Wednesday, November 21, 2007

Шүлэг

*********ЯВНА. ИРНЭ*******

Нэг л өдөр би явна
Нэр шүлэг хоёр минь үлдэнэ
Нарны дор алдаж онож явсныг
Найраг шүлэг минь хэлж үлдэнэ
Тээр дээр хэсэг байна
Тэнгэрийн оронд ганцаардаж сууна
Бурханы оронд сэтгэл минь тогтохгүй
Бусдын буруу зөвийг шүүж тунгаах хүсэл төрөхгүй
Маргаашаа мэдэхгүй алхах энэ амьдралд би дуртай
Манан дунд тодрох уулсын оройг харах би дуртай
Сайхан хүүхний бэлхүүсэнд нүдээ хэсэг унагаачихаад
Салхи сөрөн шүлэг бодож алхах би дуртай
Нүдний нулимс цийлэгнүүлж хурдны морьд ирэх шиг
Нүгэлийн толботой амьдралдаа нүцгэн биеээрээ яарч ирнэ
Дөнгөж сая төрсөн эхийн харцанд өлгийдүүлэх гэж
Дөчин ес хоногтоо багтаж би ирнэ


***Тэнгэрийн заадал шиг***

Сайхан аялгуугаар аргадан байж
Санаа сэтгэлээ гуйн байж
Өөрийнхөө сэтгэл рүү орж үзлээ
Өчнөөн хог новш байхыг харлаа
Тэнд дандаа хог байсангүй ээ
Тэнгэрийн заадал мэт судалууд байна
Ээж ааваас минь өгсөн
Эрдэнийн хэдэн чулуу байна
Найраг шүлэг ухааралд шарласан
Намрын навч шиг хэдэн алт байна
Наймын тоо шиг тойрог битүү дугуйрсан
Намайг зовоодог хүсэл,гуниг хоёр минь байна
Сэтгэл хэмээх тэр саванд
Сэжиг хүрэмээр шунал байна
Хөөж гаргамаар нохой тачаал
Хүнийх гэлгүй дайрахад бэлэн байна
Өөрийгөө л гэх өчүүхэн бодолууд
Өрөв тасын ангаахай шиг ангалзаж байна
Өчнөөн жил улалзаж байгаа
Өнчин уур хилэнгийн мунхаг цог байна
Тэнгэрийн заадал шиг судалуудаа
Тэнгэрлэг бүхнээр усалж ургуулаад
Намрын навч шиг хэдэн шүлэгээрээ чимээд
Наймын тоо шиг хүсэл,гуниг хоёроороо мануулна

Бүлээн

1 comment:

Г.Ган-Эрдэнэ said...

Ямар сайхан шүлэг вэ?