Sunday, April 13, 2008

Улс төр бизнес мөн үү!


Та эмчид очиж биеэ үзүүлэх, хүүхдүүдийнхээ сургуулийг сонгох, банкнаас зээл авах болон бичиг баримтаа сунгуулахаар аль ч газар орсон, таныг төвөгшөөсөн, үл ойшоосон төрхтэй албан хаагчид хямсгардуухан харцаар угтана. Үзүүлж буй үйлчилгээ, хандаж буй хандлага нь нэг л хайнга тоомжиргүй байх шиг танд санагдаж эхэлнэ. Зарим нь 2-3 цаг хүлээлгэнэ, зарим нь дараагийн 7 хоногт ир гэнэ. Ийм хайхрамжгүй хүнд сурталд таны урам зориг хугарч, бухимдан ядарч, итгэл алдарна. Нэг талаас энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хууль болон дүрэм журмын талаар ямар ч мэдлэггүй, нөгөө талаар ингэж хэн нэгнийг царайчилж, ядарч зүдэрч байхаар өөр хялбар арга хайхад хүрнэ. Ингээд уг асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий хүнийг таньдаг хүний эрэлд гарна. Мэдээж танд туслах хүн олдоно. Нөгөө хүн нь танд "санхүүгийн асуудлаа зохицуулах"-ыг эелдгээр сануулна. Ингээд л та уг хүний тусламжтайгаар бүх асуудлыг маш богино хугацаанд амжилттайгаар шийдвэрлэж чадна. Таны өгсөн зөөлөн чихрийн цуглуулга болон виноны тусламжтайгаар эмч таны өвдсөн болон өвдөөгүй аль ч эрхтнийг үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлнэ. Банкнаас авах зээлийнхээ 5-10% -ийг бэлэн мөнгөөр өгснийхээ шанд зээлийн асуудал хурдан шуурхай бүтнэ. Хоолонд оруулж дайлуулсан сургуулийн эрх мэдэлтэн таны хүүхдийн хичээл сурлагад анхаарлаа хандуулахаар амална. Харин дугтуйтай мөнгө авсан байцаагч таны бичиг баримтыг өдөрт нь сунгаад өгнө. Эцэст нь нөгөө зуучлагчаа дайлж бас "гар цайлгана".
Эхлэл...
1996 оны УИХ-ийн сонгуулийн өмнө, миний сайн танил нэгэн нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа надтай уулзаж, бид хоёр нилээд удаан ярилцсан юм. Тэгэхэд тэрээр надад хандаж, "Улс төр бол бизнес юм шүү дээ. Үүний тулд УИХ-ийн гишүүн болон бусад албан тушаалууд дээр дэвшиж алба хаших нь ашигтай байх болно'' гэж хэлж билээ. Тухайн үедээ би үүнийг сайн ойлгоогүй юм. Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ болон оюун санааны чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, олсон ашгаасаа улсад татвар төлөн төсвийг бүрдүүлдэг, үлдсэн хэсгийг өөрөө мэдэн зарцуулдаг хүмүүсийг бизнес хийж байгаа бизнесмен гэж ойлгодог. Тэд мэдээжээр тодорхой ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашгийн тодорхой хэсэг нь өөрт нь болон улсад зарцуулагдаж байдаг, "шударга" хөдөлмөр юм. Харин улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд болон улсын гэх тодотголтой янз бүрийн байгууллагын албан хаагчид нь төрөөс иргэдэд хандаж байгаа үйлчилгээний байгууллагын ажиллагсад. Тэд төрийн бий болгосон албан тушаалууд дээр ажиллаж, төрийн өмнөөс зохих үүргийг гүйцэтгэдэг учраас, тэднийг төр мөнөөх бизнесмэнүүд болон ард иргэдийн бүрдүүлсэн татварын мөнгөөр цалинжуулдаг. Тэд хууль боловсруулж, хуулийг дагаж мөрдөхөд нь иргэдэд тусалж, хэн нэг нь хуулийг зөрчиж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Тийм болохоор "Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг" гэсэн үг гарсан байх. Татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж бас цалинждаг болохоор тэд хэрхэн ашгийн төлөө явах билээ. Ерөнхийдөө ийм ойлголттой байсан миний бие, улс төр яаж бизнес болон хувирч, хэрхэн ашиг олж болохыг төсөөлөөгүй юм. Улс төр болон бизнес гэдэг өдөр шөнө шиг ялгаатай, зорилго чиглэл нь ч өөр, энэ хоёр ойлголт Монгол оронд хоорондоо холилдон сүлэлдэж, холион бантан болж, үүнийг ашиглан хүмүүс хэрхэн баяжиж байгааг харсаар өдий хүрлээ. Мөнөөх танил маань ч УИХ-ийн гишүүн болж. биднээс "тасран"одож, амьдрал нь эрс дээшилж, тарган цатгалан малигар царайтай болж, үгээ зөөн хоолойгоо засч ярьдаг, харц нь хүртэл бидний толгой дээгүүр алсын чигтэй, нилээд ихэмсэгдүү төрхтэй болон "төрөл арилжсан'' мэт болжээ. Одоо хир нь нэгэн яаманд алба хашиж байгаа тэр танилдаа би харин огтхон ч атаархдаггүй юм. "Төөрсөөр төрөлдөө" киноны Балтын араас нутгийн нэгэн өвгөн өрөвдөнгүйгээр харж "Бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг. Баригдана даа, баригдана" гэсэн үгээр Баабар саяхан бичсэн нийтлэлээ төгсгөсөн байсантай би ч санаа нэг байна. Улс төрийн болон төрийн албаны албан тушаалыг бизнес болгон хувиргаж, бусдын нүдэн дээр ил цагаан ашиг олж баяжиж байгаа бусармаг үйлдлийг бид мэдсээр атлаа хэдий болтол дуугүй явах юм бэ? Монгол улсад шударга хууль тогтоон ард иргэддээ мөрдүүлэх үүрэгтэй УИХ -ийн гишүүн болох гэж, мөнгөтэй бизнесменүүд яагаад ингэтлээ улайран шунаад байна вэ? Тэд сонгуулыг хүртэл өгөө авааны дэнсэн дээр арилжааны хэрэгслэл болгон хувиргаж байна бус уу? Дутуу дундуурхан улсын төсвөөс цөөхөн хэдэн төгрөгөөр цалинжиж, өөрсдийн ядуу зүдүү, хүнд нөхцөлтэйгээ гайхан өрөвдүүлээд байгаа төрийн албан хаагчид яагаад сандал ширээтэйгээ зууралдаад байна вэ? Тэд үнэхээр Монгол улс болон түүний ард иргэдэд зүрх сэтгэлээсээ хайртайдаа өөрсдийгөө золиослоод байна гэж үү?
/үргэлжлэл бий/
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

No comments: