Friday, October 5, 2007

ИХ ТУЛААНЫ ӨМНӨХ ЖИЖИГ ТУЛГАРАЛТ

Саяхан НИТХ-ын нөхөн сонгууль болов. Энэ нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн өмнөх томоохон сургуулилалт байсан учраас мэргэжлийн өвчин хөдлөөд тэнд Иргэний Холбооны бие даан нэр дэвшигч Ц.Монголын төлөө хэд хоног ажиллаваа, хөөрхий. Адгийн амьтад муу юм сэдэхдээ гаргуун гэдгийг дэндүү сайн мэдэх боловч ингэж улайм цаймдаа гарна гэж бодсонгүй явж. Энэ тухай өгүүлсү.

ИЗН. Молекул хочит УИХ-ын гишүүн, АН –ын Батж.Батбаярын хүү Б.Батбилэг гээч бас нэг молекул ИЗН-д орчихсон юм байна. Молекул чинь Таван Толгойг авчихсан 14 лицензтэний нэг бөгөөд бөөн хэл амны эзэн бөлгөө. Хамгийн инээдэмтэй нь түүний өөр нэг хүү нь МАХН-ын гишүүн юм гэнэ ээ. Ингээд молекулын молекул гэв гэнэт гарч ирээд ухуулагч ажиллуулах нэрийн дор шууд л 10 мянган төгрөг тараагаад эхэлдэг амьтан юм байна. Миний хүндэтгэж явдаг ИЗН-ынхан нэлээд цэвэр нэр төрөө нийслэлийн нөхөн сонгуулийн түвшинд хүртэл доош хийж, нэг пацааны мөнгөөр намынхаа нэр төрийг үнэлсэнд харамсаад харамсаад баршгүй.

АН. Энэ тэргүүн туршлагыг АН дор нь тусгаж авлаа. Маргаашаас нь эхлээд тэд 20 мянган төгрөг тарааж эхлэв. Насанд хүрсэн монголчуудын бараг 40 хувь нь нийгмийн даатгалгүй, энэ нь тэд тэтгэвэр авах боломжгүй гэсэн үг л дээ. Ер нь Монголд нийгмийн даатгал шиг завхарсан, замхарсан салбар байхгүй. Энэ уул овоо шиг ажлаа барахгүй хэвтэж С.Эрдэнэ НИТХ-д орох юм гэнэ ээ.

ҮШН. Н.Энхбаярын халаасны бөгөөд либерал байснаа ноднингоос гэв гэнэт үндэсний үзэлтэн болчихсон М.Энхсайханы энэхүү хөгийн намаас Барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга Ц.Ганхүү гэсэн харсаар байтал шинэ цагийн хулгайч нөхөр нэр дэвшжээ. Улаанбаатарын хот байгуулалт хог новш болсныг энэ хүн толгойгоороо хариуцах ёстой. Гэтэл тэр нөхөр өмнөх ажлаа нурааж хаячихаад нийслэлээ би яг өнөөдөр гоё болгоно гэж зүтгэв. Гэхдээ тэр новш хахуулийн Сугалаат урилга гэдэг арга бодож олжээ. Сонгогчдод урилга тарааж, ирсэн тохиолдолд “Номин” дэлгүүр шиг индүү, угаалгын машин, зуух гээд баахан хонжвор тааруулаад зогсож байх юм.

МАХН. Энэ намаас Д.Гантөгс гэж бас нэг хэрүүл хэл амтай бүсгүй нэр дэвшжээ. Тэр нь бясалгалын Саран багшаа хөөдөг цуутай хүүхэн юм байна. Хашир нам хашир үзэж байна аа. МАХН хороо, нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч зэрэг сүлжээгээрээ сонгогчдыг дарамтлах хуучин аргаа хэрэглэв. Улаан фенүүддээ эхний удаад 60 мянган төгрөг тараасан гээд бод доо. Хажуугаар нь 20 мянган төгрөг тараахаа тэд мартаагүй байна лээ.

Иргэд сонгогчидтой уулзах муулзах юм оргүй болж. Мөнгө нь байгаад түүнийгээ тарааж болоод байхад мөрийн хөтөлбөр мөтөлбөрөө сурталчлах ажил огтын хэрэггүй юм байна.

Эд нар яасан ч их мөнгө хулгайлсан юм бүү мэд. Би их гэдгийг нь мэдээд байдаг, гэхдээ нийслэлийн ганцхан тойргийн гуравхан хорооны 5000 орчим өрхөд долоо хоногийн дотор 1 тэрбум орчим төгрөг цацна гэж арай ч бодоогүй юм. Энэ бол ирэх сонгууль ямар болохын баттай шинж юм.

Сэтгэл зүйн ядуурал

Манай улс дэлхийн 200 гаруй улс дотроос ядуурлаараа 170 – 180 дугаарт ордог. Энэ нь хулгай хийсэн эрх баригчдаас бусад нь бүгдээрээ шахам ядуу гэсэн үг л дээ.

Энэ удаа нөхөн сонгууль болсон Дэнжийн мянгынхан Баянхошуу, Дамбадаржаа, Яармагийнхнаас илүү баян ч биш, илүү ядуу ч биш нь хэнд ч тодорхой. Тэгсэн чинь аваргуудыг мөнгө тараагаад ирэнгүүт Дэнжийн мянгынхан сэтгэл зүйн хувьд хорвоо ертөнцийн хамгийн ядуу хүмүүс болон хувирчихдаг юм байна. Үүнийг сэтгэл зүйн ядуурал гэж нэрлэдэг юм. Энэ хөгийн сэтгэл зүй дээр луйварчид их сайн тоглож сурчээ. Тэгсэн мөртлөө энэ хулгайч нар телевизээр бусдыгаа мөнгө тарааж бохир арга хэрэглэж байна гээд л шүүмжилж донгодож байх юм.

Харин манай Ц.Монгол бие даан нэр дэвшиж, сонгуульд 4 хүрэхгүй сая төгрөг зарцуулсныг мэдээлэхэд надад таатай байна. Танк, нисэх онгоц, их бууны өөдөөс ганц цагаан хоолой барин сэтгэл зүрхээрээ зүтгэсэн нөхдөөрөө би бахархаж байна.

Саналыг мөнгөөр барьцаалах шинэ арга

Луйварчид хэдхэн жилийн өмнө мөнгө тараах гэж нууж хааж сүйд болдог байлаа. Өрсөлдөгчид нь үүнийг шалгах гэж хөөцөлдөж яваад яг энэ Чингэлтэй дүүрэгт 2004 онд машинаараа айлын жаахан хүүхэд дайрч алсан юмдаг. Тэр үед би уулын орой дээрээс харж байсан юм. Яг л “Формула” уралдаан болж байгаа юм шиг байж билээ. Одоо бүр ичиж улайхаа бүр больж.

Мөнгө тараахаа ухуулагч ажиллуулж, ажлынх нь хөлсийг өгч байгаа юм гэж ил тод тайлбарлана.

Мөнгө тараах ч яахав, байдаг л нэг арчаагаа алдсан арга. Энэ удаад тэд мөнгөө зүгээр тавиад туучихгүй шинэ арга бодож олжээ. Тэд эхний 20 мянгыг урьдчилгаа болгож өгөөд хэрэв сонгуульд биднийг ялуулбал нэмж 10 мянгыг өгнө гэж барьцаалах болжээ. Энэ бол сонгуулийн бохир аргуудаас хамгийн адгийнх нь юм. Ард түмнийг боол болгож байгаа нь энэ. Хамар дор нь луйвар хийж байхад шалгадаг хянадаг үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий хороо зүгээр сууж байна.

Гаргалгаа

  • Эрх баригчдын толгойд шинэ санаа огт орохоо байжээ. Ганц мэддэгээрээ мөнгө тараах аргаа л хэрэглэж байна. Тэднээс шинэ юм хүлээх найдах ямар ч хэрэггүй юм байна.
  • Эрх баригчдыг орвонгоор нь солихгүй бол намуудын үйл ажиллагаа, арга барилын ялгаа гэж байхгүй болж байна.
  • Ирэх УИХ-ын сонгууль энэ маягийн бохир аргаар явагдаж, заваарах нь дэндүү тодорхой байна. Мөн орон нутгийн сонгууль үүнээс ч илүү бохир болох нь илт байна.
  • Манай улс төрийн системийг бүхлээр нь сольж, луйварчдыг зайлуулах Улс төрийн шинэ хүчнийг бүрдүүлэх талаар бүгдээрээ санаа тавих цаг нь болсон байна.

Энэ сонгуулиас би өөрийнхөө алдааг олж харлаа. Энд ямар ч нууц байхгүй бөгөөд би тэднийг бага боловч хууль сахина гэж горьддог тэнэг юм байна. Харин одоо бол мөнгөө савируулсан тэнэгүүдийн эсрэг түүнээс ч долоон дор арга хэрэглэнэ гэдгээ амлаж байна.

Судлаач Д.Ганхуяг

2007 оны 10 дугаар сарын 5.

No comments: