Thursday, April 17, 2008

Та Монгол улсын иргэн мөн үү?, Тэгвэл хохь чинь


Яг одоо би маш ихээр туйлдаж байна. Гэвч "дайснууд" довтолгооноо хэзээ ч зогсоохгvй бололтой. "Дайсан" гэдэг нь ямар нэгэн алба хашигчид буюу vйлчилгээг гардан гvйцэтгэгчид. Өөрөөр хэлбэл иргэдтэй харьцдаг төрийн болон төрийн бус болчихсон олон нийтийн байгууллага юм уу эсвэл зvгээр л бизнесийн байгууллагын ажилтнууд. Харин би бол иргэн. Vнэндээ өнгөрсөн зургаан сарын турш шинээр хийхээр оролдсон алхам бvртээ иргэнийхээ болон vйлчлvvлэгчийнхээ хувьд учир битvvлэг, тодорхойлон хэлж боломгvй хахир эсэргvvцэлтэй ямагт тулгарч байлаа. Энэ бvх тvvх өөрийн гэсэн орон байртай болох санаа төрснөөс эхэлсэн гэхэд болно. Дор өгvvлэх бvхий л тvvхийн гол баатар нь иргэн би бvр тодруулбал Монгол Улсын иргэн та байсан нь хөдөлшгvй vнэн билээ. Тиймээс хэрвээ та Монгол Улсын иргэн бол миний өгvvлэх доорх vйл явдлууд хэзээ нэгэн цагт танд ч бас тохиолдоно гэдэгт итгээрэй.

VЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ БАЙГУУЛЛАГА VНЭХЭЭР БИДНИЙ ӨМНӨӨС ГVЙДЭГ БОЛОВ УУ
"Ямар ч асуудалгvй бид таны байрыг худалдан борлуулж өгнө. Хэрвээ танд vл хөдлөх хөрөнгө хэрэгтэй бол манайхыг зориорой. Бид таны өмнөөс бvхнийг хийнэ" гэсэн гоё vгтэй рекламууд телевизээр мөн ч олон удаа явах юм даа. Тэдгээрийг vзсэн хvмvvс "Цаг сайхан болжээ. Одоо ч юм худалдаж авах гэж өөрөө гvйгээд байх хэрэггvй болж" гэж уулга алдацгаана. Бид ч бас тийнхvv уулга алдсаар vл хөдлөх хөрөнгийн нэгэн компанийн хаалгыг татсан юм. Эхлээд нэлээд зар vзлээ. Сvvлдээ тус компанийн веб хаягаар зочилж хэрэгтэй гэсэн байрнуудынхаа газрын зураг маягийн юмыг хуулан аваад нийслэлийн нэг захаас нөгөөг хvртэл бишгvй явав. Компанийн хаяг, танилцуулгаас хайсан газрынхаа жинхэнэ байршлыг олно гэдэг амаргvй. Учир нь манай хотын архитектур, хот төлөвлөлт маш замбараагvй учир зураг барьж гvйгээд ямар ч нэмэргvй. Тодорхой хаяг, тоо тэмдэг гудамж байрнуудын vvдэнд барагтай л бол байхгvй. Уг нь бид хvvхдvvдийнхээ эрvvл мэндийг бодоод хотоос зайдуухан, эрvvл агаарт боломжийн байшин худалдан авахаар шийдсэн юм. Ийнхvv хайсан эрснээ эс олох тул vл хөдлөх хөрөнгө зуучлалын компа¬нийн менежерvvдийн утсанд холбогдож тухайлсан хаягаа асуухаар шийдэв.

Объект худалдан борлуулах ёстой менежерvvд нь барагтай бол утсаа авахгvй. Авлаа гэхэд яг тэнд гэж зааж өгөх нь ховор. Бvр шалаад болохгvй бол утсаа салгаж орхино. Уг нь нэг ч гэсэн хvнд зарлагдсан объектоо нарийвчлан заагаад өгчихвөл өөрсдөд нь тустай санагдана. Гэхдээ тиим биш бололтой. Аргаа бараад компанийнх нь оффис дээр очоод учир байдлаа хэлбэл хvлээж авах хvн олдсонгvй. "Би ч хариуцдаггvй. Би ч мэдэхгvй. Хариуцаж байгаа хvн нь алга. Бичиг vсэг мэддэг юм бол интернэтэд тавьсан зургаар хайгаад олохгvй юу" гэсэн доромж vгийг сонсоод эрэл мухардана. Гэсэн ч бууж өгөлгvй хувийн шугамаар эрж хайсаар сонирхсон газраа очиж vзвэл нөгөө сайтан дотор сайхан vгээр рекламдаад тавьчихсан байсан vл хөдлөх хөрөнгө байшин гэхэд итгэмээргvй юм угтана. Хайран ч цагийн гарз гэж халаглах нь холгvй дахиад өөр нэгэн байшинг vзэхээр нөгөө л улигт эрлээ vргэлжлvvлэв. Энэ ажилд бараг хоёр cap зарцуулсан юм.

БАНКУУД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ БАЙДАГ ГЭДЭГТ ТА ИТГЭДЭГ VV
Телевиз асаах бvрт "Бид иргэн таныхаа төлөө бага хvvтэй янзын гоё зээл санал болгож байна. Та замдаа төөрчихөлгvй манайд л ирээрэй" гэсэн амттай реклам өдөр шөнөгvй хөвөрдөг. Мэдээллийн эрин vеийн зарчимд захирагдан бид ч бас тэр зарлалуудын мөрөөр банкуудын хаалгаар улаа элэгдтэл эргэлдэв. Залуу гэр бvлийг дэмжих хэдэн арван хөтөлбөр өрнөж байгаа бөгөөд ялангуяа банкууд энэхvv хөтөлбөрийг идэвхтэй дэмжигч гэж итгvvлэхийг хичээдэг. Гэсэн ч зориод очсон залуусын хувьд тэдгээр хөтөлбөрийн аль нэгэнд хамрагдах амаргvй бололтой. Дор хаяад нэг өрх сард нэг сая таван зуугаас дээш төгрөгийн орлоготой байх ёстой. Уучлаарай, манайд ажил хийдэг хоёр л хvн байдаг. Vлдсэн хоёр нь бага насны хvvхэд. Бидний амьдарч байгаа энэ цаг vед нэг ажилчиндаа 750.000 төгрөгийн цалин өгдөг хоншоортой компани байдаг бил vv гэсэн асуултыг тэр өдрvvдэд дэмий л өөрөөсөө асууж байлаа.

Тэгэхээр банкуудын сайхан амлалтууд цалингаараа амьдардаг жирийн иргэдэд огт хvртээлгvй гэсэн vг. Эхний оролдлого "Хаан" гэдэг гоё нэртэй том банкны хvлээлгийн өрөөнд тоостойгоо хутгалдан нуран уналаа. Зөвхөн өргөдөл өгөхөд 15.000 төгрөг хураан авсан санагдаж байна. Учрыг нь тодруулахад зээлийн эдийн засагчид энэ хөлсний хариуд бидний материалыг бvрдvvлж, судалгаа хийх ёстой аж. Гэвч бид өөрсдөө худалдан авах гэж байгаа байшингаа олж, vл хөдлөхөөс лавлагаа авч, эрхэм эдийн засагчийг өөрсдийн унаагаараа өнөөх байшиндаа аваачиж зураг хөргийг нь авахуулж, хvссэн бvхнийг нь хоромхон зуурт гvйцэтгэж байлаа. Гэсэн ч "Уучлаарай, та таван жилийн өмнө манайхаас авсан "цалингийн "зээлийн төлөлтөө хугацаанаасаа оройтож барагдуулсан байна" гэсэн шалтгаанаар хамаг ажил нуран уналаа. Долоо, найм хоног шахам гvйж, эцэж цуцталаа цуглуулсан өнөөх олон цаас ийнхvv өргөдлийн хураамж болох 15.000 төгрөгтэйгээ "хог" болов.

Бидний таван жилийн өмнөх амьдралыг өнөөдрийнхтэй адилхан байна гэж төсөөлсөн банкны ажилтнуудад гомдох уу, эсвэл тухайн vед цалингаа цагтаа тавьдаггvй байсан байгууллагадаа гомдох уу гэдгээ шийдэж чадсангvй. Хэдий зээл төлөлт оройтсон ч банк илvv хоног бvртээ хvv, алданги тооцож байсан гэдгийг хэлмээр санагдав. Vнэндээ бол өргөдлийн хураамжийн дагуу зээлийн эдийн засагчид ямар судалгаа хийдгийг ойлгоогvй. Олны хэлэлцэх нь "Банкинд танил талгvй л бол зээл авах амаргvй байдаг" гэлцэнэ. Энэ vнэн гэдгийг алхам тутамдаа мэдэрч байлаа. Гэхдээ бид аль нэг танилаар дамжуулан цаг хугацаа алдах, хэн нэгний гарыг хvндрvvлэхэд 200-300 мянган төгрөг төлөөд явах сонирхол байсангvй. Ийм шаардлага тавигчидтай ч нэг бус удаа таарч байлаа. Эцэст нь нэг л зvйлийг ойлгож авлаа. "Хадгаламж", "Монгол шуудан", "Хас", "Худалдаа хөгжил" гээд олон ч банкны тавьж буй шаардлага амьдралын бодит vнэнтэй огт нийцдэггvй юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр зээлдэгчийн бvрдvvлэн ирж байгаа орлогын мэдvvлгvvд ч бас бодит бус гэсэн vг. Бас тэдгээрт ажиллаж байгаа ажилчид яг л дотор нь сууж байгаа өндөр шилэн байшин шигээ өндөр шилэн зантай залуус байдгийг анзаарав. Тэдгээрийн хэн нэгнээс асуулт асууна гэдэг бол там ажээ.

МӨНГӨ ЗVГЭЭР Л УС МЭТ УРСДАГ
Арай гэж нэг юм ажлаа хийсэн шиг хийдэг хvмvvстэй таарав. Удтал гvйсэн уйгагvй ажлын шагнал болгож "Азийн хөгжлийн банк" итгэл хvлээлгэлээ. Гэхдээ л 10 жилийн дотор vндсэн төлбөрөөсөө лав хоёр дахин их мөнгийг зөвхөн хvvнд нь төлөх юм билээ. Ингээд зээл бvтсэн ч ажил дундарсангvй. Vл хөдлөхөөс олон нэр төрлийн лавлагаа авч, бас тэдгээрийнхээ төлөө зvсэн бvрийн мөнгө төлөх ёстой болов. Vл хөдлөх хөрөнгө худалдан зуучлах компанийн хураамжууд, элдэв банкнуудын өргөдлийн хураамж, ийш тийш зогсоо чөлөөгvй давхисан унааны зардал, элдэв янзын цаас, гарын vсэг, зарын сонин гээд алхам тутамд мөнгө яг л цаас шиг хийсэн алга болж байлаа. Дээр нь vл хөдлөхөд дахин дахин төлөх мөнгөнvvд...

Тэдгээрийг төлснийхөө хариуд хоёр өгvvлбэртэй атгахан цаас л авна. Хажуугаар нь намрын аагим халуун наранд өдөржин шахам чихэлдэж тvлхэлдэн бухимдсан хvмvvсийн хөлс, уур уцаарыг тэвчин өнгөрөх эр зориг тэвчээр хатуужилтай байх шаардлагатай. Аягvй бол лавлагаа өгөх ёстой ажилтан нь дотоод ажилтай гээд алга болчихвол хvлээлт дахин нэг, хоёр хоногоор ч сунжирч мэднэ. Энэ бvхнийг тэсээд туулсны дараа эзэмшигчээрээ бичvvлсэн vл хөдлөхийн гэрчилгээ маань алдаатай хэвлэгдэн гараад иржээ. Харин vvнийг засч залруулж өгөхөөр хөөцөлдөх ёстой vл хөдлөх хөрөнгө худалдан борлуулагчид маань бидний өмнөөс юу ч хийсэнгvй. Алдаатай vл хөдлөхийн гэрчилгээ тэр хэвээрээ одоо банкинд хадгалагдаж байгаа.
Хэдийгээр ширхэгчлэн тоолбол vйлдэл бvхэндээ төлсөн мөнгөний дvн бага юм шиг боловч нийлvvлээд тооцоход бид хvссэн байшингаа олж авахаар хөөцөлдсөн хугацаандаа нийт хоёр сая гаруй төгрөгийг бусдад зvгээр л өгчихсөн байлаа.

ХVНД СУРТАЛ ЯГ XAAНА БАЙДАГ ВЭ
Намрын халуун өдрvvд дөнгөж эхэлж байхад эхэлсэн байшинтай болох оролдлого өвлийн дунд сард сая нэг юм дуусав. Байшингаа нэгэнт худалдан авсан бидний хувьд хийх ажил их байлаа. Арайхийн цуглуулсан хэдэн зоосоо байшин болгоод авсан бидэнд дахиад л мөнгө хэрэгтэй болов. Яагаад гэвэл бид авсан байшиндаа засвар хийх ёстой. Харамсалтай нь дотоодод зарагдаж байгаа барилгын материалын чанар, эрэлтэд нийцсэн байдал нь ганц сарын л настай юм билээ. Ах дvvс, найз нөхдийнхөө дэмээр энэ бvхний ард арайхийн гарав. Одоо л нэг амар жимэр амьдрах нь дээ гэтэл асуудал ар араасаа ундран гарч ирлээ. Нэгэн орой ажлаа тараад гэртээ ирэхэд цахилгаан тасарчихаж. Орчин тойрноо харвал ганц манайх л гэрэлгvй байгаа нь илт. Өвлийн хахир хvйтэнд нэг шөнө л галлахгvй хоновол өнөөх нам даралтын зуух нь хөлдчихөж мэдэх аюултай учраас учир мэдэх хvмvvстэй нь холбоо барихаар ийш тийш баахан утас цохив. Энэ айлын цахилгаан яагаад тасарсныг хэлж мэдэх хvн байсангvй. Ажлын цаг дууссан тул ёстой "sorrу" бололтой.

Сvхбаатар дvvргийн цахилгаан эрчим хvчийг хариуцсан байшинг эрж хайсаар vдшийн 10 цагийн орчимд олж очлоо. Жижvvрээс нь хариуцсан гэрлийн байцаагчийнхаа утсыг аваад холбоо баривал "Танайх 300 гаруй мянган төгрөгийн өртэй. Тvvнийгээ төлөхгvй бол тог залгахгvй" гэсэн шазруун хариулт сонсов. Бид нvvж орж ирээд дөнгөж л гурав хонож байгаагаа хэлэхэд мань байцаагчид энэ бvхэн огт хамаагvй гэнэ. Яагаад бид хэн нэгний хэрэглэсэи цахилгааны мөнгийг төлөх ёстой гэж. Арай гэж яс салаад байсан улигт vл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулагчидтайгаа дахиад л нvvр тулах ёстой болов. Харин тэд "Ёстой санаанд ороогvй юм байна. Цаашдаа л энэ тал дээр анхаарч байхаас" гэсэн хариу өглөө.

Мөнгөө л авч байвал цахилгаан эрчим хvчээр хангах байгууллагад хэн төлөх нь хамаагvй байдаг бололтой. Тиймээс тухайн айл нvvгээд алга болчихлоо гэхэд өр шир нь vлдсэнийх нь нэр дээр автоматаар шилжин ирдэг аж. Ийм шударга бус тогтолцоог зохицуулдаг арга чаргыг тэд бодож олоогvй бололтой. Цахилгааны асуудал өнгөрсөн гурван сарын турш биднийг амар тайван байлгасангvй. Өдөртөө бид ажилдаа явахдаа нам даралтынхаа зуухыг хөлдөөхгvйн тулд моторыг нь залгаатай орхихоос өөр аргагvй байдаг. Харин сарын эцэст цахилгаан ашигласны төлбөр 100 мянга гараад явчих нь тэр. Эхэндээ гайхаж байсан ч харанхуй суухгvйн тулд бичигдсэн мөнгийг тэр даруйд нь төлж орхив. Ингээд цочролд орсон бид цахилгааныхаа мөнгийг хэмнэх арга барилд шилжлээ. Өдөр залгадаг байснаа болиод мөнгө арай бага гvйдгээр нь шөнө л зөвхөн залгаж, оройн хоолоо өнжөөд нэг иддэг болж vзлээ. Гэсэн ч цахилгааны мөнгө сарын дараа өмнөхөөсөө төдий л бууралгvй 100 мянга гэсэн аймшигт тоон дээр данхайж байх нь тэр. "Яагаад?". Энэ асуултын хариуд гэрлийн байцаагч маань мөрөө хавчиж байна.

Тэр сурсан зангаараа хэлж ярих ч vгvй, сануулах ч vгvйгээр цахилгаанаа салгаад л алга болно. "Тэд хэлж сануулах албагvй" гэнэ. Дvvргийн эрчим хvчний газарт очиж 3500 төгрөг төлөөд тоолуураа шалгуулах дуудлага өглөө. 10-аад хоног хvлээв. Хэн ч ирсэнгvй. Дахин дахин очиж учир байдлыг нь тодруулах гэж гvйсээр сvvлдээ бухимдан дарга дээр нь орлоо. Харин нvд ам нь гялалзсан дарга бvсгvй "Бид цайндаа орж байна. Одоо хvнтэй уулзахгvй. Цаашаа, цаашаа" гэж уцаарлан хэлчихээд алга болов. Гарахынхаа өмнө тэр эргэж ч харалгvй "Өргөдлөө бичээд орхичихгvй юу" гэлээ. Өргөдөл бичиж өгөхөөр нарийн бичиг гэх бас нэг бvсгvйн өмнө очиж "Тусгай харьцааны журмаар бидэнтэй харьцах ёстой гэсэн ширvvн vгээр булуулж байж ганц хуудас цаас гуйж аваад өргөдөл тэрлэлээ.

Гэхдээ тэд өргөдөл мөргөдөлхөний араас хариуцлага тооцоод байдаггvй бололтой. Асуудал одоог хvртэл шийдэгдээгvй л байна. Байцаагчаа шалж байж айлын хашаанд байрлуулсан төмөр сейф шиг савыг нь онгойлгуулж vзэхэд электрон тоолуур зургааг байр-луулсан байлаа. Бид хэзээ нь тоолуураа хянаж, тэд хэзээ нь гарсан мөнгөний тоог бичдэг нь тодорхойгvй. Өнөөдөр ч бас л цахилгаангvй болчихож. "Дахин бичигдсэн 100 мянган төгрөгийг төлчихөөд байхад гэрэлгvй болгоно гэнээ" гэсэн бухимдал төрж оройн 18 цагийн vед өнөөх дvvргийнхээ эрчим хvчний газар луу баахан утас цохив. Харилцуур авсан бvсгvй мөн л "Мэдэхгvй. Ажлын цаг дууссан" гэсэн хариултаа өгөв. Тvvнээс хариуцсан байцаагчийн утсыг асуухад мөн л мэдэхгvй гэв. Гэвч удтал ийш тийш утас цохисны эцэст энэ хавьд цахилгааны гэмтэл гарснаас засвар хийж байгаа гэсэн мэдээлэл авлаа. Харин өнөөх дvvргийн лавлах утсан дээр суугчид чухам юугаа мэдээлэх гэж цаг баран тэр утсыг сахин суудгийг бас л ойлгоогvй.

ГVЙГЭЭД БАЙ, ГVЙГЭЭД БАЙ...
Гvйгээд л байхад гvйлгээд байх сонирхолтой албан тушаалтан олон байдаг бололтой. Бvр шат давхарга болгонд тэд амаа аймшигтайгаар жимийгээд хэзээ хэзээгvй хэрэлдчих гээд байдаг ширvvн зангаа арайхийн тэвчиж суудаг байх гэж санагдана. Оршин суугаа хороондоо "Бид энд ирлээ" хэмээн бvртгvvлэхээр дөрвөн ч удаа оров. Нэг бол хариуцдаг хvн нь байхгvй. Нэг бол цайндаа орсон. Арайхийн асууж сураглаж байж зохион байгуулагч бvсгvйтэй уулзан бvртгvvлэх гэж ирснээ дуулгав. Харин тэр нэлээд цухалдангуй янзтай "Хаягаа олж ир" гэсэн хариу бариад өрхийн дэвтрийг маань чулуудчихав. Учир нь бид хэн нэгний эзэмшил дээр хулгайн замаар ирчихээд бvртгvvлэх гээд байж магадгvй гэнэ. Vл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэрчилгээг маань банк хураагаад авчихсан тул яг ямар хаяган дээр ирснээ нарийн мэдэхгvй байлаа. Гудамж, хаалганууд дээр ямар ч хаяг тэмдэглэгээ байсангvй. Ингээд цахилгаан эрчим хvчний гэрээ хийсэн дэвтрээ бариад хэд хоногийн дараа өнөөх бvсгvй дээр дахин очлоо.

Яг хэд хоногийн өмнөх шигээ нэлээд бухимдангуй сууж байсан тэрээр тvрvvчийнхээсээ ч ширvvнээр "Энэ дэвтэр дээрх хаяг чинь худлаа байдаг юм" гээд дэвтрийг маань буцаагаад чулуудчихав. "Та нар өмнө нь байсан хvний нэрээр шvvгээд биднийг бvртгээд авчихаж болдоггvй юм уу?" гэхэд ёстой л "Битгий солиор" гэх нь халаг юм болов. Ингээд ууртай хvvхэн, уурласан иргэн бид хоёр галтайгаа бууж "чи би"-дээ хvрээд сvvлдээ бvр хороон даргатайгаа уулзаж учрыг нь асуух дээрээ тулав.
Тэдний анхааруулж байгаагаар бол оршин суух газраа сонгохоосоо өмнө хороон даргыгаа сайтар судалж, нарийн холбоо тогтоох ёстой бололтой. Ингээд оршин сууж байгаа газраа бvртгvvлэх эрхтэй эсэхээ мэдэхээр дvvргийнхээ Тамгын газрын дарга дээр орж болсон явдлаа хэлэв. Тамгын дарга ч тэр дор нь утас цохиж өнөөх хорооны ажилтан бvсгvйд хэдэн ширvvн vг хэлээд авав. Дараа нь тэрээр "Та vл хөдлөх хөрөнгө худалдан авсан юм бол тvvнийхээ хуулбарыг ч болтугай өөртөө аваагvй нь хариуцлагагvй явдал" гэж анхааруулснаар би дахиад л зээл авсан банк руугаа хэд хоног шогшсон доо.

УТААГVЙ ХОТЫН ИРГЭН БОЛОХ ГЭСЭН БАС НЭГЭН БVТЭЛГVЙ ОРОЛДЛОГО
Орчноо бохирдуулсан хорт утаа, шаардлага хангадаггvй Хятадын нам даралтын зуухнаас салахаар шийдсэн манай гэр бvл Технологийн vндэсний паркад зарлагдсан утаагvй тvлшний vзэсгэлэнг зорилоо. Vнэндээ тэнд жирийн иргэний хэрэгцээнд тохирсон боломжийн чанартай vнэтэй зуух бараг байсангvй Герман, Швед, Орос, Болгараар овоглосон ганган чамин цөөн хэдэн цахилгаан зуух байх авч бvгд л 380 вольтоор ажилладаг гэнэ. Мэдээж тэдгээрийнх нь vнэ тэнгэрт хадсан өндөр. Харамсалтай нь шууд л өөрийнхөө гэрт аваад тавьчихаж болмоор энгийн төсөрхөн бvтээгдэхvvнийг тэндээс олж эс чадав. Ингээд Оросын технологийг эх орондоо нэвтрvvлэхээр монгол зохион бvтээгчийн урласан нэгэн цахилгаан зуух 220 вольтод холбож болдог гэдгийг олж мэдээд тvvнийг vйлдвэрлэгч компанид захиалгаа өгөхөөр шийдэв.

Танилцуулга дээрх утсаар холбогдсон менежер нь азаар өнөөх зуухыг зохион бvтээгч өөрөө байсанд хэрдээ л олзуурхав. Манай байшингийн талбай хэмжээ, бас бус зvйлийг урьдаар vзэх хэрэгтэй гэснийх нь дагуу зохион бvтээгчийг гэртээ урив. Тэрээр ирээд "Асуудалгvй, манай зуухыг энд тавьж болно" гээд 650.000 төгрөгөө бэлэн тоолж аваад алга болов. Долоо хоногийн дараа тавих ёстой зуух нь өвлийн дагжим хvйтэн жавар тачигнасан хоёрдугаар cap шувтрахад чимээгvй л байлаа. Удтал хэл ам хийж хөөцөлдсөний эцэст бид компанийнх нь удирдлагуудтай уулзаж гомдлоо хэлэв. Сонирхолтой нь, тухайн ажилтан энэхvv захиалгын талаар компанидаа огт мэдэгдээгvй бөгөөд мөнгийг нь ч дансандаа оруулаагvй гэж дарга цэрэггvй гайхан суух аж. Харин өнөөх ажилтны хэлж байгаагаар бол "Vзэсгэлэн дээр тавигдсан зуухны vнэ, хэрэглээний vнийн тооцоо нь зvгээр л vзvvлэн төдий зvйл байсан. Тиймээс бид дахин судалгаа хийх шаардлагатай" гэх утгатай байлаа. Тvvнд бид дахин итгэж чадахаа байсан тул төлсөн мөнгөө компаниас нэхэмжлэн авав. Харин захирал нь болох залуу бидэнд өнөөх захиалсан зуухыг маань vнэ төлбөргvй тавьж, туршилтын ажилд хамтран оролцохыг хvсэв. Бид ярилцаад энэ саналыг нь хvлээн авсан боловч тvvнээс хойш гал тvлдэггvй зуухаа гэртээ суурилуулах сайхан цагийг хvлээсээр дахин нэг cap өнгөрчихсөн байх аж.

Эцэст нь хэлэхэд, хэрвээ та Монгол Улсын иргэн болж төрсөн бол хохь чинь. Гэхдээ танд нэг л давуу эрх бий. Энэ бол сонгууль. Ганцхан тэр мөчид л та иргэн хvн гэдэг ямар чухал болохыг мэдэрнэ. Харин бусад vед нь боолоос дорд vзэгдэж, босгоны шорооноос дээр харагдахгvй байх вий. Тиймээс би л хувьдаа удахгvй болох сонгуульд олон "сайхан" зууш бэлдэж байгаа нэр дэвшигчдэд бvv итгээрэй гэж таныг уруу татмаар байна.
Маргааш ч бас хөөцөлдөх олон ажил бий. Харин намайг ямархуу хэрцгий догшин тогтолцоотой байгууллага, албан тушаалтан угтан авахыг одоогоор хэлж мэдэхгvй нь.

Х.Сэргэлэн

Эх сурвалж:http://blogmn.net/molor/2008/3/12588/

No comments: