Хотогойдууд нь Алтан хаадын үед тэд Сибирь болон Байгалын өмнө биеэр удаа дараа довтлох үед үлдэж хоцорсон боловуу. Буриадууд нь Сайн ханы самгалан, Бошигт ханы бослогоор ирсэн гэж ярилцдаг нь энэ үетэй холбоотой байж мэднэ. Сайн хаан хэмээх нь бодохул Эрийн сайн хунтайж буюу Лувсанренчин бололтой. Өөрөөр хэлбэл Лувсанренчин, Галдангийн хоорондын үймээнээр Засагт ханы араас нэг хэсэг хүмүүс дүрвэсэн байна.
Хотогойдуудын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь
18-20-р зууны эхэн үеийн Монголчуудын угсаа соёл, нийгэм аж ахуй, улс төрийн түүхийн хөгжилд хотогойдуудын гүйцэтгэсэн үүрэг, байр суурийг зөв тодорхой гарган тавих нь хамгийн чухал асуудлын нэг тул товчхон өгүүлэе.

Хотогойдын эдийн болон оюуны соёлыг тодруулан судлаж өнөө үеийнхэн хийгээд хойч үеийнхэндээ таниулан мэдүүлж, хүндлэн дээдлүүлэх, өвлөн хөгжүүлэх сэтгэлгээг бий болгох зэрэг шаардлага байна. Хотогойдууд нь 17-р зуунаас хойш 20-р зууны эхэн хүртэлх богино хугацаанд Монголын нийгэм-улс төр, соёлын түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээж бахархалт түүхийг бүтээж чадсан ард түмэн билээ. Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг тууштай тэмцэгч шадар жанжин Чингүнжавын баатарлаг тэмцэл, Шолой Убаши, Омбо-Эрдэнэ нарын Оросын эсрэг бат зогсож байсан байр суурь, Гэндэн хунтайжийн Ойрадын эсрэг хамгаалах тэмцэл зэрэг нь Хотогойдын ард түмний бахархал болсоор байгаа билээ.Мөн бид дээр өгүүлсэн Орос-Монголын харилцааг үндэслэж, Монголын тусгаар тогтнолыг умараас хамгаалах, Орос зүгээс гарах хилийн элдэв маргаан, зөрчлөөс сэргийлэн харуул, өртөөний албыг сайн гүйцэтгэж байв. Ялангуяа 20-р зууны эхнээс Халх Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлах үед уг тэмцэлд хотогойдууд маш идэвхтэй оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулж байсан нь баримтаас тодорхой байна. Жишээлбэл, Жалханз хутагт, Ерөнхий сайд Дамдинбазар Монголын баруун хязгаарыг чөлөөлөхөд тэргүүлэн оролцож, монгол төрийн ерөнхий сайдын албыг нэр төртэй хийж байв.Хотогойдууд нь Монголын соёл, шашны түүхэнд тодорхой ул мөрөө үлдээж чадсан олон сайхан жишээ бий. Тухайлбал, Тэсийн хүрээ, Жалханз хутагтын хүрээ, Мөрөнгийн хүрээ зэрэг шашин соёлын томоохон хүрээ хийдэд умар зүгийн олон угсаатнуудаас хүрэлцэн ирж шашны ном соёлд суралцан Тува, Буриад зэрэгтээ очиж соёлыг түгээж байсан баримт олон бий.

Saturday, April 19, 2008

Монгол элэг нэгтнээ урин дуудах цаг болжээ



Tүүх судлаач, доктор (Sc.D) O.Батсайхан

ХХ зуунд дэлхийн их гүрнүүдийн зүгээс явуулсан бодлогын уршгаар (томоохон дайн, үзэл суртлын сөргөлдөөн гэх мэт) олон үндэстэн хуваагдмал оршиж, нэгэн өрх гэрийн ахан дүүс хилийн торон хөшигөөр хязгаарлагдснаар үндэстэний зан заншил соёл, хөгжил тэр л хэмжээгээр хоцрогдож байлаа. Шинэ зууны босгон дээр герман, вьетнам зэрэг үндэстнүүд эл асуудлаа бүрэн шийдвэрлэж чадсан бол солонгосчууд ямар ч байсан ойрын ирээдүйд шийдэх зам тавьж чаджээ. Харин ийм үндэстний тоонд багтах монгол үндэстэн энэ талаар ямар нэгэн алхам хийж чадаагүй байгаа юм. 1915 оны хятад, орос, монгол гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол хэмээх нэгэн айл ар, өвөр монгол, танну урианхай, буриад гээд нилээд олон хэсэг хэрчигдэж, монгол угсаатны гал голомт зөвхөн халх монголын нутаг дээр л үлдэж хоцорчээ. Тиймээ ХХ зуунд Монгол улс зөвхөн хязгаарлагдмал хүрээнд ч гэсэн үндэстнийхээ гал голомтыг сэргээх сайхан боломж олдсон явдлыг үгүйсгэхгүй байна.

Гэвч Монгол үндэстэн удаан хугацааны турш ийнхүү хуваагдмал байх явдлыг 1945 оны дэлхийн гурван гүрний Ялтын гэрээгээр баталгаажуулжээ. Халх Монголын нутаг дээр үлдсэн монголчуудын тоо даанч цөөн байлаа. Энэ асуудалыг ХХ зууны эхээр Монголын төрийн зарим удирдагчид, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтнүүд ойлгож байсан учраас Монголыг бие даасан, нейтральная олон улсын хамгаалал дор орших дундад азийн Швейцарь лугаа адил улс болгохын чухлыг онцлон тэмдэглэж байлаа. (Элбэгдорж Ринчино Великие державы и независимость Монголии – Элбек доржи Ринчино о Монголии Улан Удэ 1998, с.24) Хориод онд Ж. Цэвээн авгай Монгол улс бол «СССР, Хятад хоёр улсаас баталсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн төвийг сахих улс болох хэрэгтэй. Энэ нь үлгэрлэвээс Швейцари улс лугаа адил болой» хэмээн бичжээ. Тэрээр Монгол төвийг сахисан орон болохдоо халх Монголын нутаг дээрээ монгол үндэстнийг цуглуулах санал агуулж байв. Энэ нь умард, өмнөд хоёр их хөршид Нармай Монгол байгуулах хэмээсэн адил сонсогдсон учраас хэрэгжээгүй билээ. Ийнхүү Монгол үндэстэн ХХ зууны турш хуваагдмал оршиж, шинэ зуунтай учрав. Монголчууд өнөөдөр хөгжлөөр буурай, хүмүүс маань ядуу зүдүү амьдарч байгаагийн нэг гол гогцоо бол бид дэндүү цөөхөн байгаа явдал хэмээн би боддог юм.

ХХ зуунд Монголд гурван их хөдөлгөөн хувьсал гарчээ. Энэ хувьсал болгоны дараа Монголын гал голомтоос түүний шилдэг уураг тархи нь гадагш гоожиж байсаныг эдүгээгийн өндөрлөгөөс харахад ойлгомжтой бус уу. Үүнийг оросоор утечка мозгов хэмээн нэрлэдэг билээ. Монголоос бусад үндэстнүүд аливаа эргэлтийн дараа гадагш гарсан шилдэг охид, хөвгүүдээ ямар нэгэн замаар буцаан татаж чадаж иржээ. Гэвч бид тэгэж чадаагүй, одоо ч энэ талаар ямар нэгэн алхам хийж чадаагүй л явна. Хэрэв бид өнөөдөр ямар нэгэн алхам хийж чадахгүй бол монголчуудын хөгжил, эв нэгдэх асуудал цаг хугацааны хувьд улам л алслагдан бүдгэрч, бололцоогүй шахам болох буй за.

Хүн ам маань цөөн, алслагдсан нутагтай, хоёр талаасаа хаагдмал ертөнц өөрөө монголын хөгжлийн үндсийг хааж байна. Хоёр их гүрэн шууд бидэнд монголчуудыг хавчих бодлого явуулаагүй, явуулахгүй нь ч ойлгомжтой. Гэвч ийм түгжигдмэл байдалд байх нь Монгол улс өөрөө урт удаан хугацааны туршид оршин тогтнох нөхцлөө алдахад хүрэх юм. Энэхүү түгжигдмэл, хөгжлөөр буурай байдлаас гарах нэг зам бол монголчуудын тоог өсгөн нэмэгдүүлэх явдал хэмээн үзэж байна. Чингэхдээ бидний хүн амаа өсгөх үржүүлэх бодлогыг хэт тооны хойноос бус шинжлэх ухааны үндэстэй чанарын өсгөлт явуулахыг чухалчлахаас гадна дэлхийн олон улсуудад буй монголчуудаа эх гал голомтонд нь урин дуудаж ирүүлэх талаар эр зориг гаргах цаг болжээ.

Мэдээжийн хэрэг нас, боловсрол, ургийн түүх гээд олон зүйлийн шалгуур гаргах хэрэгтэй болохыг хэлэх юун. Зарим талаар хөхүүлэн дэмжих бодлого ч байж болно хэмээн санана. Өнөөдөр бид гаднаас мөнгө л гуйж алга тосож байна, тэгвэл тэр мөнгөө хэрэгтэй юманд зарах аваас Монголын ирээдүйд тус нэмэр болох сон гэж бодно. Мэдээж аливаа зөв шийдэл нь сөрөг үр дагавар дагуулж болох авч, улсынхаа хүн амын өсөлтийг шинжлэх ухааны үүднээс хөгжлийн зохистой түвшинд хүргэх нь даяарчлалын эринд монголчуудын хийж болох нэг том алхам юм хэмээн үзэж энэ талаар саналаа өчихөд ийм буюу. Мөн эл асуудалтай холбогдуулан зөвхөн ХХ зууны Монголын төрийн удирдагчдын энэ талаар явуулж байсан бодлого үйл ажиллагааг судлаж, сургамж авах нь илүүц бус хэмээн үзэж байна.
Дээр дурьдсан түгжигдмэл байдлаас үүдэж монголчууд бидний сэтгэлгээ тодорхой хүрээнд хязгаарлагдах болж, бид маргаашаа бүү хэл өнөөгөө ч оновчтой тодорхойлж чадахаа больжээ. Монгол улсын маань аюулгүй байдлын талаарх ойлголт маш хямд төсөр болж, бодлогын тайлал энгийн түвшинд хүртлээ буурсан байна. Өнөөгийн монголчуудын сэтгэлгээ хэрэгцээгүй их мэдээлэлд живж, хэрэгтэй мэдээллээ ашиглаж чадахгүй болтлоо унасан байна. Иймээс үе үеийн эргэлтийн дараа Монголоосоо амьдралын эрхээр гарч одсон шилдэг охид хөвгүүдээ ад үзэлгүй Монголын төрөөс ухаалаг шийдвэр гаргаж, бодитой алхам хийгээсэй билээ хэмээн чин санаанаас хүсэж байна. Жаахан алсхан харж, талын Монголынхоо уужуу ухаанаар асуудалд шийдэж сурвал яасан юм бэ.

Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот



Эртээ 700 зууны oмнo Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн oршooлгvй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зvсэн исгэрч, япончуудын зvрхийг салгануулан чичрvvлж байсан нэгэн цаг vе бий ажээ. Тэр цаг vед Япон орон даяар айдас тvгшvvрт нилэнхийдээ автан, байгалийн аргалашгvй гамшиг мэт харийн энэ тvрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа vндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдийн ид шид, хар хvчинд залбиран мoргoж байсан гэдэг. Япон vндэстний тvvхэнд ийм аймшигт vе урьд, хожид хэзээ ч байсангvй. Арлын тэр жижигхэн оронд ooр хэн ч тэгэж халдан тvрэмгийлж байсангvй. Хожим 1945 оны 8 дугаар сард Хирошима, Нагасакид болсон атомын дэлбэрэлтийн хар мooгoн vvл Японы тэнгэрийг бүрхэхэд л энэхүү үндэстэн нийтийн айдас нь цор ганцхан удаа эргэн сэргээ болов уу. Монгол цэргийн сүр хүчнээс айсан айдас Японы аралд 700 зууны туршид үргэлжилж, Японы аман зохиол, бичгийн зохиолд ч тод ул мөрөө үлдээсэн төдийгүй, шашин зан үйлд ч нөлөөлсөн гэдэг. Чухам үүнээс үүдэн дундад зуунд Япон хаалга үүдээ хав бөхөлж аваад, гадна ертөнцтэй харилцаагаа тасалж, энэ нь Мэйжийн эринийг хүртэл хэдэн зууны туршид үргэлжилжээ. Ингэж айлгана гэж байх уу даа. Хэдийгээр харийн нутагт түрэмгийлж, гамшиг зовлонг учруулах нь бахархаад, бардамнаад байхаар зүйл биш ч гэсэн үүх түүхээ эргэн санах үүднээс ихээхэн гарз хохирлоор дууссан тэрхүү үйл явдлын талаар зарим нэгэн эрээвэр хураавар зүйлийг сонсон, сонирхож байснаа хуваалцая.

***

1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгүй байлаа. Өглөөний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн үй олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлд нь дүүргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зүүд зэрэглээ юу, ид шид үү? Япончуудын ихээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг. Цусима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхүү хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ рекорд бол яах аргагүй энэ флот юм. Түүхийн аль ч үед Хубилайн энэхүү хүчирхэг флоттой эгнэх усан цэргийн хүчин байсангүй. Эртний Грег, Персийн хооронд Дардинеллийн хоолойд болсон дуулиантай дайны үед ч ийм хэмжээний усан цэргийн хүчин хоёр талаас гарсангүй, дундад зууны төгсгөлд Английн колончлолийн эхийг тавьсан Испани-Английн хооронд болсон тэнгэсийн тулалдаанд хоёр талаас нийлээд л 250 гаруй цэргийн хөлөг онгоц оролцсон гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд төдийгүй ерөөсөө дэлхийн цэрэг дайны түүхэнд хамгийн том хосгүй десантийн ажиллагаа болсон хэмээн өнөөдөр өрнөдийн цэргийн түүхчдийн дахин дахин дөвийлгөн ярьсаар байгаа АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны нэгдсэн армийн 1944 оны 6 сарын 6-нд Нормандын эрэгт буулгасан цэргийн хүчин л тэрхүү 700 зууны тэртээ Монголчуудын Японы эрэгт буулгасан цэргийн хүчинтэй цар хэмжээ, далайцаараа эгнэж очихоор байгаа юм. Энэхүү “Оберлорд” хэмээх нэртэй ажиллагаанд холбоотны десантийн 150 мянган цэрэг оролцжээ. Гэхдээ энэ тоонд агаараас буулгасан десантийн цэрэг ч бас орчихдог. Десантийн довтолгооны жижиг завøøг оруулаад 7000 орчим хөлөг онгоц байсан гэдэг. Харин Хубилайн дээрх флотод 4100 гаруй усан онгоц бүхий 150 мянга гаруй цэргийн хүчин оролцжээ. Энэ нь 1945 оноос даруй 700 зууны өмнө гэхэд өнөө өрнөдийн, тэр дундаа Америкийн цэргийн түүхчид “Манай “Оберлорд” ажиллагаа хосгүй” хэмээн гайхуулаад байхааргүй л байгаа юм даа.
Зураг дээр дээрх үйл явдал болсон газрыг цагаан цэгээр тэмдэглэжээ.

***

Хубилайн дайралтын үед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хүчээ авч байсан үе байжээ. Гэвч харийн гүрний хүчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хүчин болгож, үндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны өмнө нэгдэж, өвөр зуураа муудалцан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртдог. Гэвч өрнөд Европоос, өмнөд Сүнг дуустал шувтлан байлдсан цэрэг дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргүй байжээ. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаан мэт нөмрөн авлаа. Бүүр зүүн эргийн засагчид хүртэл Юаны цэргээс айхдаа далайдаа загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бүгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч гарчээ. Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг Imageтэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн өдөрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ. Зураг дээр Монголчуудын довтолгооны няцаахад чухал үүрэг гүйцэтгэсэн Ничран хуврагын хөшөө

Японы цэргийн эрхтэнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигийн өмнө хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олонтаа өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мөртлөө сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сүйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргүүд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ үүсгэдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шинэ юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж, мөн дуунаар давшин, ухрах нь, тарах, бөөгнөрөх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж, сүр хүчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө өгсөнгүй, хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн түрэмгийллээс өмгөөлөн байгаа учир маш шаргуу эсэргүүцжээ. 1281 оны 6 сарын сүүлч, долоон сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширүүсч, Шиндуу хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зүүн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цүнэ Сүкэ, Сүкэ Еши нар хүндээр шархдан дайны талбараас хөндийрч, Сүкэ Токи нь монгол цэргийн суманд сийчүүлэн үхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийг тэнгэр бурхад нь ивээж... Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зүрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос өмнө гэнэтийн тохиолдлоор нас баржээ.

Зураг дээр Хаката булангийн усны ёроолоос гарсан Монгол цэргийн хэрэглэлүүдээс

Ингээд түүний оронд Флот командлах үүргийг Атаахай хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч түүний нэр Японы түүх шаштируудад огт дурдагдсангүй, харин төв замын цэргийг командлан байсан Фань Вэньху хэмээх хятад жанжин үнэн хэрэг дээрээ цэргийг ерөнхийд нь захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх юм. Ерөөсөө уг довтолгооны амжилтгүй болсоны нэг шалтгааныг Хубилай хаан энэхүү Хятад жанжинд их эрх мэдэл өгч явуулсантай ч холбон тайлбарласан нь байх. Фань Вэньху цэргийн довтолгооныг цааш өрнүүлэн давшихийн оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих вэ, яаж амь мэнд энэ дайнаас буцах вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан гэнэ. Энэ бүхнээс болж Фань Вэньху болон Монгол жанжин Шиндуу, Солонгос жанжин Хон Тагу, Ким Панён нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал, төвлөрсөн довтолгоон хийж чадахгүй болсон байна. Тэгээд монгол цэрэг бүтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон төдийлөн ашигтай бус ойр зуурын дайралт хийсээр цаг алдаж, энэ зуур Япончууд ч нэг сэхээ авч, хүчээ базааж байжээ. 7 дугаар сарын сүүлээр Монгол цэргүүдийн дийлэнх хувь нь далайдаа гарч, усан онгоцондоо буцжээ. Яг энэ үеэр 8 дугаар сарын нэгний өглөөгүүр далайд шуурга дэгдэж, үдшээр ширүүшсээр шөнө гэхэд аянгат аадар орон, маш хүчтэй хар шуурга хөдөлжээ. 8 дугаар сарын 2-ны өглөө гэхэд шуурга ч намдаж, цусанд будагдсан мэт их улаан наран далайн мандалд хөөрөхөд Японы тэнгэсийг дүүргэн байсан нөгөө үй олон цэргийн хөлөг онгоцууд бүгд үзэгдэх бараагүй болсон байлаа. Ганцхүү далайн мандалд эвдэрсэн хөмөрсөн онгоцны сэг, шураг хаа нэгтэй хөвөн, далайн эргийн хад цохионд гуядагдан сүйрсэн хөлөг онгоцны араг яс энд тэнд ёрдойн байжээ. Ийнхүү дэлхийн цэрэг дайны түүхэнд урьд хожид байгаагүй Монголын хүчирхэг их флот ганцхан шөнийн дотор далайд живж, зарим сударт бичсэнээр 150 мянган цэрэг амь үрэгдсэн байна. Цөөн тооны хятад, солонгос цэргүүд амьд үлдэн, нутгийн зүг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усанд муу монгол цэргүүд бараг толгой дараалан тэнгэсийн шорвог усанд үйжээ. Далайн шуурганаас амьд үлдэн эргийн зүг тэмцэн ирсэн бүхнийг нь самурайн сэлэм тосон, хайр найргүй хяргаж байжээ. Түүх сударт бичсэнээр тэр их цэргийн тал хувь нь л Монголчууд байсан, үлдсэн хэсэг нь Солонгос болон Хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мөн зүрчид, уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхүү дайнд оролцжээ. Тэднээс чухам хэд эх нутагтаа эсэн мэнд очсон тухай ямар ч мэдээ сэлт алга байна. Ийнхүү мянга мянган монголын зоригт эрс харийн далайд ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн сүйрэл биш байлаа.

***

1281 оны энэхүү эмгэнэлт явдлаас 7 жилийн өмнө мөн яг ийм юм болжээ. 1274 оны намар 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн Их Монгол улсын цэргийн флотыг мөн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн түүхэнд дээгүүрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдхүүнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндуугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хүчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, үлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ. Зураг дээр Монголчуудын довтолгооноос сэргийлэн 1274 оноос 1281 онуудад Хаката буланд Япончуудын байгуулсан хамгаалалтын хэрэм.

Шиндуугийн удирдсан Монгол цэргүүд 10 дугаар сарын эхээр өнөөх Цюсима аралд гарч, хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хүчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж, цэргийн шуурхай зөвлөлгөөн хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайд гэнэтийн хар үүл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шөнө дундаас хүчтэй хар шуурга дэгдэн цэргийн хөлөг онгоцуудыг дараа дараалан хөмөргөж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сүйрч, их цэргийн тэн хагасаас илүү нь усанд живжээ. Чухам энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үзсэнгүй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсаны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр... Гэвч түүнийг өнөөх үхлийн хар салхи аанай л тосон байжээ.

***

Саяхан АНУ-ын “Хистори Чайнелл” хэмээх сувгаар Хубилайн сүйдсэн флотын тухай 2 цаг орчмын баримтат кино гарлаа. Японы хэсэг эрдэмтэд Хаката булангийн усны ёзоорт хайгуул шинжилгээ хийснээр Монгол цэргийн даргачийн дөрвөлжин бичигтэй тамга, хос луун хээтэй ган дуулга, цэргийн тогоо, тэсрэх бөмбөг, модон зангуу зэрэг олон зүйлийг олсон нь Хубилайн Флотын тухай өмнө нь мэдэгдэж байгаагүй олон зүйл ч тодорхой болгоход тус болж байгаа бололтой юм. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь тус сүйдсэн онгоцны үлдэгдэлүүдэд анализ хийж үзэхэд гүн өехий, залаатай задгай далайн бус харин хавтгай ёзоортой гол мөрний усан онгоцууд байжээ. Чухам энэ нь флот далайн шуурганд хөмрөсний гол шалтгаан гэж үзэж байна. Харин яагаад гол мөрний усан онгоцуудыг далай тэнгисийн дайнд ашигласан талаар нэвтрүүлэгт оролцогсод дараах таамаглалийг дэвшүүлж байна. Хубилай хаан маш богино хугацаанд асар олон тооны /4000/ усан онгоц бэлтгэх тушаал өгсөн тул гүйцэтгэгч хятад жанжид нь Өмнөд Сүн улсад хэрэглэгдэж байсан голдуу ихээхэн хэмжээний гол мөрний дайн болон тээврийн зориулалттай усан онгоцуудыг авчирч, далайн болгон тоноглон засварлаж дайнд оролцуулсан бололтой гэнэ.

***

Зураг дээр Монголчуудын довтолгооны тухай зурагт хуйлмал номоос. 14 дүгээр зуунд бүтээгдсэн

Хубилайн хоёр дахь флотыг сүйрэхэд Японы эх газарт 10 орчим мянган монгол цэрэг үлдсэн тухай бүүр түүрхэн мэдээлэл олж сонсонсон. Тэнд дурдсанаар тэр цөөн монгол цэрэг хэдийгээр гол хүчнээсээ салан, удирдлагагүй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давалгаа мэт Японы арлын гүнээс ар араасаа ирэх довтолгооныг нэг сарын турш няцаасаар байжээ. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцуудаа засахыг оролцож, гэвч нэгдүгээрт тэдэнд солонгос мужаан байсангүй, нөгөөтэйгээр самурай нарын өдөр шөнөгүй ширүүн довтолгооны дундуур тийнхүү хөлөг онгоц засаж сэлбэнэ гэдэг бүтэхгүй ажил байлаа. Арайхийж бүтээснийг нь Япончууд шөнөөр довтолж галдачихна. Тэд Монголын их цэрэг эргэж ирнэ, Хубилай хаан яавч зүгээр байхгүй, Япончуудын хандыг сайн дарж өгөх болно хэмээн итгэж самурайн зэрлэг суман дундуур далайн мандлыг сүүлчийн мөчөө хүртэл итгэл найдвар тавин харсаар байжээ. Хэдийгээр их тэвчээр гарган тулалдсаар байсан ч арлын гүнээс ирэх япончуудын арми тасарсангүй, эхний эгнээг нь хяргахад араас нь шинэ шинэ арми тулалдаанд нэмэн орж ирсээр байжээ. Ар тал байхгүй, хүнс хоол дутмаг, монгол цэргийн гол сүнс сүлд нь болсон морь байхгүй цөөн хэдэн монгол цэрэгт үхэл гэдэг тун тодорхой болжээ. Тэд бүхэл бүтэн үндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байлаа. Япончуудад бууж өгөх тухай ойлголт ч байхгүй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нүдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ. Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авчээ. Тэд алагдсан самурайн хувцас, хэрэглэл, туг хиурыг нь шөнөөр тайчин авч, хувцаслаад, самурайн нэгэн бүлэг цэрэг болон хувирч, тэдний туг хиурыг нь хийсгэсээр, үүр шөнийн үнэгэн харанхуй, өтгөн мананг ашиглан, самурайн нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Үүд сахиж байсан цэргүүд ч тэднийг Японы гүнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бүлэг байна хэмээн бодож, хаалга үүдээ нээж өгөхөд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нэлээд нөлөө бүхий язгууртаны эзэмшилд байдаг, тэнд орд өргөө нь ч байсан гэдэг. Монгол цэргийн үлдэгдэл тэрхүү цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч өдөр өдрөөр, цаг мөчөөр эх газраас алслагдан таслагдсан тэдний хүчин шавхарах нь аргагүй юм. Самурай нарын эгнээ эх нутгийнхаа гүнээс үерийн усан мэт ар араасаа түрхэрэн нэмж ирсээр байв. Зугтаах орон зайгүй болсон, амь зулбан нуугдах нүх сүвгүй ийм тохиолдолд хомрогонд орсон чоно эцсийн мөчид эргэж дайрдаг лугаа адилаар Монголчууд сэтгэж, эцсийн хүчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролдсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унагахаар... Хэрвээ Японы хааны ордоныг эзэлж, эзэн хаан, эрхт шогуныг нь барьцаанд авч чадвал тэрхүү бүхэл бүтэн үндэстний, армийн, их далайн бүслэлтээс мэнд мултрах цор ганцхан боломж энэ байсан нь ямраар ч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хүрэх магадлал мянганы хувиар хэмжигдэж байсан нь ч бас ойлгомжтой. Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцхүү Ази, Европыг хөндлөн гулд туучин гаталсан Монгол дайчдын үр сад, чин зоригт, самбаа, бодлого төгөлдөр эрсийн л ажил билээ. Тэд аз хийгээд эзэд найдсангүй, гагцхүү өөрсдийн эр зориг, авхаалж самбаа, ийм хүнд сорилтыг туулж чадах тэвчээр чадвартаа найдсан байна. Цөөхөн монголчуудын тэрхүү зоримог, шийдмэг дайралтууд чоно авлаж мэдэхгүй, бартай улаан гараараа тулж үзээгүй самурай нарын зүүдэнд ч оромгүй явдал байж. Эх нутаг дээрээ, их армиараа хамгаалуулсан Японы тэргүүнүүд тэрхүү өдөр шөнөгүй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглэлээ шавхсан Монгол цэргийн нэг түм хүрэхгүй үлдэгдэлээс юуны айх билээ. Цөмөрч орсон өнчин ганц хүү бэрс болдогсон билүү. Гэсэн ч Монгол цэргийн энэ овжин довтолгоон Камакурагийн ордоныхоныг ихэд сандаргаж, барьц алдуулжээ. Монгол цэргийн сүүлчийн хүн Японы эзэн хааны ордны хэрмийн ёзоор самурайн хурц илдэнд хэдэн хэсэг тасар цавчуулан унасан хойно л тэд сая нэг юм эдгээр цөөхөн үлдэгдэл монгол цэрэг ийнхүү байлдаж байгаа юм, хэрвээ Юаны их флот бүтнээрээ арлын гүн рүү довтолсон бол юу болох байсныг айдас хүйдсээрээ голдоо ортлоо мэдрээ болов уу. Гэвч Япончууд өнөөг хүртэл Монголчуудын довтолгооныг няцаасан нэгэн гол хүчин зүйл бол өөрсдийн шаргуу, эрэлхэг эсэргүүцэл хэмээн зарлан мандуулсаар байдаг байна. Гэсэн ч тэдний зүрх сэтгэлийн гүнд орсон айдас нь өөрийн эрхгүй далайн шидэт хар салхинд шүтэх шүтлэгийг бий болгожээ. Далайн шидэт хар салхинд тахилга өргөх сүм ч олноороо байгуулагдсан байна. Өнөө ч түүндээ мөргөсөөр байдаг гэнэ. Монгол цэргүүдийн шарилыг нэгэн дор, хадан хавцалд цуглуулж булаад тэрхүү булаасан дээрээ Монгол цэргийн сүр хүчин, зориг чадлыг хариулсан шившлэгт чулуун хөшөө бүтээн тэдний сүнсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн даржээ.

***

Японы Хаката булангийн дэргэдэх Шиганошима хэмээх арлын баруун урд үзүүрт байх энэхүү “Монгол цэргийн онгон” хэмээгдэх хөшөө чулуунд очиж, 700 зууны өмнөх зоригт өвөг дээдсийнхээ шарилд хүндэтгэл үзүүлсэнээ энэ цагийн их эрдэмт хүмүүн, өвгөн түүхч, доктор Ч.Далай авгай нэгэнтээ хуучлахыг миний бие сонсох хувь тохиосон билээ. Тэрээр энэ булшинд очино хэмээн олон жил бодож явсанаа Японд болсон олон орны эрдэмтэдийн нэгэн хуралд оролцох далимдаа гүйцэлдүүлжээ.

Зураг дээр Монголчуудын довтолгоонтой холбоотой хөшөө, оршуулгууд.

Алтай, Хангай, Хэнтий гурван тахилгат их уулсаас нэг нэг чулуу авчээ. Бас энэ гурван их уулсын цаст оргил Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралтхайрхан гурвынхаа царамд ургадаг үнэр анхилуун арцнаас ч дээжлэн авсан байна. Мөн хээр талын хөх хомоолноос хэдэн хонгорцогийг авчээ. Японы хил гаалийнхан ийм сонин хачин бараа тээвэрлэн яваа өвгөн эрдэмтэнийг ихэд гайхан эргэлзсэн ч олон оронд нэр нь танигдсан эл эрдэмтнээс хурааж зүрхэлсэнгүй. “Эдгээр нь миний өдөр тутам хэрэглэдэг зүйлс” гэж Далай авгай гаалийнханд тайлбар өгсөн гэнэ. Өвгөн монгол эрдэмтэн Хаката буланд намрын нэгэн жихүүндүү өдөр хүрч очжээ. Далайн зүгээс чийглэг, шорвог хүйтэн салхи сэвэлзсэн, далайн мандал мяралзан давалгаалсан, гэгэлзсэн уйтгартай өдөр байж. Энэ буланд өнөөх Хубилайн цуутай флот сүйрчээ. Хятад болон солонгосууд язгуураасаа өвсөн идэштэй, ямаан омогтой, хөнгөн биетэй учир тэдний шарил далайн давстай усанд амархан нэвчиж, бүгдээр живж, далайн махчин загаснуудын амтархан зоог нь болсон байна. Харин махан идэштэй, цул биетэй, тэнгэр шүтлэгтэй монголчуудын шарил толгой дараалан далайн мандал дээр хөвөн гарч ирсэн байна. Тэр бүгдийг япончууд цуглуулан Шиганошима арлын баруун урд үзүүрийн хадан хавцалд булж дээрх шившлэгт хөшөө, бунханыг босгожээ. Далай авгай тэр бүгдийг дурсан, сэтгэлдээ зураглан булангийн эргээр алхахад, тэрхүү “Монгол цэргийн бунхан”-д өнөөх арц, хомоолоо унгасган, монгол эрсийн долоон зууны турш чилсэн сүнсэнд эх нутгийнх нь үнэрийг эргээн авчирч, эх нутгийн нь чулууг шигтгэн сүслэн суухад нулимс өөрийн эрхгүй асгарч байсан шүү хэмээн ярихдаа ч хүртэл хоолой нь зангирч, нулимс нь цийлэлзэхэд сонсон суусан Нацагдоржийн шагналт зохиолч, сэтгүүлч Готовын Нямаа бидэн хоёрын сэтгэл ч бас хачин болж, хямарч билээ. Өвгөн эрдэмтэн хуучин бичгээр таталган бичсэн тэр газарт төрсөн сэтгэгдэлээ бидэнд уншин сонирхуулж/эл тэмдэглэл нь түүний тэмдэглэлийн 86 дахь дэвтэр байсныг онцлон дурдууштай. Нэг дэвтэр нь л хуруу зузаан, хоёр төө хэрийн том. Хаа явсан газар, уулзсан хүн, сонин хачин ажигласан бүхнээ тэмдэглэсэн эл эрдэмтэний энэ их бичгийн өв яндашгүй арвин ажээ/, авсан зургаа дэлгэн үзүүлж билээ. Дашрамд эл ядмаг өгүүллээ ч энэхүү эрдэмт хүмүүний судалгаанд дулдуйдан бичсэнээ өчие. Хамт явалцсан Япончууд өвгөн монгол эрдэмтэнийг хөшөө чулуунд ийнхүү сүслэн залбирахад ихэд гайхсан нь эргэлзээгүй. Эл хэсэг газар нь гишгэх газар ч олдоход бэрх болсон гэгдэх Япондоо бол харьцангуй зэлүүд онгон газар юм билээ. Эрэлхэг өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг нь сүслэн эргэж, чинхүү ёсыг гүйцэтгэсэн өвгөн монгол эрдэмтэний эл үйлдэл нь үндэс угсаагаа гэсэн бүхний сэтгэлд нэгийг сануулж, хоёрыг сэтгүүлэх бизээ хэмээн энд дурдлаа.

***

Дээрхтэй агаар адил нэгэн аман яриаг мөн олж сонссон билээ. Энэ нь 1936 онд Япончууд Умард Хятад, Манжуурыг түрэмгийлэн эзэлж, МанжГо хэмээх тоглоомыг улс байгуулахаар оролдож байсны дараахан болжээ. Япончууд Өвөрмонголын тэргүүн, тухайн бүс нутагт хамгийн их нөлөө бүхий Дэ ванг дээрх үйл ажиллагаандаа ашиглахаар ихэд тал засаж, хөрөнгө санхүүгээр тэтгэж, арлын орондоо ч хүртэл урьж залж байсан байна. Дэ вангийн арлын оронд айлчлах үед эл явдал болжээ. Юаны цэргийн хоёр дахь довтолгооны өмнө Хубилай хааны илгээсэн элч Туушчинийг таван дагалдагсадынх нь хамт шогун Хожа Токимуна цаазалжээ. Энэ цаазын ажиллагааны дурсгал одоогийн Фүжисава хотын Жорицужи сүмийн дэргэд байдаг гэнэ. Хубилай элч цэл залуухан Туушчингийн зоримог зан, дипломатын арга ухаан, өндөр боловсрол нь Камакурагийн ордоныхоныг гайхшруулж байсан гэдэг. Гэвч Юан гүрний ихэрхэг санаанд хорссон Хожа Тохимуна элч нарыг цаазлахыг тушааж, цаазын тавцанд гарч, илдний дор бөхийхийн өмнөхөн Туушчин гүн утгатай, яруу цогц хэдэн мөр шүлэг хэлжээ. Энэ шүлгийн санаа нь
“Илд исгэрэхэд энэхэн бие өмхөрч одно
Их хэргийн санааг гэвч
Энэ илд хорихгүй.
Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч
Салхи ч, илд ч мохоохгүй
Наран мандахаас, шингэх хязгаар хүртэл
Их Юан улс ялан дийлсээр байх болно”
Япончууд тэр даруйд эл шад шүлгийг хаднаа сийлж, монгол элчийн эл санааг тэр дор нь оршуулжээ. 700 зууны дараа тууштай эх оронч Дэ ван тэрхүү Монгол элчийн үгийг бунхалсан газарт ирж, сонирхон зогсохдоо сэтгэл нь нэн ихээр хөдлөн “Бидний энэ их санаа зориг одоо ч мөн хэвээр байна. Их Монгол улс эргэн сэргэх болно” гэсэн утга бүхий үг амнаасаа алдчихжээ. Өвөр монголчуудын хувь заяаны төлөө, Нэгдсэн Монгол улс байгуулахын төлөө нэгэн биеийг огоорон зүтгэж явсан эл их хүний хувьд нэг талаас Хятадад, нөгөө талаас улаан орос, түүний нөлөөнд орсон улаан монголчуудын хавчлаганд явсан нь үндэсний ухамсарыг сэргээж, түүгээр хурцаар өвчлөхөд хүргэсэнд буруутгах юун. Япончууд ч Дэ вангийн тэр үгийг нь мөн тэр дор нь хаднаа сийлж, элч Туушчингийн үгийн дэргэд оршуулж, бунхалжээ. Үндэсний ухамсар, зөн билэг гэдэг нь бас цаанаа их учиртай, хувь хүний ерөөл хараалтай, буян заяатай ч адил мэт хачин сонин байх юм даа. Япончууд ч их айхтар улс юм, Дэ вангийн тэрх бардам үгийг ч хаднаа сийлж бунхлан, омог сүрийг нь дарахаа мэдэж л байдаг. Энэ түүх хэрвээ үнэн бол сонин л юм. Чухам үнэхээр Дэ вантан ийм үгийг алдсан, түүнийг нь мөнхүү бунхалсан болон Хубилайн элч хатан зоригт Туушчингийн мөр шүлгүүд үнэхээр байдаг бол түүнээ судлан монгол түмнээ хүргэх нь эрдэмт залуусын хичээл зүтгэлийн хэрэг билээ.

***

Хубилай хаан Японыг дайлах хоёр ч удаагийнхаа аян дайн нь амжилтгүй болсонд ихээхэн сэтгэлээр унасан ч дахин дайлах санаагаа орхисонгүй. Гэвч Монголын тал нутагт өрнөсөн иргэний дайн Хубилайд тийм боломж олгосонгүй ажээ. Өгөөдэй хааны удмын эрх, нөлөө бүхий хаан Хайду тэргүүтэй монгол хаад Монгол төрийг хятадчилж, эх Монгол нутгаа захын хаягдсан хязгаар муж болгосон Хубилайн бодлогод дургүйцэн их бослого, үймээн дэгдээсэн нь Хубилайд юуны Японтай дайтаж, өшөө хорсолоо тайлах зав өгөх билээ. 35 жил үргэлжилсэн Монголчуудын хоорондох иргэний дайн Хубилайг насан өндөр болж, хорвоог орхиход ч хэнийх нь ч ялалтаар дууссангүй. Хубилай өөрийгөө залгамжлагч хүү Төмөртөө Япончуудаас хариугаа аван дахин дайлахыг хүсэмжлэн үлдээсэн ч Төмөр хаан Хайдутай дайтсаар мөн нас, хүчээ барсан ажээ. Гэсэн ч арлын тэр жижигхэн орныг, өөрсдийгөө Их Наран зүгийг улс хэмээн дөвийлгөн боддог тэр үндэстнийг сөгтгөн дарах гэсэн Монголчуудын санаархал мохсонгүй. Юан гүрэн мөхсөн хойно ч тэр тухай хааны ордоны хүрээнд яригдаж байсан гэдэг. Харин одоо жингийн туухай аль талдаа эргэснийг хэлж мэдэхэд хэцүү болсон санагдана. Юутай ч харийн далайд ясаа тависан зоригт монгол эрсийн сүнс амгалан тайван нойрсох болтугай. Хурай, хурай, хурай
Б.Номинчимэд
2004 оны 12 сар
Бөрк, Виржиниа

Уншигчдын анхааралд
Энэхүү нийтлэл нь эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл бус, зөвхөн түүхэн үйл явдлыг үндэслэж бичсэн уран сайхны нийтлэл болохыг анхаарна уу. Мөн энэхүү нийтлэлийг бичиж байсан 2004 оноос хойш энд дурдагдсан үйл явдлын талаар судалгаа шинжилгээний бүтээлүүд, ном товхимолууд ТВ-ийн баримтат болон Шинжлэх ухааны хялбаршуулан кино, нэвтрүүлгүүд ч нэлээд хэдэн удаа гарч, дээр миний ашиглаж байсан мэдээ баримтуудаас нэлээд зарим нь шинэчлэгдсэн юм. Гэвч тэдгээр баримтуудыг энэ бичлэгт шинэчилж оруулсангүй, учир нь нэгд, сонины архивын материалаас оруулж байгаа болон мөн энэ сэдвээр дахин шинээр бичихээр төлөвлөөд байгаа юм. Мөн дашрамд дурдахад энэхүү үйл явдлаас сэдэвлэсэн түүхэн романыг удахгүй уншигчдынхаа гарт хүргэхийг хичээж буй. Зохиогчоос...