Жорж Орвеллийн 1944 онд бичсэн "Амьтны ферм /Animal Farm/" гэх бэсрэг зохиолыг олж уншаад мал, амьтдын төрөлхийн зан чанар дээр үндэслэн бичсэн улс төрийн энэхүү егөөдөл бүхий номд: эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь жигшмээр муухай зүйл болон хувирах хүртлээ хоосон урианаас цаашгүй зүйл болж, амьтдын өөрсдийнхөө төлөө хийсэн тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж, нийгэм бүхэлдээ гахайнуудаар удирдуулсан харгис дэглэм болж байгаа; эрх тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг; тэдгээрээс эрх ямбаа урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон хүлцэнгүй зан авир ямар их боломж олгодог тухай өгүүлсэн нь өнөөгийн монголчууд бидний улс төр, нийгмийн дүр төрхийг шууд хуулаад тавьчихсан мэт санагдаж билээ.
Амьтад ирээдүйгээ өлсөглөн хийгээд ташуураас ангид, бүгд тэгш эрхтэйгээр төсөөлж, хүчтэй нь сул доройгоо хамгаалдаг тийм нийгмийг бий болгохыг хүссэн байна. Гэтэл "Ямар ч амьтан бусад амьтнаа алж болохгүй" гэж байсан хууль нь "Ямар ч амьтан бусад амьтнаа учир шалтгаангүйгээр алж болохгүй" хэмээн өөрчлөгдөж, тэр учир шалтгаан нь гахайнуудын тайлбараар ойлгогддог болов. Тэд ямар учраас анх бичсэн хууль нь өдөр бүр аажмаар өөрчлөгдөж, гахайнуудын заавраар газар сайгүй архирах ноходын хяналтан дор үг хэлэх эрх нь хумигдах болсныг, мөн буруугүй ч буруутгагдан ойлгомжгүй байдлаар хэрэгт яагаад унадаг болсноо мэдсэнгүй. "Бүх амьтан тэгш эрхтэй" гэсэн зүйлийх нь төгсгөлд хэзээ ч юм бэ "...боловч зарим амьтад илүү эрхтэй" гэж нэмж бичээд энэ илүү эрхийг гахайнууд эдэлдэг болсон байв. Гэхдээ хамгийн харамсалтай нь үүнийг мэдээд ч амьтад цочиж, хачирхасангүй. Тэд ийм л байсаар ирсэн, ийм л байх ёстой мэт харж байлаа. Үнэндээ тэдний тэмцлийн зорилго мартагдан алдарч, амьтад өмнө ямар байсан одоо ямар байгааг харьцуулах чадваргүй болжээ. Нэг үгээр фермийн түүх гахайнуудын хүссэнээр засварлагдаж, нэг мэдэхэд хувьсгал хийгчид нь дайсан, эрүүл саруул сэтгэгчид нь урвагч болсон байв. Амьтад гахайг "гахай" гэж дуудахаа ч аль эрт больж. Тэд түүнд хандахдаа үргэлж албан ёсоор "Манай гарамгай удирдагч, нөхөр ..." гэцгээхийн сацуу тойрон хүрээлэгчид нь түүнд зориулж "Бүх амьтадын эцэг", "Муу муухайг даран сөнөөгч", "Хонийг хамгаалагч", "Нугаснуудын дотно нөхөр" гэх мэт цол гуншин бодож олон, түүний мэргэн ухаан, уян зөөлөн сэтгэл, мөн газар газрын амьтад, тэр дотроо дарлагдаж, боолчлогдож байгаа ядуу зүдүү амьтдыг хайрладаг их хайрынх нь тухай өдөр шөнөгүй сурталчилна. Тиймээс тэнд нэг тахай нөгөөдөө "Манай удирдагч, нөхөр гахайны заасны дагуу би долоо хоногт долоон өндөг дарсан" гэж хэлэхийг, эсвэл шалбаагны ус уугаад ихэд сэтгэл ханамжтай байсан хоёр үнээ "Нөхөр гайхан удирдсаны ачаар энэ ус ямар сайхан амтагдаж байна аа" гэж дуу алдахыг сонсох нь гайхаад байх зүйл биш бөгөөд ферм дэх ерөнхий сэтгэгдэлийг гахайнд зориулан зохиосон "Магт дуу"-гаар илэрхийлэхэд л хангалттай.
Тэр дуу нь:
"Өнчирч үлдэгсдийн эцэг, Аз жаргалын булаг, Тэнгэрийн наран мэт, Нөхөр удирдагч! таны өгөөмөр сэтгэлийн ачаар..." эсвэл
"Нөхөр удирдагч! Хэрэв би зулзагатай бол, Түүнийгээ том болтол өсгөнө, Тэр маань анх хэлд орохдоо, Нөхөр удирдагч хэмээн таны нэрийг дуудах болно" гэх мэт утгатай.
Амьтад өмнөх дарангуйлагчдын ноёрхолыг унагаах гэж тэмцэхдээ ийм эмгэнэлтэй ядмаг зорилго тавиагүй бөгөөд гахайнуудын дарангуйлал, басамжлал нь тэднийг эрх чөлөөний тэмцэлд дуудсан тэр өдрийн төсөөлж байсан зүйл нь биш байлаа. Гэвч яагаад эрх чөлөөний төлөөх тэмцэл нь дахин нэг шинэ дарангуйлагчыг гаргаж, тэдний хувьд юу нь яачихаад байгааг ойлгох чадвар аль хэдий нь үгүй болсон байв.
Харин бидний хувьд...
1990 оноос ардчилал руу тэмүүлэн, хуучин улс төрийн тогтолцоо, түүний сэтгэлгээний хэв маягийг өөрчлөх гэж тэмцэхдээ бид өнөөгийнх шиг өөрсдийгөө дархалчихсан эрх дархтнуудын шинэ ангийг бий болгох ийм зорилго тавиагүй. Сүржин уриа, нүсэр шоугаараа ард түмний амьдралыг орлуулдаг; хүчирхийлдэг, ялгаварладаг, хонзогнодог байдлаараа иргэдээ айлгаж ичээдэг; бие биенээ магтаж, өөрсөддөө таалагдсан шалгуур номинациар өөрсдийгөө шагнаж дөвийлгөдөг; сонгуулийг ч бас өөрсдөд нь зориулсан, ганц сонголттой ёслолын үйл ажиллагаа гэж бодон, санаснаас нь өөр үр дүн гарахтай зэрэг зөвшөөрөхгүй, ийм байх ёсгүй хэмээн бачимдаж, сонгуулийг будлиантуулж, сонголтыг улайран засварладаг; албан тушаалдаа насаараа хадагдсан мэт дөвчигнөж, сандал ширээгээ угсаа залгамжлуулах шахсан ийм лидерүүдийг /эздийг/ бид хүсээгүй. Тэд яг л Жорж Орвеллийн "Амьтны ферм"-д гардаг гахайнууд адил. Энэ бол бидний ардчилалд хөл тавихдаа төсөөлж байсан зүйл биш. Сүүлийн арав гаран жилд ард түмний сонголт эцсийх, түүний хүч, эрх мэдэл дээд, үүнийг өөрчлөх үгүйсгэх аливаа зүйл, ямарваа хэлбэрээр байх ёсгүй хэмээн тогтож асан иргэдийн дотоод итгэл үнэмшил, ардчиллын ёс зүй, Үндсэн хуулийн зарчим өнөөдөр эвдэгдэн, хөсөрдөж байна.
Гэхдээ монголын ард түмэн муйхар дүртэй, зандачсан өнгөтэй, хэт өргөмжлөгдсөн эрх мэдлийн хэнээтэнгүүд /харамсалтай нь энэ улс төрчдийн маань үндсэн дүр төрх болчих гээд байна/-ийн бодсон шиг "Амьтны ферм"-ийн амьтад лугаа болхи, мулгуу, харалган биш ээ. Үүнд би итгэдэг. Тийм бус байгаасай ч гэж найддаг. Үүний учир нь би "Монголын ардчилал"-ыг ардчилагч нэртэй ашиг хонжоо хайгчдын амьдралаа өөд татах хэрэгсэл нь, нөгөө талаар зэрэмдэглэгдэж булингартсан ардчиллыг цэвэрлэж тордохоос илүүтэйгээр ард түмэнд айдас болгон үзүүлж хуучнаа сэргээхийг эрмэлзэх өгөршиж үхжирсэн улс төрийн хүчний буцаж сэргэх амин тариа болгочихгүй байлгахыг хүсэж байна.
Эцэст нь хэлэхэд лидерүүдийг хүндэтгэнэ гэдэг бол мэдээж эерэг зүйл. Тэднээс сур, тэднийг ажигла, тэднийг судал бас сурга. Харин тахин шүтэж болохгүй. Тэгвэл тэд фермийн шинэ эзэн, харгис хомхой "гахай" л болж хувирна
No comments:
Post a Comment