Орондоо орох завгүй
Олзлон булаалдаж
Хөрст дэлхий хөрвөж
Хөнжилдөө орох завгүй
Хөнөөлдөн байлдаж...
Тэмүжиний төрөх үеийн Монгол оронд ингэж одот Тэнгэр орчсон мэт тэмцэл буцалж байж. Тал нутагт хэдийгээр суурин соёл иргэншлээс ялгаатай нь олзлох хот балгас, булаалдах газар тариалан байхгүй ч засаглах эрх тэр бүхнээс нь үнэтэй байлаа. Тэгэх тусмаа Тэнгэрээс бусдад захирагдах дургүй нүүдэлчний эрх чөлөөг засаглах эрх гэдэг Тэнгэрийн адил эрхтэй болно гэсэн үг. Тийм ч учраас Монголын хээр тал, говьд тийм ширүүн догшин тэмцэл өрнөж байсан биз. Тэгсэндээ ч хүчирхэг төрийн ёс, цааз зарлиг нь Тэнгэрийн хууль мэт аюумшигтай бишрэм байж. Нэгдэж, нэгэн Төрийн эрхэнд засаглахгүй бол угсаатаны хувьд ч мөхөж мэдэх байсныг сүргийн төвшиний зөнгөөрөө ч болтугай мэдэрсэн биз. Сүүлийн 100 жилд тэгвэл яагаад Монголд бас хөрст дэлхий хөрвөөх мэт хатуу ширүүн улстөрийн тэмцэл өрнөж байна вэ? 1130-д онд Монгол нутагт өрнөж байсан тэмцэлээр Хамаг Монгол Улсын суурь тавигдаж анхны хаануудын нэг Хабул хаан нь зөрчидйин Алтан улсын хаанд агсам тавин сахлыг нь шувтарч, буяныг нь арчиж байсан нь 1930-д онд Гэндэн Ерөнхий Сайд Оросын хаан Сталины сахлыг шувтарч гаансыг нь хуга цохин элдэж байсантай юутай адил сонсогдож эртний шүлэг мэт исгэрнэ вэ. Хабул хаанаас хойш өрнөсөн хэдэн үеийн хатуу ширүүн тэмцлийн эцэст бараг бололцоогүй байсан гайхамшиг биелж Нэгдсэн Монгол Улс байгуулагдсан. Өнөөдөр ч бид Гэндэнгээс хойш хэдэн үеийн дараа боломжгүй шахам нөхцөлд тусгаар улс болчихоод хөгжин мандах бололцооны өмнө түгшин зогсож байна. Гэхдээ бас л харилцан заамдалцаж, харилцан зөрөлдсөөр ирээдүй гэх их хаалганы өмнө амьсгаадан зогсоно.
Гэхдээ би өнөөдөрийн энэ тэмцэл “Нууц Товчоо”-нд дүрслэгдсэн тэмцлийн адил ааг омог, хүч чадал нь багтаж ядан босож ирж байгаа шинэ залуу их сэргэн мандалын өмнөх үзүэгдэл байх гэж өөдрөгөөр итгэхийг хүснэ. Яг л мэө 207 он, 1206 он мэт. Хөрш улсууддаа хэн нь түрүүлж очиж хов хэлэн урвах вэ гэсэн уралдаан ноёдын дунд өрнөж хөршүүдийн төлөөний хүмүүс төр барьж эхэлбэл харин тэр итгэл минь бөхөх болно. Гэхдээ эртний Монгол угсаатныг Тэнгэр ивээж өнгөрсөн 300 жилийн мөхөх устахдаа тулсан гутамшигт түүхээ үл мартан санаж, шинэ мандал бадралыг авчирах мэргэн баатар эрс нь Төрөө тулалцах цаг ирсэн гэж найднам.
Европод Англи Францын хооронд 100 жилийн дайн өрнөж Жанна де Аркийн домог төрж байв. Христийн шашныхан түүнээс илүү хэдэн зуун жилийн турш одоогийн Ойрх Дорнодын лал арабуудтай дараа нь Өмнөд Европ, Балканы хойгийн эргэн тойронд түрэгийн Османы Эзэнт гүрэнтэй байлдаж байлаа. Тэр ч бүү хэл хэдэн мянганыг дамнасан Изреаль Паластины сөргөлдөөн байсан ч гэсэн дундаа бас мянга мянган жил завсарлаж байсан. Газар дэлхий дээр ганц л фронт дээр, Цагаан Хэрмийн фронт дээр л, түүхэнд бичигдэж үлдсэнээрээ дор хаяж 4000 жил үргэлжилсэн агуу их тулаан: Монгол – Хятад хоёр угсаатаны хооронд өрнөсөн. Өнөөдөр амьсгаа даран түр зуур завсарлаад байна. Энэ агуу их тулаан зарим үед цэрэг геополитикийн урлаг, зарим үед технологи эдийн засгийн уралдаан, зарим үед дипломат сэтгэлзүйн дайн, зарим үед бүр гүн ухаан шашны өрсөлдөөн хэлбэрээр өрнөж байсан ч хэзээ ч бүр зогсох шийдэлд хүрч байсангүй.
Өнөөдөр бид их л мундаг том улстөр, эдийн засгийн зорилтуудыг шийдэж, өвөр зуураа овоо том тоос гартал ноцолдож байгаа мэт санагдавч тун ойрын ирээдүйд, ердөө л бидний үр хүүхэд нийгмээ удирдаж эхлэх үед тэд ямар эртний, ямар агуу том сорилтой дахин учрахыг төсөөлж ч чадахгүй байна. Үр хүүхэд минь ирэх 20-30 жилийн дотор эртний монгол угсааны үе үеийн мэргэд, баатруудад мэө207 онд, мэ 107 онд, 555 онд, 885 онд, 1162 онд, 1269 онд, 1368 онд, 1381 онд,1425онд, 1624 онд, 1691 онд, 1755 онд, 1911 онд, 1920 онд, 1945 онд, 1962 онд, 1990 онд тулгарч байсан: боол болох уу? газрын хөрс, дэлхийн түүхнээс арчигдан устах уу? ялан дийлж амьд үлдэх үү? гэсэн аймшигт сонголт сорилтын өмнө тулж шийдвэр гаргах магадлал асар өндөр байна. Үр хүүхэд минь, гэхдээ алс ирээдүйн биш ердөө л яг бидний үр хүүхэд тэр сорилтыг даван туулж, амьд үлдэн ялж омог бардам амьдарахад зөвхөн тэдний үеийн тэр ирээдүй цагийн улс төр эдийн засгийн шийдүүд, эр зориг ухаан биш бидний үеийнхний ухаан, ухаалаг алхмууд ч шийдвэрлэх үүрэгтэй байх болов уу. Өнөөдөр л, энэ жил, энэ ирэх жилүүдэд л бид монгол хүн маш сайн боловсролтой, хүчирхэг чадварлаг болох, Монгол Улс өндөр технологи эзэмшсэн хүчирхэг баян улс болох үндэсийг тавихгүй бол үр хүүхэд минь ялагдан, эдийн засаг оюун ухаанаараа боол болон амьдрах магадлал өндөрсөнө. Өнөөдрийн бидний тулга тойрсон, өмд оймс булаалдсан өчүүхэн хулгайчидийн мэт улстөр, эдийн засгийн алхамуудыг ойрхоны ирээдүй маань жигшин шоолж урвагч Бадамдорж, уршигт нялх Сэнгүм нар мэт үзэн ядах болно.
Аливаа түүх, нийгмийн том алдаа ганц мөчид хэн нэг хүний ганц удаагийн буруу алхамаас болдоггүй. Харин урт хугацааны турш шийдвэр гаргах төвшиний олон олон хүний бодлогогүй шийдвэрүүд цасан бөмбөлөг мэт улам улам нэмэгдэн томорсоор эцсийн хоромд түүхэн асар том үйл явдал болон дэлбэрдэг жамтай. Өнө эртний Монгол угсаатан дахин хүчирхэгжин босож ирэх хүчийг Мөнх Тэнгэр бидний үед ивээх болтугай.
Б.Болдсайхан эмч 2007 оны 9 сарын 17
No comments:
Post a Comment