Saturday, November 17, 2007

АР МОНГОЛДОО ХУРГА БОЛЖ ТӨРӨӨД, ИРЭГ БОЛЖ ИДҮҮЛЭХСЭН - ТӨГСГӨЛ

...За тэгээд л энэ ахархан атлаа урт аяллын туршид цор ганц бодол дотор сэтгэлийг урж мэрж явсныг одоо энд дэлгэюү. Монголоороо бахархах, ижилсэх энэ бүх яриа хөөрөөний төгсгөлд би юуг ойлгож авсан бэ гэвэл монгол дархлаа гэгч зүйлийг бий болгохын төлөө монгол хүн бүхэн шаналж цохилохгүй бол дусал бэх усанд уусахын адил нэг л мэдэхэд бид сэтгэл зүрх, сэрүүн зүүдтэйгээ хамт арилан одоод түүхийн номын хуудаснаа уншигдах хувь тавилантай золгох вий гэх эмзэглэл төрсөн.

Төвдийн өндөрлөг дэх энэ л монголчуудынхаа нутгийн захаар хальт шүргэн аялах үедээ амьдрал ахуйг нь гэрэл зургийн хальснаа буулгаж тэр хэдэн зургаараа “Занаду арт” галерейд энэ сарын эхээр үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнгийн маань нэр “Цайдмын зэрэглээнд алдарч буй Монгол”. Бид өөрсдийн хувийн дүгнэлт, бодол мэдрэмжээрээ асуудалд хандахаас аль болох татгалзсан бөгөөд зургийнхаа тайлбарын оронд тэдгээр хүмүүсийн /дээд монголчуудын/ яриа хөөрөөг яг л нутгийнх нь аялгаар элдэв засваргүйгээр буулгаж зургуудынхаа хажууд тус тус өлгөсөн нь үзэсгэлэнгийн танхимд ирсэн хүн бүхэнтэй тэднийг уулзуулах гэсэн оролдлого байлаа. Энэ үзэсгэлэн маань сэтгэл хөндсөн нэлээд хүндхэн үзэсгэлэн болсныг хэлэх нь зүйтэй. Хүмүүс ч энэ тухайд янз бүрийн л үг хэлж санаа оноогоо хуваалцсан. Гэхдээ бид Дээд монгол андтайгаа уулзах хүртлээ тухайлж ер зовж шаналалгүй явсан билээ. Харин Улаанбаатарт сурч амьдарч байгаа энэ найз минь бидний үзэсгэлэнг үзээд гарахдаа нэг л гундуухан, үл ойлгогдох тийм нэг харцаар шагначихаад явсан юм. Хожим тухтай уулзах үед л энэ учиг тайлагдсан. Манай хүн цээжний гүнээс санаа алдаад яриагаа ийн эхэлсэн юм. “Энэ аялал, үзэсгэлэн чинь биднийг монгол ахан дүүст минь хөтөлж ирсэн сайхан ажил боллоо. Гэхдээ та бүхнээс нэг л зүйлийг хүсмээр байна. Дээд монголчуудыг уусаж хайлж байгаа, уруудаж ядарч яваа гэж бүү их тунхаглаач ээ. Бодит байдал ийм байгаа ч тэд энэ байдалтайгаа эвлэрэх тун ч дургүй. Тэдэнд минь урам итгэл өнөөдөр юу юунаас чухал байна. Бид чинь сөгдөж сөхрөхгүй гэж аль байдгаараа хичээж явдаг улс. Өрөвдүүлж хөөрхийлөх бус харин итгэл өгөөч” гэсэн. Дараа нь хэд хоног сэтгэл их л хөндүүр байлаа. Гэм хийсэн ч юм шиг эвгүй санагдаад. Гэхдээ л ирэх өдрүүдэд хамт цохилохын төлөө шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулсан. Юутай ч өнөөдөр урд зүгийн нутгаар цаг агаарын мэдээ олиггүйхэн дуулдахад өрцний цаана нэгэн юм жирсхийж, мөнөөх л Цайдмын хотгорт цаг наргүй ажиллаж, амьсгалынх нь тоо Монгол хэмээн лугшиж яваа тэр хэдийгээ /тэд 90 мянгуулаа/ энэрэн санадаг болжээ. Зэрэглээн дунд хийсэх мэт дэрвэн буй монгол гэр нүдэнд харагдаад, өргөст торон хашаан дотроо малаа адгуулж яваа нь бодогдоод нэг л сайхан нартай өдөр айлчлан очихыг хүсээд... Улаанбаатартаа уймарч сууна.

Тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхт иргэнийхээ хувьд тэдний төлөө зовж шаналан зорьж зүтгэх үүрэг бидэнд оногдсон. Хилийн дээсэн доторх Монгол Улсад ардчилал бий. Энэ бол бидний эрхэм дээд өмч. Энэ баялагтаа эзэн шиг эзэн болж хилийн цаана зүдэж зүтгэж буй олон монголчууд, элэг нэгтнүүддээ үйлчлэх /ядахдаа сэтгэлзүйн хувьд/, тэднийгээ олон улсын хүний эрхийн болон өв соёлын байгууллагаар хамгаалуулах, төсөл хөтөлбөрийг тийш нь чиглүүлэх зэргээр Монголынхоо гадна ч гэсэн монголыгоо авч үлдэхэд анхаарах цаг үе нь нэгэнт болчихсон юм биш үү гэж бас бодогдсон. Дэлхийд найман сая монгол хүн байдгийн 2.5 сая нь л эх орондоо амьдарч байгаа гэсэн...

Сэтгүүлч Б.Занданхүү /МОНЦАМЭ/

No comments: