Оргил
1. Эрх чөлөөний философи
“Эрх чөлөө” хэмээх энэ үг сүүлийн 200-300 жилд л хүн бүрийг эзэмдэх болсон юм. Өөрөөр хэлбэл хүн төрлөхтөний өнгөрсөн цаг хугацааг нэгэн бүхэл болгон авч үзвэл энэхүү хугацааны 90 гаруй хувь нь харанхуй бүдүүлэг, эрх чөлөөгүй байдалтай байсан. Гэхдээ үлдэх 10 хүрэхгүй хувьд ногдох хугацаанд эрх чөлөөг дээдлэх үзэл хүн бүрийн сэтгэлийг эзэмдэх болсон билээ.
Чухам юу ингэтлээ өөрчлөлт авчрах хүчин зүйл болов гэдэг дээр мэргэд хоёр зүйлийг онцлох нь бий. Үүнд: нэгдүгээрт, XVII-XVII зуунд болсон аж үйлдвэррийн хувьсгал, хоёрдугаарт, мөн тэр үед гарсан Америк, Францын улс төрийн хувьсгал юм. Энэхүү хоёр үйл явдлын эхнийх нь хүн бүрийн аж амьдралыг, хоёр дахь нь хүн бүрийн сэтгэлгээг өөрчлөх түлхүүр болсон юм.
Энэ үеээс л улс төрийн янз бүрийн үзэл бодол бий болж хөгжсөн билээ. Улс төрийн үзэл баримтлалууд нь анхандаа дээр өгүүлсэн аж үйлдвэрийн болон улс төрийн хувьсгалд хандах хүмүүсийн хандлагыг илэрхийлж байжээ. Хуучин уламжлалаа хамгаалж шинийг хүлээж авах чадвар мөхөс нь “консерватив”, ерөөсөө хуучнаа үгүйсгэж шинийг бүтээх гэсэн нь “социалист”, жам ёс, хувь хүний төрлөх эрхийг дээдлэгчид нь “либерал” үзэлтэй болсон шиг харагддаг. Гэвч эдгээр үзлүүд нь яваандаа нийгмийн гишүүдийн амьдралыг дээшүүлэх нийтлэг зорилготой болж харин зорилгодоо хүрэх арга барилаа өөр өөрөөр тодорхойлсноор ялгагдах болжээ.
Үүний тод жишээ нь “зорилго нь арга хэрэгслээ зөвтгөнө гэсэн үзэл Коммунизм, Национал социализмаар дамжин биежэж хүн төрлөхтнийг гамшигт автуулаад зогсохгүй түүхийнхээ төгсгөлд хүрэхийн тулд олон сая хүний амь нас, асар их эд баялагийг үгүй хийсэн гашуун түүх байдаг. Энэхүү түүх нь хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарласнаар нийгмийг хөгжилд дэвшилд хүргэх боломжгүй юм гэдгийг ойлгуулж, хаана эрх чөлөө илүү байна тэнд эдийн засгийн хөгжил илүү, түүнийгээ дагаад хүмүүсийн дундаж амьдрал илүү байна гэдгийг баталсан билээ. Үүнийг хоёр Герман, хоёр Солонгосын жишээнээс харж болно. Гэвч өнгөрсөн түүх хувь хүний төрлөх эрх чөлөөг хязгаарлаж болохгүй гэдгийг баталсаар байтал эрх чөлөөг үгүйсгэгчид байсаар байна. Эрүүл ухаанаар бодвол эрх чөлөөг эсэргүүцэх ямар ч үндэс байхгүй мэт. Эрх чөлөөг эсэргүүцэх үзэл нь нийтийн сайн сайхан гэсэн “гоё” үгээр халхлагдаж, үүрэг хариуцлагаас зугтах сэтгэл дээр үндэслэдэг. Мөн эрх чөлөөний эсрэг үзэл нь өөртэй адил хүн өөрөөс нь илүү аз жаргалтай байхыг хараад хорсох, үзэн ядах, түүнийг өөртэйгээ адилхан азгүй, жаргалгүй байлгахыг хүсдэг оюун ухааны “паталоги” шинжтэй өвчнөөс бий болдог. Социализм сайн эд биш гэдгийг ихэнх нь ойлгох боловч, социализмд миний хөрш надаас илүү амьдрахгүй гэдэг бодол эрх чөлөөгүй байдалтай эвлэрүүлдэг.
Эрх чөлөө хариуцлага хоёр бол нэг зоосны хоёр тал. Эрх чөлөө хариуцлаггүйгээр оршин байдаггүй. Хариуцлага үүрч чадахгүй хүмүүс эрх чөлөөг хүсдэггүй, харин хариуцлагаа хэн нэг сайн даргад тушаахад бэлэн байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ амьдралд хэн нэгнийг сайн дарга байж магад гэсэн сулхан найдвараас илүү итгэсэн, сонгосон “сайн” даргын муу үйлдлээс нийгмийг хамгаалах нь гол асуудал байдаг. Хэрвээ бид сайн удирдагч олж чадна гэсэн хоосон итгэлээр сонголтоо хийвэл жинхэнэ солиорол болох нь гарцаагүй.
2. Эрх чөлөө ба эдийн засаг
Орчин үеийн эрх чөлөөний эдийн засгийн ухааны түүх 1776 оноос эхэлсэн. Энэ алдарт оноос өмнөх хүн төрлөхтөний цаасан бичигдэж үлдсэн түүхийн зургаан мянган жилийн туршид бараг хүн бүрийн цаг тутамд санаа тавьж байдаг асуудал болох амьжиргааны мөнгөө хэрхэн олох сэдвээр нэг ч дорвитой бүтээл хэвлэгдээгүй байсан билээ.
Ромын үеээс эхлэн Дундад зууны харанхуй үе, Сэргэн мандалын үе хүртэл хэдэн зуун, мянганы туршид хүмүүс ердөө л өдрийн хоолоо олох гэж чардайдаг байсан. Цагаас өмнөх үхэл, өвчин, өлсгөлөн, дайн, амьжиргаанд хүрэн ядах ажлын хөлс энэ бүхнийг даван туулах гэж тэд цаг ямагт үргэлж тэмцэж байлаа. Хангалуун амьдрал зөвхөн цөөн тооны захирагч, язгууртнуудад л хүртээлтэй байж. Энгийн ард иргэдийн хувьд хэдэн зууны туршид сайжирч дээрдсэн зүйл төдийлэн байсангүй. Нэг хүнд ногдох ажлын хөлс жилээс жилд, цаашлаад арав арван жилийн турш бараг өөрчлөгдсөнгүй. Энэ үеийн хүмүүсийн амьдралыг “хаягдмал, ядуу, жигшүүртэй, бүдүүлэг, богино” гэж Английн зохиолч Томас Гоббс тодорхойлжээ.
Ингээд 1776 он болж энгийн нэгэн ажилчин хүний хувьд анх удаа итгэл найдвар, горьдлого төрөх боллоо. Энэ үе бол түүхэнд анх удаа ажилчид хоол хүнс, орон байр, хувцас хунарынхаа хамгийн анхдагч хэрэглээг хангах боломж бүрдэж эхэлсэн. Урьд өмнө нь тансаг хэрэглээнд тооцогдож байсан цай хүртэл жирийн хүмүүсийн ундаа болж хувирлаа.
1776 онд “Үндэстний баялагын мөн чанар, учир шалтгааны лавалгаа” нэртэй хоёр боть, 1000 хуудас бүхий ном хэвлэгдэн гарсан нь дэлхийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн. Энэ ном хэвлэгдэн гарснаар зүгээр нэг алт, мөнгө хуримтлуулахтай зүйрлэшгүй их хэмжээний баялаг бүхий шинэ ертөнц бий болох найдвар бий болсон юм. энэ шинэ ертөнц зөвхөн баячууд, захирагчдад төдийгүй энгийн хүмүүст ч хүртээлтэй байх итгэл төрүүлэх боллоо. “Үндэстний баялаг” нь дэлхийг цочоосон оюуны их тэсрэлт байгаад зогсохгүй эдийн засгийн ухааны бие даасан тунхаглал байсан гэж дүгнэн хэлж болно. Адам Смит уг номоо баялаг гэж юу болох талаар хэлэлцүүлэгээр эхэлжээ. “Ажлын бүтээмжийн эрч хүчийг хамгийн ихээр дээшлүүлэх” тэр зүйл чухам юэ байх вэ гэсэн асуулт тавьсан. Арилжааны тааламжтай тэнцвэр үү? Илүү их алт мөнгө үү? Аль нь ч биш, энэ нь менежментийн шилдэг арга барил болох “хөдөлмөр хувиарлалт” билээ. Цаашилбал зах зээлийг бүх дэлхийг хамарсан арилжаа солилцоо болгож өргөжүүлэхэд хөдөлмөрийн нарийн мэрэгжил бүр өснө гэсэн үг. Ажлын бүтээмж, арвич байдал сайжирч, шаргуу хөдөлмөрөлсний үр дүнд дэлхий даяар ажлын бүтээмж нэмэгдэх болно. Баялаг гэдэг нь тодорхой тоо хэмжээ биш учраас бүх улс орон нэг нь нөгөөгөө хохироохгүйгээр баяжах боломжтой билээ. Үйлдвэрлэл, арилжаа солилцоог дээд хэмжээгээр нэмэгдүүлж, улмаар “дэлхий нийтийн тансаг байдал”, “ажлын бүтээмжийн эрч хүч”-д дэм өгөх арга зам юу вэ?
Адам Смит эдгээр асуултанд маш тодорхой хариулт өгсөн: хүмүүст эдийн засгийн эрх чөлөө өг! Смитын “Үндэстний баялаг” ном эхнээсээ эцсээ хүртэл “ жам ёсны эрх чөлөө”, хэн нэг нь төрийн оролцоогүйгээр юу хүссэнээ хийх эрх чөлөөний зарчимыг өмгөөлсөн байдаг. Энэ нь хөдөлмөр, хөрөнгө, мөнгө мөн бараа таваарын чөлөөтэй урсгал гэсэн үг. Эдийн засгийн эрх чөлөө нь илүү дээр материаллаг амьдрал руу хөтлөөд зогсохгүй, энэ нь хүн бүрийн эдэлбэл зохих хамгийн суурь эрх билээ. Мөн тэрээр өөрийгөө зохицуулах систем буюу сонгодог загварын гурван шинж чанарыг онцлон дурдсан байдаг. Үүнд:
• Эрх чөлөө: Бараа, бүтээгдэхүүн, хөдөлмөр, хөрөнгө үйлдвэрлэх, солилцох эрх чөлөө.
• Хувийн явцуу эрх ашиг: Өөрийн бизнес эрхлэх эрх, бусдын хувийн явцуу эрх ашгийг өөртөө татах.
• Өрсөлдөөн: Бараа таваар, ажил үйлчилгээ үйлдвэрлэх ба арилжих өрсөлдөөн оролцох эрх.
Энэ гурван бүрэлдэхүүн хэсэг нь ажилчин, эзэд, капиталистуудыг “бодит зохицолд” хүргэнэ гэж Смит нотолсон. Дүгнэж хэлэхэд бүх л хүмүүст “жам ёсны эрх чөлөө” ба өрсөлдөөний нөхцөлд өөрсдийн хувийн ашиг сонирхолоо дагах бололцоо олгосон эдийн засгийн систем нь өөрөө өөрийгөө зохицуулан, цэцэглэн хөгжсөн аж ахуйг бий болгох бөгөөд импортын, хөдөлмөрийн болон үнийн хязгаарлалтыг устгаснаар бага үнэ, ажлын өндөр хөлс хийгээд илүү сайн бүтээгдэхүүн бий болно. Сая сая хүний амин хувийн явцуу эрх ашиг нь төрийн ямар нэг төвлөрсөн чиглүүлэлт шаардлагүйгээр тогтвортойгоор хөгжин цэцэглэгч нийгмийг бий болгоно. “Үндэстний баялаг”-аас алдартай ишлэл татъя:
Махны худалдагч, шар айраг исгэгч, талхчингийн сайхан санаа нь биш гагцхүү өөрийнхөө ашгийг хичээсэн үйлдэл нь бидний өмнө хоол тавьж байгаа юм. … Хөрөнгө, хөдөлмөрөө хөдөлгөж буй аль хүнд олон түмний ашгийг бодох сэдэл байхгүй… Ихэнхдээ л өөрийн эрх ашгаа хичээгээдэхсэн чинь хар аяндаа олон түмэнд ашигтай болж буй хэрэг.
Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд даруй арван тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Коммунист тогтолцоо нь Монголын ард түмний өөрсдийнх нь сонголт шийдвэр байгаагүй бол ардчилал нь манай ард түмний өөрсдийн сонголт байснаараа хоёр системийн хооронд сонголтын том ялгаа байгааг нотолдог. Гэхдээ энэ арван таван жилийн хугацаанд өмнөхөөсөө юу өөрчлөгдвөө? Мэдээж хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тал дээр том амжилт гарсан боловч жинхэнэ утгаар нь төрийн нүсэр бүтцийг багасгах тал дээр мөн эдийн засгийн эрх чөлөөг хязгааралсан хэвээр байна. Жишээ татъя: Өнөөдөр хэн нэгэн хүн Монголд төрийн оролцоогүйгээр юу хүссэнээ хийхийг хүсвэл түүнийг нь татварын дарамтнаас эхлээд хуулийн хязгаарлалт хүртэл маш олон хүчин зүйлүүд боломжгүй болгож байна. Тэрний оронд ажил хийхгүй зүгээр байвал бараг илүү ихийг олж болохоор байна. Та бүхэн бодоод үзэл дээ. Хэрэв таны хөлсөө урсгаж байж хөдөлмөрлөж олсон зуун төгрөгний чинь дөчийг татварын хууль хэмээх зүйлээр сүр далайлгаж байгаад авчихаад юу ч хийгээгүй хүнд арав, бүр таван зуун мянгаар нь зүгээр л өгөөд байвал танд хөдөлмөр хийх сонирхол төрөх үү? Тэгээд бас дээр нь миний халааснаас гарсан мөнгийг төр юунд зарцуулаад байгаа нь мэдэгдэхгүй. Төрд алба хашиж буй хүмүүс үнэтэй машин унаж давхиад байвал би лав л тэр хүнийг надаас авсан мөнгөөрөө машин авад уначихлаа гэж бодохоос хөөрхийс тэр миний төлөө маш их зүйл хийж байгаа учир үнэтэй машин унах нь зөв гэж хэзээ ч бодохгүй. Мөн Монгол хуулиас дээгүүр хүний эрх байхгүй гэж ойлгогдохоор байна. Уул нь бол хүний эрхээс дээгүүр хууль гэж баймааргүй. Үүний жишээ нь би хотын гудамжинд өөрийгөө тэжээхийн тулд Түц ажиллууж болохгүй учир нь Хотын үзэмжинд муухай. Мөн Сүх жанжныхаа талбай дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж жагсаж болохгүй учир нь түүнийг эрх баригчид баяр ёслолд “консерволчихсон” гээд л маш олон хууль миний эрхийг хааж байхад би яаж хөгжих юм бэ?
Эрх чөлөөтэй байхаас эрх чөлөөгүй байсан нь дээр, хууль дагаснаас хууль зөрчсөн нь дээр, шудрага шүүхээр шүүлгэснээс танил талаараа шүүлгэсэн нь дээр хөдөлмөрлөснөөс хөдөлмөрлөөгүй нь дээр өөрийн үйлдлээс бий болох хариуцлагаа өөрөө хүлээснээс, бусдад дарга нарт үүрүүлсэн нь дээр, байгаа бүхэн байраа сольчихсон байхад Миний Монгол яаж хөгжих юм бэ? Нийгэм нь хуучин тогтолцооны сэтгэлгээний үлдэгдэл болох өөрөөсөө илүү аз жаргалтай хүнийг үзэн ядах паталоги шинжтэй өвчинөөсөө бүрэн салаагүй түүнийг нь төрийн эрхэнд байгаа этгээдүүд нь бүх талаар хөөрөгдөж Ардчилал чиний ядуу байдалд буруутай, чи эрх чөлөөтэй учраас л мөнгө олж чадахгүй байгаа юм гэдгийг “самсаа шархиртал” ойлгуулж, өөрсдийн жам ёсны эрх, эрх чөлөө, амгалан тайван байдлыг хамгаалах үндсэн үүргээсээ хазайж байхад “Эрх чөлөө” гэж чангахан ч орилох арга алга.
1917 онд Орос улсад Коммунист хувьсгал ялснаар жирийн малчин, тариачид сайхан амьдрах боломжтой боллоо хэмээн хүн бүр бодож байх үед уг хувьсгалаас зугтсан нэгэн “эсэргүү”, Миний Оросын ард иргэдээ та бүхэн өнөөдөр эрх чөлөөгөө ирээдүйд бий болж магадгүй хангалуун амьдралаар худалдчихлаа шүүд ээ. Ингэснээр та бүхэн хангалуун амьдарч болох ч тэр амьдрал чинь ажлын тарган шарын амьдралаас нэг их дээрдэхгүй л болов уу! гэж хэлсэн байдаг.
www.irgen.mn
No comments:
Post a Comment