Saturday, April 19, 2008

Монгол элэг нэгтнээ урин дуудах цаг болжээ



Tүүх судлаач, доктор (Sc.D) O.Батсайхан

ХХ зуунд дэлхийн их гүрнүүдийн зүгээс явуулсан бодлогын уршгаар (томоохон дайн, үзэл суртлын сөргөлдөөн гэх мэт) олон үндэстэн хуваагдмал оршиж, нэгэн өрх гэрийн ахан дүүс хилийн торон хөшигөөр хязгаарлагдснаар үндэстэний зан заншил соёл, хөгжил тэр л хэмжээгээр хоцрогдож байлаа. Шинэ зууны босгон дээр герман, вьетнам зэрэг үндэстнүүд эл асуудлаа бүрэн шийдвэрлэж чадсан бол солонгосчууд ямар ч байсан ойрын ирээдүйд шийдэх зам тавьж чаджээ. Харин ийм үндэстний тоонд багтах монгол үндэстэн энэ талаар ямар нэгэн алхам хийж чадаагүй байгаа юм. 1915 оны хятад, орос, монгол гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол хэмээх нэгэн айл ар, өвөр монгол, танну урианхай, буриад гээд нилээд олон хэсэг хэрчигдэж, монгол угсаатны гал голомт зөвхөн халх монголын нутаг дээр л үлдэж хоцорчээ. Тиймээ ХХ зуунд Монгол улс зөвхөн хязгаарлагдмал хүрээнд ч гэсэн үндэстнийхээ гал голомтыг сэргээх сайхан боломж олдсон явдлыг үгүйсгэхгүй байна.

Гэвч Монгол үндэстэн удаан хугацааны турш ийнхүү хуваагдмал байх явдлыг 1945 оны дэлхийн гурван гүрний Ялтын гэрээгээр баталгаажуулжээ. Халх Монголын нутаг дээр үлдсэн монголчуудын тоо даанч цөөн байлаа. Энэ асуудалыг ХХ зууны эхээр Монголын төрийн зарим удирдагчид, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтнүүд ойлгож байсан учраас Монголыг бие даасан, нейтральная олон улсын хамгаалал дор орших дундад азийн Швейцарь лугаа адил улс болгохын чухлыг онцлон тэмдэглэж байлаа. (Элбэгдорж Ринчино Великие державы и независимость Монголии – Элбек доржи Ринчино о Монголии Улан Удэ 1998, с.24) Хориод онд Ж. Цэвээн авгай Монгол улс бол «СССР, Хятад хоёр улсаас баталсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн төвийг сахих улс болох хэрэгтэй. Энэ нь үлгэрлэвээс Швейцари улс лугаа адил болой» хэмээн бичжээ. Тэрээр Монгол төвийг сахисан орон болохдоо халх Монголын нутаг дээрээ монгол үндэстнийг цуглуулах санал агуулж байв. Энэ нь умард, өмнөд хоёр их хөршид Нармай Монгол байгуулах хэмээсэн адил сонсогдсон учраас хэрэгжээгүй билээ. Ийнхүү Монгол үндэстэн ХХ зууны турш хуваагдмал оршиж, шинэ зуунтай учрав. Монголчууд өнөөдөр хөгжлөөр буурай, хүмүүс маань ядуу зүдүү амьдарч байгаагийн нэг гол гогцоо бол бид дэндүү цөөхөн байгаа явдал хэмээн би боддог юм.

ХХ зуунд Монголд гурван их хөдөлгөөн хувьсал гарчээ. Энэ хувьсал болгоны дараа Монголын гал голомтоос түүний шилдэг уураг тархи нь гадагш гоожиж байсаныг эдүгээгийн өндөрлөгөөс харахад ойлгомжтой бус уу. Үүнийг оросоор утечка мозгов хэмээн нэрлэдэг билээ. Монголоос бусад үндэстнүүд аливаа эргэлтийн дараа гадагш гарсан шилдэг охид, хөвгүүдээ ямар нэгэн замаар буцаан татаж чадаж иржээ. Гэвч бид тэгэж чадаагүй, одоо ч энэ талаар ямар нэгэн алхам хийж чадаагүй л явна. Хэрэв бид өнөөдөр ямар нэгэн алхам хийж чадахгүй бол монголчуудын хөгжил, эв нэгдэх асуудал цаг хугацааны хувьд улам л алслагдан бүдгэрч, бололцоогүй шахам болох буй за.

Хүн ам маань цөөн, алслагдсан нутагтай, хоёр талаасаа хаагдмал ертөнц өөрөө монголын хөгжлийн үндсийг хааж байна. Хоёр их гүрэн шууд бидэнд монголчуудыг хавчих бодлого явуулаагүй, явуулахгүй нь ч ойлгомжтой. Гэвч ийм түгжигдмэл байдалд байх нь Монгол улс өөрөө урт удаан хугацааны туршид оршин тогтнох нөхцлөө алдахад хүрэх юм. Энэхүү түгжигдмэл, хөгжлөөр буурай байдлаас гарах нэг зам бол монголчуудын тоог өсгөн нэмэгдүүлэх явдал хэмээн үзэж байна. Чингэхдээ бидний хүн амаа өсгөх үржүүлэх бодлогыг хэт тооны хойноос бус шинжлэх ухааны үндэстэй чанарын өсгөлт явуулахыг чухалчлахаас гадна дэлхийн олон улсуудад буй монголчуудаа эх гал голомтонд нь урин дуудаж ирүүлэх талаар эр зориг гаргах цаг болжээ.

Мэдээжийн хэрэг нас, боловсрол, ургийн түүх гээд олон зүйлийн шалгуур гаргах хэрэгтэй болохыг хэлэх юун. Зарим талаар хөхүүлэн дэмжих бодлого ч байж болно хэмээн санана. Өнөөдөр бид гаднаас мөнгө л гуйж алга тосож байна, тэгвэл тэр мөнгөө хэрэгтэй юманд зарах аваас Монголын ирээдүйд тус нэмэр болох сон гэж бодно. Мэдээж аливаа зөв шийдэл нь сөрөг үр дагавар дагуулж болох авч, улсынхаа хүн амын өсөлтийг шинжлэх ухааны үүднээс хөгжлийн зохистой түвшинд хүргэх нь даяарчлалын эринд монголчуудын хийж болох нэг том алхам юм хэмээн үзэж энэ талаар саналаа өчихөд ийм буюу. Мөн эл асуудалтай холбогдуулан зөвхөн ХХ зууны Монголын төрийн удирдагчдын энэ талаар явуулж байсан бодлого үйл ажиллагааг судлаж, сургамж авах нь илүүц бус хэмээн үзэж байна.
Дээр дурьдсан түгжигдмэл байдлаас үүдэж монголчууд бидний сэтгэлгээ тодорхой хүрээнд хязгаарлагдах болж, бид маргаашаа бүү хэл өнөөгөө ч оновчтой тодорхойлж чадахаа больжээ. Монгол улсын маань аюулгүй байдлын талаарх ойлголт маш хямд төсөр болж, бодлогын тайлал энгийн түвшинд хүртлээ буурсан байна. Өнөөгийн монголчуудын сэтгэлгээ хэрэгцээгүй их мэдээлэлд живж, хэрэгтэй мэдээллээ ашиглаж чадахгүй болтлоо унасан байна. Иймээс үе үеийн эргэлтийн дараа Монголоосоо амьдралын эрхээр гарч одсон шилдэг охид хөвгүүдээ ад үзэлгүй Монголын төрөөс ухаалаг шийдвэр гаргаж, бодитой алхам хийгээсэй билээ хэмээн чин санаанаас хүсэж байна. Жаахан алсхан харж, талын Монголынхоо уужуу ухаанаар асуудалд шийдэж сурвал яасан юм бэ.

No comments: