Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм. Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна.
Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо “Hi Немо” хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн харахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.
Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.
Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.
Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.
Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай нүдээ том болгочихсон, амаа ангайчихсан сууж байв.
Гэтэл хэн нэг нь “Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна” гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад “Энэ миний эх орон” хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.
Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
....
Өнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
....
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь...?
БИЕЛЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ
Өнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна.
Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ.
Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ. Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.
Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ.
Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!
Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст
No comments:
Post a Comment