Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь
Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна
ххх ххх ххх
Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй
ххх ххх ххх
Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Гэгээн гуниг бүхнийг зүрхээр дүүрэн асгачихаад
Гэргийгээ март гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Нүцгэн уруулыг минь нүдээрээ эхэлж үнсдэг
Нүгэл болгоныг минь нулимсаараа угааж хардаг
Надаас бэлзэг биш дурлал нэхэж уйлдаг
Нэг их гунигтай ширтэх тэр л харц чиний харц
ххх ххх ххх
Насыг минь бvv асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн
ххх ххх ххх
Бороонд нэвт норсон нимгэн цамцны чинь цаанаас
Бие чинь гэрэлтээд сэтгэлийг минь гижигдээд
Дурлал гээч дарсыг дундаа тавиад ууж байна
Дур хайрандаа хөлчүүрэн цэцэрлэгт хамт сууж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
Хаврын анхны бороо өнгөрсөн шөнө хачин сайхнаар орлоо
No comments:
Post a Comment