Tuesday, September 4, 2007

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ХАЙРЛАСАН ШИГ ХАЙРЛАЯ

ёж зөвлөмж/

Нийтлэг үндэслэл
Эрхэм хүндэт ерөнхийлөгч маань Хүйтэний оргилд гарсныг наян настай буурлаас найман настай балчир хүртэлх нийт ард түмэн зун намаржингаа үзэж, баярын нулимсаа хайр гамгүй унагааж байсан, одоо ч унагаасаар байгаа. Хилийн цэргийн нэгэн хурандаа бүр цурхиртал уйлсан. Үнэнч шадар сайд Энхсайхан нь бас баярын нулимс унагаасныг бүх телевизүүд цацсан.
Энэ бүхэн сайшаалтай хэрэг боловч бас чамлалтай. Нэг муу хурандаа биш генералаас дээш цолтой хүнийг уйлуулах нь зүйтэй. Эрхэм ерөнхийлөгч маань дан ганцхан Уулын спортын мастер байх нь тэр том хүний хувьд дэндүү ичмээр!
Ингээд би эрхэм ерөнхийлөгчөө улам их хүндлэн хайрладгаа харуулж өөр олон спорт, мэргэжлийн салбарт мастер болгох зөвлөмж гарган мөрдүүлэх санал тавьж байна.
Нэгдүгээр зүйл: Марафон гүйлт
Уулын спортыг бодвол марафон гүйлтэд ерөнхийлөгчийг түрүүлүүлж, мастер болгох нь нэн адармаатай хүнд ажил. Учир юу гэвэл дайсны талын намынхан Африкийн Кениэс адуу шиг хурдан харуудыг олноор хөлслөн авчирч, хайрт ерөнхийлөгчийг маань тоосоор булж, нүдний булай болгон хар пий аар хийх шууд аюул заналхийлнэ. Тийм учраас цэвэр Африк цусны болоод эрлийз гүйгчдийг марафон гүйлтэд оролцуулахгүй байх тухай хуулийг нэн яаравчлан батлахыг нөхөр Нямдоржид үүрэг болгох зайлшгүй шаардлага урган гарч ирнэ.
Гүйлтийн замд тужид нь Улаанбаатар хивс дэвсээд маш нямбайлан арчиж цэвэрлэсэн байна. Замын километр тутамд хилийн цэргийнхэн амралт сувиллын бааз байгуулж, ерөнхийлөгчийн алжаал ядаргааг тайлж, массаж хийн, саунд суулгаад, Супер цэвэр усаар цангааг нь тайлаад цааш явуулах бэлтгэлийг нэн шуурхай хангана. Шадар сайд болоод хоёр гурван эрхэм гишүүн нисдэг тэргэнд суун ерөнхийлөгчийгөө дагах ёстой.
Гүйлтийн зуун метр тутамд “Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо”-ны үнэнч гишүүн спортын мастер бахардан унана. Унаад тэрийн хэвтэж байснаа арай ядан өндийхөд нь “ТВ-9” телевизийн сурвалжлагч давуу эрхээр гүйн очиж ярилцлага авна.
Бахардан унасан мастер ярилцлагадаа: “Ерөнхийлөгч, хн аа, хн аа, дэндүү хурдан байна. Темпийг нь гавьяат мастер ч хүчрэхгүй” хэмээн ойлгомжтойгоор тайлбар өгөх ёстой. Гүйлтын сүүлийн нэг километр туйлын өрсөлдөөнтэй болох агаад ах дүүгийн барилдалгат Орос орноос ирсэн дэлхийн аваргууд бахардан унана.
Ингээд ерөнхийлөгч маань ард түмнийхээ нижигнэсэн алга ташилтын дор нэг гартаа төрийн далбаагаа намируулсаар барианд орох юм. Араас нь тэргүүн хатагтай гүйсээр ирснээ арай л барианд орж чадалгүй сөхрөн унаж үзэгчдийн хамрын самсааг шархируулна. Гүйлт өндөрлөсний дараа шүүгчдийн зөвлөл яаралтай хуралдаж ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёуланд нь хөнгөн атлетикийн спортын гавьяат мастер цол олгож байгаагаа сэтгэл догдлон зарлана.
Хоёрдугаар зүйл: Мэс засал
Мэс засал гэдэг тун нарийн чимхлүүр ажил. Тиймээс ерөнхийлөгчийн хуруу гарыг дасгаж бэлтгэл сургууль сайн хийлгэх хэрэгтэй. Мэс засалд орж байгаа өвчтөн нь эмзэг бүлгийн мөртлөө хэрийн юмыг даахаар эрүүл чийрэг биетэй хүн байна. Түүнийг дагаж ирсэн, уруу дорой царайтай эхнэр нь найм есөн хүүхдийнхээ хамт мэс заслыг цонхоор ажиглан уйлалдан зогсох ёстой.
Зүрхний хүнд мэс засал амжилттай болж дуусмагц өвчтний эхнэр арван тавны сар мэт мишээн, ярилцлага өгнө. Бас хамгийн бага хүү нь “Миний аавын алтан амийг аварсан алтан гарт ерөнхийлөгчдөө баярлалаа, баярлалаа, баярлалаа!” гэж хэлнэ. Түүний үгийн төгсгөл дэх гурван “баярлалаа”-г бүх хүүхдүүд нь хоороороо дагаж давтан хэлэх нь зүйтэй.
Дараа нь хилийн цэргийн госпиталийн дарга, мэс засалч генерал баярын нулимсаа дуслуулан байж ярилцлага өгөн ерөнхийлөгчийн ур чадварыг биширнэ. За тэгээд эцэст нь асар хүнд мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн ерөнхийлөгч, мэс засалд ассистентээр оролцсон тэргүүн хатагтай нар Монгол улсын гавьяат мэс засалч цолыг бахархалтайгаар гардан аваад, “Бидний энэ амжилт бол ард түмний минь тус дэм, эв эеийн хүч” гэсэн утга төгөлдөр ярилцлага өгөх юм.
Гуравдугаар зүйл: Бухын тулаан
Испанийн алдарт бухын тулаан бол эр зоригийн спорт тул ерөнхийлөгчийн алдар суу рейтингийг тэнгэрт хадаах нь мэдээж. Гэхдээ их осолтой. Төв цэнгэлдэхийн үзэгчдийн суудалд хилийн цэргийн шилдэг мэргэн буучид, ерөнхийлөгчийг хамгаалах холбооны үнэнч гишүүн чонын анчин Рашуудыг бэлэн байдалд суулгах ёстой. Хэрвээ ерөнхийлөгч хальт гишгэх л юм бол тэд бухыг гранатамётоор нам буудан устгах юм.
Ерөнхийлөгч ард түмнээ дуу алдуулан байж улаан алчуур даллан улайрсан бухнаас удтал бултаж байснаа нугасанд нь жад зоон унагана. Дараа нь тэргүүн хатагтай гарч ирэн арай жижиг биетэй шүдлэн юм уу, хязаалан бухаар ийм үзүүлбэр хийнэ. Энэ бүхний дараа Испани улсаас тусгайлан урьж ирүүлсэн мэргэжилтэн ерөнхийлөгчийг маань гайхан биширч байгаагаа илэрхийлээд Бухын тулааны спортын Олон улсын хэмжээний мастер цолыг хүндэтгэлтэйгээр гардуулна.
Хажлага үг
Энэ мэтчилэн ямар л спортын төрөл байна вэ, ямар л мэргэжлийн салбар байна вэ тэнд Энхрий хайрт Ерөнхийлөгч маань ур чадвараа гайхуулна. Ерөнхийлөгчийн маань алдар нэр дэлхий даяар түгэж, шүтэн бишрэгчдийн тоо нь зургаан тэрбум хол давна. Ерөнхийлөгч алдаршсанаар та бид бас алдаршиж, улмаар Монгол улс маань үсрэнгүй хөгжиж цэнгэлийн манлайд хүрэх юм. Ерөнхийлөгчөө хайрласан шиг хайрлая, нөхөд өө!

Амарсайхан

No comments: