Saturday, April 19, 2008

Түвд ба Монголчууд


Түвд ба Монголчууд
Хятадын автономит муж болох Түвдийн хэрэг явдалд биднээс бусад дэлхийн бүх орон санаа зовниж байна. Улаан орхимж намируулсан залуу, туранхай лам нарыг шашин, орон нутагтаа оршин байх язгуур эрхийнхээ төлөө жагсаал хийснийх нь хариуд цусыг нь садруулан зодож байгаа их гүрний цагдааг харсан хэн ч дургүй байлгүй яахав.

Юун нөгөө хүний эрх, эрх чөлөө. Колони орны иргэн эзэн гүрний илжигнээс ч дор байдаг аж. Дээлээ сугалдар­галж, сарлаг унан дээсэн дүүгүүр эргүүлэн довтолгож буй сахалтай түвд эр яг л монголчууд шиг харагдаж, сэтгэл эмтлэх юм. Харин шашин соёл, гарал угсаа ойрхон монголчууд яагаад бүх хугацаанд ус балгасан мэт дуугүй сууцгаана вэ. Азид ганцаараа ардчилал хөг­жүүлж байгаа хэмээн хөөр­цөг­лөх бидний нөгөө зориод, яриад байдаг эрх чөлөө, ард­чилалд харш зүйл улайм цайм нүдний өмнө болж бай­хад бусдын дотоод хэрэгт орол­цохгүй хэмээн улиг бол­сон үгээр өөрсдийнхөө хулч­гар, дорой байдлыг өөгшүүл­сээр суугаа нь хэрээс хэтэрлээ.

Бид Яагаад Түвдийг өмөөрөх хэрэгтэй вэ
Монгол Улс анх Богд хаант засаг тогтоож тусгаар
тогт­нолоо зарлаж байхад түвдүүд дэлхийд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч байлаа. Түмний хөгжлөөс тасарсан хоёр хөгийн улс бие биеийн­хээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь тэр үедээ ха­рийнхны хөх инээ­дийг хүргэ­хээс хэтрээгүй наргиан­тай л зүйл байсан биз. Гэвч ингэж чадаж байсан нь их эр зориг, дээр нь тэр хүмүүсийн нарийн бодлого байсан юм. Мөн бидний хам­гийн нандин зүйл болох шаш­ны эх булаг бол түвдүүд. Буддын шашны гол төлөө­лөгч­дийн нэг болох мон­гол­чууд шашин шүтлэгээ хам­гаалж худал үнэн ч гэсэн дуу хоолойгоо гаргах нь энэ том соёлын өмнө бидний хүлээ­сэн үүрэг байх ёстой. Шаш­ны­хаа өмнө хүлээсэн үүргээ хүн төрөлхтөн яаж биелүүлд­гийг бид харж, сонсч сууна. Ариун Мухамедыг нь “үл ялиг” муухай зурчихсан бай­хад лал шашинтнууд яаж тэмцэж байна. Европыг ну­раа­хаа алдаж бай­на. Харин монголчууд шашин шүтлэ­гийнх нь эх болсон түв­дүү­дийг хядаж байхад огт тоодог­гүй юм байж. Тэгвэл шашнаа байг гэхэд том гүрний уусган уст­гах бодло­гыг нь эрс эсэр­гүү­цэх хэрэг­тэй байна.

Энэ аюул биднийг ч той­рохгүй байж мэдэх талаасаа Түвдийн хэрэг явдал бидэнд хамгийн хамаатай зүйл юм. Бид их гүрний эзлэн түрэм­гийлэх бодлого, хүний эрхийн эсрэг аливаа үйлдэлд мэд­рэмж­тэй байж, тууштай эсэр­гүү­цэж чаддаг байж л тусгаар гал голомтоо үеийн үед хад­галж чадна. Өвөр Монго­лын автономи байхгүй болоод удаж байгаа. Одоо ямар юм­ных нь автономит Өвөр Мон­гол байхав. Тэндхийн хүн амын 20 хувь нь л монголчууд байдаг тухай хэвлэлийн мэ­дээ байдаг. Үлдсэн нь дан хан үндэстэн. Аль хэзээний уус­гаад авчихсан. Дараа нь Орост Буриадын автономийг устгаж дуусав. Эдгээр улсын автономит эрх гэж яг жинхэ­нэдээ юу ч байгаагүй л дээ. Автономит улс гэж Из­раиль доторхи Палестиныг л хэлдэг байх. Гэвч энэ бүхэн дээр манай төр засгийн “чив­тэй чавганц” нар болох удирд­­лагууд юу ч ярьж хэлж чадаа­гүй гөлөлзөн суусаар өнгө­рүү­лэв. Төр засаг нь хэлж ярьж болдоггүй юм бол мон­голчууд бид Монголоо өмөө­рөн иргэнийхээ дуу хоолойг дэлхий даяар хүргэж байх ёстой. Ингэж чадаж байвал бид тусгаар тогтнолдоо дарх­лаа тогтоож чадна. Саяхан манай Гадаад хэргийн яам­наас мэдэгдэл ч гэмээр юм уу нэг зүйл гаргаж Түвдийн талаарх хятадуудын бодлого зөв гэх шиг боллоо. Яагаад ингээд байгааг нь асуухаар гадаад улсын дотоод хэрэгт оролцох ёсгүй. Дээр нь хя­тадуудын дургүйг хүргэж байж хоолноосоо салах нь уу гэж ам таглаж байх юм. Оро­суудын дургүйг хүргэвэл бас шатахуун байхгүй болох бо­лолтой юм хүн бүр хэлдэг. Ингэж болгоомжлох нь зөв ч бас хэтэрхий хулчгар байвал хэн биднийг тоох юм. Айм­хайг айлгах хүн мундахгүй гарч ирдэг.

Түвдийг
өмөөрөх нь биднийг ганцаардуулах уу
Түвдийн ядуу лам нарыг өмөөрөөд энэ арай дэндэж байна гээд хэлчих зүрхтэй хүн төрийнхөнд алга. Манай төр засаг чимээгүй байгаа нь далдуур Хятадын Засгийн газрын бод­логыг дэмжиж бай­на гэсэн үг юм. Тэдэнд хүний эрх, эрх чөлөө гэх зэрэг зүйлийг бодо­хоосоо өмнө хөршүүдээсээ хулчганахаа өмнөө барьж байна. Хоёр хөрш орон дур­гүйгээ хүрвэл биднийг чан­галж чадна л даа. Гэхдээ энэ дэлхий биднийг эдийн засгийн хорионд орчи­хоод байхад зүгээр хараад сууж байхгүй. Өнгөрдөг зууны хориод онд Хүрээнд Сью генерал орж ирээд автоно­мийг устгаж байхад дэлхий мэдээ­гүй. Одоо харин хилээ хаа­гаад хоёр хоновол дэлхий даяар шуугих болно. Мэдээ­лэл, харилцаа өндөр хөгжсөн хавт­гай дэлхийд биднийг өмөө­­рөх ардчилсан орон дэл­хий дүү­рэн байгаа. Бүр тэ­дэнд най­дахаа байя. Тэгвэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байгаа 200-гаад мянган монголчууд­даа най­дахад л болох биш үү. Тэд Вашингтонд, Берлинд, Сөүлд, Токиод, Хятад, Оро­сын Элчин сайдын үүдэнд мянга мянгаараа жагсаж дэл­хийн чихийг дэлдээд өгөх биз ээ. Харин энэ хүчинд бол найдаж болох байх. Яагаад гэвэл монгол­чуудын сор болсон охид хөвгүүд тэнд амьдардаг юм. Тэдний сэтгэл зүрхэнд Монго­лын цэнхэр униарт хө­хөм­дөг тал, тусгаар улсын омог бар­дамнал хадаатай байгаа.

Далай лам ба манайхан
Далай ламын айлчлал манайд ямар сүр жавхаатай болдог билээ. Түүнийг шашин төрийнхөн өмчлөн ард би­дэнд хавьтуулахгүй авч дав­хиц­гаадаг. Хүн бүр түүнийг баг­шаа хэмээн дуудаж хайр сүсэг гэрэлтсэн нүдээр харж байдаг сан. Ард бидэнд тэр их хүн өөрөө хөөцөлдөж байж ном сургаал айлдах мөчид далай тэнгис шиг их сүсэгтэн цугларч уйлж хайлан сургаа­лыг нь сонсдог билээ. Ялан­гуяа Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол түүний ганц хайртай шавь нь байх учиртай. Ирэх бол­гонд нь уулзаж учран мөргөж хойчийн буянаа даатгадаг хэмээн бидэнд гайхуулдаг. Түвдийн хэрэг явдалд хам­гийн их сэтгэл зовниж суугаа хүн нь манай Ерөнхийлөгч байгаа биз ээ хэмээн харсаар өнөөдрийг хүргэв. Гэвч тэр­бээр байр сууриа огтхон ч илэрхийлсэнгүй. Харин Далай багшийн шавь нарыг зодож, буудаж байгаа Хятад улсад айлчилж дарга нарыг нь ха­луу­наар тэврэхээр яаравч­лан мордсон. Одоо тэгээд өмнөх өрөө яая гэж байж 300 сая ам.доллар заавал зээлээр авна хэмээн Ху Жинтао даргыг дагаад гүйж байна. ( Ху дарга Түвдийн намын даргаар олон жил ажилласан хүн гэдгийг хэлэх юун.) Дахиад Далай багш хэрэг болохгүй болсон юм байгаа биз ээ. Дээр нь манай шашныхан гэж Түв­дийн хэрэг явдалд хам­гийн хамаа­тай хэсэг бүлэг хүмүүс уг явдлыг ойшоож үзсэнгүй. Тэд өөрсөд шигээ шарын шаш­ны хуврагуудыг цус­тай нь хольж байгааг огт тоохгүй сууцгааж байна. За­рим залуу лам нараас асууж сураглахад “Түвдэд юу бол­сон юм” хэ­мээн өөдөөс “Энэ чинь өөртөө ном уншуулж байхын оронд юун сонин юм асуудаг хүн бэ” гэсэн шиг гайхах аж. Үнэхээр шашин гэж юу байдаг, түүний мөн чанар, шашныхаа өмнө хү­лээ­сэн хариуцлага гэх зэр­гээс даанч хол байгаа тэднийг харахад эмгэнэлтэй. Мухар сүсгээс өөр юмгүй энэ хэдэн “шар хорхой”-нууд Түвдийн лам нарыг өмөөрдөггүй юм аа гэхэд амиа алдсан адилхан лам нарынхаа араас ядахдаа ном уншиж “гийгүүлээсэй” дээ. Хэдэн банди нар БНХАУ-ын Элчин сайдын яамны өмнө “Түвдийг яргалахаа зогсоо” гээд жаг­саж байхад хүмүүс “Аргагүй дээ, эдний зөв” л гэх вий. Гэвч хүн хуурч олох хэдэн төгрө­гөө бодохоос юун Түвд ман­атай байх шив дээ. Лам нар гучаад оны комму­нист нядал­гааны үед “Тэрийг барьчих­лаа. Намайг арай ч чадахгүй байлгүй. Би тэр номоо унш­чих­сан юм чинь” гэж тэнэгээр найдаж толгой­гоо битүүлж хэвтсээр байгаад бүгд хя­дуул­сан. Оросоос бусад аль ч хил рүү морьтой арван хоног шогшиход л га­раад явчихаж болох задгай үед энэ явдал болсон түүх­тэй. Тэгэх­ээр манай лам нараас оюун­лаг зүйл гарна гэдэг ч дээ…

Түвдийн хэрэг явдлаар төр засаг, шашин ном байр сууриа хэлж болдоггүй юм бол ард түмэн, нам хөдөл­гөөнүүд үгээ хэлж, эсэргүү­цэх хэрэгтэй байна. Тэгвэл дээр өгүүлсэн тусгаар тогтно­лын дархлааг ядаж ямх ч болтугай зузаалж болох сон.

Ж.Сандагдорж

1 comment:

Och Oyuntugs said...

Түвдийн тусгаар тогнолыг хэдэн зууны турш Монгол цэргүүд хамгаалсаар ирсэн.
Өнөөдөрийн нөхцөл байдалд ч бид нар дуугуй суух учиргүй гэж бодож байна. Гэхдээ төр улсын хэмжээнд Түвдийнбайр суурийг хамгаалаад байх нь дэмий л болов уу. Би бол Монголыг аливаа ямар ч гадаад харилцааны асуудалд Неатрал байвал дээр гэж боддог. Харин ард иргэд, хувь хүмүүс босож тэмцэх л хэрэгтэй.
Нээрэн бас, Монголд тэгж тэмцвэл маргааш нь баригдаад явчинадаа. Одоо болтол бид нар Гадаад Монгол хэвээрээ байгаа шиг санагддаг юм.