Friday, January 11, 2008

БНМАУ – ААС МОНГОЛ УЛС РУУ


Монголын төр нийгмийг удирдах чадвараа алдаж, нийгмийн бүх салбар хямралд орж, энгийн хэллэгээр хөл толгойгоо олохоо байсан үед цэцэрхэх, мэдэмхийрэх, онолдох, номлох явдал тоймоо алдав. Бараг л толгойтой болгон онолч, судлаач болоод байна.

Нийгэмд хөдөлмөрийн хуваарь гэж нэг сүрхий юм байдаг бөгөөд энэ нь дуучин нь дуугаа дуулж, бөх нь барилдаж, эмч нь хүнээ эмчилж, эрдэмтэн нь номоо уншиж, судалгаа хийдэг бөлгөө. Энэ зүй тогтлыг бид оргүй мартжээ. Бидний бухимдлыг төрүүлж, яаж ч ярьсан гарц олж чадахгүй байгаа олон асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга нь шинжлэх ухааны системт судалгааны дүгнэлт буюу анализ болой. Үүнийг зөв хийсэн тохиолдолд хямралыг даван туулах гарцыг тодорхойлж болно. Энэ нь эмч эхлээд онош тавьдаг, дараа нь эмчилгээ хийдэгтэй бараг адил юм. Иймээс нийтээрээ бодох эрэгцүүлэх болов уу гэж энэ өгүүллийг тэрлэж байна. Энд хэлсэн зүйлсийг бүгдээрээ төгс үнэн гэж болохгүй авч эрхбиш олон жилийн судалгааны үндсэн дээр хийсэн учраас байнд нь биш юмаа гэхэд банзанд туссан байх гэж найдна.

Огт буруу ойлголт

Манайхны олонхи 1992 онд шинэ Үндсэн Хууль батлаад ардчилал, зах зээлд шилжсэн гэж ойлгодог бөгөөд зөвхөн энэ үндсэн дээр ардчилал, зах зээлд шилжсэн алдааны талаар мянган юм ярьдаг. Үнэн хэрэг дээрээ огт ийм биш.

Урд нь БНМАУ гэж байлаа. Энэ бол орчин үеийн үйлдвэржсэн нийгмийн ангилалд багтах төр бөгөөд хатуу үзэл суртал, хэт төвлөрөл, захиргааны албадлагын хүчээр монгол орныг нийгмийн дэвшилд хүргэсэн төр болох нь маргаангүй юм. Энэ төрийн муу муухайг хангалттай дуудсан болохоор ахин давтах нь илүүц хэрэг. Шинэ Үндсэн Хууль нь хуучин төрийг халах үйл явцын зөвхөн эхлэл нь болсон юм. Энэ хууль ардчилсан, шинэ Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг л гаргаж өгсөн. Энгийнээр хэлбэл эхлээд Үндсэн Хууль ердөө л цаас байлаа.

Хуучин системийн цөөн дарга нарыг халж, анхны сонгууль явуулж, олон намууд байгуулж, шинэ УИХ байгуулсныг төр бүрэн солигдсон гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.

Учир нь энэ үед БНМАУ-ын хуучин төрийн байгууламж, түүний бүтэц, аппарат, боловсон хүчин, ажлын арга барил гэх мэт систем бүхэлдээ хэвээрээ байсан. Харин бодит шинэчлэл, шилжилт ихээхэн өвөрмөц бөгөөд зөрчилтэй явагдсаны гэрч нь бид өөрсдөө бөлгөө.

Бидний мартсан нэг том хууль

Үндсэн хуультай хамт “Үндсэн Хуулийн хавсралт хууль” гэсэн гүнзгий агуулгатай, алсын үр дагавартай хууль баталснаа бидний ихэнхи нь хоолтойгоо холиод идчихсэн юм. Дурдан буй энэ хууль “БНМАУ-ын Үндсэн Хуулиас Монгол Улсын Үндсэн Хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” гэсэн нэртэй. Нэрээс нь харлаа ч гэсэн энэ бол шилжилт, өөрчлөлт, шинэчлэл болоогүй, харин дөнгөж эхэлж байна гэдгийг тод харуулдаг юм.

Энэхүү хавсралт хуульд “Үндсэн Хуулийнхаа адил нэгэн адил хүчинтэй” гэсэн их том заалтаас гадна “хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн Хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана” гэсэн нэн тодорхой заалт ч бий. Тэгэхлээр БНМАУ-аас Монгол Улс руу хийсэн бодит шилжилт энэ хуулийн хүрээнд нэлээд удаан явагдсан нь тодорхой.

Харин энэ бүхэн хэрхэн, яаж явагдсан бэ гэдгийг анхаарч, судалж, шинжилсэн хүн тоотой хэдхэн гэдгийг би нотолж чадна.

Шинэ төрийг байгуулсан нь

Ямар ч гэсэн БНМАУ-аас Монгол Улс руу шилжих үйл явцыг 1992 онд байгуулагдсан УИХ хийж гүйцэтгэсэн.

Эхлээд УИХ өөрийнхөө тухай хуулийг батлав. Энэ ч аргагүй. УИХ-ын гишүүнээр сонгогдож ирсэн хэдэн нөхөр л шинэ төрийнх, бусад бүх зүйл хуучин төрд хамаарагдаж байлаа. Удаалаад Засгийн газрын, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Шүүхийн, Прокурорын, Цагдаагийн, Тагнуулын Хууль гээд л цаашаа хөвөрч гарна даа.

Өөрөөр хэлбэл төрийн байгууламжийг цоо шинээр бий болгож байлаа. Ийнхүү дөрвөн жилийн дотор Үндсэн Хуулийн хавсралт хуулийн бүх заалтыг хэрэгжүүлж, 1996 он гэхэд Монгол Улсын гэж нэрлэж болох төрийн байгууламж бий болсон юм. Энд алдаа гарсан уу үгүй юу гэдэг нь одоо нэгэнт онолын асуудал биш, практикийн асуудал болон хувираад байна.

Төр доторхи тусгаар тогтнол

Талийгаач доктор Х. Гүндсамсуу: “Ерээд онд (дан ганц –Д.Г) ардчилсан хувьсгал тохиогоогүй, бас үймсэн олны болон номенклатурын хувьсгал болсон юм...Ардчилсан хувьсгал нь импортын, үймсэн олны хувьсгал нь дарвисан, номенклатурын хувьсгал нь хоёрдугаар цувааны гэмээр содон шинжтэй” гэж нэн оновчтой тодорхойлсон байдаг.

Тухайн үед Монгол Улс төрийн шинэ байгууламж бүрдүүлэх зарчмын зорилтоо төрийн хуучин аппаратыг шинэ хэлбэрээр хуучнаар нь үлдээх ажлаар сольж орхисон нь зарчмын том алдаа байлаа.

Энэ бантанг хуучнаар бол номенклатур анги, одоогоор бол төрийн бюрократ анги хутгаж, ардчилсан будагтай жинхэнэ феодалын төрийг Монголд тогтоогоод байна.

Тэр үед шинэ төрийн аль нэг байгууллагын тухай хууль хэлэлцэх бүрт төрийн хуучин аппарат зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалан үлдэх төрөлх зөн билгээрээ ажиллаж байсан нь ийм арчаагүй байдалд хүргэсэн юм.

Энэ үйл явц аль ч салбарт усны дусал мэт адил технологитой байсан. Ухаандаа аль нэг хуулийг хэлэлцэж батлахад эхлээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг хуулаад толгойд нь биччихнэ, дараа нь тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг зэрэг гэсэн хэсгийг шууд зааж оруулна. Энэ бүхний дүнд уг хууль тухайн салбар, чиглэлийн харилцаа, холбоог зохицуулах үүргээсээ хазайж, тухайн байгууллагын хууль болон хувирна.

Энд аль болох бие даасан, бусдаас үл хамаарсан, аливаа хяналтаас ангид, эрх мэдэл дарга нарт төвлөрсэн нэг ижил зүй тогтол үйлчилж байсан. Шинэ Үндсэн Хуулийн зарчим, хэм хэмжээтэй авцалдах зүйл энд туйлын ховор байлаа.

Онолын хэллэгээр бол төрийн хэвтээ болон босоо удирдлага, зохицуулалтын боломж алдагдаж, төрийн удирдлага нэг хүнээс хэт хамаат байх гол нөхцлийг бүрдүүлжээ.

Ингэснээр өнөөгийн монголын төрийн байгууламж бараг бүрэн бие даасан, эрх мэдэл, чиг үүрэг нь нэг бол ихээхэн давхцсан, нэг бол зохицуулалтын хийдэл гарсан, нэг бол эрх мэдэл, чиг үүргээ булаалдан өрсөлдөгч, ногдсон эрх мэдэл, чиг үүргээ наймаалцдаг, ямар нэг бүхэллэг, функционал хамаарал байхгүй, институтжлэг шинжгүй, тусгаар тогтносон байгууллагуудын механик нийлбэр болж хувирсан юм.

Энэ тохиолдолд төрийн удирдлагын үр ашиг, үр нөлөө гэх хамгийн гол зүйл оргүй устдаг юм. Нэгэнт ийм үед төр, засгийн ажил жаран чавганцын ажил болон хувирдаг бөгөөд ийм нийгэмд чигч шударга, худалч хулгайч ямар ч хүн айван тайван амьдрах боломж бараг байдаггүй. Уялдаа, шүтэлцээ, шүтэн барилдлагагүй төрийн задгай тогтолцоо нь ихээхэн эмзэг, нэг хүний нөлөөнд орохдоо туйлын амархан байдаг.

Буруутан хайхуй

Манайхан буруутан хайж олохдоо хэн ч атаархмаар авъяастай билээ. Гэвч төрийн байгууламжийг бүрдүүлэхэд үүссэн алдаа согогийг хэн ч, түүний дотор монголчуудын багш болсон барууныхан ч эхэндээ мэдээгүй юм.

Тэр үед “ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хаа байлаа” гэдэг болж, монголчууд ардчилал, зах зээлийн ид шидэд бараг бурхнаас илүү итгэж байсан. Бидний олонхи тулгарсан бэрхшээлийг нийгэм шилжиж буй үеийн түр зуурын явдал гэж үзэж байсан байх.

Ямар ч гэсэн бидний ардчилал, зах зээлийн мэдлэг, туршлага гэж ёстой нэг хүүхдийн үлгэр байсныг шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой.

Амтай болгон ярьдаг байсан засаглал хуваах онолыг нь одоо үзээд байхад засаглал хуваах биш, харин зааглах гэсэн нэн тодорхой утгатай юмсанж. Манайхан болохоор засаглал хуваах гэдгийг цагаан сарын боов хувааж байгаа мэтээр сэтгэж, төрөө өмчлөөд хуваагаад авчихсан нь одоо нэгэнт тодорхой байна.

1996 он нэлээд өнгөртөл энэ аюулыг анзаарсан хүн огт байгаагүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ социализмын бүтээгдэхүүн, юм үзэж нүд тайлаагүй, биллъярдын бөмбөг шиг адилхан хөгийн амьтад байсан. Барууныг дуурайж сайн сайханд хүрнэ гэдэгтээ бид дэндүү итгэлтэй байсан. Одоо ч энэ өвчин бидний сэтгэлгээ, үйлдэлд амь бөхтэй байгаа.

Энэ үед бидний дунд “шинэ” “ардчилсан”, “зах зээлийн” хүн ганц ч байгаагүй. Барууны зааварлагч багш нар, барууны ном зохиол, бас гадаад явж, туршлага судлах л бидэнд баримжаа болж байлаа. Бид нэг хэсэг большевик намын түүхийг түвд маягаар яс цээжилсэн эртний хувьсгалчид шиг байсан. Гэтэл “баруун” гэдэг ойлголтонд нь хэтэрхий олон улс багтдаг, тэдгээр нь хоорондоо асар их ялгаатайг бид дэндүү хожим ухаарсан юмдаг.

Нэгэнт шинэ замаар замнах туршлага, мэдлэг ор байхгүй, дуурайхаас өөр аргагүй байсан тохиолдолд энэ тэр хүн, энэ тэр нам буруутай гэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол бидний зайлшгүй туулах зовлонт зам, шившгийн хөндий байсан.

Аюулын анхны дохио

Хамаг итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө шингээсэн шинэ ардчилсан төрийг бэхжүүлэхийг барууныхан ч, манайхан ч ихээхэн хүсэж байсан нь эргэлзээгүй.

1997 оны сүүлчээр НҮБХХ-ийн төслөөр “Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” (УБ. 1998) сэдэвт судалгааг тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан, одоо МАХН-ын дарга С.Баярын удирдлагаар судлаач Д.Чулуунжав, доктор Г.Чулуунбаатар болон мөн миний бие хийх завшаан тохиосон билээ. Түүний үр дүн судлаач бидний хувьд ч дэндүү хачирхалтай байлаа.

Тухайн үед хэн ч тоогоогүй энэ судалгаанд: “Сүүлийн үед манай төрийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, зөрчилт байдал, хямралыг шинжлэн үзэхэд түүний уг шалтгаан нь манай төрийн тогтолцоо, өргөн хүрээнд яривал улс төрийн тогтолцооны зохист биш байдалд оршино”, “бусад зарим орнуудад төрийн тогтолцооны согог байдаг авч эдүгээ манайд байгаа шиг системийн хэмжээний гажиг байдаггүй бололтой” гэсэн дүгнэлт хийсэн юм. Энд дүгнэлт бидний мэргэн ухаантайд биш, харин тогтолцооны гажиг судлаачдад яахын аргагүй илт мэдэгдэж эхэлсэнд байсан болов уу.

Удаалаад 2000 онд монголын системийн анализын толгой мэргэжилтэн С.Дашдаваа “Системийн хямралаас сүйрэл рүү” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичсэн нь тухайн үедээ их шуугиан тарьж билээ. Хэн ч тоосонгүй.

Дараа нь улс төрчид залгав. 2000 онд Баабар “Бүгдээрээ эрэгцүүлэн бодъё” гэсэн томоохон аналитик өгүүлэл бичиж, төр нь бүр болохоо болмогц “Монголын тусгаар тогтнолын тунхаг” гэсэн давхар гарчигтай шинэ Үндсэн Хуулийн төсөл хүртэл санаачлав. Түүнийг бас л хэн ч тоосонгүй, харин мэргэжлийн хувьд би л лав олон дахин уншиж судалсан юмдаг.

Манай томчуудаас Н.Багабанди энэ гажгийг анх мэдэрсэн юм. Хашир туршлагатай, няхуур хүн тэрбээр захирамж гарган ажлын хэсэг байгуулж Үндсэн Хуулийн “Төрийн байгуулал” гэсэн III бүлгийг Ерөнхийлөгчийн болон Парламентын засаглалын гэсэн хоёр хувилбараар бэлтгүүлсэн юм.

Хүн болгон ардчилал, зах зээлд ороод сайхан байна гэж хашгирч байхад энэ хэдэн нөхөр яахлаараа ийм сайхан төр засгийг өөрчлөх гээд элдвээр оролдоод байсан юм гэж асуух хүн хойч үеэс маань гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Төр засгийн системийн гажиг аль эртнээс үүдэлтэй гэдгийг одоо олон хүн ойлгосон гэж найдаж байна. Мэдээж үүнийг засах боломж байсан ч монголчууд бидэнд тийм хувь ногдоогүй.

Яг ухаараад засах ёстой үед нь Н.Энхбаяр гэдэг орчуулагч гарч ирээд төрийн өөрийгөө хамгаалж чадахгүй тусгаар байгууллагуудыг үнэ хаялцуулан зарж, зах зээлийн төр байгуулав. Одоо Монголын төр Нарантуул захаас дээрдэх юмгүй болсныг бид бүгдээрээ мэдэхээс гадна түүнийхээ горыг амсаж байна.

Нийгмийн бүх хамаг бурууг нэг хүн рүү тохох гэлээ гэсэн энгийн ухамсрын дүгнэлт угаасаа утгагүйг шууд хэлэх нь зөв байх. Монгол бол удирдагчаас хамаарах шинжээрээ хосгүй гэдгийг бидний нөхөд аль хэдийн судлаад гаргачихсан. Бас Н.Энхбаярыг ард түмэн өөрөө л сонгосон гэдэг нотолгоо ямар ч үндэс байхгүй юм. Тэр олон удаа сонгуулийн луйвар хийн гарч ирж байсныг бид бас л судлаад гаргачихсан. Иймээс Монголын төрийг хямралаас гаргах анхны алхам нь Н.Энхбаяраас ангижрах явдал мөн.

Цаашдаа нэн өндөр боловсрол, торгон мэдрэмжээрээ төрийн тогтолцооны гажгийг анх мэдэрч, мэдсэн С.Баярт энэ лай ланчигт хямралаас гэтэлгэх түүхэн үүрэг ногдлоо гэж сануулах нь миний эрх болой.

Оюун сэтгэлгээний үлэмж доройтолтой Зүмбэрэллхам гэгч нэг нөхөр Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо байгуулж давхиж байснаа гэв гэнэт Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болчихсон шог явдлыг давтах чөтгөрийн хүсэл надад огтхон ч алга.

Монгол Улсад ажил хийх эрхээ 10 жил хасуулсан надад ганцхан зүйл хэрэгтэй бөгөөд энэ нь системийн судалгаа шинжилгээгээ чөлөөтэй хийх эрх чөлөө бөлгөө.

Би зөв онош тавьсан гэдэгтээ итгэлтэй байна, эм нь надад бэлэн байна, харин уух эсэхээ энэ “Нам төр” хэмээх хэвтрийн нөхөр өөрөө л мэдэх байх. Үгүй гэвэл хохь нь л биз. Харин заваарч байгаад нийтийн үймээн самуунд хүрвэл би сануулж байсан шүү гэж хэлэх үгтэй байхад надад болох нь тэр.

Энэ өгүүллийг нийтээрээ хэлэлцэхэд зориулж байгаа болохоор тал талаас нь шүүн тунгаах нь зүйн хэрэг боловч уншсан, дуулсан ганц нэг ишлэлээ эргүүлж ярихаас өөрийг үл мэдэх нусгайчууд, мөнгөө савируулсан улс төрийн луйварчдад огт падгүй гэдгийг зориуд сануулж байна. Хэрэв оюун сэтгэлгээний илүү өндөр түвшинд ярилцая, хэлэлцэе хэмээн ухаант уншигчид хүсэх ахул цуврал өгүүлэл бичихэд би бэлэн байна.

Судлаач Д.Ганхуяг

2008 оны 1 дүгээр сарын 9.

Тайлбар:

Миний бичсэн өгүүллийн талаар олон хүн саналаа хуваалцаж байгаад би баяртай байна. Гэхдээ зарим нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь ээ. Манайхан миний өгүүллийг биш, намайг үнэлж дүгнээд байх юм аа. Би хурдан морь юм уу, мисс хүүхэн биш. Намайг сайн муу, сайхан муухай гэж сонжих нь надад ч, Танд, мөн нийгэм төрд өчүүхэн ч ашиггүй гэж би бодож байна. Би өгүүллээ хялбаршуулах үүднээс:

а)өмч хувьчлал зэрэг эдийн засгийн бүх будлиан,

б)бид бүхний сайн мэдэх улс төрийн намуудын тэмцэл, хуйвалдаан, хувьсал,

в) тодорхой зарим улс төчдийн үзэл үйлдэл зэргийг зориуд орхиж дан ганц төрийн байгууламжийн бүрдлийн тухай авч үзсэн юм. Бас аливаа мэтгэлцээн (полемика) өрнүүлэхэд

1) ямар ч маргаан байхгүй баталгаатай,

2)нэмэлт баримт нотолгоо шаардах эргэлзээтэй,

3)огт хүлээн зөвшөөрөхийн аргагүй буруу гэсэн гурав хувааж үздэг юм.

Энэ гурвын аль нэгд 100 хувь багтдаг зүйл гэж хорвоод байдаггүй. Гэхдээ ямар ч хүн өөрийнхөө үзэл бодлын үүднээс түгээмэл энэ ангиллыг ашиглан шүүмжилж, дэлгэрүүлж, няцааж, хэлэлцэж болно шүү дээ. Би өөрийгөө дүгнүүлэх гэж юм бичдэггүй.

Судлаач Д.Ганхуяг.

No comments: