Thursday, July 31, 2008

Дээд Монголчуудын үндсэрхэг үзэл



Удиртгал
Та Монгол угсаатныхаа талаар хэр сайн мэдэх вэ?Тэгвэл…Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр найман сая гаруй Монгол угсаатан амьдарч байна хэмээсэн албан бус мэдээ бий. Бидний төрөл садангууд маань бүлэг цөлгөөрөө БНХАУ, ОХУ, АНУ, Франц, Афганистан, бүр Киргизстан улсад ч утаагаа боргилуулсаар явна. Эдгээр улсын дотроос хамгийн олон тооны Монгол угсаатан аж төрдөг улс бол БНХАУ.
Дундад улс дахь Монголчуудаас манайхны хамгийн сайн мэддэг нь Өвөрмонголчууд. Гэтэл бидний мэддэггүй Монголчууд дундад улсад олон байдгийн нэг нь Хөх нуурын Монголчууд. Мөн цаашлаад Шинжааны Монгол, Юнаны, Ганьсугийн, Сычуаны Монгол гэх мэтээр хөвөрч өгнө. Монгол улс дахь Монголчууд энэ олон Монгол угсаатны талаар бараг юу ч мэддэггүй гэхэд хэлсдэхгүй. Мэддэг хэд нь Эрээн, Хөх хотын хэдэн “дамчдаас” ялгаж хардаггүй. Магадгүй ялгахыг ч хүсдэггүй байх. Энэ нь бидний ихэрхүү, биеэ тоосон зантай холбоотой. Тусгаар тогтносон Монгол улсын хилийн доторх хүмүүсийг л Монгол гээд хилийн гаднахыг нь эрлийз хурлийз гэдэг нь манайхны итгэл үнэмшил. Гэвч энэ ялгамжийг өгч буй ёс суртахуун, оюун ухаандаа хүмүүс тэр бүр эргэлзэж байгаагүй нь сонин.
Энэ удаад би БНХАУ-ын доторх Монголчуудын нэг хэсэг болох Хөх нуурийн Монголчууд, тэр дундаа Дээд Монголчуудын талаар товчхон өгүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн зун буюу 2007оны 6-7 сард МУИС-ын Нийгэм-Соёлын антропологийн тэнхимийн оюутан болох бид хэдэд БНХАУ-ын Хөх нуур мужид хээрийн судалгаа хийх болoмж тохиосон юм. Энэ нь угтаа Дээд Монголчуудыг товчхон боловч судлана гэсэн үг. Учир нь Хөх нуур мужид гурван өөр түүх, угсаатай Монголчууд аж төрдөг. Эдгээрийн дундаас бид Дээд Монголчуудтай нь хэл нэвтрэлцэж чадсанд байгаа юм. Нөгөө хоёр болох Цагаан Монгол болон Баоаньчуудын аялга нь арай өөр. Гэвч тэдний дунд хэсэг хугацаагаар сууж хамт амьдарвал аяндаа ойлголцоно. Харин Дээд Монголчуудын хэл яриа бидэнтэй төвөггүй нэвтрэлцэнэ. Дээд Монгол хэмээх нэрийн учир нь тэд дэлхийн сээр нуруу Хөх нуур Төвдийн өндөрлөгт далайн төвшинөөс дээш 2500-5000 метрийн өндөрт аж төрдөгтэй нь нэлээд холбоотой гэж Дээд Монголчууд тайлбарладаг.
Тэдний түүхийн хувьд гэвэл Монголчуудын мэдлэгт хамгийн ойр буух мэдээлэл бол Цогт тайж уран сайханы кино. Энэ түүхэн кино яг л Дээд Монголчуудыг Хөх нуурт хэрхэн ирсэн тухай өгүүлдэг. XYII зууны дунд үед Төвдийн бурханы шашин болон бидний хэлж заншсанаар шарын шашин, мөн бидний мэдэх улааны шашин хоёрын мөргөлдөөн ширүүсч, халхын Цогт хунтайж улааны шашинтан байж, түүнийгээ өмгөөлөн дэмжиж Хөхнуурт ирэн шарын шашинтануудыг алж талан шахан гадуурхаж тэр үеийн шарын шашины тэргүүн Y далай ламын байр суурийг ганхуулж эхэлсэн гэдэг. Яг л энэ мөчид ойрад Монголчууд шарын шашинтан байж, мөн тэд дотороо бэлчээр нь хүрэлцэхгүй багталцаж ядаж байх тэр мөчид, Y далай лам дөрвөн ойрадыын нэг Хошуудын хан Төрбайхыг залан туслан тэтгэж, Цогтын халдлагаас хамгаалж өгөхийг хүссэн ажгуу. Энэ нь бэлчээр хүрэлцэхгүй байсан ойрадуудад аятай боломж болон таарч төдөлгүй Төрбайх албат иргэдээ дагуулан Хөх нуурын зүг жолоо залжээ. Ингээд бидний кинонд үзсэн шиг Хөх нуурын хойд эрэгт байх “Улаан хошуу” гэдэг газар хоёр монгол Төвдийн шашны мөргөлдөөний төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж улаан хошуу болтол нь тулалдаж Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Үүнээс хойш Төрбайх хан далай ламын шарын шашныг мандуулж, далай лам Төрбайх ханд шашныг дэлгэрүүлэгч Гүш хан цол шагнасан нь одоо бидний хэрэглэх түүний нэр нь болсон. 1655-1723 оны хооронд Төвд болон Хөх нуурын өндөрлөгт Гүш хан өөрийн Хошууд хаант засгийг байгуулан далаад жил оршин тогтноод 1723 онд Гүш ханы ач Лувсанданзан Манжийн ноёрхолын эсрэг босоод дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш тэдний төрөл нэгт Монголчуудаасаа алслагдан салсан үндэстэний мөхөлийн эрмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй. (Хөх нуурын Монголчуудын түүхийн дэлгэрэнгүйг “Ч.Пүрэвбаярын хөрвүүлсэн “Хөх нуурын Монголчуудын товч түүх”-ээс харна уу)
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Хайши жэүгийн Улаан шэйн, Дэлхий хот, Давсанговь хошуу, Зүүн Көкөт хошуу, Хуудсан болон Бугатын малчид зэрэг болно. Дээд монголчуудын нийгэм, соёл, аж амьдралын олон сонирхолтой үзэгдэлүүдээс би тэдний үндсэрхэг үзлийн тухай асуудлыг сонгон авсан юм. Тэдний үндсэрхэг үзэл нь илэрч байгаа жишээ болгон газар бэлчээрийн маргаан, түүнчлэн тэдний түүх утга зохиол, болон хүүхдийн хүмүүжилд үндсэрхэг үзэл хэрхэн туссан тухай угсаатны зүйг танилцуулна. Энэ судалгааны ажлыг бичихийн тулд онолын баримжаа болгож антропологи дахь үндэсний үзлийн судалгааг иш болгон үзлээ. Антропологид үндсэрхэг үзэлийг хэрхэн томъёолсоныг Б.Андерсоны “Imagined Communities” бүтээлээс нь харвал “Үндэстэн гэдэг нь бодитой зүйл биш харин хийсвэр ойлголт юм. Яагаад гэвэл ямар ч жижиг угсаатаны бүлэгт хүмүүс бие биенээ мэддэгүй, нэг ч удаа уулзаагүй мөртлөө толгойдоо бид нэг, нэгдмэл гэж болдог. Энэ нь үнэндээ дүрслэл санаандаа төсөөлсөн нэгдэл байдаг” гэжээ. Үүнтэй төстэйгөөр Эрнэст Гелнер (Gellner) “үндсэрхэг үзэл үндэстэнг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл үндэстэн байхгүй газар үндэстэн гэсэн нэрийг бий болгогч нь үндсэрхэг үзэл юм. Үндсэрхэг үзэл нь санаанаасаа зохиосон зохион бүтээл, зохиомол, дүр үзүүлсэн show, төсөөлөлийн бүтээл байдаг” гэсэн байна.
Энэ бүхнээс харахад үндсэрхэг үзэл нь хийсвэр сэтгэхүйн ойлголт болж байна. Мэдээж бодитой илэрч гарч байгаа элемент байхыг үгүйсгэх аргагүй. Дээрх онолын ойлголтоос гадна бодитой практик ойлголтыг энд дурьдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Дээд Монголчуудын үндэсний үзлийг мөн л тэдний хэлсэнээр тодорхойлбол “өөрийн ёс заншил хэл бичгээ мэддэг, түүнийгээ хайрладаг, мөн түүнийгээ бусдад түгээдэг сурталчилдаг, хамгаалдаг байхыг хэлнэ”. Энэ бол ганц хүний үг биш харин Дээд монголчуудын дунд өргөн тархсан сэтгэлгээ гэдэг нь олон баримтаас тодорхой байдаг. Ингээд Дээд Монголчуудын талаарх яриандаа орцгооё.
Газрын төлөөх тулаан
Хөх нуур муж нь Төвдийн өөртөө засах орон, Шинжаан, Гансу, Сычиуан гэсэн дөрвөн мужийн дунд оршдог. Дундад улс тавин зургаан үндэстэнтэй (хятадаар зү) тэдгээрийн хятад, хотон, төвд, салар, ёгор гэх мэт арваад үндэстэнтэй нь Дээд Монголчууд хаяа залган амьдардаг. Хөх нуур мужид Дээд Монголчууд 80.000, Төвдүүд 800.000, Хотонгууд мөн төдий тооны, Хятадууд (хэд билээ?) зэргээс болж тэд энэ бүс нутагтаа цөөнхийн нэг болдог. Энэ олон угсаатны бүрдэл нь газар, бэлчээрийн маргааны үндэс болдог. Бэлчээрийг нь байн байн булаах төвд, хятадуудтай тэд зодолддог. Тухайлбал, 1999 онд Хэнан шэйнд орчин үеийн автомат буугаар зэвсгэлэн хоёр талаас тавиад хүний аминд хүрсэн тохиолдолыг оюутан Ж.Цуутайхүүд нутгийнхан өгүүлсэн байсан нь үүний нэгэн жишээ. Энэ мэт мөргөлдөөн үе үе гардаг. 1991 оны 5 сард болсон нэгэн мөргөлдөөнийг уг зодоонд биеэр оролцсон хүмүүсийн ярьж өгсөнөөр сийрүүлье.
Зүүн Көкөт хошууны “Их булаг” хэмээх газар хэсэг Төвд айлууд Монгол айлын бэлчээрт орж ирээд буцаж нүүлгүй нэлээд уджээ. Ингээд л чулуу, мод, дүүгүүр, буугаар зэвсэглэн зодоон болсон. Төвдийн талаас 160-н Монголоос 40-н хэдэн хүн оролцсон гэдэг. Төвдүүд олон байсан тул Монголчууд нэгэн толгойн орой дээр гарсанд, Төвдүүд бүслэн дайрчээ. Монголын талаас 17-н хүн хүнд хөнгөн гэмтсэнээс нэгнийх нь зүүн гар таслагджээ. Гурван хүн толгойдоо сүхээр цохиулсан ч амьд гарсан аж. Төвдийн талаас гурван хүн амь насаа алджээ. Дэлхий хотоос 20 цэрэг ирж Төвд Монгол хоёрын бэлчээрийн зааг дээр арваад хоносон байна. Мужийн төвөөс шийд гарч зодоон үүссэн нутаг дээрх Монгол хийдийг нүүлгэн 3000 га газрыг Төвдүүдэд өгсөн гэнэ. Гурван хүний амийг нөхөн төлүүлэхдээ нэгийг нь хоёр түмэн зоосоор (юань) тооцжээ. Уг нөхөн төлбөрийг Зүүн Көкөт хошууны бүх иргэдээр гаргуулсанд нэг хүнд 70 зоос ноогдсон гэнэ. Монголчуудаас гурван хүнийг баривчилсан (Хунчиг г.м) ба одоо болтол сураг гардаггүй аж. Энэ зодооноос хойш Төвдүүд өс санан гурван жил дараалан Монголын талаас 300-аад бод, 900-аад бог мал хулгайлсан гэнэ.
Төвдүүд арай өөр аргаар Монголчуудын бэлчээрийг булаан авсан тохиолдолыг Улаан шэйн дээр Соёлт хэмээх залуу надад хэлж өгсөн.
