Friday, December 28, 2007

Сүүлийн үеийн бэдээ буюу 12 сарын тойм

Нийтлэлч: Б.Цэнддоо

-Фельетон- Сүүлийн үеийн шагнал, шийтгэл хоёрын нэрийг шагнагч шагнуулагч хоёроос бусад нь ялгахаа болиод байна. Саяхан ерөнхийлөгч маань хэдэн иргэнээ “чоно” гэж нэрлэн “чонын паспорт” гардуулж байхыг зурагтаар харлаа. Чоно дотроо гуринхалсан, азарган гэгчлэн ондоо байдаг тул тэдэндээ Бөртэ гэдэг чонын нэрийг өгч байгаа юм байна. Манай ард түмэн “чоныг ижил тэнгэртэйдээ үзэгдэж, илүү тэнгэртэйдээ яалгадаг” гэж ярьсаар ирсэн билээ. Хүмүүс янз янзаар тайлбарлаж байна. Хэсэг нь манай оронд байвал зохих хүн ба амьтны тоо толгойн харьцааг зохистой түвшинд барих гэсэн үзэл суртлын чухал ажил гэж байна. Зарим нь болохоор малын хэт өсөлттэй холбон ярих юм. Мал өсөх нь сайн боловч бэлчээрийн даац хэтэрдэг муу талтай аж. Ухаандаа төрийн албан хаагчийн тоо толгой өсөх нь сайхан боловч цалингийн даац хэтрэх аюултай шиг. Ер нь бол хундага тавилгүй уугаад уугаад үндэсний үйлдвэрлэгчдийнхээ архийг дундруулж чадахаа больсон шигээ хутга тавилгүй бифштекс идээд идээд хонь үхрээ цөөлөхөөсөө өнгөрсөн юм байх. Ингээд малын хэт өсөлтийн ерөндөг болгож ийм арга хэмжээ авч байгаа гэлцэх. Яадагч байсан ерөнхийлөгчийг магтаж байна аа. Бас мал тариалангийн яамнаас эрхлэн хэсэг иргэнд адуу, үхрийн иргэний үнэмлэх гардуулах шийд бол гарчихсан, хүнээ сайн товлоогүй байгаа гээд цуурцгаах юм. Гадуур мал их өслөө л гэх юм, хэд нь жинхэнэ мал, хэд нь малын паспорттой нөхөд байдаг юм бол гэж эргэлзсэн хүн ч таарч л байна. Бас нэг том хүн Эхо-д харуулаадахсан нь бор тархиных нь оронд хүнд металл цутгаастай байсан юм байх. Тэгээд тэр хүн Стандарт хэмжил зүйн албанд хандаж шижир “алтан тархи”-даа сорьцийн гэрчилгээ авсан тухай сонинд мэдээлсэн гэх. Бас нэг мэдэмхий нөхөр энэ мэдээллийг “үнэнээр барахгүй, Энх тайвны өргөн чөлөөнд хоёр давхар том сейф бариулаад тэндээ амьдарч байгаа” гэж ирээд л хөөрөв.

Ерөнхий сайд Баяр баярынхаа мэндчилгээг цаасаар бус и-мэйлээр явуулах шийд өгчээ. Бохир гарын өвчин болох шар дэгдснээс үүдэн төрийн албан хаагчид ердийн үед ч интернэтээр мэндчилэх юм байх. Ухаандаа өглөө ажилдаа ирээд өөдөөсөө харсан хүн рүү “сайхан амарсан уу” гэж мэйл бичээд зохих хариуг нь авсны дараагаар сая амаараа ярьж болох нь. Хэрвээ нөгөө хүн компьютергүй байвал яах вэ гэдгийг ч шинэ ерөнхий сайд бодолцжээ. Ийм тохиолдолд цаад хүнээ дохио зангаагаар дуудан авчраад комьютерийнхээ дэлгэц рүү заан бичсэн мэйлээ уншуулахаар журамлажээ. Гадаа гудамжинд таарсан иргэд ганц үг ганхийлгүйгээр хамгийн ойрын интернэт кафед орж майл бичилцэн мэндчилснийхээ дараагаар яацгаасан ч яахав юм байна.

Харин цагаан сараар кибэр золголт хийж, үр ачаа виртуал үнсэлтээр таалах ба гологорафийн ууц таваглаж, бууз баншаа зохих сайтаас даавнлоод хийж татаж аван зочноо дайлах ажгуу.

Бас Батлан хамгаалах Яаман дээр болж байгаа үйл явдлууд бүр гайхаш таслаад байна. Ганц онгоцоо үнэгч Батаагаар бодийг нь хөтлүүлсэн, байсан пуужингаа Цэнтрал Монголиа Эйриуз компанийн нисдэг тэрэг рүү харваад оносон ч юмгүй үрсэн гэдгийг бид мэднэ л дээ. Одоо болохоор буугаа хааш нь хийчихээд хутгаар тулалдан хүний нүүр түлээд байна аа. Их буу хэрэглэх зиндааны генерал сайдууд хүртэл хооронд тонгорогоор тулалдсан байна. Буу сумаа бүгдийг нь зарчихсан бол тэрнийгээ нуудаг баймаар. Дайсан орооод ирэхэд цэргүүдээ гэрээсээ заазуур, балиусаа аваад ирээрэй гэхдээ тулж дээ янз нь. Бүр гадаадад яваа цэргүүддээ хүртэл буу өгөөгүй нь тодорхой болоод байна. Улс бүхэнтэй тэгш харилцдаг манай орон Африкийн нэг улсын босогчид ба засгийн газарт адилхан туслаж байгаа юм гэнэ. Гэтэл хоёр талд байгаа монгол хөвүүд хоорондоо байлдаж, буу байхгүй учраас мөн л хутга мэсэндээ хүрсэн мэдээ өчигдрийн сонинд гарчээ.

Ажил албанаасаа олон жилийн турш үр бүтээлтэйгээр халагдаж ирсэн баялаг туршлагатай ахмад халагдагч нэгэн хүн саяхан ээлжит халагдалтаа тохиолдуулан сэтгүүлчдийг хүлээн авч халуун дотно ярилцжээ. Тэрээр урьд нь их төлөв өөрийн буруугүй үйл ажиллагаанаас болж халагдаж ирсэн уламжлалаа хадгалж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа дурьдсан байдаг.

Бас нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хурал гэж нэг сүрприйз боллоо. Нэг талаас нь харахад хотын даргаа солих гээд ч байх шиг. Нөгөө талаас нь харахаар дарга нар хотоо солих гээд ч байх шиг, бүү мэд ээ хөөрхий.

Дарга удирдагч нар доод хүнээ ганц алгадачихаж болохоо байсан хэцүү цаг үе ирлээ гэж Тээврийн яамны удирдлага ярьж байна. “ Эхлээд авилга авч болохгүй мэтээр ойлгогдож болохоор юм дуулдах шиг болсон. Тоглоом болгоод тэсээд өнгөрсөн. Одоо албан тушаал доогуур хүнээ зодвол буруутах шинж ороод ирлээ. Байтлаасаа ажилтан хүүхнүүдтэйгээ унтаж болохоо ч байх юм биш биз дээ” гэсэн утгатай гомдол тэдний зүгээс тасралтгүй гарч байна.

За за аль хачин юмыг тэр гэх вэ, шүд угаадаг бэдээ хүртэл гарчихаад байхад, тийм үү?

No comments: