Monday, April 21, 2008

Монгол улсын түүхийг Хотогойдын түүхгүйгээр төсөөлөх аргагүй


Түүхийн ухааны доктор Хар Адуутан С.Чулуун

Хотогойдууд олон удаа хэд хэдэн томоохон нүүдэл хийсэн, Халх-Ойрадын хооронд болсон дайнд нэлээд өртөж, тэдгээрийн мөргөлдөөний талбарт нутагладаг, төвөөс ихээхэн зайдуу оршдог, 20-р зууны эхэн үед олон сүм хийдээ устгуулсан, архивын баримт бичгүүдээ хувьсгалын эсэргүү үзэлтнүүдэд шатаалгасан зэрэг шалтгаануудаас болж ховор, хомс байгаа юм.

[Зууны Мэдээ] Өнөө үеийн монгол угсаатныг бүрдүүлж буй олон угсаатны бүлгүүдийн нэг томоохон нь Монголын баруун хойд хэсэг, одоогийн Завхан, Хөвсгөл аймгийн нутагт орших хотогойдуудын угсаа гарал, түүх, соёлын асуудлыг тусгайлан судалж үр хойчид нь өвлүүлэн ухааруулах, хүндэтгэн дээдлүүлэх нь чухал асуудал болоод байна. Хотогойдын угсаа, түүхийн асуудлыг судлахад хамгийн чухал мэдээ, баримт өгүүлж буй сурвалж нь Монголын түүхийн тулгар сурвалжуудаас танин мэдэх бололцоотой. Тэдгээрээс тоймлон өгүүлбээс: 'Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж”, “Хаадын үндэсний хураангуй Алтан товч”, Саган сэцэний 'Эрдэнийн товч”, Жамбын “Асрагч нэртийн түүх” зэрэг Монголын түүхийн тулгар бичгүүдэд Хотогойдыг захирч байсан ноёдын угсаа залгамжлал, тухайн угсаатан бүрэлдэх түүхэн цаг үеийн тухай өгүүлсэн байдаг бол Монголын томоохон түүхчин Галдан туслагчийн 'Эрдэнийн эрхи”-д 18-р зууны дунд үед Хотогойдыг бүрдүүлж явсан зургаан отгуудыг шадар жанжин Чингүнжавыг баригдсаны дараа хэнд ямар отгоос таслаж өгснийг мэдэж болохуйц мэдээ байдаг нь тун чухал юм.

Хотогойдуудын түүхэнд шууд болон дам байдлаар хамаарах сурвалж нь 1779 онд хэвлэсэн 'Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шаштир”-ын 53, 60, 61, 63, 64, 67, 79 дүгээр дэвтэрт Хотогойдын түүхэнд болсон зарим үйл явдал, Хотогойдын таван хошууг захирч байсан тайж ноёдын улс төрийн үйл ажиллагааны тухай, тэдний нутагшилт, тархацын талаарх мэдээ байдаг.

Манжийн төрөөс 1817 онд зохиосон “Гадаад Монголын төрийн засах явдлын яамны хууль зүйлийн бичиг”, “Хааны бичсэн биеэр дайлж өрнө, умрын газрыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг буюу Энх-Амгалан хааны бодлогын бичиг”, “Дайчин улсын магад хууль”, “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шаштир”, 'Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” зэрэгт Хотогойд төдийгүй тухайн цаг үеийн Монголын нийгмийн харилцааны асуудал, ерөнхий дүр төрхийг харж болох байна. Тодруулж хэлбэл, Манжийн эрхшээлийн болон Богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хуулиуд нь тухайн судалгааны ажилд холбогдох баримт, эх мэдээг өгч чадсан төдийгүй эдгээрт Хотогойдын угсаа, түүх, хошуу ноёдын намтар, үйл ажиллагаа, үе залгамж, зарим түүхэн хэрэг явдлуудыг багтаасан нь тэдний засаг захиргаа, нийгмийн байгууллыг лавшруулан судлахад ач холбогдолтой юм. Монгол Улсын түүхийн төв архивт хадгалагдаж буй 18-20-р зууны эхэн үед хамаарах Манж, Монгол баримт бичигт Хотогойдын хошуудаас Улиастай чуулгантай харилцсан нугалбар, өдрийн тэмдэгт, дээш өргөн явуулсан бичиг, зарим бүрэн бус хүн, мал, жасын хөрөнгийн тоо, бүртгэл, татвар хураасан данс, уг хошууныхан хятад худалдаачидтай худалдаа хийж өр тавьсан тухай, хошуу захирагч ноёдыг Жан чин мэнд явуулах тухай өргөсөн бичиг, нутгийн хилийн цэс, ноёдын угийн бичиг зэрэг нь чухал тулгар хэрэглэгдэхүүн болж өгсөн юм.
Уг эх бичгүүдээс бид шүүн түүвэрлэж, Хотогойд түмэнд залагдах Хотогойд судрыг хэвлүүлэхээр бэлтгээд байна. 19-р зууны сүүл үед зохиогдсон 'Засагт хан аймгийн олон засаг хошууны түүх” [ene nigen debter amui] хэмээх жижиг гар бичмэл нь Хотогойдын хошуудын түүх, ноёдын уг эх, зарим түүхэн хэрэг явдал, газар нутгийн цэс, өртөө харуул, хүн ам, малын тоо зэргийн талаар тун чухал мэдээг өгүүлсэн сурвалж гэж үзэж байна. Уг сурвалжид анх таван Хотогойд, гурван Олхонуд хэмээх нэр гардаг билээ. Манжийн эрхшээлийн үеийн албан түүх, хууль эрхээс гадна Богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хууль эрх зүйн баримтууд бас ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. 1914-1919 онд зохиосон “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир”, “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” зэрэгт Хотогойдын төдийгүй тухайн цаг үеийн Монголын нийгэм, эдийн засаг, угсаа соёлын харилцааны асуудал, ерөнхий дүр төрхийг харж болох байна.
Тодруулж хэлбэл, Манжийн эрхшээлийн болон богд хаант Монгол Улсын үеийн албан түүх, хуулиуд нь тухайн судалгааны ажилд холбогдох баримт, эх мэдээг өгч чадсан төдийгүй эдгээрт Хотогойдын угсаа түүх, хошуу ноёдын намтар, үйл ажиллагаа, үе залгамж, зарим түүхэн хэрэг явдлууд, нийгэм, аж ахуйн үйл ажиллагаа, харилцаа, хэв журмын тухай мэдээг багтаасан байдаг нь уг судалгааг хийхэд ихээхэн ач холбогдолтой юм. Мөн хотогойдын тухай болон Засагт хан аймгийн нийгэм эдийн засгийн байдал, ард олны аж амьдралын хэв маяг, хил tu gangхязгаарын түүхийг өгүүлсэн “Засагт хан аймгийн чухал хэргийн данс” хэмээх сурвалж шинээр олдсoныг хэвлэн нийтэлсэн болно. Хотогойдын түүхийг судлахад хэрэглэгдэх үндсэн эх сурвалж, архивын баримт бичиг, жуулчдын тэмдэглэл хэдийгээр нэлээд байгаа мэт боловч Монголын бусад угсаатны бүлгүүдийн түүхийн баримт, материалтай харьцуулбал Хотогойдын түүхийг бүрэн төгс судлах баримт, хэрэглэгдэхүүн ихээхэн хомс юм. Энэ нь хотогойдууд олон удаа хэд хэдэн томоохон нүүдэл хийсэн, Халх-Ойрадын хооронд болсон дайнд нэлээд өртөж, тэдгээрийн мөргөлдөөний талбарт нутагладаг, төвөөс ихээхэн зайдуу оршдог, 20-р зууны эхэн үед олон сүм хийдээ устгуулсан, архивын баримт бичгүүдээ хувьсгалын эсэргүү үзэлтнүүдэд шатаалгасан зэрэг шалтгаануудаас болж ховор, хомс байгаа юм.


Хотогойдууд түүхийн тавцанд гарч ирсэн нь

16-17-р зууны зааг үед Халхын баруун гар Засагт хан аймгийн баруун хойд, хойд, Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх өргөн уудам нутагт Гэрсэнз Жалайр хунтайжийн угсааны Шолой убаш хунтайжын захиргаанд Хотогойд [Hotugoid] хэмээх нэгэн бүлэг угсаатан захирагдах болжээ. Хотогойд угсаатан түүхийн тавцнаа гарч ирсэн нь энэ үе юм. Эрдэмтдийн үзэж буйгаар Хойд аймгийн хэсэг нь Халхын Засагт ханы мэдэлд багтах болсон нь 16-р зууны эцэс үед хамаарагдана. Өөрөөр хэлбэл, Ашихай дархан хун тайжийн ач хөвгүүн Лайхурын үед Халх-Ойрадын хооронд болсон хэд хэдэн дайны явцад Ойрадын хойд аймгийн заримаас таслан захирсан бололтой. Лайхурын үеэс өмнө Халхын дунд Хотогойдын нэр ер үзэгдсэнгүй нь тэднийг 16-р зууны сүүл үеэр л Халхын баруун гарт харьяалагдан захирагдах болсон гэсэн саналыг зарим эрдэмтэн дэвшүүлдэг. Харин эрдэмтэн Д.Гонгор Гэрсэнзийн хатан Их Тайху хөвгүүддээ Халхыг хувааж өгөх тэр үед Хотогойдууд нь Саму-буйма-д өмч болон очсон Урианханы дотор багтаж явсан байж магадгүй гэж үзжээ. Ямартай ч Ойрадын нэг аймаг болсон Хойд аймгийн зарим хэсэг нь 17-р зууны эцэс үеэр Халх-Ойрадын үймээний үеэр Засагт ханы мэдэлд орж улмаар Ашихай дархан хун тайжийн дэд хөвгүүн Түмэндарь хотогур дайчингийн удмынханд захирагдах болжээ. Түүний хөвгүүн Шолой убаши буюу “Алтан хан”-ны үед Хотогойд нэрээр ихэд алдаршсан юм. Энэ нь хотогойдууд угсаатны хувьд идэвхтэй бүрэлдэн хөгжих болсон үе юм. Сурвалжид энэ үеэс Ашихай дарханы мэдэлд очсон Yнэгэд, Жалайрын хойчис нь “таван Хотогойд”, “гурван Олхонуд” хэмээгдэх болжээ. Эрдэмтэн С.Пүрэвжав таван Хотогойдыг Шолой убашийн таван хөвгүүнтэй холбон тайлбарласан байна.

Гэтэл Монголын түүхийн сурвалжид Хотогойдыг Шолой убашийн таван хөвгүүнд хуваан захируулсан мэдээ занги өнөө хэр үзэгдсэнгүй. Гагцхүү түүний эзэмшлийг II Алтан хан буюу Омбо-Эрдэнэ нь дангаар захирах болсон нь мэдэгдэж байна. Ийнхүү хотогойдууд нь 17-18-р зууны зааг үед нилээд хүчирхэгжин хөгжиж байв. Yүнийхээ үр дүнд хойдууд, халхчуудын хооронд уусан ижилсэх явдал нилээд хүчтэй явагдаж Хотогойд хэмээх нэгэн угсаатны бүлэг буй болсон бололтой. Хотогойдууд нь угсаа гарал, овгийн бүрэлдэхүүнээс гадна хэл зүйн болон аман аялгууны хувьд цэвэр халх биш бөгөөд ойрад-халхын завсрын шинжтэй болохыг эрдэмтэн Б.Я. Владимирцов судлан “...Бүх талаас нь үзвэл хотогойд аман аялгуу нь Халх-Ойрадын аялгуу хутгалдсaны дүнд буй болсон холимог аялгуу юм. Чингэж хутгалдах явц нэлээд эрт буй болсон бололтой” гэжээ. Yүнийг Монголын эрдэмтэн Ж.Цолоо судлан ”...авиа зүйн болон хэлний зүйн талаасаа цэвэр халх биш өвөрмөц шинжтэй бөгөөд тухайлбал захчин, урианхай аялгуутай төстэй хэмээн дүгнэжээ”


Мөн хотогойдуудын дундуур 19-20-р зууны заагаар аялсан эрдэмтэн Г.Н.Потанины тэмдэглэлд Хотогойдуудыг халх бус болохыг ажигласан ба “...тэдний байр байдлыг ажиглавал баруун халх монголчуудтай адил харагдах бөгөөд хэрэв зээ монгол хэл мэддэг байсан бол хэлний хувьд адил төстэйг ч нэгэн адил олж үзэх байсан буй за” гэжээ. Бидний судалгааны үр дүнд хотогойдууд нь аман аялгуу болон хэлний зүйн хувьд төдийгүй түүхэн нутагшилт, зан үйл, амьдралын хэв маягын хувьд дан ганц халх биш ойрад, Халхын төдийгүй олон төрөл ястны оролцоотой үүсэн бүрэлдсэн нь батлагдаж буй боловч Оросын эрдэмтдийн үздэг шиг түрэг гаралтай хүмүүс биш гэдэг нь тодорхой болно. Түүгээр барахгүй 20-р зууны эхэн үе хүртэл тэдэнтэй хөрш орших Халх-Хотогойд хоёр бие биенээ халх, хотогойд ялган гэж тусгаарлан нэрлэдэг байжээ. Тэд “Бид өөлдөөс гаралтай бөгөөд одоо халх хэлээр ярьдаг болчихоод байгаа юм”, “…Заримдаа манайхныг ойрадаас гаралтай гэх бөгөөд Ойрад хотогойд гэдэг байсан”, “…бид Их мянганы [Хойдыг хэлж байна. С.Ч] үр угсаа хожим Халх нутагт ирж суусан юм” гэх зэргээр өөрсдийнхөө гарлыг Ойрад, Хойдуудтай холбон үзэх нь хотогойдуудыг ойрадуудтай холбож үзэх бас нэг сэжим юм. Харин Манжийн төрийн зохиосон Илтгэл шастирт “...Хотогойдын газар нь Халхын адгийн захад орхигджээ, Баруун этгээд нь Өөлдөд ойр, умарт этгээдэд Орост ойр буюу. Тэдний зан байдал цахар дүртэй…Хотогойд хэдий засагт ханы харъяат мөн боловч үнэхээр өөр нэгэн аймаг билээ” гэжээ. Уг мэдээ нь Хотогойдыг халхаас ямар нэгэн байдлаар өөр, зан төрх, угсаа гаралтайг илэрхийлж байна.

Ийнхүү 16-р зууны эцсээр Халхын засагт ханы харьяанд шилжсэн Хойдууд түүхэн хөгжлийн явцад халхчуудтай холилдон хотогойд хэмээх нэгэн угсаатны бүлэг үүсгэжээ. Ийнхүү хотогойд нар 17-18-р зууны үед хүчирхэгжин тэд Засагт ханы харьяаных гэхээсээ илүү бие даасан мэт оршиж байв. Тухайн үеийн Ойрад-Халхын алинд ч хамаарахгүйгээр Хотогойдын улс, Хотогойдын газар, Хотогойдын хан гэх зэргээр нэрлэх болсон нь тэд ихэд хүчирхэгжсэний шинж юм. Энэ үеэс л Хотогойдын ард түмэн өөрсдийгөө “би Халх”, “би Ойрад хүн” гэхээсээ илүү би Хотогойд хүн хэмээх болжээ. Өөрөөр хэлбэл угсаатан өөрийгөө ухамсарлан үзэх сэтгэлгээ бүрэлдэн тогтож чадсан байна.


Хотогойд нэрийн учир хамаадал, судалгаа

Хотогойд хэмээх нэрийн үүсэл гарал, утга учрыг эрдэмтэд 19-р зууны сүүл үеэс л янз бүрээр тайлбарласаар ирсэн. Тэдгээр эрдэмтдийн судалгааны үр дүнг харьцуулан үзэх нь хотогойд нарын угсаа гарлыг тодорхойлоход бас нэг шижим болох юм. Хотогойд нар 16-р зууны үеийн эцсээс түүхэнд нилээд томоохон байр суурь эзэлж байсан тухай өмнө нэгэнт өгүүлсэн билээ. Хотогойд нэрийн учир хамаадал, үүсэл гаралын талаар эрдэмтдийн дунд үндсэн хоёр чиглэл байна. Yүнд:
а. Хотогойд нь Хото-Гайту буюу монголжсон түрэг гаралтай угсаатан гэж үзсэн ба Г.Н.Потанин уг саналыг анх тавьсан. Тэрээр “…Гайту нь Өмнөд Сибирь хавьд байдаг ба мөн Енисейн мөрний эх Урен голын орчимд өөрсдийгөө Хайдутууд гэж нэрлэдэг омог бий” гэжээ. Мөн Конбаловт Хайдыпар, Кандык, Кастрендэд Кайденг нэртэй овгууд буйг тэмдэглээд Хотогойдыг тэдэнтэй холбон тайлбарлахыг оролдсон байна. Энэ саналыг эрдэмтэн Грумм-Гржимаило дэмжиж Хото-гайты нарыг түрэг ястны бүлэгт хамааруулан авч үзжээ. Тэдний ингэж үзэхдээ зөвхөн нэрийн учир холбогдлыг хөөж, харин түүнийг бүрэлдүүлж буй овгийн бүтэц зэрэг зүйлийг анхаарсан нь бага юм.

б/. Хотогойд хэмээх угсаатны нэр Дөрвөн Ойрад, түүний бүрэлдэхүүнд байсан Хойд аймгаас үүсэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл, Хойд+гойд гэдэг нэр үүссэн гэж үздэг. Энэ үзлийг монголын эрдэмтэд хүлээн зөвшөөрч дагасан байна.
16-р зууны сүүлээр Ойрадаас Хойд аймгийн нэг хэсэг олзлогдон нүүн ирж Засагт ханы хойд талаарх халхуудтай хольцолдон суужээ. Халхууд тэднийг Хойд+гойдууд буюу онцгойдууд зэргээр ялган нэрлэснээс уг нэр үүссэн гэдэг. Халхуудтай холилдон суух болсон хойдуудыг дөрвөн Ойрадын үндсэн хойдуудаас ялгахын тулд Хойд+гойд, онцгой+хойд гэж нэрлэсэн гэж үзжээ. Нөгөө нэг хэсэг нь Хойдуудыг халхчууд хэл соёл, зан заншил, соёлын хувьд онцлогтой тул өөрсдөөсөө тусгайлан онцгойлж гойдлон тийнхүү нэрлэсэн гэж үзсэн байх юм. Ямартай ч хотогойдуудын нэрийн талаархи хоёр дахь санал нь Хойд аймагтай холбоотой нь ажиглагдаж байна.

Харин уг язгуур гарал нэг, хэл, соёл адилавтар, Ойрад, Халх хоёр хэзээнээс хаяа нийлэн нүүдэллэн суудаг тул тэд /Халх/ 16-р зууны сүүлээр Засагт харьяанд орсон Хойдуудыг ийнхүү эрс гойдлон, онцгойлж үзэх үү гэдэг асуудал тавигдана. Өөрөөр хэлбэл, Хойд нарыг үнэхээр өвөрмөц хэл яриа, эдлэх зүйлээс нь хамаарч гойд, онцгой гэсэн үү, эсвэл Хойд аймгаас таслагдан салж халхчуудтай нэгдэн суух болсныг нь ойрадууд үндсэн Хойдуудаас ялгахын тулд онцгойдоо гарсан хойд гэсэн утгаар нэрлэсэн гэх ч үндэслэл тун бага юм. Гурав дахь жижиг санал нь Хойд+гайт буюу Хотгайтууд гэсэн нэрээс үүссэн гэж Хотогойдын ахмад настнууд ярилцдаг аж. Гэхдээ уг нэр 18-р зууны дунд үеэр болсон шадар ван Чингүнжавын үйл ажиллагаатай холбоотой аж. Учир нь Хотогойдууд Манжийн эсрэг тэмцэл хийж, Зүүнгарын хаан Галдан бошигттой байлдаж хөрш орших халхчуудад баахан гай тарьсан тул Хойт+гайт нэрийг гуйвуулан хочлож байсан бололтой.


Түүх сонирхогч Б.Цэрэл гуайн санал юм. Тэрээр “…Хотогойд нэр нь Хойд+гойд, Хойд+гайт ч биш харин Халхын баруун хойд, Засагт ханы хойд талаар нутагласан Хойдуудыг Халхчууд Хойд+хойдууд гэж нэрлэсэн” гэж үзжээ.

Ийнхүү эрдэмтэн судлаачид Хотогойд нэрийн [этноним], гарлын талаар янз бүрийн санал таамаг дэвшүүлжээ.

Бидний бодоход хотогойд нарын доторхи овгийн бүрэлдэхүүн, түүхийн үйл явцыг судлан үзэхэд тэд түрэг гаралтай аймаг бус харин монгол угсааны түүндээ дөрвөн Ойрадын нэг хэсэг Хойд аймгаас салбарлан гарч тэдгээр нь халхчуудтай айлсан суух болсон гэсэн саналыг барьж байгаа ч “хойд+гойдууд” буюу онгой хойд гэсэн саналтай онолын хувьд санал нийцэхгүй байна.

Харин баруун Монголын аман аялгуунд хонийг “хой” буюу “кой” хэмээн нэрлэх бөгөөд хойдууд нь халхын Засагт ханы араар нутаглахад тэд эрхлэх аж ахуйн хувьд хониор нэн баян байсан мэдээ сурвалжисд мэр сэр тааралдана. Өдгөө ч тэдэнтэй хил залгаа орших халхууд хонин хотогойдууд хэмээн хочлон нэрлэдэг.
Бид үзэхдээ “хой” буюу хонь гэсэн үгэнд уугуул аймгийн нэр”'хойд”-ыг нийлүүлэн хотохойд хэмээх нэр үүссэн болов уу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хой+т+хойд=хотохойд хэмээн үүссэн бололтой. Хонь бүхий хойд аймгийнхан гэсэн санаагаар үүссэн гэж үзэх нь ерөөс нүүдэлчдийн тэр дундаа монголчуудын овог аймгийн, угсаатны нэгжүүдийн нэр үүсэх бүтэцтэй адил байна. Учир нь халхууд угтаа хэл соёл, гарал, үүсэл нэгтэй хойдуудыг зах залган нутаглах болсноор харь хүмүүс мэт гойдлон нэрлэх бололцоогүй мэт санагдана. Харин эрхлэх аж ахуйн онцлогоороо хамаатуулан өөрсдийгөө нэрлэсэн болов уу. Тухайлбал, алаг адуутан, үхэр онход, хар ямаатынхан, хар адуутан гэх мэт.,

Харин энэ удаад хэлэх нэг санал бол хотогойд нэрийн бичлэгийн асуудалд өөрийн саналаа дэвшүүлж байна. Өнөөг хүртэл манай судлаачдын түүх бичлэгт уг нэрийг Хотогойд зэрэг тогтсон Хотохойд, Хойдхойд, Хотогойд бичлэг үгүй байна. Ийнхүү тогтсон бичлэг үгүй байгаа нь уг нэрийн талаар тогтсон санал, судалгаа үгүй байгааг илэрхийлнэ. Энэ нь хотогойдуудын угсаа гарал нэрийн үүслийг бүрэн төгс шийдвэрлэснээр л шийдэгдэх тул бид хуучин монгол бичигт бичиглэснээр нь Хотогойд хэмээн бичжээ. Тиймээс бид дээрх олон зохиомол утга бүхий нэрээр нь нэрлэх бус харин түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн ирсэн бичлэгээр нь сэргээн тэмдэглэж заншвал зүйтэй болов уу.

Хотогойдыг захирагч Алтан хаад ба орос орон

Монгол-Оросын харилцааны эхлэлийг Хотогойдыг захирч байсан түүхэнд Алтан хаад хэмээн нэрлэгдсэн Шолой, Омбо-Эрдэнэ, Лувсан нарыг эхлүүлсэн хэмээн албан ёсоор үздэг. Монголын умард хэсэгт нутаглах Хотогойдууд нь 17-р зууны монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсний нэг хэсэг нь умард хөрш Орос оронтой улс төр, эдийн засаг, соёлын харилцааны эх үндэсийг тависан явдлыг судлаачид өндөр үнэлдэг юм. Өгүүлэн буй үед Алтан ханы захиргааны улс 17-р зууны эхээр нилээд хүчирхэгжин нутгийн зах нь зүүн этгээддээ Сэлэнгэ мөрөн, Тамирын эх, Баруун хойш Алтай, Красноярскт, хойш Тагни-уул хүрэх болжээ. Нэгэнт зах нийлэн орших болсон Тува Урианхай, Енисейн хиргис, теленгүүд зэрэг овог аймгуудыг уулгалан довтолж зарим үед алба бариулж, тэдний заримаас олзлон Хотогойдын нутагт авч ирэн нутаглуулах явдал ч байлаа.

Энэ үед умраас Оросын цагаан хаант улс Дорно зүгт хаяа тэлэн Сибирь, Алс Дорнодод орж ирэх болсон ба оросын хаанаас Монголчуудтай харилцахыг хүсэж ялангуяа тухайн үед хүчирхэгжээд байсан Шолой убаши хун тайжтай харилцаа тогтоох, болбол Орост алба бариулах, өөрийн түшмэг хараат орон болгохыг зорьж элч төлөөлөгч удаа дараа илгээх болов. Шолой убаши ч Ойрадуудтай байлдахад түшиг болгох, мөн худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэгт Орос улсыг ашиглахыг зорьж найртай ёсноор элчийг угтан авчээ. Шолой убаши өнгөн дээрээ Орос улсын эзэн хааныг хүндэтгэн үзэж буй мэт түүний ивгээлд орж цалин пүнлүү хэргэм зэргийг нь хүртэхэд бэлэн буйгаа илэрхийлж байвч үнэн хэрэг дээрээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж байжээ.

Оросын түүхийн архивт хадгалагдаж буй баримтаас үзэхэд Алтан хаад нь Оросын дорно зүгийн гол харилцагч нь Хотогойдын Алтан хаад юм. Худалдааны харилцааг ихээхэн дэлгэрүүлж байсны нэг тод жишээ нь хятадаас ногоон цайг Сибириэр дамжуулан анх орос орныг цайтай танилцуулсныг гэрчилэх баримт Оросын архивт хадгалагдаж байна. Ийм харилцаа Шолой убаш, түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. Харин Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нэлээд алдарсан юм. Учир нь тухайн үед гадаад нөхцөл байдлын хувьд өмнөдөд Манж гүрэн хаяа тулсан, умардад Оросын улам улам идэвхтэй бодлого явуулах болсон, Монголын дотоодод улс төрийн тогтвортой бус байдал үүсч хямралын байдалтай тун хүнд үе байв. Лувсанренчин Хотогойдыг захирах болсноор Засагт ханы болон Ойрадын эрх баригчидтай эв эвдрэлцэн тэдэнтэй үргэлжийн үймээн самуун дэгдээх болсон юм. 3-р Алтан хан Лувсанренчин 1660-аад оны үеэс Ойрад, Халхын ноёдтой эвдрэлцэн байх газар үгүй болсон тул цөөн албатаа дагуулан Хөхнуур, Амдогийн газар очин улмаар 1691 онд манжийн хаанд дагаар оров. Түүнийг урагш явсны дараа Хотогойдуудыг “дарга үгүй болов” хэмээн Лувсанренчин хунтайжийн үеэл Дорж Дай хунтайжийн хөвгүүн Гэндэнгээр 1686 оноос эхлэн Хотогойдыг захируулсан юм. Гэндэн эхэн үедээ “..нэгэн төрлийн Шибдуй хатан баатар лугаа хамт нийлэн Манж нарт Халхын адил бууж өгөлгүй уугуул нутгаасаас нэлээд зүүншлэн, Сэлэнгэ мөрний биед шахан бууж цагийг хүлээж байсан боловч Манжийн шахалт, шаардлагаар арга буюу 1694 онд дагаар орсон юм. ...Чингис эзний Алтан ургийг язгуураас яллах ёсон үгүй... Чингүнжавын хэлсэн үгнээс Шадар ван Чингүнжавын үед Хотогойд нь “..тоос, халиучин, шэжнүүд, их хотогойд, бага хотогойд, мянгад” гэсэн зургаан отогт хуваагдан явсан. Тэдгээр отгууд нь хүн амын бүтцийн хувьд “доод тал нь 50 өрх, дээд тал нь 200 гаруй өрх” байв. Чингүнжав нь Хотгойдуудыг удирдан Манжийн эрхшээлээс гарахаар хөдөлж, улмаар тэдэнд барьдаг албыг болиулах, хятад худалдаачдын пүүс, дэлгүүрүүдийг шатаан бусниулах зэргээр тэмцлээ эхэлсэн нь улмаар Монгол үндэс, язгуур эрх ашгийг хамгаалсан зэвсэгт тэмцэл болон хувирах эхлэл болсон юм. Гэвч уг бослого тэмцэл нь халхын зарим ноёдын эвээ ололцоогүйгээс хамааран зорьсон үйлсээ бүтээгээгүй юм.

Чингүнжав бол Хотогойд түмний төдийгүй монголчуудын бахархал болсон түүхэн домогт жанжин эр юм. Чингүнжав Монгол төрийн тусгаар тогтнол, газар шороо, алтан ургийн үндэс угсаагаа авран хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн баатар эрийн жишээ билээ. Түүний хэлсэн үг, захидлаас бид дээрх үгийг сонгон авсан билээ.

Хотогойдыг тархаан бутаргах оролдлого

Шадар жанжин Чингүнжавыг баригдсаны дараа Манжийн төрөөс Хотогойдын зургаан отгийг задлан бутаргаж, жишин хэд хэдэн хошуунд хуваан захируулсан юм. Энэ нь Хотогойдыг дахин ямар нэгэн үймээн самуун дэгдээхээс сэргийлсэн явдал билээ. Өнөө үед Хотогойдууд нь Монгол улсын Архангай аймгийн Их тамир сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Дорнод аймгийн Матад сум, Халх гол сум, Завхан аймгийн Баян-Тэс, Тэс, Баянхайрхан, Сонгино, Тэлмэн, Идэр, Нөмрөг, Тосонцэнгэл, Булнай сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум, Увс аймгийн Малчин, Наранбулаг, Тэс, ховд аймгийн Булган, Мөнхайрхан, Мянгад, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнхан, Түнэл, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Төмөрбулаг, Арбулаг сумуудад, Хэнтий аймгийн Хэрлэн суманд тус тус бүртгэгдсэн байна. Мөн Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр суманд өөрсдийгөө ар таван Хотогойдоос ирсэн гэдэг хэсэг айл байжээ. Тэдний өөрсдийнх нь аман домгоор бол “Ар таван Хотогойдоос 100 гаруй жилийн өмнө тасран ирсэн” гэдэг байжээ. Өвөрхангай, Архангай, Говь-Алтайн нутаг буй хотогойдууд нь Чингүнжавын бослогын үеэр тарсан хотогойдуудын үр сад бололтой.


Харин Дорнод аймагт буй хотогойдууд хэдийд тэнд очиж суусан нь тодорхой бус юм. Лавтай Хотогойдоос тасран очсоныг гэрчлэх зүйл нь Дорнод аймагт Хотогойдын дотор байдаг овгуудаас нэлээд нь байна. Тухайлбал, Оймууд, Хөхнүүд, Бэсүд, Хотогойлог, Дархад гэх мэт. Ховд аймагт буй хотогойдууд нь 1760 оны үест Хотогойдоос салан нүүсэн Мянгадуудын хамт очсон юм. Тэд одоо ч өөрсдийгөө Хотогойдын, ялангуяа Чингүнжав албат гэж ярилцдаг. Оросын Холбооны улсын Буриадын нутагт Байгалын өмнө биеэр хотогойд овгийнхон байсан тухай эрдэмтэн Б.Бамбаев дурджээ. Тэдгээр Хотогойдууд нь Алтан хаадын үед тэд Сибирь болон Байгалын өмнө биеэр удаа дараа довтлох үед үлдэж хоцорсон боловуу. Буриадууд нь Сайн ханы самгалан, Бошигт ханы бослогоор ирсэн гэж ярилцдаг нь энэ үетэй холбоотой байж мэднэ. Сайн хаан хэмээх нь бодохул Эрийн сайн хунтайж буюу Лувсанренчин бололтой. Өөрөөр хэлбэл Лувсанренчин, Галдангийн хоорондын үймээнээр Засагт ханы араас нэг хэсэг хүмүүс дүрвэсэн байна.
Хотогойдуудын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь
18-20-р зууны эхэн үеийн Монголчуудын угсаа соёл, нийгэм аж ахуй, улс төрийн түүхийн хөгжилд хотогойдуудын гүйцэтгэсэн үүрэг, байр суурийг зөв тодорхой гарган тавих нь хамгийн чухал асуудлын нэг тул товчхон өгүүлэе.

Хотогойдын эдийн болон оюуны соёлыг тодруулан судлаж өнөө үеийнхэн хийгээд хойч үеийнхэндээ таниулан мэдүүлж, хүндлэн дээдлүүлэх, өвлөн хөгжүүлэх сэтгэлгээг бий болгох зэрэг шаардлага байна. Хотогойдууд нь 17-р зуунаас хойш 20-р зууны эхэн хүртэлх богино хугацаанд Монголын нийгэм-улс төр, соёлын түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээж бахархалт түүхийг бүтээж чадсан ард түмэн билээ. Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг тууштай тэмцэгч шадар жанжин Чингүнжавын баатарлаг тэмцэл, Шолой Убаши, Омбо-Эрдэнэ нарын Оросын эсрэг бат зогсож байсан байр суурь, Гэндэн хунтайжийн Ойрадын эсрэг хамгаалах тэмцэл зэрэг нь Хотогойдын ард түмний бахархал болсоор байгаа билээ.Мөн бид дээр өгүүлсэн Орос-Монголын харилцааг үндэслэж, Монголын тусгаар тогтнолыг умараас хамгаалах, Орос зүгээс гарах хилийн элдэв маргаан, зөрчлөөс сэргийлэн харуул, өртөөний албыг сайн гүйцэтгэж байв. Ялангуяа 20-р зууны эхнээс Халх Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарлах үед уг тэмцэлд хотогойдууд маш идэвхтэй оролцож өөрсдийн хувь нэмрээ оруулж байсан нь баримтаас тодорхой байна. Жишээлбэл, Жалханз хутагт, Ерөнхий сайд Дамдинбазар Монголын баруун хязгаарыг чөлөөлөхөд тэргүүлэн оролцож, монгол төрийн ерөнхий сайдын албыг нэр төртэй хийж байв.Хотогойдууд нь Монголын соёл, шашны түүхэнд тодорхой ул мөрөө үлдээж чадсан олон сайхан жишээ бий. Тухайлбал, Тэсийн хүрээ, Жалханз хутагтын хүрээ, Мөрөнгийн хүрээ зэрэг шашин соёлын томоохон хүрээ хийдэд умар зүгийн олон угсаатнуудаас хүрэлцэн ирж шашны ном соёлд суралцан Тува, Буриад зэрэгтээ очиж соёлыг түгээж байсан баримт олон бий.