Wednesday, April 30, 2008

Буриад судлалын академи байгуулагдаж vйл ажиллагаа явуулж эхэллээ


Академийн зорилго нь “Буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол улсын иргэн судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын энэ чиглэлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх, сурч боловсрох, эрдэм судлалын ажил эрхлэхэд туслах ба мөн буриадын түүх, хэл соёл, угсаатан, зан заншил, аман болон утга зохиолыг шинжлэх ухааны арга зүйн үүднээс сурвалжлан цуглуулж, судлан тодорхойлох, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино" гэж тодорхойлсон бөгөөд ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг, эрдэм судлалын ажил эрхлэх төрийн бус байгууллага юм.
Та бүхнийг ч гэсэн бидний үйл ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Манай академийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах хэнтэй ч бид хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг Буриад Судлалын Академийн нэрийн өмнөөс илэрхийлж байна.


Буриад Судлалын Академийн
ерөнхийлөгч М.Одмандах /Ph.D/


Академийн бүтэц зохион байгуулалт

Удирдах зөвлөлийн дарга: М.Одмандах /доктор /Ph.D/
Удирдах зөвлөлийн гишүүд: Г.Гантогтох /доктор /Sc.D/, профессор/
Г.Цэрэнханд /доктор /Sc.D/, профессор/
Г.Батцэрэн /доктор /Ph.D/, дэд профессор/
Р.Чүлтэмсүрэн /доктор /Ph.D/, дэд профессор/
Б.Ширнэн /доктор /Ph.D//
Д.Ариунаа /докторант/
Б.Ууганбаяр /магистр/
Ерөнхийлөгч: М.Одмандах /доктор /Ph.D/
Гүйцэтгэх захирал: Б.Чинзориг /магистр/
Нарийн бичгийн дарга: П.Нармандах /магистр/

Эрхэм зорилго

Буриад судлалын академийн эрхэм зорилго нь “Буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын энэ чиглэлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэх, сурч боловсрох, эрдэм судлалын ажил эрхлэхэд туслах, буриадын түүх, хэл соёл, угсаатан, зан заншил, аман болон утга зохиолыг шинжлэх ухааны арга зүйн үүднээс сурвалжлан цуглуулж, судлан тодорхойлох, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд” оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

1. Буриад ястны түүх, угсаатны зүй, хэлбичиг, утга соёл, бөө, шашин соёлын талаарх судалгааг явуулж, гарсан үр дүнг нийтийн хүртээл болгох,
2. Буриад ястнуудад түүх соёлын талаарх мэдээллийг цуврал сэтгүүл, сонин, бусад мэдээллийн хэрэгслүүдээр хүргэх, мөн сургалт, соёлын өдөрлөг зохион байгуулах,
3. Гадаад орнуудад амьдарч байгаа буриад монголчуудтай утга соёлын харилцааг тогтоон хөгжүүлэх,
4. Буриадын түүх, соёл, урлаг, шашин, бөө, хэлбичгийн чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах,
5. Гадаад болон монголд амьдарч байгаа буриад ястнуудын аж амьдрал, ахуй соёл, түүх угсаатан, аман билгийн талаар эрдэм шинжилгээний экспедиц зохион байгуулах,
6. Буриадын оюуны соёл болох Вагиндра үсгийн өв санг судлаж, вагиндра бичгийг эрдэм шинжилгээний ажилтнуудад зааж сургах, сурталчилах,
7. Буриадын түүх, угсаатны зүй, аман болон утга соёлын бүтээл, ховор ном, дурсгалуудыг хэвлэж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах,
8. Буриад ардын язгуур урлагийг судлах, сурталчилах, энэ үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүстэй хамтран ажиллах
9. Буриадын үндэсний спортыг судлах, сурталчилан дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах
зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулж явуулна.


Буриад судлалын академийн тасаг

Түүх, угсаатан судлалын тасаг – Г.Цэрэнханд
Хэл, зохиол судлалын тасаг – Г.Гантогтох
Соёл, урлаг судлалын тасаг – Г.Батцэрэн
Гадаад харилцаа хамтын ажиллагааны тасаг – Б.Дашням
Эх бичиг, сан хөмрөгийн тасаг – Б.Чинзориг

Хийж буй ажлын тухай

Бид 2008 оны 3-р сарын 5-нд хуулийн дагуу бүртгүүлж, ТББ-ын гэрчилгээ, тамга тэмдэгээ авч, хийх ажлын үндсэн чиглэлийг тодорхойлж, ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Тус академиас санаачлан 2008 оны 3-р сарын 28-нд “Буриад судлалын өнөөгийн байдал, хөгжүүлэх чиг хандлага“ сэдэвт дугуй ширээний ярилцлагыг буриадаас төрсөн эрдэмтэн судлаачид, хүмүүсийг оролцуулан хийсэн бөгөөд академийн зүгээс хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, санал солилцон, үндсэн чиглэлээ нарийвчлан тодорхойлж авлаа. Академийн дотоод зохион байгуулалтыг оновчтой болгох үүднээс тасаг, салбартай байхаар тогтож, тасгийн эрхлэгч нарыг сонгон ажлыг нь эхлүүлж байна.
2008 оны 4-р сарын 9-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон “Дархад Буриад судлалын зарим асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ЗДТГ-тай хамтран академийн гишүүдийн төлөөлөл амжилттай зохион байгууллаа. Мөн 5-р сарын 14-нд Дорнод аймгийн төв Дорнод Монголын дээд сургуулиас санаачлан ОХУ-ын Буриад Улсын Их Сургуультай хамтран зохион байгуулах “Буриад судлалын зарим асуудал" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд манай академиас оролцохоор бэлтгэж байна.
Манай Академиас 5-р сарын 23-нд Улаанбаатар хотноо “Буриад судлалын тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Тус академиас буриад судлалыг хөгжүүлэх талаар нэлээд ажлыг төлөвлөж, зарим зүйлийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд буриад ястны түүх, угсаатан, хэл соёлыг шинжлэх ухааны үүднээс судлан тодорхойлох, залуу хойч үедээ ёс заншил, түүх соёлоо өвлүүлэн, заан сургах талаар тодорхой төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээо төлөвлөөд байна.
Манай академийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах, хандив, тусламж үзүүлэх хэнтэй ч хамтран ажиллахад бид бэлэн бөгөөд буриад судлалыг сонирхогч, судлагч гадаад дотоодын эрдэмтэн мэргэд, судлаачдыг яс үндэс харгалзахгүйгээр хамтран ажиллахад бид бэлэн байна.

“Буриад судлалын тулгамдсан асуудал" сэдэвт
эрдэм шинжилгээний бага хурал

Хурлыг зохион байгуулагчид:
М.Одмандах
Б.Чинзориг
Б.Ууганбаяр
Б.Ширнэн
Г.Батцэрэн

Нийтлэг үндэслэл: Монгол улсын хэмжээнд буриад судлалыг хөгжүүлэх шаардлага өнөөдрийн цаг үед улам хүчтэй ярих асуудлын нэг болсон учраас сэтгэл санаа нийлсэн хэсэг эрдэмтдийн санаачилгаар “Буриад судлалын академи"-ийг үүсгэн байгуулав.
Буриад Судлалын Академийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болох эрдэм шинжилгээний ажилтнуудыг бэлтгэх, залуу судлаачдыг дэмжих үүднээс “Буриад судлалын тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг 2008 оны 5-р сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар зарлаж байна.
Сэдэв, чиглэл:
-Хэл шинжлэл
-Аман зохиол
-Утга зохиол
-Угсаатны зүй
-Урлаг судлал
-Соёл судлал
-Сэтгүүлзүй
-Түүх
-Археологи
-Шашин, бөө судлал
-Үндэсний спорт
- Бусад чиглэл
Оролцох хүмүүс: Буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон сонирхсон хүмүүс хэн ч оролцож, илтгэлээ ирүүлэх боломжтой.
Тавигдах шаардлага: Хуралд ирүүлэх илтгэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, буриад судлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий асуудлыг хөндөж, цаашдын чиг хандлага, хөгжлийн байдал төлвийг тодорхойлон, судалгааны зохих арга зүйн үүднээс өндөр төвшинд боловсруулсан байх.
Илтгэлийн техникийн шаардлага нь:
А4 цаасан дээр ArialMon фонтоор Size 12, мөр хоорондын зай Single, хуудасны бүх талаас нь 2,5 см байх.
Илтгэлийн хураангуйг 2 нүүрт багтаахаас гадна үндсэн илтгэл нь 8 хуудаснаас хэтрэхгүй байна. Илтгэл нь эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлагыг хангасан, хэл найруулгын хувьд зохих төвшинд бичигдсэн байх ёстой.
Илтгэлийг Flash дискээр болон цаасаар, мөн мэйл хаягаар явуулж болно. Хурлын илтгэлүүдийг эмхэтгэл болон хэвлүүлэх, интернэтэд тавьж олон түмэнд сурталчилах учраас цахим хэлбэрээр заавал өгөх учиртай.

Ps: Илтгэлээ өгөх хүмүүсийн тоо хязгааргүй тул хүссэн болгон илтгэл өгөх боломжтой. Харин ирсэн илтгэлүүдээс сонгон шалгаруулалт хийж хуралд хэлэлцүүлэх бөгөөд ирсэн бүх илтгэлийг эмхэтгэлд хэвлэх болно.

Илтгэл өгөх хугацаа: 2008 оны 5-р сарын 12-ны Даваа гаригийн 18 цагаас өмнө.
Харилцах хүн: Буриад Судлалын Академийн Ерөнхийлөгч, МУБИС-ийн МоСС-ийн багш, доктор /Ph.D/ М.Одмандах, Буриад судлалын академийн гүйцэтгэх захирал, магистр Б.Чинзориг
Харилцах хаяг: МУБИС-ийн хичээлийн “А” байрны 307 тоот өрөө.
Харилцах утас: 326165 /а/, 99866572, 99127013
Э-шуудан: hohchono@yahoo.com