Monday, September 3, 2007

Дээд Монголын тухай өгүүлэхүй

Цогт хунтайж биш Цогт хан гэхээр сонин сонсогдож байна уу? Хөх нуурын дээд монголчууд манай Цогтыг тэгж нэрлэх юм. Хөх нуурт гурван удаагийн нүүдлээр монголчууд очсон. Анх Хүн­нүгийн үед, ойролцоогоор 2000 жилийн өмнө.
Манай эртний уран зохиолын тоймд гардаг Хүннүгийн ахын гунигт дуу зохиогдох үед салж нүү­сэн ах нь Хөх нуур руу одсон гэдэг. Тэр үед нэлээд тооны хүн нар Хөх нуур руу анх нүү­дэллэн очсон болов уу гэж таамагладаг. Гэвч одоогоор тэдний үр сад тэндээ байгаа эсэх одоо ямар болчихсон байгаа нь тодорхойгүй байна.
Хоёр дахь удаад нь Их Монгол Улсын үед Чингэс хааны өргөмөл хүү, цэргийн зүтгэлтэн Цагааны удирдсан цэргүүд Хөх нуурыг эзлэн авч амьдран суусан нь эдүгээ бум гаран хүмүүс цагаан мон­гол­чууд гэж нэрлэгдэн амьдарч байна. Тэд харьцангуй хэл соёлын хувьд бусад монголчуудаасаа тусгаар­лагдан, хүрээлэн байх төвд хятадуудтайгаа сүлэлдсэн боловч хятадаар биш өөрийн ондоошин үлдсэн эртний мон­гол хэлээр ярьсаар байна.
Гурав дахь удаад Хөх нуурт монголчууд гурван талаас цуглан уулзаж алал­дан байлдаж, үлдсэн нь хамт­ран амьдарч өдгөөг хүргэжээ. Энэ нь 1630-аад оны явдал юм. Төв халхаас Цогт хун­тайж 10 түмэн цэрэг, 250-400 мян­ган хүн амтайгаар, Цахараас Монголын сүүлчийн албан ёсны хаан Лигдэн 3-4 түмэн цэрэг 150-200 мянган хүнтэйгээр анх Хөхнуурт болзсон боловч “Цогт тайж” кинонд гардаг шиг цахаруу­дын ихэнх нь холын аянд су­льдан цэцэг өвчнөөр хиарсан байлаа. Цогт Лигдэн хоёр уулзсан эсэх, монгол төрийн их хасбуу тамга яасныг тэн­гэр мэдэх буй заа.
Ямар ч гэсэн ам дамжсан домгоос өөр бичмэл баримт бидний үед хүрч ирсэнгүй. Цогт Хөхнуураас урагшлан Түвдийг бараг эзлэн, Лхас хотыг хоёр талаас нь бүслэн хааж буулгаж авахын даваан дээр Зүүн гарын хаант улсаас хошуудын Гүүш хан гурван түмэн цэргийн хамт ирж Түв­дийн талд орж халхуудын цусыг урсгасан газрыг Улаан хошуу гэх ба энэ хөндийд одоо ч Улаан гэх бэсрэг жижиг хот оршиж байна.
Цогт Түвд рүү цөмрөн орохоос өмнө 1-2 жил бэлтгэн Хөхнуурыг төвшитгөн то­хинуулж, хууль, төр засгийн болон хот байгуулалтын ажил хийж байсан гэж одоо ч Хөх нуурын дээд монголчууд дурсан ярьдаг. Түүний үл­дэг­дэл болох Цогтын байгуулсан долоон харуулын цамхгийн нэг нь Улаан хотын нэг мухарт хо­гонд даруулан бай­гааг хавс­ралт зурагт үзүүлэв. Нут­гийнхан Цогт­ханы цонж гэж нэрлэх энэ байгууламж нь Цогтын төрсөн нутагт байдаг IX зууны Киданы үеийн цам­хгийн (Дашин­чилэнд байх Цогтын хар балгас ч гэж зарим­даа нэрлэдэг) үлдэг­дэл­тэй их төстэй харагдаж байна.
Одоо энэ гурав дахь удаагийн монголчуудын нүүд­лийн үл­дэг­дэл болох Хөх нуурын дээд монголчууд гэж нэрлэгдсэн найм түм гаруй хүн Цайдамын хөндийд гол­дуу амьдарч яг бидний адил монгол хэлээр ярьж монгол амьдралаар амьдарч сууна. Хөхнуур муж бүхэлдээ бараг одоогийн Монгол Улсын газар нутагтай ойролцоо том нутаг­тай Тэнгэр уулын Нар, Саран даваанаас Түвд хүртэл үр­гэлж­лэх бо­ловч Манжийн үеэс эхлэн, ялангуяа Цагаан­данзан, Лув­сан­данзан хоёр ноёны Манжийн эсрэг тэмц­лээс хойш дээд монгол­чуудыг хамгийн үржил шим­гүй Цайдамын хөндий рүү шахаж тэднийг давуулан хойд талд нь яг Хөхнуурын­хаа эргэн тойрны үржил шимтэй бэлчээрт түвдүүдийг амьдруулах болжээ.
Дээд монголчуудын ихэнх нь хошууд аймгийн гаралтай хүмүүс боловч дунд нь бас халхууд нэлээн байх бөгөөд ялангуяа Чага хот, эргэн тойронд нь биднээс цэвэрхэн халхаар ярих монголчууд амьдарч байна. Хошуудууд ч гэсэн хэдийгээр Дөрвөн Ой­радын нэг хэсэг ч гэсэн яг гарал үүслээрээ бол хорчин хүмүүс бөгөөд Зүүн гарт 1470-1480-аад оны үед очжээ. “Мандухай цэцэн хатан” кинон дээр гардаг Хорчины ван Өнөболдын нэг ах нь салан нүүж Зүүн гарт очсоныг хошууд гэх болсон гэдэг. Иймд тэдний аялга ойрад гэхээсээ хорчин халх талдаа илүү бидэнд нэвтрэлцэхэд онцын бэрхшээлгүй байгаа нь олон зуун өнгөрөн тус­гаар­лагдсан ч гэсэн хэл соёлоо хэвээр авч үлдсэн дээд мон­гол­чуудаар бахархмаар са­нагд­­сан. Дээд монгол­чуудын гэр, тавилга, эмээл хазаар, хувцас хэрэглэл нь 1600-аад оноос хойш нэг их шинэч­лэгдэн өөрчлөгдөөгүй гэлтэй өвөрмөц сонин байлаа. Яг л цагийн машинаар аялах мэт.
“Цогт тайж” киног зо­хиосон их бичгийн хүн Б.Рин­чений зохиолд гардгаас арай өөр түүхэн үйл явдал болсон болов уу гэж Хөхнуурт очиж, дээд монголчуудтай уулз­саны хувьд санаа дэвшүүлэх гэсэн юм.
1. Цогт тайж халх нутагтаа багтаж шингэхээ больж ха­гаралдан ойж гарсан биш болов уу. Учир нь тэр үед 10 түмэн цэрэг гаргана гэдэг бол халхын аль нэг хан биш ноён байтугай халх даяар нэгдээд ч гаргахад амаргүй цэргийн том хүчин билээ. Тэгэхээр Түвд, Шинжаан, Зүүн гар орох гол зөрлөг, торгоны замын урд талаар сунайх стратегийн чухал түшиц газар Хөхнуурыг халх эзэлж, тэнд Цахарын Лигдэн хаантай нэг­дэн, манжуудыг Түвд, Зүүн­ гар, өмнөд Монголын баруун хэсэг, халхын урд тал руу орох боломжийг хаах зорил­гоор нийт халхын нэгдсэн армийн томоохон хэсгийг гаргаж Лигдэнтэй нийлүү­лэхээр Цогтыг томилсон бо­лов уу. Өмнөд болон төв Монголын нэгдсэн хүчирхэг армийг бий болгож эх Монгол нутгаас алс, Манжид эзлэгд­сэн Хятадын баруун хойд талаас Манжийн эсрэг тэмцэх зорилго байсан болов уу.
2. Тэрнээс биш кинон дээр гардаг шиг эхлээд Гүүш хан­тай, халхын бусад ноён­той шашны улмаас тан­гараг та­сарч төв Монголоос хэдэн мянган километрийн цаана Гүүш хантай харгалдах гэж очоогүй болов уу. Гүүш хан­тай тулмаар байсан бол одоо­гийн Ховд, Баян-Өлгий бол Халх, Зүүн гар хоёрын хил нутаг байсан тул тийш зорих байсан биз. Ер нь хэзээ л монголчууд нэгнийхээ шаш­ныг шүүн, байлдах тулахдаа хүрч байлаа. Энэ бол халх, Зүүн гарын хагаралдааны нэгэн хэсэг л байсан болов уу.
3. Харамсалтай нь, Лигдэн хааны цэрэг, хүн ам цагаан бурхан өвчнөөр хиарсан байсан тул Зүүн Түмэн Мон­голын нэгдсэн хүчийг бий болгож чадаагүй ч гэсэн Хөхнуурыг эзлэн тохинуулж улмаар Манж чин улсын талд бодлого барих болсон Түв­дийг эзлэхээр зорьсон биз. Гэвч халх Зүүн гарын зөр­ч­лөөс болж Түвдүүдийн тус­ламж гуйсан ёсоор Гүүш хан очиж Цогтын цэргийг цус урс­ган даржээ.
4. Цогт хэдийгээр догшин тэр цагийн эрхээр цэргийн эрдэм эзэмшсэн ноён байсан нь магад ч гэсэн бичгийн эрдэм талдаа илүү их боловс­ролтой хүн байсан болов уу. Энэ нь Цогтын цагаан балгас­ны археологийн судалгаагаар ч батлагдсан байдаг. Тэнд байсан 16-17 байшин цөм эрдэм номын өргөө, бичиг судрын хүрээлэн байсан билээ. Харин Гүүш хан бол цэргийн эрдэмд боловсорсон жанжин байсан тул Цогтын гурван дахин илүү том армийг даран сөнөөсөн байх. Дараа нь ч Гүүш хан Түвдийг бүгдийг нь эзлэн захирч улааны шаш­ныг дарж, Гүүшийн уд­мынхан хэрэг дээрээ Түвдийг 100 шахам жил удирдан залж явсан байдаг.
5. Хэрэв тэр үед өмнөд, төв, Зүүн гарын монголчууд хэдэн түмээрээ Хөхнуурт газрыг улаан болтол цусаа урсган алалдалгүй нэгдсэн Монголын хүчийг бий болгон ойлголцож чадсан бол сүү­лийн 300 жилийн монгол­чуудын ч, Манж, Хятадын ч магад Ази, дэлхийн түүх тэс өөр замаар явах байсан биз. Яг энэ алдаагаа монголчууд Цогтоос хойш 50 жилийн да­раа давтаж Буриад, Цэцэн ханы хойд хэсгийг оросуу­даас хамгаалж Тү­шээт хан, Цэцэн хан, магадгүй халхын нэгд­сэн цэргийн хүчин Бай­гал нуурын зүүн эрэгт оросууд­­тай тулж байх хойгуур Зүүн гарын Галдан бошигт халхыг эзгүйчлэн байлдан эзэлснээр төв Монгол тус­гаар тогтнолоо алдах үүд нээгдсэн гашуун түүхтэй. Түүнээс дахиад 60 жилийн дараа буюу 1755 оны Зүүн гарыг эзлэх Манжийн дайнд халх, өвөрлөгчид цэр­гийн гол хүчин болж оройлон орж Монголын сүүлчийн тус­гаар их гүрэн Зүүн гарын хаант улс унаж 1.5 сая шахам бай­сан хүн амыг Манжийн цэргүүд ай­маглан устгаж ге­ноцид хийн үлдсэн цөөхнийг нь тасар татан жижиглэн ху­ваасан.
2000 гаруй жил Ази, дэл­хийн түүхийн гол өөрчлөгч хүчин байж, мохошгүй эр зориг, хурц ухаан, дайчин эрэмгийгээрээ домог болж явсан монгол угсаатны эх нутагтаа үлдсэн хэсэг нь ингэж өөрсдөө өөрсдийгөө даран сөнөөж, эцсийн бүлэгт IX-XX зуунд устаж мөхөх­дөө хүрч байсан эм­гэнэлт түүхийг Хөхнуурт очиж, дээд монгол­чуудын устаж уусахын аюулд өртсөн амьдралыг үзсэний хувьд дахин нэг са­нуулахыг хүснэм.

Б.Болдсайхан эмч


No comments: