Monday, October 15, 2007

Эрт урьдын цагт

Гэж эхэлдэг үлгэрт дуртай хүүхэд байсан сан бид. Үлгэр болгонд шахуу муу хаан, сайн муу 2 түшмэдтэй гэж гарна. Муу хаан муу сайдтайгаа нийлж ард олноо зовоон ядууруулж өөрсдөө тэдний зовлон дээр хэмжээ хязгааргүй жаргаж байдаг тухай өгүүлнэ. Би үлгэрийн энэ хэсгийг нь сайн ойлгохгүй яагаад үй олон ард түмэн 2-хон муу хүнд ингэж дарлуулж байсан юм бол гэж гайхдагсан. Тэгээд болоогүй ээ үлгэрийн төгсгөлд баатар сайн нэгэн эр хамуутай даага унасан нусгай бор хүүгийн дүрээр хувилан ирээд муу хаан, муу сайд 2-ыг сэцэн ухаан, эр чадлаар ялан дийлж ард олон жаргаж цэнгэн амар сайхандаа умбахад нь бас л олон түмэн ардууд яагаад ганц нусгай бор хүүгээс дор зүрх зориг, сэцэн ухаангүй аймхай царайлан тэвчиж байсан юм бол гэж боддог байсан сан.

Монгол Улсад УИХ-ын 76 гишүүн, 18 сайд, 16 дэд сайд, 18 төрийн нарийн бичгийн дарга, 21 засаг дарга, 21 ИТХ-ын дарга, 1 Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн ТГ-ын 10 том дарга зөвлөх, хууль гааль хүчний байгууллагын 50 том дарга нийт = 231 том түшмэд байна. Үлгэрт гардаг шиг муу нь сайнаасаа цөөн болохоор муу түшмэд нь гэж бодвол 231:3=77 ширхэг байна. 2,700,000-77=2,699,923 ширхэг ардуудбайна. 1/3

2,699,923 ардууд минь ойрын үед ТВ, сониноос үзэж сонсож хоорондоо ярьдаг зүйл маань ёс суртхуунгүй, бидний татварт төлсөн мөнгийг идэж ханадаггүй мангас шиг болсон 77 муу түшмэд болж. Энэ УИХ-ын гишүүн тэр гишүүдийг хулгайч, дээрэмчид болохыг нь гарцаагүй батлах нотолгоог олсон боловч адилхан хулгайч сэтгэлээ бодоод гаргаж тавихгүй байна л гэнэ. Энэ сайд тэр сайдыгаа ямар аргаар албал таарах вэ гэж ТВ-ийн нээлттэй мэтгэлцээн явуулж байснаа гэр бүлийнх хамт автын ослоор устгавал зүгээр юм байна гэж шийдэж л гэнэ. Хариуд нь нөгөө сайд нь арай ч дээ би ямар тэгж зүгээр л алж болдог жирийн ард түмэн биш гишүүн тул харин ч өөрийг нь бүр уран гоё аргаар тонилгоно ч гэх шиг. Энэ түшмэл тэр түшмэлд УБ-ын 10 га газрыг сая доллараар зарсан нь арай дэндүү хямдхан байна ч гэх шиг. Энэ 76 түшмэд бидний татварт өгсөн мөнгийг жил бүр 250, 250 сая төгрөгөөр нь авч сонгуулийн сурталчилгаандаа хэрэглэнэ ч гэх шиг... Энэ үлгэр өндөрлөх нь байтугай улам л ой гутмаар орчин үеийн аймшгийн порно болон хувирч байна.

Харамсалтай нь энэ 77 муу түшмэл үлгэрт гардаг шиг угсаа залгамжлан бидэнд өгөгдсөн биш харин ч бид сонгож биднийг төлөөлж ард нийтдээ үйлчилж байг гэж томилсон төлөөлөгчид маань юм.

2,699,923-уулаа байж бид яагаад 77-хон муу түшмэлд дарлуулж мөлжүүлж доромжлуулж амьдарч байгаа юм бол. Арай нөгөө үлгэрт гардаг шиг баатар сайн эр хамуутай бор даагаа унаад нусгай бор хүүгийн дүрээр хэзээ ирж биднийг аврахыг нь хүлээж байгаа юм болов уу. Эрт урьдын цагт...

М.Э-ий 21-р зууны 7 оны 1 дүгээр сар


Б.Болдсайхан

No comments: