Monday, June 23, 2008

Миний найзууд


Анхны цас нутагт минь аль хэдийн орчихсон гэнэ
Ангийн мөр хөөгөөд найзууд минь ар хөвчдөө гарчихсан гэнэ
Аяны майхнаа татчихаад түүдгийн дэргэд андууд минь
Аагтай сархад сөгнөн Мэнд амрыг дуулж байна гэнэ

Би саначихлаа найзуудыгаа

Баян хангайдаа сэржим өргөж сүсэглэчихээд
Багын хэдэн нөхөд минь ангийн мөр хөөж яваа
Боорлон гүйлдэх нохдын хийморь сэргээсэн хуцалтан дор
Бодон гахайг унаган цэц мэргэнээ сорьж яваа

Би мэдэж байна

Гахайн сааль огтлон олз омогтойдоо бахдан
Ганзагa нийлсэн найзууд минь хууч хөөрч суугаа
Гашуун нэрмэлийн охинд бие сэтгэл нь халамцчихаад
Гар зөрүүлэн бие биенээ дотно гэгч нь тэвэрцгээж байгаа

Би очмоор болчлоо

Эмээл дэрлэн хээр хонохдоо багын явдлуудаа дурсан
Элгэмсэг дотноор нэгнээ элэглэн шоолж байгаа
Эр хүний жаргалыг яг одоо л мэдэрцгээж
Эрүү тачигнасан жавартай шөнө тас тэврэлдэн амарцгааж байгаа

Миний муу найзууд

Өглөө эртлэн босож морьдоо эмээллэн зэхэж
Өнөөх гайхал хөвгүүд ноён уулыг зорьж байгаа
Наргиж хөгжилдөн аяны замдаа дөрөө мултлан үдэлчихээд
Найзууд минь мөрийтэй хүчээ үзэн барилдаж байгаа

Хамт анд явмаар санагдчихлаа

Андууд минь та нарын ангийн олз чинь арвин байг
Аяны чинь алтан шаргал зам өлзийтэй байг
Ноён хөх сарьдагууд уул ус минь та нарыг ивээг
Найз нь эндээс та нартай мэнд амар хэмээн мэндчилээд

Нэг хундага хөнтөрч орхиё

Эрка

Эх сурвалж :http://erdenenbayar.blog.banjig.net

1 comment:

david santos said...

Very nice posting, my friend, very nice.
Happy day