Бурхан ба лам
Найз ярьсан нь: «Анх энэ лам энэтхэгээс гарахдаа мөрөндөө ганц орхимжтой, сэтгэлдээ гагц Буддатай гарсан юм гэнэ лээ. Учир нь өглөгийн эзний өгснийг идээд, өөр зүйлд шуналгүй, буян номыг хурааж, бусдын нүглийг нимгэлэн, өөрийн ариуссан биеэр Бурханы зам мөрийг сүсэгтэн олонд хүргэх гэсэн аж. Гэтэл халуун дулаан газраас хүйтэн сэрүүн газар руу хойшлох тусам даарч хөрөн, сэтгэлийн хат нь суларч, бурханы сургаалаас гажин хувцас, эд агуурс энэ тэргүүтэнд дурлах болж. Тэгээд энэ дур, шуналаа зөвтгөхийн тулд өөрийн шунасан бүхэндээ шинээр бурхан бий болгож, "надад өгч байна гэдэг бурхдад өгч байна гэсэн үг" хэмээн ярих болж. Хувцасны бурхан, мөнгөний бурхан, дуу хуурын бурхан гээд, зохиосон бурхад нь хэд ч болсон юм, бүү мэд. Тэгээд л Монголчууд бид Буддагийн замаар бус ламын замаар, ламбугайн зохиосон бурхадад нь сүсэглэн амьдардаг болжээ».
Хоржоонтой энэ хошигнолын дараа итгэл үнэмшилээ би гээгээгүй ч, сүслэн мөргөх ламбугайгаа эргэж нэг харахыг хүссэн юм. Нээрээ бодсон, бид сэтгэлдээ хамгийн ариун гэж бодох сүм, хийдэд ороод хулгайн савраас айн халаас юугаа хямгадана. Хамгийн алагчлалгүй гэж итгэх номын дууг /сургаалийг/ сонсохдоо хураалгасан мөнгөөрөө ялгаварлуулна. Нигүүслийн дээд нь энэ хүн дээ гэж итгэсэн лам нь харин ч бүр надаасаа дор нэр төр хөөн, зарга зайлхай үүсгэнэ. Энэ чинь нэрээ бурханы сургаал мөн үү, тэд нээрээ бурханы шавь гэж үү? эргэлзэхэд хүрч байна шүү.
Уул номоороо бол, бурханы шавь гэдэг бусдын нүглийг уучилж энэрэн, өөрийн "Би"-г огоорсон, нэр хэмээдэггүй нэгэн байлтай. Гэтэл харин эсрэгээрээ сүсэгтэн олны буяныг өөрийнхөө өмч мэт үзэж, бурханы номын хүндийг умартан хувийн мэт аяглах энэ ламбугай нар сүүлдээ бүр нэр төрд шунан, эрх тушаалд санаархан улс төр хөөцөлдөж, шүүхээр хүртэл заалдан, сүсэгтэнээ гоочилж суух болж. Сүсэг бишрэлийг гутааж, итгэл үнэмшлийг эвдсэн ламбугай нарыг яах вэ. Өөртөө биш Буддадаа үнэнч байж, шаварт бус хүний сэтгэлд бурханаа үлдээ л дээ лам нар минь. Мунхаг миний бодвол "Бурханч" гэж бурханаа цаасан дээр бус хүний сэтгэлд бүтээдэг лам баймаар санагдах юм.
Гэтэл шүүхэд дуудагдан, ялд унах өвгөн сэтгүүлчийн сэтгэлд лав л "бурханч лам"-ын маань бүтээсэн бурхан үгүй болж байх шиг. Шавар бурхан зуурсанаа агуу гэж, ном сахилаа гээн, мунхагийг мунхагаар нь хүлээн авах сэтгэлгүй, өширхсөн бодлоор дорд хүнийг зүдгүүрт унагах нь гэгээрсэн хүний зан лав биш байх.
Тэвчихгүй үүнийг тэрлэн бичихийн учир нь ядаж би настай буурал ээждээ "өргөл болгосон зүйл нь өөр хэн нэгэнд буян болж буй" гэж хэлэх итгэлтэйгээ үлдэхийг хүссэнийх билээ.
Ардчилал ба ардчилагч
Харин "Ардчилал ба ардчилагч" гэхдээ өөрөө өөрийнхөө амьдралыг мэддэг иргэдтэй, эрх зүйд хязгаарлагдсан засагтай, чөлөөт сонголтоороо солилцоонд ордог зах зээлтэй тийм либерал нийгэм, улс төрийн "шударга хэвшил"-д итгэх өөрийн итгэлээ хадгалж үлдэхийг хүсэж байна.
Харамсалтай нь манай "ардчилагч нар" дээр өгүүлсэн ламын адил ардчиллыг монголд авчирахдаа сүнсийг нь гээгээд сүүдрийг нь авчирав бололтой. Тэд өөрсдийн дутуу боловсорсон толгойгоороо бүхнийг хэмжиж, барууныг зүүнтэй хольж, иргэнийг төрд сөхрүүлэн сүсэглүүлж, өөрсдийн увайгүй үйлдэл, ичгүүргүй явдлаараа ирээдүйг баллуурдаж байна. Үүгээр зогсохгүй дур зоргоо нийгэмд хууль болгон өргөмжлөж, шударга бизнесмэнийг ч "зах зээл, өрсөлдөөн гэдэг бол албан тушаалтнаар хамгаалуулсан дээрэм юм байна" гэж итгэх хүртэл галзуурцгааж байна.
Өнөөгийн нийгмийн асуудлуудыг онолын үндсэн дээр эрэгцүүлэхийг сонирхогч хэн ч гэсэн хувь хүнийг дээдлэн, түүний эрх чөлөөг эрх зүйт ёсоор хамгаалахгүйгээр ардчиллын сүнсийг гээсэн энэ ардчилагчдын галзуурал, төрийн этатист байдлыг мунхаглан сурталдагч коммунист улс төрчдөөс салж чадахгүй гэдгийг ойлгож буй биз.
Америкийн нэрт романч, нийтлэлч, философич Айн Рэндийн бичсэн лугаа адил одоо бид задран унаж буй холимог эдийн засаг, социалист схем, коммунист нөлөө, фашист хяналт, сонгуульт ардчилал зэрэг найрлага нь мэдэгдэхгүй хольц болсон бөгөөд энэ бөөгнөрсөн холион бантан нь эцэстээ "дарангуй төр" рүү л өнхөрч явна. Яагаад гэвэл, манай ардчилагчдын зэрэмдэглэн авчирсан үзэл санаа сүүлийн 15 жилд "романтик хортон" болж, иргэдэд улам бүр хоосролыг, эрх мэдэлтнүүдэд улам бүр ааг омгийг нэмэв. Үнэхээр ч ардчиллын тухай хий хоосон ид шид, ламбугайн бодь сэтгэл, социалистуудын үеэ өнгөрөөсөн халамжийн тогтолцоо, хамтач үзлийг өөр хооронд нь хольж хутган нийгэмд давамгайлуулбал түүний үр дагаварт нь фашист, коммунист гэх адил бүх нийтийн сайн сайхны төлөө нийгмийг инженерчилэхэд бэлэн бас нэг дур зоргын төр л үүснэ. Гэхдээ энэ төр ардчилсан гэх гоё үгээр өөрийгөө халхалснаараа л бусдаас ялгаатай байх болов уу.
Итгэл эвдсэн ардчилагчид сүүлийн жилүүдэд социалистуудтай зөвшилцөн, хууль бусаар гэхдээ бат бэхээр хамтран ажиллаад зогсохгүй тэд сар адил ганцхан талаараа, "бид бол ардчилагчид, ард түмнийхээ төлөө ажилладаг, шударга хүмүүс" гэсэн дүрээ бидэн рүү харуулахаас, нөгөө сүүдэрт талдаа юу байгааг харуулахыг хүсэхгүй, улам бүр хаалттай болсоор байгаа билээ. Бид хэрэв тэр талыг харж чадах аваас тэнд нь Айн Рэндийн нүдэнд өртсөнчлөн "өмхий самхай үнэртсэн зоорины хонгилоос санамсаргүйгээр зочдын өрөөнд хүргэгдсэн ч хоцрогдож гүйцсэн үлбэгэр дорой, харанхуй бүдүүлэг элит төдий юмнууд байгаа агаад, тэд өөрсдөө үүнийгээ мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй "гэрэл гэгээ, хууль ёс, ардчиллын бодит байдлаас" нуугдсаар байгаа авч ууж идэх, гувшуулж хулгайлахаа юманд бодохгүй ичих нүүргүй тэдгээр хүмүүс өөр хоорондоо уралцан, идээ цайллага зассан ширээ рүү дайрч байхыг" харах болно.
Гэхдээ тэд биднийг сарны нөгөө талыг хараагүй гэж найдаж байгаа. Харсан ч юу болж буйг ойлгох ухаангүй гэж бодож байгаа. Тийм болохоороо л тэд өөрсдөдөө ийм итгэлтэй байгаа юм. Яг л бүхнийг бүтээгч эзэн шиг. Тэд бүр бидний итгэл үнэмшилд ч эзэн суухыг санаархаж байна. "Би байхгүй бол ардчилал байхгүй" гэж хэлэх тэдний энэ үг эзний үг биш гэж үү. XIҮ Людовикийн "Би бол төр" гэснээс юугаараа ялгарч байгаа юм бэ.
Ер нь эрх баригчид идэж уугаад илбэ шидэнд суралцаж, иргэдийн өөрсдийнх нь юмыг өөрсдөд нь өглөг буян мэт тараагаад эхлэхээр ард иргэд ядуу, гуйланч байдлаа эзний хишиг, аз жаргал гэж харахад хүрдэг юм гэсэн. Би л хувьдаа тэдэнд илбэдүүлж, хоцрогдсон хэлбэр, зүүний үзэл, ядмаг тэчьеэлийнх нь олзонд боолчлогдож байгаагаа эрх чөлөөтэй байна гэж ярихыг хүсэхгүй байна. Улс төрчид нь боловсроогүйн төлөө өөрийнхөө мэдлэгт гэм нүгэл үүрч бас бусдын төлөө золиос болохыг ч хүсэхгүй байна. Бусдын өргөсөн золиосыг ч хүлээн авахыг хүсэхгүй байна.
"Шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно" гэсэн үг бий. Монголд өнөөдөр энэ дүр зураг их л тод харагдаж байгаа. Шударга чанар, шударга юм гэж энэ улс оронд үгүй болж. Олон түмэн аливааг сонсож мэдэх дур хүсэл ч үгүй болж. Эвэртэн туурайтнуудын бүх үйлдлийг "идэж ууж, завшиж хулгайлж байна" гэдгээр л ойлгож, тайлбарлахыг хүсэх боллоо. Үнэхээр ч ардчилал нь хуурмаг плюрализмын шинж олж, өнгөц, дутуу дулимаг, зарим талаар коммунизмтай эрлийзжсэн, хүнлэг бус нийгмийг авчирч байгаа нь үнэн. Хууль нь дээрээ хэрэгждэггүй, доошоо хэрэгжихдээ чанга хатуу, гэхдээ иргэний эрх ашиг, шударга ёсыг алдагдуулах нь гэм бус зан болсон нь ч үнэн.
Ардчилагчдын бодож буйчлан ардчилал, шударга чанар гэдэг "би ардчилсан шударга хүн гэж цээжээ дэлдэн, хууль ёс ярих төдийд илэрдэг" гэвэл тун том эндүүрэл шүү. Хөгжил дэвшилд удирдагчийн сайхан үг, гэгээрсэн шинжтэй царай хоёроор хүрээд байдаг ч юм биш. Эрх мэдлийг байнга хуйвалдааны замаар хадгалаад, ардчилсан нэрээр дарангуйлаад байх боломж ардчиллыг мэдэрсэн нийгэмд хомс. Тэр дундаа өөрийн хувийн ойлголт, үзэл бодлыг амьдралынхаа чухал зүйл гэдэгт итгэж, сайн сайхан, амжилт, бие даасан байдлаа хадгалахыг хүсдэг, өөрийнхөө төлөө санаа тавьж, сонгосон ажлаараа бусадтай шударга өрсөлддөг иргэд олон байгаа газар бүрч хомс. Яагаад гэвэл тэр иргэд улс төр гэдэг ажлыг ч сонгож, бас та бүхэнтэй өрсөлдөж чадна. "Зарим нэг азарган танхиа өөрсдийгөө донгодохоор нарыг мандаж байна гэж бодоцгоодог" гэгчлэн "Ардчилагчид бид байвал ардчилал монголд байна", "лидер нь бид, улс төр угаасаа л ийм байдаг" гэж бодож болохгүй л болов уу.
Ардчиллын хамгийн ядмаг илэрхийлэл шууд ардчилалд байдаг гэдэг ч ард түмнийг ардчиллын энэ ядмаг илэрхийлэлд найдан хоцрох хүртэл эрхтэн дархтнууд ардчиллаар тоглон, албан тушаалын панз үсэргэж, бизнесийн мафижсан бүлгүүд нь олон түмний нүдэн дээр нийгмийн баялгийг ил цагаанаар хулгайлан дээрэмдэж байна. Монголд тэдэнд үйлчилдэг хууль ёс ч гэж алга. Хичнээн ядмаг ч гэсэн ард түмэн эрхээ өөрөө өөрсдөө эдлэхээс өөр аргагүйд хүрч байна шүү.
Эцэст нь хэлэхэд хувь хүний эрх чөлөөний "автор" Айн Рэндийн Атлантын мөр хэрхэн тэнийснийг уншиж, ардчилалд холилдсон социалист бодлоосоо салахад илүүдэхгүй улс төрчид ардчилагчид дунд олон байна. Ийм улс төрчид МАХН-д бүр ч олон байгаа гэдгийг би мэдэж байгаа ч хуучин коммунист арга барил, социалист эмгэгээсээ салж чадахгүй, дээр нь албан тушаалтны нам болчихоод, намын олон түмнээсээ тасарчихаад байгаа тэд биш тэр замыг нь дагаад гүйж яваа, гэхдээ хууль ёс, хариуцлагыг нь зэрэмдэглэсэн ч гэлээ ардчиллын салхийг монголд эхлүүлж, үзэл санааг нь авчрахыг оролдсон "ардчилагчид" Та бүхэнд эдгээр үгийг зориуллаа.
Коммунистуудад үг зориулах ч хэрэггүй ээ.
Тэмүжин
No comments:
Post a Comment