Thursday, February 28, 2008

Манжийн дарангуйллын үе дэх Монгол орон



XVII зууны сүүлч үеэс XX зууны эхэн үе хүртэл 200 гаруй жил Монгол орон манжийн байлдан дагуулагчдын эрхшээлд нухлагдаж байв. Энэ үе бол Монголын түүхийн хамгийн гашуун зовлонт харанхуй үе байсан юм.
Манж нар бол одоогийн Манжуурт нутаглаж байсан хамниган угсаатан бөгөөд XVI зууны сүүлчээр цэрэг-язгууртаны хүчирхэг улс болон бүрэлджээ. Манж нар богино хугацаанд зэргэлдээх орнуудаа түрэмгийлэн улмаар Монголын хаант улсуудыг эзлэн авав.
Монголын феодалын улс манжид эзлэгдсэн түүний талхинд орсон нь хэдэн шалтгаантай байв. XVII зууны үед Монгол орон дотоодын феодалын бутралын уршиг, гаднаас манж, хятадын хаадын хагалан бутаргах хорт явуулгын улмаас Өвөр Монгол, Ар Монгол, Баруун Монгол (Ойрад) гэсэн гурван том хэсэг болон салж, тэдгээр нь бас дотроо олон жижиг феодалын эзэмшилд хуваагджээ. Эдгээр том, жижиг язгууртнууд бүх Монголын хаан ширээ болон өөр өөрсдийн биеэ даасан байдлын төлөө үргэлж тэмцэлдэж байсны улмаас Монгол орон дотоодын хямралд гүн автжээ.
Улс орон нь доройтож, бас харийн аюул занал нүүрлээд байсан тэр нөрцөлд Монголын феодалууд эв нэгдлээ бэхжүүлж, түрэмгийлэгчдийн эсрэг нэгэн мөрний урсгалд нийлэн шийдвэр төгс тэмцэх ёстой байлаа. Цахарын Лигдэн хаан, Халхын Цогт хун тайж зэрэг хүмүүс үүнийг ухамсарлан нийт улс гэрийнхээ тусгаар тогтнолоо хамгаалахыг уриалан тэмцэж байв. Гэтэл зарим феодалууд зөвхөн өөрсдийн явцуу ашгийг хичээн нийтийн тэмцэлд нэгдэхгүй, тус тусдаа тэмцэх, бууж өгөх зэрэг бодлого баримталж байсан нь тэмцлийн эрчийг сулруулж, хүчийг сарниулжээ. Манийн байлдан дагуулагчид 1644 онд Хятадыг эзлэн авсан нь түүний эдийн засаг, цэрэг зэвсгийн их хүчийг Монголын эсрэг шууд дайчлан хөдөлгөх боломжтой болжээ.
Манж нар улс төрийн элдэв луйвар аргаа цэрэг зэвсгийн давуу байдалтай хослуулсаар 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Халх Монголыг, XVIII зууны дундуур Баруун Монгол (Ойрад) – ыг эрхэндээ оруулжээ. Тэд Монголыг эзлэн авсаны дараа ноёрхолоо бэхжүүлэхийн тулд Монголын уламжлалт хууль, засаг захиргааны зохион байгуулалтыг цөм хүчингүй болгон, өөрсдийн харгис засаг захиргааг чандлан тогтоож, манай ард түмний хүчээ нэгтгэн босч тэмцэхээс болгоомжлон тэдний улс төрийн нэгдлийг бутаргаж, хүчийг нь сарниулахад чиглэсэн олон арга хэмжээ авчээ. Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд захирч, монголчуудаар өртөө, харуулын цэрэг, хүнд хүчир алба даалгах, манж хааны Монголоос дээрэмдэн авсан олон зуун мянган малыг үнэ хөлсгүй хариулган үржүүлэх, Ховдод байсан Манжийн дарангуй цэргийн хүнсний тариа тариулах, цэргийн албанд дайчлан мордуулах, мөнгөн татвар авах зэргээр малчин ардын хөдөлмөрөөр бүтээсэн баялгийг ховх сорон үгүйрүүлж байв. Жишээлбэл: зөвхөн Манжийн элч, төлөөлөгчид зорчиход зориулсан олон замын өртөөний зардалд жил тутам саяас доошгүй мал албадан гаргуулж байсны дотор гагцхүү зорчигчдын хүнсэнд 200,000 гаруй хонь хэрэглэж байжээ.
Манжийн эрх баригчид шашныг бүх талаар дэмжин дэлгэрүүлж түүний тусламжтайгаар ард олныг мунхаруулан харанхуй бүдүүлэг хэвээр нь барьж, номхон боол болгон дарлахыг хичээж байлаа. Хүрээ хийд, лам нарын тоог хэтэрхий олшруулсан нь олон идэр эрийг бүтээлч хөдөлмөрөөс хөндийрүүлж, тус улсын хүн амын өсөлтийг сайтуулсны гадна үйл олон лам нарыг хооллож, хувцаслах, тэдний хурал номын бүх зардлыг бэлтгэн нийлүүлэх нүсэр хүнд албыг ард түмэнд давхар үүрүүлсэн юм.
Монголын ард түмэн ингэж манжийн эрх баригчид, монголын феодал ноёд, лам нар гэсэн хэд хэдэн эзэнд нэгэн зэрэг үйлчлэх ганц зарц нь болоод зогссонгүй, бас хятадын худалдаа, мөнгө хүүлэгчдэд давхар шулуулж үгүйрлийн балчигт лавшран шигдсээр байв. Манжийн засгийн газрын шууд ивээлээр Монголд нэвтэрсэн Хятадын худалдаа, мөнгө хүүлэл монголын эрд түмний хөлс, цусыг сорон тамирдуулж байлаа. Хятадын шунахай худалдаачид өр төлбөрийн хүүг 400 хувь хүртэл өсгөж Монгол орныг “баяжих, хөлжих алтан хайрцаг” хэмээн ичгүүргүй нэрлэж байв. Хятадын худалдаачид бүр гурван янзын жигнүүрийн туухайтай байсан бөгөөд хүнд туухайгаар нь бусдаас авах зүйлийг, хөнгөнөөр нь бусдад худалдах барааг хэмжиж, жинхэнэ туухайг мэхлэж болохгүй нөхцөлд хэрэглэж байв. Бас өөрсдийн барааг маш өндөр үнээр худалдаж Монголын түүхий эдийг туйлын хямд авдаг болсон байна.
Манжийн эрх баригчдын шаардан тушаасан олон зүйлийн бачим түргэн албыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд хошууны тамгын газар, аймгийн чуулгад арга буюу шахагдан хятад пүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлдэн авч алба залгуулна. Албаны энэ өрийг ч, харьяат ноёдынхоо хятад худалдаачдад тавьсан өрийг ч ардууд төлнө. Манжийн феодалууд, хятадын худалдаачдын шунахай эрх ашиг яваандаа нийлж нэг нь алба татвараар, нөгөө нь өр зээлээр Монгол орныг хамтран мөлжиж, ард түмнийг амь зуулгын хэдэн малаас нь хагацуулан сүйрлийн даваанд тулгаж байлаа.
Гэвч Монголын ард түмэн гадаад, дотоодын давхар дарлалд дуугүй нухлагдан, ямагт толгой гудайн хүлцэж явсангүй, эрэлхэгээр босон тэмцэж, тэмцлийн туршлагаа баяжуулсаар байсан юм. Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлээс хамгийн хүчтэй нь Ойрадын Амарсанаа, Халхын Чингүнжав нарын удирдсан 1755-1758 оны зэвсэгт бослого юм.
1755-1758 оны зэвсэгт тэмцэл дарагдсан боловч монголын ард түмний түүхэнд гүн ул мөрөө үлдээн тэмцлийн сургамж дууриал болж, тэдгээр тэмцэгчдийн баатарлаг дүр ард түмний дунд мөнхөрөн алдаршжээ.
Энэ үеийн ард түмний тэмцэл нэг талаар манжийн түрэмгийлэгчид, хятадын шунахай худалаачдын эсрэг, нөгөө талаар нутгийн авилгач ноёдын эсрэг чиглэж байв. Ардын тэмцлийн дотроос заргын хэлбэр ихэд дэлгэрчээ. Ардууд заргын бичигтээ манжийн хүнд алба, ноёдын авилгая шунахай зан, ёс бусын олон гувчуур, өөрсдийн амин зуулгын хүнд байдал зэргийг учирлан тоочоод алба татвар хөнгөлж, шунахай ноёдыг зайлуулахыг шаардаад, эцэст нь нэрсээ нарны цацраг мэт дугуйруулан бичдэг байв. Энэ нь толгойлогчоо харгис ноёдоос хамгаалсан хэрэг байв. Ноёнтойгоо заалдсан, үгүйрэн өр төлж чадахгүй болсон, худалдаачдын пүүсийг довтолсон ардуудыг эмнэг адууны сүүлээс чиргүүлж тасдуулах, элсээр чигжин алах, есөн эрүү тулгах, дөнгөлөх, эхнэр хүүхдийг нь өрөнд бодож худалдаачдад өгөх зэргээр харгисладаг байжээ.
Тэгэвч мөлжлөг, харгислал нэмэгдэх тусам зовлон туулж хатуужсан монголын ард түмэн тэмцлийн эрчээ чангалан галд тос нэмэхийн адил дүрэлзэн боссоор байсан юм.
XIX зууны сүүлчээс Манж гүрний сүр хүч бууран доройтож, феодалын нийгэм нь үндсээрээ ялзран хэврэгшиж, улмаар том империлист гүрнүүдийн түрэмгийлэлд өртөн тэдний хагас колони болон хувирчээ. Манжийн эрх баригчид энэ нөхцөлд яаралтай арга хэмжээ авав. Монголыг цусгүй колончилж, юуны өмнө хятадчилах зорилгоор үй олон хятад иргэнийг Монгол нутагт цутган оруулж, малын бэлчээрийг хагалан, тариалангийн талбай болгохоор үржил шим сайтай газруудыг булаан авч хятадуудад олгож эхлэв. Идээшилт газар шороо, төрөлх ард түмэндээ элгэн хайртай Монгол хүн харийн энэ доромжлол, дарангуйллыг хүлцэн тэвчих аргагүй болж, энд тэнд эсэргүүцлийн уухай дэгдэн, улмаар Монголын язгууртнууд ард түмэнтэйгээ нэгдэж эхэлжээ.
1911 – 1912 оны Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Монгол Улс ийнхүү тусгаар улсаа сэргээж чадсан нь манай ард түмний олон жилийн шаргуу тэмцлийн үр дүн байсан бөгөөд Монголын ард түмний түүхэнд гарсан нэгэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.


No comments: