Wednesday, March 19, 2008

Тусгаар тогтнол ямар үнэтэй вэ?


Өдгөөгөөс 63 жилийн тэртээх намрын нэгэн өдөр сармай дээлтэй хэдэн монгол тал бүрээс довтолгон ирж /хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж явсан гэдэг/ тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсыг тунхаглах санал хураалтад оролцжээ. Өндөгнийхөө хээгээр тамгалсан энэхүү сонгууль Монгол улсын түүхэнд 100 хувийн санал хураалт явуулж чадсан хамгийн анхны бөгөөд ахин хэзээ ч давтагдаагүй түүхэн үйл явдал байсан юм. Харамсалтай нь хөдсөн дээлтэй хөдөөх монголчуудын “тунхагласан” Монгол улсыг өөрсдөөс нь өөр хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Яг энэ үед ЗХУ, АНУ, ИХ Британийн засгийн газрын тэргүүн нарын бага хурал Ялтад болж онцгой хэдэн асуудал шийдсэний нэг нь Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой, өөрөөр хэлбэл улсаа тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг байлаа. Ялтын бага хурлаас хойш БНМАУ-ыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөх эхлэл тавигдсан гэж болно. Энэхүү түүхэн үйл явдлын 63 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан Тусгаар тогтнолын талаарх эл нийтлэлийг эрхэм блогчиддоо толилуулж байна.
Төв Азийн голт зүрхэн дээр байршдаг нүүдэлчдийн түүх хэдэн мянганаар тоологдоно. Дэлхийн сүүлчийн мөстлөгийн үед чухам энэ л хязгаар буйд нутгаас анчин нүүдэлчид ан гөрөөний их нүүдлийг даган Берингийн битүү байсан хоолойг дамжин Америк тивд очин суурьшжээ. Энэ л анчин гөрөөчид домог түүхт америкийн Ацтек, Майячуудын өвөг дээдэс гээд хэлчихэд нэг их баримт нотолгоогүй худал мэдээлэл болчихгүй. Энэ цаг хугацаа нөгөө арслан заан, сэлмэн соёот бар сэлгүүцэж байх 40, 50 мянган жилийн тэртээх үе шүү дээ. Үүнээс ч өмнөх анхны хүн бич, неандертальчуудыг бас дурдаж болох. Хүний үүслийг байя гэхэд нисдэг нисдэггүй, махан болон өвсөн идэштэн аварга том динозавруудын үе ч Төв азийн энэ тэгш өндөрлөгтэй холбоотой. Энэ газар нутгийн хүмүүс анхны төрт улсаа байгуулж ирсэн түүх хөрш зэргэлдээ дэлхийн хамгийн анхны төрт улс гэгддэг Хятадын төрт улсаа байгуулсан үетэй таарч тохиодог нь сонин. Суурьшмал, нүүдэлчин соёл иргэншил өөр өөрийн төрт улсаа нэгэн цаг үед бөөр бөөрөө нийлүүлэн үүсгэн байгуулж байсан нь хүний түүхэнд тэр бүрий тохиогоод байхааргүй сонин содон үзэгдэл. Хоёр өөр соёл иргэншил төр улс гэсэн нэгэн эх ундаргыг зарлан тунхаглаж тэр нь төрт улсын хоёр өөр хэлбэр байсан нь өнөө хэр нь эрдэмтэн мэргэдийн олон янзын таамаг, онол дэвшүүлэхийн үндэс язгуур болжээ. Нүүдэлчид төрт улсаа Хүн гүрэн гэж нэрийдэж байсан нь өнөөгийн бидний нийтлэг тэмдэглэгээгээр Хүннү гүрэн юм. Хүннү гүрэн баруун зүүн төв хэсэгт хуваагдсан асар том газар нутаг бүхий төв Азийн умард хязгаар байсан бол Хятадын Хан гүрэн умардаас өмнөд тийш Энэтхэгт хүрсэн өмнөдийн бүх газар нутаг байлаа. Хоёр өөр соёл иргэншил өөр хоорондоо газар нутаг, хүн ардаа булаалдан үргэлжид тэмцэлдэнэ. Аргаа барахдаа Хятадууд цагаан хэрэм бариулан мөнхийн дайсан нүүдэлчдээс газар нутгаа тусгаарлах оролдлого хийсэн нь өнөөдөр хүний түүхийн туршид баригдсан хамгийн том уран барилгын байгууламж хэмээн нэрийдэхэд хүргэжээ. Баабарын хэлсэнчлэн ийм аугаа гайхамшигт хэрэм бариулахад хүргэсэн ард түмэн бүр ч гайхамшигтай байж таарна гэдэг үг энэ гайхамшигт байгууламжийн мөн чанарыг илүү тодотгох буй за. Нүүдэлчдийн байгуулсан төрийн үндэс язгуур нь газар нутаг байлаа. Газар нутаг гэдэг ойлголт улс гүрэн, тусгаар тогтнол гэсэн үгтэй утгын хувьд салшгүй гэсэн үзэл санаа эртнээс нааш нүүдэлчдийн дунд тогтсон ойлголт байсан юм. Хүннү ч тэр Уйгар, Кидан, Түрэг, Хамаг Монголын улсын үед ч энэ үзэл санаа хэлбэрэлтгүй мөрдөгдөж ирсэн. Их Монголын байлдан дагуулалын утга санаа мөн чанар ч үүнтэй салшгүй холбоотойгоор хүний түүхэнд урьд хожид хэзээ ч тохиож байгаагүй хоёр тив эзэгнэсэн их гүрэн болж биеллээ олж байсан юм. Тусгаар тогтнох гэдэг уудам хөндий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар эрх чөлөөт нүүдэлчдийн хувьд хамгийн эрхэм зүйл байлаа. Мал адгуусаа бэлчээолэх газар үгүй аваас нүүдэлчид гэдэг утгаа алдах байлаа. Угаас нэг дор шавааралдан суурин балгад босгон амьдарч суухыг эрхэмд үздэг энэ ард түмэнд тусгаар тогтнол гэдэг үзэл санаа хэчнээн эрхэм болохыг мэдрэхэд тийм ч хэцүү биш.Хятадууд түүхэндээ олонтаа харь үндэстний эрхшээлд орж байсан ч тэд нь цаг хугцааны хувьд өөрт уусан замхарч аль эсвэл түлхэн унагаагддаг байлаа. Ингэлээ гээд угийн хотжин суурьшиж амьдарсаар ирсэн тэдэнд төдийлөн хохиролтой байсангүй. Атга будаа тариагаа тариад амьдарчих алга дарам газартай л бол бусад нь төдийлөн хамааралтай бус суурьшмал соёл иргэншлийнхний тусгаар тогтнол гэдэг ойлголт нүүдэлчдийнхээс эрс ялгаатай байжээ. Энэ ч үүднээс харийн дарлалыг хамгийн их эсэргүүцдэг, бусдын малгай, буулган доор бөхөлзөн амьдарна гэдэг нь нүүдэлчдийн үзэн яддаг сэтгэхүй болтлоо цусанд шингэжээ. Нүүдэлчид бардам, зоригтой, эрх чөлөөтэй байхыг юу юунаас чухалчилж байсны илрэл нь энэ. Төв азийн гол зүрхэнд орших нүүдэлчдийн сэтгэхүй Араб, Африкийн нүүдэлчдээс ялгаатай нь тэдний мөнхийн дайсан нь суурьшмал иргэд, амьдралынх нь утга учир эрх чөлөө тусгаар тогтнол байсан юм. Бидний өвөг дээдэс, бид ийм л үзэл санаа, мөн чанараар хүний түүхийн олон мянганы бартаа саадыг даван өнөөгийн өндөрлөгт хүрсэн билээ. Төв Азийн нүүдэлчин Монголчуудад тусгаар тогтнол гэдэг үг хэчнээн аугаа гайхамшигт утга санааны илэрхийлэл байдгийг энэ ард түмэн сүүлийн гурван зуун жилийнхээ түүхийн туршид дэндүү сайн мэдэрсэн. Олон арван жилийн өвөр хоорондын тэмцлийн сүүлчээр Монголчууд манж угсаатанд өөрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж хараат боллоо. Бүх зүйл манж угсаатны үг хэл, гар хурууны үзүүрээр шийдэгддэг болж үргэлжид толгой өөдөө, харц дээгүүр явдаг зон олон харц доогуур толгой бөхиймөл явах болов. Энэ харуусалт түүх хоёр зуу гаруй жил үргэлжилсэн. Манжийн ноёрхлын эсрэг монголын олон зоригт аавын хүүхэд олон арван удаагийн зэвсэгт бослогод нэгдэн тэмцэж байсан ч дарагдаж байсан гашуун түүх бий. Гэвч монгол хүн бүрийн цээжинд эрх чөлөө тусгаар тогтнол гэсэн үг байнгын хадаатай явж байлаа. Хэдийгээр манжууд Монголыг тусгай бүс нутаг болгон зарлаж өөртөө засах эрхийг нь үлдээж, хятадуудыг олноор нь суурьшихыг хориглож байсан ч хэзээнээс эрх чөлөөг эрхэмлэсээр ирсэн монголчуудад энэ бүхэн хангалтгүй байсан юм. Бүтэн хоёр зууны туршид монголчуудад үүлэн чөлөөний завсраар гийх наран адил боломж бололцоо гарч байсангүй. Монголчууд хоёр зуун жилийн дараа 500 гаруйхан мянган хүн амтай, эрчүүдийнх нь тал хувь нь лам болчихсон хөөрхийлөлттэй гэхэд багадмаар хэцүүхэн хувь тавилантай ард түмэн болсон байлаа. Энэ улсыг дахин сэргэн өндийнө гэдэгт гадныхан эргэлздэг байсан юм. Энэ тухай монгол нутгаар аялж байсан Англи, Америк, Оросын олон арван жуулчид археологчдын тэмдэглэлээс мэдэж болно. Гэвч энэ ард түмэнд тэнгэр бурхан өөдлөн дэвжих өчүүхэн боломжийг олгосон юм. Манж туйлдан унаж, хятадууд өвөр зуураа тэмцэлдэж, орост болшевьекууд төрийн эрх мэдлийг атгасан нэгэн зурвас үе ирлээ. Монголын эргэн тойрон жинхэнэ орондоо орох завгүй олзлолдон булаалдацгааж байх зууны эхний тэр л үед Жавзандамба хутагт тэргүүтэй монголын нөлөө бүхий ноёд түшмэд монгол улсаа тусгаар тогтносон улс хэмэээн зарлаж улс гэрээ Богд хаант Монгол улс хэмээн нэрийдэв. Энэ бол монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх сүүлийн хоёр зуунд хийсэн тэмцлийн хамгийн үр дүнтэй тэмцэл байлаа. Монголчуудын үндэсний ухамсар сэтгэлгээ сэргэн өндийж бор гэртээ богд хар гэртээ хаан болох алтан боломж тохиов. Харамсалтай нь энэ таатай боломж хэдхэн жилийн настай байлаа. Хиагтын гэж болсон газрынхаа нэрээр нэршсэн орос монгол хятад гурван улсын хэлэлцээрээр монголчуудын тусгаар байдал алдагдаж Хятадын доторхи өөртөө засах эрх бүхий автономит төр засагтай боллоо. Хэлэлцээрээс даанч удалгүй Хятадын гоминданы арми монгод нэвтрэн орж Нийслэл хүрээг өөрийн мэдэлдээ нэгтгэн Богд хааныг Да Жунтны хөрөгт мөргүүлэв. үүлэн чөлөөний наран хар сүүдэрт дахин дарагдав. Гаминг хөөсөн цагаантан, цагаантныг хөөсөн улаан арми, ардын журамт цэрэг. Дайн тулаан олон жилийн турш төрөлх газар шороон дээр минь өрнөж олон мянган эх орончдын ариун цусаар дээд монголын гурван гол будагдав. Монгол түмэн нэг улсын хараатаас нөгөө улсын гарт, нэг дайнчын гараас нөгөө дайнчын гарт шилжигдсээр л. Эх оронч олон арван аавын хүүхдүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр эцсийн бүлэгт харийн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж өөрийн улстаа эзэн суух эрхийг 1921 онд олж авлаа. Тусгаар тогтнолын төлөөх нүүдэл иргэн монголчуудын тэмцэл алдаа онооны дэнсэн дээрх аугаа тэмцэл байлаа. Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт, хотгойдын Чингүнжав, ойрадын Амарсанаа, Улиастайн хоёр мянган цэргийн бослогын удирдагч Энхтайван, Богд Жавзандамба хутагт, чин ван Ханддорж, хайсан гүн Цэрэнчимэд, манлай ван Дамдинсүрэн, хатан баатар Магсаржав, Магсар хурцын Дугаржав, Бодоо, Данзан, Догсом, Сүхбаатар, Ерөнхий сайд Амар, Гэндэн гээд л олон арван төр шашин, цэргийн зүтгэлтнүүдийн хоёр зууны турш урсгасан халуун амь бүлээн цусаар монгол түмэн тусгаар тогтнолоо олж авсан юм. Дэндүү их урт удаан хугацаанд дэндүү их үнэ цэнээр олж авсан тусгаар тогтнол чамайг бид голт зүрхнээсээ илүүтэй хайрлах учиртайсан. Алив үндэстэн алив угсаатны оршин тогтнох цорын ганц орон зай бол эх орон. туурга тусгаар, өөрөө өөртөө эзэн байхуйн аугаа эрх чөлөө бол тусгаар тогтнол билээ. Эв нэгдэлгүй байхдаа алдсан тусгаар тогтнолын үнэ цэн хэзээд эрхэм байдаг. Нэгэнт алдсан тусгаар байдал хэдэн арван үеийн турших харанхуй манан дахь төөрсөн унага лугаа адил өршөөл энэрэл үгүй. Түрэгийн мэргэн Тоньюк жанжин, -Эмс хүүхний өнгөнд хууртаж, эрх мэдэл эд баялагын увьдист хорлогдон эх нутаг юугаа орхин гансрах аяа бид ямар өчүүхэн бэ гэж дуу алдсанчлан, бас нэгэнтээ Хүннүгийн шүлэгч, Улаан уулаа алдаад эмс охид минь уруул цайх будаггүй болов, тэнгэр уулаа алдаад гэргий хүүхэд минь энгэсэггүй болов гэж харуусан гашуудсан нь чухамдаа энэ тусгаар тогтнол гэдэг үг улс үндэстэнд хэчнээн эрхэм болохыг өгүүлэх мэт. Тусгаар тогтнол гэгч ийм л их үнэ цэнэтэй зүйл ажгуу. Монгол төрийн өлмий бат оршиж, монгол төрийн хараа хурц мэргэн байж, монгол төрийн хийморь лундаа өөдрөг цогтой байж хөх мөнх тэнгэрийн орноо үүрд мандан бадарч байг ээ. Туурга тусгаар улс гэрийг минь эцэг өвгийн сүнс сүлд үүрд мөнх цогшоох болтугай.