Monday, March 17, 2008

Монголын сайхан эрчүүд


Монголын сайхан эр хүнийг би ааваараа л төсөөлдөг. Хөдөө талд, агсам морин дээр хөндөлдүүлэн сууж, "Эр бор харцага"-ыг эрдүүхэн хоолойгоор аялаж, тэртээд идээшлэх адуун сүргийн зүг салхи татуулан давхиж, уул тал нутагтаа эзэн хүн шиг эрвэлзэж яваагүй ч, олон аавын үрсэд эрдэм ном зааж, бас сургууль удирдаж, амьдралд алдаж, онож, бүдэрч яваа "хэцүү" нэртэй хүүхдүүдийг "хүмүүжүүлэх" их үйлсэд зүрх сэтгэлээ зориулж явсан жирийн л нэг "сурган хүмүүжүүлэгч" хүн байсан даа аав минь.
Үглэж яншиж, загнаж зандарч байгаагүй ч аавын минь харц л "буруу". "зөв"-ийн шүүлтүүр байсан. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх "хатуу", "зөөлөн" үгс нь амьдралын минь чиг шугам, бас "ухаарал” минь байсан. Хааяа нэг хүртээх шийтгэл зэмлэл, духыг минь үнэрлэн байж магтан сайшаах нь, бяцхан оюун санааны минь "зовлон шаналал", бас "баяр баясгалан" минь байсан.Аав минь та айл гэрийн ноён нуруу, ээжийн минь түшиг тулгуур, халамжит хань, үр хүүхдүүддээ уул мэт нөмөр нөөлөгтөй, монголын сайхан эр билээ. Уул мэт нөөлөг, уужим саруул, холч мэргэн бодол, ховорхон заяах хайр халамж, энэ бүхэн монгол эр хүний шинж билээ.
Нэг. Өрхийн тэргүүн.Ерээд оны дундуур Завхан аймгийн нутагт Марз уулыг мөргөж сүйрсэн, МИАТ-ын "Ан-26"онгоцны ослын үеэр, миний бие оршуулгын комисст орж ажилласан юм, Хар дарсан зүүд шиг хүнд хэцүү өдрүүд өнгөрч, осолдогсодын шарилтай салах ёс гүйцэтгэх сүүлчийн өдөр, Монголын төр засгийг төлөөлж,тэр үеийн Мoнгол улсын ерөнхийлэгч П.Очирбат, ерөнхий сайд П.Жасрай гуай нар хүрэлцэн ирсэн юм. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг салах ёс гүйцэтгэн, эмгэнэл илэрхийлж, шарил бүрийн дэргэд очиход, өдий болтол сэтгэлээ барьж, нулимсаа тэвчиж асан бүх хүн өөрийн эрхгүй уйлж байхыг хараад, "төрийн тэргүүн", "өрхийн тэргүүн" гэдэг ямар их өмөг түшиг, итгэл найдвар байдгийг ойлгосон доо. Хэн нэгэнд гомдож тунисан өөдөсхөн жаахан үр нь, аавыгаа гараа тосон, хошуугаа цорвойлгон аргадах төдийд л чанга дуугаар бархиран уйлж очдог шиг, идэр насандаа амьдралын хүнд хэцүү нугачаанд алдаж бүдрэхдээ аавдаа л очиж, хатуу үгийг нь сонсож нулимс унагаадаг, өтөл насандаа, тэнгэрийн оронд очсон аавынхаа зургийн өмнө зовлон шаналлаа шивнэн тайтгардаг, сэтгэлийн нандин холбоос Монголоос өөр үндэстэнд бий билүү. Өрх гэрийн бүх л хэрэгцээ, хэзээ нүүж, хаана нутаглах, хаана суурьших, үр хүүхдүүдийн өмсөж зүүх, идэж уух, сурч боловсрох бүх л зүйлийг гагцхүү өрхийн тэргүүн "эр хүн"л олж , бас шийддэг болохоор, гэр бүлээрээ хүндлэн дээдэлж, "үгийг нь сонсдог". Тиймд хүссэн ч, эс хүссэн ч эр хүн энэ бүхний төлөө бодож сэтгэх, хөдөлмөрлөх, бусадтай ойлголцох хэрэгтэй болдог. Өрх гэрийг толгойлон авч явна гэдэг амаргүй. Үүний төлөө эрхээ багасгаж, үүргээ нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Ядаж л эхнэр хүүхдээ мөр бүтэн явуулж байж, өөрийгөө гоёх, гэдэс цатгалан явуулж байж, хааяа нэг ууж идэх эрхтэй болох жишээтэй. Өөрөө зөв бодож, зөв ярьж, биеэ аятайхан авч явж байж үр хүүхдээ сургаж, зэмлэх хэрэгтэй болдог. Үгүйдээ л үр хүүхэд, хань ижлийнхээ өмнө өдөр бүр харагдаж байдаг "амьд үзүүлэн" болохоор "хэл хальтирч", "хазгай гишгэх" эрхгүй. Өнөөдөр өрх толгойлсон эрчүүдээс гадна, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай олонтаа ярих болжээ. Монгол эрчүүд цөөрөөд байгаа юм болов уу, эсвэл "ноён нуруу нь хугараад байгаа " юм болов уу, нэг хэсэг нь тооноо өргөж даахгүй байгаа юм болов уу? Амьдралаа сайн сайхaнаар авч , "өрх толгойлж” яваа сайхан эрчүүд олон байгаа хэдий ч, арчаа муудаа амьдралаа авч явж чадахгүйдээ хүрч, "өрх толгойлуулж” яваа нэгэн байх. Ямартай ч эр хүний ноён нуруу "бат бөх" байж, эхнэр нь "малгай бүсийг " нь дээш нь залж хүндлэн, үр хүүхдүүд нь "үггүй зэмлэсэн харцнаас нь" ухаарал авч, айл гэрийн багана нь тэгш байж, тулганы гал нь үргэлж асаастай халуун дулаан гэр бүл олшрох болтугай.Хоёр. Эр хүний сүлд хийморь.Бидний багад 3 жилийн цэргийн алба хаасан эрчүүд гэдэг, ямар өнгөлөг, жавхалзсан, бас цог золбоотой харагддаг байсан гээ. Тэдний хөлөө ороож, гутлаа нүүр харагдам тослох, дээлээ цэвэрхэн өмсч, бүсээ жавхалзтал ороохыг хараад, "хэзээ ийм сайхан эр болж" айл айлд хүндлүүлж явах бол доо гэж , битүүхэндээ атаархал, мөрөөдлийг хослуулдаг сан. Энэ зууны эхээр Бээжин явах замдаа Замын -Үүд боомтоор хил гарах үед, галт тэрэгний цонхоор хилийн харуулд зогсож байгаа монгол цэргийг хараад гайхсандаа дуу алдах дөхөв. Хаврын хавсарган өдөр байсныг хэлэх үү. Туранхайвтар, биеэр жижиг цэрэг, үүрсэн буундаа түүртэж, даарч бээрсэндээ эгээ л хөдөө айлын авгай шиг хоёр гараа ханцуйвчилж,малгайны чихээ буулган бүчилчихсэн, арай л нус хулимс нь гоожиж харагдаагүй байх. Даан ч дээ. Бүхэл бүтэн тусгаар улсын хилийн харуул, ингэж цог золбоо бүү хэл, сүр сүлд ч үгүй зогсоо нь, Монгол орны минь сүр сүлд үгүй болсныг илтгэх мэт. Улс орны минь сүлд хийморь, эр хүний сүлд хийморь хаачаа вэ? Саяхан нэг завандаа Монголын хошин шогчдын тоглолтыг интернетээр үзлээ. Тэдний үзүүлж байгаа монгол эрчүүдийн дүр нь, арчаагаа алдчихсан архичин, эхнэртээ дарамтлуулж байгаа өрөвдөлтэй эрчүүд. Энэ бухимдалтай цаг үед тэд юyг үзүүлж, юуг сурталчилж, хэний "тархийг угаагаад" байна вэ? Энэ бүгдийг үзээд элгээ хөштөл инээлдэж байгаа монголчууд минь, хэнийг шоолоод байна вэ? Монгол эрийн сүлд хийморийг гутаан, доройтуулах замаар, Монгол төрийн сүлд хийморийг доройтуулах "харь" бодлого явагдаад байгаа юм биш биз?! гэж хардах боллоо,Үнэн байдлыг л өгүүлж байна шүү дээ, сүртэй юм гэж ширэв татах нэгэн байх биз.Гэвч “амны билгээс ашдын билэг", "урмыг нь хугалахаар ууцыг нь хугал" гэж Монголчууд бид хэлэлцдэгсэн. Монгол эр хүн гэхээр л архи ууж , эхнэрээ араар нь тавьж байдаг, эхнэр нь харааж загнаж, дарамталж байж гэмээ нь амьдралд чирч гулдарч, авч явдаг гэсэн бусармаг ойлголтыг энэ нийгэмд төлөвшүүлж орхивол яах юм бэ?! Монгол эр хүний сайн чанарыг өгүүлсэн Ч.Лодойдамба гуайн "Хугараагүй ноён нуруу”, С. Эрдэнийн "Өвгөн шувуу" өгүүллэгүүдийг уншаагүй, "Тан руу нүүж явна", "Ирж яваа цаг" киног үзээгүй атлаа, хошин шог үзэж, хип хоп үглэлдэж яваа, салтаа нь тээр дор өмд, хүйс нь гарсан цамс өмссөн хойч үеийнхэн минь, монгол эр хүн бүдүүлэг, соёлгүй, болoвсролгүй, архичин хүмүүс, гадаад эрчүүдийн хаана ч хүрэхгүй гэсэн ойлголттой болчихвол яаx билээ?! Яагаад монгол эрчүүдийн уужим саруул ухаан, холч тавиу бодол, ууч сэтгэл, тэр болгон ил гаргаад байдаггүй хирнээ зүрх сэтгэлээс нь гэрэлтэж байдаг хайр, халамжийн тухай бичиж, үзүүлэхгүй байна вэ? Зөвхөн монгол эрчүүдийн тухайд л ярьдаг, малгай бүсэнд нь байдаг гэж сүсэглэн итгэдэг, "сүлд хийморийн" тухай дурсахгүй байна вэ?Эмэгтэй хүний хайр, хүндэтгэл, итгэлд нь бадарч байдаг, монгол эр хүний сүлд хийморь нь Монгол орныг өдий дайтай авч ирсэн гэж би итгэдэг. Монгол эр хүний хийморь, цог золбоо нь цусанд нь, ухаанд нь,тэсвэр тэвчээрт нь байдаг юм шүү.Монгол эрчүүд минь сэргэцгээх цаг болжээ. Та бидний нуруун дээр монгол өрх төдийгүй монгол улсын минь хувь заяа буй.Гурав. Монгол эрчүүдээ өмөөрөхүй.Монгол эрчүүдэд минь буруу муу зуйл олон бий. Гэвч яагаад ийм болгосныг эргэн харцгаая.-1937 оны их хэлмэгдүүлэлт. 1990 он хүртэлх МАХН-ын ялгаварлан гадуурхах, хавчин шахах бодлогод монгол эрчүүд илүүтэй өртсөн. Тэдэнд, санамсаргүй байж байгаад хэрэгт холбогдон шоронд хоригдох, санаандгүй байж байгаад арга хэмжээ авахуулах зэрэг нь "зүрхэнд нь орж", "аймхай хулчгар", бас "зусар зулгуй" байх замыг сонгуулсан. Их "айдсын" ул мөр өнөө ч хүртэл арилаагүй болохоор, хүмүүс үнэний төлөө тэмцэж чаддаггүй. амиа хичээсэн бэртэгчин байдалд орсон нь нууц биш. Ямартаа л "Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг" гэсэн алдарт хэллэг хүмүүсийн уншлага болох билээ. Харин ч харь оронд хөл тавьж, амьдарч байж мэдрэх болсон хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нь монгол эрчүүдийг бага ч атугай өөрчилсөөр байна.-Социализмын үед хөвгүүдээ цэрэгт явуулж, охидуудаа сургуульд сургадаг байсан гаж үзэгдэл нь, эрчүүдийн боловсрол эзэмшин хөгжих их боломжийг хаасан."Хүү яах вэ, Цэрэгт явж ирээд амьдралаа аваад явчихна. Энэ муу охин л сургууль соёлд явахгүй бол, арчаагаа алдаж, хүний гар харахад хүрнэ" гэсэн шилжилтийн үеийн нүүдэлчин сэтгэхүй, өнөөдрийн олон олон боловсролгүй эрчүүдийн доромжлуулах шалтаг болсон. Та ч гэсэн эргээд нэг сана даа. дунд сургуульд танай ангид хэдэн хөвгүүд байгаад, техникум, их дээд сургуульд хэдэн хөвгүүд байсан бэ? гэдгийг, Хүйсний харьцаа 50:50 байснаа 30:70 болсон гэдгийг бид лавтай мэднэ-Монгол-Зөвлөлтийн аугаа их, гандан бууршгүй найрамдал , монгол эрчүүдийг "архичин" болоход багагүй нөлөө үзүүлсэн. Охидууд нь мэргэжил эзэмшин алба хашиж, эрчүүд нь социализмын материал техникийн бааз барьж байгуулахад, Зөвлөлтийн мэргэжилтэн "ах" нартайгаа гар болон хундага нийлүүлэн ажиллацгаасан. Ахмад настны дэргэд ичиж зовон, хахаж цацан мөнгөн аягатай нэрмэлээс "амсдаг", "Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу" гэдэг сургаалиар хүмүүжиж асан монгол залуучууд, цагаан архи, "водка', "бараашиг" хэмээх хатуухан ундааг орос ах нарын зааж сургаснаар, стакан стаканаар нь "татаж”, бас болоогүй араас нь хар талхийг тааламжтайяа үнэрлэж сурсан. Эцэст нь бүх шатанд суурилсан “хүнд суртал” нь "архи” хэмээх авилгалтай хамтдаа хөгжиж, монголын нийгмийг хамардаг болсон нь ч нууц биш. Социализмын материал техникийн баазын үлдэгдэлтэй хамт, архичин эрчүүдийн үлдэгдэл багассаар байна, Бүх зүйлийг мөнгөөр тооцоолж байгаа энэ цаг үед архинд бус талханд мөнгөө зарцуулах хэрэгтэйг мэдэрч байгаа болохоор бас ч учир байнаа.-Монгол эрчүүд гол төлөв цэргийн алба хаадаг байсан, одоо багассан хэдий ч бас л хаасаар байгаа. Зохион байгуулалт муутай, зорилго чиглэл нь тодорхой бус Монголын арми, дотроо оршин байсан "дэглэлт" гэдгээрээ монгол эрчүүдийг хагаралдуулж, "хүчтэй нь хүчгүйгээ" гэдэг зарчмаар өш хонзонгийн талбар болгосон нь бас л үнэн. Чухам эндээс л ихэнх эрчүүд , худлаа ярих, өөрийгөө хоосон магтах, онгирч сагсуурах эрдэмд суралцацгаасан. Зөндөө олон цэргийн алба хаасан найзууд болон эрчүүдийн яриаг сонсож сууxад, бүгд л "жа”, "атаман” байсан тухай ярина. Лав л дэглүүлж байсан тухай нэг их сонсоогүй юм даг. Өөрсдийн бүдүүлэг, хэрцгий байдлаа үндэсний "баатар"-ын хэмжээнд сурталчилж бахархах үзэгдэл монголын арми, хорих газруудаас үүдэлтэй. "Армийн жа", "Халхын шорон” гэдэг хэллэгүүд эндээс л гарсан. Энэ бүхэн үеэ өнгөрөөжээ. Одоо олон юм өөрчлөгдөж байна. Тэнэг бүдүүлэг, замбараагүй, балмад хэрцгий байдлаараа бахархaж гайхуулах бүү хэл, ичиж зовох цаг иржээ. Бидний үзэж өнгөрүүлсэн цаг үе, социализм байгуулах хоосон мөрөөдөл, хүний эрх чөлөө, оюун санааны эрх чөлөөний хязгаарлалт, хардлага, хавчлага, элдэв дарамт, гадаад ертөнцөөс таслагдсан байсан үеүд монголын ард түмэнд, түүний дотор эрчүүдэд илүү хүнд тусч муугаар нөлөөлсөн. "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэгчлэн олон юм өөрчлөгдөж, тэр хирээр монгол эрчүүд ч өөрчлөгдөж бөйна. Тэднийг бүү муулж, доромжлогтун! Одоо л тэдэнд бусдын итгэл, хүндлэл, тэвчээр хэрэгтэй байгаа. Монгол эрчүүдийн хийморь сэргэж, тэд дэлхийн тавцанд гайхуулах цаг ирнээ. ТӨГСГӨЛ "Эр хүн эр хүндээ хайртай"гэдэг үгийг эрчүүд бид архи уухдаа бус, бие биеэ дэмжин, хамтран ажиллахдаа хэлдэг болох цаг ирж байна. "Эр хүн" гэдэг үгийг, ямар ч үед хэлсэн амалсандаа хүрдэг, элдэв хов жив, цуу ярианд автдаггүй, алив зүйлд өөрийн бодол санаагаар ханддаг эрчүүдэд зориулан хэрэглэдэг. Алив асуудлыг олон талаас нь харж ухаалаг шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэртээ эзэн нь болж хэрэгжүүлж чаддаг, хань ижил үр хүүхэддээ халамжтай, тэднийгээ хангалуун амьдруулж чаддаг, ямар ч үед онгирч сагсуурдаггүй даруу байж чаддаг эрчүүдийг монгол бүсгүйчүүд хүсдэг билээ. Одоо хавар болж, урь орж, ундэстэй болгон дэлгэрсэн, дулаахан сайхан улирал айсуй. Үүн лугаа адил, хүмүүсийн амьдралд ч элбэг хангалуун, сэтгэл тайван, хүссэнээрээ амьдрах цаг үе ч айсуй. Монгол эрчүүд маань ч монгол бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдлийн ханхүү болон хувирах боломж бий болж байна. "Юм үзэж нүд тайлсан", энэ биедээ эрдэм ухааныг "цогцлоосон", алив зүйлийг "долоо хэмжиж нэг огтолдог", их дөлгөөн мөрөн шиг "даруухан" сайхан монгол эрчүүд олширноо. Та нартаа удахгүй болох монгол ардын армийн өдөр буюу өнөө цагийн "эрэгтэйчүүдийн” баярын мэнд дэвшүүлье! Та нарын минь сүлд хийморь өөдөө байг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008 оны 3-р сарын 14

1 comment:

david santos said...

ПРИВЕТ ДРУГ, ХОРОШАЯ РАБОТА! MONGÓLIA - КРАСИВАЯ СТРАНА. Я ЛЮБЛЮ МНОГО ТВОЕГО ПРОСТРАНСТВА.
СПАСИБО