БНХАУ нь хүн амынхаа тоогоор төдийгүй тус улсын газар нутагт амьдардаг үндэстэн ястныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хамгийн сүүлд явуулсан бүх Хятадын хүн амын тооллогоор 56 үндэстэн амьдардаг болох нь тогтоогджээ. Тэдний нэг нь монголчууд юм.
БНХАУ-ын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах орон нь 1.2 сая ам.дөрвөлжин газар нутагтай, 25 сая хүн амтай. Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг. Нийслэл Хөх хот нь 1575 онд байгуулагдсан бөгөөд хожим Өвөр Монголын (Дотоод Монголын) нийслэл болсон. Түүхчдийн тэмдэглэснээр Түмэн газрын цагаан хэрэмнээс хойшхи нутгийг нүүдэлчдийн буюу Монголын нутаг хэмээсээр иржээ. Хятад Манжийн түрэмгийлэлд автахад Хятадын нэг хэсэг болгон Өвөр Монгол хэмээн нэрлэх болсон гэдэг.
XX зууны эхээр Монгол даяар өрнөсөн харийн дарангуйлагчдаас эх орноо чөлөөлөх хөдөлгөөн гадаад , дотоод Монгол гэсэн хоёр хэсэгт хуваагдахад багагүй нөлөөлсөн хэмээн түүхчид бичсэн байдаг. XX зууны эхээр дотоод монголчууд Богд хаанд Монголыг нэгтгэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Үүний хариуд Богд хаан дотоод Монголыг чөлөөлөхийн тулд цэргээ илгээж байжээ. Харамсалтай нь, 1915 онд Хиагтад болсон Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрээр Монголыг нэгтгэхийг хүлээж авсангүй. Ийнхүү дотоод, гадаад хоёр Монголыг нэг болгох гэсэн бас нэгэн оролдлого бүтэлгүйтэж дотоод Монгол Хятадын нэгэн хэсэг болжээ. Гэсэн хэдий ч өвөр монголчууд энэ хүсэл зорилгоосоо няцаагүй бөгөөд нэг тод жишээ нь япончуудын дэмжлэгээр харийн дарангуйллаас ангижрах зорилгоор гүн Дэмчигноров эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлсэн байна. Тэрээр 1949 он хүртэл Монголыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцсэн юм. Дэлхийн II дайны төгсгөлөөр буюу 1945 оны наймдугаар сард Зөвлөлт, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэргүүд дотоод Монгол, Хятадыг Квантуны армиас чөлөөлсөн юм. Тухайн үед ч энэ асуудал дахин хөндөгдсөн боловч тэр үеийн нөхцөл байдлын улмаас чадаагүй юм. Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь Зөвлөлт тэр дундаа, Сталины нөлөө, 1915 онд байгуулагдсан Хиагтын гэрээний заалт гээд олон шалтгаанаас болж дотоод Монголыг эргүүлж нэгтгэж чадаагүй аж. Ингээд 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр дотоод Монгол нь Хятадын засаг захиргааны нэгж болсон тухай албан ёсоор зарласан билээ.
Дотоод Монголын 25 сая хүн амынх нь ойролцоогоор 79 хувь нь хятад, 17 хувь нь монгол, 2.14 хувь манжуур, 0.09 хувь солонгос, 0.02 хувь оросууд аж. Түүнээс гадна эвенк, дагуур, дунган зэрэг үндэстэн амьдардаг юм.
Өнөөдөр Өвөр Монгол
Хятадад төдийгүй дэл-
хийд үнэт металл, орд газраараа тэргүүлж байна. Тодруулах юм бол Дэлхийн үнэт металлын орд газрын 50 хувь тус нутагт байдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын тэргүүн Ян Цин хоёр дахь том хот гэгдэх Баотоу (Бугат)-гийн ойролцоо үнэт металл олборлолтын үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Ингэснээр олборлолт эрс нэмэгдэх юм. 2001 оны судалгаагаар нэг жилд 46.600 тн үнэт металл олборлодог аж.
Өвөр Монгол нь найман аймаг, нэлээд том дөрвөн хот, хошуутай эн зэрэгцэх 15 хот, 17 хошуу, 49 сум, есөн автономит сумтай. Хятадын найман мужтай хил залгана.
Өвөр Монголын өөртөө засах орны ардын Засгийн газрын дарга нь Ян Цин. Дашрамд дурдахад, энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ой болж буй юм. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн наймдугаар сард Хөх хотод Хятадын үндэсний үйлдвэрлэлийн анхны яармагийг зохион байгуулжээ. ӨМӨЗО байгуулагдсанаас хойш тэнд анх удаа төрийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулсан нь энэ аж. Түүнээс гадна энэ ойг тохиолдуулан Хятадын Төв банкнаас тусгай зоос гаргасан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй зонхилсон хүн амынх нь дийлэнх хэсэг малчид, газар нутгийнх нь хоёрны гурав нь бэлчээр. Тиймээс ч Хятадууд Өвөр Монголыг “бэлчээрийн эзэнт гүрэн” хэмээн нэрлэдэг байжээ. Харин өнөөдөр байдал огт өөр болсон. Улаан буудай, эрдэнэ шиш, наранцэцэг тарьж газар тариаланг түлхүү хөгжүүлэх бодлогыг Хятадын Засгийн газраас явуулж байна.
Өвөр Монгол хөгжиж байгаа тухай мэдээллийг Хятадын хэвлэл мэдээллээр байнга цацдаг. Хамгийн сүүлд гэхэд ӨМӨЗО-д дэлхийд нэртэй хамгийн дээд зэрэглэлийн “Sheraton” зочид буудлын салбарыг байгуулахаар болсон тухай мэдээлсэн. “Sheraton Hohhot Hotel” нь дотроо гурван зоогийн газартай, хэвлэлийн бага хурал, биеийн тамирын танхим, усан сан зэрэгтэй байх гэнэ. Хөх хотын олон улсын нисэх онгоцны буудлаас 20 минут яваад хүрэх зайтай байрлах бөгөөд 2009 он гэхэд ашиглалтад орох юм байна.
Гэхдээ Өвөр Монголд тулгамдсан асуудал нэлээд байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Тэдний нэг нь цөлжилтийн асуудал бөгөөд сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эрх баригчид нэлээд анхаарал хандуулж ирсэн. Өнгөрсөн зургадугаар сард ӨМӨЗО-ы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Экологийн олимп 2008” нэртэй өргөн хүрээг хамарсан арга хэмжээ авч түүнийг хэрэгжүүлж, цөлжилтийг зогсоохын тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаа гэнэ. Өвөр Монголд цөлжилт нүүрлээд байгаа нь бүс нутгийн байгаль, эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй Бээжинд хүртэл сөрөг үр дагавартай байгаа. Өвөр Монголын газар нутгийн 35 хувь нь элсэнд дарагдсан тул түүнтэй тэмцэх арга хэмжээг улам эрчимжүүлэхээс өөр арга байхгүй. БНХАУ-ын төрийн үндсэн таван хэл, мөнгөн тэмдэгт бичиг соёлынх нь бэлгэдэлд багтдаг ӨМӨЗО-ы тухай товч өгүүлэхэд ийм байна.
Юмсүрэнгийн Дэлгэрмаа
Monday, September 3, 2007
Өвөр Монгол
Posted by Ганбаатар at 8:13 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment