Wednesday, October 24, 2007

Боол уу эсвэл Боломж эрэгсэд үү ?

Сүүлийн үед сонин хэвлэлүүд гадагшаа гарч ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүсийг “боол”, “боолын хөдөлмөр эрхлэгсэд” гэж их бичдэг болжээ.
Манай өдөр тутмын нэг сонин дээрхи нийтлэлэлээс зориуд иш татахад : ...“Монгол­чууд нутагтаа амьдрах аргагүй болоод Өмнөд Солонгос руу боол боло­хоор ингэж их тэмүүлж, төр засаг нь хүртэл хамжиж дэмжээд дий­лэхгүй байна аа гэж… Бүр төрөөс нь бодлого болгоод нас зүсийг нь зааж үзлэг шинжилгээнд оруулж байгаад хэдэн зуу, мянгаар нь банз, дүнз шиг багцалж байгаад гадагш экспортлодог.”… “…
Ухаантайхан шиг төрийн түшээ бол манай тэдэн хүн гадаадад боолын хөдөлмөр эрхлэдэг гэж хэлэхээсээ ичмээр л юм…”.
Хүмүүс хүртэл “монголд ингэж байхаар гадагшаа гарч сайн цалинтай боол болъё”, “хүний боол болсноос монголдоо өлсөөд үхсэн нь дээр” гэх мэт янз бүрээр л ярьж байна. Зарим нь бүр захирал эсвэл ямар нэгэн удирдах ажилтан л биш бусад гүйцэтгэгч нар бол боол гэсэн бодолтой байх юм. Боол гэдгийг яаж ойлгоод яаж тайлбарлаад байгаа нь гайхалтай.
Коммунист нийгмийн үр дүн тэгш байлгах гэсэн сэтгэлгээнээс үүдсэн зах зээл гэхээр нэгийгээ шулж байдаг даралж байдаг гэсэн төөрөгдөл ч байж магадгүй.
Боол гэдэг чинь хэн нэгний өмч, өмчлөгчөөсөө шууд хамааралтай нэгэн. Мэдээж түүнд эрх чөлөө огт үгүй. Эзэн түүнийг хороож болно, зарж болно яасан ч эзний дур. Шоронд хоригдож буй гэмт этгээд ч зарим талаараа түүнээс илүү эрх чөлөөтэй байж магадгүй. Боол эзэн хоёрын харьцаа цэвэр албадлага дээр тулгуурлана. Энэ албадлагыг хүлээн зөвшөөрсөн нийгмийг боолын нийгэм гэдэг.
Өнөөдөр боолын харилцаа хөгжлөөр тун муу Африкийн болон иргэний дайнтай цөөн хэдэн орнуудад байдаг бололтой. Сонсоод байхад автомат клашников буу барьсан дарангуй нөхдүүдийн балгаар тэр гэнэ. Саяхан Европт бүсгүйчүүдийг айлган сүрдүүлж албадан хөдөлмөр хийлгэдэг этгээдүүдийг илрүүлэн хүндхэн хариуцлага тооцож байна лээ.
Мөн бодит байдлаас үндэслэсэн “Цуст алмаз (Blood Diamond)” гэх Африкийн нэг улсын босогчид хэрхэн яаж энгийн иргэдийг боолчилж алмаз олборлолт хийлгэж байгааг харуулдаг Америкийн уран сайхны кино байна.
Орчин цагийн боолчлол гэж тийм л байдаг байх. Ээ бүү үзэгд! Тэнд юун эрх чөлөө юун ардчилал. За интернэт цалин пүнлүүний талаар дурсаад ч хэрэггүй биз. Арай ч монгол залуучууд гадаадад гарангуутаа ар шилэндээ буу тулгуулаад ажиллаж байдаггүй байхаа. Тиймээс монголчуудын маань явах хүслэн болоод байгаа цалин өндөр өгдөг ажил олгогчтой улсуудад боолын харилцаа байх үндэс алга.
Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа багширсан арав гаруй мянган залуусыг биш Маркс, Ленин, Цэдэнбал даргынхаа зургийг толгой дээрээ өргөн жагсаж буй социалист залуучуудыг боол байж ээ хөөрхий гээд хэлчихвэл зарчимын хувьд буруудахгүй байх.
Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн бүх харилцаа сайн дурын зарчимаар явагддаг. Жишээ нь нүцэглээд өдрийн гурав ташуурдуулж чулуу зөөнө гэсэн гэрээний заалтыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн ажилчинг боол гэхгүй. Гурваас илүү ташуурдвал зад шүүхдээд хохирлоо төлүүлнэ. Энэ бол эрх чөлөөт нийгмийн үндсэн зарчмуудын нэг.
Ерээд оноос хойш монголчууд тэр тусмаа залуучууд хөгжилтэй оронд очиж ажил хөдөлмөр эрхлэх болсон. Үүнд буруу зүйл үгүй ээ. Угаасаа тэгэх ч ёстой. Хаана амьдрах нөхцөл сайхан байна, хаана эрх чөлөө байна, хаана хууль зүйт ёс байна хүн тийшээ л тэмүүлнэ. Энэ бол жам ёсны тэмүүлэл. Америкчууд тэртээ 200 жилийн өмнөөс гагцхүү энэ жам есны тэмүүллээс үүссэн ард түмэн. Бусдын эрхэнд халдалгүй аз жаргалынхаа эрэлд явж буй хүмүүсийг буруутгах эрх бидний хэнд ч байхгүй.
Тэгэхээр цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа халуун наранд нойр хоолгүй дугаарлан зогсож байсан хэдэн мянган залуучууд, Солонгос улсад байгаа 30 гаруй мянган монголчууд боол болох гэж хүсэж тэмүүлж байгаа хэрэг бишээ. Тэд сайн дураар, сайхан амьдрал хайж эндээс явсан. Дунд сургуулийн сурагч хүүгийн ээжийг боол гэж хэлэхэд сайхан санагдахгүй нь лавтай. Сонингийн эхний нүүрэн дээрх өөрийнхөө зургийг “Боолын хөдөлмөрийн төлөөх ядарсан монголчуудын...” гэх тайлбартай харах ямар санагдахыг таашгүй. Иймээс тэднийг “боол”, “боолын хөдөлмөр эрхлэгсэд” гэж хэлэх буруу юм. Энэ мэт сэтгэлгээний доголдлоос болж нэг нэгнээ ялгаварлан гадуурхах үзэгдэл газар авч байгаа нь харамсалтай санагдаж байна.

Бичсэн Г.Саруул

No comments: