Wednesday, May 14, 2008

МОНГОЛЧУУД ИНДИАНЖИН МӨХӨХ ЗАМДАА ОРОХ УУ


2004 оны сонгуульд АН хүүхдийн 100000 төгрөг амлаж ард түмнийг хошгоруулж эхэлсэн. Хувьсгалт нам энэ бооцоог тав дахин өсгөж залуу гэр бүлд 500000 төгрөг амлан муушиг тоглож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аль нам нь иргэдэд юу ч хийгээгүй байхад нь хүртэл хамгийн их мөнгө өгөх вэ гэсэн уралдаан. Тэд бараг тэнцсэн. Үр дүнд нь Монголд 1100000 хүүхэд, 200000 ахмад, 200,000 тахир дутуу болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд байсны тэтгэвэр, нийт 1500000 хүн тэтгэмж авдаг боллоо. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 60 хувь нь тэтгэмж авдаг улс боллоо.

Гэтэл энэ бас болоогүй гэнэ ээ. АН ба МАХН 2008 оны сонгуулийн гол бооцоонуудаа зарлаж эхэллээ. Мэдээж эхлээд АН нийт нэг триллион 200 тэрбум ам.долларын нүүрсний нөөцтэй гэж зарлагдаж буй Таван толгойн ордыг эзэмших хувьцааны 50 хувийг ард түмэндээ “Эрдэнийн хувь” нэрээр үнэгүй тарааж өгье гэсэн санал гаргалаа. МАХН бас л АН-ын саналыг хэд нугалан нэмж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх стратегийн ашигт малтмалын ордуудын монгол хүн эзэмшиж байгаа ордуудын эзэмших эрхийн 51 хувийг төрд нийгэмчилж ихэнхийг нь ард түмэнд жигд тарааж өгье гэсэн санал гаргалаа. Аль аль нам нь энэ нэн шинэ төрлийн бүх нийтийг хамарсан тэтгэмжээ ямар нэг ажил хийсний төлөө биш, зөвхөн монгол хүн болж төрснийх нь төлөө өгнө гэж зарлалаа.

Энэ тэтгэмж ойрын таван жилд нэг хүнд таван сая, 10 жилд 10 сая орчим төгрөг юм уу, түүнээс илүү байх магадлал их байна. Сард нэг сая төгрөг. Юу ч хийгээгүй байхад зүгээр л та монгол хүн тул өгнө. Тийм ээ, бүр юу ч хийх шаардлага танд байхгүй. Өөрийгөө зовоон ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох ч хэрэггүй. Ийм мөнгөөр Монголд байтугай АНУ-д ч ажил хийлгүй амьдарч болно. Хүссэнээрээ биш л дээ. Гэхдээ л яаж ийгээд болгоно.

Тийм ээ, яг ингэж АНУ-д амьдардаг алс холын ахан дүүс минь байгаа. Америкийн индианчууд. Гэхдээ амьдарч ч гэж дээ, аажимхан мөхөн сөнөж байгаа. Тэд бас л зөвхөн индиан хүн гэдгээ батлаад л сард 1200 ам.долларын “эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” авна. Дээр нь 200 ам.долларын үнэгүй хоолны талонтой. Бас бидэн шиг эрүүл мэндийн үйлчилгээ, бүх шатны боловсрол үнэгүй. Гэхдээ энэ боловсролын хэсэг нь тэдэнд бараг падлийгүй. Тэдэнд сурч боловсрох, ажил хийх шаардлага байхгүй. Юу ч хийхгүй байхад чамайг тэжээж, зүгээр л мөнгө өгч байхад юу гэж хөдөлмөрлөх вэ. Муусайн цагаан арьстнууд л харин өдөр шөнө, нойр хоолгүй хөдөлмөрлөж, сурч боловсорч, бизнес хийж, шинэ нээлт технологи гэж өөрийгөө зовоож амьдардаг. Харин буян заяа ихт индиан хүн улсаас зааж өгсөн газар ганцхан төрлийн бизнес хийж болно. Тэр нь татваргүй казино. Бас л ямар нэгэн ажил бүтээл хийх шаардлагагүй, бусдыг хөлсөлж ажиллуулаад л цагаан арьстнуудын хөдөлмөрлөж зовж олсон хэдэн ногооныг нь салгах төвөггүй бизнес. Гэхдээ тун цөөхөн эрлийзүүд нь ийм юм хийнэ. Тэгэх ч хэрэггүй юм чинь.

Танд нэг л танил, таны тун ойрхны ирээдүйн тухай, яг л таны үр хүүхдийн чинь гэгээн ирээдүйн тухай яриад байгаа юм шиг санагдаж байна уу. Тэр индианчууд Холливудын кинон дээр гардаг XIX зууны эцэг өвгөд шигээ гоо үзэсгэлэнтэй, дайчин зоригтой, мустанг унасан баатрууд огтхон ч биш. Тэр баатрууд нь үхсэн. Харин үлдсэн нь одоо мөхөж байна. Хэрэв та Америкт их төлөв хүнсний дэлгүүрт том бор цаасан уут дүүрэн хоол тэвэрсэн намхан, маш бүдүүн, үе мөч ба чихрийн шижин өвчинд үе дамжин нэрвэгдсэн, хоорондоо төстэй, урт үстэй бор хүмүүстэй таарч, манай Эксель шиг хуучин сарампай машиндаа чихэлдэн сууж одохыг нь харвал тэд чинь мөхөн устах замдаа буй индианууд явж байгаа нь тэр.

Танд хотоо үзүүлж яваа 50 сая долларын хөрөнгөтэй, үхтлээ ажилладаг америк эмч найз чинь тэдний хойноос үл тоомсорлосон байдалтай харж “үнэгүй эрүүл мэнд, үнэгүй боловсрол, хөдөлмөргүй тэтгэмж” гэж инээмсэглэн хэлснээ, “чи арай тэдний нэг биш биз” гэхэд нь, та үгүй үгүй би ажиллаж хөдөлмөрлөж цалингаараа амьдардаг гэж сандран хариулах болно. Гэхдээ дотроо “энэ чинь юу билээ” гэж эргэлзэнэ. Учир нь одоо бидний 60 хувь нь тэтгэмж авдаг, удахгүй АН, МАХН 2008 онд шинэ тэтгэмжийн амлалтаа биелүүлбэл 160 хувь нь тэтгэмж авч Наадам, Цагаан сар хийхээс өөр санаа зовох юмгүй, Чингис хаанаа магтан дурсахаас өөр шинжлэх ухаангүй амьдрал руу орох гэж мөрөөдөж байна бус уу. Манай боловсрол, эрүүл мэнд бас үнэгүй. Тийм сайхан хөл хөсөр, гар газар амруулах энэ хоёр намаа УИХ, Засгийн газартаа мөнхөд залахаас ч яахав. Тэд үнэн хэлжээ. Ард түмэнд өөр сонголт байхгүй гэж. Тэд биднийг ингэж л төсөөлж, басамжилж байна.

17 жил Монголын төрийг ээлжлэн барьсан МАХН, АН хоёр минь одоо болоо юм биш үү. Танай хоёр намын нийт 400-500-хан хүнийг мөнхийн дарга байж, Монголын баялгийг гагцаар идэж, хууль үйлчлэхгүй, зөвхөн хоорондоо л хэрэлдэж алалдахаас өөр зовлонгүй жаргахын төлөө Монгол үндэстэн хүний нэг, хоёрхон үеийн хугацаанд мөхөхөөс өөр ямар ч гарцгүй тэтгэмжийн зам руу орох ёстой юм гэж үү. Мөхөж устсан Манж үндэстний устаж зоопаркийн амьтан шахам болж буй түвдүүд, индианчуудын хувь заяаг бид давтах ёстой юм гэж үү. Яагаад бидэнд ядаж сайн боловсрол олоод, сайн ажиллаад сайхан амьдарч болдог сонгуулийн хөтөлбөрийг ганц ч удаа санал болгохгүй байна вэ. Та хэд л сайхан амьдарч байвал ард түмэн чинь аль болох харанхуй, идэвхгүй мөхөх замдаа орсон ч хамаагүй гэж үү. Арай ч та бүхнийг иймдээ тулаагүй гэж итгэхийг хүсч байна. Тэгж айсан 120000 монгол хүн эх орноосоо дүрвэн одсон байна. Тэд ажил хийж амьдрахыг хүссэндээ нүдэндээ нулимстай, зүрхэндээ шархтай хүний газар зүтгэж байна.

Үнэхээр л тэр ашигт малтмалын орд газруудаас тийм л их мөнгө олох боломж байгаа юм бол залуусаа дотоод гадаадад хамгийн сайн боловсрол, технологи, мэдлэгт хэдэн түмээр нь сургая, зүгээр суугаад тэтгэмж авах биш, сайн ажиллаад тэр тэтгэмжээс чинь хэд дахин илүү цалин авч болох ажлын байр, аж үйлдвэрийн цогцолбор, шинэ технологи-ирээдүйн бизнесүүдийг бий болгоё, хээр талдаа мянга мянган худаг гаргая, бүх малаа вакцинжуулж Япон, Ази, Европт нэг килог нь 20 доллараар зардаг болъё, өшиглөөд хаячихсан хогийн сав шиг болгосон Улаанбаатар хотоо сайхан хот болгоё. Тэгээд бүр илүү гараад асгаж цутгаад зүгээр тэтгэмж болгомоор байгаа юм бол Хархорин хотоо цоо шинээр цогцлоон барья, дэлхий даяар тарсан зургаан сая монголчуудаа авчирч хүчирхэг чадалтай улс үндэстнээ босгоё.

Та нар зүгээр л саад болохгүй, бидний өмнөөс амьдралыг минь шийдэж, сонгуулийн бэлэг болгож тэтгэмж бариад байхгүй бол, та нар хүзүү толгой дээрээс минь зайлж алга болоод өгвөл бид энэ бүх мөрөөдлөө биелүүлж хүн шиг нэр төртэй, бахархал дүүрэн ажиллаж амьдраад үр хүүхдэдээ хүчирхэг Монгол Улсыг гардуулан өгмөөр байна. Тийм ээ, та нарын амлаад байгаа тэтгэмжээр биш, өөрсдийн оюун ухаан, хоёр гараараа маш сайн хөдөлмөрлөж энэ бүхнийг бүтээн босгомоор байна. Бид чадна. Чадах ёстой.

МЭӨ 209 онд, 1162 онд, 1911 онд үүнээс долоон дор гарцаагүй мөхөх нь сөнөх нь гэж хэн ч хэлмээр тийм хэцүү цаг үед Монгол үндэстэн ямар нэг тэтгэмжээр биш, зөвхөн өөрсдийн зоригт сэтгэл, хүчирхэг ухаан, цуцашгүй хөдөлмөр, халуун амь, идэвхтэй зүтгэлээрээ энэ Монголыг дахин бий болгож бидэнд үлдээж өгсөн юм. Бид чадна. Харин энэ удаа бидний ээлж. Эс чадвал...

Б.Болдсайхан эмч

No comments: