Бид хөлтэй нийслэлд Ленинээ залдаг. Хөдөө арал руу Чингисээ цөлдөг. Бид Сүх жанжнаа Наран улс руу гараа сунгасныг нар луу гараа сунгасан гэж далан жил эндүүрсэн. Нацагдорждоо хөнгөрөх боловсон "ВС" талбай дэрлүүлж барьж өгсөн. Бид баавгайн амнаас барын аманд орсон. Эх орон бидэнд элгээ шаахад хэрэг болдог. Элгээ шаасаар бид элгээрээ явцгаадаг. Бид хулгайчдаа нэгдор хорьсноо шорон, худалчдаа нэг дор хашсанаа парламент, хуульчдаа нэг сүлдэнд нэгтгэснээ авилгалчид хэмээмүү. Бид ухаарах гэж ийнхүү хадуурна. Уярах гэж бүр галзуурна. Унтахдаа зүүдэлснээ мөрийн хөтөлбөр гэж тунхагладаг. Уйдахдаа дугуйлснаа манай нам яллаа гэж хөөрдөг. Ар шандын усыг Архангайн айргаас илүүд үзнэ. Алтаар өөрийгөө зорж, мөнгөөр өөрийгөө бүрэх бодолтой. Ардын банкаа идчихээд Азийн банкийг сонирхож байгаа. Азийн банкийг идчихвэл Америкийн банк гэж цаана нь бас байгаа. Бид унтах гэж театрт ордог. Уух гэж оршуулгад очдог. Бид шар сониноор "шар сэмжлэх"-ээ заалгасан. Шагийн архиар шараа тайлж наалгасан. "Ар хөвч"-ийг хадаахад "Ар хөвч"-гүй Өлгийнхөн маньд атаархнам зэ! Манайд тагнуулын төв газрын морь айрагдаж, тахир дутуугийн групптэн начин болдог. Түрүү айраг авсан хүлгээ дор нь зарчихаад, түрийвчтэй гурван саяараа гудамжны сэвгэр авч унах бол энүүхэнд. Бид гадаадын хогоор дотоодоо дүүргэснээ зах зээл, Гандангийн хонхны дууг Цогтсайханы "Хонхны дуу"-тай эндүүрснээ ардчилал гэнэм. Бид далан давхар санааг ухах байтугай дан ил юмнаас сэрнэ гэж үгүй. Урд нь хонио хойш гаргадаг. Улаан-Үдийн мах комбинатын даргыг Волков гэдэг байв даа. Өдгөө ноосоо өмнөт рүү гаргадаг. Өвөрлөгчийн компанийн захирлыг Ноост гэдэг болж. Бид гаднаас хагалснаа дотроо нуудаг. Дотроосоо хагалснаа гаднаас нь наадаг. Манай оюутнууд Япон хэлийг Буриад хэл шиг дор нь сурах мөртлөө Явуухуланг бугын чив зардаг хулгайн анчин гэж итгэдэг. Ванган Чимид хоёрыг скаутууд Вандан Дуламсүрэн шиг эхнэр нөхөр гэж боддог. Манай бакалавр, магиструуд Инжинаашийг Ринчентэй, Рембрандтыг Риббентроптой, Шварднадзег Шимпанзетэй, Сара Бернарыг Сембернартай эндүүрдэг. (Үүнийг би хэлээгүй юм шүү) Сонгуулийн хайрцаг руу саналаа нууцаар шургуулах шиг халаалтын цооног руу хамаг архичдаа нуухыг яана аа. Тиймээс манай боссууд дээш цойлсон арван таван өрөөнд, манай ядуус доош цоолсон арван таван километр өргөөнд залардаг. Англиар бид "ноу проблем" гэж хэлж сурцгаасан ч албан газраа олохгүй гудамжинд төөрцгөөдөг. Америкийн зэрлэг киног урлаг гэж унацгаадаг. Ах дүү Жоныг аврагч гэж сунацгаадаг. Бид Гегелийг Гогольтой, Фрейдийг Хүнс Трейдтэй, Марксыг Макс Импексийн захиралтай эндүүрнэм. Бид толгойтой гэдгээ толгойн эм ууж байж мэддэг. Олгойтой гэдгээ харин хэнээр ч заалгахгүй. Том дээл эсгүүлж, тоногтой бүсээрээ зодолдоцгоодог. Яагаад гэвэл бид Чингисийн үр сад аа!
Thursday, September 13, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment