Wednesday, September 5, 2007

МАХН-ЫГ ШИНЭЧЛЭХ ҮҮ, СҮЙТГЭХ ҮҮ ?

МАХН-ын түүхэнд гурван сар дараалж гурван хурал хийж байсан тохиолдол үгүй юм. Энэ нь өнөөдөр монголын нийгэм – улс төрийн хямралын хамаг хүндийн төв МАХН дээр овоорчихоод байгаа л харуулж байна. Харин энэ аварга том институтыг хаа хамаагүй унагавал нийгэм бүхэлдээ үймэх нь гарцаагүй учраас нийгмийг үймүүлэхгүй гэсэндээ МАХН-ын тухай энэ өгүүллийг тэрлэж байна.

МАХН бол монголын нийгмийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий улс төрийн институт юм. Гэхдээ түүнд 1997 оноос хийсэн шинэчлэлийн үр дүнд нийгмийн хамтын амьдралыг зохион байгуулах нь байтугай, өөрийгөө удирдаж чадахааргүй арчаагүй байдалд ороод байна.

Одоо болох Бага Хурлаар намын болон нийгмийн олон асуудлыг шийдэх ёстой атал махн-чууд бүлгийн тэмцэл хийж, хэн нэг нь ялж аваад сонгуульд орох асуудал руу давхиад орчихсон нь илт байна. Энэ бол хэрэглэж болох аргуудаас хамгийн хуучинсаг, хамгийн үл бүтэх нь юм.

МАХН-ын Бага Хурал юу хийх ёстой вэ ?

Нэг. Улс төрийн дүгнэлт хийх.

Хэрэв улс төрийн тулхтай хүчин өөрийгөө өөрчлөх гэж байгаа бол юуны өмнө улс орны болон намын өмнө тулгамдсан хямралт байдалд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. МАХН одоо болтол албан ёсоор нэг ч дүгнэлт гаргаагүй байгаа. Хямрал юунаас болсон, хэн буруутай, одоо яах, нэн түрүүнд юу хийх ёстой гэх мэт. Энэ бол өөрийнхөө өвчинд онош тавина гэсэн хэрэг бөгөөд энэхүү оношыг зөв тавиагүй тохиолдолд эдгээх анагаах ямар ч арга байхгүй юм. Оюуны сэхээтнийхээ бүлгийг бүрэн хөөн зайлуулсан МАХН-ын хувьд энэ нь хамгийн хүнд асуудал байх болов уу.

Хоёр.Үзэл санааны гарц буюу хямралаас гарах арга замыг тодорхойлох

Нэг бүлэг нь илүү олон төлөөлөгч сонгоод ялчихлаа гэхэд цаашид хийх ажлаа товлохгүй бол МАХН шинэчлэгдэхгүй гэсэн үг. Ядахдаа олон жил рекламдахаас өөрийг хийгээгүй байсан Социнтерний тунхаглалуудын үзэл санаанд нийцүүлэн мөрийн хөтөлбөр, дүрмээ шинэчлэх ёстой. Үзэл санаа гэдэг бол тунхаглаад дараа нь мартчихаж болдог тоглоомын эд биш. Нарийн яривал МАХН-ын хямралын гол шалтгаан нь үзэл санааны нэгдэлгүйд байгаа юм. Хэрэв үзэл санааны нэгдэл байхгүй бол нам мам гэж байсны хэрэг юу билээ.

Гурав. Боловсон хүчний бодлого

МАХН-д үүн шиг замхарсан юм гэж байхгүй. Хамгийн адгийн, хамгийн боловсролгүй маанагуудыг мөнгөөр үнэлж авснаар намыг яаж сөнөдөгийг бид өнөөдөр харж байна. Аливаа нийгмийг удирдах хүчин боловсролынхоо дунджаар нийгмийн боловсролын дунджаар дээгүүр байж удирддаг гэсэн аль 1930-аад онд академич В.Н. Вернадскийн зарчим одоо ч үйлчилж байгаа шүү дээ. Албан тушаалыг мөнгөөр хэмждэг тэнэг жишгээ халахгүй бол МАХН гарцаагүй сөнөнө. Ядахдаа найруулан бичлэгийн дадлагатай хүнийг аваад байж болноо доо. Төрийн болон намын албан тушаалыг харилцан гуйсаар байгаад бараг овгийн байгуулал шиг болгочихсон арчаагүй явдлаа арилгах ёстой. Ийм аппарат ямар ч ажил хийж чаддаггүй юм.

Дөрөв. Зохион байгуулалт.

Намын шатлан удирдах зарчмуудыг ардчилсан болгох, лидер дагаж хуйлардаг хөгийн арга барилаа татах цаг хэдийнээ болсон. Лидерээ хүндэтгэх болон долигнохын хооронд газар тэнгэр шиг ялгаа байдгийг ойлгох цаг болсон баймаар. Намын дунд, анхан шатны түвшинг дээд түвшний захиргаадлын аргаар удирддаг, бараг шоронгийнх шиг арга барилаасаа салах ёстой. Энэ мэт зохион байгуулалттай холбоотой олон асуудлыг Дүрмэндээ суулгаж өгөх ёстой. Энд мөн ч их асуудал бий дээ.

Энэ бүхнийг шинжлэх ухааны үндэстэй хийж баймаажин сая шинэчлэлийн тухай ярьж болно. Үүнээс өөрөөр бол ямар шинэчлэл явагдахгүй.

Одоо МАХН-д юу болж байна.

МАХН-ынхан амин чухал дээрх асуудлуудыг орхичихоод Их Хуралд өөр өөрийн төлөөлөгч сонгох, ялж гарсан бүлгээ эсвэл дэмжих, эсвэл дэгээдэх гэсэн олон бүлгүүд болоод хуваагдчихжээ. Зарим нь бүр өөр нам байгуулах төлөвлөгөө яриад явж байх жишээтэй.

Одоо МАХН “Ардчилал шударга ёс, уламжлал шинэчлэлийн төлөө” жигүүр, “Онц Их Хурлын төлөө” хөдөлгөөн, “Шинэ эргэлт” хөдөлгөөн, “Зүүний хүчнүүдийн холбоо” зэрэг ил ажилладаг жигүүр, хөдөлгөөнүүдээс гадна МАХН-д хэвшмэл байх хувьсгалт нууц дугуйлангийн хэлбэрээр ажилладаг олон жижиг бүлгэмүүд ажиллаж байна. Эдгээр нь дээд түвшнийхээ бүлгүүдтэй нягт холбоотой ажилладаг нь нууц биш юм.

Нийтэд аваад үзэхэд МАХН дотор хоёр том бүлэглэл байлдаж байна. Энэ нь МАХН-ыг системийн хямралд хүргэж, одоо түүний үйл ажиллагаанд байнга оролцож байгаа Н.Энхбаяр, түүний гарын шавь бөгөөд одоо МАХН болон Засгийн эрхэнд байгаа М.Энхболдын бүлэглэл юм. Одоо МАХН-ыг шинэчлэнэ гэдэг үг бараг хараал шиг болж, хүн болгон шинэчлэгч болчихсон давхих болов. “Элсний 13” нэртэй болсон, буг болтлоо УИХ-д суусан хэдэн хөгшин нөхөр намаа шинэчлэнэ гэж Н.Энхбаярын даалгавраар давхиад байгаагаас үзэхэд МАХН-д шинэчлэгч, хуучинсагийн ялгаа зааг алга болж ердөө л хаос болж байна гэж дүгнэхээс өөр аргагүй юм.

МАХН Их Хурал хийнэ гэж шийдсэнээрээ дээд түвшийнхөө зөрчлийг дунд болон анхан шатанд гаргаад хаячихжээ. Нийслэлийн болон аймгуудын намын хороод, түүнээс доош түвшинд бараг алалцаан болж байна. Хүн амины хэрэг гарахгүй бол их юм. Одоо хэн өөрийнхөө төлөөлөгчийг Их Хуралд авчирч чадна тэр нь ялах болчихоод байна. Би, бид ялбал намыг шинэчлэнэ гэж бодоод байх шиг. Харамсалтай нь ийм юм даан ч байддаггүй.

Мэдээж олон уншигч надаас Н.Энхбаяр, М.Энхболд хоёрын аль нь дээр вэ гэж асууна байх. Хоёулаа новш гэхээс өөр хэлэх үг надад алга.

Гэхдээ МАХН гэсэн институтыг хамаагүй задалж нийгмийг бужигнуулахгүй гэсэн зарчмын үүднээс үзэх юм бол МАХН-ын нэн тэргүүний зорилт бол нам болон төрийг хямрал, задралд хүргэсэн Н.Энхбаярын нөлөөллийг МАХН-аас шахан зайлуулах явдал болно. Яаж ийж байгаад Н.Энхбаярын бүлгийг шахчихвал хүрч болох өнөөгийн шинэчлэлийн дээд амжилт нь тэр болох байх.

Дашрамд дурдахад МАХН-ын халаасны нам, дуртай үедээ хүслээ хангадаг нууц амраг АН манай улс төрд ямар ч нөлөө байхгүй юм. МАХН-д томхон өөрчлөлт гарвал тэд салхинд нь л алга болно.

Ямар гэсэн МАХН –ын шинэчлэл энэ удаагийн Бага Хурлаар хийгдэхгүй, хийж ч амжихгүй нь тодорхой байна. Зарчмын асуудлаа шийдээгүй байж (үүнийг дээр дурдсан) намаа шинэчлэх нэрээр олигархийн тэмцэл хийж байгаад эвдэх магадлал тун өндөр болчихлоо доо. Тэгвэл ч харин “Сайн уу, муу юу алив ээ хө ?” гэдэг хүүхдийн дууны асуултад хариу өгөх хүнгүй болно байх даа.

Судлаач Д.Ганхуяг

2007 оны 8 дугаар сарын 29.

No comments: