Sunday, November 11, 2007

АР МОНГОЛДОО ХУРГА БОЛЖ ТӨРӨӨД ИРЭГ БОЛЖ ИДҮҮЛЭХ СЭН... - I хэсэг


Монгол Улс тунхагласны ойд

МОНЦАМЭ агентлагийн Сэтгүүлч Б.Занданхүү хэдхээн хоногийн өмнө Хятад дахь монгол үндэстнүүдийн нэгээхэн хэсэг оршин амьдрах Хөх нуурын орноор аялаад иржээ. Аялалынхаа тухай сонирхолтой тэмдэглэл бичсэнээ манай уншигчидтай хуваалцаж байна.

Хүний нутаг дахь миний монгол
Нэг сая орчим төгрөг зарж дөрвөн мянга орчим км зам туулан Монголынхоо ирээдүйд оччихоод ирлээ. Монголын маань ирээдүй их л холд байх юм бодсон чинь энүүхэн хаяанд арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулж халуун зунаар хар цай оочлонгоо Халхын түүхийг дурсамжийн цаанаас хоолой зангируулан хүүрнэж суух юм. Хүүхдүүд нь сургуулийн мөр хөөж хятад болоод хөгшид нь хэдэн малаа даган монголоороо үлдсэн ч тэдэнд хөх толботой ач зээгээ тэврэх хувь дутжээ. Торонд байгаа хэдэн мал, малаа дагаж яваа энэ хэдэн хөгшдөөр Дээд монголчууд дуусч байгаа нь энэ аж. Их гүрний нөмөр нөөлгөн дор цөөнх үндэстэн хэмээн “бөөцийлүүлэх” авч Дундад улсын нийгмийн халамжийг харааж яс махнаасаа зэвүүцэн ярвайхад нь сая л би “Эрх чөлөө, тусгаар тогтнол” хэмээх танил үгийн утгыг хальт мөлт ухаарав. Эх нутгаасаа тасран гурван зууныг элээсэн Гүш хааны хэдэн монголд дээлтэйгээ хатах ийм нэгэн тавилан оногджээ. Хужаагийн хувцас эгэлдрэхгүй хэмээн ам даавуугаараа дээл мэтгэж суух ч дээлэн доторх сэтгэл дэвэрч буцлахын цагт асгарах газаргүй, хүний нутагт нулимсаа залгин хатуужих. Гэхдээ тэд азтай ажээ. Хол ч гэсэн эх оронтой улс. Монголынхоо зүг цайныхаа дээжийг өргөж, хэзээ нэгэн цагт эх нутагтаа ясаа тавих хувь тохиож мэднэ гэж горьдох. Итгэл хамгийн сүүлд үхдэг нь үнэн бол юутай ч тэд хайлж дуусталаа харах бараатай, санах садантай, горь хүсэлтэйгээ үлдэнэ. Харин бид ирээдүйд тэдний буурин дээр “нүүж” очвол хаашаа харж юундаа залбирч хэнээсээ аврал эрэх билээ? Хөдсөн дээлтэй энэ хэдэн хүн бидний өнгөрсөн үе биш харин ирээдүй минь болж харагдах саарал цагийн будан туучин явахдаа “Хүн хувцасаа тайлчихвал хэн болох билээ” гэж эрхгүй нэг бодсоон.

Их сургуулийн багш, залуу эрдэмтэн Д.Бум-Очирын бичсэн “Хайлж буй Дээд монгол” хэмээх өгүүллийг Цахим өртөөнөөс олж уншчихаад урь сэтгэл тээн урд хөршийг зорьсон бид “Хөхнуурын монголчууд гэж ямар хүмүүс байдаг бол” гэсэн сониуч адгуу хүсэлд хөтлөгдөж явсан. Яваад очтол эгээ л элгэн садандаа золгосон шиг сэтгэл цадаад монголоосоо илүү монголоороо үлдсэнийг нь харж нүд эхлээд баяссан. Дараа нь тэдний зовлон бидний зовлон хоёрыг дэнслээд ирэхүйн үес гол харласан. Дэлхийн тэн хагасыг “эзэлчихсэн” их гүрний дунд дээлтэйгээ, бичиг, хэл соёлтойгоо үлдэнэ гэдэг нэг талаасаа гайхамшиг, нөгөөтэйгүүр шүд зуусан хүнд жилүүдийн түүхэн дурсгал шиг санагдаж байлаа. Хятадад 56 үндэстэн байдгийн тавхан нь л үндэсний бичигтэйгээ үлдсэн гэнэ лээ. “Цогт тайж” киног үзсэн хэн ч Гүш хааны тухай там тум төсөөлөлтэй үлдсэн нь дамжиггүй. Дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайх албат иргэдээ дагуулан Хөхнуурын зүг жолоо залсан нь 1636 оны явдал аа. Ингээд л бидний кинонд үздэг шигээр Хөхнуурын хойд биед байх Улаан хошуу гэдэг газар хоёр монгол шар, улаан шашны төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж хошуу газрыг цусаараа будан /Энэ түүхээс улбаалан Улаан хошуу хэмээн нэрлэх болжээ/ Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Төрбайх 5-р Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай ламтан Төрбайхыг шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор шагнасан нь хожмоо түүний олонд түгсэн түүний нэр нь болжээ. 1655-1723 онд Түвд болон Хөхнуурын өндөрлөгт Гүш хаан өөрийн Хошууд хант засгийг байгуулан 70 жил оршин тогтноод 1723 онд Гүүшийн ач Лувсанданзан Манжийн ноёрхлын эсрэг босож дарагдан мөхсөн байна.

Түүнээс хойш төрөл нэгт монголчуудаасаа алслагдан салсан тэдний мөхлийн ирмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлжээ.

...Халхын хавтгайд дураар нүүдэллэн эрх чөлөөг эдлэн жаргадаг монголчуудын хувьд тоотойхон хэдэн бут бударганаас өөр нүд баясгах юмгүй Цайдмын хөндийд торон хашаан дотор малаа дагаж яваа тэд минь өрөвдөлтэй л санагдсан. Нүцгэн нутгийнхаа чанадад хөхөртөх цувраа мянган уулсын зүгт нүд сэтгэлээ бэлчээн “Эх орон минь энэ уулсын цаахна бий дээ” хэмээх бодлоор сэтгэлээ тэжээн өнчирч яваа тэдэнд Монголоос хүн ирсэн гэх сураг тэнгэрээс бурхан буусантай л адил сонсогддог аж.
*Бидний нүдэнд ийм нэгэн хувь зохиолтой үзэгдэх төрөл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу, Сичуан, Шинжаан, Түвд дөрвөн мужийн дунд орших Цинхай буюу монголоор бол Хөхнуур мужид түвд, хятад болон хасаг, хотон, салар, лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх Ойрдын дөрвөн аймгийн нэг одоогийн Дээд монголчууд юм*. Ийнхүү гэнэт Дээд монгол гэх нэр томъёо гараад ирэхээр “энэ чинь юу болж байнаа, бид нар тэгээд доод монгол юмуу” гээд нүд ам нь гурвалжлаад ирэх хүмүүс гараад ирэх байх. Газрын өндөрлөгт байх тэднийг ийнхүү нэрлэдгээс өөр сүртэй юм үүнд ер үгүй ээ. Бас ч гэж дээд хэмээх энэхүү тодотгол нь тэднийг дээш нь татаж өнөөдөртэй золгуулсан ч байж мэдэх. Юутай ч “доромжлуулах тусам улам өнгө ордог” дотоод сэтгэлийнх нь монгол бардамнал тэдний нүдэнд цогшиж харагдана лээ. Газар шагайсан түвдүүдтэй харьцуулахад шүү дээ.

Энэ тухай дараа жич өгүүлэх тул түр азнаад аяллаа анхнаас нь эхлэн уншигчиддаа хүргэе.

Хөх хотод еэвэнгээр мацаг барив

Улаанбаатарын хоёр монгол Хөх хотод хөл тавьснаар өмнөд хөрш дэх монголчуудаа эргэх “айлчлал” маань албан ёсоор эхэлсэн юм. Тэр өдрийн орой хятадууд хотын төв талбайд цуглан баярлаж хөгжилдөцгөөлөө. Шинийн арван таван байсан юмсанж. Юань гүрний үед энэ өдөр еэвэнгийнхээ тусламжтайгаар монголчуудыг “ялсан” юм байх. Еэвэн сар хэмээн бахархан тэмдэглэдэг байснаа дараа нь Ургацын баяр хэмээн сайхан нэрлэх болж хамгийн том тарвасаа цавчин Монголчуудын толгойг авч байна гэж баясацгаадаг байсан гэх. Харин хожим нь цавчсан тарвасаа зүсэж саранд өргөн Сар тахих баяр ч гэгдэх болж. Гэхдээ л хөдөөх зарим тосгонд энэ өдөр тарвас зүссэн найрын ширээний ард “Монголын толгой” гэх үг сонсогдсоор байдаг тухай эндэхийн танилууд маань цухуйлгана билээ. Харин монголчууд төв талбай руу зүглэх нь бүү хэл тэр өдөр еэвэн идэхийг хүртэл цээрлэдэг аж.

Алжааснаа гайхан амраад сэрэхэд ашгүй өглөө болсон байлаа. Хөх хотод ч бас бидэнд үзэж сонсох зүйл арвин гэж ярилцсаар их сургууль руу нь алхлаа. Өвөр монгол нь Хятадын анхдагч өөртөө засах орон юм. Энэ нь үндэсний өөртөө засах болон орон нутгийн өөртөө засах эрх, улс төр, эдийн засгийн хүчин зүйлсийг нэгтгэсэн гэсэн үг юм. Хожим Хөхнуурт хүрч очиход тэндэхийн Дээд монголчууд Өвөр монголыг “Өөртөө засах эрхээ ч өмчилж чадаагүй” хэмээн харамсан зэмлэхтэй олонтаа тааралдсан. Өвөр монголын нутаг дэвсгэрийн байршил зүүнээс баруун тийш дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 1/12-ийг эзлэн орших учир дорноос мандсан нар хоёр цаг гаруй аялж бүх нутгийг өвч бүрэн гийгүүлдэг байна. 1.183 сая км хавтгай дөрвөлжин газартай. Энэ нь Хятадын нийт нутаг дэвсгэрийн наймны нэг хувийг эзэлдэг байна. ӨМӨЗО-д өнөөдрийн байдлаар 23 сая хүн оршин амьдарч байгаагийн 80 гаруй хувь нь хятад, харин 15.9 хувь буюу 3.5648 сая нь монгол үндэстэн байна. Өвөр монгол байгалийн арвин баялаг нөөцтэйн зэрэгцээ хүнд үйлдвэрүүд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа гэнэ.

Их сургуулийн номын санд бид Дэлгэр багш, ӨМ-ийн их сургуулийн Монголын түүх судлах газрын дарга Буяндэлгэр нартай ярилцан ном зохиолуудыг нь үзэж сонирхлоо. Монголын түүхийн судалгааг бие даан хөгжүүлэх боломж муутай, учир нь Хятадад түүхийн судалгааг дэлхийн болон хятадын гэж хоёр л хувааж үздэг, монголын түүх нь хятадаас бусад үндэстний түүхийг судалдаг тусгай түүх гэдэг ангилалд хамаарагддаг. Их сургуулийн оюутан л сургах үүрэгтэй” хэмээн ярьж байв. Хөхнуурын Монголчуудын талаар асуухад “Тэдний тухай монгол сурвалж маш бага, хятад, түвд хэлээр бол нэлээд юм бий. 20-иод жилийн өмнөх судалгааны жаахан материал байдаг, шинэчлэгдээгүй. Ганц нэг хүн хувиараа хөөж судалдаг ч нэгдсэн мэдээллийн сангүй” гэцгээсэн. Харин олзуурхууштай нь Өвөр монголын их сургуульд Монголын соёл судлалын тэнхим саяхан шинээр байгуулагджээ.
Дараа нь бид үндэсний түүхийн музейг нь үзэхээр Улаан театрыг зорилоо. Улаан театр хэмээх эл байгууламж нь хотын зүүн дүүрэгт орших бөгөөд орчин үеийн маш өвөрмөц дизайнтай, дугуй хэлбэртэй аж. Гүүрэн зам шиг уруудсан налуу гадаргуу, түүнээс дээш товойн харагдах дугуй асар нь нэлдээ мөнгөлөг өнгөтэй шил толь болсон барилга. Өмнөх хэсэг нь гольфийн талбай шиг нов ногоон хиймэл зүлгээр хучигджээ. Энэхүү байгууламж нь театр хэмээн нэрлэгдэх авч түүхийн бүх үнэт зүйлсийг нэг дор нь төвлөрүүлсэн томоохон музей, жуулчдад зориулсан танин мэдэхүйн том цогцолбор аж. Давхар бүрээ түүхийн үечлэлээр тохижуулж, үзмэрүүдээ айхтар төрөлжүүлжээ. Дөрвөн давхарт нь л гэхэд Хүннүгийн үеийн хөгжмийн зэмсгүүдээс эхлээд шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд, эртний улсууд, нүүдэлчдийн дурсгал /алтаар чимэглэсэн мөнгөн гутал хүртэл байв/, эд өлгийн зүйлс гээд л тогтож үзвэл нэгэнд л гэхэд элбэгхэн 2-3 цаг зарах танхимууд байна. Хөх хотын зүүн дүүрэг дэх Даяао гацааны Да-Яао соёл нь одоогоос 700 мянган жилийн өмнө буй болсон хамгийн эртний соёл иргэншлийн үлдэгдэл бөгөөд Хятадад одоо хүртэл олдохуйяа бэрх чулуун зэвсгийн үеийн эрт, дунд, сүүлч гурван үеийн том чулуун зэсвэг хийж байсан газар юм. Их зуу аймгийн Үшин хошуунд байгаа Бор тохойн соёлын буурь нь одоогоос 50-35 мянган жилийн өмнөх дурсгал бөгөөд Бээжингийн Жеү Кеүдяний уулын агуйн хүний соёлтой зэрэгцэн нэрд гарч байна. Улаанхад хотын Хүншань дүүрэгт байрлах өнгөт паалан, шинэ чулуун зэвсэг, хаш эдлэлийн цуглуулгаар гол онцлогоо болгосон хүншанийн соёл нь бараг 5.6 мянган жилийн тэртээх соёл иргэншлийн үлдэгдэл ба Монь уулан дахь хадны зураг нь хятадын хадны зургийн хамгийн том эрдэнэсийн сан юм. Эдгээр бүх зүйлсийн “хэлтэрхий” музейд тавигджээ.

Музейн уудам танхимыг үнэхээр ухаалаг ашиглаж тухайн соёлыг илэрхийлэх баримал, хөөмөл, шуумлаар орчин үеийн нэгэн цогц бүтээлүүд урлаж тавьсан нь түүхийг хүмүүст бүр ойртуулж өгнө. Энэхэн үес гадныханд Монголын нүүрийг тахалдаг байгалийн түүхийн музейн салбайж пөөнийсөн хэдэн чихмэл нүдэнд харагдах шиг болж нүүр халууцаж явлаа.
Юутай ч бид Өвөр монголд өөрийн сэтгэл өвөрлөж, мөнөөх л “Хүн хувцасаа тайлвал хэн болох” тухай бодолхийлж явсаан.

Зөөлөн зөөлөн чулуу элгэн дотуур өнхөрнө...

Дундуураа таславч ч үгүй, тамхины иш, самрын яс хөглөрсөн “чангахан” унаа /галт тэрэг/-нд хятадуудтай бужигнасаар Хятадын баруун орных нь нийслэл гэгдэх Ланжу хотод ирлээ. Уулсын дундуурх нүхэн замаар галт тэрэг шургах бүрийд түгшил төрөх аж. Ер нь талын хүний сэтгэлд тарлан газрын шоргоолж шиг өмнөд хөршийн маань ахуй нэг л багтаж өгөхгүй явсныг энэ далимд дурдсу. Өндөрлөг уулсын бүсэд орших Ланжу хотын дундуур алдарт Хатан гол /Шар мөрөн/ урсан өнгөрнө. Шаварлаг хөрстэй газраар урсдаг эл мөрний ус яг л манай говьд хааяахан болдог шар усны үерийнх шиг санагдаж байлаа. Гоалан буюу нутгийнхны нэрлэснээр Луун уул гэх нээрээ л луу гэдэг амьтан байдаг бол ийм л байж таармаар барзгар чулуут нурууны өвөрт урдаасаа хойшоо сунаж сүндэрлэсэн их хот.

Лууны сүүлэн дээгүүр дорны хийцтэй сүм дацангуудыг тавцан гарган барьсан нь нэн чимэгтэй. Хатан мөрний дээгүүр барьсан нүсэр гүүрэн дээрээс хотыг анзаарахад шинэ хуучны шийдэл нь голоороо тусгаарлагдсан мэт хоёр өөр өнгө ялгарч байсан. Энд бид Ланжиүгийн их сургуулийн монгол судлалын тэнхмийн эрдэмтэн багш Цэбсиг, Чойдандар нартай уулзсан нь Хөхнуур руу яаран буй сэтгэлийг бүр ч түргэтгэж Дээд монголчуудтайгаа уулзахдаа хэлэх ярих зүйл минь ч хэзээний тодорхой болсон. Жинхэнэ монгол зүрхтэй сурган хүмүүжүүлэгчид, их багш нар байлаа тэд. Өөрсдийнх нь амьдралын түүх ч мөн л сонин. 1910-аад онд Лениний хувьсгалаас зугтаж “Бурхантай будаатай газар ясаа тавина” гэж зүтгэсэн хэдэн хөгшид Говь-Алтайгаар хил давж ирсний нэг нь Цэбсиг гуайн хөгшин ижий гэх.

Харин Чойдандар багш бол манай нэрт угсаатны зүйч Бадамхатан гуайн шавь аж. Шинжааны Эзний хошууны хүн. Тэд бидэнд Хөхнуурын хийгээд ер Дундад улсад тарж бутарсан монголчуудынхаа талаар олон талын мэдээлэл өгсөн. Ланжиү хэдийгээр хятадын цөм дунд нь байдаг ч цөөнх үндэстэний сургуульд монгол хичээл ихэнхийг нь эзэлдэг, их сургуульд тоо нь цөөрсөөр сүүлдээ түүхийн хичээл л монголоор орох болдог. Хятад хэлний хичээл, сүүлийн үед англи хэлний хичээл дээр нь нэмэгдэж цаг булаацалдах болоод байна гэж байсан. Дээд монгол найман түмэн /80 000/ хүнтэй гэж улсын бүртгэлд байдаг ч 50 мянга орчим нь л монголоороо байвал их юм. 1980-аад он хүртэл иймэрхүү томоохон их сургуульд монголоос багш, сэхээтэн, эрдэм номын хүн нэг ч байгаагүй. Бүгд л хөдөө малаа дагаж “орги” монголоороо амьдарч байсан. Харин 1980-аад оноос үндэстэний цөөн хэдэн эрдэмтэн төрж бусдыгаа татаж чангаасаар ном эрдэмд хөтөлсөн хэмээн тэд ярьж байсан. Хөхнуураас ирсэн хэдэн хүүхдүүдийг тэд монгол хүн болгох гэж нойр хоолоо хугаслаж явдаг нь харагдана лээ. Дээд монголчуудын өв, соёл, хэл түүхээ авч үлдсэн гол давуу тал нь байгалийн нөхцөл. Зам харгуй муутай, газар өндөр, тариа ногоо ургахгүй, уур амьсгал нь эрс тэс.

Одоо улс хөгжиж зам харгуйтай болоод хятадууд эл буйд нутагт ихээр цөмөрч байгаа. Сүүлийн үед төрийн бодлогоор ядуу дорой ард иргэдийг дэмжиж тэтгэх зорилт тавьж тариа ногоо тариулах, уулнаас буулгаж соёлжуулах гээд их ажил эхлүүлсэн гэнэ. Мөн газарзүйн таатай нөхцөлдөө бөөгнөрсөн заримыг нь тараан суурьшуулах болжээ.

1960 оны орчимд засгийн тогтоол гарч “Тэнгэрийн нарыг тэгш харж амьдруулахаар” газар нутагт тархаан илгээсэн. Ингэж л Дээд монгол түүхэндээ бараг анх удаа хятадтай хаяа хатгаж нэг улсын иргэд гэдгээ мэдэрчээ. Эрдэм үзсэн залууст нь үндэсний ухамсар төлөвшиж, зарим нь мөн их үндэстний ухамсарт шингэж, харин хөдөөдөө үлдсэн хэд нь ёстой л тэнгэрийн нараа тэгш харъя хэмээн хаяа хатавчныхандаа элгэмссээр Чингисийн удмын хэдэн бор монгол хайлж дуусч байгаа гэнэ. Сүүлийн үед Хятадын засгийн газраас бэлчээрийг маш их хязгаарлаж эрчимжсэн аж ахуй руу шилжихийг эрмэлзэж байгаа. Бэлчээр үгүй бол мал үгүй. Мал үгүй бол монгол үгүй болно. Муугаар хэлбэл 30-50 жил, гэгээ гэрэлтэйгээр төсөөлвөл, ёс үндсээ хадгалаад мэрийгээд явбал хэдэн зууны нас байна даа гэж Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж яваа тэд хуучилсан. Иймэрхүү үнэн сэтгэлийн үг яриагаар үдүүлсэн бид Хөхнуур руу яарсан сэтгэлийн салхиар биш бодлогошрол санаашралын их санаа алдалттайгаар хөдөлсөн билээ.

Үргэлжлэл бий

Эх сурвалж:www.dayarmongol.com

No comments: