Friday, June 13, 2008

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИОЛ



/Ардчилсан намын шинэ цэргүүдээс зохиогчийн эрх хулгайлав/

Дүрс: Дэлгэцнээ Ардчилсан намын туг намирч байснаа нэгэн нөхөр сүнс мэт гэнэт сүрхийтэл гарч ирнэ. Тэрээр намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ намируулсан харагдана. Ялимгүй сандарч байгаа бололтой ярьж эхэлнэ.
Текст: Би Монголд бэлгэвч дэлгэрэхээс өмнө олдсон. Гэхдээ бэлгэвч байлаа ч гэсэн тэмцсээр байгаад нүх олчих чадалтай сперматойз л доо. Ард түмний нам байгуулахаар дөчин хэмийн хүйтэн чулуун шалан дээр сууж байхад бэлгэвч минь углаастай байсан. Би даараагүй. Бороо гоулд руу дайрахдаа бэлгэвчээ өмсөөд л ухасхийсэн. “А” намдаа нутаг гүйсэн адуу шиг буцаж ирэхдээ би бэлгэвчээ мартаагүй билээ. Намайг Лхамжавын Гүндалай гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ Бүгд найрамдах намын туг намирч эхэлсэн байна. Бас нэг уртаас урт нөхөр сүнс мэт гулжисхийн гэнэт тодорно. Тэрээр өөрийн намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ гонжиролдуулсан харагдана. Энэ хүн ихэд ууртай байх ажгуу.
Текст: Малчдад би яснаасаа /янхир том яс руугаа заана/ дургүй. Гэхдээ ноолууранд бол хайртай л даа. Залхуу, бүдүүн хүнийг би нэг нүдээрээ ч үздэггүй. Хэрвээ би сонгогдвол залхуучуудыг бүгдийг нь баривчилж, хүрз бариулж, ноолуурын үйлдвэр бариулна. Би Монгол улсынхаа төлөө хөлс хүчээ хайрлалгүй зүтгэсээр яс арьс болтлоо турсан. Цаашдаа зүтгэнэ ч, турна ч. Намайг Буянгийн.., биш ээ, Базарсадын Жаргалсайхан гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ Монгол ардын хувьсгалт намын туг намирч эхэлнэ. Мөөмөө сэрийлгэсэн нэгэн бүсгүй сүнс сүүдэр мэт огцом гялсхийнэ. Тэрээр хувьсгалт намынхаа бадамлянхуа бэлэгдлээр час улаан хөхний даруулга хийж зүүжээ. Ихэд ялдамхан инээмсэглэж байх ажгуу.
Текст: Би хүүхдэд хайртай. Хүүхдээр хэлд орж, хүүхдээр хөлжиж, хүүхдийг хошгируулж улс төрд гарснаа би хэнээс ч нуухгүй. Энэ бол пионер хүний үг. Пионер хүн үнэнч шударга байх ёстой. Би Энхболд даргын газрын наймаачин болохыг пионер хүний ёсоор шударгаар хэлсэн. Цаашдаа ч хир буртгийг шударгаар илрүүлсээр байх болно. Намайг Нордогийн Болормаа гэдэг.

Дүрс: Дэлгэцнээ дахин Ардчилсан намын туг намирч эхэлнэ. Унжиралдсан цагаан дээлтэй нөхөр, зангиагаа ч унжиралдуулсаар.., гонжиролдсоор арайхийн тодорно. Тэрээр ардчилсан намынхаа тугаар хөөрөгний даалин хийж барьсан харагдана. Унжирсан унжуу хамар луугаа тамхи чихэнгээ ярьж эхэллээ.
Текст: Би.., тооны ухааны хүн. Энэ утгаараа болбол бүх хорыг яг таг тооцоолж найруулдаг. Нөгөө утгаараа болбол тэрхүү хор хэнд яаж үйлчилж, тэр утгаараа болбол хэн суудлаасаа унахыг квадрат язгуураас гаргаж, логрифм тэгшитгэлээр бодож математик гаргалгаа хийж сурсан хүн… /Түр бодлогоширно/ Нөгөө утгаараа болбол намайг Раднаазүмбэрэлийн Гончигдорж гэдэг.

Эх сурвалж: http://amarsaikhan.blogspot.com/

No comments: