Tuesday, August 19, 2008

Талибаны Дарангуйлал ба Хазара нарын Эрх Чөлөөний Тэмцэл


Хазара Байх нь Гэмт Хэрэг Биш

Афганистан дахь Талибан хэмээх айхтар зэрлэг балмад алан хядагч бүлэглэлийн талаар сонсоогүй, мэдэхгүй уншигч ховор буй за. Сонирхолтой нь Талибанууд нь бүгд л Пүштүн гаралтай хүмүүсээс бүрдсэн бүлэглэл аж. Талибануудыг Афганистаны засгийн эрхэнд байх үед иргэнийхээ паспортандаа үндэстэн ястан гэсэн заалтан дор өөрсдийгөө "Могул", "Могал", "Монгол" хэмээн бичдэг Хазара/Монголчуудын хувьд гашуун хувь заяа хүлээж байлаа. Гэсэн ч Хазарачууд өөрсдийгөө зөвхөн хувь заяандаа найдаад орхисонгүй, харин хувь заяагаа өөрсдийн тэмцлээр шийдэхээр шуударсан хэрэг. Чухам яг л энэ үед ард түмнийхээ төлөө амь амьдралаа зориулсан Баба Мазари хэмээх нэгэн Хазара эр тодорч "Хазара байх нь гэмт хэрэг биш, үндэстэн ястны тэгш эрхгүйгээр Афганистаны нийгэм оршин тогтонож чадахгүй" хэмээх алдарт үгээ хэлж ард түмнээ уриалан дуудаж зэвсэгт тэмцлийг гардан удирдсан юм. "Хазара байх нь гэмт хэрэг биш" гэнэ үү, зөвхөн энэ жижигхэн өгүүлбэрээс л уншигч та бүхэн Хазара үндэстэн хүмүүс ямаршуухан нийгэмд амьдарч, үндэстнийхээ хувьд ямаршуухан гадуурхал доромжлол дор байсан, байсаар буйг илүү тайлбаргүйгээр ойлгож байгаа буй за.

Энэ "Хазара" цувралын 1-р хэсэгт би ажил дээрээ нэгэн Пүштүн гаралтай залуутай таардгүй зөрчилтэй байсан тухай бичсэнийг уншигч та бүхэн санаж байгаа байх. Дауд хэмээх тэр залуу бас ч үгүй нэлээн боловсролтой түүх шашин сонирхон судалдаг нэгэн байсан ба нэгэн удаа Жак Вэдэрфөрдын “Genghis Khan and the Making of the Modern World” хэмээх Чингис хааны талаар бичсэн номыг өрөөндөө авчираад уншиж байхыг би харсан юм. Тэрвээр Чингис хаан, Монголчуудын талаар нэлээд сайн мэддэг байв. Би түүнээс нэг удаа "чухам ямар шалтгааны улмаас Пүштүн гаралтай олонхи Хазара хүмүүсийг үзэн яддаг вэ? " гэж асуусан юм. Монголын их гүрний байлдан дагуулалтын үед бид ялагдаж явлаа, одоо бид тэднийг Хазара/Монголчуудыг ялж өшөөгөө авч байгаа юм хэмээн баруун гарын нударгаа атган зангаж сэтгэл хөдөлсөн маягаар хэлж билээ. Үнэндээ тэр надад чухам яг л үнэнээ хэлсэн ба үнэхээр ч олонхи болсон Пүштүн хүмүүс яг л тийм сэтгэлгээтэй байдаг юм байна гэдгийг би ажиглаж мэдсэн юм. Афганистанд Пүштүн, Тажик, Узбек, Түркмен, Энэтхэгийн Сийк, Паеган шашинтай Балучи гээ л олон үндэстэн ястнууд оршин суудаг. Тэд хоорондоо зөрчилтэй, байлдаж тулалддаг л даа. Гэхдээ тэдний хоорондын зөрчил хэзээ ч Хазара Пүштүн хоёр үндэстний хоорондын зөрчил шиг тийм хурц, зуун дамжсан хорсол занал байгаагүй юм.

Талибаны гол удирдагч мулла Омар гадаадын сурвалжлагч нарт ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг: Миний хувьд, бидний хувьд, Пүштүн үндэстэн байна гэдэг бол хамгийн чухал, би өөрийгөө юу юунаас өмнө Пүштүн үндэстэн гэдгээр мэдэрдэг бөгөөд Пүштүн хүний эрх ашгийн төлөө тэмцэл бол миний хамгийн гол зорилго. Хоёрдугаарт би өөрийгөө Лалын шашинтан мусулман хүн гэдгээрээ мэдэрдэг. Би Афганистаны иргэн Афган хүн байна гэдэг бол миний хувьд гуравдугаарт тавигддаг асуудал гэжээ. Афганистанд олон жилийн туршид одоог хүртэл үргэлжилж байгаа иргэний дайн нь үндэстэн хоорондын дайн болохоос шашны урсгалуудын мөргөлдөөн биш юм. Үнэндээ Афганистанд болж буй байлдаануудын ихэнх нь Сунни шашинтай Тажик, Пүштүн, Узбекүүдийн хооронд болж байгаа юм.

Үүнээс үүдээд би нэгэн зүйлийг онцлон дурдах хэрэгтэй байх гэж бодож байна. Пүштүн/Талибан болон Хазара нарын зөрчил нь хоёр үндэстний хоорондын зөрчил болохоос шашны мөргөлдөөн биш юм. Хазаруудыг шиа шашинтан хэмээн ялгаварлан гадуурхдаг нь үнэн, гэхдээ энэ нь бол зүгээр л шалтаг буюу Англи хэлэнд ярьдгаар pretense, дайран дээр нь давс нэмсэн л асуудал. Мэдээж энэ лалын шашны шиа гэгч урсгалын ялгаа нь Пүштүнүүдэд сайхан далим болж бусад суни шашинтай, Пүштүн бус гаралтай Узбек Тажикуудыг Хазаруудын эсрэг турхирч чадсан талаар би өмнөх бичлэгтээ дурдаж байсан.

Хувь хүмүүс үзэл бодлоо бодитоор илэрхийлдэг. Уншигч та бүхэн Хазара Пүштүн нарын сайт, форум, хэлцүүдээр ороорой, youtube болон бусад видео цуглуулгуудыг сонирхоорой. Тэнд Пүштүн Талибануудаас Хазара хүмүүсийг үзэн ядах үзэл нь зөвхөн Хазар хүмүүсийн гадаад төрх, тэдний нийгэмд эзлэх байр суурь, гарал угсаанд (Монгол гаралтайд нь) нь чиглэж байдгаас бус, шиа шашинтайд нь болдог биш юм байна гэдгийг ойлгох болно. Эцсийн эцэст Пүштүн, Хазара нар адилхан Лал гэсэн нэг л шашинтай улсууд. Хазара Пүштүн/Талибан нарын зөрчлийн талаар уншиж судалж байхад тэдний зөрчил нь шашны ялгаа гэхээсээ илүү үндэстэн ястны ялгаа, хорсол занал өш хонзон юм байна гэсэн ойлголт надад баттай төрсөн юм.

Монголчуудын байлдан дагуулалтын үед Афганистан гэж улс огт сураггүй, Пүштүн гэж үндэстнүүд бүрэлдэн тогтоогүй байсан үе төдийгүй тэд Энэтхэг Пакистаны хязгаараар нүүдэллэн амьдарч Их Могул гүрэн, доголон Төмөр хааны захиргаадаар дамжин амь зууж байсан юм. Монголын их гүрний захиргаанд байсан аль ч улс гүрэн үндэстнүүд Монгол гаралтай хүмүүсийг өдий чинээ үзэн ядаж аль хэдэн зууны тэртээх ялагдалдаа хорсол агуулан өшөө авах гэх нь үгүй. Ямар ч тохиолд Пүштүн хэмээх энэ үл шалих нүүдэлчидийг Монголчууд солгой нүдээр харж, хоморголон устгаж онцгой алба гувчуур ноогдуулж тамлан зовоож байсан баримт байхгүй юм. Уучлаарай хүн төрөлхтөний түүх улс үндэстнүүдийн хоорондын зөрчил, ялалт ялагдлаар дүүрэн.


Афганистан дах Иргэний Дайн ба Хазара Овгуудын Нэгдсэн Тэмцэл


1890 ээд оны дайнд ялагдаж тусгаар тогтнолоо алдсан Хазарууд өөрсдийгөө “aри” гаралтай гэж үздэг Пүштүн тэргүүлсэн Тажик удаалсан үндэстнүүдийн хавчлага дарамтан дор олон арван жилийг бэрхшээлтэйгээр өнгөрөөж байв. Харин 1979-1989 онуудад үргэлжилсэн Зөвлөлт Афганистаны дайны үед дайтаж буй бүлэглэлүүд анхаарлаа дайнд хандуулсанаар Хазара нарт үндэстнийхээ хувьд гадуурхагдах асуудлаас түр зуур ч гэсэн "амсхийх" боломж олдсон аж. Энэ дайнд Хазара нар Афганы бусад үндэстнүүдийн адил зэвсэг барин Зөвлөлтийн түрэмгийлэгчидийн эсрэг дайтаж, гэлээ ч Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарч явсаны дараа Пүштүн, Тажикуудаар толгойлуулсан Мужахедууд засгийн эрхэнд гарч Хазара нарыг хавчин гадуурхах, хоморголон устгах бодлогоо үргэлжлүүлсэн юм. Ингээд 1989 оноос хойш Афганд үргэлжилсэн иргэний болоод, үндэстэн ястны дайнд Хазарачууд хүссэн хүсээгүй амь тэмцэн орох болсон бөгөөд, 1890 оны бослогоос хойш анх удаагаа нэгдсэн зохион байгуулалттай тэмцлийг явуулж 10,000 орчим хүнтэй Хазара дайчидын отрядыг байгуулж чухам л зэвсэг барин дайрсан болгонтой нь эсэргүүцэн дайтаж байсан юм. Дайтаж байгаа бүлэглэл болгон өөрсдийн гадаад дотоодын спонсоруудтай байсан зэр зэвсэг, хоол хүнс, хүн хүчний дэмжлэгийн баттай ар талуудтай байсан юм. Афганистантай хил залгаа орших улсууд бүгд л өөр өөрсдийн үндэстнүүдээ шууд дэмжиж байв. Пүштүнүүдийн ар талыг Пакистан улс (Пакистаны хүм амын 20% ийг пүштүн гаралтай хүмүүс эзэлдэг) дааж, Узбекууд мэдээж Узбекстанаас, Туркменууд Туркменистанаас, Тажикууд Тажикстан, Иранаас тусламж авч байсан ба, ганцхан Хазарачуудад туслах хэн ч байгаагүй гэдэг. Хазарачуудад хангалттай зэр зэвсэг байтугай, хэдэн цэргүүддээ өмсгөх гутал ч байхгүй байсан ба, хөл нүцгэн цэргүүд нь байлдаанд алуулсан, олзлогдсон дайсныхаа гутлыг тайлан өмсч зэвсэг хувцас хэрэглэлээр нь амь зогоож байсан гэдэг.

Иргэний дайны дундуур1994 онд Пакистаны Тагнуулын Төв Газрын шууд ивээлээр бий болсон Талибан "Шашны Сурагчид" хэмээх Пүштүн гаралтай хүмүүсийн бүлэглэл нь Хазара хүмүүст онцгой зэрлэг хандаж байв. Мулла Мухамед Омар гэгчээр удирдуулсан Талибанчууд 1996 - 2001 онд Афган орныг эрхшээлдээ байлгах хугацаандаа 100 гаруй жилийн өмнө Абдур Рахман гэгч яргачин эрийн явуулсан бодлогыг давтан явуулж Хазара нарыг үй олноор нь хөнөөж үндэстнийх нь хувьд ул мөргүй болгохыг хичээсэн юм.

Талибаны удирдагч нар Хазаруудыг бүр мөсөн үндсээр нь устгах нь Талибаны засгийн газрын бодлого гэж зарлаад тэдний удирдагчидын нэг Мулла Маноон Ниази радиогоор ард түмэндээ хандаж элсэн үгэндээ "Хазарууд бол лалын ариун шашинтнууд биш, тэднийг алж устгаж болно, тиймээс Хазара хүнийг алах нь ямар ч нүгэл биш " хэмээн ард түмнээ алан хядах үйлдэлд ил тодоор уриалж байжээ. Тэр мөн үргэлжлүүлэн Хазара хүмүүст хандаж "Хазара нараа, та нарт гарах гарц байхгүй, та нар дээшээ зугтвал бид хөлөөс чинь татаад унагана, доошоо орвол үснээс чинь зулгаагаад гаргана" хэмээн занажээ.

Хазарууд шиа хэмээх лалын шашны нэгэн урсгалд хамрагддаг талаар би урьд нь дурдаж байсан, тэгвэл шиа урсгалын гол төв гэж болох Иран улс нь Хазарануудад шашны талаасаа нэлээд нөлөөлсөн гэдэг. Иран улс Ирактай дайтаж байх үедээ үндэс угсаа, шашны үзэл бодлын улмаас нэн хавчигдмал байдалд байсан Хазара нарыг гарцаагүй байдалд оруулан галын шугам руу олноор нь илгээн амийг нь золиосолж байсан гэдэг. Тэгвэл Афганистаны иргэний дайнд Ираны талаас Хазара нарт бодит тусламж үзүүлээгүй ба харин өөрсдийн шиа удирдагч болох Хомейны хөрөгийг олноор нь илгээн доромжилж, харин гарал угсаа, хэл язгуур нэгтэй Тажикуудыг илтээр дэмжиж байсан баримт байдаг юм.

Хэдийгээр бүгд Монгол гаралтай гэгддэг боловч түүхийн өөр өөр үе шатуудад ирж суурьшсан, олон янзын овог аймгуудын нэр хоч зүүсэн тархай бутархай Хазара нарыг нэгтгэж нэгдсэн тэмцэлд оруулахгүйгээр амжилтанд хүрэхгүйгээ ойлгосон хэсэг нөхдүүд 1988-1992 онуудад Hizb-i-Wahdat буюу Islamic Unity (Лалын Нэгдсэн Нам) Вахдат хэмээх голдуу Хазар үндэстнүүдээс бүрдсэн улс төрийн нам байгуулж үүндээ Саыф (шиа шашны номлолын бүлэглэл, араб гаралтай гэгддэг цөөн тоот үндэстэн) хэмээх шиа шашинтай бусад цөөнхийг ч оролцуулжээ. Нэгдсэн зохион байгуулалтанд орсон чухам энэ л үеэс эхлэн Хазара нарын түүхийн цоо шинэ үе шат эхэлсэн гэж хэлж болох юм.

Энэхүү улс төрийн намыг үндэслэн байгуулагчидын нэг нь Баба Мазари (Баба - перс хэлэнд аав, эцэг гэсэн үг) хэмээх нэгэн Хазара эр байсан бөгөөд өнөөдөр Хазара нар чухам энэ л хүнийг Хазара үндэстний эцэг хэмээн үздэг ба чухам энэ л хүний ухаалаг удирдлага, шинэлэг бодлого, зоримог чадварлаг байлдааны ажиллагааны үр дүнд Хазара үндэстний нэр хүнд зөвхөн Афганистаны дотооддоо төдийгүй, мөн гадаадад өсч, Хазара/Монгол үндэстэн Афганистанд ямаршуухан үүрэг хүлээж, ямаршуухан байр суурьтай байх вэ гэдгийг олон улсын тавцанд мэдүүлсэн юм.

1992-95 онуудад Хазара нар Афганистаны бусад цөөн тоот үндэстнүүд болох Тажик, Узбекуудтэй хамтран Northern Alliance буюу Умардын Эвсэл байгуулж Пүштүн үндэстэн давамгайлсан засгийн газрыг түлхэн унагааж Кабул хотыг эзэлж авсан юм. Гэтэл муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэгчээр, адилхан амь тэмцэн хохирол амсан байж засгийн эрхийг авсаны дараа Ираны дэмжлэгийг авч цөөнх дотороо олонх болсон Бурханудин Раббани, Ахмад Шах Масуудаар удирдуулсан Тажикууд Хазара нарыг гадуурхан дорд үзэж, Хазара Вахдат намын төлөөлөл болон Хазара нараас шинэ газрынхаа бүрэлдхүүнд оруулаагүй байна. Чухам энэ л мөчийг алдвал ахин сэргэх боломж олдохгүйг ойлгон ухаарсан Баба Мазари цэргүүдээ аван хөдөлж Хазарууд голчлон оршин суух Кабул хотын баруун дуургийг эзлэн авч засгийн газрын эсрэг байлдахаас өөр аргагүй болсон юм.

Кабул хотын баруун дүүргийн хамгаалалтын тулалдаан олон сар үргэлжилсэн ба судлаачидын үзэж буйгаар хүч тэнцвэргүй уг байлдааны ажиллагаанд Хазара нар эрэлхэг зориг, байлдааны гайхамшигтай ур чадварын тод үлгэр жишээ болсон аж. Яг энэ үед Талибанууд Кабул хот руу довтолж эхэлсэн ба ёстой л гурвалжин дөрвөлжин байлдаан болон хувирчээ. Хазаруудыг байлдаад дийлэхгүйгээ ойлгосон засгийн газар Талибануудтай хуйвалдах мөн Вахдат намын дотоод дахь Хазар бус үндэстнүүдийг урвуулах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Ингээд 1995 оны 3-сард Талибануудын хүсэлтээр нэгдмэл фронт, эвсэл байгуулах гэрээ хийнэ гэсэн товтойгоор Хазарын удирдагч Баба Мазари өөрийн намын тэргүүлэгч болох 10 гаруй нөхдийн хамт Талибануудын товлосон газар очсон байна. Талибанууд хэлэлцээ хийхээр очсон Хазаруудын зэвсэгийг хууран авч бүгдийг нь баривчлаад тамлан алсан юм. Тэд Баба Мазариг Хазаруудын хамгийн нөлөө бүхий нөхөр гэж үзээд хамгийн хэрцгийгээр тамалсан ба дараа нь түүнийг нисдэг тэргэнд суулган дээшээгээ тултал нь хөөргөөд хад хясаатай газар луу гарган шидсэн аж. Хазаруудын үзэж буйгаар Баба Мазариг алах ажиллагааг Тажикуудын удирдсан засгийн газрын захиалгаар Талибанууд гуйцэтгэсэн гэдэг бөгөөд удирдагчаа алдсан Хазарууд төдөлгүй байлдааны чадвар нь буурч, мөн Вахдат намын доторхи Саыф хэмээх шиа шашинт араб гаралтай нөхдүүдийн урвалтын уршигаар Кабул хотын баруун дүүргийг засгийн газрын цэргүүдэд алдсан байна. "Үл шалих", хүч нимгэн, цөөн тоот Хазаруудад ялагдаж ихээхэн хохирол амссан засгийн газрын цэргүүд Кабул хотын баруун дүүрэгт жинхэнэ яргалал явуулж олон зуун Хазара иргэдийг алсан гэдэг ба зөвхөн нэг шөнийн дотор 800 гаруй энгийн Хазара иргэдийг алж устгасан гэдэг. Чухам энэ л үеэс дэндүү их гарз хохирол амсч байсан Хазарууд нэгдэн нэгэн удирдлага дор дайсандаа ямар ч өршөөлгүй тулалдаж байсан ба хүчийг хүчээр гэсэн бодлогыг баримталж эхэлсэн гэдэг.

Баба Мазарыг алдсан нь Хазаруудын хувьд нөхөшгүй гарз байсан юм. Гэлээ гэхдээ түүний эхэлсэн үйл хэрэгийг бусад нөхөд нь залгамжлан явуулж Карим Халили (Karim Khalili), Мохамед Мохакик (Mohammad Mohaqiq) зэрэг хүмүүсийн удирдлагын дор байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.

Баба Мазарыг оршуулах үйл ажиллагаанд Узбекуудын хамгийн гол удирдагч болох, Афганситаны улс төрд нөлөө бүхий генерал Рашид Достум хүрэлцэн ирсэн гэдэг. Хэдийгээр Хазара Узбекууд зарим талаар зөрчилддөг боловч гарал угсаа, газар нутаг, хэл заншлын хувьд ойр дөт гэж үздэг ба, тэд ойр дөт холбоотой байж зарим байлдааны ажиллагааг хамтран явуулдаг гэдгийг дурдах нь зөв байх гэж бодож байна.

Афганистан дахь олон улсын шинжээчидийн үзэж буйгаар Хазара нарын зэвсэгт отрядууд эрэлхэг зоригтой сайн байлддаг боловч тэд үргэлж зэр зэвсэг, сум хэрэглэл, ахуйн гачаалтай байдаг ба, Пүштүн, Тажик, Узбекүүдээс ялгаатай нь тэдэнд хүнд зэвсэг буюу их буу, танк, хуягт, байлдааны машин технолог огт байхгүй аж. Мэдээж тэдэнд хэн тийм зэвсэг өгөх вэ дээ, өөрсдөө л дайснаасаа олзолж авахаас бус.

Одоогоор Мэдэгдээд Буй Хазара нарыг Хоморголон Алсан Тохиолдлууд / Hazara Massacre


Талибануудыг засгийн эрхэнд байх үед голчлон гарсан Хазаруудыг хоморголон устгах бодлогын хэрэгжүүлэлт болох тэмдэглэгдсэн аллагуудаас дурдвал:

-- Masscre In Yakaolang, January 2001 --
Хэдэн зуу, мянгаар тоологдох Хазараг хоморголон хөнөөв.

Баривчлагдсан, олзлогдсон иргэдийг нэг газар бөөгнүүлж байгаад автомат буугаар шүрших, дунд нь бөмбөг дэлбэлэх, бөөнөөр нь байшинд чихэн оруулаад галдан шатаах, төмөр контэйнэрт чихэн хийгээд бүтээж алах зэрэг олноор нь хөнөөх хялбар аргачлалаар хэдэн мянгаар тоологдох Хазарачуудыг алж устгав.

-- Massacre At Robatak Pass, May 2000 --
Хэдэн зуун Хазара иргэдийг алж цогцсыг нь нуув

-- Afshar and Karteh Sahe Massacre 1993 --

Тухайн үейин Афганисатны ерөнхийлөгч Тажик гаралтай Раббани, Афганы бүх цэргийн командлагч Ахмад Шах Масуд нарын тушаалаар Кабул хотын баруун дүүрэгт оршин суух энгийн ардуудыг хоморголон алав. 24 цагийн турш үргэлжилсэн цуст аллагын улмаас мянга 1000 гаруй Хазара амь үрэгджээ.

-- Massacre in Mazar-e Sharif - August, 1998 --

Хазарууд олноор оршин суух Мазари Шариф хотыг хамгаалан тулалдаж байсан Хазара зэвсэгт отрядыг ухран гарсаны дараа Талибанууд хот руу дайрч энгийн оршин суугч Хазар үндэстнийг онцгойлон хоморголон алах үйлдлийг зохион байгуулалттай явуулсан ба тэд найман мянга 8,000 орчим Хазараг алж устгажээ.

-- Massacre of Hazaras in Bamyan Sept 1998 - May 1999 --

Бамян хотыг эзэлсэн Талибанууд хотын оршин суугч Хазара нарыг хоморголон алсан ба аллагад 1000 гаруй Хазара өртжээ.


Афганистан дахь Хазаруудын Өнөөгийн байдал

Хамид Карзайн удирдсан Афганистаны өнөөгийн засгийн газарт Хазарууд өөрсдийн цөөн тооны төлөөлөлтэй байгаа ба энэ нь Хазара үндэстний бүрэн эрхийг сэргээх, ялгаварлан гадуурхалтыг зогсоох тэмцэлд томоохон дэвшил болж байна гэж үзэж байгаа аж. Гэлээ гэхдээ Афганы тодорхой мужуудад Хазара Пүштүн нарын зөрчил хурцадмал хэвээр, зарим тохиолдолд зэвсэгт мөргөлдөөнд хүрсээр байгаа ба, Карзайн засгийн газраас Хазара Бэсүүд мужид болж буй мөргөлдөөнд Пүштүн гаралтай нүүдэлчин Коочи нарыг хүнд хөнгөн зэвсгээр хангаж байна гэсэн мэдээ сонсогдсоор байна. Мөн xэдэн сарын өмнө парламентийн гишүүн, Хазарагийн нэртэй улс төрч, командлагч Саыд Мустафа Каземи талибануудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэн билээ.Хазара нар голчлон амьдардаг мужуудад гэрэл цахилгаан, зам харилцаа байхгүй, олон улсын тусламж хүрдэггүй нь зүгээр л нэг жирийн асуудал мэт.

Одоогийн байдлаар Хазара нарыг хамгийн ихээр түгшээж буй асуудал бол талибанууд буцаж ирэх вэ, дараачийн засгийн эрхэнд ямар хүмүүс гарах бол, НҮБ-ийн энхийг сахиулах хүч хэзээ буцаж бол, олон улсын тусламжийн төсөлүүд Хазара нарт хүртэх болов уу?

Сонирхолтой Мэдээ: Залмай Хализад гэж хэн бэ?

Сонирхолтой нь Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) суугаа элчин сайд нь Афганы Пүштүн үндэстэн, Залмай Хализад (Dr. Zalmay Khalilzad) гэж хүн байдгийг дурдах хэрэгтэй байх. Дунд сургуулын хүүхэд байхаасаа Америкт ирсэн тэрвээр Америкийн Засгийн Газраас Перс, Ойрхи Дорнод дах асуудлуудыг шийдэхэд нэлээн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд одоогоор Америкийн засгийн газарт алба хааж буй хамгийн өндөр тушаалд байгаа лалын шашинтан хүн юм. Америк эхнэр авч нэр нөлөө бүхий болсон тэрэнд Бүгд Найрамдах Нам ихэд талтай байдаг ба БНН засгийн эрхэнд гарвал түүнийг төрийн нарийн бичгийн даргын том албан тушаалд тавьж болзошгүй ч гэж яригддаг. Тэрвээр одоогоор төрөлх Афган орныхоо дараачийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. Үүнээс юу харагдаж байна вэ? Одоогийн байдлаар пүштүн үндэстнүүд дэлхийн хамгийн хүчирхэг орон Америк болон, НҮБ-ийн талаас тулах түших хүнтэй, тэднээс дэмжлэг авах боломжтой гэж ойлгож болно.

Америк боловсролтой Пүштүн гаралтай энэ эр Афганситаны ерөнхийлөгч болсон тохиолдолд Хазар нарын байдалд ямараар нөлөөлөх бол? Ямар ч байсан Талибантай адилгүй, Карзайгаас дордохгүй байх байлгүй дээ гэж найдна.

Ямар ч тохиолдолд Монголчууд бид гарал угсаа нэгтэй, эзэн Чингисийн генийг хамгийн ихээр хадгалж үлдсэн гэгддэг Хазар нарыг гаргуунд нь хаяж, юу ч болсон огт сонсоогүй дүр үзүүлж болохгүй мэт.

No comments: