Saturday, August 30, 2008

Монголын Түүх Хятад Эрдэмтний Нүдээр -1


Энэхvv цуврал нийтлэлүүдийн нэг дүгээр хэсэг болох "Монголчуудын Гарал Угсаа: Хятад Эрдэмтний Тайлбарлах нь" нийтлэлийг энд тавьж байна.

Солонгосчууд болон Алтайн язгуурын хэлээр ярьдаг хүмүүсийн талаархи онол тааварыг тайлбарлахын тулд ДНK-г (DNA) нь оролцуулан үзэж болох юм гэж Доктор Ли Хуй үзжээ. Хятадын Фудан Их Сургуулийн Доктор Ли Хуй Ази гаралтай хүмүүсийн ДНK -г судалж үзээд 30 орчим мянган жилийн өмнө Монголойд Ази гаралтай хүмүүсийн өвөг дээдэс Зүүн Өмнөд Ази-д хүрэлцэн ирсэн бөгөөд анх ирэх үeдээ гeнeтикийн М89 кодийн хэв шинжтэй байгаад улмаар гeнeтикийн өөрчлөлт явагдаж М122 хэв шинжийг агуулах болсон байна.

Ли Хуй-гийн үзэж буйгаар Хятадын эх газар нүүж ирэгсэд үндсэндээ Юнан болон Гуангши-Гуандан мужуудаар дамжин гурван салаа болон нүүдэллэсэн байна. Хойд зүгийг чиглэн нүүдэллэсэн хүмүүс нь 10 мянган жилийн хугацаанд гeнeтикийн өөрчлөлтөнд орж М134 шинжийг агуулах болсон ба цаст Хөндван уул Түвдийн Хөх нуурын хотгороор дамжин Шар мөрний эрэг орчимд ирсэн байна.

Эдгээр хүмүүс хүйтэн сэрүүн цаг агаарын улмаас том хамар, зузаан уруул, гонзгой нүүрийн хэлбэрийн хэв шинжтэй болсон аж. Хойд зүг нүүдэллэсэн эдгээр хүмүүсээс салбарлан зүүн тийш нүүсэн хүмүүс нь гeнeтикийн М117 хэв шинжийг агуулах болсон ба эдгээр хүмүүс нь одоогийн Хан Хятад хүмүүсийн өвөг дээдэс юм. Гэхдээ бидний өвөг дээдэс одоогийн Вьeтнам улс буй газараас хойд зүг нүүж Хөнгдван уулаар дамжин ирсэнээ мартчаад байгаа юм. “Кунлин Уулаар алхсан нь” хэмээх Гуо Шиачваний найрал хөгжимтэй тоглодог туульст гардаг тэр дурсамж нь бидний өвөг дээдэс зүүн зүгт нүүж эхэлсэн үeийг дурсдаг юм. Хэдийгээр Чи гаралийн хүмүүсийг Чианг Түвд гаралийн хүмүүс хэмээн эртний сударт байдаг ч Ли Хуй 3000 жилийн түүхтэй Чу Чи хүмүүсийг хамтруулаад Хан Хятадийн бүлэглэлд багтаажээ. Бусад нь одоогийн Түвд гаралтай хүмүүсийн өвөг дээдэс болох юм гэжээ.

Ли Хуйгийн энэ онол нь эрдэмтэн Луо Шианий бичсэн Сино-Түвд хүмүүсийн гарал үүслийн талаархи онолтой тохироод байгаа юм. Луо Шианий бичсэнээр, Сино-Түвд гаралын хүмүүс нь Сичуан Гансу мужуудын уулзвар болох Минсан уул болон Мин-жиан мөрний дээд хавиар нутаглаж байгаад хоёр хэсэг болон хуваагдаж, нэг хэсэг нь хойшоо Шанши мужийн Вэй шуй гол, Хан шуй мөрний эрэг хүрээд улмаар зүүн тийш явж Шар мөрнийг гаталсан байна.













Америкийн уран барималч Малвина Хофман-ийн (Malvina Hoffman 1933) бүтээсэн (зүүн гараас бичигдсэн дарааллаар) Монгол, Манж, Түвд, Хятад хүмүүсийн хорог баримал.













Эртний Монголойд хүмүүсийн хоёр дахи хэсэг нь ойролцоогоор 10 мянган жилийн өмнө Хятадын зүүн өмнөд хэсэгээр орж ирсэн бөгөөд гeнeтикийн М119 гэсэн кодийн хэв шинжтэй байжээ. Ли Хуйгийн үзэж буйгаар Хятадийн зүүн өмнөд мужийн Дай-зу, Шуй-зу бага ястангуудийн өвөг дээдэс нь энэ бүлэг хүмүүс аж. Ли Хуй ч өөрийнхөө өвөг дээдсийг эдгээр хүмүүсээс гаралтай гээд, эдгээр хүмүүс Ханзхоу Янгзэ орчимд 7-8 мянган жил оршин суусан гэж үзэж буй аж. Гeнeтикиин М119 kодтай хүмүүс нь түүхэнд буй “Зүүн Юэ Хүмүүс” аж. Эртний Ву хүмүүс нь М7 гэсэн кодтай ба одоогоос 3 мянган жилийн омно Янгтзэ морний доод хавиар ирж нутаглажээ. Хэдийгээр эрдэмтэн Ли Хуй Ву гарлийн хүмүүсийг М134 кодтой хойд зүг нүүсэн Сино-Түвд хүмүүсээс гаралтай гэж үзэж буй ч, эртний түүхийн шаштирт Ву хэмээх улс нь Шар мeрний орчмын Zоу улсын Хаан Вэнванг-ий хоёр авга ахын байгуулсан улс гэжээ.

Алтай Язгуурын Хэлтний буюy Монгол Хэлтэн Хүмүүсийн Түүх

Ли Хуй-гийн баримтлаад буй өөр нэг онол нь 20 орчим мянган жилийн эмнэ Хятадын зүүн зах далайн эрэгийг даган хэсэг хүмүүс хойд зүгт зогсолтгуй нүүсэн бөгөөд одоогийн Манжуурын хязгаарын Лиає-хэ гол орчим ирж нутаглан Алтай язгуурын хэлтэй хүмүүс болох, Хүнну, Турк, Монгол хүмүүсийн өвөг дээдэс болон бүрэлдэн тогтсон байна. Энэ онол нь зарим эрдэмтдийн Хүнну, Турк, Монгол угсааны хүмүүсийн талаар хийсэн онолтой таараад байгаа юм. Түүхээс үзэхэд Монголойд гаралын хүмүүс баруун зүгт довтолж аян дайн хийж байсанаас биш Индо-Ёврoп гаралын хүмүүс нь Монголойд хүмүүсийн оршин сууж байсан зүүн зүгт довтолж байгаагуй юм. Ли Хуйгийн үзэж буйгаар өнөөгийн Солонгосууд дээр дурдсан эрт дээр үед өмнө зүгээс Манжуурт нүүж очсон бүлэг хүмүүс болон, сүүлд Хятадын зүүн мужуудаас нүүж очсон (Dong Yi) Зүүн И хүмүүсийн дундаас бий болсон аж. Энэ таавар нь үнэндээ Солонгосийн үндэсний үзэлтнуудйин онол болох Сибирь гаралын хүмүүс хэмээх онолд цохилт болдог.
Монголын түүх бол нэлээд өргөн судлагдсан түүхүүдийн нэг юм. Tүүхийн томоохон эх сурвалжууд олон байдаг. Монголын түүхийг судлахад судлаачид голдуу Чингис Хаан болон түүний тив алгассан аян дайн, их гүрний талаар л голдуу бичдэг. Харин миний гол сонирхоод байгаа зүйл бол түүхийн үйл явцийг тодорхойлон таниж мэдэх нь чухал юм. Энэ талаар бичигдсэн хамгийн сайн зохиол гэвэл Паул Рачнeвскийн Гeрман хэл дээр бичсэн “Чингис Хаан Түүний Амьдрал Алдар Цуу” ( Genghis Khan: His Life And Legacy) хэмээх ном юм.
Зохиогч уг бүтээлдээ, “Монголын Нууц Товчоо”, Хятадын түүхийн эх сурвалж болох “Чингис Хааны Аян Дайн” ( The Campaigns of Genghis Khan), “Юан Улсын Түүх” ( The History of the Yuan Dynasty), Жувайний Пeрс хэл дээр бичсэн “Дэлхийг Байлдан Дагуулагчийн Түүх”( History of the World Conqueror), Пeрс Монголын Или Хааны Улсын Eврeй эрдэмтэн Рашид ад-Дин-ий “Он Цагийн Тайлал” ( Collected Chronicles), “Овгуудын Түүх” (The History of the Tribes) ” зэрэг олон эх сурвалжуудийг харицуулан судалсанаараа онцлогтой юм.
Зарим нэгэн барууны эрдэмтэд Монголын цэрэгийн сүр хүчийг дүрслэхдээ Чингис Хаан нь өнөөгийн Хятад болон Орос улсуудын бий болох үндсийг тавьсан хэмээн дөвийлгөдөг төдийгүй Чингис Хааныг Монголын тархай бутархай овог аймгуудийг цэрэг армийн гоц авъяасаараа нэгтгэсэн нэгэн хүчирхэг үндэстнийг бий болгосон хэмээдэг. Одоогийн Орос улсыг бүрэлдэн бий болоход Монголчууд чухал үүрэг гүйцэтгэсэн байж болох боловч, Хятад улсын хувьд ингэж ярих нь бол үнэнд огт нийцэхгүй. Хятад улсын түүхэнд өнгөрсөн мянган жилийн турш улс гүрний нэгдрэл бутрал нь ээлжилсээр ирсэн юм.
Чингис Хааныг хувь хүний талаас нь авч үзэхэд тэрвээр хүн төрөлхөтний түүхэнд гардаг бусад дарангуйлагч, баатаруудын нэгнээс ялгараад байх онцлог үгүй байв. Чингис хааны хувь хүнийх нь хувьд би 3 онцлогийг хэлэх байна: eс хонзон, шунал тачаал, зөн билэг.

Бага насандаа ааваа Татаруудад хорлуулан алдаж, eeрийн омгийн хүмүүстээ ад узэгдэн отог омгийн бүх л эрх мэдлээ алдаж байв. Уунээс гадна түүний өвөг дээдэс нь мөн л Татаруудын балгаар Зүрчэдүүдйин гарт орж алуулж байв. Энэ бүхнээс үзэхэд Чингис Хааний амьдралын гол зорилго нь өстөн дайснуудаасаа өшөө авах л байв. Ингээд тэр юунаас өмнө өөрийн овгийн эрх мэдлийг тэмцэн олж аван дараа нь заналт дайсан Татаруудыг устгав. Өс хонзон авалт үргэлжилж Зүрчидийг дайлав. Тэр үeд нийслэлээ Бээжингээр хийгээд байсан Зүрчэд овгийнхон зугтаан Кайфэнг-д очив. Тэр Зүрчидүүдийн бууж өгөх хүсэлтийг хүлээн авсангүй (Монголчуудаас ялгаатай нь хожим нь Жүрчидүүд Монголчуудад их л өршeeнгүй хандсан юм).

Чингис Хааний талаар миний дурдсан хоёр дахь чанарын хувьд (шунал тачаал) тэрбээр Тангут Зүрчэн хоёр улсыг анхлан довтолж, дараа нь цэрэгээ буцаан татаж байсан юм. Учир нь Тангадууд болон Алтан улсын хаадууд өөрсдийн охидыг Чингис хаанд өргөн барьсан байжээ. Тэгээд ч Чингис Хааныг Тангуудын эсрэг хоёр дахь дайныхаа үeэр өөрийн Тангут хатныхаа гарт хорлогдон үхсэн гэсэн сул яриа ч байдаг.
Чингис Хааний амьдралыг үзэх үзэл сургааль нь олон ном зохиолд үлдсэн байдаг. Жишээ нь: Тэр нэгэн удаа өөрийн хeвгуудээсээ асуухдаа:
Эр хүний амдьралд хамгийн жаргалтай зүйл юу вэ гэж асуужээ? Тэгээд өөрөө хариулахдаа: Дайсныхаа эр хүйстэй бүгдийг алж эхнэр эмс охидийг нь авах л хамгийн жаргал гэж хэлж байжээ. Тэгээд ч Монголчууд дайран довтолсон овог аймгийн бүхий л эр хүйстэй бүгдийг алж устгадаг байжээ.
Монголчууд бууж өгсөн дайсныхаа амьийг өршөөдөг байсан гэсэн домог бол огт худал юм. Монголчууд эзэлсэн ард түмнийхээ эр хүйстэй бүхнийг, эсвэл тэрэгний дугуйнаас дээш гарсан бүх эрчуудйиг хяддаг байсан. Жишээ нь Самарканд хотыг эзэлснийхээ дараа бууж өгсөн 40 мянган хүмүүсийг шөнийн дотор алж, 30 мянган дархчууд, гарын урчуудыг амьд үлдээж бас өөр 30 мянган хүнийг боол болгож байжээ. Үнэндээ Монголчуудын гол арга нь эзэлсэн хот сууринийхаа хүмүүсийг эр эмээр нь ялган эрчүүдийг нь хотын хэрэмний гадаа гаргаж шөнийн цагаар алж устгадаг байжээ. Яг иймэрхүү алан хядах үйл ажиллагаа түүхэнд давтагдаж байсан юм. Испанууд Амeрик тивийг эзэлж нутгийн Индиануудийг, Англичууд Австрали тивд нутгийн унаган хүмүүсийг иймэрхүү аргаар алж устгаж байжээ. Үнэндээ бол өнөгийн Өмнөд Амeрикийн орнуудын хүн ам нь Испан гаралын эрчүүд, Индиан гарлын эмэгтэйчүүдийн хоорондоос бий болсон гэдэг нь ДНК судалгаагаар батлагдаад байна.
Чингис хаан шиг нүүдэлчин овгийнхны хувьд ийм зэрлэг шинж чанартай байх тодорхой шалтгаантай юм. Суурин хүмүүстэй харьцуулахад нүүдэлчид хураасан дарсан, амуу будаа, тариа гэж байдгүй тиймээс ерөөсөө л суурин иргэншилтэй хүмүүсийг дайлж амьдрах нь амьдралын хэрэгцээ мэт. Миний дээр дурдсан тийм шинж чанарыг агуулсан хүнийхээ хувьд Чингис хааны хүрсэн тэр амжилтуудыг ойлгож болох юм.
Үгүй ингэхэд тэр Монголчууд гэдэг чинь чухам хэн юм бэ? Үнэндээ бол тэр үeийн Монголчууд одоогийн Монголчуудтай яг адил байх албагуй юм. Өнөөдөр Монголчууд ч Казахууд ч өөрсдийгөө Чингис Хааний удам хэмээж байна. Тэр ч бүү хэл Хятадын өмнөд мужид хэсэг хүмүүс ч бас Чингис хааны удам хэмээж байна.
Мр. Лианг Суминг “Юан Улсын Түүхийг Судалсан нь” өгүүллэгийг 1918 онд нийтлүүлсэн билээ. Тэгээд Бээжингийн их сургуулын гүн ухааны багшаар томилогдон ажиллаж байсан юм. Гэтэл 25 настай Өмнөд Хятадын Гуанши мужаас ирсэн тэр залууг Монгол гаралтай хүн болохыг хэн ч мэдэдгуй байв. Хятадуудад ялагдсаныхаа дараа Монголчууд өөрсдийн эзлэн авсан одоогийн Гуанши, Юнан мужуудад урт хугацааны турш бэхлэлт хийж эрхшээлээ хадгалсаар байсан юм. Саяхны ДНK судалгаагаар Хятадуудын булшийг шинжилж үзээд өнөөгийн Юнан Гуанши мужуудад байгаа Монголчууд нь Монгол гэхээсээ илүү Хятад гарлын хүмүүс болох нь тогтоогджээ. Өмнөд хятадад байгаа тэдгээр хүмүүс нь 14 зуунд Монголчуудын өмнө зүгт илгээсэн Хятан овгийн хүмүүс гэж өөрсдийгөө үздэг аж. Сонирхолтой нь ДНK судалгаагаар өнөөгийн Манжуурт байгаа Дагуур угсааны хүмүүсийг ч бас Хятан гарлын хүмүүс хэмээн тодорхойлсон юм.
Тэгвэл Чингис хааны үeд өөрсдийгө Монгол хэмээдэг байсан тэр хүмүүс хэн байсан юм бэ? Тэдний удам угсаа хаа байна, өнөөдeр тэгээд хэн тэдний ур удам болж байна? Паул Рачнeвскийн “Чингис Хаан Түүний Амьдрал Алдар Цуу” хэмээх номондоо дурдсан тал нутгийн олон овог аймгууд, Чингис Хааны төрсөн он сарын асуудал, хамгийн чухал нь Хааны түүхээс алга болсон 10 жилийн түүхийн завсарыг хэрхэн тайлбарлах вэ?
Мэнгу Шивэй
Үнэндээ Турэг, Монгол, Тунгус (Манж Жүрчэн) овгийн хүмүүсийн ялгааг хэлэхэд нэлээд хэцүү юм. Монголчуудын гарал үүслийг тодорхойлох гэж Хүнну болон Түрэгийн түүхийг судалж их л цаг зарцууллаа. Монголчуудаас өмнө Хүнну, Сянби, Тоба, Жужан, Түрэг, Уйгур, Киргиз, Хитан гүрнүүд оршиж байжээ. Нүүдэлчин овог аймгууд нэг мандаж нэг дарагдана. Эзлэн авагч, эзлэгдэгч нар холилдож яс үндэс, хэл соёлын ялгаа бүдгэрнэ. Үүний нэг тод жишээ нь Индө-Eврoп гарлын Скиф болон Юэзхи хүмүүс нэн эрт дээр үед Охус болон Иран луу нүүж очжээ. Юэзхи хүмүүсийг хөөж явуулсан Хүнну нар баруун зүг довтолж эртний Жианквн нутаг хүрч байсан байна. Эхлээд Туркууд, дараа нь Монголчууд Хүннү нар шиг бас л баруун зүг аялсан юм.

Тоба улсын уeд, манай эрний өмнөх 443 онд зэрлэг бүдүүлгүүд Тоба улсын хуучин эзэмшил болох одоогийн Хар Мөрөн, Их Хянганы нутгуудаар тархан суусан юм. Ер нь хуучин Сянби, Вухуан Тоба улсын нутаг дээгүүр энэ үeд суурьшсан хүмүүс нь ШиВэй, Хитан, Ши нуудэлчид, Малгал овгийн хүмүүс байсан ба эдгээр нь өнөөгийн Монгол, Манж хүмүүсийн өвөг дээдэс юм. Дээрхи нүүдэлчдээс Хитан овгийн хүмүүс анх түүхийн тавцанд товойн гарч ирэв.

Хятадын “Таван Гүрний Түүх” зохиолд бичсэнээр бол Сянби улсын нутаг дэвсгэр дээгүүр тархсан Хитан гарлийн хүмүүс нь Тунгус (Хамниган буриад Манж) хүмүүстэй ураг торлийн холбоотой аж. Хитангууд нь Хүннү гаралийн хүмүүстэй яг адил оороор хэлбэл Хүннү хүмүүсийн нэг хэсэг гэж ч уздэг аж. Тоба улсын уeд Хитангууд нь Кидан гэдэг нэрийг авсан ба eнeeгийн Манжуурт нутаглаж байжээ. Киданы зүүн талд Кореа буюу Солонгос баруун талд нь Ши нүүдэлчид (Хүннүгийн адил хүмүүс) хойд талд нь Хужи буяу (Малгал) мeн Шивэй омгийнхон, өмнө зүгт нь Тоба Вэй Улс байжээ. Тухайн үeд Киданууд нь Турк-уудийн эрхшээлд байсан байна. Киданчууд түүхийн явцад Хятадын Танг, Уйгур, Турк зэрэг улсуудийн эрхшээлд oрж гарч, эрхшээлдээ оруулж гаргаж ч явжээ.

Монгол хүмүүсийн гарал үүслийг тодорхойлоход Шивэй омгийн хүмүүсийг эхэлж судлах шаардлагатай. Хятадийн түүхэнд бичсэнээр, 20 орчим Шивэй овог байсан байна. Зүүн Шивэй, Баруун Шивэй, Мэнгу Шивэй, Луозу Шивэй зэрэгийг дурдаж болно. Эдэн дотороос Мэнгу Шивэй омог нь одоогийн Монголчууд буюу Чингис Хааны өвөг дээдэс болно. Мэнгу Шивэй хүмүүс нь тухайн үeд одоогийн Хар Мөрний орчмоор нутагладаг байсан ба “Ойн Хүмүүс” гэгдэх ой тайгын хүмүүсийн тоонд ордог байсан байна. Шивэй хүмүүс нь Кидануудын адил төрлийн хүмүүс байсан. Мөн бүр эртний Динглинг хүмүүстэй ч хамаатай болох аж. Шивэйнүүд одоогийн Манж Зүрчид хүмүүсийн өвөг дээдэс болох Малгал хүмүүстэй адил хэлээр ярьж Хар мөрний ойролцоо Туркуудээс зүүн тийш, Малгал хүмүүсээс баруун тийш Хитан хүмүүсийн хойд талд нутагладаг байв. 20 орчим Шивэй омгийн дунд “Шар Толгойт Шивэй” хэмээх хүмүүс байдаг байв. Кидануудад олзлогдож байсан Хятад цэрэгийн гэрчилж буйгаар Шивэйнуйдйин хойд захаар Их Үстэй хүмүүс, Нүүрэндээ үстэй хүмүүс тэр ч буу хэл Нохойн омгийнхон байдаг тэднээс гарсан эрэгтэй хүүхэд нь нохой болж тєрдєг, эмэгтэй хүүхэд нь хүн болж тєрдєг талаар бичиж байжээ. Бодвол соёл иргэншил өндөртэй Хятадууд сахал үс ихтэй Ёвроп хүмүүсийг нохойн адил үзэж байсан буй за. Шивэйнууд анх манай эриний 631 онд Тан улстай холбоо тогтоож байжээ. 788 онд Шивэй омгууд Кидан гүрний захиргаанд байсан ба Ши омгийнхонтой нийлэн Хятадийн Жэнгвэ муж руу довтолж байжээ.
Орчуулагчийн Тайлбар
М117 – Гэнэтикийн Код Хан Хятад Хүмүүс

М119 – Гэнэтикийн Код Хятадын зүүн өмнөд мужийн Дай-зу, Шуй-зу бага ястангуудын өвөг дээдэс

Монголойд – Ази гаралын хүмүүсийг нэрэлдэг ерєнхий нэр томъёо.

Хятан – Монгол Шивэй овгийнхонтой нэг гарал үүсэлтэй хүмүүс. 10-р зүүны үед хучирхэг улс болон бүрэлдэн тогтсон. Хэдийгээр, түрэг, манж, хятад зэрэг олон овог аймгийг нэгтэгэсэн том гүрэн байсан боловч Киданд Монгол хэлтэн хүмүүс хаанчилж зонхилж байжээ. Кидан нь Монголын тов, зүүн ємнөд хэсэг, мєн Хятадын хойд, зүүн хойд хэсэгээр дамнан оршин тогтож байжээ. 1125 онд Зүрчидийн Алтан улсад дарагдан мєхсєн байна.

Дашрамд хэлэхэд Чингис Хааныг Зүрчидийн Алтан улс болон Хятадын Сонг улсуудыг дайлаар мордоход Зүрчидүүд болон Хан Хятадуудын харьяанд байсан Хятангууд ихээхэн гавьяа гүйцэтгэсэн гэдэг билээ. Тэд дотоодоос бослого гаргаад зогсоогүй Монголын цэрэгт нийлэн орж байсан гэдэг. Чингис хааны дэргэдэх нєлєє бүхий эрдэмтэн Eлуй Чу Цай нь Хятан хүн байсан гэдэг.

Хятад – Хан Хятад буюу Chinese хүмүүс. Хятад хэмээх уг нь Хятан гэсэн үгнээс гаралтай аж. Сонирхолтой нь Монголчууд бид єєрсдийн мєнхийн єрсөлдөгч хэмээн үздэг Хятадыг єєрсдийн гарал угсаа нэгтэй Хятан хүмүүсийн нэрээр нэрлэсэн байх юм. Дээр дурдсанаар бидний євөг дээдэс болох Шивэй овгууд, тухайлбал Мэнгу Шивэй нь Хятан улсын хойд захаар (єнөөгийн Монгол) нутагладаг байжээ. Тэгээд урд зүгт байгаа хүмүүсээ Хятангууд хэмээн нэрлэдэг байж. Кидан гурэн мєхсөн хойно ч Киданы газар нутагт хоцорсон Хан Chinese хүмүүсийг ч бас Хятан хэмээн нэрлэсээр ирсэн бололтой.

Дагуур – Євөр Монголд байдаг нэгэн Монгол гаралын хүмүүс. Одоо бидний яриад буй Хятан хүмүүсийн угсаа. Намайг Их Сургуульд байхад Алтанбат, Минжүүр гээд Хятад хэлний багш нар байдаг байсан юм. Эдгээр хүмүүс 60-аад оны үед Євөр Монголоос орж ирсэн бєгөөд єєрсдийгөө Дагуур Монгол хүмүүс гэдэг байсан.

Зүрчид – Зүрчэн, 1635 онд Манжийн хаан Нурхачи баатарын хүү Хүн Тайжи єөрсдийгөө Манж гэж нэрлэхээс ємнө, Манжуудийг Зүрчид гэж нэрлэдэг байжээ. Зүрчидүүд нь Монгол овог аймгуудтай ойролцоо нутаглаж байсан эртний Мохэ, Малгал овгийн хүмүүсийн угсаа ажээ. Манжууд нь Монголчуудтай адил нүүдэлчин, амьдралын хэв заншил тєстэй, хэл ярианы хувьд Монголчуудтай ойролцоо байжээ.

Тунгус – Манж угсааны улсууд. Хамниган Буриад гэж бидний яриад байдаг хүмүүс нь үнэндээ гарал угсааний хувьд манай Буриадуудтай хамаагүй юм. Хамнигануудийг Монголчууд Тунгус гэдэг, тэгэхээр Хамниганууд (Хамниган Буриадууд) нь ундсэндээ Манж гаралын улсууд болох нь ээ?

Хасагууд буюу Казахууд – Хасагууд єєрсдийгөө Чингис хааны угсаа хэмээн тайлбарлах гэж оролдсон нь үнэнд огт нийцэхгүй. Чингис хааныг Монгол хүн гэдгийг дэлхийд хэн ч үгүйсгэдгүй, түүх єєрөө ч баталдаг. Яахав Хасагуудын санааг ойлгож болох юм. Хэзээ ч єєрийн гэсэн бие даасан улс байж чадаагуй түрэг/монгол гарлын эдгээр хүмүүст одоо л жинхэнэ бие даасан улс гэдэгээ харуулах боломж олдоод байгаа юм. Тиймээс ч тэд түүхэн их хүнтэй єєрсдийгөө холбож чадвал эртний сурвалжит хүчирхэг улсын буурь суурь болох мэт санаж буй за. Харин Монголчуудад дарагдсан Найман аймгийн угсаа хэмээх эдгээр хүмүүсийн дээдэс язгууртнууд, тэргүүлэх ангийн хүмүүс нь Монгол гарлын хүмүүс, тэр тусмаа Алтан ургийн хүмүүс байдаг гэдгийг үгүйсгэж болохгүй мэт.

Мэнгу Шивэй – 20 гаран Ши Вэй овгуудийн нэг болох Мэнгу Шивэй хэмээх энэ жижигхэн овгийнхноос Монголчууд (Хиад Боржгон) үүсч Монгол хэмээх нэр уламжилсан бололтой. Гэхдээ єнөөгийн Монгол хэмээх ойлголт нь маш харьцангуй ойлголт юм. Зєвхөн тэр нэгэн жижиг Мэнгу Шивэй овгийн хүмүүс бус, бусад шивэй овгууд, хятангууд, бусад Монгол хэлтнүүд болон нүүдэлчид, Монголчуудтай холилдон хутгалдсан Түрэг, Манж Хятад хэлтэн хүмүүсийг ч єнөөдөр Монгол хэмээн нэрлэж буй болтой.
Нийтлэлээс Ургасан Асуулт ? - Ли Хуй-гийн үзэж буйгаар Алтай язгуурын хэлтэн Монголчууд 20 мянган жилийн ємнє Хятадын ємнєд нутагаар орж ирэн нүүдэлсээр єнєєгийн Манжуурын хязгаар, Монгол нутгаар тархан сууршьсан аж. Тэгвэл түүнээс ємнє Монгол нутаг, Тєв Азид хүн амьдарч байгаагүй гэж үү?
Бидэнтэй генетикийн холбоотой, угсаа гарал ойролцоо гэгддэг, 50-60 мянган жилийн ємнє Монгол нутагт амьдарч байгаад Бэрингийн хоолойгоор дамжин Америк тив руу гарсан Индианууд хэн юм болоо? Др. Ли Хуй 20 мянгаас өмнөх жилүүдэд Монгол газар амьдарч байсан Ази төрхтэй хүмүүсийг хаанаас үүсэлтэй гэж тайлбарлах бол?


Нийтлэлийг орчуулж тайлбарыг бичсэн Батсуурь.

Friday, August 29, 2008

Боол уу эсвэл Боломж эрэгсэд үү ?


Сүүлийн үед сонин хэвлэлүүд гадагшаа гарч ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүсийг “боол”, “боолын хөдөлмөр эрхлэгсэд” гэж их бичдэг болжээ.
Манай өдөр тутмын нэг сонин дээрхи нийтлэлэлээс зориуд иш татахад : ...“Монгол­чууд нутагтаа амьдрах аргагүй болоод Өмнөд Солонгос руу боол боло­хоор ингэж их тэмүүлж, төр засаг нь хүртэл хамжиж дэмжээд дий­лэхгүй байна аа гэж… Бүр төрөөс нь бодлого болгоод нас зүсийг нь зааж үзлэг шинжилгээнд оруулж байгаад хэдэн зуу, мянгаар нь банз, дүнз шиг багцалж байгаад гадагш экспортлодог.”… “…
Ухаантайхан шиг төрийн түшээ бол манай тэдэн хүн гадаадад боолын хөдөлмөр эрхлэдэг гэж хэлэхээсээ ичмээр л юм…”.
Хүмүүс хүртэл “монголд ингэж байхаар гадагшаа гарч сайн цалинтай боол болъё”, “хүний боол болсноос монголдоо өлсөөд үхсэн нь дээр” гэх мэт янз бүрээр л ярьж байна. Зарим нь бүр захирал эсвэл ямар нэгэн удирдах ажилтан л биш бусад гүйцэтгэгч нар бол боол гэсэн бодолтой байх юм. Боол гэдгийг яаж ойлгоод яаж тайлбарлаад байгаа нь гайхалтай.
Коммунист нийгмийн үр дүн тэгш байлгах гэсэн сэтгэлгээнээс үүдсэн зах зээл гэхээр нэгийгээ шулж байдаг даралж байдаг гэсэн төөрөгдөл ч байж магадгүй.
Боол гэдэг чинь хэн нэгний өмч, өмчлөгчөөсөө шууд хамааралтай нэгэн. Мэдээж түүнд эрх чөлөө огт үгүй. Эзэн түүнийг хороож болно, зарж болно яасан ч эзний дур. Шоронд хоригдож буй гэмт этгээд ч зарим талаараа түүнээс илүү эрх чөлөөтэй байж магадгүй. Боол эзэн хоёрын харьцаа цэвэр албадлага дээр тулгуурлана. Энэ албадлагыг хүлээн зөвшөөрсөн нийгмийг боолын нийгэм гэдэг.
Өнөөдөр боолын харилцаа хөгжлөөр тун муу Африкийн болон иргэний дайнтай цөөн хэдэн орнуудад байдаг бололтой. Сонсоод байхад автомат клашников буу барьсан дарангуй нөхдүүдийн балгаар тэр гэнэ. Саяхан Европт бүсгүйчүүдийг айлган сүрдүүлж албадан хөдөлмөр хийлгэдэг этгээдүүдийг илрүүлэн хүндхэн хариуцлага тооцож байна лээ.
Мөн бодит байдлаас үндэслэсэн “Цуст алмаз (Blood Diamond)” гэх Африкийн нэг улсын босогчид хэрхэн яаж энгийн иргэдийг боолчилж алмаз олборлолт хийлгэж байгааг харуулдаг Америкийн уран сайхны кино байна.
Орчин цагийн боолчлол гэж тийм л байдаг байх. Ээ бүү үзэгд! Тэнд юун эрх чөлөө юун ардчилал. За интернэт цалин пүнлүүний талаар дурсаад ч хэрэггүй биз. Арай ч монгол залуучууд гадаадад гарангуутаа ар шилэндээ буу тулгуулаад ажиллаж байдаггүй байхаа. Тиймээс монголчуудын маань явах хүслэн болоод байгаа цалин өндөр өгдөг ажил олгогчтой улсуудад боолын харилцаа байх үндэс алга.
Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа багширсан арав гаруй мянган залуусыг биш Маркс, Ленин, Цэдэнбал даргынхаа зургийг толгой дээрээ өргөн жагсаж буй социалист залуучуудыг боол байж ээ хөөрхий гээд хэлчихвэл зарчимын хувьд буруудахгүй байх.
Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн бүх харилцаа сайн дурын зарчимаар явагддаг. Жишээ нь нүцэглээд өдрийн гурав ташуурдуулж чулуу зөөнө гэсэн гэрээний заалтыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн ажилчинг боол гэхгүй. Гурваас илүү ташуурдвал зад шүүхдээд хохирлоо төлүүлнэ. Энэ бол эрх чөлөөт нийгмийн үндсэн зарчмуудын нэг.
Ерээд оноос хойш монголчууд тэр тусмаа залуучууд хөгжилтэй оронд очиж ажил хөдөлмөр эрхлэх болсон. Үүнд буруу зүйл үгүй ээ. Угаасаа тэгэх ч ёстой. Хаана амьдрах нөхцөл сайхан байна, хаана эрх чөлөө байна, хаана хууль зүйт ёс байна хүн тийшээ л тэмүүлнэ. Энэ бол жам ёсны тэмүүлэл. Америкчууд тэртээ 200 жилийн өмнөөс гагцхүү энэ жам есны тэмүүллээс үүссэн ард түмэн. Бусдын эрхэнд халдалгүй аз жаргалынхаа эрэлд явж буй хүмүүсийг буруутгах эрх бидний хэнд ч байхгүй.
Тэгэхээр цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа халуун наранд нойр хоолгүй дугаарлан зогсож байсан хэдэн мянган залуучууд, Солонгос улсад байгаа 30 гаруй мянган монголчууд боол болох гэж хүсэж тэмүүлж байгаа хэрэг бишээ. Тэд сайн дураар, сайхан амьдрал хайж эндээс явсан. Дунд сургуулийн сурагч хүүгийн ээжийг боол гэж хэлэхэд сайхан санагдахгүй нь лавтай. Сонингийн эхний нүүрэн дээрх өөрийнхөө зургийг “Боолын хөдөлмөрийн төлөөх ядарсан монголчуудын...” гэх тайлбартай харах ямар санагдахыг таашгүй. Иймээс тэднийг “боол”, “боолын хөдөлмөр эрхлэгсэд” гэж хэлэх буруу юм. Энэ мэт сэтгэлгээний доголдлоос болж нэг нэгнээ ялгаварлан гадуурхах үзэгдэл газар авч байгаа нь харамсалтай санагдаж байна.

Бичсэн Г.Саруул

Thursday, August 28, 2008

Түрээд дуулаарай ...





Сонгуулийн дараа Төрийн албан хаагч дуулж байна:
Одоо ингээд халагдана гэхээр...

Будлиу цаг уурчны дуу:
Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ

Биеэ үнэлэгч бүсгүйн дуунаас:
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй ээ

Хоёр орны харилцаанд сэв суулгах дуу:
Наран улсын бөхийн дэвжээг хотолзуулсан
Нарлаг Монголын хүчтэнүүдийг дагуулсан

Паарны ойролцоо унтсан хүний дуу:
Зүүрмэглэх нойрондоо би чамайгаа
Наран болгон гийгүүлэв ээ
Зүйрлэшгvй илчинд чинь би өөрөө
Навчис болон дэлгэрэв ээ хө

Сарын тэмдгээ хүлээсэн бүсгүйн дуу:
Уулзалгүй удвал уйтгарладаг
Уулзвал хэдэн өдрөөр баяртай явдаг

Мини юбкатай хүүхний дуу:
Учиртайхан харц намайг дагана

Зоонтоггүй хүний дуу:
Хавар намрын бороо нь хүртэл
Хацар хацрыг минь норгоод л байна

Нусны алчуургүй хүний дуу:
Миний нулимсыг салхи л арчина

Шуналтай хүний дуу:
Тэвэр дүүрэн цэцэг өгч сэтгэл гаргах сайхан байдаг ч
Багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж амлалт өгөх өчнөөн гайхам ч
Дутуу биш үү

Дүлий хүний дуу:
Итгэж надад хэлсэн vгийг чинь
Сонсоогvйдээ би буруутай

Амиа хорлож байгаа хүний сүүлчийн үг:
Амьдралаа, амьдрал аа би чамд хайртай

Гомо залуусын дуу:
Эр хоёр загал
Эзний хоёр загал

Занаж хорссон хүний дуу:
Орхиод л гарсан тэр л чинь дүр чинь ээ
Ой тойнд мэт хоногшоод байна даа хө

Гозон хүний дуу:
Зулзган цагаан хус минь ээ хө
Зулай шүргэм ганхана аа хө

Заргач хүний дуу:
Намайг чамд дурласан гэж хэн хэлсэн бэ

Тураалтай хүний дуу:
Дэр хуваах тавиланд сөгдөөд
Дэрсхэн биеэ чамдаа зориулъя даа

Өөрийн толгойгүй хүний дуу:
Чиний аясаар би хөтлөгдөх дуртай
Чиний аясаар би хөглөгдөх дуртай

Дээвэр нь цоорхой сургуульд сурдаг оюутны дуу:
Үүл нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль

Эрүүлжүүлэхэд хоносон хүний дуу:
Цэнгэлийн дарсанд хөлчүүхэн явахад минь
Цэнгийн нүүдэлтэй алсхан одсон

Орон гаран хүний дуу:
Ууган үрээ үнэрлэсээр
Инээсэн байтлаа уйлах юм аа

Үерт автангаа алдсан хүний дуу:
Дэргэд шивнэсэн горхи намайг орхиж холдоход
Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно оо

Эх сурвалж: http://addidea.blogspot.com

ЭЭЖДЭЭ БИ ИРСЭН








Зүрх шиг улаан хүү зүүдэнд үзэгдэх мөчид
Ээждээ би ирсэн
Зуун найман тохиол бүрдэж
Заяа төөргөөр ээждээ би ирсэн


Мөнгөн аягатай сүүнээс амслаа гэж зүүдлэхэд
Ээждээ би ирсэн
Мөрөн дээр нь ачаа болж мөнхийн зовлон үүрүүлж
Ээждээ би ирсэн


Төөрсөөр, түмэн учиг атгасаар
Төгрөг дугуй тооноор орж ээждээ би ирсэн
Үйлийн үрээр үйл бүрэлдэж
Үнэний хэлтэрхий болж ээждээн би ирсэн

Ээж минь тэгэхэд хайраа дэвсэж
Энэрэлгүй хорвоогоос хүүгээ харамлаж
Цан хүүрэг ид өвлөөр
Цагаан сүүгээ дуслуулан угтсан

Яс махнаас нь тасран унаж
Ял шийтгэл мэт зовоон ирсэн
Үрийн заяат тэнгэр ээждээ
Үр нь болж хайранд нь ургасан

Тиймээ ЭЭЖДЭЭ БИ ИРСЭН


Бүлээн

Tuesday, August 26, 2008

FM радиогийн мэндчилгээнүүд


* * *

Наадмын барилдаанаар 20 сая төгрөгний найраа амжилттай хийж, начин болсон найздаа зориулж УГЖ Жаргалсайханы дуулсан “Тамирчны алдар хямдхан олдоогүй” дуугаар ая баръя.
* * *
Хэвтэрт ороод удсан өвөөдөө зориулж “Хурд” хамтлагийн “Алив бос” дуугаар мэндчилгээ дэвшүүлье.
* * *
Цэнгэлдэх хүрээлэнд үүлэн чөлөөний нар шиг хальт үзэгдээд өнгөрсөн Ерөнхий сайд С.Баярт зориулж блогчин Idea-гийн зохиосон “Таны эзгүй наадам” шүлгээр бадаг өргөж байна.
* * *
Кальц дутагдсанаас ясны сийрэгжилтэнд орж яваа эмгэн буурал ээждээ зориулж дуучин Батсүхийн дуулсан “Жилээс жилд жижгэрсэн жаахан буурал ээж минь” дуугаар дуун хадаг баръя.
* * *
Хамгаас хайрт хадам ээждээ зориулж, СТА Баясгалангийн дуулсан “Ээжийг минь яаж гүйцэхэв дээ” дуугаар мэндийн ерөөл дэвшүүлье.
* * *
Гоо сайхны хагалгаанд орон давхраа хийлгэсэн найз Урангоодоо зориулж Амаржаргалын дуулсан “Давхраатай алаг нүд чинь ээ хө Даанчиг сайхан тормолзоно” дуугаар ая барьж байна.
* * *
Чихэндээ аппарат зүүсэн найзынхаа үерхдэг охинд нь хандаж “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” дуугаар мэндчилж байна.
* * *
Хурхирч унтдаг ахдаа зориулж Ш.Гүрбазарын үг, Л.Балхжавын ая “Хар дарахаас минь өмнө сэрээгээрэй” дууг зориулъя.
* * *
“Монгол шуудан” компанийн 30 жилийн ойг тохиолдуулан хамт олондоо “37 дахь захидал” дууг УГЖ Ариунаагийн дуулснаар хүргэж байна.
* * *
Сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн өрсөлдөгчиддөө зориулж нэр дэвшигч Б.Мөнхтуяа, Т.Ганди нараас дуучин Отгоогийн уулсан “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” дууг зориулсныг манай FM дамжуулж байна.
* * *
80 насных нь ой тохиож буй азай буурал өвөөдөө зориулж "Нисванис" хамтлагийн "Булш" дуугаар ая баръя.
* * *
Найрын ширээ засахаар нусаа хацартаа нааж үлдсэн дүү нартаа зориулж “Ерөөл-тэй орчлон” дууг УГЖ Баясгалангийн дуулснаар эгшигэн хадаг болгоё.
* * *
Хөдөөнөөс дөнгөж хотод орж ирсэн өвгөн эмгэндээ зориулж, хөгшин хүнд арай зөөлөн юм гэж “Люмино” хамтлагийн “Бамбалзана, бумбалзана” дуугаар мэндчилгээ дэвшүүлж байна.
* * *
Ганц худагийн урьдчилсан хорих төвд саатуулагдсан шинэхэн танилаа “Гэртээ ирлээ” дуугаар ая барин угтаж байгаа хэсэг хоригдлын хүсэлтийг манай радио уламжилж байгаадаа таатай байна.
* * *
Сүргийн манлай явсан сэтэр халзан сэрхэндээ зориулж, малчин эзнээс нь “Манлай явсаныг чинь мартахгүй” дуугаар ая дууны мэндчилгээ явуулжээ гэх мэт...

Эх сурвалж: http://addidea.blogspot.com

Friday, August 22, 2008

Чадвараа гэж...

Thursday, August 21, 2008

Tuesday, August 19, 2008


Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг.
Санах ойд орж ирсэн вирус ойр орчиноо шалгаж өөр "суучихаж" болох программ байгаа эсэхийг хайна. Хэрэв олдвол программыг өөрчилж вирусны кодоо нэмж бичнэ. Тэгсний дараа ачаалагдах ёстой программ ачаалагдна. Харамсалтай нь одоо вирус өөрийгөө vржvvлж, хоёр программ вирустлээ. Дараагийн удаад энэ хоёр программны аль нэгийг нь ачаалахад мөн л ижилхэн процесс явагдаж энэ нь цаашдаа давтагдна. Хэрэв энэ хvн вирустсэн файлаа ямар нэг санаандгүй тохиолдлоор бусдад өгөх буюу, сvлжээнд байрлуулсан тохиолдолд тэдгээр хэрэглэгчдийн компъютер дээр мөн л ижилхэн явдал давтагдна. Ингэж л вирус тархана. Вирусны тоо 1990 онд 200 – 500 байсан бол 1991 онд 600 - 1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000 - 2,300 virus, 1994 оны дундуур 4,500 - 7,500 virus, 1996 онд 10,000, 1998 онд 20,000 ялгаатай вирус байсан бол 2000 онд энэ тоо 50,000-ийг нэгэнт давжээ. Яагаад Вирус гэж нэрлэдэг вэ? Компъютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа төстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархадаг бол компъютер вирус нь компъютерээс компъютерт тархана. Нэлээд гунзгийрvvлээд vзсэн ч гэсэн мөн л төстэй байдлууд ажиглагдна. Биологийн вирус нь амьд зvйл биш юм. Эсээс ялгаатай нь вирусанд өөрийгөө vржvvлэх гэх мэт хийх янз бvрийн ажил байхгvй, учир нь энэ нь амьд зvйл биш. Гэхдээ биологийн вирус нь өөрийнхөө ДНХ-г эсэнд оруулж, тэр нь эсийн vржих бvтцийг ашиглан vржинэ. Компъютерийн вирус зарим талаараа дээрхитэй ижилхэн шинж чанартай байна. Компъютерийн вирус нь биелvvлэгдэхийн тулд бусад программын нуруунд зvvгдэж хамт ачаалагдна. Ажиллаж эхэлмэгцээ бусад программнуудад халдварлаж эхэлнэ.Эх сурвалж : www.orloo.com

Талибаны Дарангуйлал ба Хазара нарын Эрх Чөлөөний Тэмцэл


Хазара Байх нь Гэмт Хэрэг Биш

Афганистан дахь Талибан хэмээх айхтар зэрлэг балмад алан хядагч бүлэглэлийн талаар сонсоогүй, мэдэхгүй уншигч ховор буй за. Сонирхолтой нь Талибанууд нь бүгд л Пүштүн гаралтай хүмүүсээс бүрдсэн бүлэглэл аж. Талибануудыг Афганистаны засгийн эрхэнд байх үед иргэнийхээ паспортандаа үндэстэн ястан гэсэн заалтан дор өөрсдийгөө "Могул", "Могал", "Монгол" хэмээн бичдэг Хазара/Монголчуудын хувьд гашуун хувь заяа хүлээж байлаа. Гэсэн ч Хазарачууд өөрсдийгөө зөвхөн хувь заяандаа найдаад орхисонгүй, харин хувь заяагаа өөрсдийн тэмцлээр шийдэхээр шуударсан хэрэг. Чухам яг л энэ үед ард түмнийхээ төлөө амь амьдралаа зориулсан Баба Мазари хэмээх нэгэн Хазара эр тодорч "Хазара байх нь гэмт хэрэг биш, үндэстэн ястны тэгш эрхгүйгээр Афганистаны нийгэм оршин тогтонож чадахгүй" хэмээх алдарт үгээ хэлж ард түмнээ уриалан дуудаж зэвсэгт тэмцлийг гардан удирдсан юм. "Хазара байх нь гэмт хэрэг биш" гэнэ үү, зөвхөн энэ жижигхэн өгүүлбэрээс л уншигч та бүхэн Хазара үндэстэн хүмүүс ямаршуухан нийгэмд амьдарч, үндэстнийхээ хувьд ямаршуухан гадуурхал доромжлол дор байсан, байсаар буйг илүү тайлбаргүйгээр ойлгож байгаа буй за.

Энэ "Хазара" цувралын 1-р хэсэгт би ажил дээрээ нэгэн Пүштүн гаралтай залуутай таардгүй зөрчилтэй байсан тухай бичсэнийг уншигч та бүхэн санаж байгаа байх. Дауд хэмээх тэр залуу бас ч үгүй нэлээн боловсролтой түүх шашин сонирхон судалдаг нэгэн байсан ба нэгэн удаа Жак Вэдэрфөрдын “Genghis Khan and the Making of the Modern World” хэмээх Чингис хааны талаар бичсэн номыг өрөөндөө авчираад уншиж байхыг би харсан юм. Тэрвээр Чингис хаан, Монголчуудын талаар нэлээд сайн мэддэг байв. Би түүнээс нэг удаа "чухам ямар шалтгааны улмаас Пүштүн гаралтай олонхи Хазара хүмүүсийг үзэн яддаг вэ? " гэж асуусан юм. Монголын их гүрний байлдан дагуулалтын үед бид ялагдаж явлаа, одоо бид тэднийг Хазара/Монголчуудыг ялж өшөөгөө авч байгаа юм хэмээн баруун гарын нударгаа атган зангаж сэтгэл хөдөлсөн маягаар хэлж билээ. Үнэндээ тэр надад чухам яг л үнэнээ хэлсэн ба үнэхээр ч олонхи болсон Пүштүн хүмүүс яг л тийм сэтгэлгээтэй байдаг юм байна гэдгийг би ажиглаж мэдсэн юм. Афганистанд Пүштүн, Тажик, Узбек, Түркмен, Энэтхэгийн Сийк, Паеган шашинтай Балучи гээ л олон үндэстэн ястнууд оршин суудаг. Тэд хоорондоо зөрчилтэй, байлдаж тулалддаг л даа. Гэхдээ тэдний хоорондын зөрчил хэзээ ч Хазара Пүштүн хоёр үндэстний хоорондын зөрчил шиг тийм хурц, зуун дамжсан хорсол занал байгаагүй юм.

Талибаны гол удирдагч мулла Омар гадаадын сурвалжлагч нарт ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг: Миний хувьд, бидний хувьд, Пүштүн үндэстэн байна гэдэг бол хамгийн чухал, би өөрийгөө юу юунаас өмнө Пүштүн үндэстэн гэдгээр мэдэрдэг бөгөөд Пүштүн хүний эрх ашгийн төлөө тэмцэл бол миний хамгийн гол зорилго. Хоёрдугаарт би өөрийгөө Лалын шашинтан мусулман хүн гэдгээрээ мэдэрдэг. Би Афганистаны иргэн Афган хүн байна гэдэг бол миний хувьд гуравдугаарт тавигддаг асуудал гэжээ. Афганистанд олон жилийн туршид одоог хүртэл үргэлжилж байгаа иргэний дайн нь үндэстэн хоорондын дайн болохоос шашны урсгалуудын мөргөлдөөн биш юм. Үнэндээ Афганистанд болж буй байлдаануудын ихэнх нь Сунни шашинтай Тажик, Пүштүн, Узбекүүдийн хооронд болж байгаа юм.

Үүнээс үүдээд би нэгэн зүйлийг онцлон дурдах хэрэгтэй байх гэж бодож байна. Пүштүн/Талибан болон Хазара нарын зөрчил нь хоёр үндэстний хоорондын зөрчил болохоос шашны мөргөлдөөн биш юм. Хазаруудыг шиа шашинтан хэмээн ялгаварлан гадуурхдаг нь үнэн, гэхдээ энэ нь бол зүгээр л шалтаг буюу Англи хэлэнд ярьдгаар pretense, дайран дээр нь давс нэмсэн л асуудал. Мэдээж энэ лалын шашны шиа гэгч урсгалын ялгаа нь Пүштүнүүдэд сайхан далим болж бусад суни шашинтай, Пүштүн бус гаралтай Узбек Тажикуудыг Хазаруудын эсрэг турхирч чадсан талаар би өмнөх бичлэгтээ дурдаж байсан.

Хувь хүмүүс үзэл бодлоо бодитоор илэрхийлдэг. Уншигч та бүхэн Хазара Пүштүн нарын сайт, форум, хэлцүүдээр ороорой, youtube болон бусад видео цуглуулгуудыг сонирхоорой. Тэнд Пүштүн Талибануудаас Хазара хүмүүсийг үзэн ядах үзэл нь зөвхөн Хазар хүмүүсийн гадаад төрх, тэдний нийгэмд эзлэх байр суурь, гарал угсаанд (Монгол гаралтайд нь) нь чиглэж байдгаас бус, шиа шашинтайд нь болдог биш юм байна гэдгийг ойлгох болно. Эцсийн эцэст Пүштүн, Хазара нар адилхан Лал гэсэн нэг л шашинтай улсууд. Хазара Пүштүн/Талибан нарын зөрчлийн талаар уншиж судалж байхад тэдний зөрчил нь шашны ялгаа гэхээсээ илүү үндэстэн ястны ялгаа, хорсол занал өш хонзон юм байна гэсэн ойлголт надад баттай төрсөн юм.

Монголчуудын байлдан дагуулалтын үед Афганистан гэж улс огт сураггүй, Пүштүн гэж үндэстнүүд бүрэлдэн тогтоогүй байсан үе төдийгүй тэд Энэтхэг Пакистаны хязгаараар нүүдэллэн амьдарч Их Могул гүрэн, доголон Төмөр хааны захиргаадаар дамжин амь зууж байсан юм. Монголын их гүрний захиргаанд байсан аль ч улс гүрэн үндэстнүүд Монгол гаралтай хүмүүсийг өдий чинээ үзэн ядаж аль хэдэн зууны тэртээх ялагдалдаа хорсол агуулан өшөө авах гэх нь үгүй. Ямар ч тохиолд Пүштүн хэмээх энэ үл шалих нүүдэлчидийг Монголчууд солгой нүдээр харж, хоморголон устгаж онцгой алба гувчуур ноогдуулж тамлан зовоож байсан баримт байхгүй юм. Уучлаарай хүн төрөлхтөний түүх улс үндэстнүүдийн хоорондын зөрчил, ялалт ялагдлаар дүүрэн.


Афганистан дах Иргэний Дайн ба Хазара Овгуудын Нэгдсэн Тэмцэл


1890 ээд оны дайнд ялагдаж тусгаар тогтнолоо алдсан Хазарууд өөрсдийгөө “aри” гаралтай гэж үздэг Пүштүн тэргүүлсэн Тажик удаалсан үндэстнүүдийн хавчлага дарамтан дор олон арван жилийг бэрхшээлтэйгээр өнгөрөөж байв. Харин 1979-1989 онуудад үргэлжилсэн Зөвлөлт Афганистаны дайны үед дайтаж буй бүлэглэлүүд анхаарлаа дайнд хандуулсанаар Хазара нарт үндэстнийхээ хувьд гадуурхагдах асуудлаас түр зуур ч гэсэн "амсхийх" боломж олдсон аж. Энэ дайнд Хазара нар Афганы бусад үндэстнүүдийн адил зэвсэг барин Зөвлөлтийн түрэмгийлэгчидийн эсрэг дайтаж, гэлээ ч Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарч явсаны дараа Пүштүн, Тажикуудаар толгойлуулсан Мужахедууд засгийн эрхэнд гарч Хазара нарыг хавчин гадуурхах, хоморголон устгах бодлогоо үргэлжлүүлсэн юм. Ингээд 1989 оноос хойш Афганд үргэлжилсэн иргэний болоод, үндэстэн ястны дайнд Хазарачууд хүссэн хүсээгүй амь тэмцэн орох болсон бөгөөд, 1890 оны бослогоос хойш анх удаагаа нэгдсэн зохион байгуулалттай тэмцлийг явуулж 10,000 орчим хүнтэй Хазара дайчидын отрядыг байгуулж чухам л зэвсэг барин дайрсан болгонтой нь эсэргүүцэн дайтаж байсан юм. Дайтаж байгаа бүлэглэл болгон өөрсдийн гадаад дотоодын спонсоруудтай байсан зэр зэвсэг, хоол хүнс, хүн хүчний дэмжлэгийн баттай ар талуудтай байсан юм. Афганистантай хил залгаа орших улсууд бүгд л өөр өөрсдийн үндэстнүүдээ шууд дэмжиж байв. Пүштүнүүдийн ар талыг Пакистан улс (Пакистаны хүм амын 20% ийг пүштүн гаралтай хүмүүс эзэлдэг) дааж, Узбекууд мэдээж Узбекстанаас, Туркменууд Туркменистанаас, Тажикууд Тажикстан, Иранаас тусламж авч байсан ба, ганцхан Хазарачуудад туслах хэн ч байгаагүй гэдэг. Хазарачуудад хангалттай зэр зэвсэг байтугай, хэдэн цэргүүддээ өмсгөх гутал ч байхгүй байсан ба, хөл нүцгэн цэргүүд нь байлдаанд алуулсан, олзлогдсон дайсныхаа гутлыг тайлан өмсч зэвсэг хувцас хэрэглэлээр нь амь зогоож байсан гэдэг.

Иргэний дайны дундуур1994 онд Пакистаны Тагнуулын Төв Газрын шууд ивээлээр бий болсон Талибан "Шашны Сурагчид" хэмээх Пүштүн гаралтай хүмүүсийн бүлэглэл нь Хазара хүмүүст онцгой зэрлэг хандаж байв. Мулла Мухамед Омар гэгчээр удирдуулсан Талибанчууд 1996 - 2001 онд Афган орныг эрхшээлдээ байлгах хугацаандаа 100 гаруй жилийн өмнө Абдур Рахман гэгч яргачин эрийн явуулсан бодлогыг давтан явуулж Хазара нарыг үй олноор нь хөнөөж үндэстнийх нь хувьд ул мөргүй болгохыг хичээсэн юм.

Талибаны удирдагч нар Хазаруудыг бүр мөсөн үндсээр нь устгах нь Талибаны засгийн газрын бодлого гэж зарлаад тэдний удирдагчидын нэг Мулла Маноон Ниази радиогоор ард түмэндээ хандаж элсэн үгэндээ "Хазарууд бол лалын ариун шашинтнууд биш, тэднийг алж устгаж болно, тиймээс Хазара хүнийг алах нь ямар ч нүгэл биш " хэмээн ард түмнээ алан хядах үйлдэлд ил тодоор уриалж байжээ. Тэр мөн үргэлжлүүлэн Хазара хүмүүст хандаж "Хазара нараа, та нарт гарах гарц байхгүй, та нар дээшээ зугтвал бид хөлөөс чинь татаад унагана, доошоо орвол үснээс чинь зулгаагаад гаргана" хэмээн занажээ.

Хазарууд шиа хэмээх лалын шашны нэгэн урсгалд хамрагддаг талаар би урьд нь дурдаж байсан, тэгвэл шиа урсгалын гол төв гэж болох Иран улс нь Хазарануудад шашны талаасаа нэлээд нөлөөлсөн гэдэг. Иран улс Ирактай дайтаж байх үедээ үндэс угсаа, шашны үзэл бодлын улмаас нэн хавчигдмал байдалд байсан Хазара нарыг гарцаагүй байдалд оруулан галын шугам руу олноор нь илгээн амийг нь золиосолж байсан гэдэг. Тэгвэл Афганистаны иргэний дайнд Ираны талаас Хазара нарт бодит тусламж үзүүлээгүй ба харин өөрсдийн шиа удирдагч болох Хомейны хөрөгийг олноор нь илгээн доромжилж, харин гарал угсаа, хэл язгуур нэгтэй Тажикуудыг илтээр дэмжиж байсан баримт байдаг юм.

Хэдийгээр бүгд Монгол гаралтай гэгддэг боловч түүхийн өөр өөр үе шатуудад ирж суурьшсан, олон янзын овог аймгуудын нэр хоч зүүсэн тархай бутархай Хазара нарыг нэгтгэж нэгдсэн тэмцэлд оруулахгүйгээр амжилтанд хүрэхгүйгээ ойлгосон хэсэг нөхдүүд 1988-1992 онуудад Hizb-i-Wahdat буюу Islamic Unity (Лалын Нэгдсэн Нам) Вахдат хэмээх голдуу Хазар үндэстнүүдээс бүрдсэн улс төрийн нам байгуулж үүндээ Саыф (шиа шашны номлолын бүлэглэл, араб гаралтай гэгддэг цөөн тоот үндэстэн) хэмээх шиа шашинтай бусад цөөнхийг ч оролцуулжээ. Нэгдсэн зохион байгуулалтанд орсон чухам энэ л үеэс эхлэн Хазара нарын түүхийн цоо шинэ үе шат эхэлсэн гэж хэлж болох юм.

Энэхүү улс төрийн намыг үндэслэн байгуулагчидын нэг нь Баба Мазари (Баба - перс хэлэнд аав, эцэг гэсэн үг) хэмээх нэгэн Хазара эр байсан бөгөөд өнөөдөр Хазара нар чухам энэ л хүнийг Хазара үндэстний эцэг хэмээн үздэг ба чухам энэ л хүний ухаалаг удирдлага, шинэлэг бодлого, зоримог чадварлаг байлдааны ажиллагааны үр дүнд Хазара үндэстний нэр хүнд зөвхөн Афганистаны дотооддоо төдийгүй, мөн гадаадад өсч, Хазара/Монгол үндэстэн Афганистанд ямаршуухан үүрэг хүлээж, ямаршуухан байр суурьтай байх вэ гэдгийг олон улсын тавцанд мэдүүлсэн юм.

1992-95 онуудад Хазара нар Афганистаны бусад цөөн тоот үндэстнүүд болох Тажик, Узбекуудтэй хамтран Northern Alliance буюу Умардын Эвсэл байгуулж Пүштүн үндэстэн давамгайлсан засгийн газрыг түлхэн унагааж Кабул хотыг эзэлж авсан юм. Гэтэл муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэгчээр, адилхан амь тэмцэн хохирол амсан байж засгийн эрхийг авсаны дараа Ираны дэмжлэгийг авч цөөнх дотороо олонх болсон Бурханудин Раббани, Ахмад Шах Масуудаар удирдуулсан Тажикууд Хазара нарыг гадуурхан дорд үзэж, Хазара Вахдат намын төлөөлөл болон Хазара нараас шинэ газрынхаа бүрэлдхүүнд оруулаагүй байна. Чухам энэ л мөчийг алдвал ахин сэргэх боломж олдохгүйг ойлгон ухаарсан Баба Мазари цэргүүдээ аван хөдөлж Хазарууд голчлон оршин суух Кабул хотын баруун дуургийг эзлэн авч засгийн газрын эсрэг байлдахаас өөр аргагүй болсон юм.

Кабул хотын баруун дүүргийн хамгаалалтын тулалдаан олон сар үргэлжилсэн ба судлаачидын үзэж буйгаар хүч тэнцвэргүй уг байлдааны ажиллагаанд Хазара нар эрэлхэг зориг, байлдааны гайхамшигтай ур чадварын тод үлгэр жишээ болсон аж. Яг энэ үед Талибанууд Кабул хот руу довтолж эхэлсэн ба ёстой л гурвалжин дөрвөлжин байлдаан болон хувирчээ. Хазаруудыг байлдаад дийлэхгүйгээ ойлгосон засгийн газар Талибануудтай хуйвалдах мөн Вахдат намын дотоод дахь Хазар бус үндэстнүүдийг урвуулах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Ингээд 1995 оны 3-сард Талибануудын хүсэлтээр нэгдмэл фронт, эвсэл байгуулах гэрээ хийнэ гэсэн товтойгоор Хазарын удирдагч Баба Мазари өөрийн намын тэргүүлэгч болох 10 гаруй нөхдийн хамт Талибануудын товлосон газар очсон байна. Талибанууд хэлэлцээ хийхээр очсон Хазаруудын зэвсэгийг хууран авч бүгдийг нь баривчлаад тамлан алсан юм. Тэд Баба Мазариг Хазаруудын хамгийн нөлөө бүхий нөхөр гэж үзээд хамгийн хэрцгийгээр тамалсан ба дараа нь түүнийг нисдэг тэргэнд суулган дээшээгээ тултал нь хөөргөөд хад хясаатай газар луу гарган шидсэн аж. Хазаруудын үзэж буйгаар Баба Мазариг алах ажиллагааг Тажикуудын удирдсан засгийн газрын захиалгаар Талибанууд гуйцэтгэсэн гэдэг бөгөөд удирдагчаа алдсан Хазарууд төдөлгүй байлдааны чадвар нь буурч, мөн Вахдат намын доторхи Саыф хэмээх шиа шашинт араб гаралтай нөхдүүдийн урвалтын уршигаар Кабул хотын баруун дүүргийг засгийн газрын цэргүүдэд алдсан байна. "Үл шалих", хүч нимгэн, цөөн тоот Хазаруудад ялагдаж ихээхэн хохирол амссан засгийн газрын цэргүүд Кабул хотын баруун дүүрэгт жинхэнэ яргалал явуулж олон зуун Хазара иргэдийг алсан гэдэг ба зөвхөн нэг шөнийн дотор 800 гаруй энгийн Хазара иргэдийг алж устгасан гэдэг. Чухам энэ л үеэс дэндүү их гарз хохирол амсч байсан Хазарууд нэгдэн нэгэн удирдлага дор дайсандаа ямар ч өршөөлгүй тулалдаж байсан ба хүчийг хүчээр гэсэн бодлогыг баримталж эхэлсэн гэдэг.

Баба Мазарыг алдсан нь Хазаруудын хувьд нөхөшгүй гарз байсан юм. Гэлээ гэхдээ түүний эхэлсэн үйл хэрэгийг бусад нөхөд нь залгамжлан явуулж Карим Халили (Karim Khalili), Мохамед Мохакик (Mohammad Mohaqiq) зэрэг хүмүүсийн удирдлагын дор байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.

Баба Мазарыг оршуулах үйл ажиллагаанд Узбекуудын хамгийн гол удирдагч болох, Афганситаны улс төрд нөлөө бүхий генерал Рашид Достум хүрэлцэн ирсэн гэдэг. Хэдийгээр Хазара Узбекууд зарим талаар зөрчилддөг боловч гарал угсаа, газар нутаг, хэл заншлын хувьд ойр дөт гэж үздэг ба, тэд ойр дөт холбоотой байж зарим байлдааны ажиллагааг хамтран явуулдаг гэдгийг дурдах нь зөв байх гэж бодож байна.

Афганистан дахь олон улсын шинжээчидийн үзэж буйгаар Хазара нарын зэвсэгт отрядууд эрэлхэг зоригтой сайн байлддаг боловч тэд үргэлж зэр зэвсэг, сум хэрэглэл, ахуйн гачаалтай байдаг ба, Пүштүн, Тажик, Узбекүүдээс ялгаатай нь тэдэнд хүнд зэвсэг буюу их буу, танк, хуягт, байлдааны машин технолог огт байхгүй аж. Мэдээж тэдэнд хэн тийм зэвсэг өгөх вэ дээ, өөрсдөө л дайснаасаа олзолж авахаас бус.

Одоогоор Мэдэгдээд Буй Хазара нарыг Хоморголон Алсан Тохиолдлууд / Hazara Massacre


Талибануудыг засгийн эрхэнд байх үед голчлон гарсан Хазаруудыг хоморголон устгах бодлогын хэрэгжүүлэлт болох тэмдэглэгдсэн аллагуудаас дурдвал:

-- Masscre In Yakaolang, January 2001 --
Хэдэн зуу, мянгаар тоологдох Хазараг хоморголон хөнөөв.

Баривчлагдсан, олзлогдсон иргэдийг нэг газар бөөгнүүлж байгаад автомат буугаар шүрших, дунд нь бөмбөг дэлбэлэх, бөөнөөр нь байшинд чихэн оруулаад галдан шатаах, төмөр контэйнэрт чихэн хийгээд бүтээж алах зэрэг олноор нь хөнөөх хялбар аргачлалаар хэдэн мянгаар тоологдох Хазарачуудыг алж устгав.

-- Massacre At Robatak Pass, May 2000 --
Хэдэн зуун Хазара иргэдийг алж цогцсыг нь нуув

-- Afshar and Karteh Sahe Massacre 1993 --

Тухайн үейин Афганисатны ерөнхийлөгч Тажик гаралтай Раббани, Афганы бүх цэргийн командлагч Ахмад Шах Масуд нарын тушаалаар Кабул хотын баруун дүүрэгт оршин суух энгийн ардуудыг хоморголон алав. 24 цагийн турш үргэлжилсэн цуст аллагын улмаас мянга 1000 гаруй Хазара амь үрэгджээ.

-- Massacre in Mazar-e Sharif - August, 1998 --

Хазарууд олноор оршин суух Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазара зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибанууд хот руу дайрч энгийн оршин суугч Хазар үндэстнийг онцгойлон хоморголон алах үйлдлийг зохион байгуулалттай явуулсан ба тэд найман мянга 8,000 орчим Хазараг алж устгажээ.

-- Massacre of Hazaras in Bamyan Sept 1998 - May 1999 --

Бамян хотыг эзэлсэн Талибанууд хотын оршин суугч Хазара нарыг хоморголон алсан ба аллагад 1000 гаруй Хазара өртжээ.


Афганистан дахь Хазаруудын Өнөөгийн байдал

Хамид Карзайн удирдсан Афганистаны өнөөгийн засгийн газарт Хазарууд өөрсдийн цөөн тооны төлөөлөлтэй байгаа ба энэ нь Хазара үндэстний бүрэн эрхийг сэргээх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох тэмцэлд томоохон дэвшил болж байна гэж үзэж байгаа аж. Гэлээ гэхдээ Афганы тодорхой мужуудад Хазара Пүштүн нарын зөрчил хурцадмал хэвээр, зарим тохиолдолд зэвсэгт мөргөлдөөнд хүрсээр байгаа ба, Карзайн засгийн газраас Хазара Бэсүүд мужид болж буй мөргөлдөөнд Пүштүн гаралтай нүүдэлчин Коочи нарыг хүнд хөнгөн зэвсгээр хангаж байна гэсэн мэдээ сонсогдсоор байна. Мөн xэдэн сарын өмнө парламентийн гишүүн, Хазарагийн нэртэй улс төрч, командлагч Саыд Мустафа Каземи талибануудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэн билээ.Хазара нар голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй нь зүгээр л нэг жирийн асуудал мэт.

Одоогийн байдлаар Хазара нарыг хамгийн ихээр түгшээж буй асуудал бол талибанууд буцаж ирэх вэ, дараачийн засгийн эрхэнд ямар хүмүүс гарах бол, НҮБ-ийн энхийг сахиулах хүч хэзээ буцаж бол, олон улсын тусламжийн төсөлүүд Хазара нарт хүртэх болов уу?

Сонирхолтой Мэдээ: Залмай Хализад гэж хэн бэ?

Сонирхолтой нь Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) суугаа элчин сайд нь Афганы Пүштүн үндэстэн, Залмай Хализад (Dr. Zalmay Khalilzad) гэж хүн байдгийг дурдах хэрэгтэй байх. Дунд сургуулын хүүхэд байхаасаа Америкт ирсэн тэрвээр Америкийн Засгийн Газраас Перс, Ойрхи Дорнод дах асуудлуудыг шийдэхэд нэлээн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд одоогоор Америкийн засгийн газарт алба хааж буй хамгийн өндөр тушаалд байгаа лалын шашинтан хүн юм. Америк эхнэр авч нэр нөлөө бүхий болсон тэрэнд Бүгд Найрамдах Нам ихэд талтай байдаг ба БНН засгийн эрхэнд гарвал түүнийг төрийн нарийн бичгийн даргын том албан тушаалд тавьж болзошгүй ч гэж яригддаг. Тэрвээр одоогоор төрөлх Афган орныхоо дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Үүнээс юу харагдаж байна вэ? Одоогийн байдлаар пүштүн үндэстнүүд дэлхийн хамгийн хүчирхэг орон Америк болон, НҮБ-ийн талаас тулах түших хүнтэй, тэднээс дэмжлэг авах боломжтой гэж ойлгож болно.

Америк боловсролтой Пүштүн гаралтай энэ эр Афганситаны ерөнхийлөгч болсон тохиолдолд Хазар нарын байдалд ямараар нөлөөлөх бол? Ямар ч байсан Талибантай адилгүй, Карзайгаас дордохгүй байх байлгүй дээ гэж найдна.

Ямар ч тохиолдолд Монголчууд бид гарал угсаа нэгтэй, эзэн Чингисийн генийг хамгийн ихээр хадгалж үлдсэн гэгддэг Хазар нарыг гаргуунд нь хаяж, юу ч болсон огт сонсоогүй дүр үзүүлж болохгүй мэт.

"Үхэж үл болно" киноны трейлэр-2

Monday, August 18, 2008

"Үхэж үл болно" киноны трейлэр-1

Хазара Монгол болон Пүштүн нарын Зөрчилдөөн, Тэмцэл


"Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ" (When God created the donkey, the Hazaras wept) гэсэн хэлц үгийг Пүштүн хүмүүс хэрэглэх дуртай гэнэ. Би энэ үгийг сонсоод эхлээд нэг л сайн ухаж өгөхгүй байв. Уншигч та ч гэсэн чухам юу гэж байгаа юм болоо гэж гайхаж байж магадгүй. Афганистан оронтой танил хүмүүст бол энэ үгийг ойлгож ядаад байх юм үгүй л юм билээ л дээ. Энэ хэлц үг нь болохоор Хазара хүн зөвхөн боолын хөдөлмөр л хийх гэж төрсөн, тэдэнд өөрөөр амь зогоох арга байхгүй, тиймээс илжиг бий болно гэдэг чинь Хазар хүн хийх ажилгүй болж амь зогоох боломжгүй болж байна гэж тайлбарладаг гэнэ. Үнэндээ энэ нь Афганистаны сүүлийн 120 гаруй жилийн түүхийн бодит байдлаас тийм ч хол зөрөөтэй үг биш байсан бөгөөд өнөө үед ч утга агуулгаа алдаагүй байгаа аж.

18 зууны дунд үейиг хүртэл Хазарууд өөртөө засаглалтай байсан ба 1747 онд Пүштүн үндэстнүүд хаант улсаа байгуулахад цөөн тооны Хазара овгууд нэгдэн орсон байж болзошгүй гэж үздэг аж. Гэхдээ энэ нь өөр хоорондын тэмцэлтэй байсан зарим Хазар овгуудын хувьд улс төрийн зорилготой нэгдэл байснаас бодит харьяалал байгаагүй бөгөөд ихэнх Хазара овгууд 1893 оныг хүртэл өөртөө засаглалтай байсаар ирсэн аж. 1860 аад оноос Тухайн үейин Афганистан нь Орос Их Британ хоёрын сонирхолын бүсд орж хоёр их гүрний бодлогын өрсөлдөөний талбар болоод байсан аж. Их Британын хараат орон байсан Афганистанд хаан ширээний төлөө ширүүн тэмцэл явагдаж 1880 онд Британчуудын дэмжлэгтэйгээр Абдур Рахман хэмээх нөхөр хаан ширээнд суужээ. Эхэндээ Оросын авралд багтан Узбекстанд оргон зайлж тэнд 11 жил амь зуусан энэ Абдур хэмээх эр Англичуудын шууд тусламжтайгаар засгийн эрхийг авсан цаг мөчөөсөө эхлэн хамгийн түрүүнд Хазара нарын хүчийг сулруулах, улмаар тэднийг өөрийн захиргаанд бүрэн оруулах бодлогыг идэвхтэйгээр явуулж эхлэв. Түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр1880 оны дунд гэхэд нийт Хазара хүн амын ойролцоогоор тоологдох 500,000 орчим гэр бүлийн 300,000 орчим нь Абдур Рахманы шууд захиргаанд орсон байна. Абдур Рахман 1892 он гэхэд (улс төрийн аргаар, дайн тулаангүйгээр явагдсан бололтой) бүх Хазарастан нутагийг эрхшээлдээ оруулсан гэгддэг ба ингэхдээ тэрвээр Хазара хүмүүсийг онцгойлон дааж давашгүй алба гувчуур оноож, улмаар орон нутгуудад байнгын цэргийн хороо суурьшуулж Хазара нарыг байнгын зэвсэгт хяналтанд байлгах болсон байна. Энэ нь ч түүнд хангалттай санагдаагүй ба тэрвээр Хазара нарын овгийн удирдагч нар болон нөлөө бүхий хүмүүсийг баривчлан хорих, алах ажиллагааг эрчимтэйгээр явуулж эхлэв. Мөн тэрвээр суни шашинтай цөөн тооны Хазара нарыг шиа шашинтай олонхи болох бусадтай нь хагаралдуулан зэвсэгт мөргөлдөөнд хүргээд амжсан аж.

Хазара нутагт байсан Афганистаны засгийн газрын төлөөлөгчид, цэргийн анги нэгтгэлийн эрхтнүүд Хазара нарыг дарлан доромжилж, ер өтгөс, нялхас гэж үл ялган харгисалж, эрчүүдийг нь тамлан алж, эмсийг нь хүчиндэн бузарлан араатан мэт авирлах болжээ. Тэд янз бүрийн худал шалтгаар хүмүүсийг баривчлан яргалан тамлах янз бүрийн аргыг хэрэглэдэг байсан аж. Болсон үйл явдлаас зарим нэгэн жишээ дурдахад, Фархад хан хэмээх нэгэн цэргийн эрхтэн 6 Хазара эрийг алаад цогцсыг нь модноос дүүжлэн хатаасан ба өөр нэгэн тохиолд 4 эрийг модтой хүлээд мөчнүүдийг нь мориор оосорлон татуулан тастаж хаясан гэнэ. Бас нэгэн тохиолд хэсэг эрчүүдийг бурхныхаа өөдөөс нулимхыг тушаагаад, тушаалыг нь эсэргүүцлээ хэмээн амьдаар нь өлсгөлөн нохдод хаян өгч идүүлсэн байна. Хүлээтэй хүнийг нүцгэнээр нь улайсгасан чулуун дээр хэвтүүлэх, эрэгтэй хүний өмдөнд муур хийгээд муурыг нь өмднийх нь гаднаас цохин уурлуулж улмаар уурлсан муураар эрхтнийг нь идүүлэх гээд хүний санаанд оромгүй яргалалыг явуулдаг байжээ.



Тэсэхүйеээ бэрх байдалд орсон Хазара нар 1892 онд олонхийг хамарсан зэвсэгт бослого гаргасан юм. Бослого гарахад засгийн газрын төлөөлөгчид, Пүштүн үндэстнүүдээс Хазара хүмүүст хандах араатнаас доор авир шууд нөлөөлсөн юм. Абдур Рахманы үеэл болох Абдул Кодос хэмээгч өөрийн дагуул 33 Пүштүн цэргийн хамт нэгэн бага тушаалын Хазара толгойлогчийн гэрт нь зэвсэг хайна гэсэн шалтгаар очоод гэрийн эзнийг барьж хүлээд нүдэн дээр нь эхнэрийг нь олуулаа ээлжлэн хүчиндсэн байна.



Ийм аймшигт доромжлолыг үзсэн гэр бүлийнхэн нийлж байгаад гэмт хэрэгт оролцсон цэргүүдийг алаад зогссонгүй, ойр байсан цэргийн нэгтгэлийг устгаж зэвсэглэж авсан аж. Тун удалгүй цөөн тоотой босогчидыг дэмжиж нийт Хазаражат (Хазара нутаг) даяар бослого өрнөж, засгийн газрын цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулж эхэлсэн ба, пүштүнүүдийг цөмийг нь Хазара нутгаас хөөн гаргаж чадсан аж. Абдур Рахман босогчидыг дарахаар цэрэг илгээсэн боловч бут цохиулжээ. Байдал бишдэж буйг сайн ойлгосон Абдур хан Хазара нарыг бүр мөсөн дарахаар шийдэж улс даяар онцгой байдал зарлав. Хазар нарын бослогыг дарахад нийт иргэдийн хүчийг ашиглах нь түүнд хамгийн зөв байсан ба үүнийхээ тулд тэр Хазара нарыг буруу номтнууд гээд, буруу номтны эсрэг шашны дайн жихад (jihad) зарлаж, үүндээ суни шашинтай бусад үндэстнүүд болох Узбек, Тажик нарыг турхиран оролцуулсан аж. Буруу номтнуудыг алах нь диваажинд хүрэх хамгийн дөт зам хэмээн ухуулж, дайнд оролцогчидод Хазара нарын газар нутаг, эмс хүүхэдийг шагнал болгон өгөхөөр амалжээ. Ингээд 40,000 явган цэрэг, 10,000 морьт цэрэг, 100,000 зэвсэглэсэн энгийн иргэд болон Хазара нартай бэлчээр булаалддаг кочи овгийн тусгай отрядуудаас бүрдсэн асар том арми Хазара нарын бослогыг дарахаар гарчээ. Ивээн тэтгэгч Британы засгийн газар ч зүгээр суусангүй өөрийн тоглоомны хүн болох Абдур Рахман хэмээх энэ яргачинд зэр зэвсгийн тусламж үзүүлээд зогсоогүй байнгын цэргийн зөвлөхүүдээ илгээсэн аж.

Тулалдаан олон сар үргэлжилсэн бөгөөд босогчид гайхалтай тулалдаж Абдур Рахманы хүчийг хэд хэд бут цохисон боловч тооны олонд автан ялагдал хүлээсээр байсан юм. Хэдийгээр хүч суларсан ч эрэлхэг чадварлагаар байлдсаар байсан босогчидын гол хүч удалгүй хүнс, сум, зэр зэвсгийн гачаалд орж мөн босогчид дотороо хагаралдан нэгдмэл байлдаан явуулах чадвараа алдсанаас ялагдал хүлээжээ.

Абдур Рахман ялагдал хүлээсэн Хазарачуудыг маш зэрлэгээр шийтгэх тушаал буулган бослогод оролцсон орлцоогүй үл хамааран мянга мянган Хазара хүмүүсийг хоморголон алж толгойг нь тастан хэд хэдэн газар гавлын ясаар том овоонууд босгосон аж. Тэр үүгээр ч зогссонгүй Хазара хүмүүсийг албан ёсоор боол болгон зарлаж бослогыг дархад оролцсон хүмүүст боол худалдаалах эрх олгосон байна. Кабул, Кандахар, Кундуз гээд Афганистаны томоохон хотуудын зах дээр хэдэн мянган гав гинжтэй Хазара боолууд маш хямдхан үнээр худалдаалагдаж байсан ба зарим тохиолдолд Хазара боол ердөө л 10 хүүдий үр, буудай тариагаар л зарагдаж байжээ. Пүштүнүүдээс гадна Афганистаны хойд хэсэг болох Мазари Шариф хэмээх , Хазара Узбек нарын зэргэлдээ амьдардаг мужид Узбекууд Хазара овгууд руу довтолж хүчээр боолчилж байсан талаар мэдээ байдаг аж.

Хазара нарын гол хүчийг дарж ялалт байгуулсан Абдур 1893 оны 7-р сард Хазарастанд байсан өөрийн цэргийн захирагч нарт Хазара нарын овог аймагийн эрхтэн тушаалтнууд, шашин төрийн зүтгэлтэн, ер л Хазара нарын нэртэй зүстэй хэн бүхний нэр усыг цуглуулан бүгдийг нь гэр бүлийнх нь хамт Кабулд авчирах тушаал буулгасан байна. Энэ тушаалыг завхруулан Пүштүн цэргийн эрхтнүүд энгийн номхон зэвсэггүй Хазара хүмүүсийг баривчлан алж устгах балмад ажиллагаагаа улам идэвхжүүлсэн нь Хазара нарыг ахин зэвсэгт бослого гаргахад хүргэжээ. Босогчид ахин идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн ба, засгийн газарт захидал хүргүүлсэн байна. Тэд энэ захиандаа, Хазара нарыг хоморголон алах, тамлан зовоох, эмс охидыг нь хүчиндэх, Хазара хүмүүсийг боол болгон худалдах, дааж давшгүй алба татвар төлүүлэх, бурхан шашныг нь доромжлох нь тэсэхүйе бэрх бөгөөд засгийн газрын талд алба хааж байсан Хазара нар ч бас ялгаагүй ямар ч өршөөл үзэхгүйгээр харгислуулж байгааг эсэргүүцээд Хазарачууд боолчлолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой өгүүлжээ. Босогчид удалгүй хэд хэдэн амжилттай байлдааны ажиллагаа явуулж Хазарастаны ихэнх нутгаас засгийн газрын цэргүүдийг ахин хөөн гаргаад гол зам гүүрүүдийг боож стратегийн чухал газруудад шуудуу ухан хамгаалалт зохион байгуулж Кабул хот руу дайрах байлдаандаа бэлтгэж эхэлжээ.

Тун удалгүй Абдур Рахман "Хазара Хүмүүст Уриалах нь" захидалаа илгээсэн бөгөөд энэ захиа нь Хазара нарын эв нэгтгэлийг бутраах, тэдэн дунд хагаралдаан гаргаж байлдааны чадварыг нь сулруулах зорилгыг агуулсан байсан ба уг захиа нь тэр зорилгоо яг л биелүүлсэн аж. Хазарагийн зарим удирдагч нар, тухайлбал Мухаммэд Риза Бэг байлдааныг үргэлжлүүлэх нь өөрийн овгийг сүйрэлд авчирна гэж үзээд бусадтайгаа санал зөрөлдсөний улмаас засгийн газрын талд орж байлдсан байна. Засгийн газар энэ боломжийг ашиглан 1893 оны 4-р сард босогчидын эсрэг дайралтаа эхэлсэн боловч хэд хэдэн тулалдаанд ялагдан ихээхэн хохирол амсч байлдаан зун хүртэл үргэлжилсэн байна. Хазара нарын идэвхтэй байлдааны ажиллагаа нь Абдур Рахманыг цэргээ Хазарастанаас гарган босогчидын шаардлагыг хүлээн авч тэдэнтэй хэлэлцээр хийхэд хүргэсэн байна. Удаан харьцсаны эцэст, Хазара нар өөрийн бие төлөөлөгчидийг Кабул руу хэлэлцээ хийхээр илгээсэн ба, ингэхдээ нэлээд хэдэн Пүштүн гэр бүлийг барьцаанд авч үлджээ. Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал харилцан буулт хийсэн ба засгийн газраас Хазара нарын эрхийг хүлээн зөвшөөрсөн аж. Зэр зэмсэг, хоол хүнсээр байнга дутагдаж, мөн халдварт өвчинд олноороо нэрвэгдээд байсан ихэнх босогчид хэлэлцээрийн үр дүнг хүлээн авах нь зөв гэж үзээд байлдааны ажиллагаагаа зогсоосон байна. Гэсэн хэдий ч босогчидын зарим хэсэг тэмцлээ 1893 оны сүүлч хүрэл үргэлжлүүлсээр байсан аж.

Хазара нарын эрх чөлөөний төлөөх энэ тэмцэл бослого нь ерөнхийдөө 3 жил үргэлжилсэн гэж үздэг бөгөөд Абдур Рахманы засгийн газараас явуулсан энэхүү харгис харалган бодлого нь Хазара Пүштүн хэмээх хоёр үндэстний хоорондох өнөөг хүртэл үргэлжилж буй амь тавьсан зөрчилдөөний үндэс болж, зуун дамжсан гүн гүнзгий хорсол занал, үзэн ядалтыг бий болгосон юм.

Судлаачидын үзэж буйгаар Абдур Рахман Хазара нарын бослогыг дарахдаа хүн амыг нь аль болох цөөлөх бодлого барьж маш харгис хэрцгий үйлдэл явуулсанаас нийт хүн амын 62% хувийг алж устгасан буюу гадагш дүрвүүлсэн аж. Олон тооны Хазара хүмүүс Афганистанаас дайжин гарч тухайн үед Энэтхэгийн харьяа байсан Пакистан, болон хөрш зэргэлдээх Иранд суурьшсан юм. Мөн хөрш зэргэлдээх төв Азийн улсууд болох Түркменистан, Узбекстанд ч дүрвэн гарсан гэдэг. Чухам хичнээн тооны Хазара хүмүүсийг алж устгасан тоог гаргахад төвөгтэй ба тийм бодит тоо бичигдээгүй байдаг аж. Харин хүн амын 60% аас доошгүй хувь устгагдсан гэж үздэг нь нэлээд түгээмэл олны зөвшөөрсөн тоо юм. Хэрэвээ энэ 60% хувийг ойролцоо бодит тоо гэж үзээд, дээр дурдагдсан нийт Хазара айл өрх 500,000 гэсэн тоог оролцуулаад бодвол Хазара нарын хэлмэгдлийн тоог ойролцоогоор гаргаж болох юм. Лалын шашинтай айл өрхүүд нь харьцангуй өнөр өтгөн байдаг ба нэг өрхийг дунджаар 5 хүн амтай (мэдээж энэ бол бага тоо, лалын шашинтнууд олон эхнэр авч үр хүүхэд өнөр өтгөн байдаг нь одоо ч түгээмэл) гэж үзвэл багаар бодоход 2 сая 500 мянга буюу өнөөгийн манай улсын хүн амтай тэнцэх тооны Хазарачууд тэр үед Хазарастанд (Хазара улс) амьдарч байжээ. Үүнээс 60% хувь буюу 1 сая 500 мянган хүн нь 3 жилийн хугацаанд бослогын улмаас хядуулжээ.

Өнөөгийн Афганистан дахь Хазара хүмүүсийн лавтай тоог улс төрийн шалтгааны улмаас гаргахыг хүсдгүй талаар би түрүүчийн бичлэгтээ дурдаж байсан гэхдээ ямартай ч 3-6 сая хүн бий гэж үздэг. Энд би нэгэн сонин харьцуулалт хийх гэсэн юм. Манай Монгол улсын хүн ам 1920-30 аад онд яавч 600 мянгаас хэтэрхээргүй байсан гэдэг, гэтэл 80 гаруй жилийн дараа өдгөө бид 2.5 саяулаа. Ойролцоогоор 4.2 дахин өссөн байгаа биз. Хазара хүн амын бодит тооны талаар зүгээр нэг баримжаа мэдэхийн тулд, би цаг хугацааны хувьд ойролцоо үйл явдал, (Афганистан 1890-1900 аад оноос хойш буюу 110 гаруй жил, Монгол 1920-1930 аад оноос хойш 80 гаруй жил) амьжиргаа, нийгмийн дэвшилийн хувьд харьцангуй төстэй гэгддэг нөхцөл байдалд тулгуурлан Афганистан Монгол хоёр орны хүм амын өсөлтийг бүдүүвчлэн харьцуулж болох мэт гэж бодсон юм.

Хэрэвээ Монголын хүн амын өсөлтийн энэхүү хурдацыг тухайн үед Афганистанд 60% иа хядуулан амь гарсан 1 сая гаран Хазара хүмүүсийн тоогоор бодож үзвэл 110 гаруй жилийн дараа одоо Афганистанд хамгийн наад зах нь 4.2 сая Хазара хүмүүс байх ёстой байгаа биз. Хэдийгээр энэ тоог олдсон мэдээлэлдээ тулгуурлан тоймлон бүдүүвчлэн гаргаж ирсэн ч гэсэн, Хазара хүмүүсийн өөрсдийнх нь батлаад байгаа яаж ч байсан 4 саяас буухгүй хүн амтай гээд байгаа тоотой ойролцоо гарч байгаа юм. Мэдээж энэ тоо бол барагцаалсан тоо. Тухайн орны нийгмийн онцлог, эдийн засаг, улс төрийн байдал гээд олон зүйлийг оролцуулан байж хүн амын өсөлтийг тооцоолох л доо. Ямартай ч гэлээ бодит байдлаас хол зөрөхөөргүй барагцаалсан тоо гарч байна.

Миний л мэдэх нэг үндэстнийг үй олноор нь хоморголон алж үндэстнийх нь хувьд устгах гэж оролдсон аймшигт аллагууд дэлхий дахиний түүхэнд тоотойхон гарсан байдаг. Ийм аллагыг геноцид (genocide) гэж нэрлээд байдаг. Хүн бүхний мэдэх дэлхийн хоёр дугаар дайны үед Гитлер еврей нарыг, дэлхийн нэг дүгээр дайны үед туркууд армянуудыг хоморголон хэдэн саяар нь алж геноцид хийж байсан баримтууд бий. Гэхдээ энэ аллагуудад чухам хүн амынх нь хичнээн хувь үрэгдсэн талаар маргалддаг, Хазаруудыг алж устгасан шиг тийм нийт хүн амын талаас хол илүү 62% хувь байсан болов уу? 1890 ээд оны эхээр Хазара нарыг хоморголон алж үндэстнийх нь хувьд сөнөөх гэж сая хагас хүнийг алан гавлаар нь уул босгосон энэ аллагыг геноцид гэж үзэж болохгүй гэж үү? Харин яагаад энэ тухай дэлхий нийт байтугай, Хазара нарын ахан дүүс нь болох Монголчууд бид ч мэдэхгүй байна вэ? Би энэ асуултанд өөрөө хариу өгөх шаардлага байхгүй, харин энэ өгүүллийг энэ мөр хүртэл уншсан уншигч та бүхнийг ойлгож мэдэж байгаа гэж бодож байна.

1890 ээд оны Хазара нарын зэвсэгт бослого нь зохион байгуулалттай эв нэгдэлтэй эрх чөлөөний тэмцэл гэхээсээ илүү, арга үгүй байдалд орсон хүмүүсийн сулхан холбоос бүхий амь тэмцсэн тэмцэл байсан юм.

Болсон үйл явдлуудыг тодруулан уншиж байхад, Монголчууд бидэнд түгээмэл нэг ажиглагддаг гэдэг асуудалд нэгдмэл бус, бие даасан байдлаар ханддаг тэр байдал бас л ажиглагдаж байсан ба бослого дарагдсан гол шалтгаан нь Хазара нарын дотоодын зөрчилдөөн, овог аймгуудын хуваагдмал байдал, бие биенээсээ урван тэрслэх асуудлууд байсан юм.

Хазара нарын эрх чөлөөний төлөөх зэвсэгт бослого дарагдаж, боол болон зарагдаж эхэлсэн тэр үеээс л эхлэн Хазара үндэстнүүд Афганистаны нийгмийн ёроолд шидэгдэж, бусад гол үндэстнүүд болох Пүштүн, Тажик, Узбекүүдэд нүд үзүүрлэгдэн амь зогоох болсон ба тэднийг ялгаварлан гадуурхах асуудал өнөөг хүртэл Афганистаны нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа юм.

Хазара нарыг боолчлох асуудлыг 1921 онд дээр дурдсан Абдур Рахманы ач хүү Афганистаны шах Аманула (Shah Amanullah) албан ёсоор хорьсон боловч зарим Пүштүн хүмүүс боолчлолыг хэдэн жилийн турш үргэлжлүүлсээр байсан аж.

1940 өөд онд Захир Шах хэмээх баруунд боловсрол олсон Пүштүн эр хаан болоод Хазара хүмүүст онцгой татвар ноогдуулсаныг эсэргүүцэн, Хазара нар ахин зэвсэг барин босч засгийн газрын цэргүүдтэй байлдсан ба, үр дүнд нь онцгой татварыг хүчингүй болгож чадсан байна.

Мөн 1930-40 өөд оноос эхлэн Хазара нар "Афганистан дах Монгол Үндэстнүүдийн Холбоо", "Дундад Азын Монголчуудын Нийгэмлэг", "Лалын Шашинтнуудын Эв Нэгдлийн Холбоо" зэрэг нэртэй нийгэм улс төрийн зорилго агуулга бүхий эвсэлүүдийг байгуулан нэгдмэл тэмцлийг бий болгох арга замыг хайж эхэлсэн юм.

Монгол түмний минь мах цусны тасархай Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь зохиолт ард түмний сүүлийн зуун хорь гучаад жилийн түүх нь цус нулимс, дарлал доромжлол, ялалт ялагдалаар дүүрэн гашуун боловч баатарлаг тэмцлийн түүх юм. Энэхүү түүх яг өнөөг хүртэл, уншигч таны энэ мөрийг гүйлгэн харах тэр мөчид хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг сануулж байна.

Ер нь түүхээс харж байхад 1890 ээд оны эхээс 1930 аад оныг хүртэл дэлхийн өнцөг буланд таран орших Монгол үндэстнүүдийн хувьд хамгийн хүнд хэцүү, үндэстнийхээ хувьд мөхөж болох тийм үе байсан юмуу гэж бодогддог юм. Үнэндээ бол Монгол улс, Монгол үндэстнүүдийг мөхөж үгүй болно, тийм нөхцөл бүрдээд байна хэмээн үзэж байсан судлаачид шинжээчид байсаар байсан юм. Тэр үед үнэхээр тийм нөхцөл байдал бүрдээд байсан байж ч болно, тийм бол өнөөдөр Монгол улс байж л байна, дэлхийн өнцөг булан дахь Монголчууд улам олон болсоор л байна. Магадгүй, өнөөдөр бид үндэстнийхээ хувьд түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үеэ өнгөрөөж ахин сэргэн мандах тэр эрин үедээ ороод явж байж ч болно. Яг үнэндээ тийм ч байх гэж найдаж байна.


Үргэлжлэл бий ...

Friday, August 15, 2008

Дэлхийн хамгийн хурдтай график карт


Таны гар өндөр хүчин чадалтай график карт авах гээд загатнаж байна уу? Хэрэв тийм бол AMD HD 4870 X2 видео гарт таньд таалагдана. Одоогийн зах зээл дахь хамгийн хурдтай энэхүү график карт нь 2.4 teraFLOPS ийн хүчин чадалтай юм. Хэрэв та үүнээс арай хямд мөн хурд нь гайгүйг авахаар сонирхож байгаа бол ATI Radeon HD 4850 X2 ийг сонгоорой. 2 уулаа PCIe 2.0 стандарт дээр суурилсан ба 2гб ийн GDDR5 санах ойтой ба дүрсний хамгийн өндөр чанарыг таньд мэдрүүлнэ.

55nm фабрикэйшн технологийг ашигласан ба DirectX 10.1 ийг дэмжинэ. ATI Radeon HD 4870 X2 ийн онцлог нь клок хурд нь 750MHz ба 1600 стрим процессортой.

ATI Radeon HD 4870 X2 нь $549 ийн үнэтэй ба ATI Radeon HD 4850 X2 нь $400 ийн үнэтэй. 9 сараас эхлэн худалдаанд гарна.

Thursday, August 14, 2008

Хазара Монголчууд гэж хэн бэ?





Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгүй л явж. Харин хоёр жилийн өмнө ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь заяатай хүмүүсийн талаар илүүтэйгээр сонирхох эрмэлзлэл төрүүлсэн юм. Би нэгэн компанд шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бүлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Даууд (Daoud) гэх бөгөөд 1.86 см орчим өндөртэй, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон "сүрлэг" эр байв. Дауудын аав нь 70-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зөвлөлтийн Цэрэг Афганистанд орох үед Америкт дүрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хүн амын ихэнхийг эзэлдэг гэх Пүштүн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж өөр өөрөөр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: "Өө, чи бол яг л Хазара байна" гээд, ер нь Хазар болон Монголчууд бол нэг л хүмүүс шүү дээ гэж надад ойлгуулахыг хичээж байсан юм. Хазара болон Монголчуудын гарал үүслийн талаар түүний хэлсэн нь үнэхээр тийм ч хол зөрөөтэй үг биш бололтой.

Хачирхалтай нь, тэр намайг Монгол гэж мэдсэнээсээ хойш надтай нэг л үл тоомсорлосон шинжтэй харьцаад байх шиг надад санагдаад байв. Мэдээж түүний энэ хандлага миний сониуч занг зүй ёсоор татаж байв. Хазара хүмүүсийн талаархи мэдэх бага зэрэг мэдлэгтээ түшиглэн, би түүнтэй зарим үед яриа дэлгэж бага багаар Пүштүн Хазар гэх хоёр өөр үндэстнүүдийн зөрчлийг яриулж аль болох их зүйлийг мэдэхийг оролддог байв. Гэсэн хэдий ч хувийн харьцааны хувьд бид хоёр бие биендээ төдий л сайнгүй байв. Уг нь нэг их сүртэй биш л дээ, "чи өнөөдөр яасан их гангараа вэ" ч гэх юмуу, тийм нэг ажлын байранд үл зохицолдох зүйл хэлэх, эсвэл асуусан асуултанд үл тоомсорлосон маягаар хандах хандлага гаргадаг байсан юм. Ер нь иймэрхүү үл шалих асуудлыг тэгэсгээд тоомсорлолгүй өнгөрөөж болох л доо. Хамгийн гол нь түүний зүгээс надад хандах иймэрхүү харьцааны үндэс шалтгаан нь ердөө л би Монгол (Хазара) хүн байсанд л байсан юм. Чухам энэ л асуудал надад нэг жаахан "юм" бодогдуулаад байв.


















Ажилд ороод удалгүй зохион байгуулалтын өөрчлөлт орж ажил үүргийн хувьд Даууд надаас зарим талаар хамааралтай болов. Мань хүн үнэндээ ажил мэргэжлийн хувьд тийм ч гаргууд нэгэн байсангүй, тиймээс ч манай босс түүний ажлыг ихэд голдог байв. Хэдийгээр би хүнд муугаар хандья гэж бододгүй түгээмэл, Монгол "тэнэгдүү" зантай нэгэн боловч, энэ удаа би түүний тэр үл тоомсорлох гэсэн өчүүхэн оролдлогыг нь дарахаар шийдэж надааар дамжиж ирсэн Дауудын ажлуудыг шалтаг олон голж буцаан босс-доо давхар мэдэгдэж и-мэйл явуулдаг болов. Мань хүн ч даргаас хэд хэдэн удаа банга хүртэж эвгүй байдалд орсон бөгөөд би далим гаргаж түүний өрөөнд нь нэг удаа орж хаалгыг нь хааж байгаад "Чи жаахан аятайхан байгаарай" гэж хэлээд ажил төрлийнх нь талаар ч, бас хувийн харьцааных нь талаар ч түүнд сануулга өгсөн юм. Үүнээс хойш Даууд байдлыг ойлгож надтай маш эеэлдэгээр харьцдаг болсон юм.

Өнгөц харахад бид хоёрын харьцааны энэ асуудал ажил дээрээ таардаггүй хоёр нөхөрийн зөрчилдөөн мэт боловч үнэндээ тийм биш, нэлээд гүн гүнзгий агуулгатай, Пүштүн Хазара хэмээх хоёр үндэстний гүнзгий зөрчилдөөний нэг хувилбар байсныг би тэхэд мэдэж билээ.

1890 он орчмоос Хазара үндэстнүүд Афганистаны засгийн эрхийг барих Пүштүнүүдэд бүх эрх мэдлээ алдан боолчлогдсон бөгөөд, өнөөг хүртэлх 110 гаруй жилийн турш дарлал доромжлол, харгислалын дор хоморголон устгах аймшигт бодлогод өртсөөр иржээ. 21 зуун, 2008 он гэх өнөө үед ч ихэнх Хазара нарын хувьд өнөөгийн нийгмийн “боолын” гэж болох хөдөлмөр эрхлэн амь зогоох нь сонголтгүй, ганцхан хувь заяа байсаар ирсэн юм. Тиймээс ч Пүштүн Хазара нарын хооронд зөвхөн “эзэн, албат” - ын харьцаа л байдаг аж. Ингээд бодохоор Афганистан дахь Хазара нарын бодит байдал ямар байгаа бол гэж бодогддог байв.

Хэдийгээр Америкт багаасаа өсч боловсрол олсон боловч Даууд яг л тэр Афган сэтэгэхүйнийхээ өнгө аясыг энд Монгол хүнд гаргах гэсэн нь үнэхээр тэнэгдүү оролдлго бөгөөд үүнийг тэдний зүгээс Хазара хүмүүсийг хэрхэн үздэгийн илрэл гэж үзэж болно. Бодвол тэдний хувьд Хазара (Монгол) хүн л харах юм бол ингэж үл тоомсорлон харьцах нь зүгээр л "сураар боож болдгүй сурсан зан" байсан байх л даа. Харин энэ удаа Дауудын аз дутахад, түүнтэй таарсан Хазара нь нэн зөрүүд мугуйд нэгэн Монгол байсан ба үл хүндэлсэн асуудлыг зүгээр нэг анзаараагүй мэтээр өнгөрөөдгүй байх нь гэдгийг тэр ойлгосон юм.

Ингээд би энэ нийтлэлийнхээ үндсэн агуулга болох Хазара хэмээх өвөрмөц бас өрөвдөлтэй хувь заяатай ард түмний талаар товчхон өгүүлье.

Олны дундах түгээмэл ойлголтоор бол Афганы төвөөр нутагтай Хазара хэмээх энэхүү Ази төрхтэй хүмүүс нь манай эзэн Чингэс хааны байлдан дагуулалтын үеэр дундад Ази, Перст (Иран) үлдсэн Монгол гаралтай хүмүүс ажээ..

Эдгээр хүмүүсийн талаар барууны эрдэмтэд 19-р зууны дундаас бага зэрэг судалж байсныг эс тооцвол дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд энэ нь харьцангуй цөөн тоотой, улс төр эдийн засгийн хувьд нэн хавчигдмал оршин тогтож буй эдгээр хүмүүсийг үл хайхрах, тэднийг бусдын нүднээс далд байлгах, түүх гарал үүслийг нь мартагнуулах гэсэн эрх зүй эдийн засаг, уламжлалын сонирхол бүхий Афганистаны засгийн газар, эрх баригчидын цэгц нягт, төлөвлөгөөт бодлогын хэрэгжүүлэлт юм.

Дундад ази, ойрх дорнодоор тархан суурьшсан өндөрдүү хамартай, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон нөхдүүдээс Монголжуу дүр төрхөөрөө эрс ялгарах Хазара нарын гарал үүслийн талаарх судалгаа нь үндсэндээ хоёр чигийг заадаг аж. Үүнд:

1. Хазара нар нь 13-р зууны эзэн Чингис хааны байлдан дагуулалтын үеэс үлдсэн цэргүүдийн удам. Хазара хэмээх үг нь Мянга гэсэн Перс үг бөгөөд энэ нь Монголын армиас тухайн үейин Хорезмийн нутагт үлдсэн Мянгат цэргийн нэгж гэж тайлбарлажээ. Ихэнх судлаачидын үзэж буйгаар Хазара нь Монгол Түрэг угсааны хүмүүс аж.

2. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө одоогийн Афганистаны нутагт Буддын шашинтай Ази дүр төрхтэй хүмүүсийн Кушан хэмээх гүрэн оршин тогтож байсан бөгөөд, эдгээр хүмүүсийн удам угсаа нь 13 зуунд Монголын байлдан дагуулагчидын эсрэг тулалдаж ялагдан улмаар Монголчуудтай холилдон Хазара үндэстнийг бий болгосон. Дашрамд дурдахад, 2001 онд Афганистаны Бамяьанд талибанууд 2000 жилийн настай гэгдэх дэлхийн хамгийн том Будда хөшөөг устгасан бөгөөд учир нь энэ хөшөө Хазара хүнтэй төстэй байснаас болсон гэдэг.












Юутай ч гэлээ өөрсдийн гарал угсаагаа заахдаа энэ онолыг баримтлах нь Хазара нарт эрх зүйн хувьд нэлээд ашигтай юм. Учир нь хүн амын ихэнхийг эзэлдэг Пүштүн, Тажик нарт "гадныхан" хэмээн хавчигддаг тэд өөрсдийгөө нутгийн уугуул иргэд гэж үзэх үндэслэл бий болгодог хэрэг. Сонирхолтой нь, Афганистаны түүхэнд Пүштүн үндэстнүүд нь бүүр сүүлд 18-р зуунаас эхлэн өмнөөс зүгээс, Пакистан, Энэтхэгийн нутгаас хойшоо нүүдэллэж одоогийн Афганистанд ирж суурьшсан аж.

Хазара Хэл

Хазара нар Хазаражи хэмээх хэлээр ярих ба энэ нь дари хэлний нэг аялга мэт бөгөөд, перс, Монгол, Турк үгсийн нөөцөөс бүрдсэн өвөрмөц хэл аж. Энд сонирхолтой нэгэн явдлыг дурдахад: Халимагын Үнэн сонинд мэдээлсэнээр ("Хальмг Yнн" № 66-67 (14286-14287), 03.04.2003) Зөвлөлт Афганы дайны үед Афганд цэргийн алба хааж байсан Халимаг эр Петр Кукудаев 1981 оны 10 сард нөхдийн хамт ууланд тагнуулаар яваад нэгэн Хазара сууринд ирсэн бөгөөд тэдэнтэй нутгийн ямар ч хэлээр яриад ойлголцоогүй атал эх Халимаг Монгол хэлээрээ ярьж харилцан ойлголцож байжээ. Ганцхан энэ жишээ ч бус, бас өөр нэгэн төс бүхий нийтлэл Оросын "Незавысимая Газета" сонинд гарсан байсныг би уншиж байсан. Хазара хэл нь хэл судлаачидын хувьд үнэлэшгүй олз бөгөөд, чухам Хазара хэлнээс л эртний Монгол хэл аялгыг сонсож болох боломж байж болох юм. Би Афганистанд амьдарч байсан нэгэн Америк хүнтэй захидлаар харьцдаг байсан бөгөөд түүний хэлж буйгаар 1990 оны эх хүртэл Афганистаны Херат уулын бэлээр яг Монгол хэлээр ярьдаг 60 орчим гэр бүл байсаар байсан гэж хэлж байсан. Миний бодлоор бол эдгээр хүмүүс одоо болтол байсаар байх боломтой бөгөөд, тэднийг олж 13 зуунаас хойш нэг их өөрчлөгдөлгүй үлдсэн байж болзошгүй тэр эртний Монгол хэл, соёлыг нь судлах нь нэн сонирхолтой бөгөөд чухал асуудал юм.















Хазара Шашин

Хазара нарын ихэнх нь лалын шашны шиа урсгалыг шүтдэг бөгөөд, энэ нь Афганистаны бусад ихэнх үндэстнүүдийн шүтдэг Суни урсгалтай зарим талаар зөрөлддөг аж. Пүштүн нар Хазара нарыг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлэхдээ Хазара нар буруу шашинтай "шиа" нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг аж.

Хазара Газар Нутаг

1880-аад оныг хүртэл Хазара нар Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Пүштүнүүдэд газар нутгийнхаа ихэнхийг алдаж, өөрсдөө Афганистаны уулархаг үржил шим муутай газар луу шахагдан суурьшжээ. Тооны олноор түрий барих Пүштүн үндэстнүүдээс Хазара нарын газар нутгийг булаан авах явдал үргэлжилсээр байгаа ба яг өнөөдөрийн байдлаар Пүштүний Кучи (Kuchi, Koochi) овгийн нүүдэлчид Хазара Бэсүүд овгийн нутагт түрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж, зарим нэгэн хэсэгээр зэвсэгт мөргөлдөөн болсон байна.





















Хазара Хүн Ам

Хазара хүн амын тоо нь яг тодорхой бус бөгөөд, улс төрийн шалтгааны улмаас Афганистаны хүн амын 8-9% гэгддэг байсан боловч яг үнэндээ 16-25% хувь орчим буюу 4-7 сая хүн бий гэж үздэг аж. Үндсэндээ Афганистаны төв, баруун, хойд зах болох Кабул, Мазари Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсүүд гээд овгуудын нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг.

Хэл, угсаатны зүй судлаачидын хувьд маш сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури (Цахар ч юм билүү:-) ) зэрэг олон овог аймгуудын талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд үзэх миний мэдлэг хүрэхгүй нь харамсалтай.

Хазара гэж нэрлэгддэггүй боловч, Хазарануудтай нэг төрөл болох Аймаг (Aimaq), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай хүмүүс бас байдаг аж. Энэ нь Хазара нарын үзэж буйгаар 1880-1890 ээд онуудад Пүштүн Хазара нарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Пүштүн нар Хазара нарын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бүгдийг нь Хазара гэж дуудахгүй харин өөр өөр нэрээр нь дуудах болсонтой холбоотой гэнэ.

Юутай ч гэлээ, судлаачидын үзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дэх Ил хааны хэмээх, Толуйн хүү Хулэг хааны Монголчууд, мөн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бүрдсэн бололтой.

Үргэлжлэл бий!

Сонирхосон хүмүүс
“The Kite Runner” by Khaled Hosseini
“Kabul Express” by Kabir Khan
ном кинонуудыг үзэж сонирхвол Хазар хүмүүсийн амьдрал ахуйтай зарим нэгэн талаар илүүтэй танилцах болно.