“Улаан шэйнээс хойш 5 км зайд Анхан дарийн хийд гэж байдаг. Энэ хийд байгаа газар угтаа Монголын бэлчээр байжээ. Гэтэл уг газар дээр хэсэг төвд лам нар сүм барьсанд, төвд айлууд уг сүмийг бараадан нүүн ирсэн байна. Улмаар Монголчууд зугуухан бэлчээрээсээ шахагдаж эхэлжээ. Энэ мэтчилэн Дээд Монголчууд бэлчээрээ алддаг нь тэдний үндсэрхэг үзлийг өдөөх шалтгаан болдог. Монголчууд төвд ламтай төвд сүмд ордогүй, мөргөдөгүй гэж тэд ярьж байлаа. Учир нь төвдийн сүм болхоор тэр гэнэ. Уул нь Төвд, Монгол адилхан нэг л шашин шүтдэг. Гэтэл төвд сүмд төвд лам байдаг, төвдүүд мөргөдөг. Бид төвдүүд шиг харанхуй бүдүүлэг хүмүүс биш гэж Дээд Монголчууд ярьдаг. Тэд шарын шашинийг шүтсэнээрээ ийм соёл дорой байгаа юм, тийм болхоор би шарын шашинг тоодоггүй гэж ярих Дээд Монголчууд надтай нэг бус удаа таарч байсан.
Түүх, утга зохиол
Дээд Монголчууд түүхээ саяхнаас л чөлөөтэй хүүрнэх болсон талаар тэд өгүүлж байлаа. 1990-ээд оноос л Чингис хааны хөргийг гэрийнхээ хойморт залах болжээ. Гэхдээ Мао даргын хөрөгтэй хамт гэнэ. Чөлөөлснөөс хойш буюу 1949 оноос хойш Хөх нуурын Монголчуудын түүхийг Монголчуудаар бичүүлээгүй аж. Харин одоо Дулаан шэйнд Жавхлан гэдэг залуу буруудсан ч бай, зөвдсөн ч бай өөрсдийнхөө түүхийг бичнэ гэж зориглосон нь үнэхээр бидний урмыг сэргээж байна хэмээн Давсанговь хошуунд Баясгал ах ярьж байлаа. Мөн тэрээр “… хэрвээ бид Лувсанданзангын бослогыг гаргалгүй тэвччихсэн л бол одоо бид хоёр сая гаруйлаа муусайн төвд, хотонгуудад дарлуулахгүй сайхан байхгүй юу… “ хэмээн халаглан өгүүлж байсан. Нээрээ л хувь хүнийхээ үүднээс бодоход тийм ч юм шиг санагдсан. Ийм л учраас Дээд Монголчууд цадиг түүхэндээ бусад монголчуудаас дутуугүй хайртай. Дэлхий хотод уулзан ярилцсан “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ах надад хүүрнэхдээ “Дээд монгол залуус өв соёл, уламжлал, заншилаа сурталчилсан ном сонин сэтгүүлийг өөрийн хөрөнгөөр эрхлэн хэвлүүлж тараадаг юм. Нэг ном хэвлүүлэхэд 10 юань хэвлүүлэх тоо нь хамгийн багадаа 1000 ширхэг болдог” гэж байсан. Ингээд бодоход нэг ном гаргахад манай төгрөгөөр 2 сая орчим төгрөг хэрэгтэй. Гэтэл миний уулзаж ярилцсан хүмүүс нэгээс дөрвөн ном гаргачихсан байдаг. Хэдий ийм ч тэдэнд нэг гомдолтой асуудал байнга тулгардаг. Засгийн газраас “буруу үзэлтэй” номыг хэвлүүлдэгүй. “Буруу үзэл” гэдэг нь өргөн утгаараа Хятадын эсрэг гэсэн үг. Тийм болхоор Дээд Монголчуудад ном болгон бичээгүй олон үзэл санаа цээжинд нь байдаг. Үүнийгээ шүлгээр л илэрхийлнэ. Шүлгийн агуулга нь:
…Эзэн богдын түүж ирээдЭх орон хэмээнӨрлөг төрийн тогоо нэрсэнТулгын гурван чулууны хоёр нь алга бид эрэлд гаръяЭзэн тэнгэрийн зарлиг юм гээдӨөрийн мутраасаа салгалгүй үүрд атгаж явсанЭр хар сүлдний тань хойноос бид эрэлд гаръяЭрхэм зуунаас солонго хараад омогшихдооЭх хэлээ умартсанЭнхрий бяцхан дүү нарийнхаа хойноос бид эрэлд явъяАюулхайдаа ерөөх нутаггүй болсондоо бид эрэлд гаръяАмраглан золгох Монгол цөөндөө бид эрэлд гаръяБид бүгдээрээ эрэлд гаръя эх орныхоо төлөөӨөрийг чинь төрүүлсэн Монголын төлөөБид эрэлд мордъё…
гэсэн байдаг.
Энэ мэтчилэн Дээд Монголчуудын утга зохиолд дэлхийн бусад улс орнуудад байгаа төрөл нэгт монголчуудаа санагалзсан тэднийгээ гэсэн үзэл нэвт шингэсэн байх нь түгээмэл.
Хойч үеээ Монгол хүн “болгох” гэсэн тэдний тэмцэл
Энд нэг сонирхолтой асуудал гарч ирж байгаа нь хүүхдүүд үндсэрхэг үзлээ илэрхийлж байгаа явдал юм. Магадгүй энэ асуудал үндсэрхэг үзлийн судалгаанд шинэлэг сэдэв байж болохоор байна. Дээд Монголд үндсэрхэг үзэл арваад настай хүүхдүүдээс ч мэдрэгдэнэ. “Цайдамын сонин”-ий эрхлэгч Мөнхбаяр ахын хүү Баян арван настай Хятад дунд сургуульд явдаг. Баян дүрэмт хувцасныхаа дотуур өмсдөг цамцныхаа зүрхэн тушаа Чингис хааны хөргийг наачихсан байсан. Хятад хүүхдүүд хэний зураг юм бэ гэж асуухад нь миний өвөг гээд хэлчихдэг гэнэ. Дэлхий хотод уулзаж ярилцсан яруу найрагч Цэлгэр эгчийн хүү Аян. Цэлгэр эгч хүүдээ зориулан бичсэн нэг шүлэгтээ Миний хар нүдэн Аян… гэх мэтээр бичсэн байдаг. Хүүгээ хар нүдэн гэж өхөөрддөг. Нэг өдөр хүү Аян нь сургаалиасаа ирээд
-Ээжээ миний нүд шар тиймээ? гэж асуужээ. Ээж нь-Үгүй ээ миний хүү хар нүдтэй ш дээ гэсэнд-Үгүй ээ шар, ээж нь юу гэж дээ хар нүдтэй хэн тэгж байна гэсэнд хүү нь-Юу яриад байгаа юм бэ? Чингис хаан шар нүдтэй юм чинь би ч гэсэн шар нүдтэй л байж таараа ш дээ гэсэн гэнэ.
Цэлгэр эгч өөрөө монголд ирж байсан. Тэрээр” Монголд хотон хүн байхгүй үнэхээр сайхан байлаа гэж байв. Дээд монголчууд нийтээрээ хотон хүнд дургүй. Учир нь хотонгууд монголчуудыг даралдаг мөлждөг “хамгийн муу хүмүүс”. Тийм ч болохоорХотон хүний хоолыг нь идэж болохоосҮгийг нь сонсож болохгүй гэцгээдэг.
Гэр хороолол сайхан санагдсан гэж Цэлгэр эгч ярьж байсан. Гэтэл манайд Улаанбаатарын хорт утааны гол үйлдвэрлэгч гэгдэн гэр хороолол муу хэлэгдэж байдаг. Ер нь бидний хөгжил гэж боддог бүхэн тэнд муухай. Зам, гудамж, талбайн цэцэг. Яагаад гэвэл Хятадууд хийсэн учираас тэр юм. Дэлхий хотын төв талбайд хотынх нь бэлэг тэмдэг мориний хөшөө байдаг. “…Төвдүүд сарлагын хөшөө босгох гэсэн ч Монголчууд тэмцсээр байгаад мориний хөшөө босгуулсан нь үнэхээр сайхан. Одоо Дэлхий хотыг Монгол Төвдийн шэйн гэж бичдэг. Монгол гэдэг нэрийг Төвд гэсэн нэрийн өмнө оруулсан нь бидний ялалт болсон” гэж тэд бахархаж байв.
Өөр олон үндэстэний дунд амьдарч байгаа болохоор Монгол үндэстэн гэдгээ тэд улам илүү мэдэрдэг бололтой. Монгол хүн гэж тэдний хувьд хэл, соёл зан заншил ёс суртахуунаараа цул Монгол байх ёстой. Хэдий тийм ч тэд Хэнаны Монголчуудыг Монгол л гэж боддог. (Хэйнаны Монголд, Монгол гэх зүйл нь Монгол гэр, бэлчээрийн мал аж ахуй хоёр л юм гэдэг). Яг л энэ сэтгэхүйгээрээ дунд сургуульд байхдаа дургүй учраас Хятад, Төвд хүүхэдүүдийг зодож, тэдэнтэй нөхөрлөсөн монголчуудаа гоочилж явсанаа дурсах дуртай. Мөн албан байгуулагын хятад хаягийг монгол бичгээр бичүүлэх гэж тэмцдэгээ, монгол дунд сургуульд улам олон монгол хүүхэд элсүүлэх гэж компанит ажил өрнүүлдэгээ тэд надад ярьж байсан. Хашаандаа Чингис хааны хар сүлдийг залсан айлтай нэг бус удаа таарч явсанаа энд хэлэх хэрэгтэй байх . Ингэж л тэд Монгол байхын төлөө, Монгол байх юмсан гэсэн сэтгэлээр тэмцэж байдаг. Хөдөө хаана ч очсон таныг халхаас ирсэн хүн хэмээн хоймороо залаад дал дөрвөн өндөр чанан дайлна. Намайг нэг удаа хүүхэддээ жинхэнэ Монгол нэр өгөөч гэж гуйж байсан. Учир нь ердөө л хүүхэддээ төвд нэр өгөхгүй л гэж тэр байлаа. “Та жинхэнэ халх хүн үү?” хэмээн нүдэндээ нулимастай гарыг минь атгаж байсан малчин яруу найрагч Балмадорж гуайг одоо ч би тодхон санаж байна. Манай энд хит болсон дуу тэнд ч гэсэн хит болж, манайхны тоглоом наргиа тэнд ч гэсэн хүрсэн байдаг. Уулзаж ярилцсан залуус маань халхын шүлэг уран зохиолыг надаас илүү мэднэ. Тэрийг уншсан уу? Үүнийг харсан уу? гэх нь нүүр халмаар.
Бас л бүгдээрээ л Хархорумын туурийг үзэж, тэр бууцан дээр хөрвөөхийг, Бурхан Халдунд очиж мөргөхийг мөрөөддөг. Тэд ар тавин долоон хошуу, өвөр дөчин ёсөн хошуу, Хөх нуур хорин дөрвөн хошуу хэмээн ярьж, өөрсдийгөө тулгын гурван чулууны нэг мэтээр төсөөлдөг. Гэтэл бид тэдний талаар бараг юу ч мэддэгүй. Гэлээ ч тэд үүнд огт санаа зоволгүй бидэнтэй садны холбоотойгоорооо бахархаж, энд Монгол улс байгаад сүсэглэн цайныхаа дээжийг хойд зүг бидний зүг өргөн, шөрмөс шиг болсон Туулын усыг рашаан хэмээн дээдэлж байдаг. Ийм л амьдрал ахуйтай хэсэг монголчууд байдаг чимээг тусгаар тогтносон монгол улсад дуулгаарай гэж тэд надаас хүсэж байсан. Бас Монгол улсад дахин золгохын ерөөл тавин үлдсэн билээ.
Тэд бидний талаар чамгүй сайн мэднэ. Харин бид тэдний талаар бараг юу ч мэдэхгүй. Энэ мэдлэгийн зөрөө манайхныг тун бүдүүлэг байдалд оруулдаг. Мөн энэ бүдүүлэг байдал худгийн мэлхийн үлгэрийг өөрийн эрхгүй санагдуулдаг нь гачлантай. Гэвч манайхан энэ байдалдаа өчүүхэн ч санаа зоволгүй хэн нэгэн их мэдэгчийн үгээр тэднийг янз бүрээр хочилсоор л байна. Хэзээ бидний үнэний нүд нээгдэж бодит байдлыг олж харан явцуу бодлоосоо ангижирах юм болдоо.
Г.Мөнх-Эрдэнэ (shargaa1986@yahoo.com), Нийгэм-Соёлын антропологи IY, Удирдагч багш: Др. Д.Бум-Очир. Монгол Улсын Их Сургууль

No comments: