2017 оны хоёрдугаар сарын 30. (Киодо Цусин). Эсэргүүцлийн жагсаал болов
Өчигдөр Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гаднах давчуухан гудамжинд уурлаж хилигнэсэн япончууд жагсаал хийлээ. Тэд “Дархан аварга Ямота Накамураг барилдуулахыг шаардаж байна”, “Накамурагүй цагаан сарын бөх нь бөх биш”, “Арлын орны гарамгүй хөвгүүдийг гадуурхахаа зогсоохыг Монголын үндэсний бөхийн холбооны дарга Рэгжийбуугийн Нямдоржоос шаардаж байна” гэхчилэнгийн утга бүхий лоозонгуудыг монариэл (кириллик) болон ханз үсгээр бичин барьжээ. Жагсагчдын дунд Японы парламентын гишүүн ”Тод манлай уяач” Ямамато Мишима харагдана. Япон үндэсний хоргой кимоно дээр жанжин малгай асаасан энэ эрхэм Японы “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны тэргүүний албатай билээ. Тэрээр “Япончууд Накамурагаа цагаан сараар боорцог, поончиг цацлан дэвэхийг харахыг мөрөөдөж байна. Бид ард түмнийхээ энэ хүсэлтийг Монголын парламентад уламжлаад байна” гэж ярив.
Ямомато сан цааш хэлэхдээ, цуглаанд оролцогчид “Монголын тал нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Нэрт үймээнч Баасаныг урьж авчирна” хэмээн мэдэгдэж байна. Хэрэг явдал Монгол Улсын далай даяарчлалын аварга (?), трансконтиненталь (?) дуурьсагдах, массыг баясуулагч их аварга Ямота Накамурад Монголын үндэсний бөхийн холбоо арга хэмжээ авснаас үүдэлтэй. Сүүлийн таван жил дараалан улсын наадамд завсаргүй тав түрүүлсэн Ямотагийн больчимгүй зарим үйлдэл монгол ёс заншил, үндэсний бөхийн ёс журамд харшилж байна хэмээн Монгол үндэсний бөхийн холбоо үзжээ. Ингээд Монголын бөхийн голлох байгууллага болох үндэсний бөхийн холбоо саяхан “Накамураг цагаан сараар барилдуулахгүй хэмээн” гэж мэдэгдсэн юм.
Салтаа уужим, ташаа өндөртэй цэвэр цусны япон хархүү Ямота Накамура монголчуудын бахархлыг эзэмдэж байсан цаг саяхан. Зургаан жилийн өмнөөс Монголын үндэсний бөхийн торгон ногоон дэвжээн дээр аманд гарч байсан энэ хүү алдар цуугийн оргил өөд цаг минутаар бус, секунд, дольоор хурдлан өгсөж билээ. Монголын төр, засаг ч гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд түүнд зохих хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Хамгийн гол нь монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг нэгэнт эзлээд байсан япон бөхчүүдийн тэргүүн Монгол Улсын дархан (state blacksmith & champion) аварга Ичихарагийн найраа голлох үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. Монголчууд бяр дагаж цол нэмэхгүй, харин цол дагаж бяр нэмнэ гэж ярьдаг, нэмүүлдэг ч билээ. Монгол заншлаар цолондоо эхлээд хүрсэн Накамура үнэхээр бяр нь нэмэгдэх мэт болоод удаа дараа түрүүлж эхэлсэн билээ. Монголчууд барилдсаныг нь бус түрүүлснийг нь хайрлан хүндэлдэг зангаараа Накамураг бүчин авлаа. Энэхүү оргил цагтаа Накамура “Монголд өнөөдөр Буддаг шүтдэгээс олон хүн намайг шүтэж байна” хэмээсэн алдарт афоризмаа хэлсэн удаатай. Түүнийг монгол бүсгүйтэй гэрлэсэн явдал ч дуулианы гадна үлдсэнгүй. Нэгэн солиотой генетикч “хайран сайхан самуурайн цусыг тал нутгийн хоньчны цустай ээдүүллээ” хэмээн хашгичсан боловч олон нийт доог тохуу хийгээд өнгөрөөжээ. Тэрээр уул нь самурай ч байгаагүй, жирийн тариачин айлын хүүхэд билээ. Харин энэ бүхнийг нэгэн овжин бармен ашиглаж чадсан билээ. Тэрээр Токиогийн Гинза хороололд “Гоо хөөрхөн япон охидыг байсаар байтал гол гаргаж монгол хүүхэнтэй хуримласанд дургүйцсэн” гэх 10000 орчим бүсгүйг цуглуулж Накамурад гомдсон “Түмэн охины мэгшилт” зохион байгуулаад Гиннесийн номд оруулсан байдаг. Үүгээрээ чамгүй мөнгө олсон гэдэг.
Түрүүлсэн бөхөө ухаан алдан хайрладаг монголчууд Накамурагийн хөлсийг хусан долоож, шээсийг нь хулгайлан ууж байлаа. Бөх хүний хөлсийг хусаж долоовол сайн бөгөөд гарах хүүхдэд эерэг нөлөөлнө гэж монголчууд итгэсээр яваа аж. Накамурагийн ид манддаг үед алмаазан гахай жил тохиосон сон. Гахай жил төрсөн хүүхэд тарган цатгалан амьдардаг гэж итгэсэн монголчууд тэр жил олноороо жирэмсэлжээ. Жирэмсэн байхдаа бөхийн хөлс амсвал бяртай алмаазан гахай... гэнэ ээ хүүхэд гардаг гэж нот итгэсэн олон хүүхэн Накамурагийн хөлсөнд оочерложээ. Чухам энэ жил төрсөн олон мянган хүн Японы Хоккайдогийн “Эгзээм сувилал”-ын байнгын үйлчлүүлэгч болсон аж. Накамура сан төрөлхийн айхавтар эгзээмтэй, тэрийгээ Хоккайдогийн рашаанаар аргацааж явдаг байсан тухай болон Монголоор нэг тарсан “япон цистит” зэргийг энд ярих нь илүүц биз ээ.
Монгол бөхөд япончууд манлайлах болсон цагаас хойш “бөхийн фен”-үүд арлын орноор дүүрсэн юм. Монгол бөхийн япон фенүүд “Монголын алдартай хүмүүс заавал төрийн цолтой байдаг” гэдгийг иш үндэс болгон Накамурад улсын ямар нэг цол олгохыг төрөөсөө завсаргүй шаардаж билээ. Эзэн хаан зарлиг гаргаж тариачны хүү Накамурад “самурай” цол олгов. Монгол бөхийн засуул, морины уяач нараар дүүрсэн парламент үүнийг нь голсон билээ. Хаан зарлигаа шинэчилж “Япон улсын гавьяат самурай” цол бий болгоод анхныхыг нь түүнд хайрласан удаатай.
Япончуудын зарим нь талын нүүдэлчид эхлээд Накамурагийн хөлсийг долоож, шээсийг ууж байгаад улмаар амтанд ороод идчих вий хэмээн айх болов. Хэтэрхий санаа зовомтгой зарим нь хүний махыг жигшүүртэй муухай амттай болгодог лосьон зохион бүтээснээ түүнд явуулсан удаатай. Дээр нь японы нэрд гарсан хүний мах судлаач, өндөр настан Сагава сан “Хөлсний амтаар дамжин хүний махны амтанд ордгийг биеэр амссан” хэмээн Токиогийн зурагтаар ярьсан нь ёстой дайран дээр давс нэмсэн нь мэдээж.
Хамгийн гол нь Накамура сан амжилт гаргахын хажуугаар зан ааш нь монголжин эвдэрч эхэлсэн нь хоёр орны түмнийг зовоож эхэлсэн юм. Уржнангийн цагаан сарын барилдаанаар нутаг нэгт бөх, улсын арслан (State owned lion) Номурад өвдөг шороодоод, тахимаа өгөхийн оронд бөлдөгдөн ухаан алдуулсан юм. Энэ мэхийг Монголд хориглоод найман жил болж байгаа юм.
Ингээд зогссонгүй зуны наадмаар шал согтуу туг тойрсноо дэргэд нь зогсоод морь харчихжээ. Тэр үүнийгээ монгол хүн овоон дээр буугаад морь хардаг, тэрэнтэй андуурлаа хэмээн зүтгэсээр байгаад хэрүүлийг арайхийн намжаасан юм. Харин өвөл Японд амралтаараа ирээд байхдаа “Гейша Эммануэль” гэдэг цадиггүй завхуул киноны гол дүрд тоглосон нь монголчуудын тэвчээрийг бүр баржээ. Ингээд Монголын үндэсний бөхийн холбооны дарга Р.Нямдорж арга буюу “Накамураг цагаан сарын барилдаанаар өнжүүлэх” шийдвэр гаргасан байна. Үүнээс үүдэн Япон даяар эсэргүүцлийн давалгаа дэгдлээ. Тэдний дунд “Монгол бөхийн холбоог япон хүн тэргүүлэх цаг болсон” гэсэн чиг шугам баримтлагчид ч бас байгаа юм.
* * *
2017 оны хоёрдугаар сарын 30. (Жи Жи Цусин агентлагийн тайлбар). Монгол бөх яагаад японжив Монголчууд саяхныг болтол гадны хүнийг үндэсний бөхдөө хавьтуулдаггүй байлаа. ХХ зууны дундуур Зөвлөлтийн мэргэжилтэн, дасгалжуулагч нэг удаа барилдаад улсын начин (Someone state owned bird) цолонд хүрдгийн даваан дээр хуйвалдан зайлуулсан байдаг. Зөвлөлтийн дагуул улс байж, тэдний мэргэжилтний үг тэнгэрийн зарлиг байсан цагт болсон явдал шүү дээ.
Гэтэл шинэ мянганы эхээр монгол бөхчүүд дэвжээнээсээ илүү албан тушаал, бизнес сонирхох болов. Эхэн үедээ бөхийн цолыг дуудахдаа “Монгол Улсын парламентын гишүүн”, ”Монгол Улсын сайд” гэдгийг нь гуншингийн өмнө хийх үү, ард нь оруулах уу” гэдгээс үүдэн маргаан дэгдэж байсан нь гай зовлонгийн дөнгөж эхлэл. Удалгүй монгол бөх журмаа “яльгүй” өөрчилж “цолоор дээгүүр нь барилдах бөхөө амлана” гэсэн заалтыг “Албан тушаалаар дээгүүр нь бусдыгаа амлах” болгосон нь сүйрлийн өрнөл байв. Ингээд бөхөд амжилт олохын тулд эхлээд албан тушаал ахидаг болов. Улсын баяр наадам нь төрийн албан хаагчдын ноцолдоон болон хувирав. Нэг удаа улсын заан (State owned elephant) цолтой, аймгийн засаг дарга бөх, дэд сайд бөхийн аманд очин барилдахдаа тэр үед ихэд дэлгэрсэн “бөлдөгдөх” мэхээр унагажээ. Гэтэл албан тушаалаар ахмад бөхийн нөхөн үржихүйн асуудалд хүндрэл учирсныг эмч нар тогтоосон байна. Тэд шүүхдэхдээ тулав. Шүүгчид хуулийн дагуу “албан тушаалаар ахмад заалдагчийн талд” хэргийг шударгаар шийджээ. Шударга явдалд дассан монголчууд хэл ам хийсэнгүй. Гэтэл шүүгчид ингээд зогссонгүй. “Төрийн албан хаагчдын генофондод хохирол учруулж буй “бөлдөгдөх” мэхийг барилдаанаас хасах санал гаргасан нь түймэр дэгдээжээ. Олон бөхчүүд үүнд дургүйцэж “бөлдөгдөхгүйгээр яаж барилдах юм”, “хулгар чихгүй, хугархай хуухнаггүй ямар бөх байдаг юм бэ” гэхчилэн заалджээ. Чухам энэ үеэс монгол бөхөд учраад байгаа сүйрэл, дампуурлыг олж харсан хэсэг хүн Японоос бөх авчирч барилдуулах санаачилга гаргасан юм. Хариуцсан ажлаасаа өөр юм руу ордоггүй, ажлаа гүйцэд сайн хийдэг япон хүний чанар монгол бөхийг аварсан гэхэд болно. Учир нь Монголын үндэсний япон бөхчүүд их хуралд нэрээ дэвшүүлэхгүй, зээл хөөцөлдөж давхихгүй, авлигад ороолдохгүй, хүний юмыг зүгээр авч байх учиртай гэж бодохгүй байв. Учир нь тэд зөвхөн барилдаж, бөхөөрөө л үлдэж байв. Учир нь тэд бусдыг мөлжихгүйгээр шударга хөдөлмөрөөрөө амьдрах ёстой гэж итгэдэг байв. Монголчууд япон бөхчүүдээ үлэмж халуунаар хүлээн авч, “үндэсний бахархлыг маань аварлаа” хэмээн мэхийж байсан цаг саяхан. Гэхдээ саяхан болтол шүү. Эхэн үедээ монголчуудын хайр халамжинд умбах тэднийг харсан олон мянган япон залуус сургууль соёлоо орхин хээр талыг зорьж, манай арлуудаар дүүрэн “монгол бөхийн фен”, “Монголд очиж морь уядаг уяач” нар төрөн гарсан юм. Харин тэр үед ухаалаг, сонин дүгнэлтээрээ гоц ялгардаг, сэтгүүлч Нагасаки сан “Монголчуудад хорлогдоно гэж айх хэрэггүй. Тэд бусдыг хорлох гээд өөрийгөө хорлочихдог улс. Харин тэдэнд хайрлагдахаас ямагт болгоомжлох хэрэгтэй. Тэд хүнийг элийртэл дураар нь тавьж, ухаан нь сохортол эвийлдэг. Сохорсныг нь мэдүүтээ шидчихдэг” хэмээн бичиж байсныг тухайн үедээ анзаарсан нь юу бол. Арваад жил өнгөрөхөд хатуу чанд дэг журам, моралын кодекстэй өсч торнисон япончууд “тал нутгийн хайр” ба энхрийлэлд согтож өөрсдийгөө манай эзэн хаанаас дээгүүр тавьсан сагсуу, хөлчүү амьтас болсон. Тэдний нэг улсын харцага (Someone state owned bird) Конзэбурэ бээр NHK-гийн сурвалжлагчийн “Та жирийн загасчны хүүхэд биз” гэсэн асуултад “Би угаасаа заяа сайтай, хувилгаан хүн” хэмээн хариулсан удаатай. Ингээд эцсийн эцэст монголчууд өөрсдийн “Үндэсний бөхөө аврах”, япончууд өөрсдийн “Япон монгол бөхөө аврах” хоймсон асуудал босч иржээ. Дээр нь олон япон хүн Монголын үндэсний бөхийн “япон бөхчүүд эзэгнэх ёстой” гэж үздэг болсныг хэлэх үү?
* * *
2017 оны хоёрдугаар сарын 30. (Асахи Шимбуны спортын тоймч Кавабата). Сумод цолны ханш өсөв.
Өнгөрсөн сард сумогийн түүхэнд байгаагүй олон хүн магашира цол хүртлээ хэмээн Японы сумогийн холбооны дарга Цэрэнбатаа сан мэдэгдлээ. Сумогийн гол дэвжээ болох “Мөөгий аварга”, “Баагий аварга” хоёр дэвжээнээс нийтдээ дөрвийн дөрвөн уугуул япон бөх зодоглосон нь үнэхээр сонин үзэгдэл байлаа. Сүүлийн арваад жилд япончууд сумогоосоо хасагдаж, аажмаар монголчуудын мэдэлд шилжсэн билээ.
Олон хүн үүнд дургүй байдаг ч тэнд нь япончууд очиж барилдахгүй, монголчуудыг хөөх гэхээр башё тасарчих гээд яалт ч үгүй болсон хэрэг. Өөрөөр хэлбэл сумочид хөлөөрөө дэвэхээ болиод гараараа дэвж эхэлсэн, барилдах бөхөө өөрөө сонгодог болсон зэргийг япончууд тэвчихээс өөр замгүй болжээ. Нэг удаагийн барилдаанаар найман хүн шинэ цол авах боломжтой байсан уламжлалыг монголчууд өөрчилж 16 болгов. Илүү наймыгаа “хий мөргүүлэх” гэдэг монгол аргаар төрүүлнэ. Цэрэнбатаа сан үүнийгээ “үнэхээр чадалтай хүн олшроод байхад танай үхширмэл дүрэм саад болоод бид дундын хувилбарыг олсон нь энэ” хэмээн байн байн тайлбарлана. Гэвч шар сонинууд “Нэг давааг 10-40 сая иенээр үнэлэн зардаг”, “Ноднингийн ёкүзона дөнгөн данган 40 кг жинтэй, төрөлхийн рахиттай хүн байсан” гэхчилэн шуугисаар ирсэн ч япончууд чихнийхээ гадуур өнгөрөөнө. Гол нь сумо нэртэй, хэдэн хүн ноцолдсон газар нь байж байвал болох нь тэр. Энэ удаагийн Магаширагийн 66 шилдэг бөхөд багтагсад хэдийг төлөө бол? Хий мөргөхөд 33 сая иен, аргагүйдэж барилдахад 22 сая иений ханштай байна гэж дуулдах юм. Хэрвээ үнэн бол ханш нь ноднингийн мөн үеийнхээс 25 хувиар өсчээ.
Бямбажавын Цэнддоо
No comments:
Post a Comment