Проф. Олхонуд Баярхүү
XXI зууны түүхийн их давалгаа, хөгжлийн хурд, иргэншил хоорондын сөргөлдөөн, түүнээс үүдэх эрсдэл бидэнд хэрхэн тусах вэ гэдэг асуудал манай судлаачид, улстөрчдийн сэтгэлийг багагүй зовоодог. Үүнд бэлэн хариу жор байхгүй ч далайд дусал нэмэр гэдэг утгаар саналаа нэмэрлэе.
Дэлхийн улс орнууд иргэншлээрээ улам бүр хуваагдах талцах болж байна. Иргэншил ба соёлынхоо цөм, гол улс гэж байдаг. Ижил төрлийн соёл, иргэншилтэй улс үндэстнийг соронзон адил татаж байдаг. Жишээ нь өрнийнхөн дотор АНУ, Франц, Герман, славян ортодокс улсуудад Орос, Күнзийн улсуудад Хятад гэх мэт. Гэтэл Лалын ба Африкт ийм цөм улс байхгүй. Бас хоёрдмол ацалсан улс гэж байна. Нэг улсын газар нутагт маш олон соёл ба иргэншил зэрэгцэн буй. Дэлхийн бараг бүх улс хоёр ба түүнээс олон угсаатан, арьс өнгө, шашны бүлгийг багтаасан, тэгээд ч эдгээр бүлэг хоорондын ялгаа, сөргөлдөөн тухайн улсын улстөрийн бодлогод чухал үүрэгтэй байдгаас олон улс орон хуваагдмал байна. Дээрх хоёр шалгуурын аль аль нь Монголд байхгүй тул яалт ч үгүй сондгойрч байна. Энэ тухайд Samuel P.Huntington. The Clash of Civilizations and the Remaking of World Order, Touchstone Books, London, 1997 хэмээх бүтээлд тодорхой заажээ. Зүүн Азиар яривал Япон хүчирхэг атлаа ийм ганцаардмал иргэншилтэй улс юм. Ганцаардмал улс гэдэг нь бусад улс орон, нийгэмтэй соёлын хувьд нийтлэг шинжгүй тийм сондгой улсыг хэлдэг. Энэ онолоор бол лав иргэншлийн хувьд бид ганцаардах нь гарцаагүй байна.
Модернизацийн /орчин үежэх/ их түрэлтээр соёлоо даган дэлхийн бодлого дахин шинэчлэгдэж байна. Ижил соёлтой улс түмнүүд нэгдэн нягтарч, ондоо соёлтой нь бие биеэсээ зааглан холдсоор байна. Үзэл суртал ба их гүрнүүдийн харилцаа, үзэмжээр эвсэн нэгддэг үе өнгөрч соёл ба иргэншлээрээ нэгдэн нийлэх үйл явц түүнийг орлож байна. Дэлхийн улстөрийн газрын зураг дээрх хил эдүгээ шинээр соёл, угсаатан, шашны болон иргэншил хоорондын хил болж хувьсах явцад, иргэншил хоорондын энэ шинэ зааг дэлхийн бодлого дахь мөргөлдөөний торгон шугам болж буй гэдэг утгаар манай мэт сондгойрсон улсад холбоотон үгүй бололтой.
Иргэншлийн ганцаардлаас илүүтэй даяаршлаас ангид байх нөхцөл байхгүйг дараах дөрвөн зүй тогтлоор нотолж болох юм. Үүнд:
1] Эдүгээ цагт Монгол Улс глобалчлалын үйл явцад нэгдэх эсэх талаар сонголт хийх боломжгүй, хүссэн ч, эс хүссэн ч глобалчлалд гарцаагүй дайрагдана.
2] Харилцан нэн их хамааралтай дэлхий ертөнцөд Монгол Улс нь өрсөлдөх чадвараа дээшлүүлж, глобал харилцаанд орохоос өөр сонголт байхгүй.
3] Монголын хөгжлийг хурдасгах шаардлагын дагуу бид хаалттай бус нээлттэй байж, глобалчлалын үйл явцтай хөл нийлүүлэн алхах нь нэн чухал зорилт мөн.
4] Монгол Улс нь бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бий болгож, хөгжлийн төлөө хамтран ажиллана.
Энэ зүй тогтлоор бол XXI зуун Монголын хувьд шинэ сорилтын зуун юм. Зууны хөгжлийн их хурдны гадна үлдэх аюул бодитой, энэ их хурд хөгжиж байгаа, буурай, нэн буурай улсууд хүндхэн тусч магадгүй. Нэгэнт хөгжлийн түлхүүрээ зөв олж харж, хэрэгжүүлж чадахгүй бол глобалчлалын давалгаанд урсгалаараа хөвж, глобалчлалын үр шимийг хүртэхгүй өнгөрөх, тэгснээр үндэсний бүрэн эрхт байдлаа алдах, сулруулах аюултай тулгарах болно. Жишээ нь зарим тохиолдолд прагматик байр сууринаас дотоод хэрэгтээ оролцохыг зөвшөөрөхөөс өөр аргагүй, глобалчлалын эринд үндэсний бүрэн эрхт байдлаасаа зарим үед татгалзах зориг гаргахыг тулгаж магадгүй. Монголын хүн ам, засаг захиргаа, бүс нутаг хэт тархай алслагдсан, дэд бүтэц сул хөгжсөн, нүүдлийн мал аж ахуй нь байгалийн шалгаралыг давж хүчрэхгүй, байгаль цаг агаарын эрс тэс нөхцөлтэй гэхчлэн глобалчлалд оролцоход сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд манайд олон бий. Хамгийн наад зах нь хөгжлийн зааг ялгаа дотооддоо ихсэх аюул бодитой. Бид үүнийг эдүгээ мэдэрч байна. Иргэншил ба соёлынхоо уугуул дүр төрхийг алдах аюул бодитой нүүрлэж байна. Байгалийн баялаг руу хэт шунах, цөлмөх явдал эдийн засгийн ашиг өгч болох ч экологийн доройтол сүйрэлд хүргэх нь одооноос тодорхой болж байна. Энэ аюул удтал үргэлжлэх ба хөдөө нутаг эзгүйрч эзэнгүйдэх аюулыг дагалдан миграцын их давалгаа Монголыг нэрвэх нь гарцаагүй.
Глобалчлагдахгүй гэвэл дангааршин сондгойрох уу? Дангааршихгүй гэвэл даяаршиж глобалчлалд орох уу? Энэ бол гол хууль, зүй тогтол. Одоо бидний өдөр тутмын үзэгдэл болчихоод буй ядуурал, ажилгүйдэл, орон гэргүй тэнүүчлэл, боловсролгүйдэл дээр барагдашгүй, цадаж ханашгүй их дуу хуур, урлаг уран сайхан хослон зэрэгцэн яваа нь яваандаа Монголыг дангааршуулж нэг мэдэхнээ дуу хөгжим, цэнгүүн шоу бялхсан ядуурлын туйл болгож мэдэхээр байна. Ингэж дангааршихгүйн тулд глобалчлалын наад захын үзүүлэлтийг хэрдээ хангах хэрэгтэй. Энэ нь айл өрх бүр биш гэхэд ядахдаа саахалт хот айлын дунд нэг компьютертэй, интернэтэд ядахнаа 7 хоногт ганц удаа нэвтрэх хүсэлтэй, ахуй ба арилжааныхан бүгдээрээ наад захын англи хэлтэй, дэлхийн жишгээр зөв хооллох наад захын хэмжүүртэй, орчлонгийн тухай наад захын зөв мэдээлэлтэй болох хэрэгтэй. Даяаршихын тулд “монгол онцлог”, “монгол ухаан”, “нүүдлийн соёл иргэншил”, “миний Монгол”, “хөх толбо” гэхчлэнгээсээ бага ч боловч татгалзах хэрэгтэй.
Монголын геополитикийн ирээдүйн төлөв нэн баргар байх төлөвтэй. Нэгэнтээ 2020 он гэхэд хүчирхэг Хятадын нөлөөний хүрээ тэлж, хөршүүдээ энэ хүрээндээ хамсаар “Их Хятадын” орон зай үүснэ (Монголыг оролцуулсан, хил дагуух нийт 20 улс) гэсэн тооцоог дээр ишлэсэн. Хятад ийнхүү умар зүг түрэн орж ирж байгаа тохиолдолд Монголыг тойрч гарахгүй, дайрч гарна. Энэ талаар бидний зүгээс ямар нэгэн таамаглал хийгээгүй, харин профессор З.Бжезинский 2020 он гэхэд Хятадын нөлөөний хүрээнд Монгол Улс бүрэн орно гэсэн тооцоо хийжээ.
Геополитикийн хувьд шинэ зуунд Монгол нь ямар орон зайд багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах гэхчлэн олон асуудалд хариу өгөх ёстой. Бүс нутагт Монголын орон зай:
1] “Шанхайн 5” буюу Шанхайн xамтын ажиллагааны байгууллага
2] Орос — Хятад – Монголын “Гурвалсан яриа хэлэлцээ”-ний механизм
3] “Сибирийн хэлэлцээр” бүс хоорондын нийгэмлэг
4] Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭКО)
5] АПЭК
6] Зүүн Азийн Эдийн засгийн соёлын орон зайд нэгдэх
Эдгээрээс аль нь бодитой байж болох вэ? Эдгээрийн нэгийг сонгохоос өөр хувилбар байхгүй. Минийхээр сүүлчийн хоёр нь онох болов уу. Ингэж байж л даяаршлын их хурдыг давж гарна. Цааш хөгжинө.
No comments:
Post a Comment