Wednesday, November 28, 2007

Итгэл хамгийн сүүлд үхдэг


Лам нарын ёс суртахууны асуудлаар гэнэтхэн ийнхүү дуугарсан нь итгэл сүсгээ таягдсаных бус харин ч аврал итгэлтэйгээ үлдэх гэснийх билээ.

Нийгэмд бие хүн бүхэн хүлээх үүрэгтэй, үүрэх хариуцлагатай байдагчлан бусдын төлөө ажиллаж хөдөлмөрлөж яваа л бол тухайн хүн, эсвэл хамт олон зорилгоо ухамсарлаж хариуцлагатай хандах ёстой. Бурхан шашны үйлийг хэдийгээр хувь чанартай гэх боловч энэ нь хүний сайн сайхны төлөө гэдэг утгаараа нийгмийн амьдралын зайлшгүй нэгэн чухал хэсэг болж байдаг. Ардчилсан Монгол улсын иргэнд дуртай шашнаа сонгон шүтэх эрх нь хуульчлагдчихсан. Өнөөдөр манай улсад шашны нөлөө бүхий олон урсгал нэгэнт визгүй нэвтэрч, манайхан ч эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй итгэж биширцгээсэн. Харин энэ бүхний эцэст далд нэгэн түгшүүр сэтгэл хөндөж эхэллээ.

Оюуны болоод соёл түүхийн асар их өвтэй хүчирхэг дуудсийн удам хэт итгэлийн сохор шуурганд уруудаж илт доромж авирыг ч нүдээ анин "нирваан дүр эсгэж" өнгөрүүлэх болов. Энд бурхан шашныг үгүйсгэх зорилго агуулаагүйгээ дээр нэгэнт хэлсэн билээ. Уулын мод урттай богинотой гэдэг шиг аливаа сайн үйлс ч түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн бодлогогүй, жижиг алдаанаас болж сүйрэх нь олонтаа. Тэгвэл Монголын бурхан шашинтнуудын дунд тэр алдаа бий болж, түүгээр ч зогсохгүй бүр цагаандаа гарчихаад байгаа нь нууц биш. Лам нар гар хардаг болсон, хараал жатга хийж байна гэх нь нэг талаас нийгэмд байдаг л нэг бусармаг үзэгдэл шиг сонсогдовч нөгөөтэйгүүр үндсэн зорилгоо умартаж нийгмийн ухамсарыг харанхуй руу чиглүүлж байгаа аймшигтай хандлага юм. Энэ нь алгуур боловч итгэл үнэмшлийг мөхөөж, эргээд хүн өөрийгөө хүн гэж ухамсарлахад хэцүү төвөгтэй нөхцөл байдлыг бий болгож ч болох билээ.

Өөртөө итгэлтэй, зоримог бие хүн л нийгэмд хэрэгтэй. Энэ утгаараа шашинтай биш шашны зүтгэлтнүүдтэй хариуцлага тооцох цаг нэгэнт болсон мэт. Юм үзэж нүд тайлсан номтой мэргэд Монголд олон байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч "Хаанаасаа хаалгач нь" гэгчээр үүд хавьд суудалтай том толгойлсон бурханы шавь нар нь төр улсаа түйвээчих гээд байгаа нь эмзэглэл төрүүлнэ.

"Жаргахын цагтаа санадаггүй ижийгээ зовохын цагт хамгийн түрүүн дууддаг" хэмээн яруу найрагч нэгэнтээ гэмшин бичиглэсэн нь буй. Арга барагдан хүчин мөхөсдсөн үед бурханаас аврал хүсдэггүй хэн байх вэ. Гэтэл хийсч ирдэг хүний зовлонгоор бизнес хийж хэтэвчээ зузаалахын зэрэгцээ нөгөө хүнийхээ сэтгэлийн зовиурыг улам зузаатгаад явуулдаг "бурханы итгэмжит төлөөлөгчид" олон. Ахиухан таван цаас сарвайвал амьдаар нь хойдохыг нь уншчихаж чадах эрхэм хуврагууд руу бид зовлонгоо тэврээд гүйлдэж байна гэхэд нэг их хатуудахгүй л болов уу. Төрөл арилжсан төрөл төрөгсдийнхөө "алтан савыг нээлгэхээр" очихдоо эмгэнэлтэй гэхээсээ инээдэмтэй байдалд орох нь олонтаа. Бараг л
-Аав чинь үхчихсэн үү. Ашгүйдээ, мөнгөө... гэх нь холгүй. Жаргал зовлон ээлжлэх амьдралд урам алдрах үе олон ч итгэлээ үхэхийг би хармааргүй байна. Итгэл хамгийн сүүлд үхдэг юм гэнэ билээ.

Сэтгүүлч Б.Занданхүү

Wednesday, November 21, 2007

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ


Үргэлжлэл ... ӨГYYЛЭЛ БИЧИХ НЬ

  • Социологичдын гаргадаг түгээмэл алдаа нь өгүүллийнхээ ихэнхи хэсгийг тулгамдсан асуудлыг тоочсоор байгаад авчихдаг явдал байдаг. Ер нь Таны бичиж буй асуудлаар олон хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл Та хүмүүсийнмэддэг юмыг бичиж байгаагаа мартаж болохгүй.
  • Түгээмэл гардаг бас нэг алдаа бол санаагаа нотлох гэж хэт их тоо, баримт нурших явдал болно. Гол асуудал, санааг нотлоход жинтэй, үнэмшилтэй хэдхэн баримт л хэрэгтэй. Ер нь хэт их тоо баримт дурдах нь үнэн юмыг ч сонирхолгүй, үнэмшилгүй болгох сэтгэл зүйн нөлөө үзүүлдэг.
  • Сайн социологичдын өгүүллийг ажаад байхад тоо баримт бага байдаг. Муу социологич байх тусмаа анкетаа дагуулж, түүнийгээ тайлбарлаж бичээд байдаг юм.
  • Би ч залуудаа анкетаа тайлбарласаар байгаад хамаг өгүүллээ дуусгадаг байлаа. Маш их хөрөнгө хүч, цаг хугацаа гаргаж байж хийсэн судалгаагаа ганцхан өгүүлэлд багтаагаад цацах ямар ч шаардлага Танд байхгүй.
  • Иймээс Та судалгаагаа сайн мөлжиж нэг судалгаанаас аль болох олон өгүүлэл бичиж сурахыг хичээ. Эхний үед 2 – ыг, дараа нь 3 – ыг гэх мэтээр ахиулаад байж үз.
  • Та үндсэн санаануудынхаа нотолгоог буюу өгүүллийнхээ доторхи хэсгүүдийг жигдэвтэр байлгавал тун зүгээр. Нэг хэсэг нь хэт том, нөгөө нь хэт жижиг байвал тийм ч их зохимжтой биш. Yүний тулд жижиг гарчиг өгөх нь зүгээр мэт байдаг.
  • Дүгнэлтийг хэсэг бүр дээр юмуу, эцэст нь хийхийг Та л өөрөө мэдэх хэрэг. Харин дүгнэлт чинь гарцаагүй, нотолгоотой, үнэн зөв байх ёстой. Хийсвэр, нотолгоогүй, санаанаасаа гаргасан, худал дүгнэлт байж хэрхэвч болохгүй.
  • Заримдаа дүгнэлт төдийлөн сайн гарахгүй байх ч явдал бий. Тэгвэл асуудлыг байгаа чигээр нь үлдээж, цааш нь эрэгцүүлэх боломжийг хүмүүст олго. Энэ чинь ч гэсэн бага юм биш.
  • Төгсгөл чинь бас л их сайн байх ёстой. Учир нь үүнээс Таны дараагийн өгүүллийн хувь заяа шалтгаална. Хүмүүс Танаас ахиад юм бичихийг хүлээж байвал зохино.
  • Эхний хэдэн өгүүлэл амжилт олно гэж номонд хазгай. Бүү шантар. Яагаад гэвэл Таныг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. Би залуудаа хүмүүсээс миний өгүүллийг уншсан уу гэж байнга шалдаг байлаа.
  • Уншаагүй гэсэн хариулт сонсохоороо ийм чухал, мундаг юмыг яагаад уншдаггүй тэнэг улсууд вэ гэж гайхдагсан. Олон жилийн дараа гол алдаа хүмүүст биш, надад байсан гэдгийг мэдэж авсан юм.
  • Яагаад гэвэл би тэдэнд хэрэгтэй зүйлийг бичиж чадаагүй буюу ойлгуулж чадаагүйгээс ийм болдог байжээ. Иймээс алдаагаа хүнээс биш, өөрөөсөө хай.
  • Хэрэв Та шантрахгүй байвал Таныг уншигчдын хүрээ аажмаар ( аажмаар гэдгийг бүү мартаарай ) нэмэгдэх ба улмаар байнгын тогтмол уншигчидтай болно.
  • Тэгсэн цагт Та өөрийгөө социологич болох дөхөж байна гэж ойлгож болно.
  • Социологич хүн жилд наад зах нь дөрвөн өгүүлэл бичих ёстойг мартавзаа. Яагаад гэвэл Таны гэсэн бүтээгдэхүүн гараагүй тохиолдолд Таныг хэн ч мэдэхгүй хэвээрээ л байх болно.
  • Бэрхшээл гарвал мэргэжил нэгтнүүдээсээ нэрэлхэлгүй асууж бай. Та хүнээс юм асуухгүй яваад болно гэж бодож: байвал ердөө л тэнэгээ нотолж байгаа хэрэг. Судлаач хүн бүх гол санааныхаа 70 гаруй хувийг мэргэжил нэгтнүүдээсээ олж авдаг гэсэн багцаа харьцаа байдаг.
  • За тэгээд Залуу минь бичээд бай, Өөрөө түүнийгээ голоод урж хаяж сур. Ингээд ахиад бич. Тэгтэл нэг юм учир нь олдоно доо. Тэгвэл улам их бич.


Судлаач
Д. Ганхуяг.

Шүлэг

*********ЯВНА. ИРНЭ*******

Нэг л өдөр би явна
Нэр шүлэг хоёр минь үлдэнэ
Нарны дор алдаж онож явсныг
Найраг шүлэг минь хэлж үлдэнэ
Тээр дээр хэсэг байна
Тэнгэрийн оронд ганцаардаж сууна
Бурханы оронд сэтгэл минь тогтохгүй
Бусдын буруу зөвийг шүүж тунгаах хүсэл төрөхгүй
Маргаашаа мэдэхгүй алхах энэ амьдралд би дуртай
Манан дунд тодрох уулсын оройг харах би дуртай
Сайхан хүүхний бэлхүүсэнд нүдээ хэсэг унагаачихаад
Салхи сөрөн шүлэг бодож алхах би дуртай
Нүдний нулимс цийлэгнүүлж хурдны морьд ирэх шиг
Нүгэлийн толботой амьдралдаа нүцгэн биеээрээ яарч ирнэ
Дөнгөж сая төрсөн эхийн харцанд өлгийдүүлэх гэж
Дөчин ес хоногтоо багтаж би ирнэ


***Тэнгэрийн заадал шиг***

Сайхан аялгуугаар аргадан байж
Санаа сэтгэлээ гуйн байж
Өөрийнхөө сэтгэл рүү орж үзлээ
Өчнөөн хог новш байхыг харлаа
Тэнд дандаа хог байсангүй ээ
Тэнгэрийн заадал мэт судалууд байна
Ээж ааваас минь өгсөн
Эрдэнийн хэдэн чулуу байна
Найраг шүлэг ухааралд шарласан
Намрын навч шиг хэдэн алт байна
Наймын тоо шиг тойрог битүү дугуйрсан
Намайг зовоодог хүсэл,гуниг хоёр минь байна
Сэтгэл хэмээх тэр саванд
Сэжиг хүрэмээр шунал байна
Хөөж гаргамаар нохой тачаал
Хүнийх гэлгүй дайрахад бэлэн байна
Өөрийгөө л гэх өчүүхэн бодолууд
Өрөв тасын ангаахай шиг ангалзаж байна
Өчнөөн жил улалзаж байгаа
Өнчин уур хилэнгийн мунхаг цог байна
Тэнгэрийн заадал шиг судалуудаа
Тэнгэрлэг бүхнээр усалж ургуулаад
Намрын навч шиг хэдэн шүлэгээрээ чимээд
Наймын тоо шиг хүсэл,гуниг хоёроороо мануулна

Бүлээн

Tuesday, November 20, 2007

Monday, November 19, 2007

Тамын тогоо ба Диваажингийн хоол

Нэгэн залуу лам багшаасаа “Там гэж ямар газар байдаг бол?” гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариулж гэнэ.

Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй”. “Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?” хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. “Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн нь ч идэж чадахгүй.”

Дээр өгүүлсэн залуу лам “Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?” хэмээн багшаасаа асуужээ. Багш нь диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нэг талд зогсож байгаа хүнд “Энэ идээг эхлээд та зооглоно уу” гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээж аваад “Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу барья” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, өөрөөр хэлбэл, өнийн дээд жаргалыг амталж байдаг юм даа” гэсэн гэдэг. Там уу, диваажин уу? гэдэгт та бидний сонголт л нөлөөлөх гээд байна. Тамын тогооноосоо гарцгаая, элэг нэгтнүүд ээ.

Эх сурвалж

http://husel.blogspot.com/

Сэрээгээр урлахуй

Бөмбөрчин
Тулаан
Саксофон
Хөгжимчин

Загасчин
Ялаа

Sunday, November 18, 2007

Танд сонгуульд өгөх нэг санал бий, Надад бас нэг санал бий


Монголын хvн ам аль хэдийнэ 2004 оны эхний байдлаар 2 сая 504 мянга болсон. Эдний 40% нь 18 аас доош насны хvvхэд залуучууд. Харин насанд хvрсэн иргэдийн 7-8% нь гадаадад суурьшиж байна. Энэ бvлэг хvмvvс Монголын шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг гээд олон чухал салбарт vнэлж баршгуй их хувь нэмэр оруулдагийг монгол хvн бvр хэлvvлэлтгvй сайн мэднэ. Ард суугаа ах дуу, хамаатан саднаа тэтгэж, тэжээж байдаг гадаадад суугаа бидний монголчууд Монгол улсын улс төрийн сонгуульд оролцох эрхтэй юу? Мэдээжийн хэрэг. Энэ бол vндсэн хуулиар олгогдсон хамгийн том улс төрийн, иргэний эрх маань. Харин энэ эрхийг манай улс төрийн тогтолцоо, сонгуулийн тухай хууль хангасан уу гэвэл vгvй. Сонин хэвлэлээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр ч төсөл хэлэлцэгдэж буй тухай сvvлийн vед мэдээлсэн боловч улс төрийн хvчнvvд гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн тухай ярьж, мэтгэлцэж буй тухай нэг vг ч сонсогдохгvй байна. Цаг хугацаа элэн улирахад хэрэгцээ дагаж нийлvvлэлт өсдөг зах зээлийн хууль билээ. Тvvнтэй уялдаад энэ асуудлыг одооноос төлөвлөж шийдэх нь сонгогч бидний зайлшгvй шаардлага мөн гэдэгтэй та санал нийлэх vv?

ТЭД БОЛ УХААЛАГ СОНГОГЧИД
Гадаадад суурьшсан Монголчууд хөрөнгө мөнгө, амжиргааны хувьд Монголын дийлэнх хvн амаас илvv нь нууц биш. Явсан газар, vзсэн нийгмээ бас халаасны хэмжээгээ дагаж нvд ч нээгддэг биз. Байгаа улс орныхоо соёл, нийгмийн ололтыг илvv соргогоор тусгаж байгаа, олон хувь нь их, дээд сургуульд суралцдаг, ихэнхи нь дунд болоод дээд боловсролтой, цаашилбал нарийн мэргэжил эзэмшиж, мастер докторын зэрэг хамгаалсан, монголын сэхээтний давхаргын төлөөлөгч олон хvн тэдэн дунд бий. Товчхондоо бол улс төрийн зөв сонголт хийж чадах боловсролтой, vндэстний хар массаас арай ангид давхаргийнхан гэж хэлж болно. Тэд бол vндэстний багагvй хувь, vндэстний баялаг, тэр утгаараа төрийн дээд эрх мэдлийг барьдаг парламэнтийн сонгуульд тэдний төлөөлөл байх нь чухал болов уу.

ГАДААДАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛЫН ТООГ БАГЦААЛАХ НЬ
Гадаадад байгаа нийт сонгогчдын тоог гаргах хэцvv, энэ талаар албан ёсоор гаргасан судалгаа баримт байхгvй байна. АНУ-д багцаалсан тоогоор 16000 гаруй монголчууд бий гэсэн мэдээлэл бий. Солонгост бол 30,000 орчим, Их Британид 6000, Германд 3000, Австралид тэд, Голландад тэд гээд сонин хэвлэл янз бvрээр л мэдээлдэг. Харин албан бус тоогоор 100,000 монгол иргэд гадаадад гарсан гэх баримт бий. Тэдний дийлэнхи нь 18 наснаас дээш буюу сонгуульд санал өгөх эрхтэй хvмvvс. Гадаадад буй энэ олон сонгогчийн тоо УИХ-ын сонгуульд ямар нөлөө vзvvлэх вэ гэдгийг гаргахын тулд өнгөрсөн сонгуулийн хэдэн тоо баримтыг тvшье. СЕХ-ны мэдээлснээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд 1 сая 280 мянга орчим хvн сонгогчийн нэрсийн жагсаалтанд орсноос 1 сая 52 мянган хvн буюу 82.2 хувь нь сонгуульд оролцсон байна. УИХ-н сонгуульд ялж сонгогдсон 74 гишvvдийн сонгогчдоос авсан дундаж саналын тоо 7646 байна. Хамгийн олон сонгогчтой Хөвсгөл аймаг гэхэд сонгуулийн 4 тойрогтой, 69,5 мянган хvний нэрсийн жагсаалттай, тvvнээс 56.8 мянган хvн санал өгчээ. Хамгийн цөөхөн сонгогчтой буюу 27.1 мянган сонголч бvртгvvлсэн Өмнөгoвь аймагт гэхэд сонгуулийн 2 тойрог ногддог. Төв аймгийн 36-р тойрогт гэхэд 4000 хvрэхгvй саналтай нэр дэвшигч УИХ-ийн гишvvн болсон байх жишээтэй. Тэгвэл монголд буй нийт сонгогчдын 8-10% тэнцэх сонгогчид буюу нэг Хөвсгөл, нэг Өмнөгөвь аймгийн нийт сонгогч иргэд харийн оронд сонгох эрхгvй сууж байна. Энэ хvмvvс дангаараа 6-аас доошгvй тооны УИХ-н гишvvн сонгох бололцоотой гэж хар ухаанаар тооцож болох бөгөөд Монгол дахь оршин суух харъяаллаараа бол тvvнээс хавьгvй олон тойргийн сонгуулийн дvнд хvчтэй нөлөөлөх чадвартай. Мэдээж гадаадад байгаа дийлэнх хvмvvс сонгуульд оролцох магадлал одоогоор бага гэж тааварлаж болох ч хэрэв сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гадаад оронд сонгуульд оролцох бололцоог хангах эрх зvйн орчныг бvрдvvлж чадвал vр дvн маш эерэгээр гарах учиртай. Монгол улсын нийт сонгогчдын 80 гаран хувь сонгуульд оролцдогоороо дэлхийд дээгvvр ордогийг энд бас мартаж болохгvй. Нөгөөтэйгvvр өдрөөс өдөрт харь оронд өөрсдийнхөө төлөө, монгол иргэн хvнийхээ боломж, потэнциалыг нэмэхийн төлөө, vр хvvхэд, Монгол хэмээх эх орныхоо төлөө хэл соёл мэдэхгvй хvний газар аз мэдэн нvvдэллэж яваа монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь ард тvмний өмнө төрийн хvлээсэн vvрэг нь билээ.

ГАДНЫ ТУРШЛАГА
Гадаадад буй иргэдийнхээ саналыг улс төрийн сонгуульд тооцдог энэ практик аль бур 1918 оноос хойш Их Британи, Герман, Финланд, Белгид, 1970 аад оноос хойш АНУ, Канад, Испани гээд бусад дэлхийн олон улс оронд хэрэгжиж эхэлсэн байна. 1990 ээд оноос хойш Швэд, Щвэйцарь, Итали, Норвэги болон бусад орнууд энэ сонгуулийн хувилбарыг сонгосон. Унгар, Словак гээд дэлхийн олон оронд энэ сонголтыг хийх шатандаа байна. АНУ-ын жишээг татая. Энэ оронд 1975 онд анх Гадаадад буй Иргэдийн Сонгуульд санал өгөх эрхийн тухай хууль батлагдсан байна. өнөөдөр Иракт байлдаж буй Америк цэргvvд 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа шуудангаар явуулж байна. (Fedex бас хямдралтай vйлчилж буй) Монголд байгаа Америк иргэдийн ихэнхи нь шуудангаар, Калифорни мэтийн мужийн харьяат иргэдийн зарим нь факсаар саналаа явуулж байна. Дэлхийн 64 орноос vнэгvй ярьж сонгуулийн талаар мэдээлэл авч болох vнэгvй утасны дугаартай, муж тойрог болгон сонгуультай холбоотой мэдээ баримтыг вэб хуудсандаа тавьжээ. Санал тооллогод сонгогчийн гарийн vсэг, хаяг, нийгмийн хамгааллын дугаарыг шалгаж vнэн зөвийг тогтоосны дvнд саналын хуудсыг хvчинтэйд тооцно.

САНАЛ ХУРААЛТЫГ ЯАЖ ЯВУУЛАХ ВЭ?
Одоогийн сонгуулийн хуулийн нэгдvгээр бvлгийн хоёрт санал авах өдөр эх орондоо байгаа иргэн санал өгнө гэж заасан байгаа. Хэрэв сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орвол харь оронд байгаа ч байнгын хаяг харьяалал нь монголд хэвээрээ гадаадад суугаа монголчууд өөр өөрийн тойргийн нэр дэвшигчийн төлөө тухайн улсад байгаа манай Элчин сайдын яам, Консулын газарт биеэр болон шуудангаар саналаа илгээж болох хувилбар байна. Монгол улс 24 оронд ЭСЯ, 4 газар Консулын газартай. Тэгвэл Вашингтон, Лондон, Токио, Сөvл, Москва, Берлин, Оттава, Парис, Эрхvv гээд ЭСЯ, Консулын газар байрлаж буй том хотуудад төвлөрсөн олон мянган монголчууд биеэр ирж саналаа өгөх бололцоотой болно. Шуудангаар санал явуулах тохиолдолд сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө шуудангаар саналаа өгөх хvмvvс Монгол дахь СЕХ-ноос тусгай анкет бөглөн саналын хуудас хvсэмжилж, өөрийн байгаа орны шуудангийн хаягаар саналын хуудсаа хvлээн авч улмаар Монголд болох сонгуулийн өдрөөс тодорхой хугацааны өмнө шуудангаар саналаа илгээж болно.

СОНГУУЛИЙН БУЛХАЙ
Сонгуулийн булхай Амэрикад ч гардаг Монголд ч гардаг нь тодорхой. Гэхдээ хөдөө сумаар сонгуулийн хайрцаг бариад санал хурааж яваа сонгуулийн хэсгийнхэнд найдаж болсон юм чинь төрийн сvлдний өмнө тангарагаа өргөөд гадаад оронд Монголоо төлөөлж буй Элчин сайд, Консулийн эрхэмvvдэд энэ ажлийг даалгаж, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор сонгуульд өрсөлдөж буй намын төлөөний хvмvvс сонгууль шударга явагдах нөхцөлийг харилцан хянаж, гадны ажиглагчийг байлцуулаад саналаа хураахад болохгvй зvйл байхгvй. Мөн сонгуулийн ажлыг шударга бусаар удирдан явуулсан, сонгогчид шан харамж амлаж, элдэв хууль бусаар нөлөөлөх явдлаас сэргийлж эрvvгийн чанга хууль дvрмийг боловсруулах нь зайлшгvй. Энэ дашрамд хэлэхэд, эдийн засгийн хувьд гадаадад байгаа гэхээсээ монголд байгаа сонгогчид мөнгө болон амлалтад хуурагдах магадлалтай.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ БУЮУ “ХАРААР” АЖИЛЛАГСАД
Мэдээж уншигч та хараар ажиллаж буй хvмvvс яах вэ гэж гайхан сэрдэж байж болох юм. Сонгогчийн визний хугацаа хэтэрсэн, тухайн улсын цагаачлалын хууль зөрчсөн г.м нөхцөл байдал бол Монгол улсын иргэний улс төрийн эрхийг хаана гэсэн vг биш. Хэрэв гадаадад буй сонгогчийн хувийн нууцлалыг хадгалах эрх зvйн орчинг сайн бvрдvvлж өгч чадвал энэ бол шийдэхэд хэцvv асуудал биш санагдана. Сонгогчийн визний статус, орон байршил, хувийн мэдээллийг засгийн газар, хувь хvн, байгууллага ашиглах, олонд нээлттэй болгохын эсрэг хууль тогтоомжийг батлан гаргаснаар энэ асуудал хуулиар зохицуулагдаж болно.

ТӨГСГӨЛИЙН VГ
Та баян хvн байж болно. Та ядуурлын доод хэмжээнээс бага орлоготой дэлхийн нvдэнд “эмзэг” гэж харагдах Монголын хvн амын золгvй 40%-ийн нэг байж болно. Та Fortune 100–д жагсаагддаг пvvст ажилладаг байж болно. Та Итали гуанзанд аяга угаадаг байж болно. Та арлын орны их сумоч байж болно. Та төмрийн vйлдвэрт ган хайлуулдаг байж болно. Та Принстонд сурдаг ч байж болно. Бvр УИХ-ын эрхэм гишvvн ч байж болно. Болохгvй, ялгахгvй байхын аргагvй. Тэгэхдээ бид иргэн хvнийхээ хувьд төрийн сvлдний өмнө эрх тэгш байх ёстой. Тэр бол Танд сонгуульд өгөх нэг санал бий, Надад бас нэг санал бий

(Гадаадад суугаа Монголчуудын улс төрийн сонгуульд оролцох эрхийн тухайд)
Даваабатын САЙНБАЯР

Saturday, November 17, 2007

Хар сармагчингийн домог


Энэ явдал хэзээ ч юм, их л эрт дээр vед болсон гэж ярилцдаг. Гэхдээ vнэхээр болсон ч юм уу, эсвэл огт тохиолдоогvй, хvмvvс санаанаасаа зохиосон домог ч юм уу, бvv мэд. Ямар ч гэсэн єнєєг хvртэл яригддаг юм гэнэ билээ. Хvн тєрєлхтєний иргэншлээс асар хол, гvн балар их ойд, нэгэн омог амьдарч байжээ. Тэр омгийн хvмvvс жад барин ойгоор хэсэж, ан хийн амьдардаг байсан гэнэ.

Хэдийгээр амьтны ам таслан нvгэл хийн амьдрах боловч тэд туйлын их шvтлэгтэй бєгєєд ойн хар сармагчинг бvрханы амьтан гэж хvндэлдэг. Тиймээс ч бvгд л тvvнийг хvндэтгэн бурханы элч гэж нэрлэдэг байсан ба хэрэв ойд тааралдвал мэхийн ёслон, зай тавь єнгєрєєдєг ёстой юмсанжээ. Хэзээнээс тэгж шvтэх болсныг хэн ч эс мэдэх ба тэдний євєг дээдсийг мєхєх аюулаас хар сармагчин аварсан гэдэг домог vе удам залган, олны ам дамжсаар ирсэн байжээ.

Тэр омогт бусдаас онцгойрох юмгvй нэгэн залуу анчин байх бєгєєд олуул нийлж ан агнаж, олзоо хувааж амьдарахаас уйдсан нэгэн байж. Яаж шvv нэг бие амар, гэдэс цатгалан байж, сэтгэл хангалуун явах вэ гэж vргэлж боддог байжээ. Нэгэн шєнє тvvний зvvдэнд урт жад барьсан догшин хар сармагчин орж, элдэвлэн байснаа жадны vзvvрээр хуруугаа хатган цус гаргаж тvvнд єгч байна гэнэ. Хэдийгээр тэр маш их айж байсан боловч тvvний єгсєн цусыг уугаад маш их том биетэй болж, хvн амьтан жижигхэн шоргоолж мэт болоод хєл доор нь бужигнаж байна гэж зvvдэлжээ. Тэгээд тэр сармагчин тvvнд жадаа єгєєд хэрвээ чи гурван удаа миний цусыг уувал єлсєх, даарахыг мэдэхгvй бурхан мэт амар, жаргалтай болно гэв.

Єглєє сэрээд харвал тvvний хажууд нэгэн жад хэвтэж байв. Нєгєє анчин тун их цочирджээ. Зvvд мэт боловч болсон ч юм шиг. Єєрт тохиолдсон юм гэхэд унтсан байдаг. Хэдийгээр хар сармагчиныг алах нь байтугай муухай хардаггvй хvмvvсийн нэг ч гэсэн єєрийнхєє зvvдний vнэн эсэхийг туршиж vзье гэсэн бодол нь тvvнийг зvгээр суулгахаа байжээ. Тэгээд нилээд хэдэн єдєр шаналан бодож явсны эцэст зvvдээ шалгахаар шийдэж, овгийнхноосоо нуугдан зvг буруулж яваад нэг хар сармагчинг намнаад цусыг нь ууж гэнэ. Маргааш єглєє нь сэрвэл, бие нь нэг л хєнгєн, эрч хvчтэй болсон байжээ. Хамгийн гол бусад хvмvvс шиг ходоод нь хоол нэхэж зовоохгvй гэсэн ч vргэлж эрч хvчтэй хэвээр байх болжээ. Гэвч тэр омгийнхондоо сармагчингийн цус ууснаа мэдэгдэхгvйг хичээж бусадтай адилхан анд явж, бусадтай хамт хоол идсэн болж суудаг болжээ. Гэвч яваандаа хvмvvс тvvнийг хоол иддэгvйг мэддэг болж эхлэв. Хvмvvс тэртээ тэргvй єнєє маргаашдаа хvргэх гэж яддаг байсан тул, тvvний хоол иддэггvй нь тийм ч чухал санагдсангvй. Харин ч хоол хороох хошуу цєєрсєнд баяртайгаар тvvний хувийг хуваадаг байлаа.

Гэвч тvvний сэтгэл ханасангvй дахин хар сармагчингийн цус уухыг хvсэх болжээ. Яг л амьдрал дээр болдог шиг эхний удаа тун их бодол болж, эргэлзэн тээнэгэлзэж байсан бол хоёрдох удаа бол тэгсэнгvй. Дахин нэгийг хялбархан гэгч нь эд бад хийж, цусыг нь уув. Маргааш нь євдєх, шаналахыг мэдэхгvй болжээ. Нэгэнт євдєхгvй, шархдахгvйгээс хойш тэр аймшигтай араатнуудтай зоригтой тулалддаг болов. Тvvнийг хамгийн зоригтой гэж vнэлж омгийнхон нь хvндэлдэг болжээ. Овгийн удирдагч болгов. Гэвч зарим нэг нь тvvнд эргэлзэж эхлэжээ. Тэр яаж ийм болж чадав? Тvvнд нэгэн битvvлэг учир начир байгааг ойлгож байлаа.. Бvгд л тvvний нууцыг задлахыг хvсэж, зарим нэг нь учрыг гадарлаж, тvvнийг эсэргvvцэх болов. Гэвч тэр нууцаа сайн хадгалж, тvvнд ойртсон бvхнийг vгvй хийн хамгаалж байлаа.

Хэдийгээр тэр хэн бvхнээс илvv давуу талтайгаа мэдэж байсан боловч олон хvмvvсийг єєртєє дайсан болгож, атаа хорсолын дунд амьдрахыг хvссэнгvй. Гэхдээ тэр нууцаа бусадтайгаа хуваалцахыг бvр хvссэнгvй. Тvvнд нэг л зам vлджээ. Энэ бол дахин хар сармагчингийн цус уух. Гуравдах удаа явлаа. Тvvний явахыг бvгд мэдэж байв. Яагаад гэвэл, тэр хуучин шигээ жирийн нэгэн залуу анчин биш олны нvдэн дээр ил байх ёстой овгийн ахлагч учраас хvн болгон хараа, чих тавин байлаа. Тvvний хар сармагчинг хєнєєн цусыг нь уухыг харсан хvмvvс нєхєддєє хэлж, яахыг хэлэлцэв. Зарим нь энэ байдлаар тэмцэлдээд дийлэхгvй тул адилхан цус ууж, тvvнтэй адилхан болж байгаад тэмцэлдэе гэлээ. Харин нэг хvн “араатантай араатан тулалдаж дийлэхэд араатан л vлдэх бус уу. Vvний оронд маргааш єглєє бvгд тvvнээс тайлбар шаардая” гэснээр бvгд єглєє овгийн ахлагч дээрээ очих болцгоожээ. Харин эхэлж гаргасан саналын улмаас нєгєє хvн эхэлж асуух ёстой болов.

Єглєє нь овгийн ахлагч заншсан ёсоороо эртлэн сэржээ. Єєртєє юу єєрчлєгдсєнийг ажиглаж, биеэ чагнавал, урьдын адил бие нь хєнгєн агаад, сэтгэл тэнvvн. Гэхдээ нэг л баяр хєєртэй ч юм шиг. Гэтэл гадна нь хvмvvс шуугилдаж эхлэв. Гарч харвал, хэдэн хvн гэрийнх нь ємнє тvvнд асуулга тавихаар зогсож, бусад нь холуурхан сониучилсан байдалтай тойрчээ. Зарим нь бvр хэдийгээр харц нь наашаа боловч, элдэв ажил хийж байгаа дvртэй холуур гvйлдэнэ. Санал гаргаж, зовлонгоо vvрэх болсон нєгєє хvн зориг гарган эхэлж хэлэв:
- Та бидний шvтдэг амьтныг хєнєєж, омгийн шvтээнийг доромжиллоо гэв. Овгийн ахлагч хариуд нь жадаа шvvрэн авч, тvvнийг хороох байсан боловч, тэр жад руугаа ухасхийсэнгvй, тийм бодолч орж ирсэнгvй. Тvvнийг нам дарчихвал бусад нь олон юм асуухгvй гэж мэдэж байлаа. Тэр мєчид л тэр яаж єєрчлєгдснєє мэдэв. Овгийн ахлагч урдын адил дайснаа гэж vзсэн бvхнийг, vндэслэлгvй ч гэсэн устган дэвсэлдэг хvн биш болжээ. Тэр харин дотроо бvхнийг энэрэх сэтгэлтэй, яг л бурханы элч шиг ариун сэтгэлтэн болчихсон байж. Тийм учраас єнгєрсєн бvхнээ хурсан олонд хэлж. Анх юу гэж зvvдэлсэн, яаж хар сармагчин хєнєєж, бие нь яаж єєрчлєгдсєн, дараа нь яагаад дахин нvгэл vйлдэх болсон, нууцаа хамгаалахын тулд яаж яс хаяж, хор хутгасан, яаж хvн амьтныг хооронд нь сєргєлдvvлж, тэгээд яаж эрх мэдэлд хvрч, эд баялаг хураах болсон тухайгаа нэгийг ч vлдээлгvй хэлжээ. Бас уучлал ч хvсч. Харин тvvний хэлснийг сонссон хvмvvс тун ихэд хилэгнэцгээж, тvvнийг єршєєхгvй гэцгээв. Харин эхлэн дуугарагч зоригтой эр бусаддаа хандан, энэ хvн єєрчлєгдсєн байна. Одоо бидний жинхэнэ удирдагч болж чадах биш vv гэв. Уурандаа шатацгаасан хvмvvс тэр тухай бодохыг ч хvссэнгvй. Нэгэнт л єнгєрсєн амьдралаар нь л хvмvvс бие биенээ vнэлэн, шvvн тунгаадаг болохоор овгийн ахлагч тэдэнд яаж бузар, муухай нєлєєлж байсныг мэдсэн хvмvvс тvvнийг тал талаас нь дайрч эхлэв. Єєрєєс нь хол л бол яасан ч яахав гэж холуур гvйлдээд байсан хvмvvс хvртэл тойргийн голд орчихсон, тvvнийг хамгийн ихээр хараан зандарч байлаа. Харин овгийн ахлагч хvмvvст уурласангvй, тэдэнд учруулсан зовлонгийн vр, тэдний амьдрал, сэтгэлд туссан миний нvгэл хэмээн тун хvлээцтэй зогсож байв. Тэр бусдад vйлдсэн нvгэлээ цайруулан тэдэнд туслах боломжоо алдсандаа харамсаж байсан ч наминчилж амжсандаа баяртай байлаа. Хvмvvс уучилсангvй.

Ц.Ганбат

http://e426228.blogspot.com/

АР МОНГОЛДОО ХУРГА БОЛЖ ТӨРӨӨД, ИРЭГ БОЛЖ ИДҮҮЛЭХСЭН - ТӨГСГӨЛ

...За тэгээд л энэ ахархан атлаа урт аяллын туршид цор ганц бодол дотор сэтгэлийг урж мэрж явсныг одоо энд дэлгэюү. Монголоороо бахархах, ижилсэх энэ бүх яриа хөөрөөний төгсгөлд би юуг ойлгож авсан бэ гэвэл монгол дархлаа гэгч зүйлийг бий болгохын төлөө монгол хүн бүхэн шаналж цохилохгүй бол дусал бэх усанд уусахын адил нэг л мэдэхэд бид сэтгэл зүрх, сэрүүн зүүдтэйгээ хамт арилан одоод түүхийн номын хуудаснаа уншигдах хувь тавилантай золгох вий гэх эмзэглэл төрсөн.

Төвдийн өндөрлөг дэх энэ л монголчуудынхаа нутгийн захаар хальт шүргэн аялах үедээ амьдрал ахуйг нь гэрэл зургийн хальснаа буулгаж тэр хэдэн зургаараа “Занаду арт” галерейд энэ сарын эхээр үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнгийн маань нэр “Цайдмын зэрэглээнд алдарч буй Монгол”. Бид өөрсдийн хувийн дүгнэлт, бодол мэдрэмжээрээ асуудалд хандахаас аль болох татгалзсан бөгөөд зургийнхаа тайлбарын оронд тэдгээр хүмүүсийн /дээд монголчуудын/ яриа хөөрөөг яг л нутгийнх нь аялгаар элдэв засваргүйгээр буулгаж зургуудынхаа хажууд тус тус өлгөсөн нь үзэсгэлэнгийн танхимд ирсэн хүн бүхэнтэй тэднийг уулзуулах гэсэн оролдлого байлаа. Энэ үзэсгэлэн маань сэтгэл хөндсөн нэлээд хүндхэн үзэсгэлэн болсныг хэлэх нь зүйтэй. Хүмүүс ч энэ тухайд янз бүрийн л үг хэлж санаа оноогоо хуваалцсан. Гэхдээ бид Дээд монгол андтайгаа уулзах хүртлээ тухайлж ер зовж шаналалгүй явсан билээ. Харин Улаанбаатарт сурч амьдарч байгаа энэ найз минь бидний үзэсгэлэнг үзээд гарахдаа нэг л гундуухан, үл ойлгогдох тийм нэг харцаар шагначихаад явсан юм. Хожим тухтай уулзах үед л энэ учиг тайлагдсан. Манай хүн цээжний гүнээс санаа алдаад яриагаа ийн эхэлсэн юм. “Энэ аялал, үзэсгэлэн чинь биднийг монгол ахан дүүст минь хөтөлж ирсэн сайхан ажил боллоо. Гэхдээ та бүхнээс нэг л зүйлийг хүсмээр байна. Дээд монголчуудыг уусаж хайлж байгаа, уруудаж ядарч яваа гэж бүү их тунхаглаач ээ. Бодит байдал ийм байгаа ч тэд энэ байдалтайгаа эвлэрэх тун ч дургүй. Тэдэнд минь урам итгэл өнөөдөр юу юунаас чухал байна. Бид чинь сөгдөж сөхрөхгүй гэж аль байдгаараа хичээж явдаг улс. Өрөвдүүлж хөөрхийлөх бус харин итгэл өгөөч” гэсэн. Дараа нь хэд хоног сэтгэл их л хөндүүр байлаа. Гэм хийсэн ч юм шиг эвгүй санагдаад. Гэхдээ л ирэх өдрүүдэд хамт цохилохын төлөө шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулсан. Юутай ч өнөөдөр урд зүгийн нутгаар цаг агаарын мэдээ олиггүйхэн дуулдахад өрцний цаана нэгэн юм жирсхийж, мөнөөх л Цайдмын хотгорт цаг наргүй ажиллаж, амьсгалынх нь тоо Монгол хэмээн лугшиж яваа тэр хэдийгээ /тэд 90 мянгуулаа/ энэрэн санадаг болжээ. Зэрэглээн дунд хийсэх мэт дэрвэн буй монгол гэр нүдэнд харагдаад, өргөст торон хашаан дотроо малаа адгуулж яваа нь бодогдоод нэг л сайхан нартай өдөр айлчлан очихыг хүсээд... Улаанбаатартаа уймарч сууна.

Тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхт иргэнийхээ хувьд тэдний төлөө зовж шаналан зорьж зүтгэх үүрэг бидэнд оногдсон. Хилийн дээсэн доторх Монгол Улсад ардчилал бий. Энэ бол бидний эрхэм дээд өмч. Энэ баялагтаа эзэн шиг эзэн болж хилийн цаана зүдэж зүтгэж буй олон монголчууд, элэг нэгтнүүддээ үйлчлэх /ядахдаа сэтгэлзүйн хувьд/, тэднийгээ олон улсын хүний эрхийн болон өв соёлын байгууллагаар хамгаалуулах, төсөл хөтөлбөрийг тийш нь чиглүүлэх зэргээр Монголынхоо гадна ч гэсэн монголыгоо авч үлдэхэд анхаарах цаг үе нь нэгэнт болчихсон юм биш үү гэж бас бодогдсон. Дэлхийд найман сая монгол хүн байдгийн 2.5 сая нь л эх орондоо амьдарч байгаа гэсэн...

Сэтгүүлч Б.Занданхүү /МОНЦАМЭ/

Харь хүний гэргийд харуусч хэлэх хэдэн үг

Гар утсанд минь мессэж ирлээ. Бүүр зурагтай мессэж. Их сургуульд нэг тэнхимд сурч байсан танил бүсгүй маань ирүүлж. Дөнгөж саяхан амаржсан тэрбээр “шинэ хүнийхээ” зургийг илгээжээ. Өхөөрдөм , улаан нялзрай, “муухай” амьтан харагдана. Гэхдээ нэг л монголжуу төрх алгаа. Арга ч үгүй биз, аав нь филиппин юм гэсэн. Хүний үр эцгийнхээ л цусыг дагадаг юм чинь тэр “муухай амьтны” буруу гэж юу байх вэ дээ.
И-мэйлээ шалгалаа. Солонгост амьдарч буй “хуурай дүү” охиноос захиа иржээ. Солонгос нөхөртэй болсон тухайгаа бичээд, хамт авахуулсан зургаа явуулж. Уг нь монгол нөхөртэй байгаад түүнээсээ нэг хүүхэдтэй болоод салсан гэж байсан юм. Хэдхэн хоногийн дараа утсаар ярьж байна, өнөөх чинь. Би ч жааахан явуулсан маягтай “Ээж чинь шинэ хүргэндээ хэр дасч байна даа” гэвэл “Өө гайгүй гайгүй, манай дүү бас австрали хүнтэй суусан шүү дээ. Манай ээж баахан гадаад хүргэнтэй болсоон” гээд инээж байх юм. Хэлэх үг ч олдсонгүй.

Ингээд бодолд автав. Монгол Улс маань хэдэн хүн амтай билээ? Түүнээс хэд нь залуу, гэр бүл зохиох насны охид, бүсгүйчүүд байгаа билээ? Энэ хэдээс маань хэд нь харь хүний гэргий болж, хүний нутагт яваа бол? Эх орны минь ирээдүй цэвэр монгол цусаараа үлдэж чадах болов уу? гээд л элдэв асуулт толгойд хөвөрч, хариултыг олох гэж ядна. Өөрийн сайн таньдаг мэддэг, “харийн хүний гэргий” болчихсон монголжингоо бүсгүйчүүдээ “бүртгэж” үзлээ. Хөнгөхөөн хорь гараад явчихаж байна.

Зөвхөн миний л найз нөхөд, таньдаг мэддэг улсуудаас гэхэд шүү дээ. Тэгэхээр “харьд одох бүсгүй заяа” жилээс жилд нэмэгдэж, бүүр газар авч байна даа. Хэнтэй суух, ханилах, амьдрах нь хувь хүний хэрэг байх л даа. Гэхдээ л үндэстний эрх ашгаас илүү хувийн эрх ашиг давамгайлж буй нь л хамгийн харамсмаар. Цөөхөн хэдхэн монгол маань эрлийзжээд, хурлийзжаад, хужаа, солонгос, япон, америк болоод дууслаа шүү дээ, цаана чинь. Монгол Улс байх байхгүйдээ тулж ирээд, бүүр байхгүй болоход тун ойртоод байна. Тэгэхээр ёстой л “хүн бүрийн хүчин зүтгэл” хэрэгтэй болно.

Гадны хүн л бол “сайн” хүн, гадныхан л бол “мөнгөтэй” гэдэг бодол манай охид, бүсгүйчүүдийн маань тархинд “Үндсэн хуулийн заалт” шиг шингэсэн мэт санагдах боллоо. Сайн хүнтэй суугаад, сайхан амьдраад явж буй нь цөөнгүй л бий байх. Гэвч олонх нь гадаад л болохоос “жирийн л нэг Баагий”-тай сууж байгаа шүү дээ. Нүүрэн дээрээ аз жаргалтай мэт харагдавч , сэтгэлдээ эх орноо, ижий аавыгаа, анд найз нар, ахан дүүсээ санаж, шөнө дөлөөр дэрэн дээрээ битүүхэн нулимс унагаж байгаа нь хэд бол? Илүү олныг нуршилгүй өөрийн үзэж харсан ганц нэг тохиолдлоос өгүүлсү.

Нэгэн зүйл: Анх би энд ирээд америк нөхөртэй нэгэн бүсгүйтэй танилцаж билээ. Монгол хүн болохоороо ажил төрөл олж өгөх гээд, алив мэдэхгүй зүйлийг маань хэлж өгөх гээд их л тус болж байсан. Удалгүй нөхөртэй нь ч танилцсан. Тэр хоёр суугаад есөн жил болж байгаа, одоо бол бараг дөч шүргэж байгаа насны хүмүүс. Гэвч үр хүүхэд байхгүй. Гэрт нь ороход нэг л хүүхдийн дуу үгүйлэгдсэн, хөндийдүү. Аман дээр ямагт гарч ирдэг зүйлээ нэг өдөр тэсэлгүй эхнэрээс нь асууж орхив. “Та хоёр яагаад үр хүүхэдтэй болдоггүй юм бэ?” гээд. Тэгтэл нөгөө найз маань санаа алдаад “Манай хүн хүүхэдтэй болохоор шөнө уйлаад би ядрана шүү дээ гээд байдаг юм” гэх нь тэр. Даан ч дээ. Монгол эрчүүд бол харин ч хүүхэд гаргаж өгсөнгүй гээд эхнэрээсээ салдаг тохиолдол байдаг биз дээ. Тэгэхээр энэ “шарууд” хамгийн түрүүн өөрийгөө л боддог гэдэг нь үнэний хувьтай байгаа биз.

Дараа нь нэг удаа нөгөө найз маань “Мөнгө зээлээч” гэж байна. Би америк нөхөртэй “баян хүн” хар ажил хийж хоёр хүүхэд, эхнэр, ар гэрийнхнийгээ тэжээж буй надаас мөнгө асуухад үнэхээр гайхлаа. “Яах гэж байгаа юм бэ? Хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ?” гээд асуутал “Монгол явах гэсэн юм аа. Ээжийн бие тааруухан байгаа гэнэ. Гэхдээ нөхрөөсөө мөнгө авмааргүй байна. Миний асуудал юм чинь” гэж байх юм. Өрөвдөөд өөрт байсан 500 доллараа өгөөд явуулчихлаа. Тэрнээс хойш байдаггүй ээ. Эргээд нэг ч холбоо барилгүй л гурван жил боллоо. Нөхөртэй хэлж чаддаггүй юмуу, эсвэл өөрөө ч тийм хүйтэн сэтгэлтэй болчихсон юм уу бүү мэддээ.

Нэгэн зүйл: Бас л ирснээс хойш нэг их удаагүй байсан цаг. “Барилгачин” болсноосоо хойш нэгэн айлын хаузыг янзлав аа. Нөхөр нь өмгөөлөгч, настайвтар америк эр. Эхнэр нь залуухан монгол бүсгүй. Унаж буй машин тэрэг, хаузны байдлыг харахад нилээд баян бололтой. Бидний хэдэн монгол залуус хэдэн сарын турш тэдний хаузыг шил толь шиг болтол нь янзалж өгсөн. Харин тохирсон хөлсөө авах гэтэл өнөө өмгөөлөгч хөгшин “луу унжих нь” тэр. Анх ярьж тохирсноосоо бараг арваад мянгаар дутуу өгөх гэнэ. Биднийг хугацаанаас хоцорсон, энэ тэр гэж буй бололтой. Уг нь мань эр өөрөө л материалынхаа мөнгийг саатуулаад, бид нар материал хүлээгээд хэд хоног алдсан хэрэг. Тэгээд хэл амаа ололцохгүйдээ хүрэв. “Хуульч” өвгөн тэгтэл “Та нар албан ёсны бичиг баримтгүй хүмүүс. Хэл ам хийвэл цагаачлалын албанд мэдэгдээд асуудлыг чинь шийднэ шүү” гэж байгаа юм. Ихээхэн дээрэлхэж байгаа хэрэг. Бид ч “Өгдөг газар нь өг,бид ч таныг бас хэлдэг газар нь хэлнээ” энээ тэр гэж байж нэг хэдэн “цаас” салгаж авсан. Гэхдээ бас дутуу. Өвгөний залуухан гэргийд бид “Монгол хүн байна даа, анх ярьж тохирсноороо өгч болохгүй юмуу, чи аятайхан хэл л дээ” гэж зөндөө хэлсэн. Даанч ямар ч мэдэлгүй гэдэг нь илт. Нөхрийнхөө “нүдийг хариулан” байж хааяа бидэнд хоол, бензиний тав арван төгрөг нууцаар өгөхдөө ихэд эмээсэн байртай байдагсан. Тэр хоёроос авах нэг юм нь нэг хөөрхөн охинтой. Даанч өхөөрдөөд чихэр өгөх гэхээр нүүр буруулна, монголоор ганц ч үг хэлэхгүй бөгөөд монгол хүнийг харахааараа шууд л муухай аашилна. Бодвол тэр өтөл эцгийнх нь сургасан зан байх л даа. Өөрсдийнх нь амьдардаг хаусанд ч хэд хэд очсон. Их тансаг орд харш байна лээ. Гэхдээ тэр бүсгүй нэг л эрх чөлөөгүй, нүд нь дандаа гунигтай харагддаг байсан шүү. Энэ сайхан бүсгүй эрх чөлөө, эх орон, ээж, ааваа “баян янхигар хөгшнөөр сольж дээ” гэдэг бодол өөрийн эрхгүй төрдөг байлаа.

Нэгэн зүйл: Надад нэг таньдаг эгч найз байдаг юм. Байшинг нь будаж өгч анх танилцсан юм. Мань хүн их яриа. Илэн далангүй сайхан ярина. Гурван хүүхэдтэй, ганц бие монгол бүсгүй. Хүүхдүүд нь том болчихсоон. Уг нь америк нөхөртэй байгаад салчихсан юм билээ. Тэрбээр ийн ярина. “Эгч нь энд ирээд бараг арваад жил боллоо. Нөхрөөсөө салаагүй л нааш ирсэн юм. Энд ирээд яаж ном журмаар нь амьдрах вэ гэтэл нэг найз хүүхэн маань америк хүнтэй л суувал бичиг баримт бүх юмтай болно гэж зөвлөлөө. Тэгээд ажил хийхийн хажуугаар америк нөхрийн “эрэлд” гарав аа. Номын санд сууж байгаад хүнтэй танилцвал аятайхан боловсролтой хүн таарах байх гээд номын санд их сууж ном уншдаг байв. Тэгээд нэг хүнтэй танилцлаа. Дажгүй сайхан залуу. Надад бол “ногоон кард” л бодогдоно. Тэгээд удалгүй гэрлэх санал авлаа. Хуримаа хийж байхад нөгөөхийг чинь харахаар л “ногооон кард” харагдаад болохгүй. Ингээд америк хүний эхнэр болов. Хүүхдүүдээ ч татаад аваад ирлээ. Уг нь их сайн хүн л дээ. Даанч хүүхдүүдтэй ерөөсөө таарахгүй. Би ч ёстой “нуман тулгуурт” орсон. Нөхрөө гэх хэцүү, хүүхдүүдээ гэх хэцүү. Бүүр болохгүй болоод эрхбиш төрсөн үр хүүхдээ бодоод салсан даа. Одоо би АНУ-ын иргэн. Хүүхдүүд маань бүгд иргэн болсон. Том болцгоогоод эхнээсээ хүнтэй сууж , амьдралаа бодож байна. Охин маань харин монгол залуутай суусан шүү. Хүү маань ч монгол охинтой үерхэж байгаа. Ер нь америк хүнтэй тохирохгүйгээ мэдсэн юм болов уу даа, эд нар маань. Эгч нь одоо ёстой ганцаардаж байна. Зорьсондоо хүрээд бичиг баримт, ажил төрөлтэй, амьдрах хаус юм юмтай л болсон, хүүхдүүд бүгд сургууль соёлтой, гэхдээ л ...” гээд яриагаа төгсгөнө дөө. “Та залуухан л байна шүү дээ. Хүнтэй танилцаад суухад яагаад болохгүй гэж” хэмээн намайг асуухад “Эгчид нь америк сайн найзууд бий. Гэхдээ л би суувал монгол хүнтэй л сууна” гэж эрс өгүүлдэг юм.

Нэгэн зүйл: Хамт ажилладаг залуу маань Монгол руу контейнер ачуулах гээд манайхны ярьдагаар хүмүүсээс 40-ийн хайрцаг цуглуулах юм боллоо. Хоёул орой болохоор л айлуудаар очиж хайрцагыг цуглуулдаг ажилтай болов. Нэг удаа Сан Францискогийн даунтаунд байдаг айлаас хайрцагыг нь очиж авах болов. Утсаар ярьж тохироод очлоо. Гадаа нь хүлээгээд хүлээгээд байдаггүй. Арга ядаад дахиад утасдвал “Одоохон, би хайрцагаа баглах гээд л хөглөж байна” гэнэ. Нөхөр нь эзгүй байгаа юм байлгүй дээ, хоёулаа ороод хайрцагыг боож янзлаад өгье гээд гэрт нь орлоо. Өнөө монгол бүсгүй маань нэг хайрцаганд дүүрэн юм хийх гээд эвийг олохгүй байгаа бололтой, хөлс нь урсчихсан байна. Гэтэл нөгөө өрөөнд нөхөр болох “шар залуу” буйдан дээр цааш хараад хэвтэж байх юм. Бүүр дургүй хүрээд “Нөхөр чинь энэ юмыг чинь боож баглаад өгдөггүй юм уу” гэхэд “Үгүй энэ хүнд ямар хамаа байх вэ. Би л өөрийн хэдэн ах дүүдээ хэдэн хувцас явуулах гэж байгаа юм чинь” гэж байна. Хойноос нь бас “Эд нар иймэрхүү улсууд шүү дээ, хэдий муу ч манай монгол эрчүүд арай ч авгай хүүхдээрээ хайрцаг сав боож баглуулаад байхгүй шүү” хэмээн бидэнд “тал заслаа” . Угаасаа л туслах гэж орсон юм болохоор жимбийтэл нь боогоод өгсөн дөө. Хайрцагны мөнгөө өгөхдөө цаашаа эргэн нөхрөөсөө “мөнгө зээлж” байгаа дуулдсан. Энэ бол болсон л явдал. Харин одоо тэр хоёр Монголоос охиноо авчирчихсан , гайгүй сайн яваа сураг дуулддаг юм. Эрхбиш монгол занг ойлгосонсон юм байлгүй дээ, харийн хүргэн.

Нэгэн зүйл: Нэг найзын маань эхнэр энд ирээд хэдэн жил болж байгаа юм. Утсаар ярина аа. “Хөөе хүүхдүүдээ л авчирмаар байна. “Харлачихсан” мань мэт шиг хүн яаж ч болохгүй юм. Эндхийн иргэнтэй л суувал нэг авчирч болох юм шиг байна. Аятайхан хүн байна уу?” гэнэ. “Үгүй тэгээд нөхөр чинь яах болж байна?” гэхээр “Яахав дээ тэндээ нэг хүн олоод авна биз, би хоёр хүүхдээ л авмаар байна” гээд шулуухан авна даа. Тэгэхээр хэлэх үг олдохгүй юм билээ. Нөхөрт нь ямар хэлж, айл гэрийн хоёрын хооронд “хов” зөөлтэй биш, өөрийг нь дэмжээд “Тэг, тэг” ч гэлтэй биш. Дэмий л эхнэрт нь “Ганцхан бичиг баримттай болох гээд нэгд амьдралаа үрж, хоёрдож өөрийгөө хэнд ч хамаагүй “өгөх нь” үү?” гэхээр “Яахав дээ, манай хүн намайг аятайхан тэжээгээд аваад явж чадахгүй байгаа юм чинь яах юм бэ? Авгайгаа хүний газар хар ажил хийлгүүлээд явуулж байгаа хүн цаашид энэ хэцүү үед биднийг яаж авч явах юм бэ? Миний өөрийгөө золиослоод ямар ч хүнтэй хамаагүй суух яах вэ, хоёр хүүхдийнхээ ирээдүйг л бодох гэсэн юм ” гээд ам таглана. Иймэрхүү амьдралтай, иймэрхүү бодолтой нь ч ганц энэ биш байх.

Ингээд тоочоод байвал олон л “түүх” байна даа. Гадны хүнтэй суусан бүх бүсгүйчүүдийг буруутгаж байгаа юм биш шүү. Гарцаагүй бас ийм “түүх” байдаг юм билээ шүү гэж сануулах гэсэн юм.
Гэхдээ би Малайзын “том улс төрч”-тэй суугаад, эцэст нь зэрлэгээр амь насаа алдсан монгол бүсгүйн тухай, хужаа нөхөр дагаад Нанхиад оронд очоод гэрийн боол нь болж доромжлуулж байгаад арай гэж оргон нутгийн бараа харсан монгол хүүхнүүдийн тухай, Хангүг хүнтэй суугаад ямаан омогтой дээрэнгүй нөхөртэй дэглүүлж байгаа охид бүсгүйчүүдийн тухай, биеээ нэгдүгээрт тавьж, бүхнийг мөнгөөр хардаг “боловсон шар” залуутай суусан хүүхнүүдийн тухай өгүүлсэнгүй ээ.
Би ч бас хоёр “муухай” охинтой аав. Хэзээ нэгэн цагт охидууд маань “хар элгийн , хэл зүс өөр нэг нөхөр дагуулаад” ирэх вий гээд айдаг л юм. Хэрэв тэгвэл “мөчийг чинь хуга цохиод хөөгөөд явуулна шүү” гэж ч охидууддаа тоглоом шоглоомоор хэлдэг л юм. Миний үгээр болдог ч гэж юу байхав, одооны хүүхдүүд. Гэхдээ л Монгол цусаа булингартуулахгүй, Монгол удмаа таслахгүй л байгаасай гэж дотроо залбирнам.
Төр ариун байхыг түшмэд мэднэ, цус ариун байхыг охид мэднэ гэдэг дээ.

Ц.Энхтүвшин(“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)

Thursday, November 15, 2007

Notebook компьютерийн батерейн цэнэгийг хэмнэх арга


ron_com_content01 Энэ удаа бид та бүхэнд зөөврийн ноутбуук компьютерийн батерейны хугацааг хэрхэн уртасгаж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ. Мэдээж батерейны үйл ажиллагаа түүний цэнэг хадгалах багтаамжийн тогтоосон хэмжээ, ноутбуукт агуулагдах дотоод эд ангийн хүчин чадлаас шууд хамааралтай боловч хэрэглэгч доорх зөвлөмжүүдийг дагаснаар батерейныхаа ажиллагааг бага ч гэсэн хугацаагаар уртасгах боломжтойг мэдэхэд илүүдэхгүй.


1. Дефрагментлэж байх - Хатуу дискээ та байнга дефрагментлэж байх нь батерейны ажиллагааг уртасгах чухал нөлөөтэй. Учир нь батерей нэлээд иддэг эд ангиудын тоонд хатуу диск зүй ёсоор орно. Диск хэдийчинээ бага ажиллана, төдийчинээ батерейнд хэмнэлттэй. Дискний унших толгой фрагментлэгдсэн өгөгдлийг хайж дискийг удаан хугацаагаар ашиглах ба тэр хэмжээгээр батерейны цэнэг хорогдоно гэсэн үг. Тиймээс дискээ байнга дефрагментлэж доторх тасарсан өгөгдлийг нэгтгэж байх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй эцсийн дүндээ батерейг чинь хэмнэх нь байна. (Мэдээж энэ үйлдлийг үндсэн тэжээлд холбосон үед гүйцэтгэх нь ойлгомжтой!)

Mac OSX үйлдлийн системүүд нь фрагментчлэлийн автомат үйлдлүүдтэй байдаг тул энэ арга Apple системд хамаарахгүй байж болох юм.

ron_com02

2. Дэлгэцийн гэрэлтэлтийг бууруулах - Ихэнх ноутбуукууд дэлгэцийн гэрэлтэлтээ бууруулах боломжтой байдаг. Зарим нь бүр процессор түүний хөргүүрийн бүтээмжийг өөрчлөх боломжтой ч байна. Энэхүү гэрэлтүүлэг, процессор, ашиглагдаж буй хөргүүрийн чадал заргийг бууруулах нь батерейны чинь ажиллагааны хугацааг зохих хэмжээгээр уртасгана.

3. Давхар ажиллаж программын тоог цөөлөх - Itunes, Desktop Search гэх мэт ер нь процессорыг зохих хэмжээгээр ачаалж буй онц шаардлагагүй ямар ч программыг хааж байх. Нэгэнт процессор ачаалалтай байна гэдэг нь батерейг чинь тэр хэмжээгээр иднэ гэсэн үг.

4. Нэмэлт devices-ыг унтраах - Ноутбуукны батерейгээр цэнэг авч ажиллах USB төхөөрөмж device (үүнд хулгана & WiFi адаптер гэх мэт)-ийг ашиглаагүй үед салгах, унтраах.

5. RAM нэмэх- Санах ойн хэмжээг өсгөх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй батерейг хэмнэхэд чухал нөлөөлнө. Учир нь үйлдлийн систем физикал санах ойгоос давсан том хэмжээний программыг ачаалах үед хатуу дискэн дээр нөөцөлсөн виртуал санах ойг ашиглаж эхлэх ба тэр хэмжээгээр дээр өгүүлсэнчлэн хатуу диск нь батерейн цэнэгийг "идэж" эхлэх юм.

6. CD/DVD биш хатуу дискийг ашиглах - CD/DVD уншигч нь хатуу дискээс хамаагүй илүү цахилгаан зарцуулалттай. Тиймээс байнга ашигладаг CD/DVD-гээ виртуал диск болгон хатуу дискэн дээрээ хадгалж авах нь зүйтэй.

7. Батерейн контактийг цэвэр хадгалах - Ноутбуук компьютер болон батерей хоёрын цэнэг дамжуулалцах металл контактыг цэвэрлэгээний спирт шингээсэн даавуугаар байнга цэвэрлэж байх. Ингэснээр цэнэг алдагдалгүй үр дүнтэй дамжуулагдах болно.

8. Батерейгээ арчлах - Цэнэглэгдсэн батерейг удаан хугацаагаар ашиглахгүй орхихоос зайлсхийх хэрэгтэй. Мөн Li-On төрлийн батерейг суутал нь цэнэг алдуулах нь сайн биш.

9. Hibernate-ийг standby-ийн оронд хэрэглэх - Хэдийгээр ноутбуукийг standby горимд оруулах нь зарим талаар цахилгаан хэмнэх, мөн нэн даруй ажлын горимд оруулах давуу талтай байх боловч ноутбуукийг батерейгаар ашиглаж байгаа үед hibernate горимыг ашиглах нь зүйтэй. Hibernating горим нь таны ажиллаж байх үеийн тохируулгыг хадгалахын зэрэгцээ компьютерийг бүрмөсөн унтраадгаараа цахилгаан хэмнэлтийн хувьд standby горимоос хамаагүй илүү.

10. Ажиллагааны температурыг бууруулах - Таны ноутбуук халалт ихтэй ажиллах тусам энергийн алдагдал их байна. Тиймээс ноутбуукээ шууд нарны тусгалгүй газар, тэгш гадаргуу дээр байрлуулж ажиллуулахын зэрэгцээ процессорын хөргөх системийн нүх сүвийг элдвийн зүйлээр хааж бөглөхөөс болгоомжлох хэрэгтэй.

11. Power options-ийг тохируулах - Үйлдлийн системийн Control panel тохируулгаас ‘Power Options’ цэс рүү орж ажиллагааны үе дэх батерейд зориулсан цахилгаан зарцуулалтыг тoхируулах. (‘max battery’ for maximum effect" тохируулгыг сонгох).

12. Ноутбуукээ зөв ашиглах - Үүнд зарим программ эцсийн дүндээ батерейд өөр өөрөөр нөлөөлдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь email шалгах, word дээр ажиллах зэрэг үйлдлүүд нь тоглоом тоглох болон DVD кино үзэхээс харцангуй бага цахилгаан зарцуулна. Тиймээс батерейгээр ажиллаж буй үед та өөрөө ухаалгаар хэрэглээгээ тохируулах нь байна.