Monday, December 3, 2007

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ


СЭДЭВ

  • Миний нэгэн найз олон улсын байгууллагад ажилладаг залуу хүмүүст зориулж судалгааны мэдээлэл цуглуулах талаар зөвлөгөө бичиж өгөөч гэж надаас хүссэн юм. Найзынхаа хүсэлтийг биелүүлж хэдэн хуудас юм бичсэнээ хуурай дүү МУИС – ийн багш Ц.Болдод үзүүлтэл тэр маань булааж аваад “Социологи” сэтгүүлдээ хэвлэчихдэг байна. Гэтэл санамсаргүй хийсэн зүйл маань залуусын анхаарлыг нэлээд татсан бололтой, Та ер нь судалгааны ажил хийх тухай цуврал бичиж өгөөч хэмээн хүсэх болов. Олон цуврал бичих зав цаг олдох эсэхийг мэдэхгүй авч залуучуудынхаа хүсэлтийг харгалзан ямар ч гэсэн эхнээс нь явахаар шийдэв. Ингээд эхний сэдвийн нэр нь “СЭДЭВ”.
  • Над дээр олон залуус би ямар сэдвээр диплом хамгаалбал зүгээр вэ ?, ямар сэдвээр судалгаа хийвэл зүгээр вэ ? гэж асууж ирэх нь цөөнгүй.
  • Эсвэл нэг гарчиг хэлээд зөвлөгөө өгөхийг хүсдэг. Угтаа бол зөвлөгөө биш, энэ гарчигт холбогдох ямар нэг материал өгөөч гэж хүсдэг. Энд бэлэнчлэх сэтгэлгээ ямар нэг байдлаар харагдаж байгааг Та бүхэн анзаарч буй бизээ.
  • Дээрх хоёр тохиолдол нь юм хиймээр, маш их юм хиймээр байдаг, гэтэл юу хийхээ мэдэхгүй, учраа олохгүй байгааг л харуулахаас цаашгүй.
  • Тэд голдуу ямар нэг сэдэв нэрлэх нь цөөнгүй. Энэ нь бүхэл бүтэн шинжлэх ухааны сурах бичгийн нэг бүлэг юм уу, одоогоор моодонд орж буй чиглэл байх нь олонтаа.
  • Жишээлбэл тэд “Засаглал хуваах онолоор”, “Девиацаар ”, “Сонгуулийн системээр”, “Улс төрийн тогтолцоогоор”, “Хүний эрхээр”, тэр ч байтугай “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсронгуй болгох” талаар юм хиймээр байна гэж ирцгээдэг.
  • Би залуу хүмүүсийн ажил хийх бадруун эрмэлзэл, дийлдэшгүй хүсэл зоригийг ойлгож байна. Гэхдээ дээрх чиглэлүүдийн алинаар нь ч судалгаа хийж болох боловч дээр дурдсан сэдвүүдээр нэг удаагийн ажил ( жишээлбэл диплом, диссертаци ) хийж, үр дүнд хүрэх боломж бараг байхгүй.
  • Өөрөөр хэлбэл залуу хүмүүсийн гаргадаг анхны алдаа бол сэдвийг томдуулах явдал байдаг.
  • Жишээ болгосон дээр сэдвүүдийг бүхэл бүтэн институт хэдэн зуун жил судлаад ч барахгүй гэдгийг бид ойлгох учиртай. Нөгөө талаас амжилт, нэр хүнд, нээлт, алдар гавъяа зэрэг нь олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд л гардаг юм.
  • Сэдвийг томдуулснаар залуу хүн олон зовлон бэрхшээлд гарцаагүй ордог.
  • Эрдэмтэн багш нар болон онолын ном зохиолоос олж авсан мэдлэгийн хуримтлал дотроос аль нэг сэдэв нь манай бодит байдалтай таарч байгаа мэт сэтгэгдэлтэй болж болно. Үүнийг таалагдсан сэдэв гэж нэрлэе.
  • Гэтэл хүн амьдрал дээр таалагдсан зүйлээ биш, хэрэгтэй зүйлээ хийх учиртай гэдгийг хатуу санаж явах учиртай.
  • Жишээ авъя. Манай нэг залуу хэдэн жилийн өмнө “девиант үзэгдэл” сэдвийг сонгож авсан юм. Социологийн олон ном зохиолд энэхүү девиант үзэгдэл шиг сайхан тайлбарласан, хялбар ойлгож болохоор сэдэв гэж бараг үгүй.
  • Энэ сэдвээ сонгож ажлаа хийх болоод ирэхлээр их хүндрэл гарна. Яахав онолын хэсгийг нь ном зохиол хуулаад бичлээ гэж бодоход манай нийгэмд байгаа бүхий л девиант үзэгдлийг тайлбарлана гэдэг хэн хүн дийлэхийн аргагүй ажил болж хувирдаг.
  • Ямар ч хүн шүлс хаяхаас авахуулаад хүн амины хэрэг хүртэлх бүх девиант үзэгдлийг тайлбарлах биет боломж байхгүй юм. Асуудал ийм байдалд ороод ирэхлээр энэ сэдвийг авсан хүн өөрийн эрхгүй энгүй их далайд хөл алдсан мэт байдалд ордог.
  • Эсвэл сэдвийг бүр багадуулж, хэт нарийвчлах нь хэдийгээр цөөн тохиолддог боловч мөн л үүнээс дутахгүй хүндрэлд оруулдаг юм. СУИС – ийн нэг магистрант “Дуучны суурь амьсгалд хатха йогийн дасгалыг хэрэглэх нь” сэдэв авах гэж зүтгэж байсныг би санаж байна. Энэ нь онолын хувьд боломжтой боловч гарах дүгнэлт нь бүх дуучныг йог болгох гэсэн агуулгаар гарах нь ойлгомжтой юм.
  • Тэгэхлээр сэдвийг зөв сонгож авах нь анхны бөгөөд хамгийн хариуцлагатай үе болдог.
  • Энд ахиад л ямар сэдвийг сонгох ёстой вэ гэсэн эхний асуултад буцаад ирж байна. Энд нийтлэг зөвлөгөө өгөх тун хэцүү юм.
  • Аливаа сэдэв социологийн “тулгамдсан асуудал” гэгчээс үүсдэг юм. Тулгамдсан асуудал нийгэм бүрт өөр өөр, Манай нийгэмд бол бүр ч өөр.
  • Та эргэн тойрноо хар, түүнийгээ үзсэн онол номтойгоо эрэгцүүлж харьцуул. Ингэхэд проблемгүй юм гэж үгүй. Та социологич хүн учраас үүнийг системт байдлаар харж олон тулгамдсан асуудлуудаас илүү зангилаа, илүү анхаарал татсаныг нь сонгож авахыг хичээх хэрэгтэй.
  • Ер нь социологич хүн чиглэл, сэдэв хоёртой байх нь зүгээр. Чиглэл нь том байж болно. Учир нь энэ нь удаан хугацааны юм. Сэдэв нь үүнийг тойрсон, үүнтэй холбоотой жижиг хэсгүүдэд задарч болно.
  • Жишээ болгож Ц. Уртнасангийн хянан тохиолдуулсан “Нийгмийн шинэчлэл : амьдралын хэв маягийн өөрчлөлт” 2001, Х. Гүндсамбуугийн “Монголын нийгмийн давхраажил : хөгжил хандлага” 2002 гэсэн хоёр алдартай номыг аваад үзье.
  • Эхнийх нь хамтын бүтээл боловч үндсэндээ Ц. Уртнасан дагнасан, хоёр дахь нь нийгмийн давхраажлыг гол болгож манай нийгмийн үндсэн асуудлуудыг хөндөж чадсан томоохон бүтээл юм.
  • Эдгээр номууд 2001, 2002 онд гарсан боловч үр хөврөл нь одоогоос бараг гучаад жилийн өмнө тавигдсан юм. Манай хоёр том социологич үндсэн чиглэлээ сонгон авснаас хойш олон жилийн турш түүнийгээ орхилгүй түүнийгээ тойруулан судалгаа хийж байсанд амжилтынх нь үндэс оршино.
  • Анх тэд сэдвээ өөрөө сонгосон уу, цаанаас нь оноож өгсөн үү гэдэг нь их сонин. Миний мэдэж байгаагаар тэр үед сэдвээ сонгож ядаж байсан залуу судлаачдыг томоохон суурь судалгаанд татан оролцуулсанаас энэ бүхэн үүдэлтэй. Өөрөөр хэлбэл тэд залуудаа сэдвээ өөрийн сайн дураар сонгоогүй юм шүү.
  • Энэ олон жилийн турш тэр хоёр өч төчнөөн өөр судалгаа хийснийг би мэдэх юм. Гэхдээ тэд үндсэн чиглэлээ ( энэ нь бас л нэг төрлийн сэдэв гэдгийг залуус минь санаж яваарай ) орхиогүй байсанд л гол учир оршино.
  • Ер нь үндсэн чиглэл буюу том сэдвээ орхилгүй олон жил явсан хүн л амжилтад хүрдэг. Миний дотнын найз шинжлэх ухааны доктор Г. Чулуунбаатар үндэстэн, соёл иргэншлийн сэдвийг бас л гучаад жил орхиогүй явсаар гайхамшигтай сайн үр дүнд хүрсэн билээ.
  • Ингэхлээр Залуу судлаач Та ч гэсэн насан туршдаа сонирхон судлах үндсэн чиглэл, түүнийг тойруулан судлах цаг үеийн сэдэв хоёроо сонгох ёстой. Мөн ялгаж сурах ёстой.
  • Таны дипломын болон магистрын, докторын ажлууд тань энэ ангилал дотор багтаж байвал сайнсан.
  • Мэдээж чиглэл сонгох нь харьцангуй амархан. Учир нь энэ нь хүний мөрөөдлийн нэг төрөл юм. Ухаандаа “Нийгмийн харилцаа”, “Нийгмийн давхраажил”, “Девиаци”, “Боловсрол”, “Нийгэмшил” гэх мэт.
  • Тодорхой хүрээний дотор чиглэлээр ажиллах боломжгүй байдаг. Диплом хамгаалах гэхэд л дээрх чиглэлүүд бүгдээрээ хэт томдоно. Та 3 – 5 сарын дотор дээрх чиглэлүүдээр ямар нэг шинэлэг юм хийж амжихгүй.
  • Тэгэхлээр Танд үндсэн чиглэлийг тухайн нөхцөл байдалд тохируулан задлан жижигрүүлэх ёстой.
  • Тухайн нөхцөл байдал гэдэгт би цаг хугацаа, сэдвийн судлагдсан байдал, өөрийн чинь боломж, ирээдүйн сонголт зэргийг ойлгож байна. Ухаандаа Та ямар нэг ажилд орохоор төлөвлөсөн байлаа гэхэд Таны дипломын ажил тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байх ёстой. Хоёр адилхан бакалавр ажил хайж ирлээ гэхэд байгууллагынх нь үйл ажиллагаатай холбоотой сэдвээр диплом хамгаалсан хүн нь ажилд орох магадлал өндөр байх болно.
  • Чиглэлийг яаж сэдэв болгох вэ ? Өөрөөр хэлбэл том сэдвийг яаж жижигрүүлэх вэ ?
  • Мэдээжийн хэрэг түүнийг задлах ёстой. Жишээлбэл, девиаци чиглэлийг архидалт, янхан, гэмт үйлдэл, хулгай гэх мэтээр задалж эдгээрээсээ аль нэгийг нь сонгож болно. Ингэж задалсан ч гэсэн тухайн дэд сэдэв нь бас л чиглэлээсээ ялгарахгүй шахам байгааг Та бэлхнээ харж байгаа.
  • Тэгвэл ахиад л задал. Жишээлбэл : Та хулгай гэсэн дэд сэдэв сонголоо гэхэд хэлбэрээр нь халаасны, орон байрны гэх мэт, субъектээр нь хүүхдийн, эмэгтэйчүүдийн гэх мэт дурын үзүүлэлтээр цааш задалж болно. Санамсаргүй байдлаар сонгосон дээрх жишээнээс гэхэд л хүүхдийн халаасны хулгай, хүүхдийн орон байрны хулгай, эмэгтэйчүүдийн халаасны хулгай, эмэгтэйчүүдийн орон байрны хулгай гэсэн дөрвөн хувилбар гарч ирж байна.
  • Ингэж задлах ( манай социологид ангилал гэдэг ) хязгааргүй олон хувилбар байдаг.
  • Ингэж задлах нь Таны судалгааны зорилго, зорилтын хүрээг үлэмж тодорхой болгоно. Танд хэт ерөнхий девици судалж байснаас түүний нэг төрөл хулгайг судалсан нь хамаагүй дээр, цааш нь ерөөс хулгайг судалж байснаас хүүхдийн хулгайг, бүр нарийвчилбал хүүхдийн халаасны хулгайг судалсан нь бүр ч илүү дээр болох нь ойлгомжтой юм.
  • Эсвэл цаг хугацааны интервал хийж сэдвийн хүрээг багасгаж болно. Жишээлбэл : Улс төрийн намуудын хөгжил гэсэн сэдвийг 1990 – 1996, эсвэл 1997 – 2002 гэж хугацаагаар зааглавал сэдэв бүр ч тодорхой болдог.
  • Хэдий хүртэл яаж задлах нь Таны тавьж буй зорилтоос хамаарна. Энэ бол судалгааны зорилтоос өөр юм. Та зүгээр л нэг диплом хамгаалах зорилт тавьж болно, эсвэл нэг сэдвийг нь сонгоод цааш үргэлжлүүлнэ гэж төлөвлөсөн байж болно.
  • Хоёр дахь нь Таны амьдрал, ирээдүйд илүү тустай гэдгийг баталгаатай хэлж чадах байна.
  • Та чиглэлийг яаж ч задаллаа гэсэн түүнтэй холбоотой онолын ном зохиолыг байнга уншиж, задаргааныхаа ерөнхий бүдүүвчийг анхаарлынхаа төвд ямагт байлгах ёстой.
  • Манай залуусын сэдвийн сонголтод гардаг нэг үндсэн алдаа бол онолын аль нэг загварыг хэт баримтлах явдал юм.
  • Миний ойлгож байгаагаар манай социологийн суутнуудын хэн нь ч Монголын нийгмийг судлаагүйд хэргийн учир оршино. Конт, Маркс, Вебер, Дюркгейм, Сорокин нар ч үүнд хамаарна.
  • Энэ нь тэднээс огт өөрөөр юм хий гэсэн үг огтхон ч биш. Энд тэдний арга зүй, арга зарчмуудыг хэрэглэх тухай асуудал гарч байна. Энэ талаар Г. Чулуунбаатарын бичсэн “Шинжлэх ухааны танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй” 2001 номыг сайн уншвал зүгээрсэн.
  • Сэдэв сонгоход гардаг өөр нэг түгээмэл алдаа бол сэдвийг улиг домог болгох явдал байдаг. Ухаандаа “Сонгуулийн систем” гэсэн чиглэлээр арваад жилийн дотор зуу гаруй дипломын ажил хийсэн байдаг. Эдгээрт шинэ зүйл тун ховор. Өнөөх л улиг болсон мажоритар, пропорционал, холимог гэсэн гурван системээ ярьдаг битүү цагираг үүссэн хэвээрээ. Үүнээс гарах олон боломж бий.
  • Залуу хүмүүсийн гаргадаг өөр нэг түгээмэл алдаа бол сэдвийг судлаад дуусгачихсан мэт ойлгож, түүнээс өөр шинэ сэдэв хайх явдал юм. Ухаандаа Х. Гүндсамбуугийн “Монголын нийгмийн давхраажил” ном гарснаар давхраажлыг судлах явдал дууссан мэтээр ойлгож болохгүй юм. Мэдээж Х. Гүндсамбууг даван гарах нь бараг биелэшгүй зүйл мэт санагдаж байж болох.
  • Х. Гүндсамбуу энэхүү алдартай зохиолыг бичсэнээрээ уг чиглэлийн судалгааны өргөн талбай, шинэ боломжийг нээсэн хэрэг. Миний бодлоор залуус энэ чиглэл рүү хошуурч, дээр миний хэлдгээр цааш нь задлан үргэлжлүүлэх ёстой. Ийм асуудал тоо томшгүй олон бий.
  • Мөн нийгмийн давхраажлаас гадна өөр чиглэлээр судлах өргөн боломж бий.
  • Гэхдээ хэн ч судлаагүй шинэ сэдэв олж, атар газар хагалах боломж одоо бараг байхгүй юм.
  • Мөн хуучин сэдвийг хуулах нь Танд өчүүхэн ч ашиг тус өгөхгүй. Та асуудалд шинэлэг байдлаар хандаж баймаажин амжилтад хүрнэ.
  • Таны эргэн тойрон тулгамдсан асуудал үй түмээрээ байгаа. Энэ бол Монголын тулгамдсан асуудал. Та Монголын тулгамдсан асуудлыг судлах гэж байгаагаа хэрхэвч умартаж болохгүй.
  • Залуу хүмүүсийн гаргадаг нэг төөрөгдөл бол моодонд автагдах явдал юм. Ухаандаа барууны нийгмийн бүхий л проблемыг монголын нийгэмд суулгах гэж хүчээр оролдох нь үүний нэг хэлбэр болдог.
  • Жишээлбэл, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг бид бараг моод болгосон. Гэтэл бодит байдал дээр манайд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал огт өөр байдлаар оршин байдаг.
  • Таны сонирхон буй асуудлаар нэгэнт хийсэн судалгаа зөндөө буй. Мөн тэдгээрийн үр дүн өөр хоорондоо зөрчилтэй байх нь түгээмэл. Эсвэл онолын хувьд тайлбарлах боломжгүй, практикийн хувьд шийдвэрлэхэд түвэгтэй асуудлууд олон байх. Эндээс л Таны судалгааны сэдэв гарч ирнэ дээ.
  • Сэдэв сонгохтой хамт судалгааны зорилт, зорилго, таамаглал гээд л олон асуудал үүснэ. Сурах бичгүүдэд голчлон тулгамдсан асуудал, зорилт, зорилго гээд л судалгааны үе шатыг дэс дараалуулан тоочсон байдаг. Амьдрал дээр үүнээс шал өөр байх нь их түгээмэл.
  • Судалгааны сэдэвтэй зэрэг шахам таамаглал, зорилт, зорилго Таны толгойд ороод ирнэ бий.
  • Иймээс Та сэдэвтэйгээ хамт судалгааны удаах шатуудыг хамтад нь цогц байдлаар бодож сурвал тун зүгээр.
  • Сурах бичгүүдэд байдаг дэс дарааллаас гадна сэдэв сонгоход материалын хүртээмж, судлагдсан байдал, ач холбогдол, шийдвэрлэх боломж, судалгаа хийх хүч хөрөнгө, цаг зав, ирээдүйн ажил, цааш үргэлжлүүлэх хэтийн төлөв зэрэг олон зүйлийг заавал харгалзах учиртай.
  • Ер нь судлаач хүн сэдвээ сонгох нь амьдралынхаа ханийг сонгохтой бараг адил гэж ойлгож болно. Учир нь энэ сонголтоос тань нэр алдар, амжилт бүтээл, амьдрал чинь ихээхэн хамаардаг учраас тэр юм.
  • Хүн судлах сэдвээ өөрөө сонгохгүй байж болно. Энэ нь аль нэг байгууллагын захиалгаар, төслөөр, тендерээр явуулж буй судалгаануудад хамаарна. Өөрөөр хэлбэл судалгааны сэдэв нэгэнт Танаас үл хамааран өгөгдсөн гэсэн үг.
  • Энэ тохиолдолд ч гэсэн уг судалгааг үнэн сэтгэлээсээ өөрийн сэдэв мэт хийх ёстой.
  • Захиалгат ажил Таны үндсэн чиглэлтэй ( сэдэвтэй ) үл тохирч байлаа ч гэсэн хэрэв Та анхааралтай байх юм бол энэ хоёрыгоо холбох үй олон шижим олж болно.
  • Захиалгат судалгаа явуулснаар Таны туршлага нэмэгдэнэ. Мөн үндсэн сэдвээ гүнзгий эрэгцүүлэх боломжтой болно.
  • Харин захиалга, өөрөөр хэлбэл мөнгө хэт хөөцөлдөн юм юмаар оролдох аваас Та мэддэг ч юмгүй, мэддэггүй ч юмгүй хоцроно. Энэ бол судлаач хүний хамгийн зовлонтой асуудал байдаг.
  • Ямар ч байлаа гэсэн Та сонгосон сэдвээ хэзээ ч үл орхин, цаг ямагт бодож, оролдож эрэгцүүлж явбал нэг л мэдэхэд үр дүн гарна.
  • Манайд нэлээд гардаг өөр нэг хөгийн асуудал нь сэдэв булаалдах явдал болно. Тэр миний сэдвийг авчихсан, булаачихсан гэдэг яриа гаргаад үзэв ээ. Аль ч сэдвийг хэдэн ч хүн хэдий ч хугацаагаар судалж болно. Таны сэдвээр улам олон хүн оролдож байвал сайн л биз дээ.
  • Юуны өмнө Та бага ч гэсэн зүйл хийсэн байх ёстой. Юу ч хийгээгүй байж сэдэв булаацалдах нь утгагүй. Мөн аль ч сэдвийг судлаад барахгүй.
  • Мөн нэг удаагийн төсөл, тендер, захиалга авахын тулд нөгөөгөө муулах аргыг хэрэглэх нь шинжлэх ухаанд харш юм. Та ийм аргаар хэзээ ч хол явахгүй.
  • Өөрийн болон нөхдийн туршлагаас үзэхэд амархан сэдэв гэж байдаггүй. Мөн хэрэггүй сэдэв гэж байдаггүй.
  • Судалгааны чиглэлээ зөв тогтоогоод байнга нухаад байх юм бол туршлага, арга зүй гэдэг юугаар ч орлуулж болдоггүй зүйлсийг Та олж авна.
  • Гэхдээ л чиглэлээсээ хэт их буюу байнга гажвал нэг их сайн юм болдоггүйг анхаарч байх ёстой.. Хүн чаддаг, мэддэг зүйлээ хийвэл өөртөө ч, бусдад ч илүү тус хүргэдэг.
  • Манай нийгэм өөрөө их сонирхолтой, хажууд нь шинжлэх ухаан их хурдан хөгжиж байна. Энэ бүхэн нь Таны судалгаа хийх боломжийг, өөрөөр хэлбэл сэдвийн талбайг улам баялаг болгож байна гэсэн үг.
  • Эцэст хэлэхэд сэдэв бол судлаач хүний илүүтэй сонирхож буй тэр л зүйл юм.
  • Ингээд эрхэм залуу судлаач Таныг сэдвээ сонгоход чинь бага ч болов нэмэр болох болов уу гэсэн санаагаа чадан ядан эвлүүлэв. Таны сонголт мэргэн байх болтугай.

Судлаач Д. Ганхуяг.

1 comment:

anjigai said...

Таны судлаачдад зориулан бичиж байгаа зүйлсийг байнга уншиж байгаа.

Өөрийнхөө бичлэгт аавын маань бүтээлийг дурдан, жишээ авсанд тань маш их баярлаж байна.

Би бас нийгмийн салбарт ажиллаж байгаа.

Та надтай anjigai@yahoo.com хаягаар холбогдвол их баяртай байх болно.

Хавхчин Гүндсамбуугийн Ариунчулуун