И-мэйлээ шалгалаа. Солонгост амьдарч буй “хуурай дүү” охиноос захиа иржээ. Солонгос нөхөртэй болсон тухайгаа бичээд, хамт авахуулсан зургаа явуулж. Уг нь монгол нөхөртэй байгаад түүнээсээ нэг хүүхэдтэй болоод салсан гэж байсан юм. Хэдхэн хоногийн дараа утсаар ярьж байна, өнөөх чинь. Би ч жааахан явуулсан маягтай “Ээж чинь шинэ хүргэндээ хэр дасч байна даа” гэвэл “Өө гайгүй гайгүй, манай дүү бас австрали хүнтэй суусан шүү дээ. Манай ээж баахан гадаад хүргэнтэй болсоон” гээд инээж байх юм. Хэлэх үг ч олдсонгүй.
Ингээд бодолд автав. Монгол Улс маань хэдэн хүн амтай билээ? Түүнээс хэд нь залуу, гэр бүл зохиох насны охид, бүсгүйчүүд байгаа билээ? Энэ хэдээс маань хэд нь харь хүний гэргий болж, хүний нутагт яваа бол? Эх орны минь ирээдүй цэвэр монгол цусаараа үлдэж чадах болов уу? гээд л элдэв асуулт толгойд хөвөрч, хариултыг олох гэж ядна. Өөрийн сайн таньдаг мэддэг, “харийн хүний гэргий” болчихсон монголжингоо бүсгүйчүүдээ “бүртгэж” үзлээ. Хөнгөхөөн хорь гараад явчихаж байна.
Зөвхөн миний л найз нөхөд, таньдаг мэддэг улсуудаас гэхэд шүү дээ. Тэгэхээр “харьд одох бүсгүй заяа” жилээс жилд нэмэгдэж, бүүр газар авч байна даа. Хэнтэй суух, ханилах, амьдрах нь хувь хүний хэрэг байх л даа. Гэхдээ л үндэстний эрх ашгаас илүү хувийн эрх ашиг давамгайлж буй нь л хамгийн харамсмаар. Цөөхөн хэдхэн монгол маань эрлийзжээд, хурлийзжаад, хужаа, солонгос, япон, америк болоод дууслаа шүү дээ, цаана чинь. Монгол Улс байх байхгүйдээ тулж ирээд, бүүр байхгүй болоход тун ойртоод байна. Тэгэхээр ёстой л “хүн бүрийн хүчин зүтгэл” хэрэгтэй болно.
Гадны хүн л бол “сайн” хүн, гадныхан л бол “мөнгөтэй” гэдэг бодол манай охид, бүсгүйчүүдийн маань тархинд “Үндсэн хуулийн заалт” шиг шингэсэн мэт санагдах боллоо. Сайн хүнтэй суугаад, сайхан амьдраад явж буй нь цөөнгүй л бий байх. Гэвч олонх нь гадаад л болохоос “жирийн л нэг Баагий”-тай сууж байгаа шүү дээ. Нүүрэн дээрээ аз жаргалтай мэт харагдавч , сэтгэлдээ эх орноо, ижий аавыгаа, анд найз нар, ахан дүүсээ санаж, шөнө дөлөөр дэрэн дээрээ битүүхэн нулимс унагаж байгаа нь хэд бол? Илүү олныг нуршилгүй өөрийн үзэж харсан ганц нэг тохиолдлоос өгүүлсү.
Нэгэн зүйл: Анх би энд ирээд америк нөхөртэй нэгэн бүсгүйтэй танилцаж билээ. Монгол хүн болохоороо ажил төрөл олж өгөх гээд, алив мэдэхгүй зүйлийг маань хэлж өгөх гээд их л тус болж байсан. Удалгүй нөхөртэй нь ч танилцсан. Тэр хоёр суугаад есөн жил болж байгаа, одоо бол бараг дөч шүргэж байгаа насны хүмүүс. Гэвч үр хүүхэд байхгүй. Гэрт нь ороход нэг л хүүхдийн дуу үгүйлэгдсэн, хөндийдүү. Аман дээр ямагт гарч ирдэг зүйлээ нэг өдөр тэсэлгүй эхнэрээс нь асууж орхив. “Та хоёр яагаад үр хүүхэдтэй болдоггүй юм бэ?” гээд. Тэгтэл нөгөө найз маань санаа алдаад “Манай хүн хүүхэдтэй болохоор шөнө уйлаад би ядрана шүү дээ гээд байдаг юм” гэх нь тэр. Даан ч дээ. Монгол эрчүүд бол харин ч хүүхэд гаргаж өгсөнгүй гээд эхнэрээсээ салдаг тохиолдол байдаг биз дээ. Тэгэхээр энэ “шарууд” хамгийн түрүүн өөрийгөө л боддог гэдэг нь үнэний хувьтай байгаа биз.
Дараа нь нэг удаа нөгөө найз маань “Мөнгө зээлээч” гэж байна. Би америк нөхөртэй “баян хүн” хар ажил хийж хоёр хүүхэд, эхнэр, ар гэрийнхнийгээ тэжээж буй надаас мөнгө асуухад үнэхээр гайхлаа. “Яах гэж байгаа юм бэ? Хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ?” гээд асуутал “Монгол явах гэсэн юм аа. Ээжийн бие тааруухан байгаа гэнэ. Гэхдээ нөхрөөсөө мөнгө авмааргүй байна. Миний асуудал юм чинь” гэж байх юм. Өрөвдөөд өөрт байсан 500 доллараа өгөөд явуулчихлаа. Тэрнээс хойш байдаггүй ээ. Эргээд нэг ч холбоо барилгүй л гурван жил боллоо. Нөхөртэй хэлж чаддаггүй юмуу, эсвэл өөрөө ч тийм хүйтэн сэтгэлтэй болчихсон юм уу бүү мэддээ.
Нэгэн зүйл: Бас л ирснээс хойш нэг их удаагүй байсан цаг. “Барилгачин” болсноосоо хойш нэгэн айлын хаузыг янзлав аа. Нөхөр нь өмгөөлөгч, настайвтар америк эр. Эхнэр нь залуухан монгол бүсгүй. Унаж буй машин тэрэг, хаузны байдлыг харахад нилээд баян бололтой. Бидний хэдэн монгол залуус хэдэн сарын турш тэдний хаузыг шил толь шиг болтол нь янзалж өгсөн. Харин тохирсон хөлсөө авах гэтэл өнөө өмгөөлөгч хөгшин “луу унжих нь” тэр. Анх ярьж тохирсноосоо бараг арваад мянгаар дутуу өгөх гэнэ. Биднийг хугацаанаас хоцорсон, энэ тэр гэж буй бололтой. Уг нь мань эр өөрөө л материалынхаа мөнгийг саатуулаад, бид нар материал хүлээгээд хэд хоног алдсан хэрэг. Тэгээд хэл амаа ололцохгүйдээ хүрэв. “Хуульч” өвгөн тэгтэл “Та нар албан ёсны бичиг баримтгүй хүмүүс. Хэл ам хийвэл цагаачлалын албанд мэдэгдээд асуудлыг чинь шийднэ шүү” гэж байгаа юм. Ихээхэн дээрэлхэж байгаа хэрэг. Бид ч “Өгдөг газар нь өг,бид ч таныг бас хэлдэг газар нь хэлнээ” энээ тэр гэж байж нэг хэдэн “цаас” салгаж авсан. Гэхдээ бас дутуу. Өвгөний залуухан гэргийд бид “Монгол хүн байна даа, анх ярьж тохирсноороо өгч болохгүй юмуу, чи аятайхан хэл л дээ” гэж зөндөө хэлсэн. Даанч ямар ч мэдэлгүй гэдэг нь илт. Нөхрийнхөө “нүдийг хариулан” байж хааяа бидэнд хоол, бензиний тав арван төгрөг нууцаар өгөхдөө ихэд эмээсэн байртай байдагсан. Тэр хоёроос авах нэг юм нь нэг хөөрхөн охинтой. Даанч өхөөрдөөд чихэр өгөх гэхээр нүүр буруулна, монголоор ганц ч үг хэлэхгүй бөгөөд монгол хүнийг харахааараа шууд л муухай аашилна. Бодвол тэр өтөл эцгийнх нь сургасан зан байх л даа. Өөрсдийнх нь амьдардаг хаусанд ч хэд хэд очсон. Их тансаг орд харш байна лээ. Гэхдээ тэр бүсгүй нэг л эрх чөлөөгүй, нүд нь дандаа гунигтай харагддаг байсан шүү. Энэ сайхан бүсгүй эрх чөлөө, эх орон, ээж, ааваа “баян янхигар хөгшнөөр сольж дээ” гэдэг бодол өөрийн эрхгүй төрдөг байлаа.
Нэгэн зүйл: Надад нэг таньдаг эгч найз байдаг юм. Байшинг нь будаж өгч анх танилцсан юм. Мань хүн их яриа. Илэн далангүй сайхан ярина. Гурван хүүхэдтэй, ганц бие монгол бүсгүй. Хүүхдүүд нь том болчихсоон. Уг нь америк нөхөртэй байгаад салчихсан юм билээ. Тэрбээр ийн ярина. “Эгч нь энд ирээд бараг арваад жил боллоо. Нөхрөөсөө салаагүй л нааш ирсэн юм. Энд ирээд яаж ном журмаар нь амьдрах вэ гэтэл нэг найз хүүхэн маань америк хүнтэй л суувал бичиг баримт бүх юмтай болно гэж зөвлөлөө. Тэгээд ажил хийхийн хажуугаар америк нөхрийн “эрэлд” гарав аа. Номын санд сууж байгаад хүнтэй танилцвал аятайхан боловсролтой хүн таарах байх гээд номын санд их сууж ном уншдаг байв. Тэгээд нэг хүнтэй танилцлаа. Дажгүй сайхан залуу. Надад бол “ногоон кард” л бодогдоно. Тэгээд удалгүй гэрлэх санал авлаа. Хуримаа хийж байхад нөгөөхийг чинь харахаар л “ногооон кард” харагдаад болохгүй. Ингээд америк хүний эхнэр болов. Хүүхдүүдээ ч татаад аваад ирлээ. Уг нь их сайн хүн л дээ. Даанч хүүхдүүдтэй ерөөсөө таарахгүй. Би ч ёстой “нуман тулгуурт” орсон. Нөхрөө гэх хэцүү, хүүхдүүдээ гэх хэцүү. Бүүр болохгүй болоод эрхбиш төрсөн үр хүүхдээ бодоод салсан даа. Одоо би АНУ-ын иргэн. Хүүхдүүд маань бүгд иргэн болсон. Том болцгоогоод эхнээсээ хүнтэй сууж , амьдралаа бодож байна. Охин маань харин монгол залуутай суусан шүү. Хүү маань ч монгол охинтой үерхэж байгаа. Ер нь америк хүнтэй тохирохгүйгээ мэдсэн юм болов уу даа, эд нар маань. Эгч нь одоо ёстой ганцаардаж байна. Зорьсондоо хүрээд бичиг баримт, ажил төрөлтэй, амьдрах хаус юм юмтай л болсон, хүүхдүүд бүгд сургууль соёлтой, гэхдээ л ...” гээд яриагаа төгсгөнө дөө. “Та залуухан л байна шүү дээ. Хүнтэй танилцаад суухад яагаад болохгүй гэж” хэмээн намайг асуухад “Эгчид нь америк сайн найзууд бий. Гэхдээ л би суувал монгол хүнтэй л сууна” гэж эрс өгүүлдэг юм.
Нэгэн зүйл: Хамт ажилладаг залуу маань Монгол руу контейнер ачуулах гээд манайхны ярьдагаар хүмүүсээс 40-ийн хайрцаг цуглуулах юм боллоо. Хоёул орой болохоор л айлуудаар очиж хайрцагыг цуглуулдаг ажилтай болов. Нэг удаа Сан Францискогийн даунтаунд байдаг айлаас хайрцагыг нь очиж авах болов. Утсаар ярьж тохироод очлоо. Гадаа нь хүлээгээд хүлээгээд байдаггүй. Арга ядаад дахиад утасдвал “Одоохон, би хайрцагаа баглах гээд л хөглөж байна” гэнэ. Нөхөр нь эзгүй байгаа юм байлгүй дээ, хоёулаа ороод хайрцагыг боож янзлаад өгье гээд гэрт нь орлоо. Өнөө монгол бүсгүй маань нэг хайрцаганд дүүрэн юм хийх гээд эвийг олохгүй байгаа бололтой, хөлс нь урсчихсан байна. Гэтэл нөгөө өрөөнд нөхөр болох “шар залуу” буйдан дээр цааш хараад хэвтэж байх юм. Бүүр дургүй хүрээд “Нөхөр чинь энэ юмыг чинь боож баглаад өгдөггүй юм уу” гэхэд “Үгүй энэ хүнд ямар хамаа байх вэ. Би л өөрийн хэдэн ах дүүдээ хэдэн хувцас явуулах гэж байгаа юм чинь” гэж байна. Хойноос нь бас “Эд нар иймэрхүү улсууд шүү дээ, хэдий муу ч манай монгол эрчүүд арай ч авгай хүүхдээрээ хайрцаг сав боож баглуулаад байхгүй шүү” хэмээн бидэнд “тал заслаа” . Угаасаа л туслах гэж орсон юм болохоор жимбийтэл нь боогоод өгсөн дөө. Хайрцагны мөнгөө өгөхдөө цаашаа эргэн нөхрөөсөө “мөнгө зээлж” байгаа дуулдсан. Энэ бол болсон л явдал. Харин одоо тэр хоёр Монголоос охиноо авчирчихсан , гайгүй сайн яваа сураг дуулддаг юм. Эрхбиш монгол занг ойлгосонсон юм байлгүй дээ, харийн хүргэн.
Нэгэн зүйл: Нэг найзын маань эхнэр энд ирээд хэдэн жил болж байгаа юм. Утсаар ярина аа. “Хөөе хүүхдүүдээ л авчирмаар байна. “Харлачихсан” мань мэт шиг хүн яаж ч болохгүй юм. Эндхийн иргэнтэй л суувал нэг авчирч болох юм шиг байна. Аятайхан хүн байна уу?” гэнэ. “Үгүй тэгээд нөхөр чинь яах болж байна?” гэхээр “Яахав дээ тэндээ нэг хүн олоод авна биз, би хоёр хүүхдээ л авмаар байна” гээд шулуухан авна даа. Тэгэхээр хэлэх үг олдохгүй юм билээ. Нөхөрт нь ямар хэлж, айл гэрийн хоёрын хооронд “хов” зөөлтэй биш, өөрийг нь дэмжээд “Тэг, тэг” ч гэлтэй биш. Дэмий л эхнэрт нь “Ганцхан бичиг баримттай болох гээд нэгд амьдралаа үрж, хоёрдож өөрийгөө хэнд ч хамаагүй “өгөх нь” үү?” гэхээр “Яахав дээ, манай хүн намайг аятайхан тэжээгээд аваад явж чадахгүй байгаа юм чинь яах юм бэ? Авгайгаа хүний газар хар ажил хийлгүүлээд явуулж байгаа хүн цаашид энэ хэцүү үед биднийг яаж авч явах юм бэ? Миний өөрийгөө золиослоод ямар ч хүнтэй хамаагүй суух яах вэ, хоёр хүүхдийнхээ ирээдүйг л бодох гэсэн юм ” гээд ам таглана. Иймэрхүү амьдралтай, иймэрхүү бодолтой нь ч ганц энэ биш байх.
Ингээд тоочоод байвал олон л “түүх” байна даа. Гадны хүнтэй суусан бүх бүсгүйчүүдийг буруутгаж байгаа юм биш шүү. Гарцаагүй бас ийм “түүх” байдаг юм билээ шүү гэж сануулах гэсэн юм.
Гэхдээ би Малайзын “том улс төрч”-тэй суугаад, эцэст нь зэрлэгээр амь насаа алдсан монгол бүсгүйн тухай, хужаа нөхөр дагаад Нанхиад оронд очоод гэрийн боол нь болж доромжлуулж байгаад арай гэж оргон нутгийн бараа харсан монгол хүүхнүүдийн тухай, Хангүг хүнтэй суугаад ямаан омогтой дээрэнгүй нөхөртэй дэглүүлж байгаа охид бүсгүйчүүдийн тухай, биеээ нэгдүгээрт тавьж, бүхнийг мөнгөөр хардаг “боловсон шар” залуутай суусан хүүхнүүдийн тухай өгүүлсэнгүй ээ.
Би ч бас хоёр “муухай” охинтой аав. Хэзээ нэгэн цагт охидууд маань “хар элгийн , хэл зүс өөр нэг нөхөр дагуулаад” ирэх вий гээд айдаг л юм. Хэрэв тэгвэл “мөчийг чинь хуга цохиод хөөгөөд явуулна шүү” гэж ч охидууддаа тоглоом шоглоомоор хэлдэг л юм. Миний үгээр болдог ч гэж юу байхав, одооны хүүхдүүд. Гэхдээ л Монгол цусаа булингартуулахгүй, Монгол удмаа таслахгүй л байгаасай гэж дотроо залбирнам.
Төр ариун байхыг түшмэд мэднэ, цус ариун байхыг охид мэднэ гэдэг дээ.
Ц.Энхтүвшин(“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)
No comments:
Post a Comment