Түвд ба Монголчууд
Хятадын автономит муж болох Түвдийн хэрэг явдалд биднээс бусад дэлхийн бүх орон санаа зовниж байна. Улаан орхимж намируулсан залуу, туранхай лам нарыг шашин, орон нутагтаа оршин байх язгуур эрхийнхээ төлөө жагсаал хийснийх нь хариуд цусыг нь садруулан зодож байгаа их гүрний цагдааг харсан хэн ч дургүй байлгүй яахав.
Юун нөгөө хүний эрх, эрх чөлөө. Колони орны иргэн эзэн гүрний илжигнээс ч дор байдаг аж. Дээлээ сугалдаргалж, сарлаг унан дээсэн дүүгүүр эргүүлэн довтолгож буй сахалтай түвд эр яг л монголчууд шиг харагдаж, сэтгэл эмтлэх юм. Харин шашин соёл, гарал угсаа ойрхон монголчууд яагаад бүх хугацаанд ус балгасан мэт дуугүй сууцгаана вэ. Азид ганцаараа ардчилал хөгжүүлж байгаа хэмээн хөөрцөглөх бидний нөгөө зориод, яриад байдаг эрх чөлөө, ардчилалд харш зүйл улайм цайм нүдний өмнө болж байхад бусдын дотоод хэрэгт оролцохгүй хэмээн улиг болсон үгээр өөрсдийнхөө хулчгар, дорой байдлыг өөгшүүлсээр суугаа нь хэрээс хэтэрлээ.
Бид Яагаад Түвдийг өмөөрөх хэрэгтэй вэ
Монгол Улс анх Богд хаант засаг тогтоож тусгаар тогтнолоо зарлаж байхад түвдүүд дэлхийд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч байлаа. Түмний хөгжлөөс тасарсан хоёр хөгийн улс бие биеийнхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь тэр үедээ харийнхны хөх инээдийг хүргэхээс хэтрээгүй наргиантай л зүйл байсан биз. Гэвч ингэж чадаж байсан нь их эр зориг, дээр нь тэр хүмүүсийн нарийн бодлого байсан юм. Мөн бидний хамгийн нандин зүйл болох шашны эх булаг бол түвдүүд. Буддын шашны гол төлөөлөгчдийн нэг болох монголчууд шашин шүтлэгээ хамгаалж худал үнэн ч гэсэн дуу хоолойгоо гаргах нь энэ том соёлын өмнө бидний хүлээсэн үүрэг байх ёстой. Шашныхаа өмнө хүлээсэн үүргээ хүн төрөлхтөн яаж биелүүлдгийг бид харж, сонсч сууна. Ариун Мухамедыг нь “үл ялиг” муухай зурчихсан байхад лал шашинтнууд яаж тэмцэж байна. Европыг нураахаа алдаж байна. Харин монголчууд шашин шүтлэгийнх нь эх болсон түвдүүдийг хядаж байхад огт тоодоггүй юм байж. Тэгвэл шашнаа байг гэхэд том гүрний уусган устгах бодлогыг нь эрс эсэргүүцэх хэрэгтэй байна.
Энэ аюул биднийг ч тойрохгүй байж мэдэх талаасаа Түвдийн хэрэг явдал бидэнд хамгийн хамаатай зүйл юм. Бид их гүрний эзлэн түрэмгийлэх бодлого, хүний эрхийн эсрэг аливаа үйлдэлд мэдрэмжтэй байж, тууштай эсэргүүцэж чаддаг байж л тусгаар гал голомтоо үеийн үед хадгалж чадна. Өвөр Монголын автономи байхгүй болоод удаж байгаа. Одоо ямар юмных нь автономит Өвөр Монгол байхав. Тэндхийн хүн амын 20 хувь нь л монголчууд байдаг тухай хэвлэлийн мэдээ байдаг. Үлдсэн нь дан хан үндэстэн. Аль хэзээний уусгаад авчихсан. Дараа нь Орост Буриадын автономийг устгаж дуусав. Эдгээр улсын автономит эрх гэж яг жинхэнэдээ юу ч байгаагүй л дээ. Автономит улс гэж Израиль доторхи Палестиныг л хэлдэг байх. Гэвч энэ бүхэн дээр манай төр засгийн “чивтэй чавганц” нар болох удирдлагууд юу ч ярьж хэлж чадаагүй гөлөлзөн суусаар өнгөрүүлэв. Төр засаг нь хэлж ярьж болдоггүй юм бол монголчууд бид Монголоо өмөөрөн иргэнийхээ дуу хоолойг дэлхий даяар хүргэж байх ёстой. Ингэж чадаж байвал бид тусгаар тогтнолдоо дархлаа тогтоож чадна. Саяхан манай Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл ч гэмээр юм уу нэг зүйл гаргаж Түвдийн талаарх хятадуудын бодлого зөв гэх шиг боллоо. Яагаад ингээд байгааг нь асуухаар гадаад улсын дотоод хэрэгт оролцох ёсгүй. Дээр нь хятадуудын дургүйг хүргэж байж хоолноосоо салах нь уу гэж ам таглаж байх юм. Оросуудын дургүйг хүргэвэл бас шатахуун байхгүй болох бололтой юм хүн бүр хэлдэг. Ингэж болгоомжлох нь зөв ч бас хэтэрхий хулчгар байвал хэн биднийг тоох юм. Аймхайг айлгах хүн мундахгүй гарч ирдэг.
Түвдийг өмөөрөх нь биднийг ганцаардуулах уу
Түвдийн ядуу лам нарыг өмөөрөөд энэ арай дэндэж байна гээд хэлчих зүрхтэй хүн төрийнхөнд алга. Манай төр засаг чимээгүй байгаа нь далдуур Хятадын Засгийн газрын бодлогыг дэмжиж байна гэсэн үг юм. Тэдэнд хүний эрх, эрх чөлөө гэх зэрэг зүйлийг бодохоосоо өмнө хөршүүдээсээ хулчганахаа өмнөө барьж байна. Хоёр хөрш орон дургүйгээ хүрвэл биднийг чангалж чадна л даа. Гэхдээ энэ дэлхий биднийг эдийн засгийн хорионд орчихоод байхад зүгээр хараад сууж байхгүй. Өнгөрдөг зууны хориод онд Хүрээнд Сью генерал орж ирээд автономийг устгаж байхад дэлхий мэдээгүй. Одоо харин хилээ хаагаад хоёр хоновол дэлхий даяар шуугих болно. Мэдээлэл, харилцаа өндөр хөгжсөн хавтгай дэлхийд биднийг өмөөрөх ардчилсан орон дэлхий дүүрэн байгаа. Бүр тэдэнд найдахаа байя. Тэгвэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байгаа 200-гаад мянган монголчууддаа найдахад л болох биш үү. Тэд Вашингтонд, Берлинд, Сөүлд, Токиод, Хятад, Оросын Элчин сайдын үүдэнд мянга мянгаараа жагсаж дэлхийн чихийг дэлдээд өгөх биз ээ. Харин энэ хүчинд бол найдаж болох байх. Яагаад гэвэл монголчуудын сор болсон охид хөвгүүд тэнд амьдардаг юм. Тэдний сэтгэл зүрхэнд Монголын цэнхэр униарт хөхөмдөг тал, тусгаар улсын омог бардамнал хадаатай байгаа.
Далай лам ба манайхан
Далай ламын айлчлал манайд ямар сүр жавхаатай болдог билээ. Түүнийг шашин төрийнхөн өмчлөн ард бидэнд хавьтуулахгүй авч давхицгаадаг. Хүн бүр түүнийг багшаа хэмээн дуудаж хайр сүсэг гэрэлтсэн нүдээр харж байдаг сан. Ард бидэнд тэр их хүн өөрөө хөөцөлдөж байж ном сургаал айлдах мөчид далай тэнгис шиг их сүсэгтэн цугларч уйлж хайлан сургаалыг нь сонсдог билээ. Ялангуяа Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол түүний ганц хайртай шавь нь байх учиртай. Ирэх болгонд нь уулзаж учран мөргөж хойчийн буянаа даатгадаг хэмээн бидэнд гайхуулдаг. Түвдийн хэрэг явдалд хамгийн их сэтгэл зовниж суугаа хүн нь манай Ерөнхийлөгч байгаа биз ээ хэмээн харсаар өнөөдрийг хүргэв. Гэвч тэрбээр байр сууриа огтхон ч илэрхийлсэнгүй. Харин Далай багшийн шавь нарыг зодож, буудаж байгаа Хятад улсад айлчилж дарга нарыг нь халуунаар тэврэхээр яаравчлан мордсон. Одоо тэгээд өмнөх өрөө яая гэж байж 300 сая ам.доллар заавал зээлээр авна хэмээн Ху Жинтао даргыг дагаад гүйж байна. ( Ху дарга Түвдийн намын даргаар олон жил ажилласан хүн гэдгийг хэлэх юун.) Дахиад Далай багш хэрэг болохгүй болсон юм байгаа биз ээ. Дээр нь манай шашныхан гэж Түвдийн хэрэг явдалд хамгийн хамаатай хэсэг бүлэг хүмүүс уг явдлыг ойшоож үзсэнгүй. Тэд өөрсөд шигээ шарын шашны хуврагуудыг цустай нь хольж байгааг огт тоохгүй сууцгааж байна. Зарим залуу лам нараас асууж сураглахад “Түвдэд юу болсон юм” хэмээн өөдөөс “Энэ чинь өөртөө ном уншуулж байхын оронд юун сонин юм асуудаг хүн бэ” гэсэн шиг гайхах аж. Үнэхээр шашин гэж юу байдаг, түүний мөн чанар, шашныхаа өмнө хүлээсэн хариуцлага гэх зэргээс даанч хол байгаа тэднийг харахад эмгэнэлтэй. Мухар сүсгээс өөр юмгүй энэ хэдэн “шар хорхой”-нууд Түвдийн лам нарыг өмөөрдөггүй юм аа гэхэд амиа алдсан адилхан лам нарынхаа араас ядахдаа ном уншиж “гийгүүлээсэй” дээ. Хэдэн банди нар БНХАУ-ын Элчин сайдын яамны өмнө “Түвдийг яргалахаа зогсоо” гээд жагсаж байхад хүмүүс “Аргагүй дээ, эдний зөв” л гэх вий. Гэвч хүн хуурч олох хэдэн төгрөгөө бодохоос юун Түвд манатай байх шив дээ. Лам нар гучаад оны коммунист нядалгааны үед “Тэрийг барьчихлаа. Намайг арай ч чадахгүй байлгүй. Би тэр номоо уншчихсан юм чинь” гэж тэнэгээр найдаж толгойгоо битүүлж хэвтсээр байгаад бүгд хядуулсан. Оросоос бусад аль ч хил рүү морьтой арван хоног шогшиход л гараад явчихаж болох задгай үед энэ явдал болсон түүхтэй. Тэгэхээр манай лам нараас оюунлаг зүйл гарна гэдэг ч дээ…
Түвдийн хэрэг явдлаар төр засаг, шашин ном байр сууриа хэлж болдоггүй юм бол ард түмэн, нам хөдөлгөөнүүд үгээ хэлж, эсэргүүцэх хэрэгтэй байна. Тэгвэл дээр өгүүлсэн тусгаар тогтнолын дархлааг ядаж ямх ч болтугай зузаалж болох сон.
Ж.Сандагдорж
1 comment:
Түвдийн тусгаар тогнолыг хэдэн зууны турш Монгол цэргүүд хамгаалсаар ирсэн.
Өнөөдөрийн нөхцөл байдалд ч бид нар дуугуй суух учиргүй гэж бодож байна. Гэхдээ төр улсын хэмжээнд Түвдийнбайр суурийг хамгаалаад байх нь дэмий л болов уу. Би бол Монголыг аливаа ямар ч гадаад харилцааны асуудалд Неатрал байвал дээр гэж боддог. Харин ард иргэд, хувь хүмүүс босож тэмцэх л хэрэгтэй.
Нээрэн бас, Монголд тэгж тэмцвэл маргааш нь баригдаад явчинадаа. Одоо болтол бид нар Гадаад Монгол хэвээрээ байгаа шиг санагддаг юм.
Post a Comment