Monday, October 15, 2007

Сэтгэлгээний эрх чөлөө


1911, 1921, 1932, 1937, 1945, 1949, 1962, 1990, 2007 энэ бол 100 шахам жил МонголУлс тусгаар тогнолоо олох гэж тэмцэж ирсэн он жилүүдийн дараалал. Хууль эрх зүй, де жюри, де факто, улс төр, эдийн засаг, дипломат харилцаа, НҮБ-ийн гишүүнчлэл гэх мэт гадаад орнууд, дэлхийгээс бидэнд хүлээн зөвшөөрч, өгч болдог тусгаар тогтнолын бүх атрибутыг бид олж авч чаджээ. Энэ 100 жилийн хатуу бэрх тэмцлийн үр дүнд бид бараг бодитоор биелэх боломжгүй шахам байсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо бий болголоо. Одоо бидэнд тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, хамгийн чухал атрибут болох сэтгэлгээний эрх чөлөө, өөр хэн нэгэн өгдөг, хүлээн зөвшөөрдөг биш, харин өөрөө өөртөө бий болгож хүлээн зөвшөөрч, эдэлж хариуцах ёстой сэтгэлгээний эрх чөлөө л үлдээд байна. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн, үндэстнийхээ ухамсарын төвшиндч гэсэн адилхан олох ёстой сэтгэлгээний эрх чөлөө.

Энэ нь улс үндэстний ухамсарын төвшинд: бусад ямар ч улс орон, ялангуяа 2 хөрш улсаасаа бид илүү биш юмаа гэхэд огтхон ч дутуугүй яг адилхан эрх ашиг, нэр төр, чадавхи, соёл түүхтэй улс гэдгээ ойлгох, хэрэгжүүлэх эрх чөлөө. Асгатын мөнгөний ордоо зүгээр л бэлэглэхгүй бол эсвэл Таван толгойнхоо 51%-г өөрсдөө эзэмшчихвэл орос ах нар гомдоно ч гэдэг юм уу, Төмөртэйн ордоо өгөхгүй бол хятадууд уурлана ч гэдэг юм уу, Орос Хятадууд албан ба албан бусаар шахаж нэхээгүй байхад зүгээр л өөрсдөө айдаг сэтгэлгээ бол 300 жилийн колоничлолоос үлдсэн бидний л атавистик айдас, сэтгэлгээний эрх чөлөөгүй, өөрийгөө хүнээс дор гэж үздэг боол сэтгэлийн өв юм. Монголын Эзэнт Гүрний ойгоо ч зөв нэрлэж чадахгүй айдаг, дэлхий даяар тарсан хэдэн монголчуудтай ч уулзаж үг солихоос эмээж нармай монгол үзэл гэх вий гэж хэн ч хэлээгүй байхад болгоомжилдог хэт аймхай угтан бууж өгөмтгэй араншин бол сэтгэлгээний эрх чөлөөгүйнх, өөрийгөө бусдаас дор үздэг үзлийн үлдэгдэл юм.

Ямар ч үндэстэн өөрийн мандан бадралын үед өөртөө итгэлтэй, хүчирхэг идэвхтэй чанартай байдаг бол харин доройтон буурах үедээ итгэлгүй, ядуу, идэвхгүй зан чанарыг үзүүлдэг. Бид Монголын түүхэнд тохиосон 2 дахь их доройтол 17-19 зууны харанхуй үеээс гарч дараагийн мандан бадралын дөнгөж эхний шат, эхний 100-н жилдээ яваагийн нэгэн шинж тэмдэг юм. Эндээс бид аль үе рүү орох вэ гэдгээ шийдэх түүхэн чухал мөч.

Энэ түүхэн чухал үеийн тухай ярихын тулд бид Монгол, Хятад 2 үндэстний мандал бадрал, доройтон уруудах 2 үечлэл үргэлж зөрж нэг нэгнийхээ хувь заяанд асар хүчтэй нөлөө үзүүлж явсан боловч бидний энэ үед 1911 оноос хойш яг зэрэгцэн өгсөж байгаа тул бид үндэстнийхээ хувьд ч хувь хүнийхээ хувьд ч илүү их эр зориг, ухаан, чадавхийг дайчлан амьдрахгүй бол биднийг ямар ирээдүй угтаж болохыг төсөөлөхөд ч аймшигтай.

Хувь хүнийхээ хувьд ч монгол хүн бусад үндэстэн хэн бугайгаас ч илүү юу гэхээсогтхон дор орохгүй адилхан оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн эр зоригтой гэжитгэж хэрэгжүүлж чадах нь сэтгэлгээний эрх чөлөөгөө олж авч байгаа нь тэр юм. Хятад хүнээс залхуу, орос хүнээс хүч сул, япон хүнээс ухаан дутуу гэж бодож дадах нь биднийг хордуулах гэж колоничлож байсан улсуудын хэрэглэсэн сэтгэл зүйн зэвсэг одоо хүртэл биднийг шархдуулж зэрэмдэглүүлсээр байгаагийн шинж юм. Монгол хүн хүний түүхэнд өөр ямар ч үндэстэний хүрч байгаагүй оргилд хүрч, хүний ухаан, эр зориг, биеийн чадлаар хүрсэн тэр оргилуудыг нь хүн төрөлхтөн шинжлэх ухааны үүднээс ч, үлгэр домгийн аргаар ч тайлж чадахгүй итгэж ядан байгаа нь бидний олж авах ёстой өөрөө өөртөө итгэх итгэл, сэтгэлгээний эрх чөлөөний үндэс болох ёстой бус уу. Бид монгол хүний чадавхиа дахин өөртөө болон бусдад батлах тэр цаг ирсэн.

Улс орныхоо дотор ч бид идэвхтэй ХҮН байж, хэн нэгэн дарга, түшмэлд даатгах биш харин ч өөрөө өөрийнхөө амьдрал, хувь заяаны алхам бүрийн төлөө идэвхтэй тэмцэж эрх үүрэг, хариуцлагаа үүрч хүн шиг амьдардаг болох цаг болсон. Хэн нэгнийг сонгож дарга болгочихоод түүнийгээ хянаж чадахаа больж үлгэрийн хаад шиг болгон толгой дээрээ гаргачихаад гасалж суух арчаагүй идэвхгүй байдлаасаа гарч хувь хүний амьдралаа ч, улс орныхоо хувь заяаг ч өөрсдийн эрх үүрэг, хариуцлагаа дааж шийдэж байя. Энэ л сэтгэлгээний эрх чөлөө буюу тусгаар тогтнолын хамгийн сүүлчийн, өөр хэн нэгэн гаднаас хүлээн зөвшөөрч өгдөггүй, ганц өдөр хувьсгал хийн байлдан бий болгож болдоггүй, 10-20 жил магадгүй хүний бүхэл бүтэн нэг үеийн хугацаанд өөрөө өөрөөсөө л олж бий болгож, хамгаалж эдэлж сурах ёстой хамгийн үнэтэй хэлбэр нь юм.

Сэтгэлгээний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж чадах эсэх нь бидний орших эсоршихын эцсийн шалгуур болно. Бид чадна. Чадах ёстой.

2007 оны 1 дүгээр сар 24

Б.Болдсайхан

No comments: