Ном ашиглах нь
• Ном унших шиг амархан юм байхгүй. Үүгээр зөвлөгөө өгөхдөө яадаг юм гэж зарим нь бодож магадгүй.
• Хамгийн энгийн юм хамгийн хэцүү байдгийг би сануулах гэсэн юм.
• Мэдээж ямар ч хүн ном уншиж байж судлаач болно гэдэг нь ойлгомжтой.
• Тэгвэл ямар номыг унших хэрэгтэй вэ гэсэн эхний асуулт үүснэ.
• Би залуу байхдаа бүх номын унших гэж хичээдэг байлаа. Энэ нь биет байдлаараа ямар ч боломжгүй нь хэнд ч тодорхой юм.
• Тэгвэл мэргэжлийнхээ номыг бүгдийг нь буюу ихэнхийг нь унших гэсэн арай даруухан зорилго тавьж болно. Энэ нь ч бас л боломжгүй юм.
• Тэгвэл мэргэжлийнхээ ном зохиолоос алийг нь унших вэ ? Мэргэжлийн ном зохиолууд туйлын олон янз байх. Эндээс мэдээж сонирхож буй сэдэвтэй холбоотой зүйлийг нь олж уншина гэсэн үг.
• Энэ нь бодит хэлбэрээрээ бол онолын ном зохиол, судалгааны тайлан, сэтгүүл, сонины өгүүллүүд байдаг.
• Бид, ялангуяа манай залуучууд гадаадын ном зохиолыг түлхүү уншдаг. Энэ нь их сайн хэрэг боловч дан ганц түүгээр явж болохгүй.
• Бид гадаадын ном зохиолыг өөрийн нийгмийг судлах, хөгжүүлэх гэж уншиж байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Гадаадын онол судалгаа болгон манай бодит байдалтай тэр бүр таардаггүй гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
• Би гадаадын онолын ишлэлийн цуглуулга болсон хөгшчүүдийг ч мэднэ, залуучуудыг ч мэднэ. Ишлэлээр, дагаж дууриайснаар хөгждөг шинжлэх ухаан гэж байдаггүй юм.
• Онолын бүдүүвчийг хэт баримтлах нь судалгааг, улмаар Таны зорилгыг үгүй хийн хөнөөх үндсэн хүчин зүйл болдог.
• Иймээс өөрийн замаар явсан нь зөв. Өөрийнхөөрөө байна гэдгийг онолын ном зохиолыг үл харгалзан шинэ нээлт хийх гэж зүтгэх хэмээн ойлгож болохгүй.
• Ямар ч тохиолдолд Та маш олон ном унших ёстой. Цаг хугацаа Таны ном уншиж суухыг хүлээхгүй учраас Та ямар нэг хялбар арга олж авах хэрэгтэй.
• Таны сонирхон буй сэдвээр маш олон зохиогчийн маш олон ном буй.
• Хамгийн эхлээд эдгээрийг хэд хэдэн бүлэгт хуваа. Ямар ч сэдвээр хоорондоо зөрчилдөн мэтгэлцэж буй урсгал, чиглэл гэж буй. Энэ сайндаа л хоёр гурваас нэг их хэтрэхгүй.
• Иймээс аль алиных нь хамгийн том төлөөлөгчийг ялгаж унших хэрэгтэй. Ингэхлээр тэд юу дээрээ нийлж, юун дээрээ зөрдөг нь аяндаа гараад ирнэ.
• Энд ахиад л хэцүү нөхцөл үүснэ. Нэг хүнийг онолыг унших ч гэсэн их хэцүү. Яагаад гэвэл томоохон онолчид маш олон бүтээлтэй байдаг юм.
• Тэгсэн хэдий томоохон онолчдын бүтээлүүд дунд түлхүүр гэж нэрлэж болох цөөхөн бүтээл байдаг юм. Жишээлбэл, К.Маркс гэхэд “Капитал” зохиол, түүний 24 дүгээр бүлэг, “Немцийн үзэл суртал” түлхүүр, Макс Вебер гэхэд “Капитализмын үзэл санаа ба протестант этик” түүний хамгийн гол нь, Л.Н.Гумилев гэхэд “Био хүрээ ба дэлхийн угсаатны нийлэгжил” ( Биосфера и этногенез Земли) бүтээл гол бүтээл нь болно.
• Учир нь эдгээр түлхүүр бүтээлүүдэд тухайн эрдэмтний онолын сэтгэлгээний арга зүйн бүх үндэс, өөрөөр хэлбэл хамаг шим шүүс байдаг юм.
• Харин эдгээрийг бол дуустал нь ойлготлоо маш сайн, дахин дахин унших ёстой.
• Ингэсний дараа бусад бүтээлийг нь уншихад Танд маш хялбар байх болно.
• Харамсалтай нь манай ихэнхи хүмүүс асуудлын энэ хэсэг дээр ихэнхдээ алддаг. Манай залуучууд яг энэ шатыг хагас дутуу хийснээсээ болж баахан ишлэл сургаар ярьдаг.
• Танд хэсэг бусаг ишлэл биш, арга зүйн шийдэл л чухал.
• Ухаандаа Л.Н.Гумилев монголчуудад 500 жилийн нас үлдсэн гэж хэзээ ч, хаана ч хэлээгүй. Тэр 1200 – 1500 жилийн хугацаанд угсаатан ( этнос) үүсэж бүрэлдэж, устаж, дараагийн шинэ этнос ахиад л үүсдэг гэж л хэлсэн.
• Гэтэл хэн нь нэмж хассаныг бүү мэд, нэг мэдэхэд монголчууд 500 жилийн настай гэсэн цуурхал газар авчихаж. Шинжлэх ухаан гэдэг бол цуурхлаар явдаг эд огтхон ч биш билээ.
• Та ном уншсанаар судалгааны онол- арга зүйн аль нэг үндэст илүүтэй татагдана. Харин сануулж хэлэхэд үүгээрээ өвчилж болохгүй.
• Үүний эсрэг өөр аль нэг томоохон онол номлолын үндэслэл (ном) заавал байдаг гэдгийг цаг ямагт санаж явах нь зөв шүү.
• Ер нь бол Монголын нийгэм гадаадын онолыг шууд авч хэрэглээд, түүний дагуу хөгжчихдөг тийм ч амархан зүйл биш.
• Манай нийгэм гадаадын онолыг сүүлийн лавтайяа зуун шахам жил дуурайж байна. Эхлээд марксизмыг, дараа нь либерал чиглэлийг, одоо юу ч юм либертаризмыг ихэд сурталчлах болов.
• Тэр нь цаанаа онол – арга зүйн тодорхой үндэстэй, нийгмийн тодорхой, голдуу биднийхээс огт өөр нийгмийн байгууламжийг хөгжүүлэх гэж үүссэн гэдгийг мартаж болохгүй.
• Сүүлийн үед ном зохиол уншихаа байж, гадаадын бэлэн арга зүйгээр судалгаа явуулах нь түгээмэл болж байна. Эдгээр нь цаанаа манай бодит байдалд яг таг таарах эсэх нь үлэмж эргэлзээтэй.
• Ном уншихдаа эхлээд гарчгийг нь сайн харж, ямар ямар бүтэцтэй, ямар зүйлд илүү анхаарсныг нь тодотго.
• Мөн өмнөх үг, удиртгал болон төсгөлийг орхиж уншиж огт болохгүй. Чухам энд л уг номын давуу болон сул тал, гол дүгнэлтүүд байдаг юм шүү.
• Аль ч номонд хамгийн чухал гол бүлгүүд байдаг. Үүнээс эхлэж болно. Зохиогчид голдуу гол бүлгүүддээ шинэ нэр томъёо, агуулга, шинэ санаагаа гаргасан байдаг юм.
• Бусад бүлгүүд нь түүнд хүрэх зам, чиг заагч гэсэн үг. Энд ч гэсэн бусад зохиогчидтой санал нийлсэн болон нийлээгүй олон шинэ санаа байх.
• Та номыг дараа нь өөрийнхөө судалгаанд хэрэглэх гэж уншиж буй тул тэмдэглэл хийх нь чухал.
• Туршлагаас үзэхэд хэд хэдэн гол зохиолийг маш сайн, өөрөөр хэлбэл эхнээс нь дуустал унших ёстой.
• Ингэсний дараа Танд ном унших ямар нэг систем бий болох ба аль болох хурдан ийм системтэй болбол маш сайн.
• Учир нь энэ систем дээрээ үндэслэн бусад номыг уншихад хялбар болдог. Өөрөөр хэлбэл аль бүлгийг нь унших, алийг нь алгасах зэргийг Та өөрөө мэдэрдэг болдог юм.
• Нийгмийн ухаанд шинэ нээлт гэж бараг байхгүй, ердөө л нийгэмд болж буй үйл явдлын харилцаа холбоо, мөн чанарыг шүтэн барилдлагад нь тайлбарлах ажил үлддэг юм.
• Иймээс уншсан, мэдсэн зүйлээ нийгэмд болж буй үйл явцтай холбогдуулан тайлбарлах гэж ямагт оролд. Хэрэв үүнийг хийхгүй бол Та зөвхөн ишлэлийн цуглуулга болон хувирна.
• Мөн номноос дутахгүй сайн өгүүллүүд байдаг. Хэрэв Та сайн өгүүллүүдийг олж чадах юм бол ном уншсанаар дутахааргүй мэдлэг олж чадна.
• Мөн залуу суралцаж буй хүмүүст зориулсан ХРЕСТОМАТИЯ хэмээх тухайлсан сэдвээр бичсэн том том зохиогчдийн бүтээлүүдээс гол гол хэсгийг нь шилж авсан ном байх. Энд юм бүхэн зохиолч бүрийн гол гол үзэл санааг байдаг учир залуу хүнд хялбар байдаг.
• Гэхдээ зөвхөн хрестоматиас бүх зүйлийг олно гэвэл том эндүүрэл болно.
• Мөн шинжлэх ухааны түүхийн номнуудыг унших нь их сайн. Учир нь энд бүх үеийн гол гол зохиогчдын бүтээлийг харьцуулсан байдаг учир Танд тустай юм.
• Та ямар ч ном, өгүүлэл уншлаа гэсэн өөрийн гэсэн системтэй болж ( тэмдэглэл) авах хэрэгтэй. Хүн хүний систем өөр өөр байдаг ч энэ нь тухайн эзэндээ ойлгомжтой, хайж олоход хялбар байвал болох нь тэр.
• Бараг ном болгоноос ямар нэг хэмжээгээр уншиж мэдсэн мөртлөө ярихаас өөр юу ч хийдэггүй олон хүн байдаг. Ном бол Таниар дахин яриулах гэж бүтээгдсэн зүйл биш юм шүү.
• Таны зорилго бол ном уншиж мэдсэн зүйлээ судалгаандаа ашиглаж монголын нийгэмд холбогдсон оюун дүгнэлт хийхэд оршино.
• Таны заавал унших нэг том бүлэг ном бол монголын түүхийн номууд болно. Монголын нийгмийг тайлбарлах түлхүүр нь монголын түүх + орчин үеийн онол + Таны тайлбарлал болно.
• Өөрийн гэсэн тайлбарлалтай болохын тулд Та ном уншихыг судалгаатай хослуулах ёстой.
• Хамгийн залхуу гэмээр дунджаар бодоход Та долоо хоногт нэг өгүүлэл буюу номын нэг бүлэг унших ёстой.
• Хэрэв үүнийг өдөр тутмын ажил үйлс болговол Та шинжлэх ухааныг дундаж түвшингөөс нэг их хоцроод байхгүй.
Судлаач Д.Ганхуяг
No comments:
Post a Comment