Friday, June 13, 2008

Миний л хохь


Арван мянган төгрөг хү­нээс зүгээр авчихсандаа санаа зовохчоон болоод сон­голт хийж, ирэх дөрвөн жилийн амьдралаа арван мянгаар наймаалчихсан бол миний л хохь. Дараа нь тэгвэл дөрвөн жил үсээ үгтээж, хулгайч-авлигач дарга нарыг дэмий л үзэн ядаж, зурагтаа нулимж, ядуу амьдралаа зүхэж, хувь заяан­даа гутаж явахаас өөр юу үлдэх билээ. Би л ийм сонголт хийчихсэн юм чинь миний л хохь.

Энхтүвшин гишүүний гарч ирсэн Хөвсгөлийн сонгууль, НИТХ-ын 33-р тойргийн сон­гуулиас харах юм бол 2008 онд луйвар, мөнгө хоёр хах­сан сонгууль болно. Нэгэнт сонгууль болоод, хэрүүл уруул дундуур УИХ-ын ги­шүүд тангаргаа өргөчихсөн хойно СЕХ байтугай ямар ч шүүх хэрэг үүсгээд тогтоол гаргаад нэмэргүй. Тэртэй тэргүй МАХН, АН хоёр адил­хан л мөнгө тарааж, луйвар хийснээс хойш гээд хууль зөрчсөн гэмт үйлдлээ хоёр намын тохиролцоо болгоод л өнгөрнө. Ямар 76-уулаа ги­шүүнээсээ больж дахин сон­гууль явуулалтай биш гэл­цээд л. Харин ч үзэсгэлэн гаргаж харилцан туршлага солилцон сонгуулийн луйв­рын мэдлэг чадвараа бая­жуулаад өнгөрнө. Тэгээд нөгөө арав хорин мянгад нь болоод буруу санагдаад бай­сан нам, хүнээ сонгочихсон, миний төсөөлөө ч үгүй Төр, Засаг, олон дарга гарч ирвэл миний л хохь.

Үндсэн хуулийн эрх, үүр­гээ биелүүлж шударга зөв сонгууль хийгээгүй, хийлгэх гэж оролдоогүй, чадаагүй бол, тэгээд хулгайч дээрэмчдийг Төрд гаргасан бол миний л хохь. За одоо л хаширлаа, дөрвөн жилийн дараа л жинхэнэ зөв хүнээ нэг юм сонгоё гэж дөрвөн жилийн амьдрал минь хохир­вол миний л хохь.

2,700,000-уулаа байж Төрд өөрсдөө гаргачихсан 100 хүрэхгүй хулгайч, дээ­рэм­чдэд элэг бариулж, эрх чөлөөт амьдрал минь арван мянгаар үнэлэгдэж доромж­логдож байвал миний л хохь.

Аравхан мянган төгрөг авчихаад хэрэгтэй үед гар­гадаггүй нэг муу совесть ухааны юмны үлдэгдэл хат­гаад мөнгө авсан хүнээ сон­го­сон бол миний л хохь. Ер нь тэгээд ирэх дөрвөн жил ин­гээд ингээд өөрсдөө улс орон­доо эзэн болоод, ажил амьд­ралаа сайжруулаад хэдхэн хүн хэ­дэн тэрбумаар хул­гайлдаг биш хүн бүр ажилтай, сайн цалинтай, дарга нараа дар­галдаг, хянадаг болъё гээд байхад буруу намаас нь очиж гуйлгачин шиг арван мянган төгрөг горьдож аваад ганц өдөр сайхан хоол идээд л өнгөрдөг миний л хохь. Дөр­вөн жил x 365= 1460 өдрийн хоолоо биш ганц өдрийн хоо­лоо бод­дог миний л хохь.

Гуйлгачинд чулуудах мэт мөнгийг нь авалгүй харин ч урдаас нь Төрд очоод миний амьдралыг ингэж сайжруу­лаарай, маш их олон ажил бий болгоорой, цалинг минь ингэж нэмээрэй гэж даалгавар өгч, ам өчиг, гарын үсгийг нь авчихаад дөрвөн жил ги­шүүнээ хянаж, айлгаж явахын оронд ганц өдрийн хоолоо бодсон миний л хохь.

Төрийн албанаас л цалин авагч дарга миний тойрогт тэрбум төгрөгийн сонгууль хийж мөнгө тарааж байхад нь хэнээс, хаанаас, дараа нь яана гэж ийм их мөнгө авсныг нь асуулгүй дуугүй л арван мянгаа өвөртлөөд гарсан бол ирэх дөрвөн жил хармаагаа тэр даргаараа өдөр бүр ухуулж байх нь зөв, миний л хохь. Надад өнөө орой юу тарааж өгөх нь вэ гэж гар харж байс­наас биш, ирэх дөрвөн жил энэ хүн, энэ нам юу хийх вэ гэж ганц юм асуусан биш. Дөрвөн жил дураа­раа дургихад нь үсээ зул­гааж, зурагтаа нулимахаас өөр эрхгүй хоцорсон миний л хохь.

Гэхдээ монгол хүн үргэлж ийм ядуу бодолтой, ядуу амьдралтай, ядуу хүсэл мө­рөө­дөлтэй байхгүй ээ. Бүү горьд дарга нараа. Тун удах­гүй сэтгэлгээ нь сэрж боссон монголчууд та нараас: хүүх­дийн мөнгөнөөс, хүн бүрийн хармаанаас, өвчтөний эм хоолноос, өөрөөс нь хулгай хийж байсан, Төрийн нэр барьж өөрсдийгөө харилцан хамгаалсан хулгайчдаас ял асуух өдөр ирнэ. Тун удахгүй түшмэлийн масктай хулгайч-Төрөөс иргэд багийг нь хуу татан авч хармааны хул­гайчдыг шийтгэдэг тэр л хууль, тэр л ялаар яллах болно. Яахаараа төрд л дар­гаар ажиллачихаад тэрбум тэрбумын хөрөнгөтэй болс­ныг чинь яллах болно, төгрөг болгоноо хаанаас олсныг чинь шалгах болно.

Саяхан Чилид Пено­читийн хүүхэд, авгай хоёрыг шоронд хийсэн. Тэр хоёрыг Пиночет шиг хулгай хийсэн гэж биш, хулгайн мөнгөөр нь хооллож, хувцаслаж амьдар­сан гэж хам хэрэгтэн болгон шоронд хийлээ. Чили орныг ядуурал, коммунизм хоёроос салгасан ч гэсэн Пиночет Төрд байхдаа хийсэн хулгай, авлигынхаа хэргээр эмнэ­лэг, шүүх хоёрын хооронд өндөг, лоолиор шидүүлсээр их л зовж үхсэн. Үхэхийнхээ өмнө ард түмнээсээ өөрийгөө өршөөгөөч гэж нэг гуйж үзээд үхсэн.

Одоогийн манай хулгайч, авлигач дарга нар арван жи­лийн дараа хулгайн мөнгө, хөрөнгөө яаж хэрэглэж, яаж амьдарна гэж бодож байгаа юм бол доо зайлуул. Их л зовох байх даа. Тэр үед ми­ний хохь авлигач, хулгайч чиний хохь болно. Өнөөдөр­төө ийм арчаагүй наймаа хийж эрх мэдэл, амьдралаа арван мянгаар зарж байгаа миний хохь. Монгол хүн бүр амьд­рал, ирээдүйгээ өөрөө итгэл дүүрэн сонгох тэр өдөр хур­дан ирэхийн төлөө.

Б.Болдсайхан эмч

No comments: