Tuesday, October 16, 2007

Өвгөдөөс бидэнд...


Өвгөдөөс бидэнд дэндүү их эрдэнэсийн сан үлдээжээ. Асар уудам үзэсгэлэнт нутаг, эрх чөлөөтэй амьдрах дуртай удам угсаа, тансаг дээд соёлын өв өгсөн нь багадсан юм шиг Монгол нутаг даяар л нэг алт эрдэнэс хадгалж үлдээсэн байх юм. Баруун Алтайн Асгатад цул мөнгөн уул, Дорнын талд газрын тосон далай бас цайр, өмнийн Говьд эхлэл нь биш төгсгөл нь олдохгүй зовоож байгаа зэс нүүрс, хойд Хангайд нь алтыг зүгээр хаа сайгүй асгачихсан. Ядаж байхад бүгдийнх нь үнэ тэнгэрт хадаад л. Сайхан байнаа. Сайхан амьдрал ердөө л маргааш эхэлчих гээд л.

Ганцхан л асуудал байна. Тэр их баялгаа томхон шиг шанагаар хутгаж аваад мөнгөтэй нэгэнд хил гаргаад зарчих ганц асуудал. Залхуу хүн цавагтаа байгаа махандаа хүрч чадахгүй өлсөж үхдэг шиг яг өөрөө ухаад, шороо тоосноос нь салган зөөж тээгээд наймаа яриад явах гэсэн чинь бас бөөн залхуу. Тэгэхээр нь Эрдэнэт Асгатыг оросуудаар, Дорнодын тосыг хятадуудаар, цайраа хятадуудаар, Бороо гоулдыг канадуудаар ухуулаад зүгээр л мөнгөө аваад байя гэсэн чинь нөгөөдүүл чинь бас тэгж хүнд зүгээр зарагдаад монжуулж байдаг тэнэг хүмүүс бас арай биш юмаа. Харин ч маньд үлдэгдэл хаягдалыг нь үлдээгээд хуу хамаад аваад явчих шинжтэй. Тэгэх тусмаа бидэн шиг ажил хийлгүй, олсон мөнгөнөөс нь өрөм хамах санаатай, өрөм хамах хууль журмаа ч залхуураад олигтой хийж, хэрэгжилтийг нь хянахаас залхуурдаг хүмүүсийг тэд харин ч амархан хуурчихаж болмоор тэнэг амьтад, эсвэл ганц нэг даргыг нь аргалчихаж болдог хөөрхийс гэж үзээд хөнгөхөөн дөрлөчих юм.

Тэгэхээр нь Оюу Толгой дээрээ нилээн чангарч үзэж байнаа. Зайл та нар муусайн гадаадууд канадууд, Монголын Говьд 1500 метрийн гүнд байгаа 2 том алттай зэстэй чулуугаа өөрсдөө ухаж аваад, бүр хайлуулаад утас мутас болгоод зарчихая гэж агсамнаад л. Харин энэ удаа эз таарч хамтрагч маань бидний мэдээгүй байсан тэр 2 чулууг анх олж нээчихсэн, дэлхий тойроод ийм ажил хийгээд газар газрын түмэн амьтантай хамтарч амьдарч сурчихсан их гарын том эр байх нь тэр. Бүх ашгийн 55%-г нь өгнө ч гэх шиг. Гэхдээ бас жоохон но байнаа. Хувьцааны 51%-г биш зөвхөн 34%-г өгнө гэж хатуураад л, элдэв хөнгөлөлт нэхээд л манай муусайн компаниудаас ч доош ороод л, бүр хамгийн сэжигтэй нь зөвхөн 2 том чулуундаа биш бараг л Монголын бүх өмнийн говьд байгаа лицензитэй талбайдаа ийм хөнгөлөлт эдлэх 60 жилийн эрх авна гээд л. Гэхдээ ганц нэг ийм давралтыг нь дарчихвал дажгүй хамтрагч байж магадгүй. Тэгээд бид ямар өөрсдөө ухалтай биш, ухая ч гэсэн тэр шанага манага нь хэдэн тэрбум доллар гэлцэх юм. Ая эвээ олж байгаад өөрсдөдөө ашигтай наймаа ганц удаа хийгээд үзчихвэл ч аз хүүгээр ёоз хүү цохиноо гэж.

Тэгсэн чинь харин нэг сонин юм болж байнаа. Бид уул нь дандаа л бусдыг царайчилж ажлаа хийлгээд өгснийг нь авч сурчихсан улс. Гэтэл хэдэн монгол гарч ирээд Таван Толгой шиг том төслөө өөрсдөө авч яваад, ажлаа хийгээд хүний өгснийг биш харин хүссэн ашгаа олж чадна гэж ярьж эхэллээ. Бүр дэлхийн хэмжээний том компани BHP-н голсон лицензийг олж аваад, төлбөрийг нь хийгээд дарчихаж. Тэгээд ажиллана л гээд байх юм. Бид ч яахав сурсанаараа эхлээд Төрийн нэр барин далайлгаж байгаад дээрэмдэж аваад дараа нь аль нэг хятад орост өгч ажил хийлгээд бидэнд хариуд нь өгсөнийг нь шүүрч авсан нь дээр гэж үзээд нөгөө хэдэн монголоо зад загнаж, зандарч дарамталж эхлээд байна. Нөгөөдүүл ч ард түмэн, Төр гэсэн 2 үгнээс маш их айн хэлмэгдэж лав л 86%-г нь тавиад туучих шинжтэй. Сурсанаараа 100% найдвартай дээрэмдэж аваад орос ахдаа өгчихнө дөө гайгүй. Хэзээ насандаа монгол хүн нэг их ажил хийж гийгүүлж байлаа даа. Хэзээ ч үгүй. Чаддаг ч болохгүй.

Сайхан байнаа. Сайхан байна. Өвгөдөөс үлдээсэн жаал зугаа эрдэнэсийг хятад, орос, канадуудаар ухуулж хэдэн бор юм салгачихаад л дээшээ хараад гэдсээ илээд хэвтэж байх ч сайхан байна шүү. Сайхан амьдрал яг л маргааш эхэлчих гээд л сайхан байнаа. Өвгөдөөс бидэнд харин ажиллаж хөдөлмөрлөх чадварыг нь энэ хэдэн монголд л өвлүүлж үлдээсэнийг нь бид арай мэдээгүй яваа юм биш биз хө. Ер нь өвгөдөөс бидэнд өөр юу юу үлдээсэн юм бол? Арай хамтран ажил хийж амьдрах ухаан, тэвчээр зориг үлдээснийг нь бид мэдэхгүй байгаа юм биш биз? Өвгөдөөс бидэнд...

Б.Болдсайхан эмч 2007 оны 9 сарын 17

1 comment:

gegeen said...

bi bas ene garuudiin talaar, BHP Billitonii tuhai www.gegeen.com deer baahan bichiv dee. like u-r sense of humour