Tuesday, September 11, 2007

Кип Стивен Торн : Хар нүхээр аялахуй-2

Сэтгэл догдлол чинь намдаж, роботын эмгэнэлт төгсгөлд харамссан уй гашуугаа дарсны дараа та бичиж авсан өгөгдлүүдэд анхаарлаа дахин хандуулна. Тэдгээрт, лазерын цацрагийн өнгөний өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл агуулагдсан байгаа. Та, гэрэл бол цахилгаан соронзон орны хэлбэлзэл гэдгийг, мөн түүний өнгө болгон өөрийн харгалзах долгионы уртаар тодорхойлогддог гэдгийг мэднэ. Анхлан ирж байсан ногоон өнгөт цацрагийн долгионы урт нь ойролцоогоор 5*10-4 см бөгөөд өнгө улаан болох тусам түүний долгионы урт ихэсч байв. Бичлэгт, долгионы уртын энэхүү өөрчлөлтийн түүхийг үзүүлсэн байгаа.
Бичлэгээс харахад, Р3Д3-ыг унаж байхад таны хүлээн авч байсан цацрагийн долгионы урт эхлээд тун удаан, харин дараа нь улам хурдан, хурдан өөрчлөгдөж байжээ. Гэтэл 4 дахин ихэссэний дараа (2*10-3 см хүртэл) түүний өөрчлөгдөх хурд гэнэт тогтмолжиж, тэгснээр долгионы урт 3.5*10-5 с тутамд 2 дахин нэмэгдэх болсон байна. 28 удаа ингэж нэмэгдсэний эцэст (эсвэл 9.8*10-4 с-ийн дараа) долгионы урт 5 км-т хүрч, хөлгийн чинь хүлээн авах системийн дохио бүртгэх хязгаарт тулжээ. Гэсэн ч долгионы урт цааш нэмэгдсээр байсан гэж үзэх нь зүйтэй. Тиймээс долгионы урт эцэстээ хязгааргүй болж, бас хар нүхний хаяа орчмоос маш сул, урт долгионтой дохионууд цацагдсаар байсан биз ээ.
Энэ чинь юу гэсэн үг вэ? Р3Д3 хаяаг даваагүй, ер нь хэзээ ч ингэж чадахгүй хэрэг үү? Огтхон ч үгүй. Хамгийн сүүлд цацагдсан байх ёстой, олон дахин ихэссэн долгионы урттай тэдгээр дохионууд хар нүхний таталцлын орны “тэврэлтээс” хязгааргүй удаанаар “сугарч” гарч ирэх болно. Харин Р3Д3 өөрөө олон минутын өмнө хар нүхний хаяаг гэрлийн хурдаар давсан байна.
Роботоос авсан мэдээгээ олон цагийн турш судалж, мөн хүчээ сэлбэхийн тулд сайтар унтаж амарсны эцэст та судалгааныхаа дараагийн шатанд орно.
Энэ удаа та хар нүхний хаяаг өөрийн биеэр, гэхдээ өмнө нь өөрийн илгээсэн роботыг бодвол тун болгоомжтой судлахаар шийднэ. Та чөлөөт уналт хийхийн оронд алхам алхмаар доошлохоор төлөвлөжээ.
Багийнхантайгаа салах ёс хийгээд буугч аппаратанд сууж, хөлгөөс сална. Эхлээд тухайн тойрог замдаа байж байгаад хөдөлгүүрээ асааж, бага зэрэг тоормослон тойрох хөдөлгөөнийхөө эрчийг сааруулна. Ингэснээр та өөрийн орбитоос гарч, нэг орбитоос нөгөө рүү шилжсэн ороонго (спираль) хөдөлгөөнөөр нүхний хаяанд ойртож эхлэх болно. Таны зорилго бол нүхний хаяатай бараг адил (үл ялиг их) урттай тойрог замд очих явдал юм. Нэгэнт ороонго хөдөлгөөн хийж буй учраас таны тойрог замын урт 1 саяас 500 мянган км, дараа нь 100 мянга, 90 мянга, 80 мянган км, ... гэх мэтээр алгуур багасна. Ингэж байтал тун хачирхалтай зүйл өрнөж эхэлнэ.

Хөлөг дотроо, жингүйдлийн нөхцөлд байхдаа та хөлөөрөө хар нүх рүү, толгойгоороо гадагшаа, одод руу чиглэсэн байрлалтай байсан гэе. Гэтэл хэн нэгэн таныг хөлнөөс чинь доошоо, толгойноос чинь дээшээ татаж эхлэхийг та мэдрэх болно. Та, үүний шалтгаан нь хар нүхний таталт юм, хөл бол толгойгоо бодвол түүнд арай ойр учраас илүү татагдаж байна гэдгийг дор нь ухаарна. Үнэндээ Дэлхий дээр ч гэсэн ийм байдаг боловч хөл ба толгойны татагдах хүчний зөрөө маш өчүүхэн, 10-6-аас бага тул хэн ч анзаардаггүй юм. Харин 10*Мнар масстай хар нүхний дээгүүр 80 мянган км-ийн урт тойрог замаар хөдөлж буй танд дээрх зөрөө хангалттай мэдрэгдэнэ. Учир нь түүний хэмжээ дэлхийн хүндийн хүчний 1/8-тэй тэнцэхүйц (1/8 g) болсон байна. Тойргоор эргэлдэх хөдөлгөөн хийж байгаагийн улмаас үүссэн төвөөс зугатах хүч хар нүхний татах хүчтэй тэнцэж, та жингүйдэлд орсон боловч таны хөлд нэмэлт 1/16 g үйлчилж, харин төвөөс зугатах хүч толгойг чинь эсрэг чиглэлд мөн л 1/16 g хүчээр чангаах болно.
Бага зэрэг гайхшираад та ороонго хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боловч тун удалгүй санаа зовж эхэлнэ. Учир нь тойрог замын урт багасах тусам таныг чангаагч хүчнүүд эрчимтэйгээр ихэснэ. Тойрог замын урт 64 мянган км байхад хүчний зөрөө 1/4 g, 51 мянган км байхад 1/2 g болох ба 40 мянган км болоход Дэлхийн хүндийн хүчтэй тэнцэнэ. Тойргийн урт 25 мянган км байх үед татах хүч бүр 4 g буюу Дэлхий дээрх хүндийн хүчнээс 4 дахин их, харин 16 мянган км-т 16 g болно. Босоо байдалд та дахин байж тэсвэрлэхгүй болсон учраас биеэ хүрмээр орж, хөлөө эвхэн үйлчлэх хүчний зөрөөг багасгахыг оролдоно. Гэвч түүний хэмжээ нь нэгэнт асар их болсон тул таныг буцаагаад босоо байдалд чинь татаж оруулна.
Ямар ч үйлдэл хийсэн тус болохгүй. Хэрэв ороонгоор хөдөлсөн хэвээрээ л байвал таны бие тасар татуулах болно. Тиймээс нүхний хаяанд хүрэх ямар ч найдвар алга аа...
Та аймшигтай өвдөлтийг шүд зуун давсаар буугч аппаратаа зогсоож, эхлээд тогтвортой тойрог замд гарган, дараа нь алгуурхан, болгоомжтойгоор өргөссөн ороонго хөдөлгөөн хийсээр хөлөгтөө хүрнэ.

Ядарч туйлдсан амьтан ахмадын өрөөнд арай гэж ороод, хөлгийн компьютерт бүх бэрхшээлээ илтгэнэ. “Тайвшрагтун, тайвшрагтун. Мэдээж таны бухимдах чинь аргагүй. Гэхдээ та өөрөө л буруутай. Нислэгтээ бэлдэж байхад чинь танд толгойноос хөл рүү чиглэсэн татах хүчний тухай сануулж байсан байх аа? Энэ чинь Дэлхий дээр бол далайн түрлэгийг үүсгэдэг тэр л хүчнүүд юм шүү дээ“ хэмээн компьютер хариулна.
Тэгвэл Р3Д3 робот яагаад таталтын хүчнүүдэд тийм тэсвэртэй байсан юм бэ? Энэ нь дараах 2 шалтгаантай гэдгийг та гадарлана. Нэгдүгээрт, роботыг дээд зэргийн бат бөх титан хайлшаар хийсэн, хоёрдугаарт, түүний хэмжээ хүнийхээс нэлээн бага байсан. Роботын өндөр гэхэд л 10-хан см байсан учир түүнд үйлчлэх таталтын хүч харгалзан илүү сул байж таарна.
Гэсэн хэдий ч нүхний хаяаг давсан тохиолдолд Р3Д3 таталтын хүчнүүд улам бүр л өсөн нэмэгдэх тийм муж руу нэвтрэх болно. Тэгээд 2*10-4 с-ийн дараа тэрээр орон зай-цаг хугацааны хязгааргүй мурийлттай, хязгааргүй татах хүчтэй, эмх замбараагүй (хаос) сингуляр төлөвтэй тулгаран, залгиулж, тасар татуулах байсан. Гэхдээ, хариуд нь робот өөрөө ч энэ сингуляр төлвийг урьдчилж хэлэх аргагүй байдлаар өөрчлөх ёстой байв.
Та, бүр 1965 онд английн физикч Р.Пенроус Эйнштейний ХЕО-ын хуулиудыг ашиглан ямар ч хар нүхэн дотор ийм сингуляр төлөв байх ёстой гэж батласныг, харин 1969 онд “оросын гурвал” хэмээгдэх Е.М.Лифшиц, И.М.Халатников, В.А.Белинский нар ийм сингуляр төлөв нь эмх замбараагүй байдалд оршино гэж тодорхойлж байсныг санана. Энэ бол хар нүхний талаарх онолын судалгааны “алтан үе” байлаа. Гэвч хар нүхэнд байх ёстой онцгой нэгэн шинжийг физикчид тэр үед анхаарлынхаа гадуур өнгөрөөж, зөвхөн таамаглах төдий орхижээ. Гагцхүү нэлээн хожим, 2013 онд хатагтай Абигаль Лайман хар нүхний сингуляр төлөв нь хэзээд нүхний хаяаны цаана, түүний дотор талд оршиж, гадны ажиглагчаас ямагт далдлагдсан байна гэдгийг нотолсон юм. Тиймээс сингуляр төлвийг судлахаар шийдсэн ажиглагч ямар ч тохиолдолд амь насаа алдах ажээ.
Ийм өндөр үнээр сингуляр төлөвтэй танилцахыг та мэдээж хүсэхгүй тул хар нүхний ойр орчмыг л судлаад болихоор шийднэ. Хар нүхний гадна талд, түүний хаяаны орчимд ч гэсэн сонирхол татсан олон үзэгдэл ажиглагдаж болзошгүйг та санана. Тэгээд юуны түрүүнд эдгээр үзэгдлийг судалж, судалгааныхаа үр дүнг Дэлхий рүү, Газарзүйн нийгэмлэгт илгээхээр шийднэ. Там хэмээгч энэ хар нүх хэтэрхий их таталтын хүч үүсгэж буй учраас түүний хаяанд хүрч очих боломжгүй ажээ. Гэхдээ ХЕО-оор бол хаяаны дэргэд таталтын хүч хар нүхний массын квадратаас урвуу хамааралтай байх ёстой. Нарнаас 100 мянга дахин их буюу Тамаас 10 мянга дахин масстай хар нүхний хаяаны дэргэд таталтын хүч нь 100 сая дахин сул байна. Өөрөөр хэлбэл ийм хар нүх тун “тохилог” байх ёстой юм...
Ийм учраас та Уиткомбын хар нүхний атласыг харж байгаад, хамгийн ойр орших 100 мянган Мнар масстай хар нүх рүү нисэхээр төлөвлөнө. Ийм хар нүх Тэнгэрийн заадасын (манай одот орчлон) төвд байрладаг...
Дээр өгүүлсэн түүх яг л уран зөгнөл шиг байна. Тодорхой хэмжээгээр бол үнэндээ тийм. Үнэхээр Нэхэгч эхнэр одны дэргэд 10*Мнар масстай хар нүх эсвэл Тэнгэрийн заадасын төвд 100 мянган Мнар масстай хар нүх байгаа эсэхийг би хэлж чадахгүй... Энэ бүгд зохиомол зүйл ээ. Бас хүн од хооронд нислэг үйлдэж чадах техник, технологийн хөгжилд хэзээ нэгэн цагт хүрнэ гэж амлаж чадахгүй нь.
Нөгөө талаас би, хар нүхнүүд манай Орчлонт Ертөнцөд үнэхээр оршиж, дурдагдсан шинж чанаруудыг агуулж байдаг хэмээн магадтай (маргааш Лос-Анжелес газар хөдлөлтөөс болж сүйдэхгүй гэдэгт итгэдгийн адил) хэлж чадах байна…
Яагаад би ийм итгэлтэй байна вэ? Би чинь хар нүхийг хэзээ ч хараагүй шүү дээ. Ер нь хэн ч хараагүй. Одон орончид хар нүхнүүд оршин буйг баталсан шууд бус нотолгоонуудыг л олсон. Тэгвэл би юуны учир энэ талаар ийм зоригтой ярина вэ? Шалтгаан нь тун энгийн. Хар нүх оршин байх ёстой гэдгийг физикийн хуулиуд ямар ч эргэлзээгүйгээр зааж байгаа юм. Физикийн хуулиудаас хар нүхний бүх шинж чанарыг (хаяаны гадна талаас) гаргаж болно.
Тэгвэл би яагаад физикийн хуулиудад ингэж итгэнэ вэ? Яагаад гэвэл эдгээр нь Дэлхий дээр болон Нарны аймагт хийсэн олон зуун, мянган туршилт, ажиглалтын үр дүнг тайлбарлахад, урьдчилж хэлэхэд тун үр дүнтэй байсан болохоор тэр.
Харин Нарны аймагт тийм сайн “ажилладаг” эдгээр хууль од хоорондын, бас галактик (одот орчлон) хоорондын орон зайд мөн үйлчилнэ гэж үү? Би үүнд итгэлтэй байна. Учир нь манай өөрийн ба бусад одот орчлонгийн талаарх нарийн судалгаанууд бидний мэдэх физикийн хуулиуд зөрчигдөж байгаа тохиолдлуудыг ер илрүүлж байгаагүй юм.



Сүүлийн 20 жил би хар нүхний тухай бидний өнөөгийн төсөөллийг бий болгосон онолын судалгаануудад оролцож, хар нүхийг ажиглалтаар олж тогтоох ажил хийж байсан. Энэ үйл хэрэгт миний оруулсан хувь нэмэр их биш ч мэргэжил нэгт нөхөд болох физикчид, одон судлаачдын хамтаар эрэл хайгуул, судалгаа шинжилгээнээс сэтгэлийн таашаал авч, хүний оюун ухааны чадвар, боломжоор бахархаж байсан билээ…

Орчуулсан Б.Алтанхүү (МУИС, ФЭС)

No comments: