Thursday, April 24, 2008

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 7

Полемика буюу мэтгэлцээн хийх

Судлаач хүний заавал сурах ёстой зүйл бол яахын аргагүй мэтгэлцээн байдаг. Магадгүй энэ нь насан туршид чинь Таныг дагалдах учиртай, монгол хүний хувьд хамгийн их зовлонтой асуудал байх…

  • · Ямар ч мундаг хүн хэрэв Бурхан л биш бол дандаа “зөв” ярина, бичнэ гэж байхгүй. Мэдээж дандаа “буруу” байна гэж бас л байхгүй.
  • · Бидний байнга иш татах дуртай дэлхий дахинаа алдраа дуурсгасан том эрдэмтэд хүртэл ийм хувь заяатай.
  • · Иймээс их дээр үеэс авахуулаад мэтгэлцээн хийх шинжлэх ухааны ёс зүй, дүрэм журам тогтсон байдаг юм.
  • · Энд би полемика гэдгийг мэтгэлцээн гэж орчуулж байна. Үүнтэй төстэй нэг ойлголт нь шүүмжлэн хэлэлцэх гэж орчуулж болмоор “дискуссия”, “discussion” байх. Дискусс бол нэгдсэн нэг санаа, үйлдэлд хүрэх зорилгоор юмыг олон талаас нь шүүн тунгаахыг хэлнэ. Мэдээж маргана л даа.
  • · Харин бид бол огт өөр өнцгөөс, огт өөр арга зүйгээр авч үзсэн зөрчилтэй, хоорондоо холилдсон үзэл санааг нотлох, батлах гэсэн “полемика” гэдгийг мэтгэлцээн гэж нэрлэж байна.
  • · Яг тодорхойлолт нь гэвэл: “Асуудлыг хэлэлцэх үед өөрийнхөө үзэл бодлыг батлахад маргалдагч талууд гол хүчээ зарцуулдагаараа ялгагдах маргааны нэг төрөл” гэсэн агуулгатай.
  • · Мэтгэлцээн нь жирийн нэг “буу халах” –аас авахуулаад эрдэм шинжилгээний бүхий л шатыг хамарч байнга явагдаж байдаг.
  • · Мэтгэлцээнийг аман болон бичгэн, албан ёсны болоод албан бус гэж ангилж болно.
  • · Энд заавал сахих дүрэм, ёс зүй байдаг.
  • · Эхлээд сэдвээ буюу юугаар маргахаа сонгоно. Жишээлбэл, Та гэр бүлийн асуудлаар маргалаа гэхэд гэр бүл бэхжиж байгаа, эсвэл гэр бүл задарч байгаа зөрчилтэй олон баримт хэн хэнд нь байгаа.
  • · Энэ эерэг сөрөг баримтуудаа шууд л гаргаад тавьчихвал сэдэвгүй хоосон хэрүүл л болж хувирна.
  • · Тэгвэл “гэр бүл” гэдэгт Та болон Тантай мэтгэлцэгч чухам юуг ойлгож байгаа нь их чухал.
  • · Та гэр бүлийн сэтгэл зүйн талыг, нөгөө хүн чинь эдийн засгийн ч юмуу, эсвэл бэлгийн харилцааны талыг яриад маргаад байвал дуусашгүй юм болно.
  • · Ер нь бол аль ч хүний хэлсэн, бичсэн зүйлсийг а. Ямар ч маргаангүй зөвшөөрөх, б. Нэмэлт баримт нотолгоо шаардах эргэлзээтэй, в. Баримтаар нотлогдоогүй буруу гэж ерөнхийд гурав нь хуваан үзэж болно.
  • · Хоёр буюу оролцогч талууд ээлжлэн ярих, бичих ёстой. Ганцаараа хадуураад явчихвал ямар олиг байхав. Залуудаа би ч гэсэн ийм “өвчтэй” байснаа нуух шаардлага байхгүй гэж бодож байна.
  • · Сэдвийг сольж үсчих, хүчээр нотлох, бүдүүлэг байх, хуурамч буюу нотлогдоогүй үндэслэл гаргах зэрэг үйлдэл хэрхэвч хийж болохгүй.
  • · Та маргалдагчтайгаа нийлж байгаад үнэнийг олох нь мэтгэлцээний зорилго байдгийг байнга санаж явах ёстой.
  • · Арга заль, өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглаж олсон ялалт нь удаан насгүй бөгөөд ёс суртахууны таашаал олгодоггүй юм.
  • · Би ч гэсэн олон хүний өмнө “дайснаа” хүчээр ялж, түүнээсээ кайф авдаг байсан “тэнэг” байсан юмдаг. Сүүлд нь бодоод байхад энэ бол хамгийн адгийн арга юм бил ээ.
  • · Манайд байдаг хамгийн аймшгийн, тэгсэн мөртлөө байнга гардаг нэг том өвчин бол мэтгэлцээнийг хувь хүн болон түүний мөн чанартай холбон үзэх явдал байдаг.
  • · Үүний тод илрэл нь манайд түгээмэл байдаг “юм мэддэггүй”, “тэнэг”, “гажигтай”, “амьдралтай холбоогүй”, “туршлагагүй” гэх мэтийн зүсэн зүйлийн томъёоллууд болно.
  • · Одоо санааг нь биш, хүнийг нь муулах явдал их түгээмэл болжээ. Энэ бол яагаад ч ашигтай сайн зүйл огт биш.
  • · Таны уншсан ном буюу мэдээллийг нөгөө хүн заавал уншсан, мэдсэн байх албагүй. Тэрнээс болоод нөгөө хүн чинь “тэнэг“ гэсэн ангилалд орчихож болохгүй биз дээ.
  • · Ийм явдал байнга гардаг болохоор би дахин дахин сануулаад байгаа юм л даа. Та бид мэтгэлцээний явцад таалагдсан зүйлээ биш, хэрэгтэй зүйлээ олж авах ёстой.
  • · Мэтгэлцээнийг аливаа ёс зүйн хүрээнээс хальтал улайрч болохгүй.
  • · Дээхэн үед манай хоёр сайн философич залуу “Матери, ухамсрын аль нь анхдагч” болох талаар маргалдаж, сүүлдээ тэр нь зодоон болж, цагдаад очсон инээдэмтэй бөгөөд гашуун түүх бий.
  • · Уншсан номоороо маргалдах нь хүний өмнөөс хэрэлдэж байгаатай адил.
  • · Та уншиж мэдсэн зүйлээ ашиглан манайд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж байгаагаа мартав заа.
  • · Үүний тулд Та судалгаатай байх нь чухал. Тодорхой судалгаагүй, наад захын мэдлэггүй бол мэтгэлцээд юугаа хийнэ.
  • · Дээр дурдсан эхлээд “ямар ч маргаангүй” зөвшөөрөх юмыг зөвшөөрч сур. Хүний зөв хэлсэн юмыг зөв гээд хэлчихэд Танаас л лав гарз гарахгүйдэг.
  • · Мөн “нэмэлт нотолгоо шаардах эргэлзээтэй” юмыг нь ийм ийм юм нэмчихвэл наадах чинь нотлогдож болох л юм гэдгийг нөгөө хүндээ соёлтойгоор ойлгуулж болно.
  • · Үүний тулд Та мэтгэлцээний сэдвээр нэлээд чамбай мэдлэгтэй байх ёстой. Юу ч үгүй байж маргалдах гээд байх нь угаасаа учир утгагүй хэрэг мөн.
  • · “Баримтаар нотлогдоогүй буруу” гэж үзсэн зүйлээ өөрийнхөө нотолгоогоор Та батлах ёстой.
  • · Таны нотолгоо маргалдаж буй хувь хүн болон түүний мөн чанартай огт хамаагүй, энд зөвхөн түүний гаргаж буй үндэслэл, түүний зарим нэг талыг л ярьж байгаа гэдгийг мартах ёсгүй.
  • · Хүний бүх юмыг зөвшөөрөх, эсвэл оргүй үгүйсгэх нь огтоос боломжгүй зүйл.
  • · Харин уншсан ном зохиол буюу том эрдэмтний нэр барих нь хамгийн амархан боловч адгийн арга юм.
  • · Та том ном буюу эрдэмтний нэрийг урдаа бариад нэг удаа ялж болох л юм. Гэсэн ч энэ нь асуудлыг шийдвэрлэх арга огтхон ч биш.
  • · Эрдмийн зэрэг цол, нас, төгссөн сургууль, ажилласан жил зэрэг нь мэтгэлцээнд урдаа барьдаг зүйл огтхон ч биш. Яагаад залуу хүн “зөв”, “илүү” юм хэлж болохгүй гэж.
  • · Харамсалтай нь манайд дээрх шинжээрээ түрүү барьдаг адгийн зуршил тогтсоныг арилгах л ёстой.
  • · Харин Та мэтгэлцээний явцад энэ эрдэмтэн, онол, урсгал ингэж үздэг, нөгөө нь ингэж үзсэн гэж харьцуулаад хамгийн гол нь манай практиктай холбох оролдлого хийх учиртай.
  • · Мэтгэлцээний явцад хүний санааг санаатай болон санамсаргүй ашиглах тохиолдол байнга гардаг.
  • · Өөрөө бүх юмыг хийчихсэн, бараг шинэ нээлт гаргачихсан юм шиг аашлах нь хамгийн бүдүүлэг арга мөн. Хүний санааг өөрийн юм шиг ярьж, бичих нь хулгай, дээрэм хийхээс долоон дор адгийн араншин, үйлдэл юм.
  • · Ялангуяа юм бичихдээ санааг нь ишлэсэн хүнээ дурдаж байх нь судалгааны ажлын зөрчиж болшгүй хууль байдаг.
  • · Мэтгэлцээний явцад Таны туйлын зөв гэж үзэж байсан юм чинь ихээхэн эргэлзээтэй буюу “буруу” болон хувирах нь их түгээмэл.
  • · Энэ тохиолдолд тодорхой хугацааны би тэрийг дутуу ойлгож явсан байна лээ. Тэр үед чиний зөв байсан шүү гээд хэлчихэд Танд ичгэвтэр зүйл ердөө ч болохгүй.
  • · Энэ хооронд Та ч, нөгөө хүн чинь ч нэмж олон юм харж, эрэгцүүлэх боломжтой болно.
  • · Чухам энд л мэтгэлцээний давуу тал байдаг юм даа. Энд ахиад л сэтгэл зүйн болон ёс суртахууны асуудал үүсдэг.
  • · Та мэдээж ялагдахыг хүсэхгүй байгаа, гэтэл харсаар байтал баримт нотолгоо, бас сэтгэл зүйн байдал нөгөө талд чинь давуутай болоод ирэхлээр хүн их л хэцүү байдалд ордог юм даа.
  • · Энэ үед хоёр арга байдаг. Нэгдэх нь мэтгэлцээнийг хойшлуулах. Та энэ сэдвээр нэмж “юм” харъя гээд эвтэйхэн хэлчихэж болно шүү дээ.
  • · Хоёр дах нь өөрийгөө болон мэтгэлцээний явц, арга, үр дүнг шоолох аргаар дүйвүүлэх. Өөрийгөө шоолж чаддаг хүн л амжилт олдог гэсэн мэргэн үг бий.
  • · Курсийн болон дипломын ажлаас авахуулаад магистр, докторын зэрэг хамгаалах зэрэг нь бас л мэтгэлцээний албан ёсны төрөл юм.
  • · Сүүлийн үед манайхан эрдмийн зэрэг хамгаалах үед дандаа магтдаг адгийн зуршилтай болж байна. За үүн шиг хүнийг “алдаг” юм хорвоо ертөнц дээр байхгүй дээ.
  • · Хэрэв Та хүний нөхөр, анд байя гэж бодож байвал түүнийг сайн шүүмжлэх ёстой. Ялангуяа урьдчилсан хамгаалалтын үед бол ёстой нэг “шүүсийг нь шахах” хэрэгтэй.
  • · Миний хайртай нэг залуу магистрын зэрэг хамгаалав аа. Би урьдчилсан хамгаалалтын үеэр хэд хэдэн зарчмын санаа хэлсэн боловч тэр надад найдаад ямар ч засвар хийгээгүй иржээ.
  • · Заавал миний хэлснээр засвар хийх албатай биш л дээ, харин яагаад хийсэн, эсвэл хийгээгүй гэдгээ тэр өөрөө нотлох ёстой байсан юм. Энэ бол мэтгэлцээний утга учир юм.
  • · Тэхээр нь би жинхэнэ хамгаалалт дээр нь “Би чамд хайрлаж, хүндэтгэдэг, харин энд чи бид хоёр шинжлэх ухааны ариун сүмийн өмнө байна. Хэрэв чи мэтгэлцэх нотолгоо гаргаж чадахгүй юм бол би чиний авран хамгаалагч биш” гэж хэлсэн юмдаг.
  • · Тэр маань хөлс нь гараад, бусад багш нар эвгүй байдалд ороод жигтэйхэн. Хожим нь тэр: “Тэр үед Танд айхтар гомдож билээ. Гэсэн ч Таны тэр хатуу үг надад маш их сургамж өгсөн шүү. Би энийг дандаа санаж, шавь нартаа үглэж явдаг юм” гээд инээж билээ.
  • · Дашрамд хэлэхэд энэ залуу маань их сайн ажиллаж байгаа. Гэтэл ямар ч шүүмжлэл, мэтгэлцээн сонсоогүй, дандаа магтуулсан хүмүүс зүгээр л “дипломын гол” болчихсон байх нь тун элбэг.
  • · Мэдээж Танаас болон надаас огт өөр үзэл бодолтой хүн байж л таарна. Эндээс нөгөө олон ургальч үзэл гэдэг юм нь гараад ирж байгаа юм л даа.
  • · Мэдээж хэн ч дурын сэдвээр мэтгэлцдэггүй гэдгийг санаж явбал зүгээрсэн. Мэдээж өөрийнхөө сонирхдог, мэддэг, судалдаг чиглэлээр мэтгэлцэх нь Танд л ашигтай.
  • · Иймээс мэтгэлцээнд ялахын тулд Та мэдлэг, мэдээллээ нэмэх, бас системчлэх талаар Та цаг ямагт ажиллаж сурах учиртай.
  • · Мэтгэлцээний хэд хэдэн түвшин ч юм уу, төрөл ч юм уу байдаг юм шиг.
  • · Курс, дипломын ажлаас эхлээд эрдмийн цол зэрэг хамгаалах хүртэлх эрдэм шинжилгээний мэтгэлцээн.
  • · Мэргэжил нэгтнүүд болон ижил үзэл санаатнуудын ажил төрлийн мэтгэлцээн.
  • · Зөрчилтэй, маргаантай асуудлаар хурал, зөвлөгөөн нийтийн мэдээллийн хэрэгслээр хийх мэтгэлцээн.
  • · Шийдвэр гаргах мэтгэлцээн
  • · Зүгээр л “буу халах”.
  • · Эдгээр түвшинг холиход бас л үйл ойлголцол үүсдэг гэдгийг ямагт анхаарч ихээхэн мэдрэмжтэй байвал зүгээрсэн.
  • · Иймээс мэтгэлцээн Таныг насан туршид чинь дагалдах “жаргал хийгээд зовлон” учраас Та байнгын бэлтгэлтэй байх ёстой.
  • · Хэдийгээр би Та бүхэнд зөвлөгөө өгөөд нэг их сүрхий хүн байгаа боловч мэтгэлцээний урлагт одоо болтол олигтой суралцаж чадаагүй гэдгээ хэлэх нь зүйд нийцнэ.
  • · Мэтгэлцээний явцад “дайсан” болчихолгүй, харин нөхөртэй болох нь чухал.
  • · Та бичсэн юмаа эхэлж үзүүлдэг, “хайр найргүй” шүүмжилж “эрээн цоохор” болгоод өгдөг дотно хүмүүстэй болж авбал тун зүгээрсэн.
  • · Би ийм л “хайр найргүй” найз, мэргэжил нэгтнүүдийнхээ хүчинд өдий зэрэгтэй яваа юм шүү.
  • · Би ч гэсэн хариуд нь тэдний юмыг ёстой нэг “орвонгоор нь эргүүлээд” өгчихдөг юм. Мэдээж тэд авахыг нь аваад, авахгүйгээ хаяхаа мэдэж л таарна шүү дээ.
  • · Ингэж баймаажин Та өөрийгөө ч, нөхрөө ч байнга хурцалж байдаг бөгөөд энэ нь Таны амжилтад хүрэх, гол нь Та өөрийгөө олох гол нөхцөл мөн

За ингээд залуу минь, мэтгэлцээд бай даа…

Судлаач Д.Ганхуяг.
2008 оны 4 дүгээр сарын 23.

No comments: