Аливаа төр, засгийн үүрэг бол тухайн орны нийгмийн баялаг, бүх төрлийн нөөцийг хамгийн оновчтой хуваарилах замаар нийгмийн сайн сайханд хүргэх бодит алхам хийхэд оршино. Шинэ төр, засаг энэ үүргээ биелүүлэх эсэх нь одооноос эргэлзээтэй. Муу дээрээ улцан гэдэг шиг саяхан болсон орон нутгийн сонгууль монгол төрийн ажлыг холион бантан болгож орхилоо. Одоо болтол дуусаагүй байгаа албан тушаалын алалдаан улам гаарахаас биш намдахгүй нь дэндүү ойлгомжтой байна.
Сүүлийн арваад жил хуримтлагдсаар одоо хүрээд буй улс төр – нийгмийн хачин замбараагүй нөхцөл байдал нь энэ Засгийн газрыг төдийгүй ерөөс Монголын төрийн байгууламжийг үлэмж дорой болгож байна. Олон жилийн турш аливаа юмыг танай манай, хар, цагаан, үнэн худал гэх үзэл, үйлдлээс уламжлан Монголын төр ихээхэн эмзэг болж, тодорхой ажил хийх, тодорхой үр дүнд хүрэх чадваргүй боллоо.
Энэ нөхцөлд Их Хурал, Засгийн газраа байгуулж, сайд дарга нараа томилоод, түүний мөрийн хөтөлбөрөө гаргачихвал бүх зүйл болчих мэт ойлговол их эндүүрэл болно. Монгол орны хөгжил дэвшил бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр хуваасан дөрөв дөрвөн жилийн хэрчмээр хязгаарлагдах ёсгүй. Би улс орон, үндэстний өмнө сүүлийн арав гаруй жилийн туршид хуримтлагдаж, зайлшгүй шийдвэрлэх ёстой болоод буй зангилаа асуудлуудад олон түмний анхаарлыг хандуулахыг хүсч байна. Энэ асуудлыг нийт даяараа ул суурьтай, илэн далангүй ярилцах цаг хугацаа нийгмийн бодит шаардлага бий болсонд гол учир нь байгаа юм.
Яагаад гэвэл УИХ – ын болон орон нутгийн сонгуулийн өмнө болон өрнөл, төгсгөл болон үр дүнтэй холбогдон үүссэн олон асуудлууд нь ингэхийг зайлшгүй шаардаж байгаад оршино.
Яагаад гэвэл эрх мэдэл, суудал авахын төлөө улайрсан тэмцэл нь Монгол Улсын албан ёсны төрийн институтууд болон үндсэн хоёр нам, тэдгээрийн бүлэглэлийн бодит улс төрийн бодлогын хооронд асар их зөрүү гарч Yндсэн Хуулийн суурь үндсийг эрх зүй, үзэл баримтлалын бүхий л хүрээгээр нь ганхуулж байна.
Ийм аюултай нөхцөл байдлыг байдлыг одоо л зориг гарган задлан шинжилж, гарах арга замыг эс тодорхойлох аваас Монгол Улс системийн хямралаас гарч чадахгүй юм.
Монгол орноо өрнөсөн ардчилал шинэчлэл арав гаруй жилийн нүүр үзлээ. Энэ үйл явц ихээхэн зөрчилтэй явагдаж, амжилтаасаа асар давсан үй олон гажуудлыг бий болгожээ.
Одоо Монгол Улсад ардчилсан Yндсэн Хуулиас эхлээд ардчилсан сонгуулийн систем бүхий нийтийн эрх байна. Манайд чөлөөт худалдаа, үнэ бүрдэлт, зах зээлийн харилцаа, бүрэн либералжсан гадаад худалдаа, чөлөөт валютын систем байна. Хэдий их маргаан будлиантай байсан боловч өмч хувьчлалыг хийж бараглан чөлөөт худалдаа эрхлэгчид, хувийн өмчтөнүүд хөгжиж, олон тооны бөөний болон жижиглэнгийн худалдааны сүлжээ бий болж, хувийн банк, пүүс кампаниуд, даатгалын болон хөрөнгийн бирж хөдөлмөрийн товчоод ажиллаж байна. Энэ бүгдийг мэдээж хэрэг зах зээлийн эдийн засгийн бүтэц, институтууд гэж хэлэхээс өөр аргагүй юм. Yүний дээр үг хэлэх эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо зэрэг ардчиллын бусад олон зүйлсийг нэмэн дурдаж болно Энэ бүхэн нь чамлахааргүй ололт мөнөөс мөн. Гэхдээ энэ амжилтын цаана төр, нийгмийг боомилогч нийтийн гамшиг бий болоод удаж байна. .
Миний ойлгож байгаагаар дээр дурдсан эерэг бүхэн нь бараг буюу дийлэнхи тохиолдолд ардчилал хөгжсөн болон хөгжүүлж буй орнуудынхаас тэс өөр мөн чанар, аргаар хөгжиж ихээхэн сөрөг үр дагавар төрүүлж байна. Монгол улс системийн хямралд орж, феодалын маягийн тогтолцоотой болоод байна. Иргэний нийгэм хэмээх зүйл оргүй шахам болжээ.
Энд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг зэрэг хүн бүхний мэдэх асуудлаас гадна ерөөс нийгмийн үнэлэмж, эрхэмлэл, ёс суртахуун, нийгэмшил, хүмүүжил , харилцамжийн асуудлыг бүхэлд нь хөндөх шаардлагатай. Нийгэм томоохон шилжилт хийхэд эмх замбараагүй явдал гардаг нь зүй тогтол билээ. Гэхдээ арав гаруй жил сайн сайхан ардчилсан замаар замнасаар атал энэ бүхэн арилах нь байтугай улам бүр нийгмийг тамирдуулан боомилж байгаагийн учир юу вэ ?
Энэ бүхэнд олон хариулт өгч болох боловч хамгийн гол буруутан нь төр өөрөө болж байна. Бид хөгжингүй орнуудын жишгээр байгуулсан төрийн байгууламжаа үр ашигтай ажиллуулж чадахгүй байна. Бид дарангуй дэглэмтэй улс болоход ганц хуруу дутуу байна.
Манай Улсыг Мянганы сорилтын дансанд оруулах, тусламж үзүүлэх үед АНУ болон олон улсын байгууллагуудаас тавьсаар ирсэн гол шаардлага нь төрийн ил тод байдлыг хангах, авилгалтай тэмцэх явдал байсныг одоо ард түмнээс нуугаад байх шаардлага байхгүй юм.
Төр болон төрийн байгууллагууд нь шийдвэрээ ард түмнээсээ далдуур гаргадаг, авилгалд идэгдсэн байвал тэрбээр сайн ажиллах ямар ч үндэс байхгүй. Энэ бүхэн нь төрийн бодлогын шинжлэх ухаанч чанар алдагдсан, боловсон хүчний бодлого замбараагүйдсэн, төрийн удирдлагын арга барил бүдүүлэгжсэн зэрэг бодлогын болон үйл ажиллагааны асар олон алдаатай холбоотой.
Энэ талаар би анх удаа яриад байгаа юм биш. Ардчилал, ардчиллын бодлого нь эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөөлөл, тэр ч байтугай ноёрхлын хэрэгсэл болсоор удаж байна. Энэ бүлэглэлүүдийн амьдрах арга нь төрийн бүхий л төрлийн нөөц бололцоог ( ресурс ) ашиглахтай холбоотой.
Улс төрийн бүлэглэлүүдийн арчаагүй харалган шинж, улс төрийн бат бэх нэгдэл үүсгэх чадваргүй байдлаас уламжлан нам – улс төрийн холбоодод дулдуйдсан эдийн засгийн ашиг сонирхлын бүлгүүд дэндүү дураараа дургиж байна. Манай улс төр эдийн засгийн сонирхлын шууд объект болчихжээ. Манай төр болон төрийн албан тушаал нь бизнесийн шууд хэрэгсэл мөн.
Улс төрийн зөрчил нь жүжигчлэл, улс төрийн нөхцөл байдлын хурцдал нь тоглолтын шинж чанартай болж байна. Энэ байдал нь зарим хүмүүст улс төрийн байр сууриа авран хамгаалах, зарим хүмүүст өөртөө ашигтай шийдвэр гаргах хэрэгсэл төдий зүйл болон хувирч байна. Манай улс төр эрх мэдлийн төлөө улангасал болон хувирч байна. Энэ бүхэн улс төрийн нам гэгчээр халхлагдаж байна.
Монгол Улсад далд эдийн засаг үүсээд нэлээд удаж байгаа бол далд улс төр үүсээд мөн төдий удаж байна. Улс төрийн намын бүтэц, нийгмийн хяналтаас гадуур далд, нууц шийдвэр гаргах зуршил нь улс төрийн нөлөөллийн нэн явцуу бүлгүүдийг төрүүлж байна. Yүний тодорхой жишээ нь Yндсэн Хууль болон бусад тулгуур хуулийг алхам тутам, үйлдэл бүртээ алгасах буюу үл тоомсорлон нэн явцуу хүрээнд улс төрийн шийдвэрийг зөвшилцөл нэрээр гаргаж буй явдал болно. Энэ байдал улс төрийн хүрээний жирийн үзэгдэл болоод удаж байна.
Ард түмний сонгож байгуулсан албан ёсны, хууль ёсны төр засаг сонгуулийн тогтолцоо, улс төрийн намууд, парламент, засгийн газар, улмаар төрийн удирдлага, түүний үр нөлөөний системийн гажиг зэрэг олон жил хуримлагдан тулгамдсан суурь асуудлуудыг монголын төр бараг орхиж, оргүй мартсанаараа өөрийнхөө үүргийг бараг биелүүлж чадахааргүй болжээ. Ийм нөхцөлд явцуу бүлгийн хүрээнд шийдвэр гаргах нь нь дэндүү аюултай хэрэг болон хувирч байна. Зөвшилцөл хэмээх шинэ маягийн хуйвалдаан нь Монгол төрийг шууд тамирдуулан доройтуулж байна.
Монгол Улсад УИХ – ын сонгууль болж өнгөрөөд даруй таван сарын нүүр үзлээ. Саяхан орон нутгийн сонгууль хэмээх жүжиг болж өнгөрөв. Энэ нь орон нутагт шинэ тутам бий болсон феодалын засаглал хүчээ ихэд авсныг тод харуулж байна. Сонгуулиудын үеэр болж өнгөрсөн үйл явдлууд нь манай улс төр болон улс төрчид хууль ёсыг үл тоомсорлохоос хэдийнээ хэтрээд одоо бүр ёс суртахуун, үйлдэл, хариуцлагаа умартаж, улс төрийн хүрээ зааг гээч юм огт байхгүй зэрлэг дүрмээр тоглох болсныг харуулж байна. Тэд ард түмнийг шууд хууран мэхлэгчид болон хувирсан байна.
Манайд улс төрийн намуудын бүрэн дампуурал болоод удаж байна. Манай улс төрийн намууд зөвхөн толгой баячуудаас бүрдсэн, тэдний явцуу хүрээнд гаргасан шийдвэрээр хөдөлдөг хувийн компани төдий зүйл болон хувирчээ. Манай намуудын үзэл суртал, зохион байгуулалт, гишүүнчлэл, удирдлагын арга барил, парламентад суугаа гишүүдээ хянах чадвар зэрэг олон шинжүүдийг нягтлан үзвээс тэдгээрийг ардчилсан орны ардчилсан нам гэж нэрлэхэд ч түвэгтэй болж байна. Намууд олон түмний саналыг татах үзвэр үзүүлэн маягтай зүйл болон хувирчээ. Тэд саналын мэргэжлийн луйварчид болсон байна.
Иргэд маань хоёр том намыг хоёулаа адилхан луйварчин, дээрэмчдээс бүрддэг гэдгийг мэддэг болж. Тэд гарах гарцаа мэдэхгүй хэдий ч хилэгнэж байна. Монгол Улсад олон намын бодит байдал үнэн хэрэг дээрээ алга болоод удаж байна. Монголд одоо ганц ( МАХН ) нам, түүний аясаар хөдөлдөг атлаа өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэсэн жижиг жижиг наманцаруудын тогтолцоо л байна.
Түүгээр ч үл барам улс төрийн намуудын зааг ялгаа алга болж, дээд, дунд түвшиндээ уусан нэгдэж улс төрийн эрх баригч шинэ хүчин бүрэлдэж байна. Гэтэл олон түмэн урьдын адил хоёр нам өрсөлдөж байгаа мэт ойлгосон хэвээрээ байна. 2000 – 2004 онууд, түүнчлэн 2004 оны УИХ – ын сонгуулийн дараах үйл явцыг шинжилж үзэхэд манай оронд сөрөг хүчний институт гээч зүйл оргүй устжээ. Энэ нь манай улс төрийн намуудын байр суурийг үлэмж тодорхойгүй болгож байна.
Манайд нарийн тодорхойлсон стратегийн баримжаа бүрэн алга болж, улс төрийн үйлдлийнхээ үндэслэлийг үл тоомсорлох, үл хариуцах хандлага газар авсан нь түр зуурын зорилгыг баримжаалсан далд улс төр бий болох шимтэй хөрсийг бий болгож байна. Yүнээс улбаалан эрх мэдэл болон хувийн өмч хоёр нэгдэн нягтарч байна.
Сүүл хэрдээ төрийн бүхий л үүргүүдийг ( функци ) хувьчлах гэсэн шууд эрмэлзэл бий болж байна. Улс төрийн албан тушаал эрх мэдэл хуваарилсан байдал, үйл явцыг харахад ингэж дүгнэхээс өөр арга алга байна. Төрийн эрх мэдэл авна гэдэг нь тооцоо бодох, хувийн талаар баяжих, хийсэн гэмээсээ зугтах, байр суурь буюу статус – кво – гоо хадгалах хэрэгсэл болон хувираад байна. Монгол Улс нэгдмэл улс биш Монголын аймгуудын холбоо маягийн зарчмаар ажиллах болж Yндсэн Хуулийн зарчмууд үлэмж гажуудаж байна.
Yүнээс үүдэн манай төр хүч чадалгүй, чадвар муутай төр болон хувирчээ.. Энэхүү сульдаатай төр нь хотын маргиналь бүлэг, төрийн албан хаагч, сэхээтэн, тэтгэврийнхэн, хөдөөгийнхөн зэрэг нийгмийн бүхэл бүтэн бүлгүүдийн доройтлыг зогсоох чадваргүй байна. Монгол Улс сульдаатай, гажигтай төрөө эхэлж засахгүйгээр нийгэм – эдийн засгийн дорвитой өөрчлөлт хийх боломжгүй болчихоод байна
Энэ бүхнээс болж манай нийгэм ядарч байна. Олон түмний идэвхи, оролцоо эрс буурлаа. Оюун санааны мухардал, цөхрөлд олон нийт нэгэнт оржээ. Хүмүүс ердөө л өөрийнхөө аюулгүй байдлыг хангах гэж тэмүүлэх боллоо. Тэд төрдөө итгэхээ болж байна. Монгол хүн хаашаа харж, хэнд хандаж “Төрийн сүлд өршөө” гэж залбирахаа мэдэхээ больж.
Бид бие даасан тусгаар улс, бүрэн эрхт үндэстэн байя гэвэл дээр дурдсан системийн гажгуудыг засах ажлыг эхлэх ёстой. Ийм цаг нэгэнт болчихоод, нэн даруй шийдвэрлэхийг шаардаж байна. Одоо аядуу болон төвч байх боломж шавхагдаж байна.
Иймийн тулд Монголын төр үйл ажиллагаанд эрс өөрчлөлт хийх цаг нь болсон гэж би үзэж байна. Манай төр нэн түрүүнд юу хийх ёстой вэ ?
Yндэсний хөгжлийн үзэл хөтөлбөр. Энэ тулгуур баримт бичгийг гаргах шаардлагатайг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр жил гаруйн өмнө түүнийг боловсруулах тухай зарлиг гаргасан.. Гэтэл энэ баримт бичиг одоо болтол гараагүй байна. Монгол Улс ямар чиг баримжаагаар хөгжих талаар эрэгцүүлэн дүгнэсэн үндэсний хэмжээний баримт бичиг алга байна. Yүнээс болоод эрх мэдэл авахын тулд юу дуртайгаа амладаг, авсан хойноо үндэсний ач холбогдолтой шийдвэрийг дур зоргоороо гаргадаг практик манайд тогтоод удаж байна. Одоо бүр байчихаад засаг захиргааны өөрчлөлт хийх шийдвэрийг хэдхэн хүн хэдхэн хоногт гаргадаг болж байна. Манай улс төрчид газар хувьчлалыг 2 хоногт , мянганы замыг 5 хоногт, бүсчилсэн хөгжлийн асуудлыг 4 хоногт шийддэг дээд зэргийн мулгуунууд болон хувираад байна. Сүүлийн жилүүдэд төрийн болон намуудын түвшинд оюуны сэхээтнээ шахан зайлуулсны гор нь одоо гарч байна. Монголын төр шинжлэх ухааны үгийг сонсохоо огт байсан. Улс орноо хэрхэн, яаж хөгжүүлэх чиг баримжаагүй байж түүнийг хөгжүүлэх тухай ярих нь хоосон ам л болно. хүн бүр, нам бүр толгойдоо орсныг чалчиж байхын оронд шинжлэх ухааныг ашиглах зам руу ормоор байна.
Улс төрийн нам. Манайд улс төрийн намыг иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх гэж чөлөөтэй эвлэлдэн нэгдсэн байгууллага гэж одоо болтол үзсээр байна. Орчин үед энэ үндэслэл хэвээрээ байгаа боловч түүний салшгүй нөгөө тал болсон үндэслэл гараад олон арван жил болж байгааг анхаарахгүй байна.
Энэ бол орчин үеийн аль ч парламент, аль ч засгийн газар намуудаас бүрддэг, иймээс төрийг бүрдүүлж буй намууд нь өөрөө ардчилсан байх ёстой гэсэн зарчим болно. Дэлхий нийтээр даган мөрдөх болж буй энэ үзэл баримтлалын дагуу боловсруулсан “Улс төрийн намуудын тухай” хуулийг Ерөнхийлөгч өнгөрсөн жил УИХ – д өргөн барьсан. Энэ хууль одоо болтол гараагүй байна. Улс төрийн намуудын үйл ажиллагаа, ялангуяа сонгуулийн үеийн хөрөнгө санхүү, зохион байгуулалт зэргийг төр, иргэний нийгмийн зүгээс хянахгүй юм бол улс төр нь тоглоом болдог аж. Ямар ч гэсэн манайд зүүний нам байхгүй болоод удаж байна. Манай улс төрийн бүх намууд шинэ хөрөнгөтний намууд мөн. Өөрөөр хэлбэл ард түмний төлөө ажиллах намгүй байхгүй болоод байна.
Улс төрийн намуудаа шинэчлэхгүйгээр бид нэг ч алхам урагшилж болохооргүй тийм заагт тулж ирээд байна.
Ний нуугүй хэлэхэд МАХН 1996 оноос хэт хуучинсаг, дарангуйллын систем болон хувирснаараа Монгол орны хөгжилд үлэмж хортой нөлөө үзүүлэх болж байна. МАХН шийдвэр гаргадаг цөөн тооны удирдагчид, тэдний төлөө саналаа өгч, дарга нараасаа албан тушаал болон бас бус зүйл горьддог, айдаг фанатик хүмүүсээс зонхилон бүрдэх болжээ.
АН – ын дотор ч гэсэн анархи байдал бүрэн ноёрхож, бие биенээ дэгээдэн унагах донтой бөгөөд мэргэшсэн жижиг бүлгүүдэд хуваагдаж, улс төрийн баримжаа, утга учраа бүрэн алджээ. Энэ хоёрын завсарт нэн тодорхой бүлэг улс төрийн тоглолт хийж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зуршилтай болж байна. Түүгээр ч үл барам АН – ын нэн тодорхой бүлэг, хэсгүүд МАХН – тай олон жилийн турш нэг нам мэт хамтран ажилласаар ирсэн бөгөөд одоо ч нягт хамтран ажиллаж байна. Эндээс МАХН болон АН хоёр зарчмын ялгаагүй гэж дүгнэж болно.
Энэ бүлгүүд намын нэрээр тоглож байгааг харуулж байна. Иймээс улс төрийн намуудын хуулийг шинэ нөхцөлд нийцүүлэн нэн даруй гаргах нь зайлшгүй болоод байна. Өөрөөр хэлбэл намууд ардчилсан байх хэм хэмжээг төрийн хуулиар зааж өгөх хэрэгтэй болоод байна. Манайд нам нэртэй явцуу бүлгүүд биш, харин шинэ бөгөөд жинхэнэ намууд хэрэгтэй болжээ. Аль аль намд нь эрүүл саруулаар сэтгэдэг хүмүүс цөөнгүй байгаа гэдэгт би гүн итгэж байна.
Сонгууль. Сонгууль болон түүнтэй холбоотой хуулиуд өнөөгийн нийгмийн шаардлагаас үлэмж хоцрогдсон гэдгийг бид саяхан хоёр удаа биеэрээ амслаа. Сонгуулийн тухай яримагц сонгуулийн систем яриад эхэлдэг. Одоо бага сургуулийн хүүхэд хүртэл мажаритор, пропорционал, холимог систем гэж ярих шахаж байна. Сонгуулийн систем гэдэг бол санал авах тоолох, суудал хуваарилах системээс хавьгүй өргөн ойлголт гэдгийг бид ухаарах ёстой.
Миний бодож байгаагаар иргэдийн бүртгэл мэдээллээс эхлээд сонгууль зохион байгуулах, хяналт тавих, Сонгуулийн ерөнхий хороо болон түүний эрх, шийдвэр гаргах үйл ажиллагаа зэрэг бараг бүх зүйлд дутагдал согог байна. СЕХ болон ХЭYК зэрэг байгууллагуудад хуулийн эрх мэдэл алга байна. Энэ бол онол, систем яриад, яаж ялах тухай тоо бодоод байх асуудал биш, ард түмний хувь заяа, тэдний Yндсэн Хуульд заасан эрх, эрх чөлөөтэй холбоо бүхий үлэмж ноцтой асуудал мөн.
Сонгуулийн шинэ хууль гарган үй түмэн булхай хийдэг түгээмэл практикийг хаах талаар бид тууштай тэмцэх ёстой. Эс чингэх аваас бид мянган сайхан сонгууль явуулаад, мянган сайхан засгийн газар байгуулаад ямар ч нэмэргүй юм. Саяхны сонгуулиудаар бүх намууд адилхан луйвар хийсэн нь үүнийг нотолно. Ардчиллын амин сүнс болсон хүний сонгох, сонгогдох эрхийг алхам тутамдаа зөрчиж байж ардчиллын тухай ярих ч боломж байхгүй юм.
Авилгалтай тэмцэх. Авилгал манай нийгмийн ердийн үзэгдэл болон хувираад байна. Саяхан “Социологийн Академи” судалгааны төвөөс хийсэн судалгаагаар манай авилгалын индекс буюу түүнд бохирдсон хэмжээ 74 хувь болсон нь үнэхээр сэтгэл түгшээх үзүүлэлт мөн. Энэ талаар олон жил ярьж байгаа боловч тодорхой хийсэн ажил огт байхгүй байна. Авилгал нь ДНБ – ий 30 – 40 хувьд хүрч байна. Манай төрийн албан хаагчдын дийлэнхи нь шууд авилгалчид, эсвэл албан тушаалын гэмт хэрэгтнүүд болон хувираад байна. Энэ нь манайд түгээд буй далд улс төр гэгч бохир зүйл дэлгэрэх шимтэй хөрс болж байна. Олон түмний дунд ярьдгаар “идэж уух“ гэж, өөрөөр хэлбэл авилгал авах гэж улс төрд орох нь түгээмэл боллоо. Авилгалтай тэмцэхгүйгээр бид нэг ч алхам урагшилж чадахгүй бөгөөд энэ бол бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн
Төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, арга барилыг өөрчлөх . Онолын хувьд төр иргэдэд 800 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэдэг. Энэ нь хэвлийд буй хүүхдийг эмч хяналтад авахаас эхлээд тодорхой хүн нас эцэслэхэд газар, тэтгэмж олгох хүртэлх хүний амьдралын бүхий л үеийг хамардаг. Манай төр болон төрийн байгууллагууд эсвэл ийм үйлчилгээ үзүүлэхгүй, эсвэл авилгал авч, эсвэл ихээхэн хүнд суртал чирэгдэл болж байж үзүүлдэг жирийн явдал болжээ. Энэ байдал нь төрд итгэх олон түмний итгэлийг үлэмж алдруулж байна. Нийгмийн хамгаалал, нийгмийн халамж гээч зүйлийг монголын төр ор тас мартсан. Ингэснээрээ манай төр ард түмний эсрэг хүч болсон.
Хуулиа өөрөө зөрчдөг албан хаагчидтай байхад төрийн ажил сайн байх ямар ч учиргүй. Түүнчлэн манай бүх шатны төрийн байгууллагын ажлын арга барил үлэмж хоцрогдоод байна. Дэлхийн аль ч улсад олон жилийн турш ард түмэнтэйгээ харьцаад тогтчихсон ажлын арга барил гэж бий. Иргэдэд хүнд суртал гаргах, хөшүүн хойрго хандах, авилга авах, чирэгдүүлэх, дураараа аашлах зэрэг есөн шидийн арчаагүй арга барил манайд ноёрхож байна. Феодалын болон социализмын үеийн дарангуй арга барилаас бид тууштай салах цаг болоод байна. Саяхан болсон орон нутгийн сонгуулиар МАХН ялсан биш, орон нутгийн феодалын дарангуйлал тогтлоо. Энэ нь төрийн удирдлага, санхүүжилтийн чиглэлээр болон арга барилыг өөрчлөн шинэчлэх талаар багц арга хэмжээ авахыг шаардаж байна.
Иргэний нийгмийг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх. Бид Yндсэн Хуулиндаа заасан хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм цогцлуулах үүргээ бараг умартсан гэхэд хилсдэхгүй. Иргэний нийгмийг дээрээс заавар тушаалаар байгуулж болохгүйг би ойлгож байна. Гэхдээ манай орны түүхэн онцлог болон менталитетын зарим шинжийг харгалзан Монголын төр иргэний нийгмийг шууд байгуулах зорилт тавьдаггүй юмаа гэхэд түүнийг хөгжүүлэх, дэмжих, дөхөм үзүүлэх, тэтгэх талаар байнгын цогц арга хэмжээ авах ёстой.
Нийгмийн хамгааллын бодлого. Баян ядуугийн ялгарал ихсэж, олонхи нь мал шиг, цөөнх нь хэт тансаг амьдарч байна. Нийгмийн баялгийн хуваарилалт дэндүү шударга биш байна. Ядуу болон эмзэг бүлэгт хаягласан мөнгө, хөрөнгийг замаас нь баячууд шууд хулгайлж байна. Тэд зөвхөн үүний төлөө улс төр хийж байна гэхэд нэг их хилсдэхгүй. Миний бодлоор ядууралтай дайн зарлана гэдэг нь нийгмийн баялгаас төр болон төрийн албан тушаалтнууд хулгай хийхийг зогсооно гэсэн үг юм. Манай төр бүх төрлийн нийгмийн баялаг, гадаадын зээл тусламжаар арилжаа хийдэг бизнесийн байгууллага мөн. Чухам ийм болохоор нь төрд ажиллах гэж үхэн хатан зүтгэдэг болой. Yүнээс болж баян ядуугийн ялгаа хэт ихэсэн, Монголоос дүрвэсэн их нүүдэл ( миграци ) болж байна. Солонгос, Америк, Тайвань зэрэг орнуудад ажиллах хүч ихээр гарч байгаа нь хүмүүсийн амь зогоох нэгэн гол арга болж байна. Ийм маягаар удаан явбал Монголд монгол хүн үлдэхгүй байх. Миграцийг төр засгаас ихэд өөгшүүлж байгаа нь монголын төр, нийгэм задралд орсныг харуулах тод үзүүлэлт мөн. Иймээс бид нийгмийн баялгийг шударгаар хуваарилж, нийгмийн хамгааллын бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Yүнийг ардчилсан социализмын буюу зүүний гэгдэх намууд эхлэн хийх учиртай атал тэд шууд барууны бодлого явуулж байна.
Энэ бол зөвхөн миний бодол биш нийгмийн хөгжлийн шаардлага мөн. Эдгээрийг нэг амьсгаагаар шийдвэрлэх боломжгүй ч манай улсыг хөгжүүлье гэсэн чин сэтгэлийн үүднээс одооноос эхлэн хичээн оролдвол зохилтой. Ер нь аливаа ажил үйлсэд эхлээд сэтгэл, хүсэл зориг хэрэгтэй байдаг. Одоо ийм хүн, нам, хүчин бараг алга болоод байна. Гэхдээ олон түмэн нэгэнтээ энэ байдлыг ухамсарлаад эхэлжээ.
Дээрх асуудлын заримыг засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, нэлээдийг нь УИХ өөрийн хэлэлцэх асуудлын хүрээнд оруулах зайлшгүй шаардлагатай. Бид нэлээд асуудлыг төлөвлөгөөндөө тусгасан гэж өөдөөс хэлж магадгүй юм. Дурдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэдэг болохоос биш, энд тэндээс нь оочин цоочин оромдож ард түмнээ хуурах асуудал биш юм. Би Та нарыг дэндүү сайн мэддэг учраас эсвэл юу ч хийхгүй, эсвэл өөх ч биш, булчирхай ч биш болгочихоод Н. Энхбаяр шиг ичих нүүргүй рекламдвал хуурагдахгүй бөгөөд тэвчихгүй гэдгээ сануулж байна.
Ямар ч гэсэн энэ бол Монгол Yндэстний болон монгол төрийн хувь заяаны тулгамдсан асуудлууд болно. Гэхдээ энэ асуудлыг эрдэмтэн мэргэд, улс төрийн нам хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд, өргөн олон нийтээрээ зайлшгүй хэлэлцэж, гарах гарцыг олох ёстой.
Энд би хэн буруутай вэ гэдэг асуудлыг хөндөөгүй. Ингэх ч шаардлага байхгүй.. Энэ шинэчлэлийг одоогийн УИХ, Засгийн газар чадвал заавал хийх, ядвал заавал эхлүүлэх ёстой гэж би судлаачийн хувьд үзэж байна.
Yүнийг хийхээс зайлсхийсэн тэрхүү улс төрийн хүчин, улс төрчид нь монголын ард түмний язгуур ашиг сонирхлын эсрэг хар хүчин болох нь гарцаагүй юм. Би албан тушаал хөөцөлдөх, баяжих хөлжихөөс өөрийг мэдэхээ больчихсон хүмүүст нэг их найдахгүй байна. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэж, гэв гэнэт үүрэг хариуцлагаа ухаарч магадгүй гэж үүнийг тэрлэв.
Монголд гэнэн ардчиллын үе дуусч, чанарын цоо шинэ үе эхэлж байгааг одооноос ухаарвал зүгээрсэн. Манай улс төрчдийн ихэнхи нь амьдралаас үлэмж хоцрогдож, нийгмийг удирдан жолоодох чадвараа гээгээд байна. Тэд ард түмнээ мартаад орхиод удаж байгааг олон түмэн ухаарч байна. Ер нь эх орон, ард түмэн гэж цээжээ хоосон дэлдэхийн оронд тэднийгээ төлөө бодит ажил хийдэг төр бидэнд хэрэгтэй байна. Иймээс нийгмийг өөрчилье хэмээвээс эхлээд сульдаатай, тэнэг төрөө засах цаг нэгэнт болсон.
Одоо олон шалтгааны улмаас юм болгоны үнэ өснө, амьдрал гарцаагүй хүндэрнэ. Байдал ийм байхад ард түмнээ орхичихоод ажил, үүргээ мартчихдаг төр, намууд бидэнд огт хэрэггүй. Бас худал ярьдаг, гоё донгоддог төр бүр ч хэрэггүй.
Одоогийн төр засаг үүнийг эс эхлэвэл, мөн оромдож хийвэл шинэ зорилтыг хэрэгжүүлэх өөр арга зам зөндөө байдаг. Энэ бол сүрдүүлэг биш. Албан тушаалын тулалдаан, хэнээрхэл, баяжиж хөлжих дон, шунал, хуйвалдан бүлгэрхэх зуршил, дадал зэргээсээ болж манай дээдсийн оюуны сүв, билгийн мэлмий бараг хаагдаж байгаа учир системийн шинжилгээний энэхүү дүгнэлтийг ямар боловч өргөн олон монголчууддаа толилуулж байна.
Судлаач Д. Ганхуяг.
No comments:
Post a Comment