Sunday, November 11, 2007

АР МОНГОЛДОО ХУРГА БОЛЖ ТӨРӨӨД ИРЭГ БОЛЖ ИДҮҮЛЭХ СЭН - II Хэсэг


Өглөө болгон монгол нутгийнхаа зүг цайны дээжээ өргөж “Монгол минь өнө мөнх, энх тунх орштугай” гэж залбирах, ингэхдээ зовлон нь нимгэрэх шиг л болдог гэх. Хар хятадад дарлуулан ингэж хүнээ алдаж суухаар монгол нутагтаа хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэхийг нь сонсохоор цээжинд нулимс зангираад ирнэ. Тун удахгүй...
Сэтгэлийн гэгээ арвидахуй
Бурхан багшийн ээж нь түүнийг төрүүлэх үедээ гэртээ орж амжилгүй нэгэн цэцэгний хажууд амаржижээ. Хүүхдээ гэрт оруулахад долоон алхам байсан гэнэ. Алхам бүрийн тоогоор цэцэг дэлгэрсээр долоон цэцэг болж анх төрсөн газарт нь нэгэн цэцэг мэндэлснээр ариун Гүмбүм орны үүдний найман суваргад найман цэцэг дүрслэгджээ. Суварга бүр учир бэлгэдэлтэй. Бурхан багшийн насны бүх үйлийг агуулсан учир холбогдолтой. Гүмбэмд суварга олон бий. Шарны шашныг үндэслэгч Зонховын мэндэлсэн газарт /1379 онд/ анхны суваргыг босгожээ. Гүш ханы бага хүү Даш баатар энд ордонлож байсан. Тэр байшин хожим Гүмбүмийг хамаарах засаг захиргааны төв байр болжээ. Дашийн хүү Лувсанданзан хожим нь эцгийн байшинг дацан болгож шинээр сэргээн засчээ. Мөнөөх найман суваргыг Лувсанданзангийн “цэргүүдийн” суварга хэмээн бас нэрлэх. Энд баахан лам нарын цус асгарсан нь түүхэн үйл явдал аж. Тэднийг хаа байсан Хөхнуурт сууж байсан Лувсанданзангийн цэрэг хэмээн хэлмэгдүүлж аймаглан хөнөөсөн гэх. Сүсэгтнүүд бурханы оронд одсон лам нартаа буян бодож эл суваргуудыг сүндэрлүүлсэн ч гэх домог сонсч явлаа. Бас хийдийн гол горломд нэгэн өвгөн мод байх.

Түүнийг бурхан багшийн гишгэсэн газраас ургасан /үргүй навчилсан/ гэж мөргөлчид тахиж тайж байхтай тааралдлаа. 3500 лам ном хурдаг байсан гэх Майдар бурхны дацанд ирээдүйд болох дэлхийн мөхөл, шашны дайныг дүрсэлсэн “аймшгийн” зураг, дэлхийг нуруундаа тээж яваа яст мэлхий, замба тивийн мандал дахь тамыг дүрсэлсэн нь ирээдүйн гамшгийг эртнээс хүмүүст ухамсарлуулж, урьдчилан сэргийлүүлэх гэсэн оролдлого гэнэ. Ер энэ нутагт очсоноос хойш мэдэрсэн бурхан номын хамгийн амьдлаг газар нь Гүмбүм байсан. Найман Найдангийн зээгт наамлаар урласан зурагны нүдийг эрдэнийн чулуугаар хийсэн нь амьд мэт. 134 кг алтаар дээвэрлэсэн Зонховын сүмийг шинээр барьж байгаатай тааралдсан. Шашны түүхэнд гурван том Зуу байдгийн нэг мөнгөн Зуу нь энд, алтан Зуу нь Лхаст, зандан Зуу нь Халимагт байдаг гэнэ лээ. Энд маш сонин олон зүйлийг харж болно. Бурхадыг зэвсэгтэй байх юм гэж өмнө нь ер бодож байсангүй. Гэтэл дайны бүх л зэвсэг бурхадын дэргэд бурхан мэт залрах нь Шамбалын дайны бэлтгэл ажил гэнэ. Бараг л зэвсгийн склад гэмээр нэгэн сүмээр ороод бүр балмагдсан шүү. Зэвсэгтэй бурхадаас айж цочмоор юм билээ. Байгалийн амьд модоор тулгуур хийсэн Майдарын 12 насны шуумалтай дацан байх юм. Сүмээр оронгуут нэр нь үл мэдэгдэх бурхан угтлаа.

Сүмийг байгуулахаар малтах үед нэгэн төмөр бурхан гарсныг шармал болгон сэргээж залжээ. Одоо ч лам нар нэр оноож чадаагүй байгаа гэсэн. Энэ нь 1500-аад онд байгуулагдсан эртний дацан. Зохилгүй явдалт гоо охиныг шулам шиг дүртэй болгосноор тэр гэгээрч замбативийн 500 хүүхдийн эх болсон гэх. Энэ нь Балданлхам бурхан. Сүрлэг гайхамшигтайгаар залжээ. Нээрээ л аймаар дүртэй ч аятайхан харагдсан шүү. За тэгээд л энд ирж таалал төгссөн 3-р Далай ламын чандраас өгсүүлээд Богд Зонховын зүүдээр хийсэн тосон цэцгийн сүм гээд л үзэх юм арвин. Тосон цэцгийн сүмийн үзмэрүүдийг шар тосоор урласан. Жил бүрийн Цагаан сараар шинэчлэн шинэ зүүд бүтээдэг гэх. Гүмбүмийн эргэн тойрны уулсыг Лянхуа уулс гэдэг. Найман дэлбээт лянхуа нээрээ л яг мөөн. Маргааш энд болох Дээд монголын нэгэн хуримд бэлтгэж буй айлд зочлоод орой нь буцахдаа бяцхан төөрч бид тун санаадгүйгээр мөнөөх лянхуан нэг дэлбээн дээр гарчихсандаа тун ч олзуурхсан билээ. Сүрхий хотожсон орчин үеийн энэ газарт толь шиг цардмал зам нь гэнэт уул руу ордог балархай зөрөгтэй нийлчихдэг юм билээ. Төөрнө гэдэг л тэр байх. Уулан дээрээс харахад нөгөө толь шиг зам торолгүй явсаар Гүмбүм рүү хөтөлж байна лээ.

Маргааш нь бид Дээд монголын хурим найрын зан үйлийг ёстой нэг амьдаар нь харж атаархахдаа хэлэх үгээ олохгүй шагшсан. Ёс жаяггүй үйлдэл гэж тэнд байгаагүй ээ. Хамгийн олзуурхууштай нь Дээд монголд хуримгүй гэрлэлт гэж байдаггүй гэсэн. Биднийг Гүмбүмээс 20-иодхон км-ийн зайд байх Шинэн /Монголчууд Сэлэн хэмээнэ/ хотод угтсан Хөхнуурын үндэсний их сургуулийн багш, эртний дотно танил Хөхөө хүртэл тэр хуриманд хүрээд ирчихсэн “Дээд монголчууд хуриман дээр л бараа бараагаа харах юм” гээд зогсч байсан. Хурим яг л бидний мартсаныг сануулах мэт байсан. Монголчууд ингэж л хуримладаг байсан даа гээд бид хоёр нээх холоос санаа алдсан. Бидний мартсан, шинэчилсэн бүх зүйл тэнд уламжлал ёсоороо байна лээ. Хуримын туршид би шинэ бэрийг өрөвдсөн. Бүхэл бүтэн хоёр өдрийн турш ичиж гэрэвшин доошоо тонгойх түүнд лав амар байгаагүй байх аа. Хурим найрын үеэр сархад хэтрүүлэн хэрэглэсэн хүн ер харагдаагүй. Баян сөнгийн ерөөл гэгч монголын бүх уламжлалыг хураан захисан үгсийг найрын ахлагч нь хэлж царан дээр тавьсан хос мөнгөн аягатай архийг гийчдэд нэн хүндэтгэлтэйгээр барих юм. Архи барих хүмүүс нь гол төлөв залуус. Тэдэнд хүндэтгэлийн зан үйлийг ингэж л сургадаг бололтой. Тэд ч төлөв төвшин гэж жигтэйхэн, эрхэм зочныхоо өмнө ирээд л Дээд монголынхоо ардын сайхан дуунаас аялгуулан эхэлж тэр хоорондоо ёсыг гүйцэтгэн зочноо дайлах аж. Дээд монголд ерөөлчид их цөөн байдаг, тэд хүндтэй ч гэж туйлгүй. Бидний эрхэм анд Бүргэдийн хадам аав Цагаанбаатар гуай энэ үүргийг маш чадамгай гүйцэтгэж харагдсан.

Гүмбүмд байх гурав хоногийн хугацаанд бид Цагаанбаатар гуайн гэр зочид буудалд Хөхнуурын монголчуудтайгаа тогоотой хоолонд хошуу холбож тухтай таатай өнгөрөөсөн. Цагаанбаатар гуай Хайши /Хөхнуурын баруун тал/-гаас суурин газарт нүүж ирээд таван оныг үдэж байгаа. Энд ирэх монголчууд ихэнхдээ л гэр бүлийнхээ эрхэм нэгэн хүнийг алдаж уй гашуу болохдоо буян хийлгэхээр зорьсон байдаг аж. Эндэхийн монголчууд бурхан болоочийнхоо хойдын буянд үнэхээр их сэтгэл хандуулдаг юм билээ. Зовсон зүдсэн элэг нэгтнүүддээ садангийн сэтгэлээр хандаад явуулдаг Цагаанбаатар гуайнх ч бас буяны л газар шиг санагдсан. Бидэнтэй нэгэн хананы цаана түр суурьшсан Мо Шо, Сарнай нар /эхнэр, нөхөр/ Хөх хотод өөд болсон аавынхаа чандрыг аваад Хөхнуур руугаа явж байна, бид Цагаанбаатар гуайн нутаг Хайшийн улсууд хэмээн ярьж байсан. Гүмбүмд болсон хуриман дээр бид Тайж нар, Хөрлөг, Давсан говь, Улаан гээд л Хөхнуурын бараг л бүх хошуудын хүмүүстэй уулзаж танилцан үүх түүхээс нь чихээ дэлдийлгэн сонссон. Тайж нар хошууны Цүлтэм гэдэг айхтар ухаалаг өвгөн бидэнд ихийг ярьж элгэмссэн. Мөн Дээд монголын 29 хошуу байснаас ес нь үлдсэн, тэд бүгд өөрсдийн үүх түүхээр ойллого хэмээх нэгэн ботиудыг тус тус гаргаад байгаа гээд Тайж нар хошууны ойллогыг бидэнд бэлэглэсэн нь бусад хошуудын бичиг түүхийн эрэлд хожим нь биднийг хөтөлсөн юм. Юутай ч ариун номын Гүмбүм орон, авралт найман суваргын дор сэтгэлийн гэгээ арвидах шиг болсон.

Эндээс бид Дэлхий хот хэмээх Хятадын цэргийн хаалттай хотыг зорих боловч цагдаа нарт саатуулагдан дараагийн монгол хот Голмудад шууд хүрч тэндээсээ Лхаст зорчиж ирэх замдаа Дээд монголынхоо малчны хотонд аргалын утаа үнэртэн тавтайяа амран тухлах болно. Урт энэ аяллын туршид сэтгэл огшоосон, өр өмлөсөн, цайлган баясаж, айлган тунирхсан олон арван жинхэнэ мэдрэмж олзолсон.

Бурхадын хотод сэтгэл хоосрох нь хачин

Хэзээ мөдгүй түрхрэн босохоор завдаж буй хүчит араатан мэт хүдэр хүйтэн цохионууд, аянчны тэрэгнээс толгойгоо цухуйлгаад ч орой нь үл харагдах тийм эгц сүрдэм уулсын хормойгоор бодол сэтгэлээ хатамжлах мэт дүнсгэрхэн аялж явлаа. Дуу шуугүйхэн санаашрах авч цээжин дотор бодол цалгих нь нэн тодхон. Замын дагуу асарлах эгц босоо хадан энгэрийг эвтэйхэн хучсан хамгаалалтын төмөр утсан тор мөнөөх түрхрэгч араатнаас сэргийлэх гэсэн хүмүүний ядмагхан оролдлого аж. Хатуу совингийн биелэл шиг энэ нутагт зөөлөн юм олж бодох сон гэж хичээх хэдий ч ариуслын гэгээн Лхаст /Түвдээр бурханы хот гэсэн үг/ бурхад нь хүртэл шилэн хоргонд хоригдож байсан шүү дээ гээд л шүүрс алдах. Эзэндээ мартагдсан боол мэт нутаг. Тэнд зул хүжис л амьд /асаж/ байдаг. Олон олон зулын зүг хүмүүс тасралтгүй сунаж мөргөсөөр дух, тохойгоо ч халцарч цоорохыг мэддэггүй. Тэд зэрэгцээд мөргөж байхдаа ч бие биенээ олж хардаггүй, нүд нь аниастай, харанхуй. Бурханы орны хоймор дахь Будаалин /Ботола/ ордонд нэвтрэх тасалбар 100 юанийн үнэтэй. Үе үеийн Далай лам энд ордонлож байсан. Өдгөө тэдний чандрууд нь ордныхоо их алтан суваргуудад хадгалагдан “амьдарсаар” л байгаа. Сэрэг дүрүүд нь буддын мянган бурхадын хамт заларч байдаг юм билээ. Харин 14-р Далай ламын суудал эзгүй, орхимж жанч нь эзнээ хүлээх мэт уйтайхан “сууж” харагдана лээ. Түвдийн “дээвэр” болсон Будаалин ордны хэрмэн дээгүүр тонгойн харахад тэртээ доор түвдүүд шоргоолж шиг, төөлүүр хорхой шиг ордноо гороолон сунаж мөргөсөөр л. Харин энд эргэн тойрон харь хүмүүс, жуулчид, эрээгүй чангаар хашгичин ярих хятадууд.

...Түүх сөхвөөс 7-р зуунд Соронзонгомбо хаан хөрш аймгуудыг нэгтгэж Лхасыг байгуулжээ. Тэгээд анхны ордноо болгож Жокан хийд буюу Их зууг босгосон гэнэ. Энэтхэг Балбын уран барилгын хийцтэй эл томоохон байгууламж нь Соронзонгомбын анхны эхнэр балба хатных нь бэлэг гэх. 1617 онд Зүүнгарын цэргүүд хийдийг дайрч нэлээдгүй сүйтгэл учруулсан ч засаж сэргээгээд ахиад л гайхамшигт өнгөнд нь хувиргаж чаджээ. Гэхдээ бурхан шашны эл агуу зүйлс ис тоосорсон, нүсэр эл сүмд хаягдсан хувь тавилантайгаа эвлэрэх мэт хураагдсан нь харамсмаар.

Дараа нь Марфори толгойд Боталаг барьжээ. Эдүгээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эл гайхамшигт ордныг цогцлооход Энэтхэг, Балбаас хөрөнгийн их урсгал зайгүй урсаж байсан гэдэг. Түвдэд шашин номын гурван том цогцолбор байдгийн нэг нь Лхасын хойд бие дэх Сера голын эрэгт уулан дунд орших Сера буюу зэрлэг сарнайн хийд. 1419 онд Зонховын шавь Жамцан Чойжэ байгуулсан. Гурван дацантай, 29 байртай, алтан үед энд 5500 лам амьдарч байжээ. Хосгүй үнэтэй хананы зургууд байдгийг саяхан 1990-ээд оны эхээр дахин сэргээсэн. Очирваань бурханы түмэн хөрөг залаастай байдаг эл хийдэд монголтой холбогдох зүйлс арвин. Лхасын шашны томоохон төвүүдийн нэг болох Норбулин хийдийн зүүн талд Түвдийн музей байдаг. 1999 онд байгуулагдсан уг музейд шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн чиглэлийн судалгааны үнэ цэнэтэй материалууд хадгалагдахаас гадна шашин түүхийн онцгой сонин үзмэрүүд арвинтай. Үүн дотор мөн л монголын түүхтэй холбогдох олон арван гайхамшигт зүйл бий. Эл музей нь хятадын 10 том музейн нэг гэсэн. Гэхдээ л энд үзэж харсан бүхэн маань нүсэр гэгчийн бүдэг бүгээн сүм дотор арц хүж болоод зулын шар тосны үнэртэй холилдон эмх замбараагүй, гайхаж бишрэхэд бэрх тийм нэг мэдрэмж болоод дотор сэтгэлд нэн түүртэй ч юм шиг санагдсаныг дурдсу.

Учиргүй их хүсэж зорьж ирсэн Цастын орныг орхиж одох сон гэж яагаад ч юм жигтэйхэн их яарсан би. Одоо буцаж яваа нь энэ. Хөлдүү цагаан тосыг хэлтлээд авсан шиг эмтэлж мэрчихсэн уулнууд л тааралдаад байлаа. Хараа жаахан өргөөд холыг анирдах аваас тэртээх хөхөмдөг алсад мөн л их нурууд хөндөлсөн сүртэйеэ үзэгдэнэ. Гэвч энэ газар хятад хүний хөл хүрээгүй нутаг орон гэж байдаггүйг санаад бас л ойртоод очихын цагт нүд халтирах байх даа гэж шимширлээ. Уулсыг чимж буй ганц зүйл нь оргилынх нь мөнх цас. Нүцгэн биеийнх нь шарх сорвийг дүүргэн цас, бороо ороход уулс баярладаг байх даа гэж бодсон.

Цастын орноос Цайдмын хөндийг зорин ийн явахдаа сэтгэл тэжээх бодол эрсэн минь тун амархан олдов. Тун удахгүй би элгэн саднуудтайгаа уулзана даа гэхээс тайвшраад явчихлаа. Ёстой л хоол шиг бодол байж. Зөөлөн болоод хөндүүр. Түвдийн өндөрлөг уулсын бэл дэх Цайдмын хөндийд суугаа монголчууд маань замбаатай цайндаа шар тос хөвүүлээд барина. Халуун цайны илчинд хөлсөө бурзайлган тос даасан, жинхэнэ монгол үгсийг амнаасаа унаган хуучилна. Яриа нь сэтгэл шигээ үнэн байна. Тэдэнтэйгээ хөөрөлдөн суухуй ясны хөлс гарч ядрал минь мартагдана. Уйлмаар болно, дуулмаар болно. Өөрийн эрхгүй сэтгэл огшоод ирнэ. Өглөө болгон монгол нутгийнхаа зүг цайны дээжээ өргөж “Монгол минь өнө мөнх, энх тунх орштугай” гэж залбирах, ингэхдээ зовлон нь нимгэрэх шиг л болдог гэх. Хар хятадад дарлуулан ингэж хүнээ алдаж суухаар монгол нутагтаа хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэхийг нь сонсохоор цээжинд нулимс зангираад ирнэ. Тун удахгүй...

Үргэлжлэл бий

Эх сурвалж:www.dayarmongol.com


1 comment:

Kherlen Borjigon said...

Ganbaa akh aa, halisnii bichleg hiisen um bolov uu?