Wednesday, November 21, 2007

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ


Үргэлжлэл ... ӨГYYЛЭЛ БИЧИХ НЬ

  • Социологичдын гаргадаг түгээмэл алдаа нь өгүүллийнхээ ихэнхи хэсгийг тулгамдсан асуудлыг тоочсоор байгаад авчихдаг явдал байдаг. Ер нь Таны бичиж буй асуудлаар олон хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл Та хүмүүсийнмэддэг юмыг бичиж байгаагаа мартаж болохгүй.
  • Түгээмэл гардаг бас нэг алдаа бол санаагаа нотлох гэж хэт их тоо, баримт нурших явдал болно. Гол асуудал, санааг нотлоход жинтэй, үнэмшилтэй хэдхэн баримт л хэрэгтэй. Ер нь хэт их тоо баримт дурдах нь үнэн юмыг ч сонирхолгүй, үнэмшилгүй болгох сэтгэл зүйн нөлөө үзүүлдэг.
  • Сайн социологичдын өгүүллийг ажаад байхад тоо баримт бага байдаг. Муу социологич байх тусмаа анкетаа дагуулж, түүнийгээ тайлбарлаж бичээд байдаг юм.
  • Би ч залуудаа анкетаа тайлбарласаар байгаад хамаг өгүүллээ дуусгадаг байлаа. Маш их хөрөнгө хүч, цаг хугацаа гаргаж байж хийсэн судалгаагаа ганцхан өгүүлэлд багтаагаад цацах ямар ч шаардлага Танд байхгүй.
  • Иймээс Та судалгаагаа сайн мөлжиж нэг судалгаанаас аль болох олон өгүүлэл бичиж сурахыг хичээ. Эхний үед 2 – ыг, дараа нь 3 – ыг гэх мэтээр ахиулаад байж үз.
  • Та үндсэн санаануудынхаа нотолгоог буюу өгүүллийнхээ доторхи хэсгүүдийг жигдэвтэр байлгавал тун зүгээр. Нэг хэсэг нь хэт том, нөгөө нь хэт жижиг байвал тийм ч их зохимжтой биш. Yүний тулд жижиг гарчиг өгөх нь зүгээр мэт байдаг.
  • Дүгнэлтийг хэсэг бүр дээр юмуу, эцэст нь хийхийг Та л өөрөө мэдэх хэрэг. Харин дүгнэлт чинь гарцаагүй, нотолгоотой, үнэн зөв байх ёстой. Хийсвэр, нотолгоогүй, санаанаасаа гаргасан, худал дүгнэлт байж хэрхэвч болохгүй.
  • Заримдаа дүгнэлт төдийлөн сайн гарахгүй байх ч явдал бий. Тэгвэл асуудлыг байгаа чигээр нь үлдээж, цааш нь эрэгцүүлэх боломжийг хүмүүст олго. Энэ чинь ч гэсэн бага юм биш.
  • Төгсгөл чинь бас л их сайн байх ёстой. Учир нь үүнээс Таны дараагийн өгүүллийн хувь заяа шалтгаална. Хүмүүс Танаас ахиад юм бичихийг хүлээж байвал зохино.
  • Эхний хэдэн өгүүлэл амжилт олно гэж номонд хазгай. Бүү шантар. Яагаад гэвэл Таныг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. Би залуудаа хүмүүсээс миний өгүүллийг уншсан уу гэж байнга шалдаг байлаа.
  • Уншаагүй гэсэн хариулт сонсохоороо ийм чухал, мундаг юмыг яагаад уншдаггүй тэнэг улсууд вэ гэж гайхдагсан. Олон жилийн дараа гол алдаа хүмүүст биш, надад байсан гэдгийг мэдэж авсан юм.
  • Яагаад гэвэл би тэдэнд хэрэгтэй зүйлийг бичиж чадаагүй буюу ойлгуулж чадаагүйгээс ийм болдог байжээ. Иймээс алдаагаа хүнээс биш, өөрөөсөө хай.
  • Хэрэв Та шантрахгүй байвал Таныг уншигчдын хүрээ аажмаар ( аажмаар гэдгийг бүү мартаарай ) нэмэгдэх ба улмаар байнгын тогтмол уншигчидтай болно.
  • Тэгсэн цагт Та өөрийгөө социологич болох дөхөж байна гэж ойлгож болно.
  • Социологич хүн жилд наад зах нь дөрвөн өгүүлэл бичих ёстойг мартавзаа. Яагаад гэвэл Таны гэсэн бүтээгдэхүүн гараагүй тохиолдолд Таныг хэн ч мэдэхгүй хэвээрээ л байх болно.
  • Бэрхшээл гарвал мэргэжил нэгтнүүдээсээ нэрэлхэлгүй асууж бай. Та хүнээс юм асуухгүй яваад болно гэж бодож: байвал ердөө л тэнэгээ нотолж байгаа хэрэг. Судлаач хүн бүх гол санааныхаа 70 гаруй хувийг мэргэжил нэгтнүүдээсээ олж авдаг гэсэн багцаа харьцаа байдаг.
  • За тэгээд Залуу минь бичээд бай, Өөрөө түүнийгээ голоод урж хаяж сур. Ингээд ахиад бич. Тэгтэл нэг юм учир нь олдоно доо. Тэгвэл улам их бич.


Судлаач
Д. Ганхуяг.

No comments: